Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2023/00680

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2023/00680

Улаанбаатар хот

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.А/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ЦИ ХХК/РД:/-д холбогдох,

 

49,335,109 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Жанчивдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гүйцэтгэгч Цаст импекс ХХК болон Цаст констракшн ХХК-тай Орон сууц захиалгаар барих 53 дугаар гэрээ байгуулж, гүйцэтгэгчийн барьж буй Спринг таун цогцолборын Б-блокын 5-р давхарт, 83,97 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулахаар тохиролцсон.

Гүйцэтгэгч Цаст импекс ХХК нь барилга, орон сууцны төсөл хэрэгжүүлэх Орон сууц захиалгаар барих гэрээний гүйцэтгэгчийн үүргийг хүлээж байсан бөгөөд барилгын туслан гүйцэтгэгчээр Цаст констракшн ХХК ажиллаж байсан тул нэхэмжлэгчийн зүгээс Цаст импекс ХХК-д холбогдуулан ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.

Тус гэрээний 2.2.6-д заасны дагуу барилгын ажил дуусах хугацааг 2015 оны 2 дугаар улирал байхаар талууд харилцан тохиролцсон боловч гүйцэтгэгч Цаст импекс ХХК-аас 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 01/69 дүгээр албан бичгээр "... бидний хамтын ажиллагаа гэрээ байгуулагдаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй, энэ нь бусдын хууль бус үйл ажиллагаа хөндлөнгийн нөлөөнөөс болж аль аль тал хохирч ирсэн ч ийнхүү хугацаа алдсан байгаа явдалд хүлцэл өчин, энэхүү захиаг хүргүүлж байна. ... үүнтэй холбоотойгоор талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаанд хүлээгдсэн уг хугацаагаар өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа тул гэрээний өөрчлөлт оруулах санал тавьж байна гэх агуулга бүхий саналыг ирүүлсэн болно.

Ийнхүү гэрээнд заасан хуваарийн дагуу барилгын ажил явагдаагүй, барилга хугацаандаа ашиглалтад орохгүй болох нь тодорхой болсон тул захиалагч Б.А нь 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц захиалгаар барих 53 дугаар гэрээг цуцлах тухай мэдэгдлийг бичгээр хүргүүлж, гэрээний дагуу төлсөн төлбөрөө бүхэлд нь буцаан гаргуулахаар болсон.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, гэрээ цуцлагдах хүртэл нийт 54,160,650 төгрөгийг төлсөн бөгөөд Цаст импекс ХХК-аас ийнхүү гэрээ цуцлагдсантай холбоотой 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөгийг буцаан олгож, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/049 дүгээр албан бичгээр Иргэн Б.А таны манай компанитай байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцлахаар 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өгсөн өргөдлийн дагуу бид орон сууцны захиалгын урьдчилгаанд төлсөн 54,160,650 төгрөгөөс 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг буцаан төлсөн бөгөөд үлдэгдэл 52,160,650 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөх болно гээд 2015 оны 06 сард 17,000,000 төгрөг, 2015 оны 7 сард 17,000,000 төгрөг, 2015 оны 08 сард 18,160,650 төгрөгийг тус тус буцаан төлж барагдуулахаар хуваарь гаргаж өгсөн.

Гэтэл хариуцагч нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 4,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 4,000,000 төгрөгийг буцаан олгож, үлдэгдэл 39,160,650 төгрөгийг дээрх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй болно. Улмаар нэхэмжлэгч Б.А нь 2016 оны 02 дугаар сард гэр бүлийн хамт урт хугацаагаар Австрали улсад сурч, амьдрах болсон тул 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Цаст констракшн ХХК болон Цаст импекс ХХК нарт гэрээний төлбөрийн үлдэгдэл 39,160,650 төгрөгийг Австрали доллар руу хөрвүүлэн өөрийн нэр дээрх Хаан банкны Австрали долларын 5170013008 дугаар дансанд хүлээн авах тухай мэдэгдэл хүргүүлснийг хүлээн авч, нэг Австрали долларыг 1,463.38 төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөрийг 26,760.40 австрали доллар болгон буцаан төлөхөөр тохиролцож, өргөдөл болон гэрээний хавсралтад хүлээн зөвшөөрсөн тухай гараар тэмдэглэл үйлдэж, талууд гарын үсэг зурсан.

Үүнээс хойш 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1,095.5 австрали доллар, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,677.37 австрали доллар, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 8,933.22 австрали доллар, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1,560.06 австрали доллар, нийт 13,266.15 австрали долларын төлөлт хийснээс үлдэгдэл 13,494.25 австрали долларыг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Монгол банкнаас зарласан Австрали долларын хаалтын ханш 2,086.02 төгрөг байх бөгөөд дээрх үлдэгдэл 13,494.25 австрали доллар нь албан ёсны валютын ханшаар 28,149,275 төгрөг болж байна.

Иймд Цаст импекс ХХК-аас 28,149,275 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Б.А нь Цаст импекс ХХК болон Цаст констракшн ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Орон сууц захиалгаар барих 53 дугаар гэрээний дагуу төлбөрт нийт 54,160,650 төгрөгийг төлсөн бөгөөд тус гэрээ цуцлагдсантай холбоотой үлдэгдэл 39,160,650 төгрөгийн буцаалтыг /нэг Австрали доллар 1,463.38 төгрөгөөр тооцон/ Австрали долларт хөрвүүлэн 26,760.40 австрали доллароор Б.Ад буцаан төлөхөөр талууд тохиролцсон.

Гэтэл хариуцагч нь дээрх төлбөрийн буцаалтаас үлдэгдэл 13,494.25 австрали долларыг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй тул нэхэмжлэгчийн зүгээс дээрх дүнг анх нэхэмжлэл гаргах үеийн буюу 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол банкнаас зарласан нэг Австрали долларын хаалтын ханш 2,086.02 төгрөгөөр тооцон 28,149,275 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Улмаар тус иргэний хэргийг хянан хэлэлцэх үед буюу 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар Монгол банкнаас зарласан нэг Австрали долларын хаалтын ханш 2198,85 төгрөг байх тул хариуцагчаас нийт 29,671,832/хорин есөн сая зургаан зуун далан нэгэн мянга найман зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Цаст импекс ХХК-аас 29,671,832 төгрөг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Б.А нь Цаст импекс ХХК болон Цаст констракшн ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 11 -ний өдөр байгуулсан Орон сууц захиалгаар барих 53 дугаар гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан хуваарийн дагуу барилгын ажил явагдаагүй, барилга хугацаандаа ашиглалтад орохгүй болох нь тодорхой болсон тул захиалагч Б.А нь 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц захиалгаар барих 53 дугаар гэрээг цуцлах тухай мэдэгдлийг бичгээр хүргүүлж, гэрээний дагуу төлсөн төлбөрөө бүхэлд нь буцаан гаргуулахаар болсон.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, гэрээ цуцлагдах хүртэл нийт 54,160,650 төгрөгийг төлсөн бөгөөд Цаст импекс ХХК-аас ийнхүү гэрээ цуцлагдсантай холбоотой 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөгийг буцаан олгож, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/049 дүгээр албан бичгээр Иргэн Б А таны манай компанитай байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцлахаар 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өгсөн өргөдлийн дагуу бид орон сууцны захиалгын урьдчилгаанд төлсөн 54,160,650 төгрөгөөс 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг буцаан төлсөн бөгөөд үлдэгдэл 52,160,650 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөх болно1 гэх байдлаар 2015 оны 08 дугаар сар дуусахад нэхэмжлэгчид төлбөрийг бүрэн буцаан олгохоор хугацаа тогтоосон болно.

Гэтэл хариуцагч 2015 оны 09 дүгээр сарын байдлаар 43,160,650 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг буцаан өгөлгүй дээрх тогтоосон хугацааг хэтрүүлсэн ба өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Б.Аын гэрээний дагуу төлсөн төлбөрийг буцаан олгож дуусаагүй байна.

Иргэний хуулийн 9 зүгээр зүйлийн 9.1-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж, 9.4.4-д учруулсан хохирлыг арилгуулах гэж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан ба олох байсан орлогод ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө хамаарна.

Ийнхүү Цаст импекс ХХК нь төлбөрийн буцаалтыг 2015 оны 08 дугаар сард багтаан бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосон хугацааг хэтрүүлээгүй байсан бол Б.А нь 2022 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд дээрх мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд хадгалуулан олж болох байсан орлого буюу хохирол нийт 19,663,277 /арван есөн сая зургаан зуун жаран гурван мянга хоёр зуун далан долоо/ төгрөг /тооцооллыг хавсаргав/ болж байна.

Монгол банкнаас 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Б-10/397 дугаар албан бичгээр Арилжааны банкнуудын төгрөгийн хадгаламжийн хүүний лавлагаа-г ирүүлсэн бөгөөд 2015 оны 09 дүгээр сард төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү жилийн 13,1% байсан бол 2019 оны 04 дүгээр сард жилийн 11.8%-ийн хүүтэй байсан болох нь тогтоогдож байх тул бид уг лавлагааг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Иймд Цаст импекс ХХК-аас төлбөрийн буцаалтын үлдэгдэл 29,671,832 төгрөг, хохирол 19,663,277, нийт 49,335,109 төгрөг гаргуулж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Б.Аын өмгөөлөгч Э.Жанчивдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэдэгт маргаан байхгүй. 54,160,650 төгрөг төлөгдсөн. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар талууд хоорондоо тохиролцоод хүсэлтийг хүлээж аваад 39,160,650 төгрөг буюу Австрали доллароор 26,760.4 долларыг төлөхөөр болсон. Тухайн өдрийн Австрали долларын ханшаар тооцож дансанд шилжүүлэхээр Цаст импекс ХХК-ийн захирал н.А гарын үсэг зурж баталгаажуулсан. Гүйцэтгэх захирал н.А байсан гэдэгт хариуцагч тал маргаагүй. 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 26,760.4 доллароос 1,095, 1,677 Австрали долларыг тус тус төлөөд үлдэгдэл 23,987.54 Австрали доллар болсон. 23,987.54 Австрали доллароор тохиролцсоноос хойш 8,933, 1,560 Австрали долларыг төлсөн. Одоогийн байдлаар үлдэгдэл 13,494.25 Австрали доллар байгаа. Талууд Австрали доллароор төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн ханшаар тооцож шийдвэрлэх зүйтэй. Гэрээний 3.5 дахь заалтаар тохиролцсон. Барилгын ажил шүүхийн асуудлаас болж хойшилсон гэсэн. Энэ тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийнх байгаа. Үүнээс хойш сар гаруй хугацааны дараа гэрээ сунгая гэсэн хүсэлт ирүүлж байсан. Хохирлын талаар тайлбар гаргая. 14 сая төгрөгийг өгье гэж байгаа нь зах зээлийн зарчимд нийцэхгүй. Хохирол 227.1, 227.3 дахь хэсэгт хамаарч байна. Олох байсан орлогыг шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

 

Хариуцагч ЦИ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч иргэн Б.Аыг төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анарын иргэний хэргийн журмаар шүүхэд хандаж гаргасан, гэрээний дагуу төлөгдсөн төлбөрийн үлдэгдэл шаардан нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцан дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэг. ЦИ ХХК нь иргэн Б.Атай 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан ба тус компани өөрийн барьж байсан Спринг таун цогцолбор барилгаас Б блок, 5-р давхар 83.97 м.кв талбайтай орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, захиалагч иргэн түүний төлбөр 180 535 000/нэг зуун наян сая таван зуун гучин таван мянган/ төгрөгийг компанид төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсон байдаг болно.

Хоёр. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ... ийнхүү гэрээнд заасан хуваарийн дагуу барилгын ажил явагдаагүй, барилга хугацаандаа ашиглалтад орохгүй болох нь тодорхой болсон тул захиалагч Б.А нь 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц захиалгаар барих 53 дугаар гэрээг цуцлах тухай мэдэгдлийг бичгээр хүргүүлж, гэрээний дагуу төлсөн төлбөрөө буцаан гаргуулахаар болсон ... гэжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг хэрэгжихгүйд хүрч, үүнтэй холбоотойгоор захиалагч талаас гэрээгээ цуцлах мэдэгдлийг ирүүлснийг хүлээн авч, үүгээр гэрээ цуцлагдсан болно.

Гэрээ цуцлагдсантай холбоотойгоор гэрээний дагуу төлөгдсөн төлбөрийн буцаалт 2015 оны 5 дугаар сарын 18-нд 2 000 000 төгрөг, 2015 оны 07 сарын 10-нд 5 000 000 төгрөг, 2015 оны 08 сарын 06-нд 4 000 000 төгрөг, 2015 оны 12 сарын 09-нд 4 000 000 төгрөг тус тус төлж, тооцоо нийлж гэрээний дагуух төлбөрийн үлдэгдэл 39 160 650 төгрөг болсон байх үед захиалагч нь гадаадад амьдрах болсон тухай болон тухайн амьдран суух улсад үлдэгдэл төлбөрөө шилжүүлэн авах тухай хүсэлт гаргасан байдаг. Энэ дагуу түүний хүсэлтээр гадаад улсад байхад нь үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхийг хүссэн данс руу төгрөгийг шилжүүлж байсан болно. Энэ нь компанийн зүгээс төлөх үүрэг бүхий төлбөрийн үлдэгдэл 39 160 650 төгрөгөөс тодорхой дүнгүүдээр төгрөгийг шилжүүлж, уг төгрөг нь түүний дансанд австрали доллар болж орж байсан, талууд хооронд австрали долларын гэрээ байгуулагдаагүй, улмаар ийнхүү төлөх үүрэг хүлээх үндэслэл болохгүй болно. Иймээс төгрөгөөр байгуулагдсан гэрээний үлдэгдэл төлбөрийг төгрөгөөр төлж байсан, одоо үлдэх төгрөгийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлэх болно.

Түүнээс хойш 2016 оны 11 сарын 01-нд 2 000 000 төгрөг, 2016 оны 12 сарын 28-нд 3 000 000 төгрөг, 2017 оны 11 сарын 02-ны өдөр 17 080 325 төгрөг, 2019 оны 04 сарын 18-ны өдөр 3 000 000 төгрөг тус тус төлж эдгээрийн нийт дүн 25 080 325 төгрөг болсныг өмнөх үлдэгдэл 39 160 650 төгрөгөөс хасахад одоо үлдэгдэл дүн 14 080 325 төгрөг төлөгдөөгүй болно.

Гурав дахь нэмэгдүүлсэн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч 2015 он 03 дугаар сарын 09-ний өдөр гэрээгээ цуцалсан. Гэрээ цуцлахаар талууд өгсөн, авсан зүйлээ буцаах асуудал үүснэ. Иргэний хуулийн 204, 206, 221, 225, 227 дугаар зүйлийн зохицуулалтаар асуудал шийдвэрлэгдэнэ. Хуульд заасан боломжит хугацаанд асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой байсан боловч 7, 8 жилийн хугацаа өнгөрсний дараагаар банкны хадгаламжийн хүү шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй. Ийм учраас нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хариуцагч тал хуульд заасан үүргийн хүрээнд 14,080,325 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байгаа. Гэрээний хугацаа дуусаагүй байхад барилгын ажлыг барьж дуусгах боломж байсан. Шүүхийн маргаанаас болж барилгын ажил зогссон байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж. Хариуцагч талын гаргасан баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2013 оны 11-р сарын 11-ний өдрийн 53 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төлбөрийн тооцооны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 53 тоот гэрээний хавсралт 1-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хамтран ажиллах гэрээний хавсралт 2013 оны 11-р сарын 11-ний өдрийн Тодорхойлолт-I-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Аын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Голомт банкны төлбөрийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Спринг таун цогцолборын өрөөний план зургийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ЦИ ХХК-ийн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/69 дугаартай албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ЦИ ХХК-нд гаргасан Б.Аын өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ЦИ ХХК-ийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/049 дугаартай албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ЦИ ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01/129 дугаартай албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Цаст констракшн ХХК, ЦИ ХХК-д Б.Аын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Аын захиалагчийн төлбрийн үлдэгдлийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тооцооны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Аын Хаан банкны дансны хуулга, Монгол банкнаас зарласан 2021 оны 09 сарын 24-ний өдрийн ханшийн лавлагаа, Монгол банкнаас зарласан 2022 оны 05 сарын 05-ны өдрийн ханшийн лавлагаа, Монгол банкны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б-10/397 дугаартай албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан ЦИ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банкны орлогын мэдүүлгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан хариуцагчийн баримтаар гаргасан Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 сарын 16-ны өдрийн 172 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.А хариуцагч ЦИ ХХК-д холбогдуулан үлдэгдэл төлбөрт 29,671,832/хорин есөн сая зургаан зуун далан нэгэн мянга найман зуун гучин хоёр/ төгрөгийг, хохиролд 19,663,277/арван есөн сая зургаан зуун жаран гурван мянга хоёр зуун далан долоо/ төгрөгийг, нийт 49,335,109/дөчин есөн сая гурван зуун гучин таван мянга нэг зуун ес/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ЦИ ХХК нь гэрээ цуцлагдсан, 14,080,325/арван дөрвөн сая наян мянга гурван зуун хорин тав/ төгрөгийн үлдэгдэл үлдсэн гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 53 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан болох нь 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 53 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Тус 53 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээнд гүйцэтгэгч Цаст констракшн ХХК гэсэн байх боловч тус гэрээг ЦИ ХХК баталгаажуулж гэрээг ЦИ ХХК болон Б.А нар байгуулсан талаар зохигчид маргахгүй байна.

 

2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 53 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээний 2-ын 2.1, 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.6, 3-ын 3.1, 3.3, 3.3.1-т зааснаар хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Спринг Таун/Spring Town/ орон сууцны цогцолборын Б-блокийн 5-р давхар, Н хэсэгт нийт 83.97/наян гурав зууны ерэн долоо/ м.кв, 180,535,500/нэг зуун наян сая таван зуун гучин таван мянга таван зуу/ төгрөгийн үнэтэй орон сууцыг 2015 оны 02 дугаар улиралд нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр урьдчилгаа болгож орон сууцны үнийн дүнгийн 25 хувь буюу 45,160,650/дөчин таван сая нэг зуун жаран мянга зургаан зуун тавь/ төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 53 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Хариуцагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 53 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.

 

Тус Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь 83.97/наян гурав зууны ерэн долоо/ м.кв орон сууцны урьдчилгаа төлбөрт хариуцагчид 54,160,650/тавин дөрвөн сая нэг зуун жаран мянга зургаан зуун тавь/ төгрөгийг төлсөн болох нь Гэрээний хуулбар, Хаан банк ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, Цаст импекс ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн № 01/049 Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

 

Гэрээний 2-ын 2.2.6-д зааснаар хариуцагч нь 83.97/наян гурав зууны ерэн долоо/ м.кв орон сууцыг нэхэмжлэгчид 2015 оны 02 дугаар улиралд хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ.

 

Гэрээг байгуулснаас хойш 1/нэг/ жил, 3/гурав/ сар, 9/ес/ хоногийн хугацаа өнгөрсөн боловч барилгын газар шорооны ажлаас өөр ажил хийгдээгүй байх тул нэхэмжлэгч нь 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн болох нь 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Өргөдлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ. гэж заасан.

 

Хариуцагч нь Гэрээний 2-ын 2.2.6-д заасан 83.97/наян гурав зууны ерэн долоо/ м.кв орон сууцыг нэхэмжлэгчид 2015 оны 02 дугаар улиралд хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн байх ба нэхэмжлэгч нь Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулж байсан болох нь 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Өргөдлийн ... ажилтантай удаа дараа холбогдоход ... гэсэн хэсгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасан.

 

Гэрээний аль нэг тал гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд гэрээг дуусгавар болгох хүсэл зоригтой байдаг ба Иргэний хуулийн үүргийн нийтлэг зохицуулалтад зөвхөн гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан боловч гэрээг цуцлах тохиолдолд уг журмын зарим зохицуулалт хамааралтай болно.

 

Иймд нэхэмжлэгч нь Гэрээг цуцлахдаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйл, 225 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Гэрээг цуцалсан болох нь Гэрээг цуцлах тухай 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Өргөдлийн хуулбар, урьдчилгаа төлбөрийн талаар Цаст импекс ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн № 01/049 Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зохигчид 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Гэрээг цуцалсан болох нь хариуцагч 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид орон сууцны урьдчилгаа төлбөрөөс 2,000,000/хоёр сая/ төгрөгийг буцаан олгосон үйлдэл, Цаст импекс ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн № 01/049 Албан бичгийн хуулбар, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Өргөдлийн хуулбар, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б.А захиалагчийн төлбөрийн үлдэгдлийн тооцооны хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., 227.3Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал ... орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч төлбөрийн үлдэгдлийг Австралийн доллараар буцаан төлөхөөр тохиролцсон гэх үндэслэлээр хариуцагчаас 13,494.25/арван гурван мянга дөрвөн зуун ерэн дөрөв зууны хорин тав/ Австралийн доллар буюу 29,671,832/13,494.25x2,198.85=29,671,832/ /хорин есөн сая зургаан зуун далан нэгэн мянга найман зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Гэрээг цуцалнаас хойш хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нэхэмжлэгчид нийт 15,000,000/арван таван сая/ төгрөгийг буцаан төлсөн болох нь зохигчийн тайлбар, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Өргөдлийн хуулбар, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б.А захиалагчийн төлбөрийн үлдэгдлийн тооцооны хуулбараар тогтоогдож байна.

 

2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар хариуцагч нь нэхэмжлэгчид 39,160,650/гучин есөн сая нэг зуун жаран мянга зургаан зуун тавь/ төгрөгийг төлөх үүрэгтэй байсан болох нь зохигчийн тайлбар, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Өргөдлийн хуулбар, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б.А захиалагчийн төлбөрийн үлдэгдлийн тооцооны хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн төлбөрийн үлдэгдэл 39,160,650/гучин есөн сая нэг зуун жаран мянга зургаан зуун тавь/ төгрөгийг Австралийн доллар-руу хөрвүүлэн хүлээн авах саналыг хариуцагч тал 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан болох нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Өргөдөлд хийсэн бичилт болон Төлбөрийн тооцооны хуулбар, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б.А захиалагчийн төлбөрийн үлдэгдлийн тооцооны хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлбөрийн үлдэгдэл төлбөрт 2,000,000/хоёр сая/ төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000/гурван сая/ төгрөгийг төлсөн байх ба уг төлбөрүүдийг Австралийн долларт хөрвүүлэн тооцсон болох нь 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б.А захиалагчийн төлбөрийн үлдэгдлийн тооцооны хуулбараар тогтоогдож байна.

 

Төлбөр тооцоог yндэсний мөнгөн тэмдэгтээр гyйцэтгэх тухай хуулийн 4-ийн 4.1Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба ... Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх ... хориглоно. гэж заасан.

 

Зохигчид төлбөрийн үлдэгдлийг Австралийн доллар-руу хөрвүүлэн хийхээр тохиролцсон нь Төлбөр тооцоог yндэсний мөнгөн тэмдэгтээр гyйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт нийцэхгүй байх ба хариуцагчийн үлдэгдэл төлбөрт төлсөн төлбөрүүдийг төгрөгт шилжүүлэн тооцох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь 39,160,650/гучин есөн сая нэг зуун жаран мянга зургаан зуун тавь/ төгрөгийн төлбөрт 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2,000,000/хоёр сая/ төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000/гурван сая/ төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 17,080,325/арван долоон сая наян мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 3,000,000/гурван сая/ төгрөгийг төлсөн болох нь 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б.А захиалагчийн төлбөрийн үлдэгдлийн тооцооны хуулбар, Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үлдэгдэл төлбөрөөс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш нийт 25,080,325/хорин таван сая наян мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг төлсөн болох нь 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б.А захиалагчийн төлбөрийн үлдэгдлийн тооцооны хуулбар, Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Гэрээний төлбөрийн үлдэгдэл төлбөрт нэхэмжлэгчид 14,080,325/арван дөрвөн сая наян мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг төлөх үүрэгтэй байх ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар уг төлбөрийг нэхэмжлэгчээс гарсан зардал буюу учирсан хохирол гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 14,080,325/39,160,650-25,080,325=14,080,325/ /арван дөрвөн сая наян мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 15,591,507/29,671,832-14,080,325=15,591,507/ /арван таван сая таван зуун ерэн нэгэн мянга таван зуун долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас олох байсан орлого буюу хохиролд 19,663,277/арван есөн сая зургаан зуун жаран гурван мянга хоёр зуун далан долоо/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 54,160,650/тавин дөрвөн сая нэг зуун жаран мянга зургаан зуун тавь/ төгрөгийг 2015 оны 8 дугаар сард төлж барагдуулах үүрэг хүлээсэн болох нь ЦИ ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн № 01/049 дугаар албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., 227.3Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал ... орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 54,160,650/тавин дөрвөн сая нэг зуун жаран мянга зургаан зуун тавь/ төгрөгийг 2015 оны 9 дүгээр сард Арилжааны банкны хадгаламжинд байршуулсан тохиолдолд 19,663,277/арван есөн сая зургаан зуун жаран гурван мянга хоёр зуун далан долоо/ төгрөгийн орлого олох боломтой байсан гэж маргаж байна.

 

Хариуцагч нь 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн № 01/049 дугаар албан бичигт дурдсанаар 54,160,650/тавин дөрвөн сая нэг зуун жаран мянга зургаан зуун тавь/ төгрөгийг 2015 оны 8 дугаар сард төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч нь 19,663,277/54,160,650х1.09%=590,351, 590,351x85=50,179,835/ /арван есөн сая зургаан зуун жаран гурван мянга хоёр зуун далан долоо/ төгрөгийн орлого олох боломтой байсан болох нь Монгол банкны 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн № Б-10/397 Албан бичгийн хуулбар, Төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүний лавлагааны хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хадгаламжийн хүүний тооцоогоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 54,160,650/тавин дөрвөн сая нэг зуун жаран мянга зургаан зуун тавь/ төгрөгийг Арилжааны банкны хадгаламжинд байршуулсан тохиолдолд олох байсан орлогыг хариуцагч нь Гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцно.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас олох байсан орлогод 19,663,277/арван есөн сая зургаан зуун жаран гурван мянга хоёр зуун далан долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 33,743,602/14,080,325+19,663,277=33,743,602/ /гучин гурван сая долоон зуун дөчин гурван мянга зургаан зуун хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 15,592,507/49,335,109-33,743,602=15,591,507/ /арван таван сая таван зуун ерэн нэгэн мянга таван зуун долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан хянан хэлэлцэгдэж байсантай холбоотой барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүй байсан гэж маргаж байх боловч Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барилгын ажлыг зогсоосон болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЦИ ХХК-иас нийт 33,743,602/гучин гурван сая долоон зуун дөчин гурван мянга зургаан зуун хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, үлдсэн 15,591,507/арван таван сая таван зуун ерэн нэгэн мянга таван зуун долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Аын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 594,275 төгрөгөөс 404,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 189,649 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ЦИ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 326,668 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.          Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЦИ ХХК-иас нийт 33,743,602/гучин гурван сая долоон зуун дөчин гурван мянга зургаан зуун хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, үлдсэн 15,591,507/арван таван сая таван зуун ерэн нэгэн мянга таван зуун долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Аын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 594,275 төгрөгөөс 404,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 189,649 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ЦИ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 326,668 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

 

3.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ