Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Одцэрэнгийн Однямаа |
Хэргийн индекс | 134/2023/00021/и |
Дугаар | 216/МА2023/00003 |
Огноо | 2023-05-04 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 216/МА2023/00003
******* нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй хийсэн хуралдаанаар,
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 134/ШШ2023/00061 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******,
Хариуцагч Т б ХК-ийн Г салбарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Илүү суутгасан 18,086,055 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сайханаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Э.Сайханаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 134/ШШ2022/00090 дугаар шийдвэрээр ******* миний өмчлөлийн Сүмбэр сум 3 дугаар баг - дугаар байр - тоот орон сууцыг худалдан борлуулж Б.А, Н.А нарын зээлийн төлбөрөөс 29,400,000 төгрөгийг төлж барагдуулах шийдвэр гарсан байсан. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор уг орон сууцыг битүүмжилсэн. Миний бие нь Говьсүмбэр аймаг дахь Төрийн банкны салбарын зээлийн мэргэжилтэнтэй ярилцаж өөрийн өмчлөлийн орон сууцыг банкны салбарын ажилтан Б ипотекийн зээлээр 75 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан. Банкны мэргэжилтэн Л.И нь Б.А, Н.А нарын зээлийн гэрээний үлдэгдэл болох 47,486,055 төгрөгийг орон сууц борлуулсан 75 000 000 төгрөгнөөс суутган авахад би та нар яагаад илүү мөнгө суутган аваад байгаа юм бэ? шүүхийн шийдвэрээр 29,400,00 төгрөгийг суутгах ёстой гэхэд үгүй тийм зүйл байхгүй, өр төлбөрийг бүрэн барагдуулна гээд суутган авсан. Энэ үйлдлээрээ Говьсүмбэр аймаг дахь Т б салбар нь миний биеэс хууль бусаар 18,086,055 төгрөгийг илүү тооцож авсан тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зээлдэгч Б.А нь манай банкнаас 2020 оны 01 сарын 24-ний өдрийн салбарын зээлийн хорооны хурлын 51-36 дугаар шийдвэрээр бичил бизнесийн зээл буюу 50 сая төгрөгийг сарын 1,9 хувийн хүүтэй, жилийн 22,8 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай, сар бүрийн 20-ны өдөр төлөхөөр 3000004462250 дугаар зээлийн гэрээний дугаартай гэрээг байгуулж, хамтран зээлдэгчээр эхнэр Н.А орсон. Тус зээлдэгч зээлээ төлөхгүй, хугацаа хэтрүүлж, сар дамнасаар байгаад тухайн зээл чанарын муу ангиллын 5 дугаар зэрэгт орсон. Энэ явцаар явж байгаад шүүхийн шийдвэр гарсан. Тус зээлийн барьцаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, - тоот 27м2 өмчлөгч ******* байрыг итгэмжлэлээр Б.А олгогдсон эрхийн дагуу барьцаалагдсан. Зээлдэгч нь зээлээ төлж барагдуулаагүй байсан тул манайхаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн. Энэ хугацаанд барьцаа хөрөнгийн эзэн ******* гуай өөрөө ирж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар манай байрыг битүүмжилсэн, одоо ингээд дуудлага худалдаанд орох гээд байна. Би байраа хэдэн төгрөгөөр зарагдаж, дуудлага худалдаанд орохыг мэдэхгүй байгаа учраас танай банкны зүгээс надад тусалцаа үзүүлж, надтай хамтарч ажиллаж өгөөч гэсэн хүсэлтийг өөрийн биеэр тавьсан. Тухайн үед би тооцооны төв хариуцсан менежерээр ажиллаж байсан. Энэ байдлыг өөрийнх нь ярианаас сонсоод банкны зүгээс татгалзах зүйл байхгүй, та байраа зарна гэж зарлаж болно, танд нээлттэй гээд та зарлаад худалдан авах тал ирвэл манайх зээлийг чинь судалж өгөх бүрэн боломжтой гэдэг хариугаа өгсөн. Тэгээд энэ хүн зараа явуулсан. Манай ажилтан Б Төрийн банкны зээлийн үйл ажиллагааны журам, Салбарын зээлийн хорооны журам, Зээлийн дэд хорооны журмын дагуу байрыг зээлээр авсан. 75 сая төгрөгөөр энэ байр зарагдсан. 75 сая төгрөгийг ******* өөрөө харилцан тохиролцсон. Бид нар хүчлээгүй. Төрийн банкны Говьсүмбэр салбар зээл олгох тал дээр, зээл авах хүн дээр нь судалгаа хийгээд, зээлийг шийдвэрлэх ажилд нь туслалцаа үзүүлж, энэ хүний байрыг зах зээлийн үнээр зарж өгсөн. Энэ хүн өөрөө хүлээн зөвшөөрсөн. Энэ 75 сая төгрөг өөрийнх нь дансанд орсон. Зээл нь гараад 75 сая төгрөг нь тухайн харилцагчийн дансанд орно. Банк тэр харилцагчийн дансанд орох, халдах эрх байхгүй. Тухайн харилцагчийн данс нь өөрийнх нь гарын үсгээр баталгаажиж, өөрөө орлого, зарлагаа хянах ёстой. Манай зүгээс энэ нэхэмжлэлийн дагуу ******* нь Б.А зээлийг өөрөө төлсөн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл баримтаар нотлогдоно. Харилцагчийн данснаас бид нар суутгаж аваагүй, өөрөөр хэлбэл банк өөрөө суутгаж аваагүй. Суутгаж авсан бол манайх хариуцлага хүлээнэ. Суутгаж авах гэдэг нь данс руу нэвтрэх ажил болж байгаа. Банкны хувьд ямар нэг харилцагчийн хүсэлт, гарын үсэг байхгүйгээр суутгаж авах ямар ч үндэслэл байхгүй. Бэлэн бусаар гүйлгээ хийж байгаа тохиолдолд мемориалын баримт гардаг. Бэлэн бус гэдэг нь тухайн харилцагч данс хооронд гүйлгээ хийхийг хэлнэ. Бэлнээр мөнгө авч байгаа тохиолдолд орлого, зарлагын баримт үйлдэгддэг. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасныг баримтлан илүү суутгасан 18,086,055 төгрөгийг хариуцагч Төрийн банк ХК-ийн Говьсүмбэр салбараас гаргуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,380 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, ... гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 134/ШШ2023/00061 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Т б ХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбар нь нэхэмжлэгч ******* өмчлөлийн Сүмбэр сум 3-р баг -р байрны - орон сууцыг худалдан борлуулсан 75 сая төгрөгнөөс зээлдэгч Б.А, Н.А нарын зээлийг бүрэн төлж барагдуулах үндэслэлтэй гэж орон сууцны үнээс 47,486,055 төгрөгийг суутган авсан байна. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.5-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс гадна хүү, анз, хохирол болон шүүхийн зардлыг гаргуулна. Харин барьцааны гэрээнд өөрөөр заасан ба “Сүмбэр сум 3-р баг, -р байр тоот орон сууцны барьцаагаар хангагдах шаардлага буюу үүргийн гүйцэтгэлийг хангах үнийн дүнг 29 400 000 төгрөг байхаар тохиролцож гэрээг байгуулсан. Анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг гэрээнд зааснаар биш бүхэлд нь хангана гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй. Мөн барьцааны гэрээнд SINOTRUCK ZZ3257 автомашины үүргийн гүйцэтгэл хангах үнийн дүнг 20 400 000 байхаар тохиролцсон хэдий ч барьцаалуулагч буюу Б.А, Н.А нар нь барьцааны зүйлийг бүрэн бүтэн байлгах үүргээ хэрэгжүүлээгүй хариуцлагыг нэхэмжлэгч Л.М хариуцах боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч ******* илүү суутган авсан 18,086,055 төгрөгийг Т б ХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбараас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Т б ХК-ийн Г салбарт холбогдуулан илүү суутгасан 18,056,055 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч Т б ХК-ийн Г салбар нь ******* нь манай банкны ажилтантай харилцан тохиролцож орон сууцаа худалдсан ба банк журмын дагуу ипотекийн зээл олгосон. 75.000.000 төгрөг нь М дансанд орсон бөгөөд уг данснаас өөрөө гарын үсэг зурж мөнгө шилжүүлсэн. Банк харилцагчийн данснаас зээлийн төлбөрийг суутган аваагүй гэх тайлбарыг гаргаж маргасан байна.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь гомдолдоо “... Т б ХК-ийн Г аймаг дахь салбар нь нэхэмжлэгч ******* өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулсан 75 000 000 төгрөгнөөс зээлдэгч Б.А, Н.А нарын зээлийг бүрэн төлж барагдуулах үндэслэлтэй гэж орон сууцны үнээс 47 486 055 төгрөгийг суутган авсан байна. Барьцааны гэрээнд өөрөөр заасан ба орон сууцны барьцаагаар хангагдах шаардлага буюу үүргийн гүйцэтгэлийг хангах үнийн дүнг 29 400 000 төгрөг байхаар тохиролцож гэрээг байгуулсан. Мөн барьцааны гэрээнд автомашины үүргийн гүйцэтгэл хангах үнийн дүнг 20 400 000 төгрөг байхаар тохиролцсон хэдий ч барьцаалуулагч буюу Б.А, Н.А нар нь барьцааны зүйлийг бүрэн бүтэн байлгах үүргээ хэрэгжүүлээгүйн хариуцлагыг нэхэмжлэгч ******* хариуцах боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч ******* илүү суутган авсан 18 086 055 төгрөгийг Т б ХК-ийн Г аймаг дахь салбараас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ” гэх агуулгыг дурджээ.
Хэргээс судлан үзэхэд:
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан.
6. Анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 90 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Т б ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.А, Н.А нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 49 002 500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг шийдвэрлэхдээ үндэслэх хэсэгтээ “Барьцааны гэрээний 2.2-т барьцаагаар хангагдах шаардлага буюу үүргийн гүйцэтгэлийг хангах үнийн дүнг 29 400 000 төгрөгөөр тусгайлан тогтоосон байх тул дээрх хуульд заасан хэмжээгээр үүргийн гүйцэтгэл хангагдана” гэж анхан шатны шүүхийн шийдвэр болон Т б ХК-ийн Г салбар нь өөрөө ч мөн нэхэмжлэгчид дээрх ойлголтыг өгсөн болохыг талууд тайлбараараа илэрхийлсэн.
7. Тодруулбал, тухайн үед ******* нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байх тул тэрээр давж заалдах гомдол гаргах эрхгүй байсны улмаас шийдвэр дээд шатны шүүхүүдэд хянагдаагүй хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
8. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан 90 дугаартай шийдвэр /хх-2-8 хуудас/ зэргээс үзвэл зээлдэгч Б.А, Н.А нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн зарим хэсэг болох 29,400,000 төгрөг нь барьцаа хөрөнгөөс хангагдана гэж анхнаасаа барьцаалагч ******* ойлгуулсан, мөн талууд ч ийнхүү ойлгосон байтал үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байх ба энэ нь ******* нэхэмжлэл гаргуулах үндэслэл болсон байна.
9. Т б ХК-ийн Г салбар нь хэрэгт зээлийн болон барьцааны гэрээнүүдийг ирүүлээгүй байх ба энэ нь ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу татгалзалаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үгүйсгэж буй нотлох баримтаа гаргаж мэтгэлцээгүй гэж үзнэ.
10. Т б ХК-ийн Г салбар нь нэхэмжлэгчийн орон сууцыг худалдсан 75 000 000 төгрөгөөс зээлийн төлбөрт 47 486 055 төгрөгийг шууд суутган авсан байх бөгөөд энэ хэмжээгээр банкыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.
11. Иймд талуудын тайлбар, хэргийн үйл баримт болон нөхцөл байдал зэргийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, илүү суутгасан 18 086 055 төгрөгийг хариуцагч Т б ХК-ийн Г салбараас гаргуулж, нэхэмжлэгч ******* олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 134/ШШ2023/00061 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т б ХК-ийн Г салбараас 18 086 055 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* олгосугай” гэж,
2. шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ******* өмгөөлөгч Э.Сайханаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,380 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т Б Говьсүмбэр салбараас 248,380 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сайханаад олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 380 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийн Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгсүгэй.
ДАРГАЛАГЧШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАЙГАЛМАА
ШҮҮГЧ О.ОДНЯМАА