Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 87

 

Р.Ү-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00555/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж , шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 685 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Р.Ү-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Б-,

Хамтран хариуцагч М.Б- нарт холбогдох

“Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ж.Б-, хамтран хариуцагч М.Б- нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Ү-, түүний өмгөөлөгч П.Батжаргал, хамтран хариуцагч М.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Р.Ү-:

Миний бие 2011 оны хавар багийн засаг даргын зохион байгуулсан оёдлын сургалтад сууж байхдаа Ж.Б-тай танилцсан. Тухайн үед Ж.Б- нь хашаа, байшингаа зармаар байна, авах хүн байвал сураг гаргаж өгөөрэй гэхээр нь би өөрийн нөхөр Д.П-д хэлээд 4.800.000 төгрөгийг цувуулж өгөхөөр тохиролцсон. Тухайн үед мөнгө байгаагүй. Тэгтэл эднийхэн эхэлж ороод мөнгөө цувуулаад өгчих гэсэн. Тэгээд он гараад бичиг баримтаа шилжүүлье гэж утасдсан боловч болохгүй байсан. Ингээд 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ж.Б-ы эзэмшлийн Хаан банкны 5045587931 тоот дансанд 1.000.000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 3.800.000 төгрөгийг миний эгч Г.Н- Өмнөговь аймгаас шилжүүлсэн.

Хашаа байшингийн үнийг бүрэн төлсөн тул хашаа, байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр би Ж.Б-тай 2012 оны хавар уулзахад манай нөхөр төмөр замд машинист хийдэг ажилтай байгаа. Завтай болохоор нь чамайг дуудаад гэрчилгээг чинь шилжүүлье гэсэн. Гэтэл дуудахгүй болохоор нь Ж.Б-ы нөхөр Б.М-тай утсаар холбогдож асуухад би завгүй байгаа, завтай болохоороо залгаж, гэрчилгээг шилжүүлнэ гэсэн. Аргаа бараад гэрт нь очихоор заримдаа хаалгаа тайлахгүй, зарим үед байдаг боловч эртхэн бичиг баримтаа шилжүүлж авахгүй яасан юм бэ, би бөө хүн гэж хөөж загнадаг болсон. Ингэж явсаар 2014 оны 05 дугаар сард нэг цонхны үйлчилгээн дээр бичиг баримтаа шилжүүлэх гээд дөрвүүлээ уулзахад нэг нь надад 500.000 төгрөг л унах юм байна. Жаахан байна гээд гарын үсэг зураагүй. 2014 онд Дархан хүнсэнд ажилд ороод ажиллаж байгаад жирэмсний амралтаа аваад суусан. 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр миний эгч Улаанбаатар хотоос ирээд ойлголцъё гээд уулзсан. Тэгээд мөнгө төгрөгийн тооцоо байхгүй гээд хүү М.Б- нь нэг цонхны үйлчилгээнд очоод шилжүүлэхээр болоход Ж.Б- ирээд шал өөр зүйл ярьсан. Хүү М.Б- нь аль болох болж бүтэх талаас нь шийдэх гэдэг боловч ээж Ж.Б- нь ингээд байдаг. Ж.Б-ы өмгөөлөгч гэдэг хүн утасдаад шүүх хуралдаанаар танайх юу ч олж долоохгүй 2.000.000 төгрөг өгөөд ав гэсэн гэж тайлбарлажээ.

            Хариуцагч М.Б- шүүхэд гаргасан тайлбартаа:

1. Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р багт байршилтай 080123925 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн зориулалттай, 804.3 м.кв газар болон Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р баг, Партизаны 9-188А тоот сууцны зориулалттай байшин нь гурван хүний өмчлөлд бүртгэлтэй байдаг. Гэтэл манай ээж Ж.Б- нь дундаа хэсгээр өмчлөгч Б.М-аас зөвшөөрөл авалгүй нэхэмжлэгчтэй амаар тохиролцон 4.800.000 төгрөг авсан байдаг. Уг аман тохиролцоо буюу хэлцэл нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй учраас биелэгдэх боломжгүй хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн тус хуулийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2. Миний эцэг Б.М- нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нас барсан бөгөөд одоогоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу Б.М-ын оногдох хэсгийг хууль ёсны өв хүлээн авах этгээд нь тодорхой болоогүй байхад нэхэмжлэгч, хариуцагчаар миний ээж Ж.Б-, М.Б- намайг тодорхойлон нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь бид хоёроос гадна миний ах М.Б- гэдэг хүн манай гэр бүлийн гишүүн бөгөөд өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргаагүй тул хууль ёсны өвлөгчид мөн адил тооцогдох бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д заасан журмын дагуу гомдлын шаардлага гаргах журамтай байтал уг журмыг хэрэглээгүй шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.10-д тус тус заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүхий нөхцөл байдал бий болох учраас шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэжээ.

Хариуцагч М.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Уг хашаа байр аав ээж хоёрын нэр дээр байсан. Тухайн үед би хүүхэд байсан болохоор сайн санахгүй байна. Худалдаж авсан гэж дуулсан. Сүүлийн процедурыг сайн мэдэхгүй байгаа. Уг гэрчилгээг энэ хүмүүсийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Ж.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч худлаа яриад байна. Хашаа байшингаа зарах гэж байгаа тухайгаа хэлэхэд зар битгий өгөөрэй байлгаж байгаарай гэсэн. Танайхыг байр лизингээр аваад нүүхээр болоход манайх авна гэж байсан. Тэгээд 4.500.000 төгрөгийг авсан. Би сүүлдээ өдөр болгон очиж мөнгө нэхэж байж 2013 онд эгч нь гэх хүн утасдаад миний дансыг авч мөнгө хийнэ гээд эхлээд 2.500.000 төгрөгийг хийгээд дараа нь 2.000.000 төгрөгийг нэмж өгсөн. Танайх гэрчилгээгээ одоо шилжүүлээд авчих, нотариатын зардлынхаа мөнгийг төлөөд ав гэхэд мөнгө байхгүй гэсэн. 2-3 удаа өөрийн нэр дээр шилжүүлээд ав гэж хэлээд байхад шилжүүлээгүй. Гэрчилгээг шилжүүлж авахгүй байж байгаад 2016 онд надтай уулзах гэж ирэх үед маргалдсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Эдний нөхөр П- гэж хүн 5.000.000 төгрөгийг талийгаачаас авсан гэдгийг талийгаач нас барахаасаа өмнө надад хэлсэн. Цалингийн зээл аваад өгсөн юм байна лээ гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 685 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р багт байршилтай 080123925 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн зориулалттай 804.3 м.кв газар болон Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р баг, Партизаны 9-188А тоот сууцны зориулалттай байшингийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Р.Ү-г тогтоож,

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-д зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р багт байршилтай 080123925 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн зориулалттай 804.3 м.кв газар болон Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р баг, Партизаны 9-188А тоот сууцны зориулалттай байшингийн өмчлөгчөөр Б.М-, Ж.Б-, М.Б- нарыг бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож, өмчлөгчөөр нэхэмжлэгч Р.Ү-г бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91.750 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 91.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Б-, хамтран хариуцагч М.Б- нарын давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлахдаа нэхэмжлэгч Р.Ү- нь хариуцагч Ж.Б-, түүний нөхөр Б.М- нартай тохиролцон 2011 онд Ж.Б-, Б.М-, М.Б- нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р багт байршилтай 0801123925 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн зориулалттай 804.3 м.кв газар болон Дархан- Уул аймаг, Дархан сум 1-р баг, Партизаны 9-188А тоот сууцны зориулалттай байшинг 4.800.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, төлбөрийг төлж, хашаа байшинд нүүж орсон үйл баримт тогтоогдож талууд маргаагүй. Иймд Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Р.Ү-г өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна” гэжээ. Шүүхийн дээрх үндэслэл тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй тайлбар бөгөөд бодит байдал дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 3 хүний өмчлөлд бүртгэлтэй байдаг төдийгүй Ж.Б- нь дундаа хэсгээр өмчлөгч Б.М-аас зөвшөөрөл авалгүй нэхэмжлэгчтэй амаар тохиролцон 4.800.000 төгрөг авсан. Уг аман тохиролцоо болон хэлцэл нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 128.2-т заасан хуульд заасан шаардлагуудыг хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл байхад шүүх тухайн нөхцөл байдлыг анзаараагүй. Үүнээс гадна маргаан бүхийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.М- нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нас барсан бөгөөд түүний оногдох хэсгийг хууль ёсны өв хүлээн авах этгээд тодорхой болоогүй өөрөөр хэлбэл эрх залгамжлагч нь тодорхой болоогүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Р.Ү- хариуцагч Ж.Б-, М.Б- нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүсч нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар гэр бүлийн гишүүн Ж.Б-, хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг аваагүй, гэр бүлийн гишүүн  Б.М- нь нас барсан бөгөөд одоогоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу Б.М-ын оногдох хэсгийг хууль ёсны өв хүлээн авах этгээд нь тодорхой болоогүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Р.Ү- нь хариуцагч Ж.Б-тай 2011 онд Ж.Б-, Б.М-, М.Б- нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р багт байршилтай 0801123925 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн зориулалттай 804.3 м.кв газар болон Дархан- Уул аймаг, Дархан сум 1-р баг, Партизаны 9-188А тоот сууцны зориулалттай байшинг 4.800.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч үнийг төлж, нэхэмжлэгч хашаа байшинд нүүж орсон үйл баримт тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс үзэхэд маргааны зүйл болох орон сууцны зориулалттай байшин болон өмчлөлийн газрын өмчлөгчөөр Ж.Б-, Б.М-, М.Б- нар бүртгэгджээ.

Хамтран хариуцагч М.Б- нь тухайн хэлцэл хийгдэх үе буюу 2011 онд насанд хүрээгүй байсан тул хуульд заасан үндэслэлээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахад түүний хүсэлтийг авах шаардлагагүй байсан гэж үзнэ.

Харин насанд хүрсэн гэр бүлийн гишүүдийн хувьд 2011 оноос хойш 2018 он хүртэлх хугацаанд эрх нь зөрчигдсөн гэж үзвэл гомдол гаргах боломжтой байсан байна.

Гэвч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар шүүхэд Ж.Б-, Б.М- нар нэхэмжлэл гаргаагүй байна.

Иймд хариуцагч нарын гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэсэн хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл байхад шүүх тухайн нөхцөл байдлыг анзаараагүй гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Нэхэмжлэгч Р.Ү-, хариуцагч Ж.Б- нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч нэхэмжлэгч үнийг төлсөн, хариуцагч тал үл хөдлөх эд хөрөнгүүдийг  нэхэмжлэгчид шилжүүлсэн боловч өнөөг хүртэл эд хөрөнгийн бүртгэлийг өөрчилж хийлгээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар, нөхцөл байдлаас нэхэмжлэгч тал худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхээ шилжүүлэх үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байх тул шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг тогтоож, бүртгэлийн газарт нэхэмжлэгчийг өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            Б.М- нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нас барсан бөгөөд одоогоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу Б.М-ын оногдох хэсгийг хууль ёсны өв хүлээн авах этгээд нь тодорхой болоогүй байхад нэхэмжлэгч, хариуцагчаар миний ээж Ж.Б-, М.Б- намайг тодорхойлон нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэсэн гомдлын хувьд, Б.М- нь үл хөдлөх эд хөрөнгийн талаар өөрийнх өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэж тухайн асуудлаар маргаагүй, хэлцлийг хүлээн зөвшөөрч байжээ.

            Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад хуульд заасан журмын дагуу дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 685 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б-, хамтран хариуцагч М.Б- нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай,

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогд хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                               ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                    С.ОЮУНЦЭЦЭГ