Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 215/МА2023/00014

 

 

“А Л” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

..............аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Ш.Баттогтох, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

..............аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2023/00114 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ............. дүүрэг, ............ хороо, ............... гудамж, “............” төвийн .......... тоотод байрлах “А Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГАА ШШГГ-т холбогдох,

..............аймгийн .............. боомтын дэргэд байрлах “А Л” ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оюун-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И (цахимаар), нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З (цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Г.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. ..............аймгийн .............. боомтын дэргэд байрлах “А Л” ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг чөлөөлүүлэх тухай

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч “А Л” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/Ш32022/11159 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар ..............аймгийн .............. боомтын дэргэд байрлах хариуцагч “А Х” ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг нэхэмжлэлийн үнийн дүн /178,669,161,353 төгрөг/-ийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээ авахаар захирамжилсан байна. Гэтэл ..............аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 181/Ш32022/11159 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор ..............аймгийн .............. боомтын дэргэд байрлах “А Л” ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг үндэслэлгүйгээр, битүүмжилсэн хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явууллаа. “А Л” ХХК нь БВАМВГЛК MVGL-тай 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр МVG-AL-20210101 дугаар “Тээвэрлэлт гүйцэтгэх урт хугацааны гэрээ”-г байгуулсан бөгөөд тус гэрээгээр М В Г Л компанийн “А Х” ХХК-иас худалдан авсан төмрийн хүдрийн баяжмалыг ..............аймгийн ...................сумын .............. уурхайгаас Монгол Улсын хилийн .............. боомт дахь өөрсдийн эзэмшлийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбайн чиглэлд, тус талбайгаас БНХАУ-ын .............. боомтын бүс хүртэлх чиглэл дотоод, гадаад /экспортын/ тээврийг дангаар хариуцан гүйцэтгэхээр, тээвэрлэх хугацаанд төмрийн хүдрийн баяжмал “А Л” ХХК-ийн эзэмшил, өмчлөлд байхаар мөн .............. боомт дахь манай компанийн эзэмшлийн ашигт малтмал ачиж буулгах талбайд буулгасан төмрийн хүдрийн баяжмал овоолго мөн манай компанийн хадгалалт, хамгаалалтад байхаар тус тус гэрээнд тусгасан. Харин М В Г Л компани нь “А Х” ХХК-тай 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр MVG-AK-20210322 дугаар “Худалдах, худалдан авах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой урт хугацаат хамтын ажилагааны гэрээ”-г байгуулсан байдаг бөгөөд “А Х” ХХК-ийн .............. уурхайгаас олборлосон 3,500,000 метр /тонн төмрийн хүдрийн баяжмалыг уурхайн амнаас худалдан авахаар, ингэхдээ “Бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авахдаа ЕХW нөхцөл”-өөр буюу худалдагчийн нэрлэсэн газарт худалдан авагчийн мэдэлд хүлээлгэн өгөхөөр, худалдагчийн нэрлэсэн газар нь худалдагчийн зөвшөөрсөн газарт байхаар, олборлосон бүтээгдэхүүн уурхайн амнаас М В Г Л компанийн өмч байхаар тус тус харилцан тохиролцсон байдаг. Дээрх 2 гэрээний дагуу гэрээний талууд тус тусынхаа үүргийг гүйцэтгэж байх цаг үед Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШЗ2022/11159 дугаар захирамжийг албадан гүйцэтгэхээр ..............аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас М В Г Л компанийн худалдан авч “А Л” ХХК-ийн талбайд байрлуулсан төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 181/ШЗ2022/11159 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор үндэслэлгүйгээр битүүмжилж манай компанийн бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, бидэнд хохирол учрууллаа. Манай компани энэхүү захирамжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд бидний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн, бусдын өмч хөрөнгөд халдсан, хууль бус үйлдэл гэж үзэж байна. Түүнчлэн шүүхийн шүүгчийн 181/ШЗ2022/11159 дугаар захирамжид .................аймгийн .............. боомтын дэргэд байрлах хариуцагч “А Х” ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг ...битүүмжлэхээр тодорхой заасан байхад харин тус боомтод байрлах “А Л” ХХК-ийн талбайд байрлуулсан төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь хууль бус, үндэслэлгүй байна. Манай компани шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өр төлбөргүй, бие даасан, хараат бус компани гэдгийг дурдах нь зүйтэй. Гаалийн Ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/170 дугаар тушаалаар “А Л” ХХК нь ..............аймгийн .............. боомтын дэргэд экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай ашигладаг бөгөөд дэлхийн даяар тархсан КОВИД-19 /СОVID-19/ өвчний тархалтын улмаас Монгол Улсын болон БНХАУ-ын хилийн боомтууд хаагдаж, боомтуудын хэвийн үйл ажиллагаа алдагдсан 2 жил гаруй хугацаанд гэрээний дагуу тээвэрлэсэн төмрийн хүдрийн баяжмал овоолго үүсгэсэн байдалтайгаар хилийн боомтуудаар нэвтрэх боломж, нөхцөл байдлыг хүлээж байсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-д Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж заасан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д ..энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана гэж заасны дагуу бид тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд ..............аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ..............аймгийн .............. боомтын дэргэд байрлах “А Л” ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг эс хүлээн зөвшөөрч байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, битүүмжилснийг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн тайлбар: Манайх 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 11159 дугаартай захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийг хэрэгжүүлэн ажилласан. Тойрогч зөрчихгүйгээр тухайн орон нутгийн шийдвэр гүйцэтгэгчид даалгавар явуулж гүйцэтгүүлэхээр Нийслэлийн 240 дүгээр тойргоос даалгавар ирүүлсэн байдаг. 240 дүгээр тойргоос ирүүлсэн даалгаврын дагуу бид нар энэ ажиллагааг явуулсан. Тухайн шүүгчийн захирамжид ..............аймгийн ..............  боомт дахь хариуцагч “А Х” ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалыг гээд нэрлэн заасан шүүхийн хийлгэж байгаа ажиллагаа. ..............аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өөрийн санаачилгаараа очоод энэ “А Х” ХХК-ийн овоолго юм гэдгийг өөрсдөө тодорхойлох боломжгүй. Тийм учраас шүүхээс хийлгэж байгаа ажиллагаа тул бид нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийг хэрэгжүүлэн ажилласан. Тийм учраас “А Л” ХХК нь энэ захирамж нь буруу гарсан гэж үзэж байгаа бол захирамж гаргасан шүүхэд гомдол гаргаад энэ ажиллагааг хүчингүй болгуулах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Бид 23 дугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас чиглэл авч ажилладаг. Манай Шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа биш. Шүүхээс даалган хийлгэж байгаа ажиллагаа. Захирамждаа гомдлоо гаргаад шүүхээс даалгасан ажиллагааг хүчингүй болгох нь зөв байх. Түүнээс ..............аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх санаачилгаараа энэ ажиллагааг хийсэн зүйл биш гэжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан ..............аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаагаар ..............аймгийн .............. боомтын дэргэдэх “А Л” ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн овоолгыг битүүмжлэлээс чөлөөлж, ..............аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Энэхүү шүүхийн шийдвэр нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай шүүгчийн захирамжийг зөв хэрэгжүүлэхэд саад болохгүйг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..............аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулан “А Л” ХХК-д олгож ..... шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Г.З нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “А Л” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэсэн ..............аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2023/00114 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, уг анхан шатны шүүхийн шийдвэрийг хянуулахаар гомдол гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 181/Ш32022/11159 дүгээр захирамжаар ..............аймаг, .............. боомтын дэргэд байрлах “А Х” ХХК-ний талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг нэхэмжлэлийн үнийн дүн болох 178.669.161.353 төгрөгийн хэмжээнд битүүмжлэхээр даалгасан шүүгчийн захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авчээ.

Дээрх шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасны дагуу 240 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 133/ШШ2023/001159-240 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн даалгаврыг ГАА ШШГГ холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгүүлэхээр хүргүүлсэн.

Уг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжид “А Х” ХХК-ий талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг ..............аймаг .............. боомтын дэргэд гэх байршлыг нэрлэн заасан тул уг үндэслэлээр хөрөнгө битүүмжлэх ажиллагааг ГАА ШШГГ тухайн хаягт гүйцэтгэсэн.

 

Өнөөдрийн байдлаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжтай холбоотой маргаан шүүхээс эцэслэн шийдвэрлэгдээгүй, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байх тул ..............аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2023/00114 дугаар шийдвэрийг хянаж, хүчингүйд тооцож, хариуцагч байгууллага нь Төрийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ..............аймгийн .............. боомтын дэргэд байрлах “А Л” ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч тал “.................аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ..............аймгийн .............. боомтын дэргэд байрлах “А Л” ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг эс зөвшөөрч байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, битүүмжилснийг чөлөөлж өгнө үү...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ.

 

4. Хариуцагч тал: “Манайх 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 11159 дугаартай захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийг хэрэгжүүлэн ажилласан. 240 дүгээр тойргоос ирүүлсэн даалгаврын дагуу бид нар энэ ажиллагааг явуулсан. Тухайн шүүгчийн захирамжид ..............аймгийн .............. боомт дахь хариуцагч “А Х” ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалыг битүүмжилхээр баяжмалын байршлыг нэрлэн заасан. ..............аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өөрийн санаачилгаараа очоод энэ “А Х” ХХК-ийн овоолго юм гэдгийг өөрсдөө тодорхойлох боломжгүй. Тийм учраас шүүхээс хийлгэж байгаа ажиллагаа тул бид нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийг хэрэгжүүлэн ажилласан. Тийм учраас “А Л” ХХК нь энэ захирамж нь буруу гарсан гэж үзэж байгаа бол захирамж гаргасан шүүхэд гомдол гаргаад энэ ажиллагааг хүчингүй болгуулах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас чиглэл авч ажилладаг. Манай Шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа биш. Шүүхээс даалган хийлгэж байгаа ажиллагаа. Түүнээс ..............аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар санаачилгаараа энэ ажиллагааг хийсэн зүйл биш” гэж тайлбарлаж татгалзжээ.

5. ..............аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2023/00114 дугаар шийдвэрээр ..............аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаагаар ..............аймгийн .............. боомтын дэргэдэх “А Л” ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн овоолгыг битүүмжлэлээс чөлөөлж, ..............аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, энэхүү шүүхийн шийдвэр нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай шүүгчийн захирамжийг зөв хэрэгжүүлэхэд саад болохгүйг дурдаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 121-128/

6. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/Ш32022/11159 дугаар захирамжаар ..............аймгийн .............. боомтын дэргэд байрлах “А Х” ХХК-ний талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг нэхэмжлэлийн үнийн дүн болох 178,669,161,353 төгрөгийн хэмжээнд битүүмжлэхээр даалгасан шүүгчийн захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн авчээ.

Дээрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасны дагуу 240 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 133/ШШ2023/001159-240 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн даалгаврыг ГАА ШШГГ хүргүүлжээ.

Хариуцагч ГАА ШШГГ нь шүүгчийн захирамжид заасан “А Х“ ХХК-ний талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг ..............аймаг дахь .............. боомтын дэргэд гэх байршлыг нэрлэн заасан тул уг үндэслэлээр хөрөнгө битүүмжлэх ажиллагааг тухайн хаягт хийсэн” гэх үйл баримтууд тогтоогдсон байна.

 

7. Хариуцагч ГАА ШШГГ нь 11159 дүгээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжид “..............аймгийн .............. боомтын дэргэдэх хүдрийн баяжмалын овоолгыг” битүүмжлэхээр байршлыг нэрлэн заасны дагуу энэхүү ажиллагааг гүйцэтгэсэн, .............. боомтод өөр хүдрийн баяжмалын овоолго байгаагүй, тухайн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөнөөс төлбөрийг суутгана. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө хаана, ямар зориулалтаар ашиглагдаж байгаа нь үл хамаарна гэж заасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж төлбөр төлөгч, төлбөр авагчийн нэхэмжлэл гаргах эрхийн талаар зохицуулсан заалтыг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүгчийн захирамжид зааснаар төлбөр төлөгч нь “А Х” ХХК байх ба хэрэгт авагдсан баримтаас харахад “ХХБ” ХХК болон “А Х” ХХК-ний хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, үүргийн харилцаа үүссэн байх ба үүргээ барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага шүүхэд гаргасныг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар захирамжилсан нь нотлох баримтуудаар тогтоогдлоо. /2 хх-ийн 1-16, 1-хх-ийн 107-260/

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах хуулийн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл “А Л” ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд ба М В Г Л компанийг төлөөлөх эрх олгогдоогүй түүний эрх ашиг хөндөгдсөн нь баримтаар бүрэн нотлогдоогүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус байна.

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх энэхүү ажиллагааны улмаас “А Л” ХХК-ий эрх ашиг хөндөгдсөн болох нь, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болох нь нотлогдоогүй, үүнээс шалтгаалан нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус, нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ..............аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2023/00114 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “..............аймгийн .............. боомтын дэргэд байрлах “А Л” ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг чөлөөлүүлэх тухай “А Л” ХХК-ийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод  үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ЭНХТӨР

                         ШҮҮГЧИД                            Ш.БАТТОГТОХ

                                                                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ