Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2023/00152

 

Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/00680 дугаар шийдвэр, 

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 210/МА2023/00968 дугаар магадлалтай,                                                                                                                                   

Б-ын нэхэмжлэлтэй,

“Ц” ХХК-д холбогдох

49,335,109 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Жанчивдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан 49,335,109 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/00680 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ц” ХХК-аас нийт 33,743,602 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож, үлдсэн 15,591,507 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 594,275 төгрөгөөс 404,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 189,649 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “Ц” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 326,668 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Бд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 210/МА2023/00968 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/00680 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ц” ХХК-аас 14,080,325 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35,254,784 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “326,668” гэснийг “228,352” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.05.08-ны өдрийн 210/МА2023/00968 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгчээс “Ц” ХХК-д холбогдуулан “...үлдэгдэл төлбөрт 29,671,832 төгрөг, хохирол 19,663,277 төгрөг, нийт 49,335,109 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.01-ний өдрийн 181/ШШ2023/00680 дугаар шийдвэрээр “...үлдэгдэл төлбөрт 14,080,325 төгрөг, хохиролд 19,663,277 төгрөг, нийт 33,743,602 төгрөгийг “Ц” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Бд олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Давж заалдах шатны шүүх “...хохиролд 19,663,277 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулсныг” хүлээн зөвшөөрөх боломжгүй, анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсгийг зөрүүтэй хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Б нь “Ц” ХХК болон “Цаст констракшн” ХХК-тай 2013.11.11-ний өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар барих” 53 дугаар гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан хуваарийн дагуу барилгын ажил явагдаагүй, барилга хугацаандаа ашиглалтад орохгүй болох нь тодорхой болсон тул захиалагч Б нь 2015.03.09-ний өдөр “Орон сууц захиалгаар барих” 53 дугаар гэрээг цуцлах тухай мэдэгдлийг бичгээр хүргүүлж, гэрээний дагуу төлсөн төлбөрөө бүхэлд нь буцаан гаргуулахаар болсон. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, гэрээ цуцлагдах хүртэл нийт 54,160,650 төгрөгийг төлсөн бөгөөд “Ц” ХХК-аас ийнхүү гэрээ цуцлагдсантай холбоотой 2015.05.18-ны өдөр 2,000,000 төгрөгийг буцаан олгож, 2015.05.29-ний өдрийн 01/049 дүгээр албан бичгээр “Иргэн Б таны манай компанитай байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцлахаар 2015.03.10-ны өдөр өгсөн өргөдлийн дагуу бид орон сууцны захиалгын урьдчилгаанд төлсөн 54,160,650 төгрөгөөс 2015.05.18-ны өдөр 2,000,000 төгрөг буцаан төлсөн бөгөөд үлдэгдэл 52,160,650 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөх болно” гэх байдлаар 2015 оны 8 дугаар сар дуусахад нэхэмжлэгчид төлбөрийг бүрэн буцаан олгохоор хугацаа тогтоосон болно. Гэтэл хариуцагч 2015 оны 9 дүгээр сарын байдлаар 43,160,650 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг буцаан өгөлгүй дээрх тогтоосон хугацааг хэтрүүлсэн ба өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Бын гэрээний дагуу төлсөн төлбөрийг буцаан олгож дуусаагүй. Иргэний хуулийн 9 зүгээр зүйлийн 9.1-д “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна” гэж, 9.4.4-т “учруулсан хохирлыг арилгуулах” гэж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно “ гэж тус тус заасан ба “олох байсан орлогод” ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө хамаарна. Ийнхүү “Ц” ХХК нь төлбөрийн буцаалтыг 2015 оны 8 дугаар сард багтаан бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосон хугацааг хэтрүүлээгүй байсан бол Б нь 2022 оны 9 дүгээр сарыг дуусталх хугацаанд дээрх мөнгөн хөрөнгийг арилжааны банканд хадгалуулан олж болох байсан орлого буюу хохирол нийт 19,663,277 төгрөг болж байна. Монгол банкнаас 2022.05.18-ны өдөр Б-10/397 дугаар албан бичгээр “Арилжааны банкуудын төгрөгийн хадгаламжийн хүүгийн лавлагаа”-г ирүүлсэн бөгөөд 2015 оны 9 дүгээр сард төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү жилийн 13,1% байсан бол 2019 оны 4 дүгээр сард жилийн 11,8%-ийн хүүтэй байсан болох нь тогтоогдож байгаа тул уг лавлагааг үндэслэн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно. Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэлийн уг шаардлагын хүрээнд “...Иргэний хуулийн 227.1, 227.3-т заасныг тус тус үндэслэн. ...Хариуцагч нь 2015.05.29-ний өдрийн №01/049 дүгээр албан бичигт дурдсанаар 54,160,650 төгрөгийг 2015 оны 8 дугаар сард төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч нь 19,663,277 төгрөгийн орлого олох боломжтой байсан болох нь Монгол банкны 2022.05.18-ны өдрийн Б-10/397 албан бичгийн хуулбар, 2022.10.05-ны өдрийн Хадгаламжийн хүүгийн тооцоогоор тогтоогдож байна” гэж дүгнэсэн хуулийн дээрх зохицуулалтад нийцэж байгаа болно. Гэтэл давж заалдах шатны шүүх "...Монгол банкны 2022.05.18-ны өдрийн Б-10/397 дугаар албан бичиг, жигнэсэн хадгаламжийн хүү, жигнэсэн дундаж хүүгийн лавлагаа, 2022.10.05-ны өдрийн хадгаламжийн хүүгийн тооцоо зэрэг баримтууд нь нэхэмжлэгч 19,663,277 төгрөгийн орлого олох байсныг эргэлзээгүй нотолж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, 54,160,650 төгрөгийг хариуцагч нь 2015 оны 8 дугаар сард нэхэмжлэгчид буцаан өгсөн тохиолдолд нэхэмжлэгч уг мөнгөн хөрөнгийг арилжааны банкны хадгаламжид байршуулж, 19,663,277 төгрөгийн орлого олох байсан гэх үндэслэлийг дээрх баримтууд нь хангалттай нотолж чадахгүй байхад анхан шатны шүүх “гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид учирсан хохирол” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 227.3 дахь хэсэгт нийцээгүй байна” гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй байна. Энэхүү төлбөр тохирсон хугацаанд төлөгдсөн бол нэхэмжлэгч тус мөнгөн хөрөнгөөр өөр бусад хөрөнгө оруулалт хийх боломжтой байсан, ханшийн зөрүүний асуудалд орохгүй байсан зэрэг нэхэмжлэгчид ашигтай байдлууд үүсэх боломжтой байсан бөгөөд хамгийн бага дүнгээр буюу ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй, тус мөнгөн хөрөнгийг арилжааны банканд хадгалуулсан тохиолдолд олж болох байсан орлого 19,663,277 төгрөг байх тооцоолол, тус тооцоолол нь Монгол банкны лавлагаанд үндэслэж гарсан бодит баримт болно. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.05.08-ны өдрийн 210/МА2023/00968 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.01-ний өдрийн 181/ШШ2023/00680 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.07.06-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2023/00861 тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анарын гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энхээс гомдлыг эс зөвшөөрсөн агуулгаар тайлбар гаргасан ба “...гэрээгээ цуцалсан, төлбөрийг төлөх хугацаа тогтоосон ба уг хугацаандаа төлж дуусгаагүй нь болон улмаар хэсэгчилсэн төлөлтүүд хийгдсээр байсан нь, мөн нэхэмжлэгч төлбөрөө шаардаж нэхэмжлэн авах эрхтэй байсан, гэвч энэ хугацааг болгосны дараа банкны хүүгээр тооцож олох байсан орлого гэж хохирол шаардах үндэслэлгүй, ... давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулж, хуулийн дагуу хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн болно” гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгч Б хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан “... барилга хугацаандаа ашиглалтад орохгүй нь тодорхой болсон тул үлдэгдэл төлбөр 29,671,832 төгрөг болон талуудын харилцан тохиролцсон буцаан төлөх хуваарийн дагуу хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тул уг мөнгөн хөрөнгийг арилжааны банканд хадгалуулан олж болох байсан орлого буюу учирсан хохирол гэж 19,663,277 төгрөг, нийт 49,335,109 төгрөг гаргуулна” гэсэн нэхэмжлэл гаргасан.

8. Хариуцагч “Ц” ХХК нь “ ....гэрээ цуцлагдсан, 14,080,325 төгрөгийн үлдэгдэл үлдсэн, ...банкны хадгаламжийн хүүгээр хохирол тооцож нэхэмжлэх эрх зүйн үндэслэл байхгүй, хохирол төлөхийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

9. Талуудын байгуулсан 2013.11.11-ний өдрийн “Орон сууц захиалгаар барих гэрээ”-ний 2.2.6-д зааснаар хариуцагч нь 83.97 м.кв орон сууцыг нэхэмжлэгчид 2015 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн, нэхэмжлэгч орон сууцны урьдчилгаа төлбөрт хариуцагчид 54,160,650 төгрөгийг төлсөн байх бөгөөд гэрээ байгуулснаас хойш 1 жил гаруй хугацаа өнгөрсөн боловч газар шорооны ажлаас өөр ажил хийгдээгүйгээс нэхэмжлэгч нь 2015.03.09-ний өдөр гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

10. Анхан шатны шүүх хариуцагчийг гэрээний төлбөрийн үлдэгдэл 14,080,325 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн, Иргэний хуулийн гэрээнээс татгалзах зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэсэн байх бөгөөд зохигч энэ тухайд хяналтын журмаар гомдол гаргаагүй байна.

11. Нэхэмжлэгч нь хариуцагчаас олох байсан орлого буюу хохиролд 19,663,277 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг анхан болон давж заалдах шатны шүүх хоёр өөрөөр шийдсэн, нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргасан байна.

12. Давж заалдах шатны шүүх “... Монголбанкны ... Б-10/397 дугаар албан бичиг, жигнэсэн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн лавлагаа, ... хадгаламжийн хүүгийн тооцоо зэрэг баримтууд нь нэхэмжлэгч 19,663,277 төгрөгийн орлого олох байсныг эргэлзээгүй нотолж чадахгүй байхад анхан шатны шүүх гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид учирсан хохирол гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт нийцээгүй, ... хохирол 19,663,277 төгрөгийг уг 54,160,650 төгрөгөөс тооцсон нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар 19,663,277 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрт 19,663,277 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулахдаа маргааны үйл баримтад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

13. Анхан шатны шүүх “... хариуцагч нь нэхэмжлэгчийн гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 54,160,650 төгрөгийг 2015 оны 8 сард төлж барагдуулах үүрэг хүлээсэн нь “Ц” ХХК-ийн 2015.05.29-ний өдрийн №01/049 албан бичгийн хуулбараар тогтоогдсон ба хариуцагч үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд нэхэмжлэгч нь 19,663,277 төгрөгийн орлого олох боломжтой байсан нь Монгол банкны 2022.05.18-ны өдрийн № Б-10/397 албан бичгийн хуулбар, төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн лавлагааны хуулбар, 2022.10.05-ны өдрийн хадгаламжийн хүүгийн тооцоогоор тогтоогдож байна” гэж дүгнээд, олох байсан орлого буюу хохиролд 19,663,277 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, 2013 онд байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу нэхэмжлэгч нь урьдчилгаа 54,160,650 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотойгоор гэрээний үүрэг хэрэгжих боломжгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан, хариуцагч нь нэхэмжлэгчид төлбөрийг 2015 оны 8 сар гэхэд бүрэн төлж дуусахаар харилцан тохиролцсон боловч хариуцагч төлбөрийг төлж дуусаагүйгээс нэхэмжлэгч өөрт нь учирсан хохирлоо олох байсан орлого гэж тодорхойлон, хэмжээг нь арилжааны банкны дундаж хүүгээр тооцсоныг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй байна.  

14. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 210/МА2023/00968 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/00680 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 256,267 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                 Д.ЦОЛМОН

                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД