Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2023/00168

 

 Алтайложистик ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2023/00114 дүгээр шийдвэр,

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 215/МА2023/00014 дүгээр магадлалтай,

 А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Г дахь ШШГГ-т холбогдох

Г аймгийн Б боомтын дэргэд байрлах А ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.М-н гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. А ХХК нь Г дахь ШШГГ-т холбогдуулан Г аймгийн Б боомтын дэргэд байрлах А ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2023/00114 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Г дахь ШШГГ-н үйл ажиллагаагаар Г аймгийн Б боомтын дэргэдэх А ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн овоолгыг битүүмжлэлээс чөлөөлж, Г дахь ШШГГ-н 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/1.... дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, энэхүү шүүхийн шийдвэр нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/1.... дугаартай шүүгчийн захирамжийг зөв хэрэгжүүлэхэд саад болохгүйг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г дахь ШШГГ-с 70,200 төгрөгийг гаргуулан А ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

3. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 215/МА2023/00014 дүгээр магадлалаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2023/00114 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Г аймгийн Б боомтын дэргэд байрлах А ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг чөлөөлүүлэх тухай А ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.М хяналтын гомдолдоо: Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дараах байдлаар хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал:

1. Магадлалын Хянавал хэсгийн 7 дугаарт Хариуцагч Г дахь ШШГГ нь 11159 дүгээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжид Г аймгийн Б боомтын дэргэдэх хүдрийн баяжмалын овоолгыг битүүмжлэхээр байршлыг нэрлэн заасны дагуу энэхүү ажиллагааг гүйцэтгэсэн, Б боомтод өөр хүдрийн баяжмалын овоолго байгаагүй, тухайн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна гэж үндэслэлгүй дүгнэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан хэм хэмжээ нь төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд суутгал хийх тухай хуульчилсан хэм хэмжээ. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгчийн өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгө нь хаана, ямар зориулалтаар ашиглагдаж байгаагаас үл хамааран суутгал хийх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хуульчилсан.

Гэтэл давж заалдах шатны шүүх нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай захирамжилсан шүүхийн шүүгчийн 181/ШЗ2022/11159 дүгээр захирамжийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд суутгал хийх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг үндэслэл болгон ...хуулийн дагуу явагдсан ажиллагаа гэж буруу дүгнэсэн.

Мөн магадлалд ...овоолгыг битүүмжлэхээр байршлыг нэрлэн заасан учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэсэн гэж үндэслэлгүй зөвтгөж дүгнэсэн. Хөрөнгийн зөвхөн байршлыг үндэслэн битүүмжлэх ажиллагааг явуулах боломжгүй, тухайн газарт өөр битүүмжлэх хөрөнгө байхгүй байгаагүй нь бусдад шүүхийн шийдвэрээр өр төлбөргүй компанийн хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөх үндэслэл болох ёсгүйг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүх бүрэлдэхүүн буюу давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

2. Магадлалын Хянавал хэсгийн 8 дугаарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж төлбөр төлөгч, төлбөр авагчийн нэхэмжлэл гаргах эрхийн талаар зохицуулсан заалтыг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үндэслэлгүй дүгнэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6-д заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай захирамжилсан шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу шүүхэд гаргах эрх бүхий этгээд нь өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд байхаар хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2-д болон 122 дугаар зүйлийн 122.3, 122.5-д хуульчилсан. Энэ эрхийн хүрээнд А ХХК өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэтэл давж заалдах шатны шүүх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан хэм хэмжээг хуулийн хуулийн жинхэнэ агуулгаас зөрүүтэй, буруу ойлгож хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл 122.1-д холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд нэхэмжлэл гаргаж болохоор хуульчилсан байхад үүнийг ...төлбөр төлөгч, төлбөр авагчийн нэхэмжлэл гаргах эрхийн талаар зохицуулсан заалтыг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж хуулийн жинхэнэ агуулгаас зөрүүтэй, буруу ойлгож хэрэглэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг зөрчсөн хэмээн үндэслэлгүй дүгнэсэн.

Манай компани М компанийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, тус компаниас эрх хүлээн аваагүй, түүний эрх ашиг хөндөгдсөн талаарх баримтыг шүүхэд бүрдүүлж өгөөгүй, зөвхөн өөрийн эрх ашиг хөндөгдсөн талаар шүүхэд хандсан.

Гаргасан нэхэмжлэлийн үндэслэл маш тодорхой, нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагын агуулгад нийцсэн, нэхэмжлэлийг үндэслэл шаардлагаа нотлох баримтуудыг нэхэмжлэлдээ тусгасан, хуульд заасан шаардлага хангасан, хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтуудыг шүүхэд гарган өгсөн байхад давж заалдах шатны шүүх А ХХК-ийн эрх ашиг зөрчигдсөн болох нь, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болох нь нотлогдоогүй, үүнээс шалтгаалан нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус, нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд дээрх үндэслэлээр Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2023/00114 дугаар шийдвэрийг хүчингүй болгон манай компанийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 215/МА2023/00014 дугаар магадлалыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч, гомдолтой байна.

Нэхэмжлэл гаргах эрхийн талаар зохицуулсан заалтыг буруу тайлбарлаж хэрэглээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан 133/ШШ2023/00114 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 215/МА2023/00014 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Г дахь ШШГГ нь нэхэмжлэгч А ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.09.15-ны өдрийн 001/ШХТ2023/00919 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын дагуу магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэл тогтоогдсонгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт хууль баримтлаагүй учир залруулж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

8. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Г дахь ШШГГ холбогдуулан өөрийнх нь эзэмшлийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг А ХХК-ийн төлбөрт битүүмжилснийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.08.29-ний өдрийн 181/ШЗ2022/11159 дугаар шүүгчийн захирамжийг биелүүлсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ ...шүүгчийн захирамжид Б боомтын дэргэд байрлах А ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалыг битүүмжлэхээр заасан байхад хариуцагч нь өөр этгээд буюу А ХХК-ийн гаалийн хяналтын бүсийн талбайд байгаа худалдан авагч компанийн өмчлөл болох эд хөрөнгийг битүүмжилсэн нь хуульд нийцээгүй, А ХХК болон А ХХК нь хоорондоо хамааралгүй бие даасан хуулийн этгээд болох нь тогтоогдсон тул эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгох үндэслэлтэй... гэж дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөнөөс төлбөрийг суутгана. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө хаана, ямар зориулалтаар ашиглагдаж байгаа нь үл хамаарна гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэг нь төлбөр төлөгч, төлбөр авагчийн нэхэмжлэл гаргах эрх тул нэхэмжлэгчид хамааралгүй, шүүгчийн захирамжид зааснаар төлбөр төлөгч нь А ХХК байх ба Х ХХК болон А ХХК-ний хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, үүргийн харилцаа үүссэн, уг маргаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гарсан, А ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд ба М компанийг төлөөлөх эрх олгогдоогүй түүний эрх ашиг хөндөгдсөн нь баримтаар бүрэн нотлогдоогүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхой бус байна... гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

10. Анхан болон давж заалдах шатны шүүх зөрүүтэй шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэл болсон.

11. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.08.29-ний өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар Г аймаг, Б боомтын дэргэд байрлах хариуцагч А ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг нэхэмжлэлийн үнийн дүн /178,669,161,353 төгрөг/-ийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээг авсан, С дүүргийн х хэлтсийн дарга бөгөөд даалгавраар Г дахь ШШГГ уг захирамжийг биелүүлж, 2022.10.07-ны өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Г аймгийн А сумын Б боомт дах А ХХК-ийн гаалийн хяналтын бүсийн талбайд байгаа төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг битүүмжилсэн үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон байна.

ШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг үндэслэн иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд даалгавар хүргүүлэн гүйцэтгүүлж болохоор заасан тул Г дахь ШШГГ нь шүүгчийн захирамж болон даалгаврын дагуу ажиллагааг явуулжээ.

11.1. Нэхэмжлэгч А ХХК нь М компанитай байгуулсан Урт хугацаат тээврийн гэрээ-ний дагуу М-н А ХХК-аас худалдан авах хүдрийн баяжмалыг уурхайн амнаас буюу Г аймгийн Ц сумын нутаг дахь Т нуурын уурхайн талбайгаас БНХАУ-ын Х мужийн Б дүүрэгт байрлах Л боомт хүртэлх тээвэрлэлтийг хариуцах үүргийг М компанийн өмнө хүлээсэн байх ба гэрээний дагуу овоолгыг өөрийн эзэмшлийн гаалийн хяналтын талбайд тээвэрлэж ирсэн боловч уг овоолгыг шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгч А ХХК-ийн хөрөнгө гэж битүүмжилсэн байна.

Шүүгчийн захирамжид А ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалыг битүүмжлэхээр заасан байхад хариуцагч нь А ХХК-ийн гаалийн хяналтын бүсийн талбайд байгаа эд хөрөнгийг битүүмжилсэн байх боловч А ХХК тухайн овоолгыг төлбөр төлөгч А ХХК-аас тээвэрлэж өөрийн талбайд байршуулсан, үүнээс гадна худалдан авагч М компанийг уг баяжмал бүхий овоолгын өмчлөгч гэх үзэх үйл баримт хэрэгт байгаа баримтаар нотлогдоогүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөнөөс төлбөрийг суутгана. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө хаана, ямар зориулалтаар ашиглагдаж байгаа нь үл хамаарна гэж заасан зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Эд хөрөнгө битүүмжлэх шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилготой тул төлбөр төлөгчийн олборлож буй эд хөрөнгийн байршлыг заасан нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх агуулгатай болохоос зөвхөн тухайн байршилд ажиллагааг явуулахыг хязгаарласан утга байхгүй юм.

11.2. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд эд хөрөнгийг шилжүүлснээр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх бөгөөд М компани уг овоолгыг өмчлөх эрхтэй эсэх нь хэрэгт байгаа баримтын хүрээнд тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тээвэрлэх зорилгоор хүдрийн баяжмалыг эзэмшилдээ байлгаж байгаа боловч уг эд хөрөнгийг М компанийн өмчлөлийн зүйл болохыг баримтаар нотлоогүй байв.

Тээвэрлэлтийн гэрээ нь өмчлөх эрхийг нотлохгүй бөгөөд М компани болон А ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ, энэ талаар баримт, нотолгоо байхгүй тул М ХХК-ийн эрх хөндөгдөөгүй, М компанийг төлөөлөх эрх нэхэмжлэгчид олгогдоогүй, нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтийг хуульд нийцээгүй гэсэн утга бүхий нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

11.3. Давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т заасан төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэсэн зохицуулалтыг төлбөр төлөгч, төлбөр авагчийн нэхэмжлэл гаргах гэж үзсэн нь хууль ёсны болоогүй байна. Тухайн зохицуулалтад зөрчигдсөн эрхээ сэргээлэх эрх бүхий субьектыг хүн, хуулийн этгээд гэж өргөн агуулгаар тодорхойлсон байхад зөвхөн төлбөр авагч, төлбөр төлөгч гэж хязгаарлах үндэслэлгүй.

12. Давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг баримтлаагүй тул залруулж, өөрчлөлт оруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 215/МА2023/00014 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад хүчингүй болгож, гэсний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийг баримтлан гэж нэмж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс /н.Н/ хяналтын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ

            ШҮҮГЧИД                                                               Н.БАЯРМАА

                                                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД