Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2023/00154

 

  М.Х-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/00935 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2023/00916 дугаар магадлалтай,

М.Хын нэхэмжлэлтэй

ШЕЗд холбогдох

Тэтгэмжийн зөрүү 67,760,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. М.Х нь ШЕЗд холбогдуулан тэтгэмжийн зөрүү 67,760,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/00935 дугаар шийдвэрээр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг баримтлан хариуцагч ШЕЗөөс шүүгчид нэг удаа олгох тэтгэмжийн зөрүү 67,760,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Хт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч ШЕЗөөс 100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч М.Х татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, хариуцагч ШЕЗөөс 496,750 төгрөгийг гаргуулж улсын орлогод олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2023/00916 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/00935 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ШЕЗд холбогдуулан гаргасан нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 67,760,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хяналтын гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2023/00916 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/00935 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ШЕЗд холбогдуулан гаргасан нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 67,760,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн хэсгийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэж заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх “...Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан тусгай харилцааг тухайлан зохицуулснаар тэтгэмжийн зөрүүг шаардах эрхтэй гэж үзнэ.

Тодруулбал Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно” гэж тус тус зохицуулжээ. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүгчийн авч байсан сарын дундаж цалин нь “...албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс...” зэргээс бүрдэх бөгөөд нэхэмжлэгч М.Х нь албан тушаалын цалин 2.900.000 төгрөг, онцгой нөхцөлийн 40 хувь 1,160,000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 25 хувь 725,000 төгрөг, нийт 172,226,000 төгрөгийн тэтгэмж авахаас 104,500,000 төгрөгийг авсан байх тул тэтгэмжийн зөрүү 67,760,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Харин шүүгчид нэг удаа олгох тэтгэмжийг албан тушаалын цалингийн дунджаас тооцож олгосон гэх хариуцагчийн тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ...” гэж дүгнэж, харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “...Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасан тул дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “сарын дундаж цалин” гэдэгт хуульд заасан нэмэгдлүүд хамаарна гэж тайлбарлах боломжгүй, иймд “нэхэмжлэгчийн сарын дундаж цалин нь албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байна.

Хариуцагч байгууллага нэг удаагийн тэтгэмжийг нэхэмжлэгчийн албан тушаалын цалингаас тооцсон нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийг зөрчөөгүй тул нэхэмжлэгч нь тэтгэмжийн зөрүүг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн билээ. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүхээс нэг үйл баримт буюу нэг харилцаатай холбогдуулан, мөн нэг хуулийн зохицуулалтыг өөр, өөрөөр тайлбарлан хэрэглэсэн байх тул Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор асуудлыг нэг мөр шийдвэрлэх шаардлага зүй ёсоор үүсэж байна.

Нэхэмжлэгч М.Х нь шүүгчийн албан тушаалд ажиллаж байхдаа шүүгчийн албан тушаалын цалин 2,900,000 төгрөг, шүүн таслах албан ажлын онцгой нөхцөлд 40 хувийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны 25 хувийн нэмэгдэл, нийт 65 хувийн нэмэгдэлтэйгээр сард нийт 4,785,000 төгрөгийн цалин хөлс авдаг байсан. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасны дагуу 1 удаа олгох тэтгэмжийг 36 сараар тооцоход 172,260,000 төгрөгийн тэтгэмж авах ёстой байсан.

Гэтэл хариуцагч ШЕЗ нэхэмжлэгчийн албан тушаалын цалингаас тэтгэмжийг бодож 104,500,000 төгрөгийн тэтгэмж олгосон нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг зөрчиж 67,760,000 төгрөгийн тэтгэмжийг дутуу олгосон. Дээрх хуулийн заалтад “албан тушаалын цалин”-аас бодож олгоно гэсэн үг үсэг байхгүй, “сарын дундаж цалин” гэж заасан. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж тус тус хуульчилсан. Эдгээр хуулийн заалтуудаас нэхэмжлэгчийн сарын дундаж цалин хөлс гэдэгт албан тушаалын цалин болон хуульд заасны дагуу олгогдож байгаа нэмэгдлүүдийг бүгдийг багтааж ойлгох нь зүйтэй байна.

Иймд үйл баримтад эрх зүйн зөв дүгнэлт өгч хэргийг үнэн шударгаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.06.29-ний өдрийн 001/ШХТ2023/00787 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т тус тус заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн харьяалал зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч М.Х нь хариуцагч ШЕЗд холбогдуулан тэтгэмжийн зөрүү 67,860,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба 100,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзжээ. Нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...Хөдөлмөрийн тухай хуульд цалин хөлс гэдэгт үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, урамшууллаас бүрдэнэ гэж”, “...Монгол Улсын Шүүхийн тухай хуульд шүүгчийн цалин нь албан тушаалын цалин болон нэмэгдлээс бүрдэнэ гэж”, “...мөн өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаа тэтгэмж олгоно гэж тус тус заасан байхад хариуцагч нь тэтгэмжийг олгохдоо нэмэгдлийг хасаж, үндсэн цалингаар  тооцсон нь хуульд нийцээгүй..”” гэсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлд “шүүгчийн цалин хөлс гэдэгт албан тушаалын цалин болон шүүн таслах онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс бүрдэнэ” гэж, 47.9-д “...өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаа тэтгэмж олгоно” гэж заасан бөгөөд тэтгэмж нь нэг удаагийн шинжтэй бөгөөд хуульд “цалин хөлс” гэж тусгаагүй харин “сарын дундаж цалингийн хэмжээ” гэснээс үзэхэд “үндсэн цалин” гэж томъёолсон, улмаар үндсэн цалингийн хэмжээгээр тэтгэмжийг тооцсон нь хууль зөрчөөгүй тул тэтгэмжийн зөрүүг олгох үндэслэлгүй...” гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг баримтлан хариуцагч ШЕЗөөс тэтгэмжийн зөрүү 67,760,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Хт олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

4. Хоёр шатны шүүх маргаантай харилцаанд хэрэглэх хууль болон хуулийн агуулгыг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэснээс гадна хэргийн харьяаллыг анхаараагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх нөхцөл болсон.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар иргэний хэргийн шүүх нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаарх гомдлыг харьяалан шийдвэрлэнэ.

Хариуцагч ШЕЗ нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан захиргааны байгууллагад хамаарахаас гадна шүүгч өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмж олгох харилцаа нь нийтийн эрх зүйн шинжтэй байгааг шүүх анхаараагүй, улмаар хэргийн харьяаллыг тогтоож чадаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно.

Нэхэмжлэлийн үндэслэл нь захиргааны байгууллагын үйл ажиллагааг хууль бус гэж үзсэн агуулгатай ба шүүгч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг шийдвэрлэсэн ШЕЗийн шийдвэр нь захиргааны актын шинжийг агуулсан байх тул энэ нэхэмжлэл нь Захиргааны хэргийн шүүхэд харьяалагдана.

Иймд маргааныг шийдвэрлэсэн хууль хэрэглээний асуудлаар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлын талаар шүүх дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/00935 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2023/00916 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч ШЕЗд холбогдох 67,760,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Хын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.ЭРДЭНЭСУВД

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                          ШҮҮГЧ                                                                   Н.БАЯРМАА

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                            Д.ЦОЛМОН