Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01037

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01037

 

 

Т и-ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/00800 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Т и-ХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч УБТЗ-д холбогдох

Гэм хорын хохиролд 114,057,640 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарантуяа, Д.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Манай компани 2020 оны 02-03 сарын хооронд Оросын холбооны улсын Бонваррен компаниас авто замын зориулалттай савалгаатай 4,000 тонн битумыг худалдан авсан. Хариуцагч УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төв нь ОХУ-аас ирж байгаа чингэлгүүдийг бидэнд зуучилж Монгол Улсад хүргэж өгөөд буцаах үүргийг хүлээдэг байсан. 2020 оны 02 сарын 12-ны өдөр 21 чингэлэг бүхий автозамын зориулалттай битум орж ирэн 2020 оны 03 сарын 06-ны өдөр гаалийн хяналтын бүсэд буулгасан. Чингэлгүүдийг суллаж 2020 оны 03 сарын 08-09-ний өдрүүдэд ОХУ-руу буцаах үед 3 ачаатай чингэлэг бүхий битумыг УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төвийн ажилтан О.Ж- албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас буулгахгүйгээр ачаатай нь буцааж манай компанид их хэмжээний хохирол учруулсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ч Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 10 сарын 01-ний өдрийн 1690 дугаартай Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хааж шийдвэрлэсэн.

Чингэлэгт нийт 59,1 тонн битум байсан ба 1 тонныг 410 ам.доллар, нийт 24,231 ам.доллар буюу 2022 оны 03 сарын 30-ны өдрийн Монгол банкны албан ханш 2,944.6 төгрөгөөр тооцоход 71,350,603 төгрөгөөр худалдан авч тээврийн зардалд 1,590,000 төгрөг, дотоод зардалд 298,500 төгрөг, гаалийн татварт 3,924,283 төгрөг, нийт 77,163,386 төгрөг болсон. Мөн манай компани 1 тонн битумыг 545.45 ам.доллараар худалддаг ба 59,1 тонн битумыг нийт 32,236 ам.доллараар худалдах байсныг төгрөгөөр тооцвол 94,922,405 төгрөг болж өртгийг хасвал 17,759,000 төгрөгийн орлого олох боломжгүй болгосон байна.

Тухайн битумыг худалдан авахад банкны зээлээр санхүүжүүлсэн ба зээлийн хүүнд 2020 оны 3 сараас 2022 оны 4 сар хүртэлх хугацаанд 19,135,254 төгрөг төлсөн. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар хариуцагч УБТЗ-аас бүтээгдэхүүний үнэ 70,015,528 төгрөг, тээврийн болон дотоод зардал 1,888,500 төгрөг, гаалийн татвар 3,924,283 төгрөг, хүүгийн төлбөр 19,135,254 төгрөг, олох байсан орлого 17,759,000 төгрөг, нийт 114,057,640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Манай байгууллага нь гэм хорыг төлөх үүрэгтэй хариуцагч биш, ОХУ-д буцаагдсан битумыг Монгол Улсад тээвэрлүүлэн авчрах төлбөр тооцоог хийх, гаалийн хяналтаар оруулах, чингэлгээс ачааг буулган нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, чингэлгийг цэвэрлээд улмаар буцаалтыг хийх мэдэгдлийг УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучид мэдэгдэх үүргийг тээвэр зуучийн Т- ХХК хүлээсэн. Гэтэл тус компани нь ачааг буулган хүлээн авагчид хүлээлгэн өгөх чингэлгүүдийг цэвэрлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир 3 чингэлэг бүхий битум ОХУ-руу буцаагдсан. Төмөр замаар ачаа тээвэрлэх журам, Тээвэр зуучийн стандарт шаардлага, Хөдөлмөрийн гэрээ, Терминалын үйл ажиллагааны зааварт заасан үүргээ тээвэр зуучийн Т- ХХК хийж гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсныг УБТЗ--ээс нэхэмжлэх үндэслэлгүй.

Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10205 тоот тушаалаар батлагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих нийтлэг журам-ын 6.5, 6.26-д хоосон чингэлэг Монгол Улсын хилээр гарахад хэн хяналт шалгалт хийх, хэн ломбо тавихыг зохицуулсан. Гаалийн тухай хууль, Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих журам зэргээс харахад гаалийн улсын байцаагч нь тухайн чингэлэгт гаалийн хяналт шалгалт хийх үүрэг хүлээсэн ч гаалийн байцаагч энэхүү хяналтаа хийгээгүйгээс 3 чингэлэг буцаагдсан. Манай ажилтан О.Ж- ямар албан үүргээ биелүүлээгүй болох нь тодорхойгүй, О.Ж-гийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тухайн чингэлгийн дотор талыг шалгах, ломбо тавих үүрэг байхгүй. Тухайн хяналт шалгалт хийх албан үүргийг гаалийн улсын байцаагчид хүлээлгэсэн. Иймд УБТЗ- нь гэм хорыг нөхөн төлөх үүрэггүй, хариуцагч нь Гаалийн газар юм.

Тээвэр зуучийн Т- ХХК-аас 2020 оны 03 сарын 13-ны өдөр 3 битумтай чингэлэг ОХУ-руу буцаагдсан мэдээллийг анх манайд ирүүлсэн ба 04 сарын 13-ны өдөр Д.Ц-гаас манайд и-мэйлээр Т- ХХК-ийн н.А- гэх хүнээс ОХУ-аас хүргүүлсэн ачааг 2020 оны 05 сарын 06-ны өдрийн дотор авахгүй бол устгана гэж байна гэх и-мэйл ирсэн. Энэ талаар нэхэмжлэгч тал болон тээвэр зуучийн Т- ХХК мэдэж байсан. Манайх 2020 оны 05 сарын 01-ний өдөр ОХУ-ын Эрхүү хотын гааль руу туслалцаа хүссэн бичиг явуулсан. Чингэлгийн эзэн бол ОХУ-ын Транс контайнер ХХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар руу тээвэр зуучийн Т- ХХК болон нэхэмжлэгчийн зүгээс буцааж авчрах талаас нь хандсан зүйл байхгүй гэх бичиг ирсэн. Ийм учраас Иргэний хуулийн 229 дүгээр зүйлд заасан буруутай үйл ажиллагааг харгалзан үзнэ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч УБТЗ--ээс хохиролд 82,379,649.20 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т и-ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 31,671,990.80 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 729,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 569,848 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй, зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь гаалийн улсын ахлах байцаагч гаалийн хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ огт биелүүлээгүй үйлдэл гаргасан. Үүрэг бол заавал биелүүлэх үр дагавартай. Хэрэв гаалийн улсын байцаагч үүргээ бүрэн гүйцэтгэсэн бол дээрх 3 чингэлэг ачаатайгаар буцаагдахгүй байсан. Түүнчлэн УБТЗ- ийн ажилтан О.Ж- дээрх чингэлгүүдэд өөрийн дураар дур мэдэн ломбо зүүсэн үйлдэл огт гаргаагүй бөгөөд гаалийн улсын байцаагч ломбо зүү гэж ломбыг өгснөөр зүүсэн байдаг. Дээрх ломбо нь анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг "хоосон" гэдэг санааг илэрхийлсэн лац ломбо огт биш бөгөөд чингэлэгт гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн хяналт шалгалт хийгдсэн гэдгийг илтгэсэн "гаалийн байгууллагын ломбо" болохыг шүүх анхаарч ойлгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

УБТЗ- ХНН-ийн ажилтан О.Ж- ямарч хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолтоор чингэлгийг нээж үзэх, шалгах, цэвэрлэсэн эсэхэд хяналт тавих, үзлэг шалгалт хийх зэрэг гаалийн улсын байцаагчийн хуулиар хүлээсэн үүргийг шалгах эрх, үүрэг өгөгдөөгүй, ямарваа хууль, гэрээ, ажлын байрны тодорхойлолтоо зөрчсөн нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хариуцагчийн ажилтан О.Ж- гаалийн улсын байцаагчийн хийж гүйцэтгэх ажлыг хийхдээ хайхрамжгүй хандсанаас хохирол учирсан хэмээн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар хохирлыг УБТЗ- ХНН-ээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу.

Мөн Техник импорт" ХХК-ийн битумтай 3 чингэлгийг ОХУ-аас төмөр замаар тээвэрлүүлэн Монгол улсад авчрах, хүлээн авах, гаалийн хяналтаар оруулах, чингэлгээс ачааг буулган тус компанид ачааг хүлээлгэн өгөх, чингэлэгийг цэвэрлэх, суллаж дуусаад чингэлгийг буцаахад бэлэн болсон талаар УБТЗ- ХНН-ийн Олон улсын тээвэр зуучлалын төвд мэдэгдэх үүргийг тээвэр зуучлалын "Т-" ХХК хүлээсэн нь Зам тээврийн хөгжлийн сайдын №А/154 дугаар тушаалын 5 дугаар хавсралт "Темер замаар ачаа тээвэрлэх журам"-ын 26.1-д "Вагон ба чингэлэгтэй ачааг буулгасны дараа гадна, дотор талаас нь цэвэрлэх бөгөөд бэхэлгээний ул авагдах хэрэгслээс бусад ачааны бэхэлгээг авч ачаа хүлээн авагч тээвэрлэгчид бэхэлгээнд зориулсан ул авагдах хэрэгслийг бүрэн бүтэн техникийн байдалд нь оруулж тээвэрлэгчид өгнө", Монгол улсын "Тээврийн зуучлал, ерөнхий шаардлага" MNS5523:2013 стандартын 5.1.1.4-д "Тээвэр зуучлагч Хүлээн авагчид ачааг олгох үүрэгтэй, 6.7.1-д "төгс үйлчилгээ" /хаалганаас хаалга хүртэл/ зевхен тээвэрлэлтийн үйлчилгээ бус ачааг илгээгчээс хүлээн авагчид /хаалганаас хаалга хүртэл/ хүргэх иж бүрэн ачаа ачих буулгах, хадгалах үйл ажиллагаа үйлчилгээ байна, 6.7.2-д тээвэр зуучлалын үйлчилгээний хэмжээ, цаг хугацаа, чанар нь хууль тогтоомж, гэрээ, тээврийн бичиг баримт болон бусад журамд нийцсэн байна" гэж заасан. Гэтэл тус ачааг нэхэмжлэгчид өгөх үүргийг тээвэр зуучийн "Т- ХХК хүлээсэн байтал анхан шатны шүүх үүнийг огт анхаарч үзээгүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Энэ үүргээ Т- ХХК биелүүлсэн бол "Т-" ХХК-ийн гаалийн хяналтын талбайгаас битумтэй 3 чингэлэг ачигдахгүй байсан.

Нэхэмжлэгч болон "Т-" ХХК-иудын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж буцаагдсан битумыг ОХУ-аас авчрах бүрэн боломжтой байсан ч авчраагүйгээс хохирлын хэмжээ нэмэгдсэнийг анхан шатны шүүх буруу дүгнэсэн. Учир нь ОХУ-руу ачаатай буцаагдсан чингэлгүүдийг буцаан авчрах боломж байгааг нэхэмжлэгч болон тээвэр зуучийн "Т-" ХХК нар мэдсэн, мэдсээр байж буцаан авчрах талаар ачаа илгээгч ОХУ-ын Трансконтейнер компани, тус компанийн Монгол дахь салбар, ОХУ-ын гаалийн байгууллагад хандаагүй нь хэргийн баримтуудаар нотлогддог. Ийнхүү хохирол нэмэгдсэнийг шүүх анхаарч үзээгүй, буцааж авч чадаагүй нь хэний үйл ажиллагаанаас шалтгаалсан эсэх дээр огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй, ялгаж салгахгүйгээр буруу, алдаатай шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Гомдолд дурдсан асуудлыг анхан шатны шүүхээр хэлэлцүүлсэн ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар болон гэрч н.Жавхлангийн мэдүүлгээр хэргийн бодит байдал тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасан үндэслэл илэрсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Т и-ХК нь хариуцагч УБТЗ--д холбогдуулан гэм хорын хохирол 114,057,640 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Чингэлгүүдийг суллаж 2020 оны 03 сарын 08 - 09-ний өдрүүдэд Оросын холбооны улсруу буцаасан бөгөөд 3 чингэлэгт ачигдсан битумыг хариуцагч УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төвийн ажилтан О.Ж- нь албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас буулгахгүйгээр ачаатай нь буцааж манай компанид их хэмжээний хохирол учруулсан. гэх агуулгаар,

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...гэм хорыг нөхөн төлөх үүрэг бүхий хариуцагч нь УБТЗ- биш, ОХУ-д буцаагдсан битумыг Монгол Улсад тээвэрлүүлэн авчрах, төлбөр тооцоог хийх, гаалийн хяналтаар оруулах, чингэлгээс ачааг буулган нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, чингэлгийг цэвэрлээд улмаар буцаалт хийх мэдэгдлийг УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучийн төвд мэдэгдэх үүргийг Т- тээвэр зуучийн компани хүлээсэн. Тээвэр зуучийн Т- ХХК нь өөрийн байгууллагын терминалын газрын ажлын зааварчилгаанд заасан технологит ажиллагааг мөрдөөгүйгээс ачаа буцаагдсан. Ажилтан О.Ж-гийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд ч тухайн чингэлгийн дотор талыг шалгаж үзэх, ломбо тавих үүрэг байхгүй. Тухайн хяналт шалгалт хийх албан үүргийг гаалийн улсын байцаагчид хүлээлгэсэн гэх агуулгаар тус тус тайлбарлажээ.

 

4. Т и-ХК-ийн Оросын холбооны улсаас худалдан авч 2020 оны 02 сарын 21-ний өдөр Монгол Улсын хилээр оруулж ирсэн 21 чингэлэг авто замын зориулалттай битум 2020 оны 03 сарын 06-ны өдөр гаалийн хяналтын бүсэд буужээ. Чингэлгүүд дэх ачааг буулгаж суларсныг илтгэх хоосон гэсэн тэмдэг бүхий лацтай чингэлгүүдийг гаалийн хяналтын бүсээс гаргаж ОХУ-руу 2020 оны 03 сарын 08-09-ний өдрүүдэд буцаагдсан чингэлгүүд дунд 3 ачаатай чингэлэг багтсан үйл баримтад зохигч маргаагүй.

Харин тус ачаатай 3 чингэлэг буцаагдсаны хариуцлага, үр дагаврыг хариуцагч хариуцах эсэх нь маргааны зүйл болжээ.

 

5. Анхан шатны шүүх хариуцагч УБТЗ--ын ажилтан О.Ж- өөрт олгогдоогүй эрх эдэлж, гаалийн улсын байцаагчийн хийж гүйцэтгэх лац зүүх ажлыг хийхдээ хайхрамжгүй хандаж, ачаа нь буугаагүй байсан 3 чингэлэгт хоосон гэсэн лац зүүснээс нэхэмжлэгчид хохирол учирсан, уг хохирлыг хариуцагч мөнгөн хэлбэрээр хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, улмаар хариуцагчаас хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагшад нийцээгүй байна.

5.1. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд Техник импорт" ХХК-ийн битумтай 3 чингэлгийг ОХУ-аас төмөр замаар тээвэрлүүлэн Монгол улсад авчрах, хүлээн авах, гаалийн хяналтаар оруулах, чингэлгээс ачааг буулган нэхэмжлэгчид ачааг хүлээлгэн өгөх, суларсан чингэлгийг цэвэрлэх болон чингэлэг суларч буцаахад бэлэн болсныг хариуцагчийн Олон улсын тээвэр зуучлалын төвд мэдэгдэх үүргийг тээвэр зуучлалын "Т-" ХХК хүлээсэн байна.

Тус компанийн 2017 оны 11 сарын 23-ны өдрийн 72 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Терминалын албаны үйл ажиллагааны журам-ын 3-ийн Кассирийн ажлын заавар-т заасан үүргийн дагуу Т- ХХК-ийн ажилтан Л.Ц-гаас хариуцагчийн Олон улсын тээвэр зуучлалын төвд 2020 оны 03 сарын 06-ны өдөр нийт 21 чингэлэг суларч буцаагдах талаар мэдэгдсэн, тус мэдэгдлийг үндэслэн хариуцагчийн Олон улсын тээвэр зуучлалын төвийн диспетчер С.Алтанцэцэг нь гаалийн хяналтын талбайд ажиллаж буй ажилтан О.Ж-д 21 чингэлэг буцаахыг мэдэгдсэн үйл баримт нь тэдгээрийн цагдаагийн байгууллагад өгсөн гэрчийн мэдүүлэг, цагдаагийн байгууллагаас Л.Ц-гийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогджээ. /1хх 71-80, 130-132, 2хх 45/

5.2. Т- ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 11 сарын 23-ны өдрийн 72 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Терминалын албаны үйл ажиллагааны журам-ын 4.2-ийн Хоосон чингэлэг, вагон ломбодох заавар-т Вагон болон чингэлгийг суларсан даруйд ачигч нараар сайтар цэвэрлүүлнэ, Хоосон чингэлэг буцаах зааврын дагуу хийгдсэн буцаалтын бичиг баримтын 1 дугаартай пакладны /хавсралт-1/ хүснэгт 28 дээр Гаалийн хяналтанд байгаа тэмдэг болон ГУАБ-н хувийн тэмдэг, хүснэгт 19 дээр мөн ГУАБ-н хувийн тэмдэг даруулж гаалийн ногоон ломбо авч байцаагчын хяналтан дор ломбодно, ...ломбыг зүүхээс өмнө бүрэн бүтэн байдлыг нь шалгаж үзэх ба гэмтэлтэй ломбоор вагон чингэлэг ломбодохыг хориглоно, Тээвэр зуучийн төлөөлөгч нь вагон чингэлэгийн цэвэрлэгээг шалган хангалттай гэж үзсэн тохиолдолд ломбодно (хэргийн 42 дахь талд) гэж тус тус заасан байна. /2хх 17-59/

5.3. Дээрхээс үзвэл тээвэр зуучийн Т- ХХК нь өөрийн зуучлалаар ирсэн ачааг хариуцсан менежрийн зааврын дагуу суллаж, цэвэрлэсний дараа баримтжуулан шалгаж, хариуцсан кассир нь ачигдахад бэлэн болсон хоосон чингэлгийн тоо, хэмжээ тус бүрээр нь гаалийн улсын байцаагч болон УБ өртөөнд мэдэгдэж, улмаар гаалийн улсын байцаагчийн хяналтан дор гаалийн үзлэгт оруулахаар заажээ. Хэрэгт зохигчийн маргаж буй ачаатай буцаагдсан 3 чингэлгийг Т- ХХК-аас дээрх журам, зааврын дагуу шалгаж буцаахад бэлэн болгосон, гаалийн улсын байцаагчийн зүгээс зохих журам, зааврын дагуу бэлэн болгосон чингэлгүүдийг хүлээн авсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

5.4. Гаалийн тухай хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн зорилгоор тэмдэглэгээ цаашид гаалийн тэмдэглэгээ гэх хийхдээ лац, ломбо, үсгэн болон бусад тэмдэглэгээ тавих, марклах, тээврийн болон худалдааны бичиг баримтад хяналтын тэмдэг дарах, сорьц, дээж, загвар авах, бараа, тээврийн хэрэгслийн шинж байдлыг дэлгэрэнгүй тодорхойлон бичих, фото зураг авах, бичлэг хийх, зураг, бүдүүвч зураг гаргах зэрэг боломжтой бүхий л аргыг хэрэглэнэ гэж, мөн зүйлийн 261.2-т Энэ хуулийн 261.1-д заасан тэмдэглэгээг гаалийн байгууллага, албан тушаалтан хийнэ гэж зохицуулжээ.

Мөн Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2017 оны А/28 дугаар тушаалын 22 тоот хавсралт Гаалийн хяналт, шалгалт хариуцсан Гаалийн улсын ахлах байцаагчийн ажил үүргийн хуваарь-ийн 24-т Мэдүүлэг, лац, ломбо тооцоот хуудасны бүртгэлийг хөтөлж, хяналт тавих, 25-д Гаалийн хяналтад орох, гарах бараа, тээврийн хэрэгслийг бүртгэн, манифестийн бичлэгийн үнэн зөвд хяналт тавьж, баталгаажуулах гэж зааснаар гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагч нь гаалийн хяналтын бүсэд хөтлөгдөх баримт бичиг, лац, ломбо, мэдүүлгийн бүртгэлийг хөтлөх, түүний хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна. /1хх 172-173/

5.5. Зохигчийн маргаж буй ачаатай буцаагдсан 3 чингэлгийг гаалийн хяналтын талбайд буулгасны дараа ачааг нь буулгаж суларсан чингэлгийг цэвэрлүүлэн Т- ХХК-аас хүлээн авч, уг чингэлэг хоосон бөгөөд буцаахад бэлэн болсныг илэрхийлэх ногоон өнгийн ломбо тавьж хариуцагч УБТЗ--ийн Олон улсын тээвэр зуучлалын төвийн тээвэрлэлтэд шилжүүлэх үүрэг нь тухайн гаалийн хяналтын бүсэд төрийн тодорхой чиг үүргийг хэрэгжүүлж буй гаалийн байгууллага, түүнийг төлөөлсөн гаалийн улсын байцаагчийн үндсэн чиг үүрэгт хамаарч байна.

Энэ талаар Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам-ын 6-д Гаалийн хилээр гаргах бараа, тээврийн хэрэгсэлд хийх гаалийн бүрдүүлэлт, хяналт-ыг зохицуулж, журмын 6.5-д Гаалийн хилээр гаргах бараа, тээврийн хэрэгслийг энэ журмын 5.3.-5.41-д заасны дагуу шалгаж, гаалийн бүрдүүлэлт хийнэ, 6.26-д Гаалийн хилээр хоосон чингэлэг гаргах тохиолдолд гаалийн улсын ахлах байцаагч манифестэд бичигдсэн чингэлгийн дугаарыг тулган шалгаж, ногоон өнгийн ломбо тавина гэж тухайлан заасан байхад гаалийн улсын байцаагч хуулиар хүлээсэн бүрэн эрхээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, өөрийн эрхлэх чиг үүргийг бусдад шижлүүлснээс RZDU041795-0, RZDU041483-8, RZDU005815-1 дугаарын гурван ачаатай чингэлэг ОХУ-руу буцаагдсан байна.

Гаалийн байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтны үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн үр дагаврыг хариуцагч хүлээх, хохирлыг арилгах үүрэггүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

6. Тээвэр зуучийн Т- ХХК-ийн гаалийн хяналтын талбай дахь гаалийн хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан өөрийн албан тушаалын бүрэн эрхэд хамаарах чиг үүргийг Гаалийн тухай хуулийн 261 дүгээр зүйлийн 261.3-261.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй байхад Т- ХХК-ийн ажилтанд шилжүүлсэн болох нь Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 10 сарын 01-ны өдрийн 1690 дугаартай прокурорын тогтоол болон уг хэргийг эрүүгийн журмаар шалгах явцад мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. /1хх 13-16, 65-82, 165-171/

 

7. Иймд хариуцагч УБТЗ--аас гэм хорын хохиролд 114,057,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Техник имплрт ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хангах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/00800 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч УБТЗ--аас 114,057,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т и-ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 569,849 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ