Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2023/00169

 

                                       С.Агийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 130/ШШ2023/00068 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2023/00050 дугаар магадлалтай,

С.Агийн нэхэмжлэлтэй

Б аймгийн Ц сумын ЗД-д холбогдох

Б аймгийн Ц сумын ЗДын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/... дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, түүний өмгөөлөгч Я.С, Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, хариуцагчийн өмгөөлөгч А.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. С.А нь Б аймгийн Ц сумын ЗД-д холбогдуулан Б аймгийн Ц сумын ЗДын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/.. дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 130/ШШ2023/00068 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч С.А-н Б аймгийн Ц сумын ЗД-н 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/... дугаартай “Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.А-н энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2023/00050 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 130/ШШ2023/00068 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан С.А-н гомдлыг хангаж, Б аймгийн Ц сумын ЗДын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/.. дугаар захирамжийг хүчингүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн давж заалдах гомдлыг хүлээж авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

4.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М хяналтын гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М би хяналтын гомдлоо доорх хоёр үндэслэлээр гаргалаа. Үүнд:

1. Давж заалдах шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй.

2. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн хэм хэмжээг давж заалдах шатны шүүх зөрчсөн болно.

1. Давж заалдах шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй гомдлын тухайд:

Давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсгийн 15 дахь заалтад “Харин ажил олгогч Ц сумын ЗД нь тус сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Агийн үйлдсэн “тамга, тэмдэг хадгалах, хэрэглэх журам зөрчих” хөдөлмөрийн сахилгын зөрчилд хууль болон гэрээнд зааснаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй боловч “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг зөрчиж хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн төрлийг оновчтой сонгож хэрэглэж чадаагүй байна” 16 дахь заалтад “...Сумын ЗД болон тухайн сумын цэцэрлэгийн эрхлэгчийн хуулиар хүлээсэн ажлын чиг үүрэгтэй нь холбогдуулж цэцэрлэгийн эрхлэгч нь сумын ЗДын шууд харьяалах байгууллагад, эсхүл салбар нэгж, газар, хэлтэс, тасагт нь ажил үүргээ гүйцэтгэдэггүй учир Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтаар сумын ЗД нь цэцэрлэгийн эрхлэгчийг томилж чөлөөлөхөөс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-123.2.3, 123.2.5 дахь заалтад заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу ногдуулах бүрэн эрхтэй боловч цэцэрлэгийн эрхлэгчийг тухайн албан тушаалд бууруулах сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн боломжгүй юм” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлд Сум, дүүргийн ЗД-н бүрэн эрхийг хуульчилж өгсөн байх ба тус зүйлийн 31.1.12-т сумын ЗД нь цэцэрлэгийн эрхлэгчийг томилж чөлөөлөх гэсэн бол 31.1.13-т хуульд заасан бусад бүрэн эрх гэсэн байх ба ажил олгогч буюу сумын ЗД-н хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох эсхүл тус хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлүүдээс ажилтны гаргасан зөрчлийн үр дагавар, зөрчлийн шинж нөхцөл байдлыг нь харгалзаж аль нэгийг нь сонгон авч хэрэгтэй бөгөөд тухайлбал хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.3 дахь хэсэгт заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах бүрэн эрхтэй юм.

Гэвч давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч С.А-н гаргасан зөрчилд нь тохирох сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд харшлах юм.

2. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн хэм хэмжээг давж заалдах шатны шүүх зөрчсөн гомдлын тухайд:

Энэхүү С.А-н нэхэмжлэлтэй Ц сумын ЗД-д холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчийн У-... дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал болон гуравдагч этгээдийн хүсэлтээр Б аймгийн Санхүү хяналт, дотоод аудитын албан улсын ахлах байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18-06/.... дугаартай акт, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ц сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн ажлын танилцуулга зэргийг бүрдүүлсэн ба шүүхийн зүгээс дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүйд гомдолтой байна. Угтаа бол дээрх нотлох баримтууд нь С.А-н Тамга, тэмдэг ашиглах журам зөрчсөн буюу тамгаа алга болгосон болон бусад цэцэрлэгийн эрхлэгч нарын тамгыг ашиглаж төрийн сангаар гүйлгээ хийлгэсэн зөрчлүүдээс гадна цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа цалин буруу олгож 15,000,000 төгрөгөөр төрийг хохироосон, бүтэц орон тоо шинээр бий болгоогүй байхад шинээр ажилтан ажилд авч ажиллуулсан болон бусдад давуу байдал олгож шаардлага хангахгүй хүнийг ажилд томилсон зэрэг зөрчлүүдийг нь тогтоосон нотлох баримтууд байсан болно.

Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн Ц сумын ЗД-н зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай “Эрх нь хөндөгдөж байгаа 1,2,4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нарт 2 дахь удаагийн сонсох ажиллагаа явуулах тухай” хурлын тэмдэглэлээр ...1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.А нь тус сонсох ажиллагаанд биечлэн оролцсон бөгөөд хурлын тэмдэглэлд С.А нь: ...албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахыг чинь хүлээн зөвшөөрч байна тэр бол таны эрх... гэсэн байх ба давж заалдах шатны шүүхээс тус хуралдааны тэмдэглэлийг мөн үнэлээгүй явдалд гомдолтой байна.

Дээр дурдсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхдээ хуульд заасан болзол журмын дагуу үнэлээгүйн улмаас хариуцагч буюу ажил олгогчоос ажилтанд Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах эрхгүй мэтээр давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн явдалд гомдолтой байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2023/00050 дугаар магадлалд өөрчлөлт оруулж Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 130/ШШ2023/00068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж миний хяналтын журмаар гаргасан гомдлыг минь хангаж өгнө үү гэжээ.

4.2 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н хяналтын гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 130/ШШ2023/00068 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С.А-н шүүхэд гаргасан “Ц сумын ЗД-н 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/.. дугаар ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамжийг хүчингүй болгуулах” тухай иргэний нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх маргааны үйл баримт, ажилтан С.А-н үйлдсэн хөдөлмөрийн сахилгын зөрчил, ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлд заасан үйл баримтуудын нотломж зэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэж хууль ёсны дүгнэлт хийж хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхээс сумын ЗД-н ажил олгогчийн хувьд сумын цэцэрлэгийн эрхлэгчид хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах эрх хэмжээний онцлог, цар хүрээ, түүнд холбогдуулан Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалт, 123.3 дахь хэсгийг маргааны үйл баримтад оновчтой тайлбарлаж хэрэглээгүй гэж үзээд шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалт, 123.3 дахь хэсгийг давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн тайлбарласнаас өөрөөр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болсон юм.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан буюу талуудын гаргаж өгсөн Б аймгийн Ц сумын ЗД-н 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/.. дугаар захирамж, талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ /хэргийн 21 дэх тал/, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Ц сумын ЗД-н зөвлөмжийн хурлын тэмдэглэл /хэргийн 28-35 дахь тал/, хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн материал /хэргийн 53-74 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар Баян-Өлгий аймгийн Ц сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч, ажилтан С.А нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр цэцэрлэгийн тэмдгийг зохих журмын дагуу, ажлын байранд, цоожтой шүүгээ, сейфт хадгалаагүй, 3 хоног гээгдүүлж, энэ хугацаанд тус сумын 2, 4 дүгээр хүүхдийн цэцэрлэгийн тэмдгийг ашиглаж тамга, тэмдэг хэрэглэх, хадгалах журам зөрчсөн буюу хөдөлмөрийн гэрээний 7.3.9 дэх заалтад хамаарах хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь хөтөлбөргүй тогтоогдсон. Үүнийг хоёр шатны шүүх хүлээн зөвшөөрч шийдвэр, магадлалд үндэслэл болгосон хэдий ч давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй.

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийг “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг зөрчиж хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн төрлийг оновчтой сонгож, хэрэглэж чадаагүй, сумын ЗД болон тухайн сумын цэцэрлэгийн эрхлэгчийн хуулиар хүлээсэн ажлын чиг үүрэгтэй нь холбогдуулж цэцэрлэгийн эрхлэгч нь сумын ЗД-н шууд харьяалах байгууллагад, эсхүл салбар нэгж, газар, хэлтэс, тасагт нь ажил үүргээ гүйцэтгэдэггүй учир Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтаар сумын ЗД нь цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, чөлөөлөхөөс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-123.2.3, 123.2.5 дахь заалтад заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу ногдуулах бүрэн эрхтэй боловч цэцэрлэгийн эрхлэгчийг тухайн цэцэрлэгийн бүтэц, бүрэлдэхүүнд харьяалах албан тушаалд бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн боломжгүй хэмээн үзэж албан тушаал бууруулсан шийдвэрийг хүчингүй болгожээ.

Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалыг бууруулахдаа цэцэрлэгийн арга зүйчийн сул орон тоонд үргэлжлүүлэн ажиллуулахаар болж шийдвэрлэсэн нь тухай захирамж биелэгдэх боломжтой, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх нь сахилгын ноцтой зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн шийтгэлийг хүчингүй болгохдоо ямар ч үндэслэлгүйгээр хүчингүй болгуулсан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, гуравдагч этгээдийн тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар, захирамжийн албан тушаал буурсан эрхлэгчийг арга зүйчээр авч ажиллуулахыг даалгаж шийдвэрлэсэн шийдвэр, мөн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулж байгаа С.Ам-н нэхэмжлэгч С.А-г арга зүйчээр томилон ажиллуулах тухай тушаал шийдвэр зэргийг давж заалдах шатны шүүхээс үгүйсгээгүй мөртлөө анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн нь хуульд нийцээгүй тул хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалт, 123.3 дахь хэсгийг давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн тайлбарласнаас өөрөөр тайлбарлаж үндэслэлгүй өөрчлөлт оруулсан байх тул Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2023/00050 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

5. Нэхэмжлэгч С.А нь хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.09.21-ний өдрийн 001/ШХТ2023/00976 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нарын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Давж заалдах шатны шүүхийн хуулийг зөв тайлбарлаагүй алдааг залруулж, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэгч С.А, хариуцагч Ц сумын ЗД-д холбогдуулан 2022.10.31-ний өдрийн Б/.. дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...хариуцагч нь ажлаа өг гэж байнга хууль бус шаардлага тавьж байсан, тэмдэг ашиглах журам зөрчсөн гэж аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс торгуулийн шийтгэвэр оногдуулсан байхад давхардуулан албан тушаал бууруулах арга хэмжээ оногдуулсан, зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор арга хэмжээ авах ёстой байтал хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шийтгэл ногдуулсан, захирамжид заасан бусад зөрчлийг гаргаагүй...” гэжээ.

Хариуцагч Б аймгийн Ц сумын ЗД /Т.А / нэхэмжлэлийг эс зөвшөөрч, С.А-н гаргасан тамга тэмдэг ашиглах журам зөрчсөн зөрчил болон хяналт шалгалтаар тогтоосон зөрчлүүдийн шинж байдлыг харгалзан түүнд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан гэсэн үндэслэлийг заажээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ С.А нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зөрчөөгүй, Баян-Өлгий аймаг Ц сумын ЗД-н зөвлөлийн 2022.10.28-ны өдрийн 13 дугаартай сонсгох ажиллагаа явуулах тухай хурлын тэмдэглэл, 2022.10.13-ны өдрийн №.... дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлын танилцуулга, Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба улсын ахлах байцаагчийн 2022.10.27-ны өдрийн 18-06/... дугаартай “Төлбөрийн акт тогтоох тухай” акт, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтаар С.А ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж буюу сумын ЗД-н захирамжийг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан ба Сумын ЗД Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтаар цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, чөлөөлөхөөс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах бүрэн эрхтэй боловч цэцэрлэгийн эрхлэгчийг тухайн цэцэрлэгийн бүтэц, бүрэлдэхүүнд харьяалах албан тушаалд бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн боломжгүй, нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлж цэцэрлэгийн арга зүйчийн ажилд томилсон нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар эрхлэгч нь багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй гэж заасныг ноцтой зөрчсөн, албан тушаал бууруулж томилж байгаа бол бууруулж байгаа ажил, албан тушаалд ажил олгогч томилох, чөлөөлөх хуульд заасан бүрэн эрхтэй байх шаардлагатай, ЗД-д тус сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчид тухайн цэцэрлэгийн арга зүйчийн ажилд С.А-г томилохыг үүрэг болгох эрхийг хуулиар олгоогүй бөгөөд сумын ЗД нь албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах нэрийдлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, дуусгавар болгосон нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, ажил олгогч нь хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн төрлийг оновчтой сонгож, хэрэглэж чадаагүй, ажил олгогчийн шийдвэр, зөрчлийн бодит үндэслэлд тохироогүй гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан “шүүх зөрүүтэй шийдвэр гаргасан” үндэслэл буюу хяналтын шатын шүүхийн хянах бүрэн эрхэд хамаарна.

11. Ажил олгогч Б аймгийн Ц сумын ЗД 2022.10.31-ний өдрийн Б/... дугаар захирамжаар тус сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч ажилтай С.А-г Төсвийн тухай хуулийг зөрчиж эрх бүхий албан тушаалтан байгууллагын бүтэц, орон тоог батлаагүй байхад шинээр орон тоо бий болгосон, батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоож, төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй, цэцэрлэгийн арга зүйчийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй хүн авч ажиллуулж, тус байгууллагад 4-өөс дээш жил ажилласан багш нарын томилогдох боломжийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгосон, Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 6.1, 6.2, 6.12-т заасныг зөрчиж, байгууллагын тэмдгийг зохих журмын дагуу хадгалаагүй, бусдад ашиглах нөхцөл бүрдүүлж хаяж гээгдүүлсэн, өөр хэд хэдэн цэцэрлэгийн тэмдгийг байгууллагын хэвлэмэл хуудаст дарж, ашигласан зөрчил гаргасан, энэ нь хөдөлмөрийн гэрээний 7.3.1, 7.3.6, 7.3.7, 7.3.8, 7.3.9-т заасан ноцтой зөрчил гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5-д зааснаар “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл ногдуулж, С.А-г Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт арга зүйчийн албан тушаалд томилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахыг эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон С.Ам-д үүрэг болгож шийдвэрлэжээ.

12. Ажил олгогчийн захирамжид заасан Төсвийн тухай хуулийг зөрчиж эрх бүхий албан тушаалтан байгууллагын бүтэц, орон тоог батлаагүй байхад шинээр орон тоо бий болгосон, батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоож, төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй, цэцэрлэгийн арга зүйчийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй хүн авч ажиллуулж, тус байгууллагад 4-өөс дээш жил ажилласан багш нарын томилогдох боломжийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэх зөрчил тогтоогдоогүй, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээсэн нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтанд хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулахад хамаарахгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д заасан сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй гэсэн зарчим зөрчигдөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад үндэслэсэн байна.

12.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно.

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэжээ. Өөрөөр хэлбэл сахилгын зөрчил гаргасан өдрөөс зургаан сарын дотор, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сарын дотор сахилгын шийтгэл ногдуулж болох бөгөөд хэрэв зургаан сар дотор зөрчлийг илрүүлсэн бол илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хуулиар тогтоосон.

С.А нь 2022.09.12-ны өдөр цэцэрлэгийн тэмдгийг зохих журмын дагуу, ажлын байранд, цоожтой шүүгээ, сейфт хадгалаагүй, 3 хоног гээгдүүлж, энэ хугацаанд тус сумын 2, 4 дүгээр хүүхдийн цэцэрлэгийн тэмдгийг ашиглаж тамга, тэмдэг хэрэглэх, хадгалах журам зөрчсөн буюу хөдөлмөрийн гэрээний 7.3.9 дэх заалтад хамаарах хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон боловч ажил олгогч уг зөрчлийг 2022.09.12-ны өдөр /хх-17, 57/ илрүүлсэн нь баримтаар нотлогдсон байх ба илрүүлснээс хойш нэг сарын дотор бус 2022.10.31-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд заасан уг журмыг            зөрчсөн байна. Иймд ажил олгогчийн захирамжийг хууль ёсны гэж үзэх боломжгүй бөгөөд энэ үндэслэлээр, “нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн” давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

12.2. Давж заалдах шатны шүүх ЗД-н авсан “албан тушаал бууруулах” сахилгын арга хэмжээг оновчтой болоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг зөрчиж хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн төрлийг зөв сонгож, хэрэглэж чадаагүй, ЗД нь бууруулж байгаа ажил, албан тушаалд томилох, чөлөөлөх хуульд заасан бүрэн эрхтэй байх шаардлагатай гэж үзсэн нь үндэслэл бүхий болоогүй, үүнийг залруулж зөвтгөх боломжтой байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т сахилгын шийтгэлийн төрлүүдийг заасан бөгөөд эдгээр шийтгэлийн заримыг ажил олгогчийн хувьд хязгаарлах буюу хориглох агуулга хуульд байхгүй юм. Ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчилд тохирсон шийтгэл ногдуулах бүрэн эрхтэй. Үүнээс “албан тушаал бууруулах” шийтгэл ногдуулж байгаа бол бууруулж байгаа албан тушаалд ажил олгогчийн томилох эрх байх нь зүй ёсны боловч ажилтны ажиллаж буй байгууллагад орон тоо байгаа, тухайн байгууллагын эрх бүхий этгээдтэй харилцан тохиролцож бууруулах албан тушаалд ажиллах боломжийг бий болгосон бол ажил олгогчийг бүрэн эрхгүй, уг шийтгэлийг ногдуулах үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм. Энэ маргааны хувьд сумын ЗДнь нэхэмжлэгчийг түүний ажиллаж байгаа цэцэрлэгийн арга зүйчийн ажилд томилсон, цэцэрлэгийн эрхлэгчийг орлож буй этгээд нь арга зүйчийн албан тушаалд томилохыг маргаагүй байв.

Иймд ЗДыг “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэлийг авах эрхгүй гэх агуулга бүхий давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзнэ.

13. Ажилтны гаргасан гэх зарим сахилгын зөрчил тогтоогдоогүй, зарим зөрчилд шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа өнгөрсөн тул сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй, ЗДын захирамжийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдэл Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй тул “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй” болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нарын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2023/00050 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.           

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЦОЛМОН           

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                                           Н.БАЯРМАА

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД