Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 134/ШШ2023/00061

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, ... дугаар баг, ........ тоотод оршин суух Х овогт Д-ийн М /утас ............/

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр багт байрлах “Т........” ХК-ийн ............. салбар /утас ............../

Нэхэмжлэлийн шаардлага: Илүү суутгасан 18,086,055 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгч: М, түүний өмгөөлөгч Э.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Энхбаяр

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч М нь “Т” ХК-ийн Говьсүмбэр салбарт холбогдуулан илүү суутгасан 18,086,055 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэлд: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 134/ШШ2022/00090 дугаар шийдвэрээр М миний өмчлөлийн Сүмбэр сум 3 дугаар баг 15  дугаар байр 34 тоот орон сууцыг худалдан борлуулж Б.А, Н.А нарын зээлийн төлбөрөөс 29,400,000 төгрөгийг төлж барагдуулах шийдвэр гарсан байсан. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор уг орон сууцыг битүүмжилсэн. Миний бие нь Говьсүмбэр аймаг дахь Тны салбарын зээлийн мэргэжилтэнтэй ярилцаж өөрийн өмчлөлийн орон сууцыг банкны салбарын ажилтан Болдод ипотекийн зээлээр 75 сая төгрөгөөр худалдан борлуулсан. Банкны мэргэжилтэн Л.Идэржавхлан нь Б.А, Н.А нарын зээлийн гэрээний үлдэгдэл болох 47,486,055 төгрөгийг орон сууц борлуулсан 75 сая төгрөгнөөс суутган авахад  би “та нар яагаад илүү мөнгө суутган аваад байгаа юм бэ? шүүхийн шийдвэрээр 29,400,00 төгрөгийг суутгах ёстой гэхэд үгүй тийм зүйл байхгүй, өр төлбөрийг бүрэн барагдуулна” гээд суутган авсан. Энэ үйлдлээрээ Говьсүмбэр аймаг дахь Тны салбар нь миний биеэс хууль бусаар 18,086,055 төгрөгийг илүү тооцож авсан тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

1.2.Шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би өөрөө орон сууцаа худалдан борлуулаад, 29 сая төгрөгийг банкинд өгөөд, үлдсэн мөнгөөрөө гэр оронтой болох зорилгоор тохиролцсон байсан хэдий ч банкийг төлөөлж байгаа албан тушаалтан өр төлбөрийг бүрэн барагдуулна гээд Н.Аийн үндсэн төлбөр буюу үлдсэн 47 сая төгрөгийг бүгдийг нь эндээс суутгаад авчихсан. 29,400,000 төгрөгийг авах ёстой гэж хэлэхэд тийм зүйл байхгүй, төлбөрийг бүрэн барагдуулна гээд хүч түрэмгийлээд авчихсан байдаг. Орон сууцыг банкны ажилтан Болдбаатар гэдэг хүнд ипотекийн зээлээр худалдан борлуулаад, өр төлбөрийг гаргуулаад банктай шууд гуравдагч этгээдийг хамааралтай болгосон. Ийм нөхцөл байдалд ороод, авах ёстой мөнгө төгрөгөө авч чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа. Мөн үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүсч байна гэж үзэж байна. Эхлээд Идэржавхлан надад нэг данс нээгээд, энэ дансаараа дамжуулаад Болдбаатар гэдэг хүнээс 2 сая төгрөг авч өгсөн. Миний данс руу 75 сая төгрөг ороогүй. Би эргэж ирээд 22 сая төгрөг авсан. Шүүх 49 сая төгрөгийг хэнээс гаргуулахаар шийдсэн бэ гэхээр Н.А, Б.А нараас гаргуулахаар шийдсэн болохоос надаас гаргуулахаар шийдээгүй. Мгээс хэдэн төгрөг гаргуулахыг “хуульд заасан хэмжээгээр” гэж үндэслэх хэсэгтээ шүүх тодорхой дурдсан байгаа. Шийдвэрээр 29 сая төгрөгийг төлөхөөр тусгайлан заасан байгаа. Тусгайлан заасан тохиолдолд хуульд заасан үндэслэлээр үүргийн гүйцэтгэл хангагдана. Энэ хэмжээгээр хангагдах ёстой. Мөн гэрээнд тусгайлан тогтоосон байгаа. Гэрээнд тусгайлан заасан гэдэг нь Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7.3-т байгаа гэв.

2.Хариуцагчийн хариу тайлбарт:  Зээлдэгч Б.А нь манай банкнаас 2020 оны 01 сарын 24-ний өдрийн салбарын зээлийн хорооны хурлын 51-36 дугаар шийдвэрээр бичил бизнесийн зээл буюу 50 сая төгрөгийг сарын 1,9 хувийн хүүтэй, жилийн 22,8 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай, сар бүрийн 20-ны өдөр төлөхөөр 3000004462250 дугаар зээлийн гэрээний дугаартай гэрээг байгуулж, хамтран зээлдэгчээр эхнэр Н.А орсон. Тус зээлдэгч зээлээ төлөхгүй, хугацаа хэтрүүлж, сар дамнасаар байгаад тухайн зээл чанарын муу ангиллын 5 дугаар зэрэгт орсон. Энэ явцаар явж байгаад шүүхийн шийдвэр гарсан. Тус зээлийн барьцаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 15-34 тоот 27м2 өмчлөгч Мгийн байрыг итгэмжлэлээр Б.Ат олгогдсон эрхийн дагуу барьцаалагдсан. Зээлдэгч нь зээлээ төлж барагдуулаагүй байсан тул манайхаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн. Энэ хугацаанд барьцаа хөрөнгийн эзэн М гуай өөрөө ирж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар манай байрыг битүүмжилсэн, одоо ингээд дуудлага худалдаанд орох гээд байна. Би байраа хэдэн төгрөгөөр зарагдаж, дуудлага худалдаанд орохыг мэдэхгүй байгаа учраас танай банкны зүгээс надад тусалцаа үзүүлж, надтай хамтарч ажиллаж өгөөч гэсэн хүсэлтийг өөрийн биеэр тавьсан. Тухайн үед би тооцооны төв хариуцсан менежерээр ажиллаж байсан. Энэ байдлыг өөрийнх нь ярианаас сонсоод банкны зүгээс татгалзах зүйл байхгүй, та байраа зарна гэж зарлаж болно, танд нээлттэй гээд та зарлаад худалдан авах тал ирвэл манайх зээлийг чинь судалж өгөх бүрэн боломжтой гэдэг хариугаа өгсөн. Тэгээд энэ хүн зараа явуулсан. Манай ажилтан Болдбаатар Тны зээлийн үйл ажиллагааны журам, Салбарын зээлийн хорооны журам, Зээлийн дэд хорооны журмын дагуу байрыг зээлээр авсан. 75 сая төгрөгөөр энэ байр зарагдсан. 75 сая төгрөгийг М өөрөө харилцан тохиролцсон. Бид нар хүчлээгүй. Тны Говьсүмбэр салбар зээл олгох тал дээр, зээл авах хүн дээр нь судалгаа хийгээд, зээлийг шийдвэрлэх ажилд нь туслалцаа үзүүлж, энэ хүний байрыг зах зээлийн үнээр зарж өгсөн. Энэ хүн өөрөө хүлээн зөвшөөрсөн. Энэ 75 сая төгрөг өөрийнх нь дансанд орсон. Зээл нь гараад 75 сая төгрөг нь тухайн харилцагчийн дансанд орно. Банк тэр харилцагчийн дансанд орох, халдах эрх байхгүй. Тухайн харилцагчийн данс нь өөрийнх нь гарын үсгээр баталгаажиж, өөрөө орлого, зарлагаа хянах ёстой. Манай зүгээс энэ нэхэмжлэлийн дагуу М нь Б.Аийн зээлийг өөрөө төлсөн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл баримтаар нотлогдоно. Харилцагчийн данснаас бид нар суутгаж аваагүй, өөрөөр хэлбэл банк өөрөө суутгаж аваагүй. Суутгаж авсан бол манайх хариуцлага хүлээнэ. Суутгаж авах гэдэг нь данс руу нэвтрэх ажил болж байгаа. Банкны хувьд ямар нэг харилцагчийн хүсэлт, гарын үсэг байхгүйгээр суутгаж авах ямар ч үндэслэл байхгүй. Бэлэн бусаар гүйлгээ хийж байгаа тохиолдолд мемориалын баримт гардаг. Бэлэн бус гэдэг нь тухайн харилцагч данс хооронд гүйлгээ хийхийг хэлнэ. Бэлнээр мөнгө авч байгаа тохиолдолд орлого, зарлагын баримт үйлдэгддэг. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3.Нэхэмжлэгчээс, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 134/ШШ2022/00090 дугаар шийдвэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн  Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Тны Говьсүмбэр салбарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 48/715 дугаартай албан бичиг, Тны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мемориалын баримт №20221230839990375014, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 24 дугаартай тодорхойлолт, Мгийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг,

хариуцагчаас, 2023 оны  1 дүгээр сарын 27-ны өдрийн 48/43 дугаартай албан бичиг, “Т” ХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/859 дугаартай, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/1378 дугаартай итгэмжлэлүүд,  “Т” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Тны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мемориалын баримт №20221230839990375014, Тны Говьсүмбэр салбарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 48/715 дугаартай албан бичиг, хариу тайлбар зэргийг тус тус  шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М нь хариуцагчаар “Т” ХХК-ийн Говьсүмбэр салбарыг татаж шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн бөгөөд шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үед хариуцагчаас ирүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээнд “Т” нь нээлттэй хувьцаат компани буюу ХК болж, улсын бүртгэлд бүртгэгдэж, шинээр гэрчилгээ авсан байх тул хариуцагчийг “Т” ХК-ийн Говьсүмбэр салбар гэж шүүхийн шийдвэрт бичих нь зүйтэй байна.

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч “Т” ХК-ийн Говьсүмбэр салбар нь “миний бие шүүхийн шийдвэрийн дагуу Б.А, Н.А нарын зээлийн төлбөрт 29,400,000 төгрөгийг төлөх байтал хүч түрэмгийлэн 47,486,055 төгрөгийг хууль бусаар авсан тул илүү суутгасан 18,086,055 төгрөгийг гаргуулах” гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

М нь манай банкны ажилтантай харилцан тохиролцож орон сууцаа худалдсан ба банк журмын дагуу ипотекийн зээл олгосон. 75,000,000 төгрөг нь худалдагч Мгийн дансанд орсон бөгөөд уг данснаас өөрөө гарын үсэг зурж мөнгө шилжүүлсэн. Банк харилцагчийн данснаас зээлийн төлбөрийг суутган аваагүй гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 134/ШШ2022/00090 дугаар шийдвэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Тны Говьсүмбэр салбарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 48/715 дугаартай албан бичиг, Тны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мемориалын баримт №20221230839990375014, хариуцагчийн хариу тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна. 

4.1.Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 134/ШШ2022/00090 дугаар шийдвэрээр хариуцагч Б.А, Н.А нараас зээлийн гэрээний үүрэгт 49,002,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгох, мөн хариуцагч нар нь зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд Мгийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 15 дугаар байрны 34 тоот 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан борлуулж хуульд заасан хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

4.2.Дээрх шүүхийн шийдвэрт барьцааны гэрээнд барьцаагаар хангагдах шаардлага буюу үүргийн гүйцэтгэлийг хангах үнийн дүнг 29,400,000 төгрөгөөр тусгайлан тогтоосон болохыг дурдсан.

4.3.М нь өөрийн өмчлөлийн орон сууцыг 75,000,000 төгрөгөөр бусдад худалдан Б.А, Н.А нарын зээлийн төлбөрт 47,486,055 төгрөгийг Тинд төлсөн.

5.Талууд зээлийн төлбөр төлсөн үнийн дүнд маргаангүй, харин барьцаа хөрөнгө болох орон сууцыг худалдан борлуулсан үнээс зээлийн төлбөр бүрэн төлөгдөх үндэслэлтэй эсэхэд маргаантай.

6.Зээлийн маргаантай холбоотой шүүхийн шийдвэрт “барьцааны гэрээнд барьцаагаар хангагдах шаардлага буюу үүргийн гүйцэтгэлийг хангах үнийн дүнг 29,400,000 төгрөгөөр тусгайлан тогтоосон” гэж дурдсан ба шүүх шийдвэрлэхдээ “...орон сууцыг албадан борлуулж хуульд заасан хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангаж” гэж шийдвэрлэжээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаагаар Иргэний хуулийн 165.6-д зааснаас гадна дараахь шаардлагыг хангана:”, 7.3-т “Гэрээнд барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээг тусгайлан тогтоосон бол ийнхүү тогтоосноос илүү гарсан хэсгийг энэ хуулийн 7.1, 7.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд барьцаалуулагч хариуцахгүй.” гэж заасан.  

Үүнээс үзэхэд, зээлийн барьцаа хөрөнгийн үнээс Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 8 дугаар зүйлүүдэд заасан шаардлага, зардлыг хангана гэж ойлгоно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нь, Мгээс зээлийн төлбөрт төлсөн 47,486,055 төгрөгт үндсэн зээл болон зээлийн хүү орсон гэж тайлбарласнаас харахад хариуцагч “Т” ХК-ийн Говьсүмбэр салбар нь барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнээс хуульд заасан үндсэн үүргийн шаардлагыг хангуулсан байна.

 Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6-д заасан “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үндсэн үүргээс гадна хүү, анз, хохирол болон шүүхийн зардлыг гаргуулна.” гэсэн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч Мгээс зээлийн төлбөрийг гаргуулж авчээ.

Тухайлбал,  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банкнаас зээлдүүлэгчид шилжүүлсэн үндсэн зээл болон гэрээгээр тохирсон хүү нь банкны зээлийн үндсэн үүрэгт хамаарна.

Иймд хариуцагч нь, барьцаа хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа хуульд зааснаас өөр буюу бусад шаардлага, зардлыг гаргуулсан гэж үзэхгүй.

Мөн нэхэмжлэгч нь, банк гуравдагч этгээд Мгийн харилцах данснаас дураараа буюу хүч түрэмгийлэн зээлийн төлбөр суутгаж авсан гэсэн тайлбар гаргасан хэдий ч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Банк орон сууц худалдан авагчтай ипотекийн зээлийн гэрээ байгуулахдаа журмын дагуу худалдан авагчид харилцах данс нээсэн бөгөөд уг дансанд орсон 75,000,000 төгрөгөөс М өөрөө гарын үсэг зурж зээлийн төлбөрийг шилжүүлсэн гэж тайлбарласан ба энэ нь Тны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №20221230839990375014 дугаартай Мгийн гарын үсэг бүхий бэлэн бус гүйлгээний баримт буюу мемориалын баримтаар тогтоогдож байна.

7.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,380 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.3-т заасныг баримтлан  илүү суутгасан 18,086,055 төгрөгийг хариуцагч “Т” ХК-ийн Говьсүмбэр салбараас гаргуулах тухай нэхэмжлэгч Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,380 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.НАРАНЧИМЭГ