Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2023/00050

 

С.А-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 130/ШШ2023/00068 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч тус аймгийн ******* оршин суух С.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн Ц- сумын Засаг дарга /Т.Т/-д холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай”  иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, нэхэмжлэгч С.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Малик нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. С.А- нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б\567 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймгийн Ц- сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/10 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймгийн Ц- сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс бүр томилогдон одоо хүртэл ажиллаж байна.

1.2. Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг дарга Т.Т- нь албан тушаалд томилогдсон цагаас эхэлж С.А-д удаа дараа хүүхдийн цэцэрлэгийн ажлаа өг гэсэн хууль бус шаардлага тавьж, ялгаварлан гадуурхах бодлого баримталж ирсэн байна. С.А- нь тухайн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн цагаас хойш тус хүүхдийн цэцэрлэгийн ажлыг хэвийн хэмжээнд явуулж ирсэн. С.А- нь өнгөрсөн хугацаанд ажлын хариуцлага алдаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Өнгөрсөн жил С.А- ямар ч сахилгын зөрчил гаргаагүй байхад Ц- сумын Засаг даргын 2021 оны Б/36 дугаартай захирамжаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.А- нь дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалтаар удаа дараа хангалтгүй үнэлэгдсэн тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг иргэний шүүхээс хүчингүй болгож байсан.

1.3. Гэтэл Ц- сумын Засаг дарга Т.Т- нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай захирамжаар батлагдсан орон тооноос илүү хүн авч ажиллуулсан, тамга, тэмдэг ашиглах журам зөрчсөн гэсэн үндэслэл зааж, С.А-г хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Ажил олгогчийн маргаан бүхий гэх 2022 оны Б/33 дугаартай захирамж нь бодит байдалд нийцэхгүй, С.А-г тэмдэг ашиглах журам зөрчсөн гэж аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс торгуулийн шийтгэвэр оногдуулсан байхад давхардуулан дахин арга хэмжээ оногдуулж зөвшөөрөхгүй байна.

1.4. Иймд Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү. 

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал:

2.1. Ц- сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.А- нь тус сумын Засаг даргад ирүүлсэн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаар албан бичиг нь хүүхдийн цэцэрлэгийн албан бланканд бичигдэж, С.А- өөрөө гарын үсэг зурсан боловч 4 дүгээр цэцэрлэгийн тамга тэмдгийг тус тус дарсан байсан. С.А-гийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх журмын 6 дугаар зүйлийн 6.1-д “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд цоожтой шүүгээ, сейфэнд хадгална”, 6.2-д “Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг албаны бус хэрэгцээнд ашиглах, бусдад шилжүүлэх болон Нотариатын тухай хуулийн 5.2 дахь хэсэг, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраас иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хамаарахаас бусад тохиолдолд ажлын байрнаас гадагш авч гарахыг хориглоно”, 6.12-д “Тамга, тэмдэг алдагдвал цагдаагийн байгууллагад нэн даруй бүртгүүлж, дээд шатны байгууллага болон улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, тус тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгосныг 3 хоногт багтаан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлуулна” гэснийг тус тус зөрчсөн бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0145181 дүгээр шийтгэлийн хуудсаар С.А-г 50 нэгж буюу 50000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

2.2. Нэхэмжлэгч тамга тэмдэг ашиглах журам зөрчсөн гэж аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс торгуулийн шийтгэл оногдуулсан байхад дахин шийтгэл оногдуулсныг зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэлийг давхардуулж оногдуулсан асуудал биш бөгөөд холбогдох хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтнаас зөрчилд холбогдогчийн холбогдсон зөрчилд торгох шийтгэл оногдуулсан явдал сахилгын шийтгэл оногдуулахад саад болохгүй. Ажил олгогчийн С.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.9-д байгууллагын хэвлэмэл хуудас, лого тэмдгийг хувийн зорилгоор ашигласан, бусдад ашиглуулсан ашиглах нөхцөл бололцоог бүрдүүлсэн гэснээр сахилгын шийтгэл оногдуулсан.

2.3. Аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/821 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Ц- сумын 1 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх ажлын удирдамжийн дагуу хяналт шалгалт зохион байгуулсан. Тус хяналт шалгалтаар Ц- сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.А- Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох, 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах, цалин хөлс авах, амрах гэснийг тус тус зөрчсөн болох нь Баян-Өлгий аймгийн Санхүү хяналт, дотоод аудитын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18-06/31 дүгээр актаар 1 дүгээр цэцэрлэгийн цалингийн санг шалгаж үзэхэд, албан хаагчдын цалинг буруу тооцож дутуу олгож ирсэн зөрчил илэрсэн байдаг.

2.4. С.А-гийн гаргасан зөрчилд зохих журмын дагуу шийтгэл оногдуулах үүрэг болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан. Тамга тэмдэг ашиглах зөрчлийг 2022 оны 9 дүгээр сарын 12-нд гаргасан. Гэвч үүнийг ажил олгогч тухайн үед мэдээгүй. Хавтаст хэрэг дотор гуравдагч этгээд Ай-ийн ажил олгогчид гаргасан өргөдөл байна. Тухайн өргөдлийн агуулга нь 3 талт гэрээнд дарагдсан тамга нь 2 дугаар цэцэрлэгийн тамга байсан. Үүнийг ажил олгогчид мэдэгдсэнээр зөрчил илэрсэн хугацаа 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэж ойлгож байна. Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг илрүүлсний дараа хариуцлага тооцсон. Шинээр орон тоо бий болоогүй байхад ажилтан авч ажиллуулсан нь өөрөө хууль бус. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Ай болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып нарын тайлбар, татгалзал: 

3.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Ажилтанд Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар сахилгын шийтгэл оногдуулсан. Өөрөөр хэлбэл С.А- Төсвийн тухай хуулийг удаа дараа зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон. 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр санхүүгийн хяналт шалгалт хийгдэж зөрчлийн акт тогтоосон. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, Төсвийн тухай хуулийн 16.5.3, 16.5.5 болон бусад заалтуудыг зөрчсөн явдал нь санхүүгийн хяналт шалгалтаар тогтоогдож төлбөрийн акт тогтоосон. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын танилцуулга хэрэг дотор авагдсан. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6 дахь заалтыг удаа дараа зөрчсөн нь тогтоогдсон. Мөн батлагдсан бүтэц орон тооноос илүү хүн авч ажиллуулж ашиг сонирхлын зөрчил гаргаж, шаардлага хангаагүй хүмүүсийг авч ажиллуулсан. С.А- ганцхан зөрчил гаргаагүй. Авлигын эрсэг хууль болон Төсвийн тухай хуулийг удаа дараа зөрчсөн. Мөн тамга тэмдэг ашиглах журмыг зөрчиж Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан.

3.2. 1 дүгээр цэцэрлэгийн албан бичигт өөр цэцэрлэгийн тамга тэмдгийг ашигласан. Тамга тэмдэг ашиглах журмыг зөрчсөн зөрчлийн хугацаа өнгөрсөн учраас хариуцлага тооцох боломжгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Гаргасан зөрчлүүдийн хоорондын хугацаа 6 сар өнгөрөөгүй. Тамга тэмдгийн зөрчил гаргасны дараа төлөвлөгөөт бус шалгалтаар илэрсэн зөрчлүүдэд тогтоосон төлбөрийн акт байна. Өмнө нь гаргасан зөрчилд нь хариуцлага хүлээлгээгүй учраас тухайн зөрчлүүдийг нэгтгэж Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулж байгаа нь үндэслэлтэй.

3.3. Хэрэв төлбөрийн актыг хүлээн зөвшөөрөхгүй бол тухайн үед нь Сангийн яаманд гомдол гаргах ёстой байсан. Тухайн үед гомдол гаргаагүй. Гаргасан зөрчилтэй холбоотой ажилтнаас сонсох ажиллагаа явуулж хариуцлага тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар Ц- сумын Засаг даргын захирамжаар С.А- эрхлэгчийн албан үүргийг Ай-ээр хавсран гүйцэтгүүлэхээр захирамж гарсан. Эрхлэгчийн ажил үүргийг Ай-ээр гүйцэтгүүлсэн тохиолдолд хуульд зааснаар Ай- эрхлэгчийн ажил  үүргийг гүйцэтгэхтэй холбоотой нэмэгдэл урамшуулал цалин хөлс авч эрх зүйн байдлаа дээрдүүлэх боломжтой байсан. Хэрэв захирамжийг хүчингүй болгуулах юм бол тухайн хүний нэмэлт орлого олох боломжуудыг хааж байгаа учраас Ай-ийн эрх ашиг сонирхол нь зөрчигдөнө. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 130/ШШ2023/00068 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч С.А-гийн Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай “Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.А-гийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх С.А-гийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргад холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

5.2. Ажил олгогчоос С.А-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн гэж үзэж байна. Учир нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б\11 дугаартай “К.Нуржаныг үйлчлэгчийн ажилд томилох тухай” тушаал гарснаас хойш 2 жил, 2 сар, 28 хоног, Баян-Өлгий аймгийн Ц- сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б\16 дугаартай тушаалаар “Р.Амангүлийг тус цэцэрлэгийн арга зүйчээр томилсон” тушаал гарснаас хойш 2 жил, 2 сар, 5 хоног тус тус өнгөрсөн байна. Энэ нь ажил олгогчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.4-д заасан “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, .... хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг зөрчиж байна. 

5.3. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг дарга Т.Т-ы 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өөрт нь хаяглан ирүүлсэн Баян-Өлгий аймгийн Ц- сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаар албан бичигт тус цэцэрлэгийн эрхлэгч өөрөө гарын үсэг зурсан боловч Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн тэмдэг дарагдсан гэдгийг мэдсэн буюу илрүүлсэн, улмаар Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг дарга Т.Т- 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр эрх нь хөндөгдөж байгаа 1,2,4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нарт сонсох ажиллагаа явуулсан байна. Иймд хариуцагч Ц- сумын Засаг дарга Т.Т-ы 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой байхад 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б\35 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 "... ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахад Хөдөлмөрийн тухай хуулийн 123.4-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрүүлсэн гэсэн үндэслэлтэй тайлбарт хууль зүйн хувьд ямар нэг няцаалт өгөөгүй байгаа явдалд гомдолтой байна.

5.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн Баян-Өлгий аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 24БӨА2019\140\ТШЗ-СТА дугаартай “Аудитын гэрчилгээ”, мөн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 94 дугаартай “Аудитын гэрчилгээ”, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 70 дугаартай Ц- сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.А- танаа гэх “Аудитын санал дүгнэлт”, мөн Баян-Өлгий аймгийн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаартай “Б.Амангүлийг туслах багшаар ажилд томилох тухай” тушаал, мөн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б\11 дугаартай “К.Нуржаныг үйлчлэгчийн ажилд томилох тухай” тушаал, Рымханы Амангүлийн Газарчин дээд сургуулийн бакалаврын диплом, дипломын хавсралт, Баян-Өлгий аймаг Ц- сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаартай албан бичиг, Ц- сумын 1 дүгээр цэцэрлэгийн 2021 оны 01 дүгээр 14-ний өдрийн 01 дугаартай, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаартай Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан танаа гэсэн албан бичгүүд, 2022 оны 11 дүгээр сарын 1-р хагас цалин хөлс хүснэгт зэрэг нотлох баримтууд нь цаг хугацааны хувьд болон энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд байна” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулсан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2. “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг тус тус ноцтой зөрчиж байна.

5.5. Санхүүгийн хяналт шалгалтаар тус байгууллагын цалингийн санг шалгаж үзэхэд 2020, 2021 оны 6,7,8 дугаар сар, 2022 оны 6 дугаар саруудад багш бусад албан хаагч нарын цалинг буруу тооцож дутуу олгож ирсэн ба 2020 онд 6575,9 мянган төгрөг, 2021 онд 7367,4 мянган төгрөг, 2022 онд 1237,0 нийт 15181,2 мянган төгрөгийн зөрчил илэрсэн байна. Энэхүү зөрчлийг С.А- арилгасан ба тэрээр төсвийн мөнгийг өөрөө хувьдаа завшаагүй, үрэгдүүлэн шамшигдуулаагүй, ажилтанд олгох цалин хөлсний зөрүүг тэр дор нь нөхөж олгосон байхад ажлаас халах хэмжээний сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

5.6. Дээр дурдсан нөхцөл байдлууд нь анхан шатны шүүхээс Б.А-гийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргад холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд нэг талыг барьсан, зөвхөн хариуцагчийн эрх ашгийг илт хамгаалсан агуулгатай байсан гэж үзэж байна.

5.7. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтад нийцэхгүй байна гэж үзэж байна.

5.8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Нэхэмжлэгчид 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэл ногдуулахдаа Засгийн газрын 2021 оны 226 дугаартай тогтоолоор батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хэвлэмэл хуудас хэрэглэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1-т заасан хэсгийг зөрчсөн тул сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Нэхэмжлэгч гомдолдоо 2, 4 дүгээр цэцэрлэгийн адилхан зөрчил гаргасан этгээдэд цалин бууруулах шийтгэл оногдуулж, надад албан тушаал бууруулах шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь зөвхөн тамга тэмдэг, баталгааны журмыг зөрчсөн явдал биш байгууллагын тамгыг алга болгож, бусад цэцэрлэгүүдийг тамга тэмдгийг ашигласан, хэвлэмэл хуудсыг хэрэглэсэн гэж үзэж байгаа.

6.2. Аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/821 захирамжаар батлагдсан ажлын хэсэг байгаа. Уг ажлын хэсгээр нэхэмжлэгчийн зөрчлүүдийг тогтоосон байдаг. Тухайлбал Ц- сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.А- нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасан “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох, мөн зүйлийн 16.5.5 “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 “хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах, цалин хөлс авах, амрах” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэлт гаргасан байдаг. Үүнтэй холбоотой Ц- сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг нь нийт 30 албан хаагчтай байсан бол 2022 оны 8 дугаар сар хүртэл ажиллаж байгаад 8 дугаар сарын 03-ны өдөр Б/11 дүгээр тушаалаар цэцэрлэгийн үйлчилгээний орон тоонд, илүү орон тоо бий болгож К.Нуржаныг томилсон байдаг. Энэ нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12 “эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох” гэж заасныг зөрчиж шинээр орон тоо баталж, бий болсон гэж шийтгэл ногдуулсан.

6.3. Мөн Баян-Өлгий аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18-06/31 дугаартай актаар хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн цалингийн санг шалгаж үзэхэд 2020, 2021 оны 6,7,8 дугаар сар, 2022 оны 6 дугаар саруудад багш бусад албан хаагчдын цалинг буруу тооцож дутуу олгож ирсэн ба 2020 онд 6,576.9 төгрөг, 2021 онд 7,367.4 төгрөг, 2022 онд 1,237 төгрөг нийт 15,182.2 төгрөгийн зөрчил илэрсэн гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч нь тухайн зөрчлийг хүлээн зөвшөөрч зөвшөөрсөн гэж ойлгож байгаа. Тухайн үед зөрчлийн акттай холбоотой эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргаагүй.

6.4. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “тухайн тогтоосон 15,000,000 төгрөгийг бид төлөөд явж байгаа” гэж тайлбарласан байдаг. Үүнээс харвал нэхэмжлэгч аудитын дүгнэлттэй холбоотой зөрчлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Харин Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч тамга тэмдэг ашиглах журамтай холбоотой зөрчил илрүүлж, зөрчилд нь сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Иймд нэхэмжлэгчийн гомдол нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлага болон гомдлыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

7. Давж заалдах шатны шүүх С.А-гийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргад холбогдох гомдлоор авч хэлэлцэх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүх маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

            8. Ажил олгогч буюу Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар захирамжаар тус сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч ажилтай С.А-г:

  • Төсвийн тухай хуулийг зөрчиж эрх бүхий албан тушаалтан байгууллагын бүтэц, орон тоог батлаагүй байхад шинээр орон тоо бий болгосон,
  • батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоож, төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй,
  • цэцэрлэгийн арга зүйчийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй хүн авч ажиллуулж, тус байгууллагад 4-ээс дээш жил ажилласан багш нарын томилогдох боломжийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгосон,
  • Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 8.1.7, 2021 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 6.1, 6.2, 6.12-т заасныг зөрчиж, байгууллагын тэмдгийг зохих журмын дагуу хадгалаагүй, бусдад ашиглах нөхцөл бүрдүүлж хаяж гээгдүүлсэн,
  • өөр хэд хэдэн цэцэрлэгийн тэмдгийг байгууллагын хэвлэмэл хуудаст дарж, ашигласан зэрэг зөрчлүүд гаргасан нь тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.3.1, 7.3.6, 7.3.7, 7.3.8, 7.3.9-т заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр “албан тушаал бууруулах” хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

9. Ажил олгогчоос ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах агуулгатай тушаалын захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар С.А-д сахилгын шийтгэл ногдуулж, уг сахилгын шийтгэлийг хэрэгжүүлэх арга замыг: захирамжийн 2 дахь заалтад С.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож; 3 дахь заалтаар С.А-гийн оронд Ц- сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд С.Ай-ийг томилон түр орлон гүйцэтгүүлж; 4 дэх заалтаар С.А-г тус сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн арга зүйчийн албан тушаалд томилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахыг эрхлэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэгч С.Ай-д үүрэг болгох зэргээр тодорхойлжээ.

 

10. Ажил олгогчоос ажилтны гаргасан зөрчилд нь “албан тушаал бууруулах” хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа тэдгээрийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний заалтуудыг баримталснаас гадна Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.20 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.12 /Сумын Засаг даргын бүрэн эрх: аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх/ дахь заалт Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 /ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан/, 80.1.5 /ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон/ дахь заалт, 123 дугаар зүйлийн 123.1 /Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно/ дэх хэсэг, 123.2.4 /албан тушаал бууруулах/ дэх заалт, 123.3 /.Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана/ дахь хэсгийг удирдлага болгосон байна.

 

11. Ажилтан С.А- нь ажил олгогчийн дээрх шийдвэрийг хүчингүй болгохоор анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд үндэслэлээ “Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээсэн байхад давхардуулан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан ба түүний гомдол нь маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хугацаа, урьдчилсан шаардлагыг зөрчөөгүй.

 

12. Анхан шатны шүүх маргааны үйл баримт, ажилтан С.А-гийн үйлдсэн хөдөлмөрийн сахилгын зөрчил, ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлд заасан зарим үйл баримтуудын нотломж зэрэгт хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэж хууль ёсны дүгнэлт хийсэн боловч сумын Засаг даргын ажил олгогчийн хувьд сумын цэцэрлэгийн эрхлэгчид хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах эрх хэмжээний онцлог, цар хүрээ, түүнд холбогдуулан Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалт, 123.3 дахь хэсгийг маргааны үйл баримтад оновчтой тайлбарлаж хэрэглээгүй, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэрийн хууль ёсны байдал хийгээд үр дагаварт эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн байх тул дараах үндэслэлээр хуульд нийцээгүй ажил олгогчийн захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

13. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан буюу талуудын гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/33 дугаар захирамж /хэргийн 4 дэх тал, арын нүүр/, талуудын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ /хэргийн 21 дэх тал/, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Ц- сумын Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл /хэргийн 28-35 дахь тал/, хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн материал /хэргийн 53-74 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар Баян-Өлгий аймгийн Ц- сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч, ажилтан С.А- нь 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр цэцэрлэгийн тэмдгийг зохих журмын дагуу,ажлын байранд, цоожтой шүүгээ, сейфт хадгалаагүй, 3 хоног гээгдүүлж, энэ хугацаанд тус сумын 2, 4 дүгээр хүүхдийн цэцэрлэгийн тэмдгийг ашиглаж тамга, тэмдэг хэрэглэх, хадгалах журам зөрчсөн буюу хөдөлмөрийн гэрээний 7.3.9 дэх заалтад хамаарах хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь хөтөлбөргүй тогтоогджээ.

 

Харин ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлд заасан С.А-гийн гаргасан гэх “... шинээр орон тоо бий болгосон, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй, арга зүйчийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй хүн авч ажиллуулж, тус байгууллагад 4-ээс дээш жил ажилласан багш нарын томилогдох боломжийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгосон” гэсэн агуулгатай хөдөлмөрийн сахилгын зөрчлүүд хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй ба ажил олгогч эдгээр үйл баримтуудын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй, шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

14. Ажилтан С.А-гаас ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн байхад ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж давхардуулан шийтгэл оногдуулсан” гэж тайлбарласан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Учир нь ажилтан Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тамга, тэмдэг хэрэглэх, хадгалах журам зөрчих зөрчлийн хэрэг үйлдэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл хүлээсэн нь тогтоогдсон бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.3, 123.7 дахь хэсгийг үндэслэвэл, ажилтан Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээсэн нь хууль буюу гэрээгээр хүлээсэн ажил, үүрэгтэй нь шууд холбогдолтой байвал ажил олгогчоос тухайн асуудлаар түүнд Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд зааснаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх нөхцөл шалтгаан болохгүй.

 

15. Харин ажил олгогч Ц- сумын Засаг дарга нь тус сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.А-гийн үйлдсэн “тамга, тэмдэг хадгалах, хэрэглэх журам зөрчих” хөдөлмөрийн сахилгын зөрчилд хууль болон гэрээнд зааснаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй боловч “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг зөрчиж хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн төрлийг оновчтой сонгож, хэрэглэж чадаагүй байна.

 

16. Сумын Засаг дарга болон тухайн сумын цэцэрлэгчийн эрхлэгчийн хуулиар хүлээсэн ажлын чиг үүрэгтэй нь холбогдуулж цэцэрлэгийн эрхлэгч нь сумын Засаг даргын шууд харьяалах байгууллагад, эсхүл салбар нэгж, газар, хэлтэс, тасагт нь ажил үүргээ гүйцэтгэдэггүй учир Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтаар сумын Засаг дарга нь цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, чөлөөлөхөөс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-123.2.3, 123.2.5 дахь заалтад заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу ногдуулах бүрэн эрхтэй боловч цэцэрлэгийн эрхлэгчийг тухайн цэцэрлэгийн бүтэц, бүрэлдэхүүнд харьяалах албан тушаалд бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн боломжгүй юм.

 

Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалтад заасан “албан тушаал бууруулах” хөдөлмөрийн сахилгын шийтгэл гэж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон ажилтны ажиллаж байгаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, албан тушаалыг ажиллах нөхцөл, хангамж, бүрэн эрхийн хувьд дордуулж, ажлын байрыг нь ажил олгогчийн санаачилгаар өөрчлөх буюу бууруулахыг ойлгох бөгөөд (1) ажилтны буурч байгаа ажил, албан тушаал нь тухайн ажилтны ажиллаж байгаа байгууллага дотор, эсхүл түүний харьяа нэгжид харьяалагдахаас гадна (2) хэрвээ ажил олгогч ажилтныг ажиллаж байгаа байгууллага болон түүний харьяа нэгжээс өөр байгууллагад албан тушаал бууруулан томилж байгаа бол тухайн бууруулж байгаа ажлын байранд ажил олгогч томилох хуульд заасан бүрэн эрхтэй байх шаардлагыг хангасан байвал зохино. Өөрөөр хэлбэл, дээрх аль ч нөхцөлд /ажилтны ажиллаж байгаа байгууллага дотор, эсхүл ажил олгогчийн харьяа өөр байгууллага руу/ ажилтныг албан тушаал бууруулж томилж байгаа бол бууруулж байгаа ажил, албан тушаалд ажил олгогч томилох, чөлөөлөх хуульд заасан бүрэн эрхтэй байх шаардлагатай.

 

17. Гэтэл Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/33 дугаар захирамжаар ажилтан С.А-д “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл ногдуулахдаа түүнийг тус сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлөөд, С.А-г тус цэцэрлэгийн арга зүйчийн ажил, албан тушаалд томилохыг цэцэрлэгийн эрхлэгчийн ажил үүргийг түр орлон гүйцэтгэгчид үүрэг болгосон нь дээрх шалгуурыг хангаагүй, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалтад нийцээгүйгээс гадна Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтад “Эрхлэгч нь багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

Тодруулбал, Ц- сумын Засаг даргад тус сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчид “тухайн цэцэрлэгийн арга зүйчийн ажилд С.А-г томилохыг үүрэг болгох” эрхийг хуулиар олгоогүй бөгөөд сумын Засаг дарга нь цэцэрлэгийн эрхлэгчид “албан тушаал бууруулах” хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах нэрийдлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, дуусгавар болгосон нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, хууль бус болжээ.

 

18. Ажил олгогчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/33 дугаар захирамжийн агуулгаас харвал, ажилтан С.А-гийн гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчилд нь холбогдуулж түүнд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах зорилготой, энэ нь хариуцагчийн хариу тайлбараар тогтоогдож байгаа боловч Ц- сумын Засаг даргын тухайн шийдвэрийн эрх зүй үр дагавар нь ажилтан С.А-тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. Энэ тохиолдолд ажил олгогчийн гаргасан шийдвэр, түүний хууль зүйн болон бодит үндэслэл хоорондоо нийцээгүй буюу хууль ёсны зарчим алдагдсан гэж үзэх ба ажилтан С.А-гийн гаргасан зөрчилд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр эцсийн дүндээ талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажилтны эрхийг илт хохироосон шинжтэй байна.

 

19. Иймээс ажилтан С.А-гийн гаргасан “тамга, тэмдэг хэрэглэх, хадгалах журам зөрчсөн” хөдөлмөрийн сахилгын зөрчилд ажил олгогчоос хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна:”, 123.3 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ” гэж заасныг, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтад “Эрхлэгч нь багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй” гэж заасныг тус тус зөрчиж, ажилтныг албан тушаал бууруулахдаа өөрт нь томилох эрхийг хуулиар олгоогүй албан тушаалд томилохыг даалгасан буюу Баян-Өлгий аймгийн Ц- сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн болон тус цэцэрлэгийн арга зүйчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн Ц- сумын Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, С.А-гийн гомдлыг хангаж шийдвэрлэв.   

 

20. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлүүдээр хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг орууллаа.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 130/ШШ2023/00068 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан С.А-гийн гомдлыг хангаж, Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК