Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 685

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р баг, Партизаны 9-р гудамж, 188 тоотод оршин суух, Ямаат овогт Рэнцэнчамбуугийн Үүрийнцолмон /РД:КЛ83012227, утас: 95955491/-н нэхэмжлэлтэй,

                                                                                        

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, 17-р байрны 16 тоотод оршин суух, Боржигон овогт Жигжидийн Баярсайхан /РД:МЮ63101801, утас: 99396109/

 

Хамтран хариуцагч:  Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, 17-р байрны 16 тоотод оршин суух, Боржигон овогт Мандахын Баярмөнх /РД: МЮ95120411, утас: 99026136/нарт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Үүрийнцолмон, хариуцагч М.Баярмөнх, Ж.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Үүрийнцолмон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2011 оны хавар багийн Засаг даргын зохион байгуулсан Оёдлын сургалтанд сууж байхдаа Ж.Баярсайхантай танилцсан. Тухайн үед Ж.Баярсайхан нь хашаа, байшингаа зармаар байна, авах хүн байвал сураг гаргаж өгөөрэй гэхээр нь би өөрийн нөхөр Д.Пүрвээд хэлээд 4 800 000 төгрөгийг цувуулж өгөхөөр тохиролцсон. Тухайн үед мөнгө байгаагүй. Тэгтэл эднийхэн эхэлж ороод мөнгөө цувуулаад өгчих гэсэн. Тэгээд он гараад бичиг баримтаа шилжүүлье гэж утастсан боловч болохгүй байсан. Ингээд 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ж.Баярсайханы эзэмшлийн Хаан банкны 5045587931 тоот дансанд 1 сая төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 3 800 000 төгрөгийг миний эгч Г.Нарантогтох Өмнөговь аймгаас шилжүүлсэн. Хашаа байшингийн үнийг бүрэн төлсөн тул хашаа, байшингийн өмчлөх өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр би Ж.Баярсайхантай 2012 оны хавар уулзахад “Манай нөхөр төмөр замд машинист хийдэг. Ажилтай байгаа. Завтай болохоор нь чамайг дуудаад гэрчилгээг чинь шилжүүлье” гэсэн. Гэтэл дуудахгүй болохоор нь Ж.Баярсайханы нөхөр Б.Мандахтай утсаар холбогдож асуухад “би завгүй байгаа, завтай болохоороо залгаж, гэрчилгээг шилжүүлнэ” гэсэн. Аргаа бараад гэрт нь очихоор заримдаа хаалгаа тайлахгүй, зарим үед байдаг боловч “Эртхэн бичиг баримтаа шилжүүлж авахгүй яасан юм бэ, би бөө хүн” гэж хөөж загнадаг болсон. Ингэж явсаар 2014 оны 05 дугаар сард нэг цонхны үйлчилгээн дээр бичиг баримтаа шилжүүлэх гээд дөрвүүлээ уулзахад нэг нь надад 500,000 төгрөг л унах юм байна. Жаахан байна гээд гарын үсэг зураагүй. 2014 онд Дархан хүнсэд ажилд ороод ажиллаж байгаад жирэмсний амралтаа аваад суусан. Мөнгө төгрөгний боломж муу байснаас энэ байдалд хүрсэн. 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр миний эгч Улаанбаатар хотоос ирээд ойлголцоё гээд уулзсан. Тэгээд мөнгө төгрөгний тооцоо байхгүй гээд хүү Баярмөнх нэг цонхны үйлчилгээнд очоод шилжүүлэхээр болоход Баярсайхан ирээд шал өөр зүйл ярьсан. Хүү Баярмөнх нь аль болох болж бүтэх талаас нь шийдэх гэдэг боловч ээж Баярсайхан нь ингээд байдаг. Баярсайханы өмгөөлөгч гэдэг хүн утасдаад шүүх хуралдаанаар танайх юу ч олж долоохгүй. 2 сая төгрөг өгөөд ав гэж хэлсэн гэв.

 

Хариуцагч М.Баярмөнх шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Р.Үүрийнцолмон нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа Ж.Баярсайханд 4 800 000 төгрөгийг төлсөн учраас Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р багт байршилтай 080123925 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн зориулалттай, 804.3 м.кв газар болон Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р баг, Партизаны 9-188А тоот сууцны зориулалттай байшингийн өмчлөгчөөр тогтоолгоё гэжээ. Гэтэл дээрхи газар болон сууцны зориулалттай байшин нь гурван хүний өмчлөлд бүртгэлтэй байдаг. Гэтэл манай ээж Ж.Баярсайхан нь дундаа хэсгээр өмчлөгч Б.Мандахаас зөвшөөрөл авалгүй нэхэмжлэгчтэй амаар тохиролцон 4 800 000 төгрөг авсан байдаг. Уг аман тохиролцоо буюу хэлцэл нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй учраас биелэгдэх боломжгүй хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн тус хуулийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2. Миний эцэг Б.Мандах нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нас барсан бөгөөд одоогоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу Б.Мандахын оногдох хэсгийг хууль ёсны өв хүлээн авах этгээд нь тодорхой болоогүй байхад нэхэмжлэгч, хариуцагчаар миний ээж Ж.Баярсайхан, М.Баярмөнх намайг тодорхойлон нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь бид хоёроос гадна миний ах М.Баяртогтох гэдэг хүн манай гэр бүлийн гишүүн бөгөөд өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргаагүй тул хууль ёсны өвлөгчид мөн адил тооцогдох бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хуулийн 536.1-д заасан журмын дагуу гомдлын шаардлага гаргах журамтай байтал уг журмыг хэрэглээгүй шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. энэ тохиолдолд ИХШХШТХ-ийн 65.1.3, 65.1.10-д тус тус заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүхий нөхцөл байдал бий болох учраас шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болов уу гэж хариуцагч М.Баярмөнх миний бие бодож байна гэжээ.

 

Хариуцагч М.Баярмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Уг хашаа байр аав ээж хоёрын нэр дээр байсан. Тухайн үед би хүүхэд байсан болохоор сайн санахгүй байна. Худалдаж авсан гэж дуулсан. Сүүлийн процедурыг сайн мэдэхгүй байгаа. Уг гэрчилгээг энэ хүмүүсийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч Ж.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч худлаа яриад байна. Хашаа байшингаа зарах гэж байгаа тухайгаа хэлэхэд зар битгий өгөөрэй байлгаж байгаарай гэсэн. Манайх байр лизингээр аваад нүүхээр болоход манайх авна гэж байсан. Тэгээд 4,500,000 төгрөгийг авсан. Би сүүлдээ өдөр болгон очиж мөнгө нэхэж байж 2013 онд 2,500,000 төгрөгийг миний дансруу хийсэн. Эгч нь гэх хүн утастаад миний дансыг авч мөнгө хийнэ гээд эхлээд 2,500,000 төгрөгийг хийгээд дараа нь 2,000,000 төгрөгийг нэмж өгсөн. Тэгээд би танайх гэрчилгээгээ одоо шилжүүлээд авчих гэж хэлж байсан. Танайх нотариатын зардлынхаа мөнгийг төлөөд шилжүүлээд ав гэж хэлсэн. Тэгтэл мөнгө байхгүй гэж хэлсэн. 2-3 удаа өөрийн нэр дээр шилжүүлээд ав гэж хэлээд байхад шилжүүлээгүй. Гэрчилгээг шилжүүлж авахгүй байж байгаад 2016 онд надтай уулзах гэж ирэх үед маргалдсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Эдний нөхөр Пүрэвээ гэж хүн 5 сая төгрөгийг талийгаачаас авсан гэдгийг талийгаач нас барахаасаа өмнө надад хэлсэн. Цалингийн зээл аваад өгсөн юм байна лээ гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Р.Үүрийнцолмон нь хариуцагч Ж.Баярсайхан, М.Баярмөнх нарт холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р багт байршилтай 080123925 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн зориулалттай, 804.3 м.кв газар болон Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р баг, Партизаны 9-188А тоот сууцны зориулалттай байшингийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч М.Баярмөнх нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч Ж.Баярсайхан нь нэхэмжлэгчийн нөхөр Д.Пүрэвээ нь талийгаачаас цалингийн зээл 5 сая төгрөг авахуулсан гэдгийг нөхөр маань хэлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Р.Үүрийнцолмон, хариуцагч Ж.Баярсайхан түүний нөхөр Б.Мандах нартай тохиролцон 2011 онд Ж.Баярсайхан, Б.Мандах, М.Баярмөнх нарын өмчлөлийн, Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р багт байршилтай 080123925 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн зориулалттай, 804.3 м.кв газар болон Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р баг, Партизаны 9-188А тоот сууцны зориулалттай байшинг 4 800 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, төлбөрийг төлж, хашаа, байшинд нүүж орсон үйл баримт тогтоогдож талууд маргаагүй болно.

 

Хариуцагч Ж.Баярсайхан нь би хашаа, байшин, газрын хамт 4 500 000 төгрөгөөр тохирч зарсан надад 4 500 000 төгрөгийг өгсөн, өмчлөх эрхийг шилжүүлж ав гэж би удаа дараа хэлж, ярьж байсан боловч энэ хүмүүс шилжүүлж аваагүй өөрсдөө буруутай, нэхэмжлэгч Р.Үүрийнцолмонгийн нөхөр Д.Пүрэвээ нь манай нөхөр талийгаач Б.Мандахаар цалингийн зээл авахуулж 5 сая төгрөгийг авсан талаар надад талийгаач өнгөрөхдөө хэлсэн, нас барахаас нь өмнө авах боломжтой байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлийг тодорхойлсон болно.

 

            Нэхэмжлэгч Р.Үүрийнцолмон нь маргаан бүхий хашаа, байшин, газарт 2011 оноос нөхөр Д.Пүрвээ хүүхдүүдийн хамт амьдарч  байгаа болох нь талуудын тайлбар, Дархан сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Дархан-Уул аймаг дахь гаалийн газраас Халуун сэтгэл 2 аяны хүрээнд 880580 төгрөгийн засварыг хийж өгч байсан талаарх Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолт, гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Маргааны зүйл болох Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р багт байршилтай 080123925 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн зориулалттай, 804.3 м.кв газар болон Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р баг, Партизаны 9-188А тоот сууцны зориулалттай байшингийн өмчлөгч Б.Мандах, Ж.Баярсайхан, М.Баярмөнх нар нь 2007-2008 онд өмчлөх эрхийн гэрчилгээ авч өмчлөгч болсон болох нь тогтоогдож байх бөгөөд Б.Мандах нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нас барсан байна.

 

            Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хариуцагч нар нь хууль ёсны өвлөгч нар мөн боловч өв хүлээн авсан эсэх талаар нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, өв нээгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байна.

 

            Мөн хариуцагч Ж.Баярсайхан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримт цуглуулах гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, талийгаачаас 5 сая төгрөгийн зээл авсан асуудал нь хэрэгт хамааралгүй байх тул түүний татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэж зохицуулсан бөгөөд талууд 2016 оны 4 дүгээр сарын 16-нд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх талаар тохиролцож байсан болох нь хэрэгт авагдсан хариуцагч Ж.Баярсайханы гарын үсэг бүхий тодорхойлолтоор тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Иймд Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р багт байршилтай 080123925 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн зориулалттай, 804.3 м.кв газар болон Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р баг, Партизаны 9-188А тоот сууцны зориулалттай байшингийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Р.Үүрийнцолмонг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р багт байршилтай 080123925 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн зориулалттай, 804.3 м.кв газар болон Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р баг, Партизаны 9-188А тоот сууцны зориулалттай байшингийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Р.Үүрийнцолмонг тогтоосугай.

 

2. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-д зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р багт байршилтай 080123925 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн зориулалттай, 804.3 м.кв газар болон Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р баг, Партизаны 9-188А тоот сууцны зориулалттай байшингийн өмчлөгчөөр Б.Мандах, Ж.Баярсайхан, М.Баярмөнх нарыг бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож, өмчлөгчөөр нэхэмжлэгч Р.Үүрийнцолмонг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91750 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 91750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн                119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА