Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00968

 

 

 

 

 

 

2023 05 08 210/МА2023/00968

 

 

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/00680 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.А-

Хариуцагч: ЦИ ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 49,335,109 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Б.А- нь 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ЦИ ХХК болон ЦК ХХК-тай 53 дугаартай гэрээ байгуулж, Спринг таун цогцолборын Б дугаар блокийн 5 дугаар давхарт, 83,97 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулахаар тохиролцсон.

Гүйцэтгэгч ЦИ ХХК нь орон сууц захиалгаар барих гэрээний гүйцэтгэгчийн үүргийг хүлээж байсан бөгөөд барилгын туслан гүйцэтгэгчээр ЦК ХХК ажиллаж байсан тул ЦИ ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

1.2 Гэрээний 2.2.6-д заасны дагуу барилгын ажил дуусах хугацааг 2015 оны 2 дугаар улирал байхаар талууд харилцан тохиролцсон боловч гүйцэтгэгч ЦИ ХХК-аас 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 01/69 дүгээр албан бичгээр гэрээнд өөрчлөлт оруулах санал тавьсан агуулга бүхий хүсэлтийг ирүүлсэн.

Гэрээнд заасан хуваарийн дагуу барилгын ажил явагдаагүй, барилга хугацаандаа ашиглалтад орохгүй болох нь тодорхой болсон тул захиалагч Б.А- нь 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэрээг цуцлах тухай мэдэгдлийг бичгээр хүргүүлж, гэрээний дагуу төлсөн төлбөрөө бүхэлд нь буцаан гаргуулахаар болсон.

1.3 Нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, гэрээ цуцлагдах хүртэл нийт 54,160,650 төгрөгийг төлсөн бөгөөд ЦИ ХХК-аас гэрээ цуцлагдсантай холбоотой 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөгийг буцаан олгож, үлдэх 52,160,650 төгрөгийн 17,000,000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сард, 17,000,000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сард, 18,160,650 төгрөгийг 2015 оны 08 дугаар сард тус тус буцаан төлж барагдуулахаар хуваарь гаргасан.

Гэтэл хариуцагч нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 4,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 4,000,000 төгрөгийг буцаан олгож, үлдэгдэл 39,160,650 төгрөгийг дээрх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй.

1.4 Улмаар Б.А- нь 2016 оны 02 дугаар сард гэр бүлийн хамт урт хугацаагаар Австрали улсад сурч, амьдрах болсон тул 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ЦК ХХК болон ЦИ ХХК-д гэрээний төлбөрийн үлдэгдэл 39,160,650 төгрөгийг австрали доллар руу хөрвүүлэн, өөрийн нэр дээрх Хаан банк ХХК-ийн австрали долларын дансанд хүлээн авах тухай мэдэгдэл хүргүүлснийг хүлээн авч, нэг австрали долларыг 1,463.38 төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөрийг 26,760.40 австрали доллар болгон буцаан төлөхөөр тохиролцсон.

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1,095.5 австрали доллар, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,677.37 австрали доллар, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 8,933.22 австрали доллар, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1,560.06 австрали доллар, нийт 13,266.15 австрали долларын төлөлт хийснээс үлдэгдэл 13,494.25 австрали долларыг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар Монгол банкнаас зарласан нэг австрали долларын хаалтын ханш 2,198.85 төгрөг байх тул хариуцагчаас нийт 29,671,832 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

1.5 ЦИ ХХК нь төлбөрийн буцаалтыг 2015 оны 08 дугаар сард багтаан бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосон хугацааг хэтрүүлээгүй байсан бол Б.А- нь 2022 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд дээрх мөнгөн хөрөнгийг арилжааны банканд хадгалуулан орлого олж болох байсан буюу хохирол нийт 19,663,277 төгрөг болж байна. Монгол банкнаас 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Б-10/397 дугаар албан бичгээр арилжааны банкнуудын төгрөгийн хадгаламжийн хүүгийн лавлагааг ирүүлсэн бөгөөд 2015 оны 09 дүгээр сард төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү жилийн 13,1 хувь байсан бол 2019 оны 04 дүгээр сард жилийн 11.8 хувийн хүүтэй байсан болох нь тогтоогдож байна.

Иймд ЦИ ХХК-аас төлбөрийн буцаалтын үлдэгдэл 29,671,832 төгрөг, хохирол 19,663,277, нийт 49,335,109 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ЦИ ХХК нь Б.А-тай 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан. Тус компани нь өөрийн барьж байсан Спринг таун цогцолбор барилгын Б дугаар блок, 5 дугаар давхар, 83.97 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгчид барьж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь төлбөрт 180,535,000 төгрөгийг төлөх нөхцөлтэйгөөр тохиролцсон. Гэвч гэрээний үүрэг хэрэгжих боломжгүйд хүрч, үүнтэй холбоотойгоор захиалагч талаас гэрээгээ цуцлах мэдэгдлийг ирүүлснийг хүлээн авч, гэрээ цуцлагдсан.

2.2 Гэрээ цуцлагдсантай холбоотойгоор гэрээний дагуу төлөгдсөн төлбөрийн буцаалт 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 4,000,000 төгрөг, 2015 оны 12 сарын 09-ний өдөр 4,000,000 төгрөг тус тус төлж, тооцоо нийлж гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл 39,160,650 төгрөг болсон. Нэхэмжлэгч нь гадаад улсад амьдрах болсон тул тухайн амьдран суух улсад үлдэгдэл төлбөрөө шилжүүлэн авах тухай хүсэлт гаргасан. Түүний хүсэлтээр гадаад улсад байхад нь үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхийг хүссэн данс руу төгрөгийг шилжүүлж байсан. Талуудын хооронд австрали долларын гэрээ байгуулагдаагүй тул төгрөгөөр байгуулагдсан гэрээний үлдэгдэл төлбөрийг төгрөгөөр төлнө.

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 12 сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 17,080,325 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 25,080,325 төгрөг төлсөн. Үлдэгдэл 39,160,650 төгрөгөөс хасахад одоо үлдэгдэл дүн 14,080,325 төгрөг төлөгдөөгүй.

2.3 Нэхэмжлэгч 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэрээг цуцалсан. Гэрээ цуцлахаар талууд өгсөн, авсан зүйлээ буцаах асуудал үүснэ. Хуульд заасан боломжит хугацаанд асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой байсан боловч 7, 8 жилийн хугацаа өнгөрсний дараагаар банкны хадгаламжийн хүү шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЦИ ХХК-аас нийт 33,743,602 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгож, үлдсэн 15,591,507 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.А-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 594,275 төгрөгөөс 404,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 189,649 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ЦИ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 326,668 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хариуцагчаас үл хамаарч хэрэгжих боломжгүй болсон талаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэр байгааг шүүх бодитой, үнэн зөв үнэлж дүгнээгүй.

4.2 Шүүхийн ажлын ачааллаас хэрэг шийдэгдэхгүй удааширсантай холбоотойгоор хохирол шаардсан асуудлыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг бүрэн дүүрэн, зөв үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэсэн, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг үнэлж дүгнээгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөр гэрээгээ цуцалсан учир гүйцэтгэгч тал энэ дагуу төлсөн мөнгийг нь 2015 оны 08 дугаар сард буцаан төлж дуусгахаар хугацаа тогтоосон байгаа нь энэ хугацаагаар мөнгө шаардах эрх нь нэхэмжлэгч талд үүссэн. Иргэний хуулийн 76, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу мөнгө шаардах болон хохирол гэх хадгаламжийн хүүг шаардах эрх нь 2015 оны 08 дугаар сараас эхлэх ба 2018 оны 08 дугаар сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 ЦИ ХХК гэрээ цуцалсантай холбоотой төлбөрийн буцаалтын хуваарийг тогтоосон. Тус хугацаанд төлбөрийг төлөхгүй, бага багаар төлсөөр 2019 оны 04 дүгээр сард тодорхой төлөлт хийсэн ба тус төлөлтөөс хойш өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Харин тогтоосон хугацаанаас хойш мөнгөө банкны хадгаламжид хадгалуулсан бол 19,663,277 төгрөг буюу хохирол шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. 2019 онд Б.А-аас төлөлт хийгдэж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч ЦИ ХХК-д холбогдуулан үлдэгдэл төлбөр 29,671,832 төгрөг, хохирол 19,663,277 төгрөг, нийт 49,335,109 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь үлдэгдэл төлбөр 14,080,325 төгрөг төлөхийг зөвшөөрч, хохирол гаргуулах хэсгийг эс зөвшөөрч маргасан.

3. Талууд 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч нь нийт 83,97 м.кв талбай бүхий орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулж, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. /хх8-17/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн буруу. Учир нь, талууд гэрээг байгуулах үед орон сууц ашиглалтад ороогүй, мөн гэрээний 2.2.6-д барилгын ажил дуусах хугацааг 2015 оны 2 дугаар улирал гэж заасан байгаагаас үзвэл талуудын хооронд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. /хх8-17/

4.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлбөрт нийт 54,160,650 төгрөгийг хариуцагчид төлсөн боловч хариуцагч нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд барьж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй. Улмаар нэхэмжлэгч нь 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээг цуцлах санал хүргүүлснийг хариуцагч зөвшөөрсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, мөн өдрөөр гэрээ цуцлагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх24/

4.2 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн төлсөн 54,160,650 төгрөгөөс 40,080,325 төгрөгийг буцаан төлсөн байх тул үлдэх 14,080,325 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Хариуцагчаас 14,080,325 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй.

Харин анхан шатны шүүх дээрх шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзах эрхийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь оновчгүй болсон байх тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг болгож өөрчилнө.

4.3 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд мөн зүйлийн 227.3 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.

Хариуцагчийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/049 дугаар албан бичигт гэрээ цуцлагдсантай холбоотой үлдэх төлбөр болох 54,160,650 төгрөгийг 2015 оны 06 дугаар сараас 2015 оны 08 дугаар сард нэхэмжлэгчид буцааж өгөх талаар тусгасан. /хх 28/ Хариуцагч нь уг хугацаанд төлбөрийг нэхэмжлэгчид бүрэн буцаан өгөөгүй үйл баримт тогтоогдсон.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохирол нь нотлох баримтаар тогтоогдсон нөхцөлд мөн зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг талд хохирол шаардах эрх үүснэ.

Монголбанкны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б-10/397 дугаар албан бичиг, жигнэсэн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүний лавлагаа, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хадгаламжийн хүүгийн тооцоо /хх 127-131/ зэрэг баримтууд нь нэхэмжлэгч 19,663,277 төгрөгийн орлого олох байсныг эргэлзээгүй нотолж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, 54,160,650 төгрөгийг хариуцагч нь 2015 оны 08 дугаар сард нэхэмжлэгчид буцаан өгсөн тохиолдолд нэхэмжлэгч уг мөнгөн хөрөнгийг арилжааны банкны хадгаламжид байршуулж, 19,663,277 төгрөгийн орлого олох байсан гэж үзэх үндэслэлийг дээрх баримтууд нь нотолж чадахгүй байхад анхан шатны шүүх гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид учирсан хохирол гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт нийцээгүй байна.

Түүнчлэн, хариуцагч 54,160,650 төгрөгөөс 40,080,324 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн гэж анхан шатны шүүх үзсэн атлаа хохирол 19,663,277 төгрөгийг уг 54,160,650 төгрөгөөс тооцсон нь үндэслэлгүй болжээ. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар 19,663,277 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт 19,663,277 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан энэ талаарх давж заалдах гомдлыг хангана.

5. Хариуцагч нь гэрээ цуцлагдсантай холбоотой гэрээний төлбөрт нэхэмжлэгчээс хариуцагчид төлсөн төлбөрөөс 1,560.06 австрали долларыг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хаан банк дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн 5170013008 дугаар дансанд буцаан төлсөн. /хх 53/ Уг өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолох тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээ хариуцагчаас үл хамаарч хэрэгжих боломжгүй гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан болон гэрээ цуцлагдсанд хариуцагчийн буруугүй гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/00680 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЦИ ХХК-аас 14,080,325 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35,254,784 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 326,668 гэснийг 228,352 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,267 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

М.БАЯСГАЛАН