Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00325

 

Л.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/04020 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Б-гийн хариуцагч Д.Б-, З.Б- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 16,974,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч З.Б-, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 16,974,420 төгрөг гаргуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие хариуцагч нарт 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 6 хувийн хүүтэйгээр 30,000,000 төгрөгийг зээлдүүлж, гэрээний 2.6-д зааснаар зээлдэгч зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Мөн зээлдэгч нарын хүсэлтээр тус зээлийн гэрээг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл сунгасан. Гэвч зээлдэгч нар зээлийн үндсэн хугацааны хүүд 10,800,000 төгрөг төлөхөөс 6,200,000 төгрөг төлж, төлөх ёстой хүүгийн төлбөрөөс 4,600,000 төлөгдөөгүй ба үндсэн зээлээс төлөөгүй. Ингээд зээлдэгч нарын хүсэлтээр зээлийн гэрээг 4 сараар сунгасан боловч энэ хугацаанд мөн хүүд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 6,480,000 төгрөг төлөхөөс 800,000 төгрөг төлж, төлөх ёстой хүүгээс 5,680,000 төгрөг төлөгдөөгүй ба нийт төлөгдөөгүй хүүгийн үлдэгдэл 10,280,000 төгрөг болно. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг төлсөн. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс гэрээний хугацаа дуусан 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг түүний хүү болох 12 хоногийн хүү 240,000 төгрөг, нийт гэрээний хугацаанд төлөгдөөгүй хүү 10,520,000 төгрөг, үндсэн зээл 10,000,000 төгрөг, нийт 20,520,000 төгрөг болж байна. Зээлийн гэрээний 2.6-д зааснаар 0,5 хувиар алданги тооцоход 7,900,000 төгрөг болж байна. Ингээд зээлдэгч нар нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үндсэн зээлд 5,000,000 төгрөг, хүүд 15,520,000 төгрөг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг төлж хүүгийн үлдэгдэл 8,520,000 төгрөг болсон. Иймд хариуцагч нараас хүү 8,520,000 төгрөг, алданги 8,454,420 төгрөг, нийт 16,974,420 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардсан үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөгийг 6 сарын, хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд хэргийн материалын 67 дугаар хуудсанд мөнгөө хэрхэн төлсөн талаараа тайлбарласан. Гэрээний үүрэгт нийт 48,278,000 төгрөгийг төлсөн. Л.Б- 5,400,000 төгрөгийн шүрэн толгойг авчихаад буцаагаад өгсөн гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Зээлийн хүүгийн төлбөрт өгсөн 5,400,000 төгрөгийн шүрэн толгойг 2017 оны 09 сард Л.Б-д өгсөн. Л.Б- өөрийн гараар 7, 8, 9 сарын хүүгийн төлбөрт тооцож авна гэж бичсэн нь хэргийн 45 дугаар талд авагдсан. 2017 оны 09 сард өгсөн шүрэн толгойг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Ганчимэгт өгсөн 1,700 долларын зээлийн барьцаанд авсан +21 толгойг буцааж өгсөн байдлаар тайлбарласан. 1,700 доллар миний авсан 30,000,000 төгрөгийн зээлэнд ямар ч хамааралгүй. Надаас авсан шүрэн толгой болон 1,700 долларын барьцаанд авсан шүрэн толгой хоёрын размер нь өөр байгаа нь нотлох баримт болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Мөн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өгсөн 1,000,000 төгрөгийг Л.Б- няцааж байна. Уг 1,000,000 төгрөг нь 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой. Хэргийн материалын 46 дугаар хуудсанд өөрийн нөхөр Түвшинбаярын данснаас төлсөн баримт байгаа. 60,000 төгрөгийг бас нэхэмжлэгч няцааж байна. 60,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Л.Б- бид 2 уулзсан. Уулзаж дууссаны дараа Л.Б- над руу чамаас болоод би машинаа ачуулчихлаа, одоо чи үндсэн зээлээсээ хасаад 60,000 төгрөгийг хүний данс руу хийгээдэх гэж хэлсэн. Энэ талаарх баримт нь хэргийн материалын 47 дугаар хуудсанд байгаа. Гүйлгээний утга дээр Л.Б-д 30,000,000 төгрөгөөс үндсэн зээлд төлөв гэж бичсэн. Дараа нь Л.Б- 1,400,000 төгрөгийг З.Б- өөрийн найз Туул гэх хүнд авч өгөөд буцааж надад өгсөн гэж байгаа. Надад Туул гэдэг найз байхгүй, хэргийн материалын 49 дүгээр хуудсанд миний мөнгө шилжүүлсэн баримтын утга дээр зээл төлөв гэж бичсэн. Би Л.Б- руу мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр юунд төлж байгаа талаараа тодорхой бичдэг. Л.Б- 1,218,000 төгрөгийн үнэ бүхий шүрэн шигтгээг авснаа 30,000,000 төгрөгийн зээлд хамааралгүй гэж тайлбарлаж байна. Энэ мөнгө 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд хамааралтай. Хэргийн материалын 50 дугаар хуудсанд Л.Б-гийн бичсэн бичиг дээр шүрэн эдлэлийг надаас 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр авч явахдаа хүлээлгэж өгсөн З.Б-, авсан Л.Б- 10,000,000 төгрөгийг хүүгээс хассан гэж байгаа. Хэргийн материалын 50 дугаар хуудсанд 2016 оны 02 дугаар сарын 10-ны зээлийн хүүгээс хасаад өгөв гэсэн нь огноо андуурсан байна. Миний бие Л.Б-гаас 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээнээс гадна 10,000,000 төгрөгийг тусад нь зээлээгүй. Л.Б-д төлсөн нийт 48,278,000 төгрөгөөс 9,278,000 төгрөгийг аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч З.Б-, Д.Б- нараас 72,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,902,420 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1.Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талаас үндсэн зээлий төлж дуусгасанд маргаагүй, үндсэн зээлээс ч төлбөр нэхэмжлээгүй мөн хариуцагчийн төлсөн төлбөрийг үгүйсгээгүй юм. Харин гэрээний хугацаанд сар бүрийн төлөх ёстой хүүгээ цаг хугацаанд нь бүрэн төлөөгүй, үндсэн зээлээ гэрээний хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлэн төлж гэрээний үүргийг зөрчсөн тул зөрчсөн хугацааны хүү,алдангийг тооцон нэхэмжилсэн бөгөөд энэ нь Иргэний хууль болон гэрээнд эргэн төлөх хугацаа, хариуцлагыг тодорхой зааж шаардах эрхийг нь олгосон. Гэтэл анхан шатны шүүх хууль болон гэрээгээр олгосон эрхийг нь үндэслэлгүйгээр хязгаарлаж нэхэмжлэлийн шаардлага болон шаардлагаа нотолсон нотлох баримтууд, тайлбар зэргийг нь анхаарч үзэхгүй үгүйсгэх хэрэгсэхгүй болгох байр суурьнаас хандан хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн. Шүүх гэрээний хугацаа сунгасан 4 сарын хүүгийн хэмжээг 3,5 хувь болгосон үндэслэлээ З.Б-ийн өөрийн гараар бичсэн бичвэрээр нотлогдож байна гэж үзсэн. Гэтэл уг бичгэн дээр гэрээний нэг тал болох Л.Б- гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Мөн нэхэмжлэгч өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэмэгдүүлэхдээ 3,5 хувиар тохирч гарын үсэг зураагүй урьдын нөхцөлөөр сунгасан учир хүүг 6 хувиар тооцон нэхэмжилсэн байхад шүүх гүйцэтгэвэл зохих үүргийг дур мэдэн 3.5 хувь болгон хасаж тооцсон.

4.2.Мөн алданги нэхэмжлэхдээ цаг хугацаагаар нь төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгээс хоногоор тооцоолон алдангид 8,454,420 төгрөг нэхэмжилсэн байхад шүүх алдангийг буруу үнээс дутуу тооцоолж буруу дүн гаргасан ба шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ямар тооцоо, баримтанд тулгуурлан ямар үндэслэлээр няцааснаа тодорхой заагаагүй. Шийдвэрийн 5 дугаар хуудсанд нийт гүйцэтгэвэл зохих үүргийг тооцохдоо шууд төлсөн ерөнхий утгаар нь тооцож алдангийг буруу нэмж 48,350,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь зөвхөн хариуцагчийн тайлбарт тулгуурлан түүнийг шийдвэртээ хуулбарлаж бичсэн нь учир дутагдалтай болжээ.

4.3.Шийдвэрийн 6,7,8 дугаар тал нь эргэлзээтэй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Цогбаяр гэх хүний дансанд хийгдсэн 60,000 төгрөгийг Л.Б-д төлөх зээлийн гэрээний үүрэгт төлөгдсөн гэж үзсэн боловч зээлийн ямар үүрэгт төлөгдөж тооцогдсон болох нь тодорхойгүй мөн шүүх дүгнэхдээ 1,400,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг хариуцагч тал 2017.02.10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэж тайлбарласан нь төлбөр төлсөн он, сар, өдөр болон зээлдэгч нарын төлвөл зохих үүргийн үнийн дүнгийн хэмжээ зэрэг үйл баримттай харьцуулан үзэхэд хариуцагч нарын тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна, нэхэмжлэгч нь хамааралгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэжээ. Гэтэл хэрэгт нэхэмжлэгчийн тайлбар /хх-102, 46 хуудсанд авагдсан/ баримтууд үгүйсгэж байхад анхаарч хараагүй эсрэг үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Учир нь 46,103,108 дугаар хуудсанд авагдсан баримтуудаар З.Б- түүний нөхөр Түвшинбаяр нар Болороогоо 2017.08.14-ний өдөр 5,000,000 төгрөг зээлсэн уг зээлийнхээ эргэн төлөлтийг 2017.10.12-ны өдөр Түвшинбаяраас үндсэн зээл утгатай 1,000,000 төгрөг Болороод шилжүүлсэн баримт нь 2017.02.10 өдрийн зээлийн гэрээний үүрэгт огт хамааралгүй болохыг нотолж байхад шүүх хариуцагчийн талд худал дүгнэлт хийсэн. Мөн шүүх Л.Б- 5,400,000 төгрөгийн үнэ бүхий шүрэн эдлэлийг зээлийн гэрээний үүрэгт тооцож хариуцагч З.Б-ээс авсан болох нь тогтоогдож байна гэжээ. Гэвч нэхэмжлэгч 1,700 долларын зээлийн барьцаанд шүрэн толгой хүлээн авсан уг 30,000,000 төгрөгийн зээлэнд огт хамааралгүй гэж тайлбарлаж байхад шүүх аль толгойг нь 5,400,000 төгрөгөөр үнэлж авсан болох нь тогтоогдоогүй, үнэлгээний баримт байхгүй, Л.Б- хүлээн авсныг батлах гарын үсэг байхгүй байхад зөвхөн Л.Б-гийн бичиг байна гэдгээр улаан хавтастай дэвтрийн 18-р хуудсанд бичигдсэн тоог бодон 2017 оны 7, 8, 9 саруудын хүү хөөргөөр төлөгдсөн байна гэж үзсэн нь учир дутагдалтай хэт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч талаас хэрэгт ач холбогдол бүхий баримт болох З.Б-ийн нөхөр Түвшинбаярын гараар бичсэн хөөрөгний 2 ширхэг шүрэн толгой хүлээн авлаа гэж гарын үсгээ зурсан бичгийн баримт доор нь хамт байлцсан Гантөмөр гэж Болормаагийн давхар бичсэн бичгийн баримтыг шүүхэд баримтаар гаргаж өгсөн боловч нэг талд шийдвэрлэхийн тулд шүүх санаатай хүлээн аваагүй буцаагаад өгсөн боловч давж заалдах шатны шүүхээс хэрэг буцаад дахин шүүх хурлаар шийдвэрлэх үед тус нотлох баримтыг нэхэмжлэгч дахин гаргаж өгөхөд шүүх хүлээн авч хавтаст хэрэгт хавсаргасан атлаа уг баримтыг анхаарч үнэлээгүй зөвхөн хариуцагчийн талд илтэд анхаарал хандуулан шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр нь өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй юм. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

5.Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдолд зээлийн хүүг 3,5 хувь болгоогүй гэж байна. Нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гэрээний дагуу 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс зээлийн гэрээг сунгаж 3,5 хүүтэй байхаар тохиролцсон гэж дурдсан атлаа энэ агуулгаар гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. 5,400,000 төгрөгийн жи толгойны тухайд шүүх шинжээчийн дүгнэлтэд үндэслэн хэрэг маргааныг зөв шийдвэрлэсэн бөгөөд энэ талаар мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Түүнчлэн, 1,000,000 төгрөг болон 1,400,000 төгрөг, 60,000 төгрөгийг төлсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч Д.Б-, З.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 16,974,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Д.Б-, З.Б- нар нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авсан боловч гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч нар эс зөвшөөрч зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг бүрэн төлж, гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тайлбарласан байна.

 

Зохигчид 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Л.Б- нь 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлдүүлэх, хариуцагч Д.Б-, З.Б- нар нь сар бүр зээлийн хүүг төлж, үндсэн зээлийг хугацааны эцэст хүүгийн хамт төлөхөөр харилцан тохиролцож, хариуцагч нар нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 30,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-6-р тал/

 

Дээрх зээлийн гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дууссан байх бөгөөд талууд мөн өдөр харилцан тохиролцож гэрээний хугацааг 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 4 сараар, 3,5 хувийн хүүтэйгээр сунгасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацааг сунгахдаа талууд зээлийн хүүг 3,5 хувиар тогтоосон нь хариуцагчийн тайлбар, зээлийн гэрээний сунгалт, нэхэмжлэгчийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдсон тул зээлийн хүүг үндэслэлгүйгээр хасаж 3,5 хувиар тооцсоныг зөвшөөрөхгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж зөв дүгнэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул талуудын хэн аль гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй.

 

Хариуцагч Д.Б-, З.Б- нарын зээлийн гэрээний дагуу төлбөл зохих нийт төлбөр буюу үндсэн үүрэг 30,000,000 төгрөг, хүү 15,000,000 төгрөг /10,800,000 + 4,200,000 = 15,000,000/, нийт 45,000,000 төгрөг болохыг анхан шатны шүүх зөв тогтоосон боловч хугацаа хэтрүүлж төлсөн 10,000,000 төгрөгөөс алданги тооцсон нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох талаар зохицуулсан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийн зохицуулалтад нийцээгүй, мөн анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас төлсөн нийт төлбөрийг тооцохдоо тооцооллын алдаа гаргасан буюу шүүхийн шийдвэрт бичсэн мөнгөн дүнгийн нийлбэр 48,078,000 төгрөг байхад 48,278,000 төгрөг гэжээ.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нар нь гэрээний хугацаанд нийт 32,400,000 төгрөг /2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөг /800,000 + 500,000 + 500,000/, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөг /900,000 + 900,000/, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,100,000 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 300,000 төгрөг, 2017 оны 09 сард 5,400,000 төгрөгийн үнэ бүхий жи толгой, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг/

Гэрээний хугацаа дууссанаас хойш нийт 14,618,000 төгрөг /2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1,400,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,218,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг/ буюу нийт 47,018,000 төгрөг төлсөн гэж үзэх үзэхээр байна. /хх-ийн 36-53-р тал/

 

Харин хэргийн 46 дугаар талд авагдсан 1,000,000 төгрөгийн шилжүүлгийн баримтын гүйлгээний утгад үндсэн зээл Ц.Түвшинбаяраас гэж, 47 дугаар талд авагдсан шилжүүлгийн баримтаар Б.Цогтбаатар гэх хүний дансанд 60,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байгааг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Үндсэн үүрэг гэдэгт үндсэн зээл, хүү хамаарах бөгөөд зээлдэгч нарын гүйцэтгэвэл зохих үүрэг болох 45,000,000 төгрөгөөс гэрээний хугацаанд төлсөн 32,400,000 төгрөгийг хасвал 12,600,000 төгрөг байх бөгөөд уг дүнгээс алданги тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийг зөрчихгүй. Гэрээний хугацаа дууссан 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1,400,000 төгрөг төлсөн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 40 хоногийн алданги 2,520,000 төгрөг /12,600,000 х 0,5 хувь = 63,000, 63,000 х 40 хоног = 2,520,000/,

зээлийн үлдэгдэл 12,600,000 төгрөгөөс төлсөн 1,400,000 төгрөгийг хасвал 11,200,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1,218,000 төгрөг төлсөн 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 20 хоногийн алданги 1,120,000 төгрөг /11,200,000 х 0,5 хувь = 56,000, 56,000 х 20 = 1,120,000/,

зээлийн үлдэгдэл 11,200,000 төгрөгөөс төлсөн 1,218,000 төгрөгийг хасвал 9,982,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 5,000,000 төгрөг төлсөн 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 6 хоногийн алданги 299,460 төгрөг /9,982,000 х 0,5 хувь =49,910, 49,910 х 6 = 299,460/,

зээлийн үлдэгдэл 9,982,000 төгрөгөөс төлсөн 5,000,000 төгрөгийг хасвал 4,982,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 5,000,000 төгрөг төлсөн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 6 хоногийн алданги 149,460 төгрөг /4,982,000 х 0,5 хувь = 24,910, 24,910 х 6 = 149,460 / болж байна. Өөрөөр хэлбэл зээлийн үлдэгдэл 4,982,000 төгрөг, нийт алданги 4,088,920 төгрөг /2,520,000 + 1,120,000 + 299,460 + 149,460 = 4,088,920/ буюу нийт үүрэг 9,070,920 төгрөг болж байна. Үүнээс зээлдэгч нар нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөг төлсөн байх тул нийт үүрэг 9,070,920 төгрөгөөс төлсөн 7,000,000 төгрөгийг хасвал 2,070,920 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

Иймд хариуцагч З.Б-, Д.Б- нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,070,920 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэлээс 14,903,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1,400,000 төгрөг болон 5,400,000 төгрөгийн жи толгойг зээлийн гэрээний үүрэгт тооцсон нь үндэслэлгүй гэх боловч 1,400,000 төгрөгийн шилжүүлгийн баримтад batkhishigees zeel tuluv гэж гүйлгээний утгыг тодорхой бичсэн, мөн хэргийн нотлох баримт болох улаан хавтастай дэвтрийн 18 дугаар талд 7-1,800,000, 8-1,800,000, 9-1,800,000 жи толгой авч явлаа, хүлээлгэн өгсөн З.Б- гэж бичсэн нь нэхэмжлэгч Л.Б-гийн бичиг мөн болох талаар шинжээчийн дүгнэлт гарсан байна. /хх-ийн 219-232-р тал/. Нэхэмжлэгчийн хувьд 5,400,000 төгрөгт тооцож жи толгой өгсөн гэх хариуцагчийн тайлбар болон улаан хавтастай дэвтэр, шинжээчийн дүгнэлт зэргийг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй. Иймд дээрх төлбөрүүдийг зээлийн гэрээний үүрэгт тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/04020 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 72,000 төгрөг ... гэснийг 2,070,920 төгрөг гэж, ... 16,902,420 төгрөгт ... гэснийг 14,903,500 төгрөгт гэж,

2 дах заалтын ... 4,550 төгрөг ... гэснийг 48,084 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 242,822 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Г.ДАВААДОРЖ