Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2023/00147

 

СЗХ-ны

         нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Д.Батбаатар, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/00145 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2023/00845 дугаар магадлалтай,

СЗХны нэхэмжлэлтэй,

Ш.Б, А.Ш, Р.С, С.Х, А.Н, Б.А, Н.Б, Д.Д, Л.Чнарт холбогдох,

“УИД” ХК-ийн ТУЗийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, энэхүү тогтоолыг үндэслэж гарсан “НР” ХХК-тай байгуулсан 2016 оны UID/16/03 болон тус гэрээг 2017 онд сунгасан UID/16/03UID/17/02, 2018 оны UID/18/01-1-3 тоот үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, компанид учруулсан 4.4 тэрбум төгрөгийн хохирлыг хамтран хариуцагч нараас адил тэнцүү хэмжээгээр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, Р.Ц, Б.Д, Ц.Э, Н.Н, хариуцагч Ш.Б, А.Ш, Р.С, С.Х, Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  У.Б, хариуцагч А.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Давааням, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч СЗХ нь хариуцагч Ш.Б, А.Ш, Р.С, С.Х, А.Н, Б.А, Н.Б, Д.Д, Л.Ч нарт холбогдуулан “УИД” ХК-ийн ТУЗийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, уг  тогтоолыг үндэслэж “УИД” ХК болон “НР” ХХК-ийн байгуулсан 2016 оны UID/16/03 болон тус гэрээг 2017 онд сунгасан UID/16/03UID/17/02, 2018 оны UID/18/01-1-3 тоот үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, компанид учруулсан 4.4 тэрбум төгрөгийн хохирлыг хамтран хариуцагч нараас адил тэнцүү хэмжээгээр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/00145 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч СЗХ-ны хариуцагч Л.Ч-т холбогдуулан гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, Компанийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2, 93.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч СЗХ-ны хариуцагч Ш.Б, А.Ш, Р.С, С.Х, Л.Н, Б.А, Н.Б, Д.Д нарт холбогдуулан гаргасан "УИД” ХК-ийн ТУЗийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, энэхүү тогтоолыг үндэслэж гарсан “НР” ХХК-тай байгуулсан 2016 оны UID/16/03 болон тус гэрээг 2017 онд сунгасан UID/16/03UID/17/02, 2018 оны UID/18/01-1-3 тоот үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, компанид учруулсан 4.4 тэрбум төгрөгийн хохирлыг хамтран хариуцагч нараас адил тэнцүү хэмжээгээр гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч СЗХ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2023/00845 дугаар  магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/00145 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 6, Компанийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар “УИД” ХК-ийн ТУЗийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, “УИД" ХК, “НР” ХХК-тай байгуулсан 2016 оны UID/16/03 болон тус гэрээг 2017 онд сунгасан UID/16/03UID/17/02, 2018 оны UID/18/01-1-3 тоот үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч С.Х, Д.Д, Н.Б нараас тус бүр 880,000,000 төгрөгийг гаргуулж “УИД” ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,760,000,000 төгрөгийг, хариуцагч Ш.Б, А.Ш, Р.С, А.Н, Б.А нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтын “дурдсугай.” гэснийг “дурдаж, хариуцагч С.Х, Д.Д, Н.Б нараас тус бүр 4,557,950 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 3-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4.1 Хариуцагч А.Ш, Р.С, Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б-н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагадаа түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай гэж шаарддаг. Тэгвэл тухайн 2015 оны 07 дугаар тогтоолын дагуу 2016 оны 01 сарын 01-ний өдөр “УИД” ХК болон “НР” ХХК нарын хооронд Үл хөдлөх түрээсийн гэрээ байгуулагдсан, мөн 2017 оны 06 дугаар тогтоолын дагуу 2018 оны 01 сарын 01-ний өдөр дээрх компаниуд “Үл хөдлөх хөрөнгийн гэрээ”-г тус тус байгуулсан байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийг 2021 оны 02 сарын 19-ний өдөр гаргасан байдаг бөгөөд хөөн хэлэлцэх хугацаанд заагдсан 3-н жилийн хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэл гаргаж тухайн нэхэмжлэлийг Монгол Улсын шүүх хянан шийдвэрлэж байгаа нь хууль зөрчиж байна. Улмаар Хан-уул дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрт мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт үйлдээгүй байгаа нь хэрэг маргааныг хууль зүйн хувьд бодитой дүгнэсэн гэдэг нь эргэлзээтэй байна. СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дахь хэсэгт СЗХ /цаашид "Х" гэх/ нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн гэж СЗХ-ны чиг үүргийг тодорхойлсон. Гэтэл нэхэмжлэгч талаас хяналт шалгалтын үндсэн дээр цэвэр ашиг болох 4,4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан тул гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл хэдий нэхэмжлэгч талд хяналт шалгалт хийх эрх олгогдсон ч Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуулиар түүний үр дүнд олж болох байсан орлогыг нотлох, тогтоох эрхтэй газар биш. Үүнээс үзэхэд СЗХ-ны гаргасан хохирлын талаарх дүгнэлтийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй байна гэж хариуцагч нарын зүгээс удаа дараа тайлбарлан маргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайн маргаанд дүгнэлт үйлдээгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.2 Хариуцагч С.Х-н итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б-н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. “УИД” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ш.Б, А.Ш, Р.С, С.Х, А.Н, Б.А нар Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1, 84.4.2, 84.4.4-т тус тус заасан үүргээ хэрэгжүүлж сонирхлын зөрчилтэй хэлцэлд санал гаргаагүй харин “УИД” ХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 07 тоот, 2017 оны 06 тоот тогтоол буюу Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгох асуудлыг сонирхлын зөрчилгүй буюу ТУЗ-ийн хараат бус гишүүд Д.Д, Л.Ч, Н.Б нарын 100 хувийн саналаар шийдвэрлэсэн. Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дахь хэсэгт “Энэ хуулийн 89.1-д заасан этгээдийн өөрийн ажиллаж байгаа болон хувьцааных нь хяналтын багцыг эзэмшиж байгаа компанитай хийж байгаа хэлцлийг сонирхлын зөрчилтэй хэлцэл гэх ба сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх тухай шийдвэрийг уг хэлцлийг хийх талаар сонирхлын зөрчилгүй ТУЗ /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-ийн гишүүдийн олонхын саналаар гаргана” гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх тухай шийдвэрийг сонирхлын зөрчилгүй ТУЗийн гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэхээр хуульчилсан байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан “УИД” ХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 07 тоот тогтоол болон 2017 оны 06 тоот тогтоолыг тухайн хэлцлийг хийх талаар сонирхлын зөрчилгүй ТУЗийн гишүүд шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. СЗХ-ны 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “УИД” ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн газар дээрх хяналт шалгалтын тайланд “...2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 7 дугаартай “Эрх олгох тухай”, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6 дугаартай “Эрх олгох тухай” тогтоолоор Гүйцэтгэх захиралд гэрээ байгуулах эрх олгосон байна. ТУЗийн тогтоолд хараат бус гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Дээрх шийдвэрүүд нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.17-д зааснаар ТУЗ нь сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх зөвшөөрөл олгоно, мөн хуулийн 76.2-т зааснаар хувьцаат компанийн хувьд сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд ТУЗийн хараат бус гишүүд заавал оролцож саналаа өгнө, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх тухай шийдвэрийг уг хэлцлийг хийх талаар сонирхлын зөрчилгүй ТУЗийн гишүүдийн олонхын саналаар гаргана гэж тус тус заасантай нийцсэн байна гэж үзсэн. /1-ХХ-179 тал/ “УИД” ХК-ийн ТУЗ-н гишүүд Ш.Б, А.Ш, Р.С, С.Х, А.Н, Б.А нар өөр хоорондоо нэгдмэл сонирхолтой болохоос Хараат бус гишүүд болох Н.Б, Л.Ч, Д.Д нар компанид ажил албан тушаал эрхэлдэггүй, сонирхлын зөрчилгүй ТУЗ-ийн хараат бус гишүүд юм. Гэтэл “УИД” ХК-ийн ТУЗ-ийн бүх гишүүдийг өөр хоорондоо нэгдмэл сонирхолтой этгээд байна гэж шүүх дүгнэсэн үндэслэлгүй байна. Мөн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хурлаар Ш.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч “УИД” ХК-ийн хувьцаа эзэмшигч У.Т нь хувьцаа эзэмшигч А.Ш-н ач охин биш У.Т(РД....) нь ...-нд төрсөн ... настай, А.Ш (РД:...) ...-нд төрсөн ... настай юм. Нэхэмжлэгч СЗХ У.Т-г А.Ш-н ач охин гэдгийг нотолсон баримтыг гаргаж өгөөгүй. /1-ХХ-З тал/ “УИД” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Д.Д нь “ХУЗ” ХК-д ажил, албан тушаал эрхэлдэггүй, хувьцаа эзэмшигч нартай төрөл садангийн холбоогүй бөгөөд Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.2-д заасан ажил, албан тушаал гэдэг нь тухайн компанид ажилладаг Захирал, санхүүгийн дарга, менежер гэх мэт албан тушаалыг тодорхойлсон байхаар зохицуулсан байна. Мөн “УИД” ХК болон “ХУЗ” ХК нь хоорондоо ямар нэгэн сонирхлын зөрчилтэй хэлцэл, гэрээ байгуулаагүй болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь “ХУЗ” ХК-тай холбоотой бус “УИД” ХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 07, 2017 оны 06 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцуулах, “УИД” ХК болон “НР” ХХК нарын хооронд байгуулсан Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 4.4 тэрбум төгрөгийг хариуцагч нараас гаргуулах асуудал. Өөрөөр хэлбэл хэлцлийн нөгөө тал нь “НР” ХХК бөгөөд ТУЗ-ийн хараат бус гишүүн Д.Д-н хувьд Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасны дагуу “НР” ХХК-д хувь эзэмшдэггүй, тус компанийн эрх бүхий албан тушаалтан биш, мөн тус компанийн хувьцаа эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш юм. Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт сонирхлын зөрчил бүхий хэлцэлд хамаарах үндэслэлийг тодорхойлсон бөгөөд тухайн хэлцлийн оролцогчтой нэгдмэл сонирхолтой этгээд байх нь сонирхлын зөрчилтэй хэлцлийг бий болгохоор хуульчилсан байхад шүүх Д.Д-г түрээсийн гэрээний хэлцлийн оролцогч биш “ХУЗ” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажилладагтай нь холбож сонирхлын зөрчилтэй этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Мөн СЗХ-ны 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “УИД” ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн газар дээрх хяналт шалгалтын тайланд “...Шалгалтыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хийсэн. ТУЗийн хараат бус гишүүдийн дэлгэрэнгүй анкетаас үзвэл эдгээр гишүүд нь Компанийн тухай хууль болон Кодекст заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн. /1-ХХ-182 тал/ Гэтэл хараат бус гишүүн Д.Д-г Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.2- т заасан шаардлагыг хангахгүй, сонирхлын зөрчилтэй этгээд гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Арилжааны банкнууд нь нээлттэй хувьцаат компани болохоор өөрчлөн байгуулагдаж, СЗХ-ны хяналтад давхар шилжиж байгаатай холбогдуулан Банкны тухай хуулийн зохицуулалтыг иш татахад Банкны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.3 дахь хэсэгт ТУЗ-ийн хараат бус гишүүнд тавигдах шаардлагыг “тухайн банк, түүний нэгдлийн оролцогчид сүүлийн таван жилийн хугацаанд ТУЗ-ийн хараат бус гишүүнээс бусад эрх бүхий албан тушаалтан, сүүлийн гурван жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаж байгаагүй” гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл СЗХ нь Банкны тухай хуулийн дээрх заалтыг мөрдлөг болгодог. Эндээс харахад “УИД” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн нь тухайн компанийн нэгдлийн оролцогч компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр давхар ажиллаж болох, мөн сүүлийн 5 жилийн хугацаанд ажиллаж байсан байж болохоор  хуульчлагдсан байна. Өөрөөр хэлбэл ТУЗ-ийн хараат бус гишүүн Д.Д “ХУЗ” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр давхар ажиллаж байгаа нь түүнийг хараат бус гишүүний шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Мөн Төрийн өмчит 47 орчим ХК, 7 ХХК, бусад 18 хуулийн этгээд одоогоор үйл ажиллагаа явуулж байгаагаас эдгээр компаниудад ТУЗ-ийн гишүүн нь өөр 4-5 компанид давхар ТУЗ-ийн ердийн, хоёроос илүү компанид хараат бус гишүүний үүргийг гүйцэтгэж байгаа олон гишүүд байхад нэг хуулийг мөрдлөг болгон ажилладаг хувийн хэвшлийн компанид болохгүй, төрийн өмчит компанид болно гэж зөвшөөрч байгаа нь ойлгомжгүй байна. “УИД” ХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 07 тоот, 2017 оны 06 тоот тогтоол буюу Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгох асуудлыг Д.Д ганцаараа шийдвэрлээгүй, мөн түүнийг “ХУЗ” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн гэж буруутгаж, “УИД” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Л.Ч, Н.Б нарын шийдвэрийг үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй юм. Д.Д нь “ХУЗ” ХК-ийн хараат бус гишүүний үүргийг давхар гүйцэтгэж байснаараа “УИД” ХК-ийн хараат бус гишүүний шаардлагыг хангахгүй гэж үзлээ ч Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т уг хэлцлийг хийх талаар сонирхлын зөрчилгүй ТУЗ-ийн гишүүд шийдвэрлэхээр зааснаас биш, хараат бус гишүүнээр шийдвэрлүүлнэ гэж заагаагүй. Д.Д нь НР ХХК-тай аливаа холбоогүй, ашиг сонирхолгүй, ажил албан тушаал эрхэлдэггүй тул "НР” ХХК-тай Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулах хэлцэлд сонирхлын зөрчилгүй ТУЗ-ийн гишүүн болно. Мөн Хараат бус гишүүн Д.Д-н саналын эрх хүчингүй байлаа гэж бодож үзье. тэгвэл Хараат бус гишүүн Л.Ч, Н.Б нарын саналын эрх хүчин төгөлдөр юм. Учир нь Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дахь хэсэгт “Энэ хуулийн 89.1-д заасан этгээдийн өөрийн ажиллаж байгаа болон хувьцааных нь хяналтын багцыг эзэмшиж байгаа компанитай хийж байгаа хэлцлийг сонирхлын зөрчилтэй хэлцэл гэх ба сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх тухай шийдвэрийг уг хэлцлийг хийх талаар сонирхлын зөрчилгүй ТУЗ /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-ийн гишүүдийн олонхын саналаар гаргана” гэж заасан. Өөрөөр хэлбэл 2015 оны 07, 2017 оны 06 дугаар тогтоол буюу Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгох асуудал нь Хараат бус гишүүн Л.Ч, Н.Б нарын саналаар шийдвэрлэгдэхээр асуудал байсан ч 100 хувийн саналаар буюу Хараат бус 3 гишүүн шийдвэрлэсэн юм. Д.Д-н хараат бус байдлыг үгүйсгэж өөрийн дотоод итгэл үнэмшил, компанийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргасан Л.Ч, Н.Б нарын шийдвэрийг хүчингүйд тооцож тус бүрээс 880,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг шүүх зөрчсөн. СЗХ нь түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, компанид учруулсан хохирлыг хамтран хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах, “УИД” ХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 07, 2017 оны 06 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах, хууль бус үндэслэлгүй, сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасны улмаас үүссэн хохирлыг хамтран хариуцагч нараас адил тэнцүү хэмжээгээр барагдуулах, эрх зүйн үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Уг нэхэмжлэлд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсгийн 4.г, 4.д-т тусгагдсан буюу Сонирхлын зөрчилтэй хэлцлээр худалдах, худалдан авах, захиран зарцуулах эд хөрөнгө, эд хөрөнгийн болон мөнгөөр үнэлж болох бусад эрхийн зах зээлийн үнэ, үйлчилгээний хөлсний хэмжээг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан журмын дагуу ТУЗ тогтоох тухай асуудал огт дурдагдаагүй. “УИД” ХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 07, 2017 оны 06 дугаар тогтоол нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах биш харин үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх эрх олгох асуудал яригдсан юм. Өөрөөр хэлбэл хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж үгүйсгэх нотлох баримтыг гаргаж өгөх, тайлбар өгсөн. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлыг магадлалд тусгасан нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. СЗХ-ны 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “УИД” ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн газар дээрх хяналт шалгалтын тайланд “...26 дугаар хуудас, /1ХХ-172/ “УИД” ХК-ийн барилгад 2008 оноос их хэмжээний засвар хийх зориулалтаар төгрөгийн болон ам. долларын зээлүүдийг авч ашигласан, тайлангийн”.... 16 дугаар хуудас /1ХХ-162/ компанийн урт хугацааны зээл 2016 он 10,8 тэрбум төгрөг, 2017 он 9,9 тэрбум төгрөг зээл, 2018 он 9,5 тэрбум төгрөг байна гэж тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл “УИД” ХК ийм их хэмжээний урт хугацааны зээлтэй байхад ногдол ашиг тараах боломжгүй юм. “УИД” ХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 07 тоот, 2017 оны 06 тоот тогтоол буюу Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгох асуудалтай холбогдуулж хувьцаа эзэмшигчдээс гомдол гаргаж байгаагүй. Учир нь Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “Энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТУЗ-н гишүүнийг сонгоно”. мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.4-д “Хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүдийг санал хураах кумулятив аргаар сонгох бөгөөд ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох саналыг тус тусад тоолно. Санал хураах кумулятив аргыг хэрэглэх журмыг СЗХ тогтооно”. гэж тус тус заасан. Компанийн хувьцаа эзэмшигчид өөрийн сонгосон ТУЗ-ийн гишүүдийн шийдвэрийг хүндэтгэж, бодит нөхцөл байдлыг ойлгож байгаа учраас ТУЗ-ийн гишүүдийн шийдвэрт гомдол гаргахгүй байгаа юм. Гэтэл СЗХ жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг гэх нэрийдлээр ТУЗ-ийн гишүүдийн шийдвэртэй холбогдуулж нэхэмжлэл гаргасан үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн хойшлогдсон хэд хэдэн хурлаар хариуцагч нарын зүгээс жижиг хувьцаа эзэмшигчдээс ТУЗ-ийн 2015 оны 07, 2017 оны 06 дугаартай шийдвэртэй холбогдуулж гомдол гаргасан эсэх, гомдол гаргасан бол уг гомдлыг шүүхэд гаргаж өгөхийг СЗХ-с тодруулсан, мөн даргалагч шүүгчээс тодруулахад анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд гаргаж өгөөгүй болно. Энэхүү нөхцөл байдал нь жижиг хувьцаа эзэмшигчдээс ТУЗ-ийн шийдвэртэй холбогдуулж гомдол гаргаагүй гэдгийг нотолж байна. ТУЗ-ийн хараат бус гишүүд нь 2015 оны 07 тоот, 2017 оны 06 тоот тогтоол буюу Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгохдоо өөрийн дотоод итгэл үнэмшил, компанийн нөхцөл байдал зэрэг олон асуудлыг харгалзан үзэж шийдвэр гаргасан болно. Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-д “ТУЗийн хурлаас тогтоол гаргах бөгөөд түүнд ТУЗийн хурлын дарга гарын үсэг зурна’ гэж, мөн “УИД” ХК-ийн дүрмийн 8.11-д Нийт гишүүдийн дийлэнх олонхи нь оролцсоноор ТУЗ-ийн хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Тогтоолд ТУЗ-ийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Өөрөөр хэлбэл “УИД” ХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Э, С.Х нь Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасан нөхцөл, шаардлагыг биелүүлж 2015 оны 07, 2017 оны 06 дугаар тогтоолд гарын үсэг зурсан болохоос биш шийдвэр гаргаагүй юм. Харин 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “УИД” ХК-ийн ТУЗ-ийн 07 дугаар тогтоолын хурлын тэмдэглэлд “НР” ХХК-тай Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгох асуудал нь Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар “УИД” ХК-ийн ТУЗ-ийн 6 гишүүний хувьд сонирхлын зөрчилтэй хэлцэл тул 6 гишүүн саналын эрхгүй болно. Иймээс энэ асуудлыг хараат бус гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ гэж тусгагдаж хараат бус гишүүд Л.Ч, Д.Д, Н.Б нарын 100 хувийн саналаар шийдвэрлэсэн байна /1 хх-148-149/. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “УИД” ХК-ийн ТУЗ-ийн 06 дугаар тогтоолын хурлын тэмдэглэлд “ “НР” ХХК-тай Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгох асуудал нь сонирхлын зөрчилтэй хэлцэл учраас ТУЗ-ийн гишүүн А.Ш, Ш.Б, С.Х, Б.А, Р.С нар саналын эрхгүй. Иймд сонирхлын зөрчилгүй гишүүд болох Л.Ч, Д.Д, Н.Б нар саналын эрхтэй оролцоно” гэж тусгагдаж хараат бус гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн байна /1-ХХ-150-155/.         2015 болон 2017 оны ТУЗ-ийн хурлын тэмдэглэлээр ТУЗ-ийн дарга С.Х, Ш.Э болон бусад гишүүд саналын эрхгүй, хуралд санал гаргаагүй гэдэг нь нотлогдож байна. Гэтэл шүүх уг нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. “УИД” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн С.Х, Ш.Э нар болон бусад гишүүд Компанийн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1, 84.4.2, 84.4.4-т тус тус заасан үүргээ хэрэгжүүлж сонирхлын зөрчилтэй хэлцэлд санал гаргаагүй, саналын эрхгүй байхад буруутгаж тус бүрээс 880,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Мөн С.Х нь “УИД” ХК-ийн ТУЗ-ийн даргаар 2015 онд ажиллаж байгаагүй, 2015 оны 07 дугаартай ТУЗ-ийн шийдвэрт санал гаргаагүй, оролцоогүй байхад шүүхээс С.Х-г 2015, 2017 онд ТУЗ-ийн даргаар ажиллаж, гарын үсэг зурсан гэж үзэж 880,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй. /1-ХХ-51/. Өөрөөр хэлбэл шүүх хэргийн нотлох баримт, үйл баримтыг зөв дүгнээгүй, СЗХны хохирол гэх 4,4 тэрбум төгрөгийн тооцоолол туйлын зөв биш, үнэлгээний эрхгүй этгээдийн дүгнэлтийг үндэслэж шүүх шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

4.3 Хариуцагч Ш.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс 2021 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн СЗХны нэхэмжлэлийн шаардлагад “ХУЗ” ХК-тай холбоотой нэг ч зүйл дурдагдаагүй, мөн хавтаст хэрэгт “УИД” ХК болон “ХУЗ” ХК нарын хувьцаа эзэмшигчид, бусад этгээдийн нэгдмэл сонирхолтой байдлыг тогтоосон үйл баримт байхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчиж байна. Мөн хариуцагч нарын зүгээс 4,4 тэрбум төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад маргасан бөгөөд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс 4,4 тэрбум төгрөгийн тооцооллыг үндэс бүхий тайлбарлаж чадаагүй. “УИД” ХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 07 дугаар тогтоолтой холбогдуулж хэдэн төгрөг, 2017 оны 06 дугаар тогтоолтой холбоотой хэдэн төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн буруу. Мөн “УИД” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Н.Б, Л.Ч нарыг ямар үндэслэлээр буруутгасан нь ойлгомжгүй, үндэслэлгүй. Н.Б, Л.Ч нар нь хараат бус гишүүн Д.Д-н саналтай, саналгүй ТУЗ-ийн 2015 оны 07, 2017 оны 06 дугаар тогтоолыг шийдвэрлэх боломжтой. Учир нь Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дахь хэсэгт “Энэ хуулийн 89.1-д заасан этгээдийн өөрийн ажиллаж байгаа болон хувьцааных нь хяналтын багцыг эзэмшиж байгаа компанитай хийж байгаа хэлцлийг сонирхлын зөрчилтэй хэлцэл гэх ба сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх тухай шийдвэрийг уг хэлцлийг хийх талаар сонирхлын зөрчилгүй ТУЗ /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-ийн гишүүдийн олонхын саналаар гаргана” гэж, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.4- д “Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх тухай асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах тухай ТУЗийн шийдвэрийг ТУЗийн хэлцэл хийх талаар сонирхлын зөрчилгүй гишүүдийн олонхын саналаар, хувьцаат компанийн хувьд ТУЗийн хараат бус гишүүдийн олонхын саналаар гаргана” гэж заасны дагуу хуулийн хүрээнд шийдвэр гаргасан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх тухай шийдвэрийг сонирхлын зөрчилгүй буюу хараат бус ТУЗийн гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэхээр хуульчилсан байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан “УИД” ХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 07 тоот тогтоол болон 2017 оны 06 тоот тогтоолыг тухайн хэлцлийг хийх талаар сонирхлын зөрчилгүй ТУЗийн гишүүд шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Харин Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зөв, шударга шийдвэрлэсэн болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

4.4 Хариуцагч А.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө-н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: С.Х-н тухайд тэрээр 2017 онд “УИД” ХК-ийн ТУЗийн даргын үүрэгт ажлыг хариуцан гүйцэтгэж байсан ба “НР” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулах тухай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх шийдвэрийг гаргаагүй. Харин Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасан “ТУЗийн хурлаас тогтоол гаргах бөгөөд түүнд ТУЗийн хурлын дарга гарын үсэг зурна” гэсэн заалтын дагуу сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх тухайн шийдвэрийг баталгаажуулах зорилгоор гарын үсэг зурсан. Гэтэл давж заалдах шатны шүүх сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх зөвшөөрөл олгох асуудалд саналын эрхтэй оролцоогүй ТУЗ-ийн гишүүнээс 880,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн “УИД” ХК-ийн хараат бус гишүүд болох Д.Д, Н.Б, Л.Ч нар нь “УИД” ХК-ийн зүгээс “НР” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулах асуудалд аливаа сонирхлын зөрчилгүй бөгөөд Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 89.1-д заасан этгээдийн өөрийн ажиллаж байгаа болон хувьцааных нь хяналтын багцыг эзэмшиж байгаа компанитай хийж байгаа хэлцлийг сонирхлын зөрчилтэй хэлцэл гэх ба сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх тухай шийдвэрийг уг хэлцлийг хийх талаар сонирхлын зөрчилгүй ТУЗ /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-ийн гишүүдийн олонхын саналаар гаргана” гэж заасны дагуу хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд “НР” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулах зөвшөөрлийг олгосон бөгөөд үүнд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Мөн давж заалдах шатны шүүх “УИД” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Д.Д-г “ХУЗ” ХК-тай нэгдмэл сонирхолтой этгээд хэмээн үзэж уг үндэслэлээр ТУЗ-ийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Д.Дг тухайн хэлцэлд сонирхлын зөрчилтэй этгээд гэж үзсэн ч гэсэн Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу сонирхлын зөрчилгүй ТУЗ-ийн гишүүд болох Н.Б, Л.Ч нарын шийдвэрээр (Сонирхлын зөрчилгүй ТУЗ-ийн гишүүдийн дийлэнх олонх) “НР" ХХК-тай түрээсийн гэрээ байгуулах эрх олгох бүрэн боломжтой. Д.Д-г “ХУЗ” ХК-тай нэгдмэл сонирхолтой этгээд гэдгээр Н.Б, Л.Ч нарын шийдвэр гаргах эрхийг нь хязгаарлах үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх сонирхлын зөрчилгүй ТУЗ-ийн гишүүд болох Д.Д, Н.Б, Л.Ч нарын баталсан 2015 оны 7, 2017 оны 6 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй учраас тухайн шийдвэрүүдийн дагуу “НР” ХХК-тай байгуулсан 2016 оны UID/16/03 болон тус гэрээг 2017 онд сунгасан UID/16/03 11Ю/17/02, 2018 оны UID/18/01-1-3 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон шийдвэр нь ч мөн адил үндэслэлгүй юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

4.5 Хариуцагч Н.Б, Д.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х-н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэг, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрүүтэй хэрэглэсэн. Анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг зөв хэрэглэж маргаан бүхий тогтоолуудыг сонирхлын зөрчилгүй гишүүдийн саналаар шийдвэрлэсэн байна гэж үндэслэлтэй дүгнэсэн байхад Давж заалдах шатны шүүхийн магадлалын 4-т “Компанийн тухай хуулийн 79.1, 79.2-т заасныг зөрчиж “УИД” ХК-ийн ТУЗийн хараат бус гишүүнээр сонгогдсон Д.Д-н оролцож гаргасан шийдвэр болох 2015 оны 07, 2017 оны 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь хуулийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн дүгнэлт болсон гэж үзэхээр байна. Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д сонирхлын зөрчилтэй хэлцлийг хийх журмыг зохицуулсан. Хараат бус гишүүн Д.Д нь уг хэлцлийг хийх талаар сонирхлын зөрчилгүй гэдэг утгаараа хуралд оролцож саналаа өгсөн байхад Давж заалдах шатны шүүх тус хуулийн 79.1, 79.2-т заасан ТУЗийн хараат бус гишүүний шаардлага хангасан эсэхтэй холбож дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Д.Д нь Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасан сонирхлын зөрчил бүхий этгээдэд хамаарахгүй буюу хэлцлийн нөгөө талын төлөөлөгч, зуучлагч биш, хэлцлийн нөгөө талын эрх бүхий албан тушаалтан биш, хувьцаа эзэмшдэггүй, хэлцлийн нөгөө талын толгой компанийн эрх бүхий албан тушаалтан биш, хувьцаа эзэмшдэггүй, хэлцлийн үр дүнгээс аливаа хувь хүртээгүй болно. Давж заалдах шатны шүүхээс Д.Дг хараат бус гишүүний шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Д.Д нь “ХУЗ” ХК-ийн Хараат бус гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа нь “УИД” ХК, “НР” ХХК-тай хэлцэл хийхэд сонирхлын зөрчил үүсэх шалтгаан болохгүй. Түүнчлэн, хавтаст хэрэгт “ХУЗ” ХК нь “НР” ХХК-тай хамааралтай талаарх баримт огт авагдаагүй. Хэрэв эдгээр компаниуд нь хамаарал бүхий компаниуд гэж үзвэл Д.Д нь “ХУЗ” ХК-ийн хараат бус гишүүн байгаа нь тухайн компани, түүний нэгдэлд багтах бусад компанитай ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгийг илтгэж байгаа хэрэг буюу аливаа шийдвэр гаргахдаа тухайн кампаниудаас хараат бусаар шийдвэр гаргадаг гэсэн үг юм. Нөгөөтээгүүр, ТУЗ-ын хараат бус гишүүд болох Л.Ч, Н.Б нар нь Д.Д “ХУЗ" ХК-д мөн хараат бус гишүүнээр ажилладаг болохыг мэдэх боломжгүй, мөн Компанийн тухай хуулиар бусад хараат бус гишүүнийг нэгдмэл сонирхолтой этгээд мөн эсэхийг заавал мэддэг байх үүрэг хүлээгээгүй. Гэтэл 3 хараат бус гишүүний 1 хараат бус гишүүн нь өөр хувьцаат компанид хараат бус гишүүнээр ажилладаг гэх үндэслэлээр нөгөө 2 хараат бус гишүүний шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Н.Б-с 880,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж буй нь үндэслэлгүй юм. Мөн давж заалдах шатны шүүх Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “олонхын саналаар” гэснийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхээс хариуцагч Д.Д-ийг сонирхлын зөрчилтэй гэж дүгнэсэн ч тухайн шийдвэр хуульд заасны дагуу сонирхлын зөрчилгүй гишүүдийн олонх нь саналаар шийдвэрлэгдэх бөгөөд бусад гишүүд болох Л.Ч, Н.Б нарыг сонирхлын зөрчилгүй эсэх талаар нэхэмжлэгч тал маргахгүй байгаа. Тэгвэл эдгээр 2 гишүүн дээр шийдвэрийг гаргахад зөвшөөрсөн санал өгсөн буюу СЗХ болон шүүхээс сонирхлын зөрчилгүй гишүүд гэж хүлээн зөвшөөрөөд байгаа 2 гишүүн санал нэгтэйгээр зөвшөөрөөд саналаа өгөөд байхад Д.Д гишүүн сонирхлын зөрчилтэй байсан тул тухайн шийдвэр хүчин төгөлдөр бус гэж үзээд байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Хараат бус Л.Ч, Н.Б нар хоёулаа дэмжсэн учраас Д.Д гишүүний саналаас үл хамааран тухайн шийдвэр гаргах хууль заасан хувь буюу “олонхын санал” гэсэн шалгуурт хүрсэн учраас тухайн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх “ТУЗийн дарга Ш.Э, С.Х, хараат бус гишүүн Л.Ч, Д.Д, Н.Б нар нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1, 84.4.2, 84.4.4-т тус тус заасан үүргээ хэрэгжүүлэн дээрх шийдвэрийг гаргахаас татгалзах үүрэгтэй байсан” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ш.Э, С.Х нар нь шийдвэр гаргахад оролцоогүй, санал өгөөгүй, зөвхөн Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасан хуулийн шаардлагыг биелүүлэх зорилгоор гарын үсэг зурсан. Гэтэл нэхэмжлэгчийн тооцоолон гаргасан 4,400,000,000 төгрөгийн яг хэдэн төгрөг нь 2015 оны 07, 2017 оны 06 дугаар тогтоолуудад хамаарч байгаа болох нь тодорхойгүй байхад 2015 оны 07 дугаар тогтоол гаргах үед компанийн ТУЗ-ын дарга байгаагүй С.Х-с бусад хариуцагч нартай тэнцүү хэмжээгээр буюу 880,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Хуулийн эдгээр заалтуудад “шийдвэр гаргахаас татгалзах үүрэгтэй” гэж хуульчлаагүй. Хараат бус гишүүд болох Д.Д, Н.Б нар нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1-д заасны дагуу “хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлсэн буюу бүрэн эрхийн хүрээнээс илүү хальсан, эрх мэдлээ хэтрүүлсэн зүйл огт байхгүй. Мөн хуулийн 84.4.2-т заасны дагуу үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлж ажилласан буюу компанийн зүгээс танилцуулагдсан баримт материал, зах зээлийн судалгаа, санхүү, эдийн засгийн тооцоолол, өөрсдийн мэдлэг туршлага дээр үндэслэн хараат бусаар шийдвэрээ тус тусдаа гаргаж саналаа өгсөн. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа 2019 онд газар дээр нь хийсэн шалгалтын тайлан дээрх тоо баримтууд нь бодит байдалд нийцээгүй, зардлын хэмжээг бүрэн тооцоогүй, алдаатай тоо баримтууд байдаг. Мөн УИД-н барилгыг бүхэлд нь буюу аливаа шат, хонгил, нийтийн эзэмшлийн талбай зэрэг бүх өнцөг булан, ашиггүй талбайг оруулан түрээслүүлсэн. Хэрэв жижиглэнгээр түрээслүүлэх тохиолдолд зөвхөн ашигтай талбайг түрээслүүлдэг, мөн жижиглэнгээр түрээслүүлэх тохиолдолд маш олон ажилчидтай, томоохон баг ажиллаж байж уг жижиглэнгийн түрээсийн үйл ажиллагааг явуулах шаардлагатай болно гэх зэргээр маш олон үндэслэл бүхий эдийн засгийн тооцоо судалгаан дээр үндэслэж эдгээр шийдвэрийг гаргаж түрээсийн гэрээг байгуулах зөвшөөрлийг олгосон. Давж заалдах шатны шүүхийн магадлалд түрээсийн төлбөр, дамжуулан түрээслүүлсэн түрээсийн төлбөрийн хэмжээг харьцуулж, уг тоо баримтыг үндэслэн түрээсийн зах зээлийн ханшийг бодитой тогтоогоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь “УИД” ХК нь өөрийн барилгыг бүхэлд нь түрээслүүлж байгаа, харин түрээслэгч тал нь ажиллах хүч, нийгмийн даатгал, техник тоног төхөөрөмж, дохиолол, харуул хамгаалалт, бичиг хэрэг, маркетинг, удирдлага менежмент, цэвэрлэгээ, үйлчилгээ, тээвэр холбоо гэх мэт маш их зардал гаргаж байгааг тооцоололгүйгээр зөвхөн түрээсийн төлбөрийн зөрүүг үндэслэж дүгнэлтээ гаргасан байна. Мөн Л.Ч, Д.Д, Н.Б нар нь уг түрээсийн гэрээг байгуулахад сонирхлын зөрчилгүй, уг гэрээг хэрэгжүүлэхэд оролцоогүй, ямар нэгэн орлого үр шим хүртээгүй, энэ талаар хэрэгт ямар ч баримт байхгүй байхад шүүх нотлох баримтад үндэслээгүй, хууль зүйн үндэслэлгүй, хийсвэрээр дүгнэсэн байна гэж үзэж байна. Түүнчлэн, нэхэмжлэгч СЗХ нь ТУЗ-ын 2015, 2017 оны тогтоолууд нь “УИД” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндөж байна гэж үзсэн нь шүүхэд нэхэмжлэл гаргах гол үндэслэл болсон. Гэтэл тус компанийн хувьцаа эзэмшигчдийн (сонирхлын зөрчилгүй) 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хурлаар “НР” ХХК-тай Түрээсийн гэрээ байгуулах зөвшөөрлийг компанийн гүйцэтгэх захирал И.Г-д олгосон бөгөөд үүний дагуу “УИД” ХК нь “НР” ХХК-тай Түрээсийн гэрээ байгуулж, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улмаар “УИД” ХК нь хуульд заасан журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ээлжит бус хурлын тогтоолыг нэхэмжлэгч СЗХ-д хүргүүлж байсан. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй. Дээрхээс үзэхэд өмчийн эзэн буюу “УИД” ХК-ийн сонирхлын зөрчилгүй хувьцаа эзэмшигчид НР” ХХК-тай Түрээсийн гэрээ байгуулах хүсэл, сонирхолтой байхад нэхэмжлэгч СЗХ нь ямар үндэслэл, баримтад тулгуурлан 2015, 2017 оны тогтоолууд нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашийг хөндсөн тул тэдгээрийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна хэмээн тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.06.20-ны өдрийн хуралдааны 001/ШХТ/2023/00735 тогтоолоор хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн ба магадлалд өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдов.

7. Нэхэмжлэгч СЗХ нь хариуцагч Ш.Б, А.Ш, Р.С, С.Х, А.Н, Б.А, Н.Б, Д.Д, Л.Ч нарт холбогдуулан “УИД” ХК-ийн ТУЗийн 2015 оны 07, 2017 оны 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, дээрх тогтоолыг үндэслэн “УИД” ХК болон “НР” ХХК-ийн байгуулсан 2016 оны UID/16/03 болон тус гэрээг 2017 онд сунгасан UID/16/03UID/17/02, 2018 оны UID/18/01-1-3 тоот үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хууль бус үндэслэлгүй, сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасны улмаас компанид учруулсан хохиролд 4,4 тэрбум төгрөгийг хамтран хариуцагч нараас адил тэнцүү хэмжээгээр гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. СЗХ-ны зүгээс “УИД” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдсөн, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.16-д “шаардлагатай тохиолдолд үнэт цаас эзэмшигчийн нэрийн өмнөөс тэдгээрийн эрх ашгийн төлөө итгэмжлэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах” эрхтэй гэж зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...ТУЗийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаар тогтоолоор сонирхлын зөрчилтэй түрээсийн гэрээ байгуулж компанийг алдагдалд оруулж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хохироосон, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар ТУЗ-ийн гишүүд нь компанийн эрх бүхий албан тушаалтан бөгөөд хариуцагч нар нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.2-д заасан “үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх”, 84.4.4-д заасан “шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэх” үүргээ биелүүлээгүй, хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хараат бус гишүүн  Д.Д нь сонирхлын зөрчилтэй, санал хураалтад оролцохгүй байхад оролцсон,  “НР” ХХК-тай байгуулсан 2016 оны түрээсийн гэрээ, тус гэрээг 2017 онд сунгасан UID/16/03UID/17/02, 2018 оны UID/18/01-1-3 тоот үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээд буюу хувьцаа эзэмшигч нарын зөвшөөрлийг аваагүй, Компанийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2, 93 дугаар зүйлийн 93.4-д заасан буюу сонирхлын зөрчилтэй этгээдтэй байгуулсан хэлцлүүд хүчин төгөлдөр бус, “НР” ХХК “УИД” ХК-тай гэрээ байгуулсны дараа  “НТ” ХХК-тай 1 сарын 800,000,000 төгрөгөөр дамжуулан түрээсэлж, улмаар “НТ” ХХК нь жижиглэнгийн түрээслэгч нартай 2016 онд 8,756,600,000 төгрөгийн, 2017 онд 8,868,900,000 төгрөгийн, 2018 онд 10,025,200,000 төгрөгийн түрээсийн гэрээг тус тус байгуулсан болох нь Х-ны шалгалтаар тогтоогдсон, Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт заасанчлан ТУЗ тогтоол гаргахдаа УИД-н барилгын түрээсийн зах зээлийн үнэ ханшийг тогтоогоогүй, “УИД” ХК-ийн бие даасан байдлыг хангаж ажиллаагүйн улмаас 2016 онд 841,9 сая төгрөгийн, 2018 онд 67,7 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж жижиг хувьцаа эзэмшигч нарын эрхийг хохироосон, хэрэв “УИД” ХК нь 2016-2018 онд бие даасан байдлаа ханган ажилласан бол жилд дунджаар түрээсийн орлого 11,4 тэрбум төгрөг, үндсэн үйл ажиллагааны зардал 7,6 тэрбум төгрөг, татварын дараах цэвэр ашиг 2,9 тэрбум төгрөг, мөн 2017 оны 4 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд татварын дараах цэвэр ашиг 4,4 тэрбум төгрөгийг олох боломжтой байсан, Компанийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “сонирхлын зөрчилтэй хэлцлийн улмаас компани, түүний хараат болон охин компанид учирсан хохирлыг гэм буруутай этгээд өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө…” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч А.Ш, Р.С, С.Х, Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “УИД” ХК-ийн ТУЗийн 2015 оны 07 дугаар тогтоолын дагуу 2016.01.01-ний өдөр “УИД” ХК болон “НР” ХХК нарын хооронд үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, мөн 2017 оны 06 дугаар тогтоолын дагуу 2018.01.01-ний өдөр дээрх компаниуд “Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ”-г тус тус байгуулсан байдаг. Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх тухай шийдвэрийг сонирхлын зөрчилгүй ТУЗ /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ шийдвэрлэнэ гэж заасны дагуу тогтоол гарч , гэрээ байгуулагдсан...” гэж,

Хариуцагч Н.Б, Д.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х: СЗХ уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, Компанийн тухай хуульд зааснаар татан буулгах талаар л шүүхэд нэхэмжлэл гаргахыг тусгайлан заасан байна,  хараат бус гишүүн Д.Д нь уг хэлцлийг хийх талаар сонирхлын зөрчилгүй гэдэг утгаараа хуралд оролцож саналаа өгсөн, Д.Д, Н.Б нар нь Компанийн тухай хуулийн 84.4.2-т заасны дагуу үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлж ажилласан буюу компанийн зүгээс танилцуулагдсан баримт материал, зах зээлийн судалгаа, санхүү, эдийн засгийн тооцоолол, өөрсдийн мэдлэг туршлага дээр үндэслэн хараат бусаар шийдвэрээ тус тусдаа гаргаж саналаа өгсөн. “УИД” ХК нь өөрийн барилыг бүхэлд нь түрээслүүлж байгаа, харин түрээслэгч тал нь ажиллах хүч, нийгмийн даатгал, техник тоног төхөөрөмж, дохиолол, харуул хамгаалалт, бичиг хэрэг, маркетинг, удирдлага менежмент, цэвэрлэгээ, үйлчилгээ, тээвэр холбоо гэх мэт маш их зардал гаргаж байгааг тооцоололгүйгээр зөвхөн түрээсийн төлбөрийн зөрүүг үндэслэж дүгнэлтээ гаргасан байна, хариуцагч нарын гаргасан шийдвэртэй холбоотой компанид ямар нэгэн хохирол учраагүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,

Хариуцагч Ш.Б, А.Н нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, М.Ө нар: Нэхэмжлэлийн шаардлагад Үнэт цаасны зах зээлийн тухай хууль хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч нь Компанийн тухай хуулийн дагуу нэхэмжлэл гаргасан байна. Компанийн тухай хуулиар энгийн хувьцаа эзэмшигч эсвэл компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан нэхэмжлэл гаргах эрхтэйг хуулиар нарийвчлан зохицуулсан тул нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй. Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 89.1-д заасан этгээдийн өөрийн ажиллаж байгаа болон хувьцааных нь хяналтын багцыг эзэмшиж байгаа компанитай хийж байгаа хэлцлийг сонирхлын зөрчилтэй хэлцэл гэх ба сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх тухай шийдвэрийг уг хэлцлийг хийх талаар сонирхлын зөрчилгүй ТУЗ /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-ийн гишүүдийн олонхын саналаар гаргана гэж, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-д “Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх тухай асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах тухай ТУЗийн шийдвэрийг ТУЗийн хэлцэл хийх талаар сонирхлын зөрчилгүй гишүүдийн олонхын саналаар, хувьцаат компанийн хувьд ТУЗийн хараат бус гишүүдийн олонхын саналаар гаргана” гэж заасны дагуу хуулийн хүрээнд шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн үндэслэлээр мэтгэлцсэн байна.

9. Анхан шатны шүүх хариуцагч Л.Ч-т холбогдох хэргийг болон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...“НР” ХХК-тай байгуулсан 2016 оны түрээсийн гэрээ, тус гэрээг 2017 онд сунгасан UID/16/03UID/17/02, 2018 оны UID/18/01-1-3 тоот үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээнүүд сонирхлын зөрчилтэй хэлцэл боловч Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “...сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх тухай шийдвэрийг уг хэлцлийг хийх талаар сонирхлын зөрчилгүй ТУЗ /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-ийн гишүүдийн олонхын саналаар гаргана” гэж зааснаар “УИД” ХК-ийн ТУЗийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаар тогтоолоор хараат бус гишүүд нь дээрх гэрээнүүдийг байгуулах зөвшөөрлийг “УИД” ХК-ийн гүйцэтгэх захирал С.С-д олгосон, СЗХ 2019.04.18-ны өдрийн “УИД” ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн газар дээрх хяналт шалгалтын тайландаа УИД-н барилгын ерөнхий түрээслэгчээр хамаарал бүхий хуулийн этгээдүүдийг сонгох шийдвэр, гэрээ, хэлцлүүд Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.17-д зааснаар ТУЗ нь сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх зөвшөөрөл олгоно, мөн зүйлийн 76.2-т зааснаар хувьцаат компанийн хувьд сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд ТУЗийн хараат бус гишүүд заавал оролцож саналаа өгнө, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх тухай шийдвэрийг уг хэлцлийг хийх талаар сонирхлын зөрчилгүй ТУЗийн гишүүдийн олонхын саналаар гаргана гэж тус тус заасантай нийцсэн байна” гэж дүгнэсэн, тиймээс “УИД” ХК болон “НР” ХХК-ийн хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээнүүд Иргэний болон Компанийн тухай хуульд заасан уг хэлцлийг хийх журмыг зөрчөөгүй, хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэл үндэслэлгүй, нэхэмжлэгч этгээд нь “УИД” ХК-ийн гүйцэтгэх захирал С.С-тай 2017.02.14-ний өдөр “УИД” ХК-ийн үйл ажиллагааг сайжруулах, бие даасан байдлыг хангуулах гэрээ” байгуулсан байх бөгөөд гэрээгээр “УИД” ХК-ийн үйл ажиллагааны бие даасан байдлыг хангуулах, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар харилцан тохиролцож, компани нь Х-с боловсруулсан төлөвлөгөөний дагуу “УИД” ХК-ийн бие даасан байдлыг хангуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр, Х компаниас үүргээ гүйцэтгэхийг гэрээ болон Иргэний хуулиар шаардах эрхтэй байхаар заасан ба уг гэрээний хэрэгжилтийг хангуулах, хариуцагчийг гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж байсан талаарх баримтгүй, ...түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Ч нь 2022.05.19-ний өдөр нас барсан боловч эрх залгамжлагч тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно...” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

10. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй гэж үзээд “...Компанийн хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт Сонирхлын зөрчилтэй хэлцлээр худалдах, худалдан авах, захиран зарцуулах эд хөрөнгө, эд хөрөнгийн болон мөнгөөр үнэлж болох бусад эрхийн зах зээлийн үнэ, үйлчилгээний хөлсний хэмжээг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан журмын дагуу ТУЗ тогтооно гэсний дагуу ТУЗ эд хөрөнгийн зах зээлийн үнийг бодитой тодорхойлоогүй буруутай, “УИД” ХК нь “НР” ХХК-д 1 м.кв талбайг 19,709 төгрөгөөр түрээсэлсэн байх ба “НР” ХХК дамжуулан түрээсэлж, түрээслэгч “НТ” ХХК 2018 онд гэхэд 1 м.кв талбайг жижиглэнгийн түрээслэгч нарт дунджаар сард 439,087 төгрөгөөр түрээсэлсэн байгаа нь барилгын түрээсийн зах зээлийн үнэ ханшийн хэмжээг бодитой тогтоогоогүй гэдгийг нотолсон, мөн ТУЗийн дарга Ш.Э, С.Х, хараат бус гишүүн Л.Ч, Д.Д, Н.Б нар нь сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх замаар Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулах шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцохдоо тус компанийг алдагдалд оруулж, компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 31.46%-ийг эзэмшиж буй 45,000 гаруй жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараахгүй байгаа нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг сонирхлыг бодит байдлаар хохироож байна гэсэн нэхэмжлэгч талын тайлбар илүү үндэслэлтэй, иймд ТУЗ-ийн тогтоолуудыг хүчингүй болгож, түрээсийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч нар Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудыг мөрдөж бие даасан байдлаа хангаж ажиллаагүйн улмаас “УИД” ХК-ийн 2017 оны 04 дүгээр сараас 2018 оныг дуустал хугацаанд жилд дунджаар түрээсийн орлого 11,4 тэрбум төгрөг, үндсэн үйл ажиллагааны зардал 7,6 тэрбум төгрөг, татварын дараах цэвэр ашиг 2,9 тэрбум төгрөг, мөн 2017 оны 4 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд татварын дараах цэвэр ашиг 4,416,400,000 төгрөгийг олох боломжийг алдагдуулсан болохыг тогтоосон СЗХны 2019 оны шалгалтын тайланд тусгагдсан хохирлыг Компанийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасны дагуу 2016 оны тогтоол гаргасан ТУЗийн дарга Ш.Э, хараат бус гишүүн Л.Ч, Д.Д, Н.Б, 2017.12.22-ны өдрийн 06 дугаар тогтоолыг гаргасан дарга С.Х, хараат бус гишүүн Л.Ч, Д.Д, Н.Б нарын 5 гишүүнд хариуцлага тооцох үндэслэлтэй гэж дүгнээд 4,400,000,000/5 гишүүн= 880,000,000 төгрөг нэг гишүүнд ногдож байх ба нэхэмжлэгч талаас Ш.Э-г хариуцагчаар тодорхойлоогүй, хариуцагч Л.Ч нас барсан тул эдгээр 2 гишүүнийг хасаж, хариуцагч С.Х, Д.Д, Н.Б нараас тус бүр 880,000,000 төгрөгийг гаргуулж “УИД” ХК-д олгож, бусад хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх Компанийн тухай хуулийг өөр өөрөөр тайлбарлаж зөрүүтэй шийдвэр гаргасан нь хэргийг хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцэх үндэслэл болсон. Давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний алдааг залруулж, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэл бүхий болсон байх боловч зарим хууль зүйн дүгнэлтийг зөвтгөж, магадлалд зохих өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

12. Хэрэгт байгаа баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогджээ.

12.1. “УИД” ХК-ийн нийт гаргасан 36,807,850 ширхэг энгийн хувьцааны 67,75 хувь буюу 24,936,711 ширхэг энгийн хувьцааг “НХ” ХХК-ийн үүсгэн байгуулагч буюу А.Ш болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдүүд эзэмшдэг бөгөөд Р.С 16,575,925 ширхэг буюу 45,03 хувийг, Ш.У3,896,290 ширхэг буюу 10,59 хувийг, Ш.Б 2,049,032 ширхэг буюу 5.57 хувийг, А.Ш өөрөө 950,896 ширхэг буюу 2,58 хувийг, Ш.Э 826,063 ширхэг буюу 2,24 хувийг, У.Т 640,226 ширхэг буюу 1,74 хувийг эзэмшдэг байна. 2016.04.29-ны өдрийн “УИД” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн ТУЗийн ердийн гишүүдээр А.Ш, Ш.Б, Р.С, Б.А, С.Х, А.Н, хараат бус гишүүдээр Д.Д, Н.Б, Л.Ч нарыг сонгосон, компанийн дүрмийн 8.9-т зааснаар ТУЗийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

12.2. “УИД” ХК-ийн ТУЗийн 2015.12.15-ны өдрийн 7 дугаартай “Эрх олгох тухай” тогтоолоор УИД-н барилгыг бүхэлд нь, гаднах талбайн хамт сарын 450,000,000 төгрөгийн түрээсийн төлбөртэйгөөр “НР” ХХК-д түрээсэлж, “Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ” байгуулан ажиллахыг гүйцэтгэх захирал С.С-д даалгаж шийдвэрлэжээ. Тогтоолд ТУЗ-ийн дарга Ш.Э, хараат бус гишүүд Л.Ч, Д.Д, Н.Б нар гарын үсгээ зуржээ.

Уг тогтоолын дагуу 2016.01.01-ний өдрийн UID/16/03 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг нэг талаас “УИД” ХК, нөгөө талаас “НР” ХХК-тай байгуулж түрээслүүлэгч өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар Х-ны нутаг дэвсгэрт орших УИД-н барилгыг бүхэлд нь худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалтаар түрээслүүлж, түрээслэгч талбайг гэрээнд заасны дагуу ашиглаж төлбөрийг төлөхөөр, нэг сарын түрээсийн төлбөрийг ашиглалтын зардлыг оруулан 450,000,000 төгрөг, гэрээ нэг жилийн хугацаатай болохыг харилцан тохиролцсон байна. Тус гэрээг 2017 онд сунгасан UID/16/03UID/17/02 гэрээний эх хувийг гаргуулахаар шүүхээс шийдвэрлэсэн боловч “УИД” ХК-ийн архивд хадгалагдаагүй талаар албан бичиг ирсэн байх байх бөгөөд гэрээг сунгасан талаар хариуцагч нар маргаагүй байв.

 

Мөн ТУЗийн 2017.12.22-ны өдрийн 6 дугаартай “Эрх олгох тухай” тогтоолоор түрээсийн гэрээний хугацааг хоёр жил болгож түрээсийн гэрээг үргэлжлүүлэн байгуулахыг гүйцэтгэх захирал С.Сад даалгасан. Тогтоолд ТУЗ-ийн дарга С.Х, хараат бус гишүүд Л.Ч, Д.Д, Н.Б нар гарын үсгээ зуржээ.

Уг тогтоолын дагуу 2018.01.01-ний өдрийн №UID/18/01-1-3 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг нэг талаас “УИД” ХК, нөгөө талаас “НР” ХХК байгуулж, барилгын талбайг бүхэлд нь худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар түрээсэлж, түрээсийн төлбөр нь ашиглалтын зардлыг оруулахгүйгээр нэг сарын 450,000,000 төгрөг, гэрээний хугацаа хоёр жил гэж тохиролцсон, эдгээр гэрээ хэрэгжсэн байна.

Түүнчлэн, түрээслэгч “НР” ХХК нь “НТ” ХХК-д барилгыг дамжуулан түрээслэхдээ сарын 800,000,000 төгрөгөөр түрээсэлж, “НТ” ХХК жижиглэнгийн түрээслэгч нарт түрээсэлжээ. “УИД” ХК-ийн ТУЗийн гишүүн Ш.Б нь түрээслэгч “НР” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 67 хувь, “НТ” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 67 хувийг тус тус эзэмшдэг талаар хариуцагч Ш.Б маргаагүй.

12.3. Харин зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл нь нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй эсэх, ТУЗийн тогтоол хууль зөрчсөн эсэх, үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, компанийн эрх бүхий албан тушаалтан хохирол хариуцах эсэх асуудал болсон байна.

13. Хоёр шатны шүүх нэхэмжлэгч СЗХ-г Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 63 дугаар зүйлийн 63.1.16-д  зааснаар жижиг хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж адил дүгнэлтийг хийсэн, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т нийцжээ.

СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дахь хэсэгт зааснаар СЗХ нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага бөгөөд  жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь ийнхүү хуулиар олгогдсон байна.

Компанийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т заасан “Компанийн энгийн хувьцаа эзэмшигч болон компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 90.1-д заасан хариуцлага хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”, 93 дугаар зүйлийн 93.5-д заасан “Компанийн энгийн хувьцаа эзэмшигч, эсхүл компани нь энэ хуулийн 89.1-д заасан этгээд, эсхүл уг этгээдийн дангаараа бүх хувьцааг эзэмшдэг хуулийн этгээдээр компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр итгэмжлэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэсэн зохицуулалт нь СЗХ-ны нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүй, нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй  талаарх хариуцагч талын гомдол үндэслэлгүй байна.

14. Сонирхлын зөрчилтэй хэлцэл, түүнийг хийх журмыг хуульд тусгайлан зохицуулсан.

14.1. Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар компанийн энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч, компанийн эрх бүхий албан тушаалтан, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд өөрийн ажиллаж байгаа болон хувьцааных нь хяналтын багцыг эзэмшиж байгаа компанитай хийж байгаа хэлцлийг сонирхлын зөрчилтэй хэлцэл гэнэ. Энэ тохиолдолд сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх тухай шийдвэрийг уг хэлцлийг хийх талаар сонирхлын зөрчилгүй ТУЗ /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-ийн гишүүдийн олонхын саналаар гаргана гэж хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл ийм хэлцэл байгуулахыг хуулиар хориглоогүй бөгөөд гагцхүү хэлцэл хийх журмыг зөрчиж болохгүйг хуулиар тогтоожээ.

Түүнчлэн ТУЗ өөрөө шийдвэр гаргахаас гадна хувьцаат компанийн хувьд хараат бус гишүүдийн олонхын саналаар сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх тухай асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар оруулах шийдвэрийг ч гаргаж болдог байна. /Компанийн тухай хуулийн 92.3, 92.4/

Эдгээр хуулийн дагуу “УИД” ХК-ийн ТУЗийн гишүүн А.Ш, Ш.Б, Р.С, Б.А, С.Х, А.Н нар нэгдмэл сонирхолтой учраас хамаарал бүхий “НР” ХХК-тай түрээсийн гэрээ хийх шийдвэрийг сонирхлын зөрчилгүй ТУЗийн гишүүд гаргасан нөхцөлд л хэлцлийг байгуулж болохоор байна. ТУЗийн сонирхлын зөрчилгүй гишүүд болох Д.Д, Н.Б, Л.Ч нар 2015.12.15-ны өдрийн 7 дугаартай “Эрх олгох тухай” тогтоол гаргаж, УИД-н барилгыг бүхэлд нь, гаднах талбайн хамт сарын 450,000,000 төгрөгийн түрээсийн төлбөртэйгөөр “НР” ХХК-д түрээсэлж, “Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ” байгуулан ажиллахыг, 2017.12.22-ны өдөр 6 дугаартай “Эрх олгох тухай” тогтоолоор түрээсийн гэрээний хугацааг хоёр жил болгож түрээсийн гэрээг үргэлжлүүлэн байгуулахыг гүйцэтгэх захирал С.С-д тус тус даалгаж хэлцэл хийх зөвшөөрөл олгосон шийдвэр гаргажээ.

Үүнээс Д.Д гишүүн нь хувьцаа эзэмшигч Ш.Б нарын дийлэнх хэсгийг эзэмшдэг “ХУЗ” ХК-ийн ТУЗийн хараат бус гишүүн нь учраас Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.2-т заасан “өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаах эрхэлж байгаагүй гэснийг зөрчсөн”, шийдвэр гаргахаас татгалзах байсан гэж нэхэмжлэгч СЗХ үзсэн бол хариуцагч маргаж, сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх шийдвэр гаргахад хараат бус гишүүн бус сонирхлын зөрчилгүй этгээд байхыг хуулиар тогтоосон гэж маргасан.

Нэхэмжлэгч нь тайлбараа нотлоогүй боловч Д.Д-с гадна уг хэлцэлд  сонирхлын зөрчилгүй ТУЗийн гишүүн Н.Б, Л.Ч нар шийдвэр гаргасан нь Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан журам хангагдсан, энэ маргааны зүйл нь шийдвэр гаргасан ТУЗийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй учир ач холбогдолгүй байв.

14.2. Гэвч ТУЗийн эдгээр гишүүд сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх шийдвэр гаргахдаа Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т “Сонирхлын зөрчилтэй хэлцлээр худалдах, худалдан авах, захиран зарцуулах эд хөрөнгө, эд хөрөнгийн болон мөнгөөр үнэлж болох бусад эрхийн зах зээлийн үнэ, үйлчилгээний хөлсний хэмжээг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан журмын дагуу ТУЗ тогтооно” гэсэн заалтыг зөрчсөн, тогтоолд заасан “түрээсийн төлбөр” нь зах зээлийн үнээс илт доогуур, компанийн эрх ашигт нийцээгүй эрх зүйн асуудлаар давж заалдах шатны шүүх хийвэл зохих дүгнэлт хийсэн нь хууль ёсны болсон байна.

Компанийн нэгдмэл сонирхол бүхий этгээд хэлцэл хийх гэж байгаа учраас уг хэлцлийг хийх сонирхлын зөрчилгүй ТУЗийн гишүүд компанийн эрх ашгийн үүднээс гэрээний үнийг тогтоохыг ийнхүү Компанийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т хуульчилсан. “УИД” ХК, нөгөө талаас “НР” ХХК түрээсийн гэрээ байгуулахдаа ТУЗийн тогтоолд заасан нөхцөлөөр буюу компанийн барилгын талбайг бүхэлд нь худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар түрээсэлж, түрээсийн төлбөр нь ашиглалтын зардлыг оруулахгүйгээр нэг сарын 450,000,000 төгрөгөөр тохирсон, гэтэл “НР” ХХК нь “НТ” ХХК-д барилгыг дамжуулан түрээслэхдээ сарын 800,000,000 төгрөгөөр түрээсэлж, “НТ” ХХК жижиглэнгийн түрээслэгч нарт хэд дахин илүү үнээр түрээсэлсэн нь ТУЗийн гишүүд түрээсийн зах зээлийн үнийг тогтоож чадаагүй буруу  нотлогдсон гэж үзнэ. “НТ” ХХК жижиглэнгийн түрээслэгч нарт түрээслэхэд илүү хөлс, зардал, менежментийн ажиллагаа нэмэгдэх учир түрээсийн үнэ илүү байх нь тодорхой боловч үнийн илт зөрүүтэй байдал тогтоогдсон, түрээсийн төлбөр тогтоосон ТУЗийн тогтоол компанийн эрх ашигт нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Энэ үндэслэлээр ТУЗийн тогтоолуудыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл тогтоогдсон.

14.3. ТУЗийн 2025 оны 7 дугаар тогтоолын дагуу 2016.01.01-ний өдөр UID/16/03 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг нэг талаас “УИД” ХК, нөгөө талаас “НР” ХХК байгуулж, уг гэрээг 2017 онд сунгаж  UID/16/03UID/17/02 гэрээ байгуулсан, ТУЗийн 2017.12.22-ны өдрийн 6 дугаартай “Эрх олгох тухай” тогтоолын үндсэн дээр 2018.01.01-ний өдөр UID/18/01-1-3 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээнүүд хууль зөрчиж байгуулсан хэлцэл тул  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээ оновчтой болжээ.

Нөгөө талаар сонирхлын зөрчил бүхий түрээсийн гэрээ байгуулахад Компанийн тухай хуульд заасан журмыг зөрчсөн бол хуулийн 93.2-т зааснаар хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болох боловч нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг илүү тохирсон байна.

15. Компани ашиг олох, засаглалаа бэхжүүлэх, зохистой ажиллах нөхцөлийг хангахын тулд компанийн эрх бүхий албан тушаалтны хүлээх итгэлцлийн үүргийг хуулиар, мөн компани дүрмээрээ тогтоож болохыг зохицуулсан.

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, ТУЗийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцдог бөгөөд компанийн эрх бүхий албан тушаалтан хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх, компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэх үүрэг хүлээжээ. Энэ үүрэг ТУЗийн бүх гишүүдэд хамааралтай бөгөөд ТУЗийн гишүүд болох хариуцагч нар энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Түрээслэгч “НР” ХХК нь сарын 450,000,000 төгрөгийн үнэ бүхий түрээсийн гэрээ байгуулмагц “НТ” ХХК-д сарын 800,000,000 төгрөгийн түрээсийн төлбөртэйгөөр дамжуулан түрээслүүлсэн, “НТ” ХХК нь цааш жижиглэнгийн түрээслэгч нарт түрээсэлж 2016 онд 8,756,600,000 төгрөгийн, 2017 онд 8,868,900,000 төгрөгийн, 2018 онд 10,025,200,000 төгрөгийн түрээсийн гэрээг байгуулснаас үзэхэд үнийн илт зөрүүтэй, компанийн эрх ашигт нийцээгүй, ТУЗийн гишүүд үүргээ шударгаар биелүүлсэн гэж үзэх боломжгүй гэж үзнэ.

Хариуцагч Ш.Б, А.Ш, Р.С, А.Н, Б.А, С.Х нар Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.2-т заасан үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6-д зааснаар, хараат бус гишүүд Дашцэдэн, Батцацрал нар Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.2, 92 дугаар зүйлийн 92.2, 55 дугаар зүйлийн 55.3-т заасан үүргээ тус тус биелүүлээгүй тул хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар тус тус хохирлыг хариуцах үндэслэлтэй байна.

16. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6-д компанийн эрх бүхий албан тушаалтан нь энэ хуулийн 84.4, 84.5-д заасан үүргээ биелүүлээгүй, удаа дараа зөрчсөнөөс компанид хохирол учруулсан бол учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө гэж, 84.9-д энэ хуулийн 84.4-т заасныг зөрчин шийдвэр гаргасан албан тушаалтнууд хамтын хариуцлага хүлээх бөгөөд хохирлыг тэнцүү хэмжээгээр нөхөн төлнө гэж тус тус заасан бөгөөд сонирхлын зөрчилтэй хэлцэл байгуулсны улмаас үүсэх хариуцлагыг Компанийн тухай хуулийн 93.1, 93.3, 90.1-д тус тус зохицуулжээ.

Компанийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.3-т сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн компанийн эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 85, 90 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээнэ гэж, 90.1-д сонирхлын зөрчилтэй хэлцлийн улмаас компани, түүний хараат болон охин компанид учирсан хохирлыг гэм буруутай этгээд өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө гэсэн тусгайлсан хэм хэмжээ нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон боловч компанийн тухай хуулийн дээрх нийтлэг зохицуулалтын зарчим нэхэмжлэлийн шаардлагад мөн адил хамаарна.

17.Давж заалдах шатны шүүх компанийн ТУЗийн гишүүд үүргээ зөрчсөн буруутай байхад зөвхөн ТУЗийн дарга, хараат бус гишүүн хохирлыг хариуцах үндэслэлтэй гэж үзсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй Ш.Э-н талаар дүгнэлт хийсэн нь хуулийн зөрчилтэй болсон, үүнийг залруулах боломжтой бөгөөд шийдвэр магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

Нэхэмжлэгч СЗХ-ны нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч нарт холбогдсон, тэдгээрт холбогдох үүргийн шинжийг шүүх анхаараагүйгээс нэхэмжлэлийн шаардлагаас хальж хариуцагч С.Х, Д.Д, Н.Б нараас хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь диспозитив зарчмыг зөрчсөн, зарим хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Компанийн тухай хуульд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг хамтын хариуцлага хүлээх бөгөөд хохирлыг тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон тул энэ хэмжээнд шүүх дүгнэлт хийх бөгөөд хяналтын журмаар нэхэмжлэгч гомдол гаргасан эсэхээс үл хамаарч шүүх диспозитив зарчмын хүрээнд хийвэл зохих дүгнэлтийг хийх үүрэгтэй. Шийдвэр гаргасан ТУЗийн хараат бус гишүүдээс гадна ТУЗийн бусад гишүүд компанийн эрх ашигт нийцээгүй тогтоолыг  дэмжсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй, компанийн бие даасан байдлаа хангаж ажиллаагүй тул хариуцлагыг хамтран хүлээх үндэслэлтэй болно. Давж заалдах шатны шүүх хариуцагч С.Х, Д.Д, Н.Б нараас тус бүрээс нь 880,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснээр үндсэндээ нэхэмжлэл хангагдаж байгаа учраас нэхэмжлэгч гомдол гаргаагүй нь хариуцагч Ш.Б, А.Ш, Р.С, А.Н, Б.А нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн хэмжээнд хариуцагч тус бүрээс хохирлыг тэнцүү гаргуулах нь хуулийн хүрээнд бөгөөд гомдлыг хянах хүрээг зөрчихгүй гэж үзнэ.

18. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага болох хохирол 4,4 тэрбум төгрөгийг хэрхэн үгүйсгэж байгааг баримтаар нотлоогүй тул шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч нь “УИД” ХК-ийн 2017 оны 04 дүгээр сараас 2018 оныг дуустал хугацаанд жилд дунджаар түрээсийн орлого 11,4 тэрбум төгрөг, үндсэн үйл ажиллагааны зардал 7,6 тэрбум төгрөг, татварын дараах цэвэр ашиг 2,9 тэрбум төгрөг, мөн 2017 оны 4 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд татварын дараах цэвэр ашиг 4,416,400,000 төгрөгийг 2019 оны шалгалтын тайланд тусгахдаа түрээсийн гэрээнүүд, хамаарал бүхий этгээдүүдийн хамтын үйл ажиллагаа, зах зээлийн ханш зэрэг шалгуурыг баримталсан байна.

Иймд ТУЗийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, энэхүү тогтоолыг үндэслэж гарсан “НР” ХХК-тай байгуулсан 2016 оны UID/16/03 болон тус гэрээг 2017 онд сунгасан UID/16/03UID/17/02, 2018 оны UID/18/01-1-3 тоот үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон давж заалдах шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, компанийн эрх ашигт нийцээгүй шийдвэр гаргасан, гэрээ байгуулсан хариуцагч бүрээс 440,000,000 төгрөгийг гаргуулж компанид олгохоор магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

19. Энэ хэсгийн 14,15,16-д заасан үндэслэлийн хүрээнд хариуцагч нарын хяналтын гомдолд заасан “...сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх тухай шийдвэрийг сонирхлын зөрчилгүй буюу хараат бус ТУЗийн гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэхээр хуульчилсан байх ба нэхэмжлэлд дурдагдсан “УИД” ХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 07 тоот тогтоол болон 2017 оны 06 тоот тогтоолыг тухайн хэлцлийг хийх талаар сонирхлын зөрчилгүй ТУЗийн гишүүд өөрийн дотоод итгэл үнэмшил, компанийн нөхцөл байдал зэрэг олон асуудлыг харгалзан үзэж шийдвэр гаргасан, Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-д “ТУЗийн хурлаас тогтоол гаргах бөгөөд түүнд ТУЗийн хурлын дарга гарын үсэг зурна гэж, мөн “УИД” ХК-ийн дүрмийн 8.11-д Нийт гишүүдийн дийлэнх олонх нь оролцсоноор ТУЗ-ийн хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Тогтоолд ТУЗ-ийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Өөрөөр хэлбэл “УИД” ХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Э, С.Х нь Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасан нөхцөл, шаардлагыг биелүүлж 2015 оны 07, 2017 оны 06 дугаар тогтоолд гарын үсэг зурсан болохоос шийдвэр гаргаагүй байхад буруутгаж тус бүрээс 880,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, СЗХ-ны хохирол гэх 4,4 тэрбум төгрөгийн тооцоолол туйлын зөв биш, үнэлгээний эрхгүй этгээдийн дүгнэлтийг үндэслэж шүүх шийдвэр гаргасан нь буруу, ...Д.Д-г “ХУЗ” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажилладагтай нь холбож сонирхлын зөрчилтэй этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлгүй, СЗХ-ны 2019.04.18-ны өдрийн “УИД” ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн газар дээрх хяналт шалгалтын тайланд “...ТУЗийн хараат бус гишүүдийн дэлгэрэнгүй анкетаас үзвэл эдгээр гишүүд нь Компанийн тухай хууль болон Кодекст заасан шаардлагыг хангаж байна” гэж үзсэн. /1-хх-182 тал/, гэтэл хараат бус гишүүн Д.Д-г Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.2-т заасан шаардлагыг хангахгүй, сонирхлын зөрчилтэй этгээд гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй болсон, шүүх ТУЗ-ийн хараат бус бусад гишүүн Л.Ч, Н.Б нарын шийдвэрийг үгүйсгэсэн, “УИД” ХК-ийн барилгад 2008 оноос их хэмжээний засвар хийх зориулалтаар төгрөгийн болон ам.долларын зээлүүдийг авч ашигласан, тайлангийн “...16 дугаар хуудас /1хх-162/ компанийн урт хугацааны зээл 2016 он 10,8 тэрбум төгрөг, 2017 он 9,9 тэрбум төгрөг зээл, 2018 он 9,5 тэрбум төгрөг байна гэж тусгагдсан байна. “УИД” ХК ийм их хэмжээний урт хугацааны зээлтэй байхад ногдол ашиг тараах боломжгүй байсан, компанийн хувьцаа эзэмшигчид өөрийн сонгосон ТУЗ-ийн гишүүдийн шийдвэрийг хүндэтгэж, бодит нөхцөл байдлыг ойлгож байгаа учраас ТУЗ-ийн гишүүдийн шийдвэрт гомдол гаргахгүй байгаа юм, гэтэл СЗХ жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг гэх нэрийдлээр ТУЗ-ийн гишүүдийн шийдвэртэй холбогдуулж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, хувьцаа эзэмшигчдийн 2021.09.01-ний өдрийн хурлаар “НР” ХХК-тай Түрээсийн гэрээ байгуулах зөвшөөрлийг компанийн гүйцэтгэх захирал И.Г-д олгосон бөгөөд үүний дагуу “УИД” ХК нь “НР” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчид “НР” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулах хүсэл, сонирхолтой байхад нэхэмжлэгч СЗХ нь ямар үндэслэл, баримтад тулгуурлан 2015, 2017 оны тогтоолууд нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашийг хөндсөн тул тэдгээрийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна хэмээн тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна...” гэсэн гомдлыг хангахгүй орхив.

“УИД” ХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 07 тоот, 2017 оны 06 тоот тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгох асуудалтай холбогдуулж хувьцаа эзэмшигчдээс гомдол гаргаж байгаагүй гэх гомдол үндэслэлгүй байна. Хэргийн 2-р хавтасны 248 дугаар хуудсанд жижиг хувьцаа эзэмшигчид СЗХ-д сонирхлын зөрчилтэй хэлцлийн талаар гомдол гаргаж ашиг олгохгүй байгаа талаар хандаж байсан баримт авагджээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсгийн 4.г, 4.д-т тусгагдсан буюу Сонирхлын зөрчилтэй хэлцлээр худалдах, худалдан авах, захиран зарцуулах эд хөрөнгө, эд хөрөнгийн болон мөнгөөр үнэлж болох бусад эрхийн зах зээлийн үнэ, үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай дүгнэлт нь үндэслэлгүй, ТУЗ-ийн 2015 оны 07, 2017 оны 06 дугаар тогтоол нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах биш харин үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх эрх олгох асуудал байсан, шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлыг магадлалд тусгасан нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй гэх гомдол мөн үндэслэлгүй байна. Сонирхлын зөрчилтэй хэлцэл байгуулах зөвшөөрлийг олгож байгаа учраас ТУЗ хуульд заасны дагуу түрээсийн үнийг тогтоолдоо зааж өгч байгаа бөгөөд түрээсийн үнэ илт үндэслэлгүй гэх асуудал нь маргааны зүйл байсан, зохигч энэ талаар мэтгэлцсэн бөгөөд Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т заасан журмыг хэрэгжүүлсэн эсэх тухайд шүүх эрх зүйн дүгнэлт өгөх үүрэгтэй тул давж заалдах шатны шүүх хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч 2021.02.19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, хуульд заасан 3-н жилийн хугацаа өнгөрсөн байхад шүүх хянан шийдвэрлэсэн, улмаар Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрт мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд хөөн хэлэлцэх хугацааны талаар огт дүгнээгүй байгаа нь хэрэг маргааныг хууль зүйн хувьд бодитой дүгнэсэн гэдэг нь эргэлзээтэй гэх гомдлыг хангахгүй орхив. Зохигч талууд анхан шатны шүүхэд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж мэтгэлцээгүй тул давж заалдах болон хяналтын шатны шүүх маргаагүй асуудлаар дүгнэлт хийхгүй юм.

Иймд хяналтын журмаар гаргасан хариуцагч талын гомдлын зарим хэсгийг буюу 3 хүнээс хохирлыг гаргуулсан талаарх гомдлыг үндэслэлтэй гэж үзэж, магадлалд зохих өөрчлөлтийг оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр  сарын 21-ний өдрийн 210/МА2023/00845 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “ ...90.1...” гэсний дараа “84 дүгээр зүйлийн 84.6...” гэж нэмж, “...хариуцагч С.Х, Д.Д, Н.Б нараас тус бүр 880,000,000 төгрөгийг...” гэснийг “...хариуцагч Ш.Б, А.Ш, Р.С, А.Н, Б.А, С.Х, Д.Д, Н.Б нараас тус бүр 440,000,000 төгрөгийг...” гэж, “...хариуцагч С.Х, Д.Д, Н.Б нараас тус бүр 4,557,950 төгрөг...” гэснийг “...хариуцагч Ш.Б, А.Ш, Р.С, А.Н, Б.А, С.Х, Д.Д, Н.Б нараас тус бүр 2,357,950 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А.Ш нь 2023.05.22-ны өдөр 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 2023.05.23-ны өдөр 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг, хариуцагч Р.С нь 2023.05.22-ны өдөр 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 2023.05.23-ны өдөр 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг, хариуцагч Б.А нь 2023.05.22-ны өдөр 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 2023.05.23-ны өдөр 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг, хариуцагч С.Х нь 2023.05.22-ны өдөр 4,557,950 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг, хариуцагч Ш.Б нь 2023.05.23-ны өдөр 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг, хариуцагч А.Н нь 2023.05.23-ны өдөр 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг, хариуцагч Н.Б нь 2023.05.26-ны өдөр 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 4,557,950 төгрөг, хариуцагч Д.Д нь 2023.05.26-ны өдөр 4,557,950 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ЭРДЭНЭСУВД

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                    ШҮҮГЧИД                                                               Н.БАЯРМАА

                                                                                                       Д.БАТБААТАР 

                                                                                                       П.ЗОЛЗАЯА