Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2023/00150

 

“Т ” ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                          

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/00800 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2023/01037 дугаар магадлалтай,

                                                                                                                                   

“Т ” ХК-ийн нэхэмжлэлтэй,

М д холбогдох

Гэм хорын хохиролд 114,057,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарантуяа, Д.Цогзолмаа, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч М д холбогдуулан гэм хорын хохиролд 114,057,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/00800 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан хариуцагч М  ХНН-ээс хохиролд 82,379,649.20 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,671,990.80 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 729,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 569,848 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2023/01037 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/00800 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч М -аас 114,057,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.05.19-ний өдөр 01037 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.17-ны өдрийн 00800 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2, 172.2.1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс "... Анхан шатны шүүх хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "М "-ын ажилтан О  өөрт олгогдоогүй эрх эдэлж, гаалийн улсын байцаагчийн хийж гүйцэтгэх лац зүүх ажлыг хийхдээ хайхрамжгүй хандаж, ачаа нь буугаагүй байсан 3 чингэлэгт хоосон гэсэн лац зүүснээс нэхэмжлэгчид хохирол учирсан, уг хохирлыг хариуцагч мөнгөн хэлбэрээр хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, улмаар хариуцагчаас хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна ..." гэж дүгнэн шийдвэрлэснийг огт хүлээн зөвшөөрөхгүй. “Т ” ХХК-ийн Ерөнхий захирлын 2017.11.23-ны өдрийн 72 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Терминалын албаны үйл ажиллагааны журам"-ын 4.2-ийн "Хоосон чингэлэг, вагон ломбодох заавар"-ын

1.1. Вагон болон чингэлгийг суларсан даруйд ачигч нараар сайтар цэвэрлүүлнэ.

1.2. Хоосон чингэлэг буцаах зааврын дагуу хийгдсэн буцаалтын бичиг баримтын 1 дугаартай пакладны /хавсралт-1/ хүснэгт 28 дээр “Гаалийн хяналтад байгаа” тэмдэг болон ГУАБ-н хувийн тэмдэг, хүснэгт 19 дээр мөн ГУАБ-н хувийн тэмдэг даруулж гаалийн ногоон ломбо авч байцаагчийн хяналтан дор ломбодно.

1.3. ... ломбыг зүүхээс өмнө бүрэн бүтэн байдлыг нь шалгаж үзэх ба гэмтэлтэй ломбоор вагон чингэлэг ломбодохыг хориглоно.

1.4. “Тээвэр зуучийн төлөөлөгч нь вагон чингэлгийн цэвэрлэгээг шалган хангалттай гэж үзсэн тохиолдолд ломбодно.” гэж тус тус заасан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс "... дээрхээс үзвэл тээвэр зуучийн "Т " ХХК нь өөрийн зуучлалаар ирсэн ачааг хариуцсан менежерийн зааврын дагуу суллаж, цэвэрлэсний дараа баримтжуулан шалгаж, хариуцсан кассир нь ачигдахад бэлэн болсон хоосон чингэлгийн тоо, хэмжээ тус бүрээр нь гаалийн улсын байцаагч болон УБ өртөөнд мэдэгдэж, улмаар гаалийн улсын байцаагчийн хяналтан дор гаалийн үзлэгт оруулахаар заажээ. Хэрэгт зохигчийн маргаж буй ачаатай буцаагдсан 3 чингэлгийг "Т " ХХК-аас дээрх журам, зааврын дагуу шалгаж буцаахад бэлэн болгосон, гаалийн улсын байцаагчийн зүгээс зохих журам, зааврын дагуу бэлэн болгосон чингэлгүүдийг хүлээн авсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна ..." гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгосон нь давж заалдах шатны шүүхээс гаргасан магадлал өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна. Ирсэн ачаа сулраагүй, цэвэрлээгүй, цэвэрлэсний дараа баримтжуулан шалгаагүй, буцаан ачихад бэлэн болоогүй байхад хариуцагч компанийн ажилтан дур мэдэн лац зүүснээс хохирол учирсан талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Гаалийн байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтны үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгаагүй ба харин хариуцагчийг огт буруугүй мэтээр дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхээс “... хоосон чингэлэг гэх ногоон лацыг М ын Олон улсын тээвэр зуучлалын төвийн ажилтан О зүүсэн болох нь тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй ..." гэж зөв дүгнэсэн ба хариуцагчаас өөрийн ажилтан ломбо зүүсэн талаар огт маргадаггүй, ломбыг гаалийн улсын ахлах байцаагчийн ломбо зүү гэж ломбыг өгсний дагуу зүүсэн дур мэдэн ломбо зүүгээгүй гэж тайлбарладгаас харахад хариуцагч компанийн ажилтан О  өөрт олгогдоогүй эрх эдэлж, лац ломбо зүүх ажлыг гүйцэтгэхдээ хайхрамжгүй хандсанаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь хангалттай нотлогдон тогтоогддог. Гэтэл давж заалдах шүүхээс Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.1-т "... Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ ... ”, 510 дугаар зүйлийн 510.1 -т ”... Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө ..." гэж заасан үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.05.19-ний өдрийн 01037 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.17-ны өдрийн 00800 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.07.06-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2023/00863 тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Доржсүрэнгийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагчийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарантуяа, Д.Цогзолмаа нар гомдлыг эс зөвшөөрсөн агуулгаар тайлбар гаргасан ба “...”Т ” ХХК стандарт, журмаа дагаж мөрдсөн бол хохирол учрахгүй байсан, ...ажилтан О г ажилдаа хайхрамжгүй хандсан гэсэн үндэслэлээр хохирлыг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр шударга ёсны зарчим зөрчсөн, ...“УБТЗ” ХХН хариуцагч биш, хариуцвал зохих этгээд нь ”Т” ХХК болон УБ хот дахь Г болно. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгч “Т ” ХК нь хариуцагч “М ”-д холбогдуулан гэм хорын хохирол 114,057,640 төгрөг гаргуулахаар шаардсан ба “...чингэлгүүдийг суллаж 2020.03.08, 09-ний өдрүүдэд ОХУ руу буцаасан бөгөөд ... дугаартай 3 чингэлэгт ачигдсан битумыг хариуцагч М ын Олон улсын тээвэр зуучлалын төвийн ажилтан О нь албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас чингэлгийг ачаатай нь буцааж манай компанид их хэмжээний хохирол учруулсан” гэж үндэслэлээ тайлбарласан.

8. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...гэм хорыг нөхөн төлөх үүрэг бүхий хариуцагч нь М ХНН биш, ОХУ-д буцаагдсан битумыг Монгол Улсад тээвэрлүүлэн авчрах, төлбөр тооцоог хийх, гаалийн хяналтаар оруулах, чингэлгээс ачааг буулган нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, чингэлгийг цэвэрлээд улмаар буцаалт хийх мэдэгдлийг М ын Олон улсын тээвэр зуучийн төвд мэдэгдэх үүргийг “Т ” тээвэр зуучийн компани хүлээсэн ба өөрийн байгууллагын терминалын газрын ажлын зааварчилгаанд заасан технологит ажиллагааг мөрдөөгүйгээс ачаа буцаагдсан. Ажилтан О гийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд ч тухайн чингэлгийн дотор талыг шалгаж үзэх, ломбо тавих үүрэг байхгүй. Тухайн хяналт шалгалт хийх албан үүргийг гаалийн улсын байцаагчид хүлээлгэсэн, хохирлыг хариуцах үндэслэлгүй” гэж маргажээ.

9. “Т ” ХК-ийн 2020.02.21-ний өдөр Монгол Улсын хилээр оруулж ирсэн 21 чингэлэг авто замын зориулалттай битум нь 2020.03.06-ны өдөр төмөр замын гаалийн хяналтын бүсэд буусан бөгөөд суларсан чингэлгүүдийг 2020 оны 3 сарын 08-09-ний өдрүүдэд ОХУ руу буцаахад RZDU041795-0, RZDU041483-8, RZDU005815-1 дугаартай 3 чингэлэг манай улсын хилээр ачаатайгаа гарсан боловч уг 3 чингэлгийг буцааж авч чадаагүй байна.

10. Нэхэмжлэгч нь “...гаалийн хяналтын бүсэд буулгасан 3 чингэлэг бүхий битумыг буулгахгүйгээр ОХУ руу ачаатай нь буцаасан” асуудлаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байх бөгөөд Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021.10.01-ний өдрийн 1690 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэхдээ “Т ” ХК нь өөрт учирсан гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж дүгнэсэн байна.

11. Хэргийн баримтаас үзэхэд ачаатай 3 чингэлэг ОХУ руу буцаагдсан үйл баримт тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй, харин чингэлгийг ачаатай нь буцаасны хариуцлага, үр дагаврыг “М ” хариуцах эсэх талаар талууд маргалджээ.

12. “Т ” ХК нь “М ” ХНН-ээс гэм хорын хохирол гэж шаардахдаа 59,1 тонн битумын үнэ 71,350,603 төгрөг, тээврийн зардал 1,590,000 төгрөг, дотоод зардал 298,500 төгрөг, гаалийн татварт 3,924,283 төгрөг, олох байсан орлого 17,759,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 19,135,254 төгрөг, нийт 114,057,640 төгрөг гаргуулна гэжээ.

13. Анхан шатны шүүх “...3 чингэлгийн битумыг буулгалгүй ОХУ буцаасан үйл баримт, дээрх 3 чингэлгийг гаалийн хяналтын бүсэд байхад хоосон чингэлэг гэх ногоон лацыг М ын Олон улсын тээвэр зуучлалын төвийн ажилтан О зүүсэн болох нь тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй, хариуцагч байгууллагын ажилтан О нь өөрт олгогдоогүй эрх эдэлж, гаалийн улсын байцаагчийн хийж гүйцэтгэх лац зүүх ажлыг хийхдээ хайхрамжгүй хандаж, ачаа нь буугаагүй байсан 3 чингэлэгт хоосон гэсэн лац зүүснээс нэхэмжлэгч байгууллагад хохирол учирсан” гэж дүгнээд, нэхэмжлэлийн шаардлагаас буцаагдсан битумын үнэ болон олох ёстой байсан орлого гэсэн хэсгийг хангаж, хариуцагчаас 82,379,649.20 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.    

14. Давж заалдах шатны шүүх “... ачаатай буцаагдсан 3 чингэлгийг гаалийн хяналтын талбайд буулгасны дараа ачааг нь буулгаж суларсан чингэлгийг цэвэрлүүлэн “Т ” ХХК-аас хүлээн авч, уг чингэлэг хоосон бөгөөд буцаахад бэлэн болсныг илэрхийлэх ногоон өнгийн ломбо тавьж, хариуцагч “М ” ХНН-ийн Олон улсын тээвэр зуучлалын төвийн тээвэрлэлтэд шилжүүлэх үүрэг нь тухайн гаалийн хяналтын бүсэд төрийн тодорхой чиг үүргийг хэрэгжүүлж буй гаалийн байгууллага, түүнийг  төлөөлсөн гаалийн улсын байцаагчийн үндсэн чиг үүрэгт хамаарч байна. Гаалийн байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтны үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн үр дагаврыг хариуцагч хүлээх, хохирлыг арилгах үүрэггүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Т ” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасан байна. 

15. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгов.

15.1. Хэргийн баримт, талуудын тайлбараас үзэхэд ачаатай 3 чингэлэг буцсан үйл баримт нь “М”, тээвэр зуучийн “Т” ХХК болон Гаалийн байгууллага гэсэн 3 хуулийн этгээдийн үйл ажиллагааны харилцан хамаарал, эрх үүргийн хуваарилалттай холбоотой байх бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийн гэм буруугийн талаар Иргэний хуулийн зөрчлөөс үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийгээгүй байна.

15.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлэх бөгөөд нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч “М ”-д холбогдуулан шаардлага гаргасан байхад давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцоогүй этгээдийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ.

16. Маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй буюу чингэлэг ачаатай буцсаны хариуцлага, үр дагаврыг хэн, хэрхэн хариуцах асуудалд хариуцлага хүлээвэл зохих этгээдүүдийн чиг үүрэг, ажил үүргийн хуваарь, дарааллыг тодорхой болгохгүйгээр  хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль хэрэглээний дүгнэлт хийж, эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/00800 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2023/01037 дугаар  магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 577,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                Д.ЦОЛМОН

                                                                 Х.ЭРДЭНЭСУВД