Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01121

 

Л.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/01240 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Бгийн хариуцагч Д.Б, З.Бнарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт            16 974 420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч З., хариуцагчийн өмгөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарт 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 6 хувийн хүүтэйгээр 30 000 000 төгрөгийг зээлдүүлж, гэрээний 2.6-д зааснаар зээлдэгч зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцохоор харилцан тохирч гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Мөн зээлдэгч нарын хүсэлтээр тус зээлийн гэрээг 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл зээлийн гэрээний үндсэн нөхцөлтэйгээр сунгасан. Гэвч зээлдэгч нар зээлийн үндсэн хугацааны хүүд 10 800 000 төгрөг төлөхөөс 6 200 000 төгрөг төлж, төлөх ёстой хүүгийн төлбөрөөс 4 600 000 төлөгдөөгүй ба үндсэн зээлээс төлөөгүй. Ингээд зээлдэгч нарын хүсэлтээр зээлийн гэрээг 4 сараар сунгасан боловч энэ хугацаанд мөн хүүд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 6 480 000 төгрөг төлөхөөс 800 000 төгрөг төлж, төлөх ёстой хүүгээс 5 680 000 төгрөг төлөгдөөгүй ба нийт төлөгдөөгүй хүүгийн үлдэгдэл 10 280 000 төгрөг болно. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөг төлсөн. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс гэрээний нийт хугацаа дуусан 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 10 000 000 төгрөг түүний хүү болох 12 хоногийн хүү 240 000 төгрөг, нийт гэрээний хугацаанд төлөгдөөгүй хүү 10 520 000 төгрөг, үндсэн зээл 10 000 000 төгрөг, нийт 20 520 000 төгрөг болж байна. Зээлийн гэрээний 2.6-д зааснаар 0,5 хувиар алданги тооцоход 7 900 000 төгрөг болж байна. Ингээд зээлдэгч нар нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үндсэн зээлэнд 5 000 000 төгрөг, хүүд 15 520 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 2 000 000 төгрөг төлж хүүгийн үлдэгдэл 8 520 000 төгрөг байна. Хариуцагчийн тооцооны 9, 11, 12, 13, 15 ,16-г хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхэд гаргасан тайлбартаа дэлгэрэнгүй тайлбарласан. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 16 974 420 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардсан үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчээс 30 000 000 төгрөгийн 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд хэргийн материалын 67 дугаар хуудсанд мөнгөө хэрхэн төлснөө тайлбарласан байгаа. 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төлөх ёстой хүүгээ Л.Бгийн охин Одонтуяагийн данс руу 1 800 000 төгрөг, мөн оны 04 дүгээр сарын хүү 1 800 000 төгрөгийг төлсөн. Хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудсанд баримт нь байгаа. Мөн оны 5 дугаар сарын хүүгийн төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүрэн эдлэл гэж шилжүүлсэн. Шүрэн эдлэл төлөхдөө дэлгүүрт байгаа 3 000 000 төгрөгийн үнэ бүхий шүрэн эдлэлийг        2 100 000 төгрөгт тооцож өгөөд 5 сарын хүүгийн төлбөрт 300 000 төгрөгийг илүү төлөөд уг 300 000 төгрөг нь 6 сарын хүүгийн төлбөрт орсон байгаа. Мөн оны 6 дугаар сарын хүүгийн төлбөрийг 6 дугаар сарын 11-ний өдөр Л.Бгийн охин Одонтуяагийн данс руу             500 000 төгрөг, шүрэн ээмэг, үлдэгдэл 300 000 төгрөгийг нэхэмжлэгчийн бичиж өгсөн тооцоогоор нь 300 000 төгрөгийг төлсөн. Нийт 6 сарын хүүгийн төлбөрт 1 800 000 төгрөгийг төлсөн. 7-8 сарын хүүгийн төлбөрийг 6 хувийн хүүгээр төлөхдөө шүрэн толгой өгч төлсөн. Шүрэн толгой нь 21 размерын толгойг 5 400 000 төгрөгийн үнэтэй. Эхний зээлсэн 6 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлсэн мөнгөнийхөө хүүг бэлэн мөнгө болон шүрэн эдлэл оролцуулж нийт 10 800 000 төгрөгийг төлсөн. Нэг сарын хүү илүү төлсөн байгаа нь мөн оны 09 дүгээр сарын төлбөрт тооцогдоно гэдэг нь хэргийн материалын 45 дугаар хуудсанд байгаа. Зээлийн гэрээг 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 3,5 хувийн хүүтэйгээр тохиролцож сунгаад нэг сарын төлбөрт 1 050 000 төгрөг төлөх нөхцөл үүссэн. 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл эхний 3 сарын төлбөрөө 1 050 000 төгрөгөөр 3 удаагийн төлбөр, 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хүүгийн төлбөр 763 300 төгрөг болсон. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөгийг үндсэн зээлээсээ төлсөн. Нийт зээлийн гэрээ сунгаснаар 3 943 000 төгрөгийн хүү төлөхөөс 3 сарын хүүд өгч байгаа шүрэн толгой, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 60 000 төгрөг нийт 2 680 000 төгрөгийг төлөөд 1 083 333 төгрөгийг дутуу төлсөн. Дутуу төлснөө 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс төлж эхэлсэн байгаа нь хэргийн материалын 67 дугаар талаар нотлогдоно. Хүү төлөхдөө 1 083 000 төгрөгийг дутуу төлснөө 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1 400 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүрэн эдлэл 1 218 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 2 000 000 төгрөг нийт зээлийн хүү болон алдангид 18 278 000 төгрөгийг төлөөд үндсэн зээл 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 5 000 000 төгрөгийг төлсөн. Баримт нь хэргийн материалын 51, 52, 53 дугаар хуудсанд байгаа. Л.Бд зээлийн хүү алданги 18 278 000 төгрөг, нийт 48 278 000 төгрөгийг төлсөн. Л.Б 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 9 278 000 төгрөгийг аваагүй гэж тайлбарласан. 106 000 төгрөгийн шүрэн ээмэг өгсөн гэж байгаа нь 30 000 000 төгрөгийн зээл авахад 106 000 төгрөгийн тооцоо гэсэн ямар нэгэн тооцоо байгаагүй. Өөрийн бичгээ хархаар 156 000 төгрөг гэсэн тооцоо байгаа. 156 000 төгрөгийн тооцоонд 200 000 төгрөгийн ээмэг өгсөн байгаа нь хэргийн материалын 43 дугаар хуудсанд байгаа. 106 000 төгрөг гэсэн тоо 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд хамааралгүй. 11 дүгээрт бичигдсэн 5 400 000 төгрөгийн шүрэн толгойг аваагүй, авчхаад буцаагаад өгсөн гэж тайлбарлаж байна. Зээлийн хүүгийн төлбөрт өгсөн 5 400 000 төгрөгийн шүрэн толгой нь 21 размерын толгойг 2017 оны 09 сард Л.Бд өгсөн. Л.Б өөрийн гараар 7, 8, 9 сарын хүүгийн төлбөрт тооцож авна гэсэн баримт хэргийн материалын 45 дугаар хуудсанд байгаа. 2017 оны 09 сард өгсөн шүрэн толгойг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Ганчимэгт өгсөн 1700 долларын зээлийн барьцаанд авсан +21 толгойг буцааж өгсөн байдлаар тайлбарласан. 1700 доллар миний авсан 30 000 000 төгрөгийн зээлэнд ямар ч хамааралгүй. Надаас авсан шүрэн толгой болон 1700 долларын барьцаанд авсан шүрэн толгой хоёрын размер нь өөр байгаа нь нотлох баримт болон гэрч Шинэхүү, Ганчимэг нарын мэдүүлгээр нотлогдож байна. Надаас зээлийн хүүд авсан шүрэн толгой нь 2017 оны 09 сард авсан, Ганчимэгийн 1700 доллар зээлийн барьцаанд +29 размерын толгойг 2018 оны 01 сарын 02-ны өдөр өгсөн гэж байгаа нь Л.Бг худлаа хэлж байгаа нь баримтаар нотлогдож байна. Миний 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өгсөн 1 000 000 төгрөгийг Л.Б няцааж байна. Уг 1 000 000 төгрөг нь 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой. Хэргийн материалын 46 дугаар хуудсанд өөрийн нөхөр Түвшинбаярын данснаас төлсөн баримт байгаа. 60 000 төгрөгийг бас нэхэмжлэгч няцааж байна. 60 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Л.Б бид 2 уулзсан. Уулзаж дууссаны дараа Л.Б над руу чамаас болоод би машинаа ачуулчихлаа, одоо чи үндсэн зээлээсээ хасаад 60 000 төгрөгийг хүний данс руу хийгээдэх гэж хэлсэн. Энэ талаарх баримт нь хэргийн материалын 47 дугаар хуудсанд байгаа. Гүйлгээний утга дээр Болормаад             30 000 000 төгрөгөөс үндсэн зээлд төлөв гэж бичсэн. Дараа нь Л.Б 1 400 000 төгрөгийг З.Бөөрийн найз Туул гэх хүнд авч өгөөд буцааж надад өгсөн гэж байгаа. Надад Туул гэдэг найз байхгүй, хэргийн материалын 49 дүгээр хуудсанд миний мөнгө шилжүүлсэн баримтын утга дээр зээл төлөв гэж бичсэн. Би Л.Б руу мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр юунд төлж байгаа тодорхой бичдэг. Л.Б                 1 218 000 төгрөгийн үнэ бүхий шүрэн шигтгээг авснаа 30 000 000 төгрөгийн зээлд хамааралгүй гэж тайлбарлаж байна. Энэ мөнгө 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд хамааралтай. Хэргийн материалын 50 дугаар хуудсанд Л.Бгийн бичсэн бичиг дээр шүрэн эдлэлийг надаас 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр авч явахдаа хүлээлгэж өгсөн З.Батхишиг, авсан Л.Б 10 000 000 төгрөгийг хүүгээс хассан гэж байгаа. Хэргийн материалын 50 дугаар хуудсанд 2016 оны 02 дугаар сарын 10-ны зээлийн хүүгээс хасаад өгөв гэсэн нь огноо андуурсан байна. Миний бие Л.Бгаас 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээнээс гадна 10 000 000 төгрөгийг тусад нь зээлээгүй. Л.Бд төлсөн нийт 48 278 000 төгрөгөөс 9 278 000 төгрөгийг аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч Д.Б, З.Бнараас 16 974 420 төгрөг гаргуулах тухай Л.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301 502 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх ашгийг зөрчсөн тул гомдолтой байна. Шүүгчээс ёс зүйгүй хандлага, харьцаа илтэд гаргаж байсан боловч шүүгчээс татгалзаагүй. 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд миний бие гараар бичсэн нотлох баримтыг гаргасан боловч шүүхээс хүлээж аваагүй. Шүүгчээс хэт нэг талыг барьж, ёс зүйгүй авир гаргасан. Шүүгчээс камер унтраа гэж унтраалгасны дараа шүүх хуралдааныг үргэлжлүүлж миний мэтгэлцэх эрхийг зөрчсөн.  Миний бие зээлдэгч нартай байгуулсан гэрээний дагуу гэрээний үүргийг шаардсан. Мөн шүүхээс нэхэмжлэлээ нотолж гаргасан баримтыг анхаарч үзээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хэтэрхий үндэслэл муутай дүгнэлтийг хийсэн. Харин шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт сурагчийн дөрвөлжин шугамтай дэвтэр дээр бичигдсэн зүйлийг л зөвхөн үнэлсэн байна.Гэвч тус дэвтэрт хариуцагч нар өөрсдөө гараараа Болроо гэж хэдэн тоо бичсэн ойлгомжгүй тэмдэглэлд миний бие гарын үсэг зураагүй. Шүүхээс тус тэмдэглэлийг нэхэмжлэгч үгүйсгэж нотлоогүй гэж ойлгомжгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчаас 48 078 000 төгрөгийг төлсөн гэж ямар баримтыг үндэслэсэн талаар шийдвэртээ тусгаагүй. Ийнхүү нэхэмжлэгч намайг болон миний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд тасралгүй, биечлэн оролцох эрхийг ноцтой зөрчиж хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Д.Б, З.Бнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 974 420 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг  хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар талууд маргаагүй.

 

Харин шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг анхан шатны шүүхээс ноцтой зөрчсөн байна. Учир нь тус шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдаанд нийгмийн сүлжээний зүүм (zoom) программаар дамжуулан оролцсон байх бөгөөд даргалагчаас “нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн холболтыг салгая” гэхэд нарийн бичгийн даргаас “нэхэмжлэгч болон өмгөөлөгчийн холболтыг салгав” гэжээ. Үүний дараа хариуцагчийн өмгөөлөгч нэмэлт тайлбар гаргасан байна. Энэ тохиолдолд хэргийн оролцогч шүүх хуралдаанд зохих ёсоор оролцсон, түүнийг мэтгэлцэх эрхээр хангасан гэж үзэх боломжгүй. Хэргийн оролцогч шүүх хуралдааны дэг зөрчих тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дах хэсэгт зааснаар шүүх хуралдааны даргалагчаас шаардлагатай арга хэмжээ буюу сануулах, танхимаас гаргах, торгох зэрэг арга хэмжээг авах эрхтэй боловч сүлжээг салгахыг танхимаас гаргасан гэж үзэхгүй. Шүүх хуралдаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдах бөгөөд нийтийн сүлжээний программ ашиглаж шүүх хуралдааны дэг сахиулах талаар хуульчлаагүй болохыг шүүх анхаараагүй байна.

 

            Түүнчлэн, талууд зээлийн гэрээний эргэн төлөлтийн хэмжээний талаар маргасан бөгөөд хариуцагч нараас “нэхэмжлэгчид 5 400 000 төгрөгийн шүрэн толгойг шилжүүлж, зээлийн гэрээний үүргээс энэ дүнгээр хасч тооцохоор тохиролцсон” гэх нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан тооцооллын дэвтэрт “Жи/толгой авч явлаа. Үзээд авч ирж өгнө. Хүлээлгэн өгсөн З.Батхишиг” гэх бичвэрийг нэхэмжлэгч өөрийн гараар бичсэн эсэх үйл баримт тодорхой бус байна. Уг бичвэрийг хэн бичсэн үйл баримт нь тухайн гэрээний үүргээс 5 400 000 төгрөгийг хасч тооцож шийдвэрлэх эсэхэд ач холбогдолтой.

 

            Мөн хэргийн 108 дугаар талд 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Л.Б нь З.Батхишиг, Ц.Түвшинбаяр нартай 10 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон гэрээ авагдсан байх ба хариуцагч З.Батхишигээс уг гэрээ байгуулснаас хойш төлсөн төлөлтүүд нь нэхэмжлэгчтэй байгуулсан хоёр зээлийн гэрээний алиных нь үүрэгт шилжүүлсэн болох талаар зохигч маргаж байгаа тохиолдолд, шүүхээс түүнийг тодруулах хүрээнд талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг явуулах учиртай.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх зөрчлийг арилгах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/01240 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 242 830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ                    

 

                                                  ШҮҮГЧИД                           Г.ДАВААДОРЖ

           

                                                                                             С.ЭНХТӨР