Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2023/00156

 

                                                                                                         Д.Мгийн нэхэмжлэлтэй

                                                                                                          иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 134/ШШ2023/00061 дүгээр шийдвэр,

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 216/МА2023/00003 дугаар магадлалтай,

Д.Мгийн нэхэмжлэлтэй

“ТБ” ХК-д холбогдох

Илүү суутгасан 18,086,055 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Огийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, түүний өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Д.М нь “ТБ” ХК-д холбогдуулан илүү суутгасан 18,086,055 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 134/ШШ2023/00061 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасныг баримтлан илүү суутгасан 18,086,055 төгрөгийг хариуцагч “ТБ” ХК-ийн Говьсүмбэр салбараас гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,380 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. 

3. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 216/МА2023/00003 дугаар магадлалаар Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 134/ШШ2023/00061 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ТБ ХК-ийн Говьсүмбэр салбараас 18 086 055 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Мгийн өмгөөлөгч Э.С улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,380 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТБны Говьсүмбэр салбараас 248,380 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сд олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,380 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О хяналтын гомдолдоо: Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 216/МА2023/00003 дугаартай магадлалыг эс зөвшөөрч энэхүү хяналтын журмын гомдлыг гаргаж байна. 1. 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 216/МА2023/00003 дугаартай магадлалын хянавал хэсгийн 8 дахь заалтад “...Талуудын тайлбар, хэрэгт авагдсан 90 дугаартай шийдвэр /хх 2-8 хуудас/ зэргээс үзвэл зээлдэгч Б.А, Н.А нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн зарим хэсэг болох 29,400,000 төгрөг нь барьцаа хөрөнгөөс хангагдана гэж анхнаасаа барьцаалуулагч Д.Мд ойлгуулсан, мөн талууд ч ийнхүү ойлгосон байтал үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байх ба энэ нь Д.Мг нэхэмжлэл гаргуулах үндэслэл болсон байна” гэж заасан нь хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй байна. Бодит байдал дээр 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 134/ШШ2022/00090 тоот шийдвэрээр 49,002,500 төгрөг гаргуулж үүнийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах ажиллагаа хийхээр шийдвэр гарсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрт заасан өр төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаанд бүртгэлтэй хөрөнгийг худалдан борлуулах, худалдан борлуулагдаагүй тохиолдолд банкинд шилжүүлэх байдлаар төлж барагдуулдаг бөгөөд энэ тохиолдолд барьцааны гэрээнд заасан үнэлгээгээр бус төлбөр төлөгч болон төлбөр авагч нарын харилцан тохиролцсон үнэлгээгээр, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн тогтоож өгсөн үнэлгээчнээр үнэлгээг тогтоолгон улмаар дуудлага худалдаанд оролцуулж худалдан борлуулдаг. Тус хэрэг маргааны хувьд төлбөр авагч болон барьцаа хөрөнгийн өмчлөгч нарын харилцан тохиролцсон үнэлгээгээр худалдан борлуулж, дээрх анхан шатны шийдвэрт заасан өр төлбөрийг төлүүлсэн байдаг. Гэвч Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй байна.

2. 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 216/МА2023/00003 дугаартай магадлалын хянавал хэсгийн 10 дахь заалтад “ТБ ХК-ийн Говьсүмбэр салбар нь нэхэмжлэгчийн орон сууцыг худалдсан 75,000,000 төгрөгөөс зээлийн төлбөрт 47,486,055 төгрөгийг шууд суутган авсан байх бөгөөд энэ хэмжээгээр банкийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй” гэж заасан нь хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд “Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг” гэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, түүнээс үүсэн үр дагаврыг шийдвэрлэх арга хэмжээг зохицуулсан байдаг. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг баримтлахдаа хэрхэн яаж үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх, хууль бус ажиллагаа байсан эсэхийг тогтоогоогүй, үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй байна. Тодруулбал, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг хэрэглэж буй тохиолдолд банк тухайн хөрөнгийг харилцан тохиролцож худалдан борлуулж, худалдан борлуулсан орлогоос шүүхийн шийдвэрт /2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 314/ШШ2022/00090 тоот/ заасан мөнгөн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулсан нөхцөл байдлыг хэрхэн хууль зөрчсөн болохыг тайлбарлаагүй, үндэслэл нь тодорхойгүй байна. Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж 492.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно” гэж, 492.4 дэх хэсэгт “Дараахь тохиолдолд ийнхүү шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж болохгүй” гэж тус тус заасныг зөрчиж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт “...Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.” гэж заасны дагуу Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 134/ШШ2022/00090 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 216/МА2023/00003 дугаартай магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.07.06-ны өдрийн 001/ШХТ2023/00826 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

1. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

      2. Нэхэмжлэгч Д.М, хариуцагч “ТБ” ХК-ийн Говьсүмбэр салбарт холбогдуулан илүү суутгасан 18,086,055 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүхийн шийдвэрийн дагуу барьцааны зүйлээс 29,400,000 төгрөгийн зээлийн үүргийг хангуулах байтал хариуцагч хүч түрэмгийлэн 47,486,055 төгрөгийг хууль бусаар авсан тул илүү суутгасан 18,086,055 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Д.М нь барьцааны зүйл болох орон сууцаа 75,000,000 төгрөгөөр худалдсан ба данснаасаа өөрөө гарын үсэг зурж 47,486,055 төгрөгийг шилжүүлсэн, банкны зүгээс харилцагчийн данснаас зээлийн төлбөрийг суутган аваагүй..” гэж маргасан байна. 

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...шүүхийн шийдвэрт барьцаагаар хангагдах шаардлага буюу үүргийн гүйцэтгэлийг хангах үнийн дүнг 29,400,000 төгрөгөөр тусгайлан тогтоосон” гэж дурдсан боловч шийдвэрлэхдээ “...орон сууцыг албадан борлуулж хуульд заасан хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т  “Гэрээнд барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээг тусгайлан тогтоосон бол ийнхүү тогтоосноос илүү гарсан хэсгийг энэ хуулийн 7.1, 7.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд барьцаалуулагч хариуцахгүй” гэж зааснаас үзэхэд зээлийн барьцаа хөрөнгийн үнээс Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 8 дугаар зүйлүүдэд заасан шаардлага, зардлыг хангана гэж ойлгоно.., хариуцагч нь барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа хуульд зааснаас өөр буюу бусад шаардлага, зардлыг гаргуулаагүй, ... “ТБ” ХК-ийн Говьсүмбэр салбар нь барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнээс хуульд заасан үндсэн үүргийн шаардлагыг хангуулсан нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй, нэхэмжлэгч нь банк дураараа буюу хүч түрэмгийлэн зээлийн төлбөрийг данснаас нь суутгаж авсан талаар нотлоогүй, нэхэмжлэгч Д.М өөрөө гарын үсэг зурж зээлийн төлбөрийг шилжүүлсэн нь мемориалын баримтаар тогтоогдсон..” гэж үзжээ. 

4. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ТБ” ХК-ийн Говьсүмбэр салбараас 18,068,055 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Ийнхүү шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...2022.05.31-ний өдрийн 90 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “Барьцааны гэрээний 2.2-т барьцаагаар хангагдах шаардлага буюу үүргийн гүйцэтгэлийг хангах үнийн дүнг 29,400,000 төгрөгөөр тусгайлан тогтоосон байх тул дээрх хуульд заасан хэмжээгээр үүргийн гүйцэтгэл хангагдана” гэж заасан, тухайн үед Д.М нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байх тул тэрээр давж заалдах гомдол гаргах эрхгүй байсны улмаас шийдвэр дээд шатны шүүхүүдэд хянагдаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон, зээлдэгч Б.А, Н.А нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн зарим хэсэг болох 29,400,000 төгрөг нь барьцаа хөрөнгөөс хангагдана гэж анхнаасаа барьцаалагч Д.Мд ойлгуулсан, мөн талууд ч ийнхүү ойлгосон байтал үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Д.М нэхэмжлэл гаргах үндэслэл болсон, “ТБ” ХК-ийн Говьсүмбэр салбар нь хэрэгт зээлийн болон барьцааны гэрээнүүдийг ирүүлээгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үгүйсгэж буй нотлох баримтаа гаргаж өгөөгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн орон сууцыг худалдсан 75,000,000 төгрөгөөс зээлийн төлбөрт 47,486,055 төгрөгийг шууд суутган авсан байх бөгөөд энэ хэмжээгээр банкийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ...” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна.

5. Хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэл тогтоогдсон тул хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар шийдвэрлэсэн.

6. Хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэгч Д.М нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бусдын зээлийн үүрэгт барьцаанд барьцаалуулсан, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.31-ний өдрийн 134/ШШ2022/00090 дугаар шийдвэрээр хариуцагч Б.А, Н.А нараас зээлийн үүрэгт 49,002,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ТБ” ХХК-д олгож, хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд Д.Мгийн өмчлөлийн ... аймгийн ......... сумын ... дугаар баг ......... дугаар байрны .... тоот 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан борлуулж хуульд заасан хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Д.М нь барьцааны зүйлийг 75,000,000 төгрөгөөр бусдад худалдсан, Б.А, Н.А нарын зээлийн төлбөрт 47,486,055 төгрөгийг ТБанд төлсөн үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь барьцаагаар хангагдах шаардлагыг 29,400,000 төгрөг гэж тохиролцсон учир энэ хэмжээнд үүргийг хариуцна гэсэн бол хариуцагч нь шүүхийн шийдвэрт барьцааны зүйлээс үүргийг бүрэн хангуулахаар шийдвэрлэсэн гэж маргасан байна.

7. Маргааны зүйл болох барьцааны гэрээг зохигчийн хэн аль нь шүүхэд гаргаж өгөөгүй боловч Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.31-ний өдрийн 134/ШШ2022/00090 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн, мөн Барьцааны гэрээний 2.2-т барьцаагаар хангагдах шаардлага буюу үүргийн гүйцэтгэлийг хангах үнийн дүнг 29,400,000 төгрөгөөр тогтоосон гэсэн гэрээний нөхцөлийг үгүйсгэж, маргаагүй бөгөөд гагцхүү шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар заасан хүрээнд маргасан байжээ. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч Д.М нь барьцаалагчийн хувьд гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлэх учиртай.

Барьцааны гэрээний 2.2-т заасан талуудын дээрх тохиролцооноос үзвэл зээлдэгч Б.А, Н.А нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн зарим хэсэг болох 29,400,000 төгрөг нь барьцаа хөрөнгөөс хангагдана гэж анхнаасаа барьцаалагч Д.Мд ойлгуулсан, мөн талууд ч ийнхүү ойлгосон нь тогтоогдож байгаа талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй бөгөөд шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна. Хариуцагч “ТБ” ХК-ийн Говьсүмбэр салбар нь барьцаагаар хангагдах шаардлага 29,400,000 төгрөг бус зээлийн гэрээний биелүүлээгүй үүрэг байсан гэдгийг баримтаар нотлоогүй байв.

8. Ийм нөхцөлд нэхэмжлэгч хэдийгээр өөрөө гарын үсэг зурж мөнгийг шилжүүлсэн боловч агуулгын хувьд барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээнд үүргээ биелүүлэх үндэслэл тогтоогдсон, нэхэмжлэгч Д.М нь барьцаагаар хангагдах шаардлагаас илүү хэмжээгээр үүрэг хүлээгээгүй байх тул хариуцагч илүү авсан мөнгийг буцаан өгөх үүрэгтэй гэж үзнэ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-д талуудын хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байдаг байна. Энэ талаар буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагч талын гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэлд заасан зарим нөхцөл байдлын талаар буюу барьцааны гэрээний талаар Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.31-ний өдрийн 134/ШШ2022/00090 дугаар шийдвэр гарсан, шийдвэрийн үндэслэх хэсэгт “...барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээг 29,400,000 төгрөгөөр тусгайлан тогтоосон байх тул дээрх хуульд заасан хэмжээгээр үүргийн гүйцэтгэл хангагдана...” гэж дүгнээд шийдвэрийн тогтоох хэсгийн заалтад “...барьцааны зүйлээс хуульд заасан хэмжээгээр үүргийг хангуулахаар...” заасан нь хуульд заасан хэмжээ гэдгийг барьцаагаар хангагдах шаардлага гэсэн агуулгаар илэрхийлсэн байх тул шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсгийг зөрчилтэй гэж үзэхгүй. Давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 216/МА2023/00003 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 248,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                        Х.ЭРДЭНЭСУВД

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                          ШҮҮГЧ                                                                 Н.БАЯРМАА

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                           Д.ЦОЛМОН