Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00188

 

Р гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

   Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 685 дугаар шийдвэр,

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаар магадлалтай,

   Р гийн нэхэмжлэлтэй,

            Ж , М  нарт холбогдох

            Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р , нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

            Нэхэмжлэгчийн  нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2011 оны хавар багийн Засаг даргын зохион байгуулсан сургалтад сууж байхдаа Ж тай танилцсан. Тухайн үед Ж  нь хашаа, байшингаа зармаар байна, авах хүн байвал сураг гаргаж өгөөрэй гэхээр нь би өөрийн нөхөр Д.Пүрвээд хэлээд 4,800,000 төгрөгийг цувуулж өгөхөөр тохиролцсон. Тухайн үед мөнгө байгаагүй. Тэгтэл тэд эхэлж ороод мөнгөө цувуулаад өгчих гэсэн. Он гаргаад бичиг баримтаа шилжүүлье гэсэн боловч утас нь болохгүй байсан. Ингээд 2011 оны 11 сарын 29-ний өдөр Ж ы эзэмшлийн Хаан банкны 5045587931 тоот дансанд 1 сая төгрөг, 2011 оны 12 сарын 17-ны өдөр 3,800,000 төгрөгийг миний эгч Г.Нарантогтох Өмнөговь аймгаас шилжүүлсэн. Хашаа байшингийн үнийг бүрэн төлсөн тул хашаа, байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр би Ж тай 2012 оны хавар уулзахад “Манай нөхөр төмөр замд машинист хийдэг. Ажилтай байгаа. Завтай болохоор нь чамайг дуудаад гэрчилгээг чинь шилжүүлье” гэсэн. Гэтэл дуудахгүй болохоор нь Ж ы нөхөр Б.Мандахтай утсаар холбогдож асуухад “би завгүй байгаа, завтай болохоороо залгаж, гэрчилгээг шилжүүлнэ” гэсэн. Аргаа бараад гэрт нь очихоор заримдаа хаалгаа тайлахгүй, зарим үед байдаг боловч “Эртхэн бичиг баримтаа шилжүүлж авахгүй яасан юм бэ, би бөө хүн” гэж хөөж загнадаг болсон. Ингэж явсаар 2014 оны 5 дугаар сард нэг цонхны үйлчилгээн дээр бичиг баримтаа шилжүүлэх гээд дөрвүүлээ уулзахад нэг нь надад 500,000 төгрөг л унах юм байна. Жаахан байна гээд гарын үсэг зураагүй. 2014 онд Дархан хүнсэд ажилд ороод ажиллаж байгаад жирэмсний амралтаа аваад суусан. Мөнгө төгрөгийн боломж муу байснаас энэ байдалд хүрсэн. 2018 оны 04 сарын 15-ны өдөр миний эгч Улаанбаатар хотоос ирээд ойлголцоё гээд уулзсан. Тэгээд мөнгө төгрөгийн тооцоо байхгүй гээд хүү М  нэг цонхны үйлчилгээнд очоод шилжүүлэхээр болоход Ж  ирээд шал өөр зүйл ярьсан. Ж ы өмгөөлөгч гэдэг хүн утасдаад шүүхээр танайх юу ч олж долоохгүй, 2 сая төгрөг өгөөд ав гэж хэлсэн гэжээ.

Хариуцагч М ийн гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Р  нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа Ж д 4,800,000 төгрөгийг төлсөн учраас Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р багт байршилтай 080123925 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн зориулалттай, 804.3 м.кв газар болон Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р баг, Партизаны 9-188А тоот сууцны зориулалттай байшингийн өмчлөгчөөр тогтоолгоё гэжээ. Гэтэл дээрх газар болон сууцны зориулалттай байшин нь гурван хүний өмчлөлд бүртгэлтэй байдаг. Гэтэл манай ээж Ж  нь дундаа хэсгээр өмчлөгч Б.Мандахаас зөвшөөрөл авалгүй нэхэмжлэгчтэй амаар тохиролцон 4,800,000 төгрөг авсан байдаг. Уг аман тохиролцоо буюу хэлцэл нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй учраас биелэгдэх боломжгүй хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн тус хуулийн 128.2-т “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.  Миний эцэг Б.Мандах нь 2017 оны 03 сарын 15-ны өдөр нас барсан бөгөөд одоогоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу Б.Мандахын оногдох хэсгийг хууль ёсны өв хүлээн авах этгээд нь тодорхой болоогүй байхад нэхэмжлэгч, хариуцагчаар миний ээж Ж , М  намайг тодорхойлон нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь бид хоёроос гадна миний ах М.Баяртогтох гэдэг хүн манай гэр бүлийн гишүүн бөгөөд өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргаагүй тул хууль ёсны өвлөгчид мөн адил тооцогдох бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хуулийн 536.1-д заасан журмын дагуу гомдлын шаардлага гаргах журамтай байтал уг журмыг хэрэглээгүй шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ тохиолдолд ИХШХШТХ-ийн 65.1.3, 65.1.10-д тус тус заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүхий нөхцөл байдал бий болох учраас шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагч М ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Уг хашаа байр аав ээж хоёрын нэр дээр байсан. Тухайн үед би хүүхэд байсан болохоор сайн санахгүй байна. Худалдаж авсан гэж дуулсан. Сүүлийн процедурыг сайн мэдэхгүй байгаа. Уг гэрчилгээг энэ хүмүүсийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрч байна гэжээ.           

Хариуцагч Ж ы шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч худлаа ярьж байна. Хашаа байшингаа зарах гэж байгаа тухайгаа хэлэхэд зар битгий өгөөрэй байлгаж байгаарай гэсэн. Манайх байр лизингээр аваад нүүхээр болоход бид авна гэж байсан. Тэгээд 4,500,000 төгрөгийг авсан. Би сүүлдээ өдөр болгон очиж мөнгө нэхэж байж 2013 онд 2,500,000 төгрөгийг миний данс руу хийсэн. Эгч нь гэх хүн утасдаад миний дансыг авч мөнгө хийнэ гээд эхлээд 2,500,000 төгрөгийг хийгээд дараа нь 2,000,000 төгрөгийг нэмж өгсөн. Тэгээд би танайх гэрчилгээгээ одоо шилжүүлээд авчих гэж хэлж байсан. Танайх нотариатын зардлынхаа мөнгийг төлөөд шилжүүлээд ав гэж хэлсэн. Тэгтэл мөнгө байхгүй гэж хэлсэн. 2-3 удаа өөрийн нэр дээр шилжүүлээд ав гэж хэлээд байхад шилжүүлээгүй. Гэрчилгээг шилжүүлж авахгүй байсаар 2016 онд надтай уулзах гэж ирэх үед маргалдсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Эдний нөхөр Пүрвээ гэж хүн 5 сая төгрөгийг талийгаачаас авсан гэдгийг талийгаач нас барахаасаа өмнө надад хэлсэн. Цалингийн зээл аваад өгсөн юм байна лээ гэжээ.                                                  

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 685 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р багт байршилтай 080123925 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн зориулалттай, 804.3 м.кв газар болон Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р баг, Партизаны 9-188А тоот сууцны зориулалттай байшингийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Р г тогтоож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-т зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р багт байршилтай 080123925 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн зориулалттай, 804.3 м.кв газар болон Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р баг, Партизаны 9-188А тоот сууцны зориулалттай байшингийн өмчлөгчөөр Б.Мандах, Ж , М  нарыг бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож, өмчлөгчөөр нэхэмжлэгч Р г бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,750 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 91,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 685 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж , хамтран хариуцагч М  нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 685 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй мөн анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Учир нь шүүх нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлахдаа “Нэхэмжлэгч Р  нь хариуцагч Ж , түүний нөхөр Б.Мандах нартай тохиролцон 2011 онд Ж , Б.Мандах, М  нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р багт байршилтай 0801123925 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн зориулалттай 804.3 м.кв газар болон Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р баг, Партизаны 9-188А тоот сууцны зориулалттай байшинг 4,800,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, төлбөрийг төлж, хашаа байшинд нүүж орсон үйл баримт тогтоогдож талууд маргаагүй болно. Иймд Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Р г өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна” гэжээ. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд бодит байдал дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 3 хүний өмчлөлд бүртгэлтэй байдаг төдийгүй Ж  нь дундаа хэсгээр өмчлөгч Б.Мандахаас зөвшөөрөл авалгүй нэхэмжлэгчтэй амаар тохиролцон 4,800,000 төгрөг авсан. Уг аман тохиролцоо болон хэлцэл нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 128.2-т заасан шаардлагуудыг хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл байхад шүүх тухайн нөхцөл байдлыг анхаараагүй. Үүнээс гадна маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Мандах нь 2017 оны 03 сарын 15-ны өдөр нас барсан бөгөөд түүний оногдох хэсгийг хууль ёсны өв хүлээн авах этгээд тодорхой болоогүй өөрөөр хэлбэл эрх залгамжлагч нь тодорхой болоогүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийг ноцтой зөрчсөн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Р  нь хариуцагч Ж , М  нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэр бүлийн гишүүн Ж  хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг аваагүй, гэр бүлийн гишүүн Б.Мандах нь нас барсан, түүний оногдох хэсгийг хууль ёсны өв хүлээн авах этгээд нь тодорхой болоогүй гэж маргажээ.  

2011 онд нэхэмжлэгч Р  нь хариуцагч Ж тай харилцан тохиролцож, Ж , Б.Мандах, М  нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг,  Дархан сум 1 дүгээр  багт байршилтай 0801123925 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн зориулалттай 804.3 м.кв газар болон Дархан-Уул аймаг, Дархан сум 1 дүгээр баг, Партизаны 9-188А тоот сууцны зориулалттай байшинг авахдаа 4,800,000.00 төгрөг төлж, нэхэмжлэгч уг хашаа, байшинд амьдарч байгаа үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Р , хариуцагч Ж  нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсч, нэхэмжлэгч гэрээний зүйлийн үнийг төлсөн, хариуцагч тал үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчид шилжүүлсэн ч өнөөг хүртэл эд хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт хийлгээгүй гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн байна.

Б.Мандах нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нас барсан бөгөөд одоогоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу Б.Мандахын оногдох хэсгийг хууль ёсны өв хүлээн авах этгээд нь тодорхой болоогүй байхад нэхэмжлэгч, хариуцагчаар миний ээж Ж , М  намайг тодорхойлон нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэсэн гомдлын хувьд, Б.Мандах нь үл хөдлөх эд хөрөнгийн талаар өөрийнх өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэж тухайн асуудлаар маргаагүй, хэлцлийг хүлээн зөвшөөрч байжээ.

Хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс үзэхэд дээрх орон сууцны зориулалттай байшин болон газрын өмчлөгчөөр Ж , Б.Мандах, М  нар улсын бүртгэлд бүртгэгдсэн, хамтран хариуцагч М  нь тухайн хэлцэл хийгдэх 2011 онд насанд хүрээгүй байсан тул үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахад түүний зөвшөөрлийг авах шаардлагагүй байсан гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн дундын өмчийн эрх зүйн зохицуулалтад нийцсэн байна.

Насанд хүрсэн гэр бүлийн бусад гишүүдийн хувьд 2011 оноос хойш эрх нь зөрчигдсөн гэж Б.Мандах нэхэмжлэл гаргаагүй байна.

Иймд хариуцагч нарын гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэсэн хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл байхад шүүх тухайн нөхцөл байдлыг анзаараагүй гэсэн хариуцагчийн гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

Б.Мандах, Ж , М  нар нь 2007-2008 онд гэрээний зүйл болох газар болон байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээ авч өмчлөгч болсон, Б.Мандах нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нас барсан бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хариуцагч нар нь Б.Мандахын хууль ёсны өвлөгч нар мөн боловч өв хүлээн авсан эсэх талаар нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, өв нээгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байх тул хариуцагчийн “...өв залгамжлал”-ын агуулгаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн боломжгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй боловч зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглэж чадаагүй алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардсан байхад шүүх Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг баримталсныг учир дутагдалтай гэж дүгнээд, хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 685 дугаар шийдвэрийн нэг дэх заалтын “Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч М ийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 /далан мянга, хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН