Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2021/01240

 

 

 

 

 

 

 

 

      2021        04            29                                         101/ШШ2021/01240

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Л.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б

 

Хариуцагч: З.Ба нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 16,974,420 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагч бөгөөд хариуцагч Д.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ба, хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б  би Д.Б , З.Ба нарт 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 65 хувийн хүүтэйгээр 30,000,000 төгрөгийг зээлдүүлж, гэрээний 2.6-д зааснаар зээлдэгч зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцохоор харилцан тохирч гэрээ байгуулан нотариатаар батлуулсан.

Мөн зээлдэгч нарын хүсэлтээр тус зээлийн гэрээг 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл зээлийн гэрээний үндсэн нөхцөлтэйгээр сунгасан. Гэвч зээлдэгч нар зээлийн үндсэн хугацааны хүүнд 10,800,000 төгрөг төлөхөөс 6,200,000 төгрөг төлж, төлөх ёстой хүүгийн төлбөрөөс 4,600,000 төлөгдөөгүй ба үндсэн зээлэнд нэг ч төгрөг төлөөгүй. Ингээд зээлдэгч нарын хүсэлтээр зээлийн гэрээг 4 сараар сунгасан боловч энэ хугацаанд мөн хүүнд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 6,480,000 төгрөг төлөхөөс 800,000 төгрөг төлж, төлөх ёстой хүүгээс 5,680,000 төгрөг төлөгдөөгүй ба нийт төлөгдөөгүй хүүгийн үлдэгдэл 10,280,000 төгрөг болно. Харин үндсэн зээлэнд нэг ч төгрөг төлөөгүй байж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг төлсөн. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс гэрээний нийт хугацаа дуусан 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг түүний хүү болох 12 хоногийн хүү 240,000 төгрөг, нийт гэрээний хугацаанд төлөгдөөгүй хүү 10,520,000 төгрөг, үндсэн зээл 10,000,000 төгрөг, нийт 20,520,000 төгрөг болж байна.

Зээлийн гэрээний 2.6-д зааснаар 0,5 хувиар алданги тооцоход 20,520,000 төгрөгөөс 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 ны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 77 хоног буюу өдрийн алданги 102,600 төгрөг буюу нийт 7,900,000 төгрөг.

Ингээд зээлдэгч нар нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үндсэн зээлэнд 5,000,000 төгрөг төлж /20,520,000-5,000,000/ зээл, хүүнд 15,520,000 төгрөг төлж үлдэж, үүний алданги 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх 6 хоногийн алданги /77,600 төгрөг*6 хоног/ нийт 465,600 төгрөг төлөх. 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл болох 5,000,000 төгрөгийг төлж дуусгасан боловч 2018 оны 02 дугаар сарын 22-ноос 2018 ны  3 дугаар сарын 19-ний дөөр хүртэл 17 хоног /хүүгийн үлдэгдэл болох 10,520,000 төгрөгийн 0,5 хувь алданги нь өдрийн 5,260 төгрөг*17 хоног 89,420 төгрөг/ нийт алданги 8,454,420 төгрөг.

Гэрээний хугацаанд төлөгдөөгүй 10,520,000 төгрөгөөс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг төлсөн учир нийт хүүгийн үлдэгдэл 8,520,000 төгрөг.

Иймд Д.Б , З.Ба нараас төлөгдөөгүй хүүнд 8,520,000 төгрөг, алданги 8,454,420 төгрөг, нийт 16,974,420 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч З.Ба нэхэмжлэлийн шаардлагыг 16 үйлдлээр няцааж байна. Үүнээс 6 үйлдлийг зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн бодолтоор төлөх төлбөр байхгүй гэж байна. Хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тооцооны дугаар бүрт тайлбараа өгсөн талаар хавтаст хэрэгт байгаа. Тооцооны  9, 11, 12 , 13, 15 ,16-г хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа бичиж өгсөн. 9-д бичигдсэн 200,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, Хэргийн материалын 103, 104 дүгээр хуудсанд Түвшинбаяр, З.Ба нарын 2017 оны 08 сарын 14-ны өдөр зээлсэн 5,000,000 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэл 106,000 төгрөгт тооцож шүрэн ээмэг өгсөн, энэ нь өөр зээл байгаа.  Тооцооны 14 дүгээрт бичигдсэн 5,400,000 төгрөгийн шүрэн толгой. 2017-9 сард дэлгүүрийн үнэ 5,600,000 төгрөгийн үнэтэй шүрэн толгойг 5,400,000 төгрөгт тооцож авсан гэж хариуцагч хэлдэг. Энэ 5,400,000 төгрөгийн шүрэн толгой нь өөр зээл, 2010 оны 01 сарын 02-ны өдрийн 1700 долларын барьцаанд байсан шүрэн толгой байгаа.  1700 долларын барьцаанд байсан шүрэн толгойг З.Бат буцааж хүлээлгэж өгсөн. З.Баийн өөрийн гараар бичсэн бичгийн баримтаар нотлогдоно. Зээлийн төлбөр төлөлтийг Ганаа гэх хүний нэрээр хийдэг байсан. Энэ нь 1700 долларын зээлийн төлөлт юм. Тооцооны  12 хуудсанд Л.Б  руу 1,000,000 төгрөгийг нөхөр Түвшинбаяраас гэж байгаа, 2017 оны 08 сарын 14-ны өдрийн 5,000,000 төгрөгийг Түвшинбаяр өөрийн хаан банкны дансаар авсан, уг зээлтэй холбоотой төлбөрийг 2017 оны 10 сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлсөн.  2017 оны 02 сарын 10-ны өдрийн  гэрээн дээр зээлийн төлбөрийг Одонтуяагийн данс руу шилжүүлэх талаар дурдсан байгаа. Түвшинбаяраас Л.Б  руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн байгаа нь юунд төлж байгаа нь ямар ч тайлбаргүй байна. Тооцооны 13 хуудаст 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 60,000 төгрөгийг Цогтбаатар луу журмын хашааны төлбөрийг шилжүүлсэн нь өөр хүний данс руу хийсэн учраас Л.Б д хамаагүй. Тооцооны 15 хуудсанд Л.Б  руу 1,400,000 төгрөгийг төлсөн нь юун тус мөнгийг төлөөд байгаа талаар ямар ч тайлбар байхгүй. Үүнийг З.Ба нь 2018 оны 01 сарын 18-ны өдөр найз Туул руу 1,400,000 төгрөгийг Л.Б г шилжүүлээд өгөөгч, маргааш өгье гэж хэлсний дагуу  найз Туулын 5130001420 тоот данс руу нь 1,400,000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 01 сарын 19-ны өдөр З.Ба нь буцаагаад Л.Б гийн данс руу буцааж шилжүүлсэн. 2017 оны 02 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээнд  төлбөрийг хэний данс руу шилжүүлэх талаар тодорхой заасан байгаа. 16 дугаар тооцоог зөвшөөрөхгүй байгаа, шүрэн толгойг 1,218,000 төгрөгт тооцож авсан гэж байгаа нь 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд хамааралгүй. 2018 оны 02 сарын 14-ны өдөр авсан 10,000,000 төгрөгийг З.Ба нь авсан. 2018 оны 03 сарын 08-ны өдөр З.Ба нь 10,000,000 төгрөгөө төлсөн. Уг зээлийн хүүд нь 1,218,000 төгрөгийн шүрэн эдлэл авсан.  1,218,000 төгрөгийн шүрэн эдлэлийг 2016 оны 02 сарын 10-ны өдрийн зээлийн хүүгээс хасаж тохиров гээд доор нь Л.Б  10,000,000 төгрөгийн хүүгээс хасна гэж бичсэн байна. Тус 1,218,000 төгрөг мөнгө 30,000,00 төгрөгийн зээлийн гэрээнд хамааралгүй. Нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, нотлох баримтуудыг нэг бүрчлэн гаргаж өгсөн. З.Ба, З.Б  нар нь олон зээл авдаг учраас өөр зээлийн тооцооны баримт болон шүрэн эдлэлийг 30,000,000 төгрөгийн зээлд оруулж байгаа нь үндэслэлгүй юм гэв.

 

Хариуцагч Д.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч З.Ба шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн шаардсан үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 30,000,000 төгрөгийн эхний  6 сарын хүүг  6 хувиар, хэргийн материалын 67 дугаар хуудсанд мөнгөө хэрхэн төлснөө тайлбарласан байгаа. 2017 оны 02 сарын 10-нд зээл аваад сар болгоны 10-ны өдөр 1,800,000 төгрөг төлөх талаархийг хэргийн материалын 35 дугаар хуудсанд тайлбараа гаргаж өгсөн байгаа. 2017- 03 сарын 10-ны өдөр төлөх ёстой хүүгээ  Л.Б гийн охин Одонтуяагийн данс руу  800,000,  500,000,  500,000 төгрөгийг төлсөн. 04 дүгээр сарын хүүгээ 900,000, 900,000 төгрөгийг төлсөн, хавтаст хэргийн 39-40 ээр хуудсанд баримт нь байгаа.  5 дугаар сарын хүүгийн төлбөрийг 2017 оны 05 сарын 30-ны өдөр шүрэн эдлэл гэж шилжүүлсэн. Шүрэн эдлэл төлөхдөө дэлгүүрт байгаа 3,000,000 төгрөгийн үнэ бүхий шүрэн эдлэлийг 2,100,000 төгрөгт тооцож өгөөд 5 сарын хүүгийн төлбөрт 300,000 төгрөгийг илүү төлөөд уг 300,000 төгрөг нь 6 сарын хүүгийн төлбөрт орсон байгаа. 6 сарын хүүгийн төлбөрийг 6 сарын 11-ний өдөр Л.Б гийн охин Одонтуяагийн данс руу 500,000 төгрөг, шүрэн ээмэг, үлдэгдэл 300,000 төгрөгийг нэхэмжлэгчийн бичиж өгсөн тооцоогоор нь 300,000 төгрөгийг төлсөн. Нийт 6 сарын хүүгийн төлбөрт 1,800,000 төгрөгийг төлсөн. 7-8 сарын хүүгийн төлбөрийг 6 хувийн хүүгээр төлөхдөө шүрэн толгой өгч төлсөн. Шүрэн толгой нь 21 размерын толгойг 5,400,000 төгрөгийн үнэтэй. 7, 8, 9 сарын зээлийн хүүд өгөхөөр тохиролцож төлсөн байгаа нь хэргийн материалын 45 дугаар хуудсанд Л.Б гийн өөрийн  гарын үсгээ зурж авсан талаарх баримт байгаа. Эхний зээлсэн 6 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлсэн мөнгөнийхөө хүүг бэлэн  мөнгө болон шүрэн эдлэл оролцуулж нийт 10,800,000 төгрөгийг төлсөн. Нэг сарын хүү илүү төлсөн байгаа нь 09 сарын төлбөрт тооцогдоно гэдэг нь хэргийн материалын 45 дугаар хуудсанд байгаа. Зээлийн гэрээг 2017 оны 08 сарын 09-ны өдрөөс 10 сарын 09-ны өдрийг хүртэл 3,5 хувийн хүүтэйгээр тохиролцож сунгаад нэг сарын төлбөрт 1,050,000 төгрөг төлөх нөхцөл үүссэн. 2017 оны 12 сарын 09-ны өдөр хүртэл эхний 3 сарын төлбөрөө 1,050,000 төгрөгөөр 3 удаагийн төлбөр, 2017 оны 12 сарын 09-ний өдрийг хүртэл хүүгийн төлбөр 763,300 төгрөг болсон. 2017 оны 11 сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөгийг үндсэн зээлээсээ төлсөн. 30,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг хасаад 10,000,000 төгрөгийн 11 хоногийн хүү 763,000 төгрөг, нийт зээлийн гэрээ сунгаснаар 3,943,000 төгрөгийн хүү төлөхөөс 3 сарын хүүд өгч байгаа шүрэн толгой, 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2017 оны 11 сарын 22-ны өдрийн 60,000 төгрөг нийт 2,680,000 төгрөгийг төлөөд 1,083,333 төгрөгийг дутуу төлсөн. Дутуу төлснөө 2018 оны 11 сарын 19-ны өдрөөс төлж эхэлсэн байгаа нь хэргийн материалын 67 дугаар хуудсанд байгаа. 3,5 хувиас төлөгдсөн төлбөрийн баримтууд нь хэрийн материалын 45, 46 , 47 дугаар хуудсанд байгаа. 2017 оны 12 сарын 09-ний өдрийг хүртэл 6 хувь, 3,5 хувь  бүх хүүгийн төлбөрөө төлөөд 2017 оны 12 сарын 09-ний өдрөөс хойш 2018 оны 02 сарын 22-ны өдрийг хүртэл нийт мөнгөө төлж дуусах хүртлээ алдангиа 0,5 хувийн хүүгээр төлсөн. Хүү төлөхдөө 1,083,000 төгрөгийг дутуу төлснөө 2018 оны 01 сарын 18-ны өдөр 1,400,000 төгрөг, 2018 оны 02 сарын 10-ны өдөр шүрэн эдлэл 1,218,000 төгрөг, 2018 оны 04 сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг  нийт зээлийн хүү болон алдангид 18,278,000 төгрөгийг төлөөд үндсэн зээл 2017 оны 11 сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 02 сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 02 сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн. Баримт нь хэргийн материалын 51, 52, 53 дугаар хуудсанд байгаа. Л.Б д зээлийн хүү алданги 18,278,000 төгрөг, нийт 48,278,000 төгрөгийг төлсөн. Л.Б  2020 оны 11 сарын 06-ны өдөр 9,278,000 төгрөгийг аваагүй гэж тайлбарласан. 106,000 төгрөгийн шүрэн ээмэг өгсөн гэж байгаа нь 30,000,000 төгрөгийн зээл авахад 106,000 төгрөгийн тооцоо гэсэн ямар нэгэн тооцоо байгаагүй. Өөрийн бичгээ хархаар 156,000 төгрөг гэсэн тооцоо байгаа. 156,000 төгрөгийн тооцоонд 200,000 төгрөгийн ээмэг өгсөн байгаа нь хэргийн материалын 43 дугаар хуудсанд байгаа. 106,000 төгрөг гэсэн тоо 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд хамааралгүй. 11 дүгээрт бичигдсэн 5,400,000 төгрөгийн шүрэн толгойг аваагүй, авчхаад буцаагаад өгсөн гэж тайлбарлаж байна. Зээлийн хүүгийн төлбөрт өгсөн 5,400,000 төгрөгийн шүрэн толгой нь 21 размерын толгойг 2017 оны 09 сард Л.Б д өгсөн. Л.Б  өөрийн гараар 7, 8, 9 сарын хүүгийн төлбөрт тооцож авна гэсэн баримт хэргийн материалын 45 дугаар хуудсанд байгаа. 2017 оны 09 сард өгсөн шүрэн толгойг 2018 оны 01 сарын 02-ны өдөр иргэн Ганчимэгт өгсөн 1700 долларын зээлийн барьцаанд авсан +21 толгойг буцааж өгсөн байдлаар тайлбарласан. 1700 доллар миний авсан 30,000,000 төгрөгийн зээлэнд ямар ч хамааралгүй. Надаас авсан шүрэн толгой болон 1700 долларын барьцаанд авсан шүрэн толгой хоёрын размер нь өөр байгаа нь нотлох баримт болон гэрч Шинэхүү, Ганчимэг нарын мэдүүлгээр нотлогдож байна.  Надаас зээлийн хүүд авсан шүрэн толгой нь 2017 оны 09 сард авсан, Ганчимэгийн 1700 доллар зээлийн барьцаанд +29 размерын толгойг 2018 оны 01 сарын 02-ны өдөр өгсөн гэж байгаа нь Л.Б г худлаа хэлж байгаа нь баримтаар нотлогдож байна. Миний 2017 оны 08 сарын 14-ны өдөр өгсөн 1,000,000 төгрөгийг Л.Б  няцааж байна. Уг 1,000,000 төгрөг нь 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой. Хэргийн материалын 46 дугаар хуудсанд өөрийн нөхөр Түвшинбаярын данснаас төлсөн баримт байгаа. 60,000 төгрөгийг бас нэхэмжлэгч няцааж байна. 60,000 төгрөгийг 2017 оны 11 сарын 22-ны өдөр Л.Б  бид 2 уулзсан. Уулзаж дууссаны дараа Л.Б  над руу чамаас болоод би машинаа ачуулчихлаа, одоо чи үндсэн зээлээсээ хасаад 60,000 төгрөгийг хүний данс руу хийгээдэх гэж хэлсэн. Энэ талаарх баримт нь хэргийн материалын 47 дугаар хуудсанд байгаа. Гүйлгээний утга дээр Б д 30,000,000 төгрөгөөс үндсэн зээлд төлөв гэж бичсэн. Дараа нь Л.Б  1,400,000 төгрөгийг З.Ба өөрийн найз Туул гэх хүнд авч өгөөд буцааж надад өгсөн гэж байгаа. Надад Туул гэдэг найз байхгүй, хэргийн материалын 49 дүгээр хуудсанд миний  мөнгө шилжүүлсэн баримтын утга дээр зээл төлөв гэж бичсэн. Би Л.Б  руу мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр юунд төлж байгаа тодорхой бичдэг. Л.Б  1,218,000 төгрөгийн үнэ бүхий шүрэн шигтгээг авснаа 30,000,000 төгрөгийн зээлд хамааралгүй гэж тайлбарлаж байна. Энэ мөнгө 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд хамааралтай. Хэргийн материалын 50 дугаар хуудсанд Л.Б гийн бичсэн бичиг дээр шүрэн эдлэлийг надаас 2018 оны 02 сарын 10-ны өдөр авч явахдаа хүлээлгэж өгсөн З.Ба, авсан Л.Б  10,000,000 төгрөгийг хүүгээс хассан гэж байгаа. Хэргийн материалын 50 дугаар хуудсанд 2016 оны 02 сарын 10-ны зээлийн хүүгээс хасаад өгөв гэсэн нь огноо андуурсан байна. Би Л.Б гаас 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээнээс гадна 10,000,000 төгрөгийг тусад нь зээлээгүй. Л.Б д төлсөн нийт 48,278,000 төгрөгөөс 9,278,000 төгрөгийг аваагүй, шүрэн толгойг буцааж өгсөн гэх  талаар худлаа тайлбаруудыг гаргасан байгааг нь би тайлбарлалаа, бүх тайлбараа нотлох баримттай тайлбарласан учраас дахиж тайлбарлахад ч бэлэн байна. Одоо надад Л.Б д төлөх төлбөр байхгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээ байгуулсан. 2017 оны 02 сарын 10-ны өдрийн байгуулсан зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийн авснаа хүлээн зөвшөөрдөг. Зээлийн гэрээний 2,5-д заасны дагуу зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн охин Одонтуяагийн данс руу зээлийн төлөлтийн зарим төлбөрийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал хариуцагч нараас үндсэн зээлийн 20,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч 5,400,000 төгрөгийн баримт дээр маргадаг. 5,400,000 төгрөгийн баримтыг үзэхэд хавтаст хэрэгт байгаа нэхэмжлэгчийн бичсэн бичигт өөрийн гарын үсэг мөн  гэдгийг өмнөх шүүх хуралдаан дээр гаргасан үзлэг хийлгүүлэх хүсэлтийг Л.Б  өөрийн гараар бичгээр гаргаж өгсөн бичиг байгаа баримтаар нотлогдоно. 1,000,000 төгрөгийг хариуцагч талаас шилжүүлэхдээ 2016 оны 02 сарын 10-ны зээл гэж хийсэн байгаа. З.Ба андуурсан, Л.Б  болон З.Б , З.Ба нарын хооронд тус хугацаанд гэрээ байгуулаагүй. Төлбөр төлсөн 10,000,000 төгрөгийн баримт дээр андуураад 2016 оны 02 сарын 10-ны зээлийн  гэрээний 5,000,000 төгрөг төлсөн гэсэн баримтыг хавтаст хэргийн 51 дүгээр талд байгаа. Манай үйлчлүүлэгчийн 2016 оны зээл гэсэн нь он сарын хувьд андуурсан байгаа. Нэхэмжлэгч тал зээлийн хүү болон алдангийг нэхэмжилж байгаа, хуульд зааснаар үндсэн зээлийг нэхэмжлээгүй байж, зээлийн хүү, алдангийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч талын тайлбарт үндсэн зээлийн сүүлийн төлөлтийг 2018  оны 02 сарын 22-ны өдөр нь төлсөн бол энэ өдрөөс ямар нэгэн алданги, үндсэн хүү нэхэмжлэх эрх байхгүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага анхнаасаа ойлгомжгүй байсан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өөрчлөхдөө анхны нэхэмжлэлийн шаардлагаас өөр байгаа. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ өөрчлөгдсөн. Өөрчлөгдсөн байгааг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэж үзэхгүй. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хэргийн материалд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 4 өөрөөр гаргасан нь авагдсан. Хариуцагч тал 2018 оны 02 сарын 22-ны өдрийг хүртэл үндсэн зээл 30,000,000 төгрөг, 2018 оны 04 сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөгийг төлсөн. Нийт 48,278,000 төгрөгийг Л.Б д төлсөн. Зээлийн гэрээний хүүгийн төлбөрийг нэг хоёр хоног хоцруулсан боловч яг  хугацаандаа төлсөн баримтыг хавтаст хэрэгт баримтаар өгсөн байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б  нь хариуцагч Д.Б , З.Ба нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,647,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 16,974,420 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна.

 

Нэхэмжлэгч нь анх шаардсан 10,647,000 төгрөгийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулж, 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл гэрээг сунгаж 3,5 хувийн хүүтэй тохирсон боловч зээлдэгч нар нийт 37,200,000 төгрөг төлснөөс хүүгийн төлбөр 15,000,000 төгрөгийг хасч үлдэх 22,200,000 төгрөгийг үндсэн зээл болох 30,000,000 төгрөгөөс хассан, үндсэн зээлийн үлдэгдэл 7,800,000 төгрөг, 73 хоногийн алданги 2,847,000 төгрөг, нийт 10,647,000 төгрөг гаргуулна гэжээ.

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа 16,974,420 төгрөг болгож нэхэмжлэлийн үнийн дүнг 6,327,420 төгрөгөөр нэмэгдүүлэхдээ, дээр дурьдсан үндэслэлд тулгуурлаагүй.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.

 

Талууд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Л.Б  нь зээлдэгч Д.Б , хамтран зээлдэгч З.Ба нарт 30,000,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сард 6 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор зээлдүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.”, 232 дугаар зүйлийн  232.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т “... бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө.гэж тус тус заажээ.

 

Хариуцагч З.Ба нь нэхэмжлэгчийн охин гэх х.Одонтуяад 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, мөн оны 3 дугаар сарын 10-ны өдөр 2 удаа 500,000 төгрөг, мөн оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 2 удаа 900,000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, мөн оны 8 дүгээр сарын 14-ний өдөр 300,000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж, Л.Б д 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1,400,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, 02 дугаар сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөг, 4 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж, журмын хашааны төлбөр гэх 60,000 төгрөгийг шилжүүлж өгсөн,  2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 350,000 төгрөгөөр үнэлэгдэх шүрэн ээмгийг 200,000 төгрөгт тооцож Л.Б д өгсөн, 2017 оны 9 дүгээр сард 5,6 сая төгрөгөөр үнэлэгдэх шүрэн толгойг /хөөрөгний шүрэн толгой/ 5,400,000 төгрөгт тооцож Л.Б  авсан хэмээн нийт 48,278,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь дээрх төлбөр төлөгдсөн гэх хариуцагчийн татгалзлаас 200,000 төгрөгт тооцсон шүрэн ээмэг, 5,400,000 төгрөгт тооцсон шүрэн толгой тус тус авсан гэх тайлбарыг эс зөвшөөрч маргасан.

 

Хариуцагч нь 200,000 төгрөгт тооцож шүрэн ээмэг өгсөн талаараа нотлох баримтаар нотлоогүй боловч 5,400,000 төгрөгт тооцож, хөөрөгний шүрэн толгойг Л.Б  авч явсан гэх тайлбар үндэслэлтэй болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Love by the book гэх бичигтэй улаан алаг хавтастай, сурагчийн дөрвөлжин шугамтай дэвтэрт “18” цифрээр дугаарлагдсан хуудсын ар талд бичигдсэн “Болороо 5-10. 2,100,000-1,800,000-г 300,000 сард.

6-10. 1,800,000-300,000-500,0. 500,000-300,000

7-1,800,0

8-1,800,0

9-1,800,0

Жи/толгой авч явлаа. Үзээд авч ирж өгнө. Хүлээлгэн өгсөн З.Ба” гэх тэмдэглэлийг нэхэмжлэгч үгүйсгэж нотлоогүй ба уг тэмдэглэлийг бичигдсэн үйл баримтыг үгүйсгэхгүй тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.

Дээр дурьдсанаар хариуцагчийн татгалзлаас 48,078,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн шаардаж буй 16,74,420 төгрөгийн шаардлагын үндэслэлд дурьдсан хугацаагаар хүү, алдангийг тооцоход, хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримтууд, төлөгдсөн мөнгөн дүнгээс зөрүүтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхээр бүрдүүлж авахаар хүсэлт гаргах эрхтэй.

 

Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдсанаар талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлд тухайлан заасан үүрэг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Д.Б , З.Ба нараас 16,974,420 төгрөг гаргуулах тухай Л.Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,502 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.УНДРАА