Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 130/ШШ2023/00068

 

 

 

 

   2023              01            18     

                        130/ШШ2023/00068

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суух, Н овогт С-ны А

Хариуцагч: Б аймгийн Ц сумын Засаг дарга /Т.А/

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М,

Хариуцагчийн өмгөөлөгч А.С,

гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Б аймгийн Ц сумын Засаг дарга /Т.А/-д холбогдуулан Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. С.А нь Б аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б\567 дугаартай захирамжаар Б аймгийн Ц сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад Б аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/10 дугаартай захирамжаар Б аймгийн Ц сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс бүр томилогдон одоо хүртэл ажиллаж байна.

 

1.2. Б аймгийн Ц сумын Засаг дарга Т.А нь албан тушаалд томилогдсон цагаас эхэлж С.А-д удаа дараа хүүхдийн цэцэрлэгийн ажлаа өг гэсэн хууль бус шаардлага тавьж, ялгаварлан гадуурхах бодлого баримталж ирсэн байна. С.А нь тухайн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн цагаас хойш тус хүүхдийн цэцэрлэгийн ажлыг хэвийн хэмжээнд явуулж ирсэн юм. С.А нь өнгөрсөн хугацаанд ажлын хариуцлага алдаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Өнгөрсөн жил С.А ямар ч сахилгын зөрчил гаргаагүй байхад Ц сумын Засаг даргын 2021 оны Б/36 дугаартай захирамжаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.А нь дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалтаар удаа дараа хангалтгүй үнэлэгдсэн тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг иргэний шүүхээс хүчингүй болгож байсан.

1.3. Гэтэл Ц сумын Засаг дарга Т.А нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай захирамжаар батлагдсан орон тооноос илүү хүн авч ажиллуулсан, тамга, тэмдэг ашиглах журам зөрчсөн гэсэн үндэслэл зааж С.А-г хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Ажил олгогчийн маргаан бүхий гэх 2022 оны Б/33 дугаартай захирамж нь бодит байдалд нийцэхгүй, С.А-г тэмдэг ашиглах журам зөрчсөн гэж аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс торгуулийн шийтгэвэр оногдуулсан байхад давхардуулан дахин арга хэмжээ оногдуулж зөвшөөрөхгүй байна.

1.4. Иймд Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б аймгийн Ц сумын Засаг дарга /Т.А/ хариу тайлбартаа: Ц сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.А нь тус сумын Засаг даргад ирүүлсэн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаар албан бичиг нь хүүхдийн цэцэрлэгийн албан бланкид бичигдэж, С.А өөрөө гарын үсэг зурсан боловч 4 дүгээр цэцэрлэгийн тамга тэмдгийг тус тус дарсан байсан. С.А-гийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх журмын 6 дугаар зүйлийн 6.1-д “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд цоожтой шүүгээ, сейфэнд хадгална”, 6.2-д “ Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг албаны бус хэрэгцээнд ашиглах, бусдад шилжүүлэх болон Нотариатын тухай хуулийн 5.2 дахь хэсэг, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраас иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хамаарахаас бусад тохиолдолд ажлын байрнаас гадагш авч гарахыг хориглоно”, 6.12-д “Тамга, тэмдэг алдагдвал цагдаагийн байгууллагад нэн даруй бүртгүүлж, дээд шатны байгууллага болон улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, тус тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгосныг 3 хоногт багтаан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлуулна” гэснийг тус тус зөрчсөн бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ААААААА дүгээр шийтгэлийн хуудсаар С.А-г 50 нэгж буюу 50000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Нэхэмжлэгч тамга тэмдэг ашиглах журам зөрчсөн гэж аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс торгуулийн шийтгэл оногдуулсан байхад дахин шийтгэл оногдуулсныг зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэлийг давхардуулж оногдуулсан асуудал биш бөгөөд холбогдох хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтнаас зөрчилд холбогдогчийн холбогдсон зөрчилд торгох шийтгэл оногдуулсан явдал сахилгын шийтгэл оногдуулахад саад болохгүй. Ажил олгогчийн С.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.9-д байгууллагын хэвлэмэл хуудас, лого тэмдгийг хувийн зорилгоор ашигласан, бусдад ашиглуулсан ашиглах нөхцөл бололцоог бүрдүүлсэн гэснээр сахилгын шийтгэл оногдуулсан. Аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/821 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Ц сумын 1 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх ажлын удирдамжийн дагуу хяналт шалгалт зохион байгуулсан. Тус хяналт шалгалтаар Ц сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.А Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах, цалин хөлс авах, амрах” гэснийг тус тус зөрчсөн болох нь Б аймгийн Санхүү хяналт, дотоод аудитын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18-06/31 дүгээр актаар 1 дүгээр цэцэрлэгийн цалингийн санг шалгаж үзэхэд, албан хаагчдын цалинг буруу тооцож дутуу олгож ирсэн зөрчил илэрсэн байдаг. С.Агийн гаргасан зөрчилд зохих журмын дагуу шийтгэл оногдуулах үүрэг болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан. Тамга тэмдэг ашиглах зөрчлийг 2022 оны 9 дүгээр сарын 12-нд гаргасан. Гэвч үүнийг ажил олгогч тухайн үед мэдээгүй. Хавтаст хэрэг дотор гуравдагч этгээд А-ийн ажил олгогчид гаргасан өргөдөл байна. Тухайн өргөдлийн агуулга нь 3 талд гэрээнд дарагдсан тамга нь 2 дугаар цэцэрлэгийн тамга байсан. Үүнийг ажил олгогчид мэдэгдсэнээр зөрчил илэрсэн хугацаа 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэж ойлгож байна. Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг илрүүлсний дараа хариуцлага тооцсон. Шинээр орон тоо бий болоогүй байхад ажилтан авч ажиллуулсан нь өөрөө хууль бус. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Ажилтанд Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн  70.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар сахилгын шийтгэл оногдуулсан. Өөрөөр хэлбэл С.А Төсвийн тухай хуулийг удаа дараа зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон. 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр санхүүгийн хяналт шалгалт хийгдэж зөрчлийн акт тогтоосон. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, Төсвийн тухай хуулийн 16.5.3, 16.5.5 болон бусад заалтуудыг зөрчсөн явдал нь санхүүгийн хяналт шалгалтаар тогтоогдож төлбөрийн акт тогтоосон. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын танилцуулга хэрэг дотор авагдсан. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6 дахь заалтыг удаа дараа зөрчсөн нь тогтоогдсон. Мөн батлагдсан бүтэц орон тооноос илүү хүн авч ажиллуулж ашиг сонирхлын зөрчил гаргаж, шаардлага хангаагүй хүмүүсийг авч ажиллуулсан. С.А ганцхан зөрчил гаргаагүй. Авлигын эрсэг хууль болон Төсвийн тухай хуулийг удаа дараа зөрчсөн. Мөн тамга тэмдэг ашиглах журмыг зөрчиж Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан. 1 дүгээр цэцэрлэгийн албан бичигт өөр цэцэрлэгийн тамга тэмдгийг ашигласан. Тамга тэмдэг ашиглах журмыг зөрчсөн зөрчлийн хугацаа өнгөрсөн учраас хариуцлага тооцох боломжгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Гаргасан зөрчлүүдийн хоорондын хугацаа 6 сар өнгөрөөгүй. Тамга тэмдгийн зөрчил гаргасны дараа төлөвлөгөөт бус шалгалтаар илэрсэн зөрчлүүдэд тогтоосон төлбөрийн акт байна. Өмнө нь гаргасан зөрчилд нь хариуцлага хүлээлгээгүй учраас тухайн зөрчлүүдийг нэгтгэж Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулж байгаа нь үндэслэлтэй. Хэрэв төлбөрийн актыг хүлээн зөвшөөрөхгүй бол тухайн үед нь Сангийн яаманд гомдол гаргах ёстой байсан. Тухайн үед нь гомдол гаргаагүй. Гаргасан зөрчилтэй холбоотой ажилтнаас сонсох ажиллагаа явуулж хариуцлага тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б33 дугаар Ц сумын Засаг даргын захирамжаар С.А эрхлэгчийн албан үүргийг А-ээр хавсран гүйцэтгүүлэхээр захирамж гарсан. Эрхлэгчийн ажил үүргийг А-ээр гүйцэтгүүлсэн тохиолдолд хуульд зааснаар А эрхлэгчийн ажил[NT1]  үүргийг гүйцэтгэхдээ холбоотой нэмэгдэл урамшуулал цалин хөлс авч эрх зүйн байдлаа дээрдүүлэх боломжтой байсан. Хэрэв захирамжийг хүчингүй болгуулах юм бол тухайн хүний нэмэлт орлого олох боломжуудыг хааж байгаа учраас А-ийн эрх ашиг сонирхол нь зөрчигдөнө. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс Б аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/567 дугаартай, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/10 дугаартай, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Я.С-эд олгосон итгэмжлэл, Б аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 44 дугаартай албан бичиг, Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 70 дугаар Аудитын санал дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Аудитын гэрчилгээ, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Аудитын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчаас Е.М-т олгосон итгэмжлэл, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаартай Хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Ц сумын Засаг даргын зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай хурлын тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс С.Н-т олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн.

 

7. Хариуцагчийн хүсэлтээр Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 30 дугаартай албан бичгээр хүргүүлсэн У-173 дугаартай Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3-02/36 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба улсын ахлах байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18-06/31 дугаартай акт, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ц сумын 1 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн ажлыг хэсгийн хяналт шалгалтын ажлын танилцуулга зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

8. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-ээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

9.1. Ц сумын Засаг дарга Т.А нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай захирамжаар батлагдсан орон тооноос илүү хүн авч ажиллуулсан, тамга, тэмдэг ашиглах журам зөрчсөн гэсэн үндэслэл зааж С.Аг хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Ажил олгогчийн маргаан бүхий гэх 2022 оны Б/33 дугаартай захирамж нь бодит байдалд нийцэхгүй, С.Аг тэмдэг ашиглах журам зөрчсөн гэж аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс торгуулийн шийтгэвэр оногдуулсан байхад давхардуулан дахин арга хэмжээ оногдуулж зөвшөөрөхгүй байна. Зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор арга хэмжээ авах ёстой байтал Ц сумын Засаг дарга 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр арга хэмжээ тооцож байгаа нь үндэслэлгүй. Яагаад гэвэл хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

10. Хариуцагч Б аймгийн Ц сумын Засаг дарга /Т.А/ нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

10.1. Нэхэмжлэгч С.А-гийн гаргасан тамга тэмдэг ашиглах журам зөрчсөн зөрчил болон хяналт шалгалтаар тогтоосон зөрчлүүдийн шинж байдлыг харгалзан түүнд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

11. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

11.1. Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжаар Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.20, 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн албаны тухай хуулийн 48.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.12, 48.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.4, 123.3, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын 7.1 дэх хэсэг, эрхлэгч С.А-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтыг тус тус үндэслэн 1. Ц сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.А нь Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж эрх бүхий албан тушаалтан байгууллагын бүтэц, орон тоо батлаагүй байхад шинээр орон тоо бий болгосон,батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоож, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй, цэцэрлэгийн арга зүйчийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй хүн авч ажиллуулж тус байгууллагад багшаар 4-өөс доошгүй жил ажиллаж байгаа багш нарын томилогдох боломжийн хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж бусдад давуу байдал бий болгосон, Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 8 дугаар зүйлийн 8.1.7, Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.12 дэх хэсгүүдийг зөрчиж байгууллагын тэмдгийг зохих журмын дагуу хадгалаагүй, бусдад ашиглах нөхцөл бүрдүүлж хаяж, гээгдүүлсэн, энэ талаар холбогдох газарт мэдэгдэж арга хэмжээ аваагүй, өөрт олгосон бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөр хэд хэдэн Хүүхдийн цэцэрлэгийн тэмдгийг байгууллагын хэвлэмэл хуудаст дарсан, тухайн хуурамч хэвлэмэл хуудсыг ашигласан зэрэг зөрчлүүд гаргасан нь тогтоогдсон, С.А-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.1, 7.3.6, 7.3.7, 7.3.8, 7.3.9 дахь хэсэгт заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох буюу цуцлах ноцтой зөрчил гаргасан тул албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай. 2.Эрхлэгч С.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосугай. 3. Тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалыг Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт арга зүйчээр ажиллаж байсан 1 дүгээр цэцэрлэгийн багш С-н А-ээр түр орлон гүйцэтгүүлсүгэй. 4. С.Аг Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт арга зүйчийн албан тушаалд томилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахыг эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон С.А-д үүрэг болгосугай. 5. Түр орлон гүйцэтгэгч С.А-ийн цалинг зохих сүлжээний дагуу тооцож олгохыг сургуулийн нягтлан бодогч /Б.К/-д зөвшөөрсүгэй гэж, нэхэмжлэгч С.А-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

11.2. Нэхэмжлэгч С.А нь ажил олгогч Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай “ Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийг хүлээн авч, эс зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байна. 

11.3. Хариуцагч Б аймгийн Б аймгийн Ц сумын Засаг дарга нь нэхэмжлэгч С.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч,...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан болно.

11.4. Нэхэмжлэгч С.А-д хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага буюу ажил олгогчийн албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг эс зөвшөөрч байгаа үндэслэл болон үйл баримтын талаарх нотлох баримтаа гарган өгч нотолж чадаагүй болно.

11.5. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч С.А-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн захирамж нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас чөлөөлсөн захирамжид баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас чөлөөлөх буюу албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлтэй тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна гэж үзлээ.

11.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтална гэж заасны дагуу нэхэмжлэгч С.А-г ажлаас чөлөөлсөн захирамждаа ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой зааж, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль журмыг баримталсан байна.

11.7. Нэхэмжлэгч С.А нь “... 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай захирамжаар батлагдсан орон тооноос илүү хүн авч ажиллуулсан, тамга, тэмдэг ашиглах журам зөрчсөн гэсэн үндэслэл зааж намайг хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Ажил олгогчийн маргаан бүхий захирамж нь бодит байдалд нийцээгүй, тэмдэг ашиглах журам зөрчсөн гэж аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс торгуулийн шийтгэвэр оногдуулсан байхад давхардуулан дахин арга хэмжээ авсныг зөвшөөрөхгүй байна гэж тайлбарлаж байгаа боловч ажил олгогчийн цэцэрлэгийн эрхлэгч С.Аг албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

11.8. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймаг Ц сумын Засаг даргын зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай “ Эрх нь хөндөгдөж байгаа 1,2,4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нарт 2 дахь удаагийн сонсгох ажиллагаа явуулах тухай” хурлын тэмдэглэлээр ... 1-р цэцэрлэгийн эрхлэгч С.А нь сонсгох ажиллагаа явуулсан хуралдаанд биечлэн оролцсон байх ба   хурлын тэмдэглэлд С.А нь ”... би зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээнд орсон дахиж арга хэмжээ авахыг зөвшөөрөхгүй, засаг даргын хувьд та бид нарыг томилж, чөлөөлөх эрхтэй би түүнийг хүлээн зөвшөөрнө, гэхдээ чөлөөлж албан тушаал бууруулах шийдвэрийг тань хүлээн зөвшөөрч байна тэр бол таны эрх” гэж хэлж байсныг тэмдэглэлд тусгасан байх ба энэхүү зөвлөлийн хуралдааны эцсийн шийдвэрээр ... 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал бууруулах ... сахилгын шийтгэл авахаар болсныг шийдвэрлэж хурал өндөрлөсөн байх ба хуралд оролцогчид танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.6-д тус тус зааснаар С.А-д 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сонсох ажиллагааг хийж, тэмдэглэл үйлдэж, С.А-д танилцуулж, гарын үсэг зуруулсан байна.

11.9. Хавтаст хэрэгт нотлох баримаар авагдсан Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 30 дугаартай албан бичгээр хүргүүлсэн У-173 хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эрхий бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд С.А нь Ц сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгчийн тэмдгийг зохих журмын дагуу тэмдгийг ажлын байранд цоожтой шүүгээ, сейфэнд хадгалаагүй 3 хоног гээгдүүлж бусад 2-р, 4-р цэцэрлэгийн тэмдгийг буруу хэрэглэсэн гэх гомдол Ц сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/333 тоот албан бичиг, багш С.А нарын гаргасан мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 30 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдсэн байх ба зөрчил гаргагч С.А нь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын байцаагч А.Е-д хүсэлт гаргах нь гэж бичгээр ... өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрч байна, иймд зөрчлийн тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар иргэний хувьд шийдвэрлэж өгнө үү гэж тайлбар гаргаж, С.А гэж нэрээ бичиж гарын үсэг зурсан баримт, 2022 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 0145181 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар С.А-г Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийг зөрчил гаргагч С.А-д уншуулж танилцуулж, гарын үсэг зуруулсан байна.

11.10. Нэхэмжлэгч С.А нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 6 дугаар зүйлийн 6.1-д тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд цоожтой шүүгээ, сейфэнд хадгална  гэж заасныг журмын дагуу хадгалах үүргээ зөрчсөн болох нь дээрх  У-173 хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн холбогдох баримтуудаар нотлогдсон байна.

Мөн У-173 хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд авагдсан Ц сумын 1 дүгээр цэцэрлэгийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 26 дугаартай Ц сумын Засаг дарга М.А танаа гэх албан бичигт болон Ц сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч, эцэг эх, харгалзан дэмжигч болон багш нарын хооронд хийгдсэн гурвалсан гэрээ зэрэг баримт бичигт Ц сумын хүүхдийн 2, 4  дугаар цэцэрлэгийн тамгыг ашигласан болох нь өөрийнхөн гаргасан тайлбар болон холбогдох баримтуудаар нотлогдох ба энэхүү үйлдлийг илрүүлсний дараа Ц сумын Засаг дарга хууль журмын дагуу холбогдох байгууллагад хандсан байна.

11.11. Мөн аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/821 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Ц сумын 1 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх ажлын удирдамжийн дагуу хяналт шалгалтыг зохион байгуулсан байх ба 2022 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн Ц сумын 1 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн ажлыг хэсгийн хяналт шалгалтын ажлын танилцуулга-д шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг нэг бүрлэн нэрлэн заасан байх ба хяналт шалгалтын дүнгийн талаар мэдээллийг тухайн байгууллагын хамт олонд хурал зохион байгуулж танилцуулж, дээрх шалгалтын мөрөөр дараах арга хэмжээ авах шаардлагатай байна гэж Нэгдүгээрт Ц сумын 1 дүгээр цэцэрлэгийн зохион байгуулалтын орон тооны бүтцийн хязгаарыг  Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12 заалтын дагуу тогтоох, Хоёрдугаарт Цэцэрлэгийн арга зүйчээр томилогдон ажиллаж байгаа Р.А-ийг мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэх эсэхийг Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын дагуу салбарын буюу аймгийн Боловсрол,шинжлэх ухааны газраас мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулан тогтоолгох,Гуравдугаарт Ц сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.А-гийн дээрх бүтэц орон тоо, хүний нөөцийн томилгоо болон төсөв санхүүгийн талаар гаргасан зөрчлийн шинж чанарыг харгалзан хариуцлага тооцохыг эрх бүхий байгууллагад уламжлах гэснээр ажлын хэсгийн дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

11.12. Ц сумын Засаг дарга Т.А танаа гэсэн Б аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 1-01/1503 дугаартай “Ц сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн тухай” албан бичигт Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 05/13076 дугаартай ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт хийлгэх тухай албан бичиг дурдагдсан асуудлын хүрээнд аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/821 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг аймгийн Засаг даргын баталсан Ц сумын 1 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх ажлын удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажлыг зохион байгуулав. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар ажлын хэсгийн хяналт шалгалтын ажлын танилцуулга болон улсын байцаагчийн актыг хавсралтаар хүргүүлж байна. Ц сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.А-гийн бүтэц орон тоо, хүний нөөцийн томилгоо болон төсөв санхүүгийн талаар гаргасан зөрчлийн шинж чанарыг харгалзан зохих журмын дагуу хариуцлага тооцож хариу ирүүлнэ үү гэжээ.  

11.13. Б аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба улсын ахлах байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 18-06/31 дугаартай “Төлбөрийн акт тогтоох тухай” акт-д Авлигатай тэмцэх газраас ирсэн чиглэлийн дагуу Б аймгийн Засаг даргын 2022 оны А/821 тоот захирамжаар иргэд, албан  хаагчдаас ирсэн өргөдлийн мөрөөр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Ц сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн 2020,2021,2022 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны цалингийн зардалд хяналт шалгалт явуулахад хяналт шалгалтаар... тогтоох нь 1. Дутуу олгосон цалин хөлс болох 15181,2 мянган төгрөгөөс 10748,3 мянган төгрөгийг хавсралтад байгаа нэр бүхий багш, бусад албан хаагчдад, НДШ-д 3238,6 мянган төгрөгийг, ХХОАТ-д 1194,3 мянган төгрөгийг тухайн байгууллагын төсвөөс барагдуулж хохиролгүй болгох, 2. Төлбөр болох 15181,2 мянган төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны дотор барагдуулан шилжүүлж өгөхийг эрхлэгч С.А, нягтлан бодогч Б.К нарт хариуцуулсан улсын ахлах байцаагчийн акттай танилцаж, С.А, Б.К нарын гарын үсэг зурсан, энэхүү актанд гомдол гаргах эрхтэй гэснийг дурдсан байх ба С.А, Б.К нар нь гомдол гаргаагүй байна.    

11.14. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2022 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 03 дугаартай ажил олгогчийн ажилтантай харилцан тохиролцож байгуулсан хугацаагүй хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т гаргасан зөрчлийн шинж чанар, түүний давтамж, учруулсан хохирол зэргийг харгалзан Хөдөлмөрийн дотоод журам, холбогдох бусад заавар, журам болон энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ажилтанд Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулна гэж, мөн гэрээний 7.2-т Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 78,79,80,81 дүгээр зүйлүүд, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ-нд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох буюу цуцална гэж, мөн гэрээний 7.3-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсооход хүргэсэн ажилтны зүгээс гаргасан ноцтой зөрчил гэх ойлголтод дараах зөрчлүүд хамааруулна гэж, мөн гэрээний 7.3.6-т ажилтан эрх мэдлээ хэтрүүлсэн, өөрийн эрхэлсэн ажил, албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан, 7.3.7-т ... бусдад хууль бусаар ашиглуулсан, хэрэглэсэн, ... ажил олгогчийн итгэлийг алдсан, 7.3.9-т байгууллагын хэвлэмэл хуудас, лого, тэмдгийг хувийн зорилгоор ашигласан, бусдад ашиглуулсан, ашиглах нөхцөл бололцоог бүрдүүлсэн гэж тус тус хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох цуцлах үндэслэлээ тодорхой нэрлэн заасан, мөн хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогч, ажилтан нар гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байх ба нэхэмжлэгч С.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар талууд гарын үсэг зурсан, хүчин төгөлдөр болсон хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар ажил олгогч ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байх ба энэхүү ажилтны гаргасан зөрчил нь хяналт шалгалтаар тогтоогдсон байна. 

11.15. Нэхэмжлэгч С.А нь цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаа гүйцэтгэх явцад гаргасан зөрчлийг гомдол, мэдээлэл ирсний дагуу Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч шалгаж тогтоосон, мөн Авлигатай тэмцэх газраас ирсэн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 05/13076 дугаартай ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт хийлгэх тухай албан бичигт дурдагдсан асуудлын хүрээнд аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/821 дугаар захирамжаар байгуулсан ажлыг хэсэг аймгийн Засаг даргын баталсан Ц сумын 1 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж зөрчил дутагдлыг тогтоосон, мөн дээрх гаргасан зөрчлийг Ц сумын Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар  2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр авч хэлэлцэж, даргын зөвлөлийн хуралдаанд зөрчил гаргагч С.А-г оролцуулан түүний тайлбарыг сонсож, тэмдэглэлд тусгасан нь захирамжид заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдолтой нотлох баримтаар тус тус нотлогдож байна.

            11.16. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж хуульчилжээ.   

            11.17. Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2-т ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байх ба ажил олгогч ажилтан С.А-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа мөн хуулийн 123.2.4-т заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулахаар сонгож хэрэглэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

            11.18. Сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн, ажил, үүрэгтэй холбоотой журам, дүрэм зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

            Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэснийг, Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж зааснаар нэхэмжлэгч С.Ад сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нь түүний гаргасан ажил үүрэгтээ  хариуцлагагүй хандсан зөрчлийн талаар мэдэгдэж, сонсох ажиллагаа хийж, түүнээс тайлбар авч ажил олгогчийн санаачилгаар сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасанд нийцсэн байна.

            11.19. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэжээ.

            11.20. Нэхэмжлэгч С.А нь ... тэмдэг ашиглах журам зөрчсөн гэж аймгийн улсын бүртгэлтийн хэлтсээс торгуулийн шийтгэл оногдуулсан байхад давхардуулан дахин арга хэмжээ авсанд гомдолтой байна гэж тайлбарлаж байгаа боловч Улсын бүртгэлтийн хэлтсийн улсын байцаагч нь эрх бүхий албан тушаалтны хувьд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэсэн, харин ажилтан С.А нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хөдөлмөрлөх явцдаа зөрчсөн учир ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтанд хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д заасан сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй гэсэнд хамаарахгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан хугацаанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байна.  

11.21. Нэхэмжлэгч С.А нь хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр ажиллаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм журам зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байгаа учир ажил олгогчийн Б аймгийн Ц сумын даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн Б/33 дугаартай “ Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” захирамж нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтанд сахилгын шийтгэлийг ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгон шийтгэл ногдуулна гэсэн хуулийн зохицуулалтад нийцсэн байх тул ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

12. Иймд Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн Б/33 дугаартай “Ажлаас чөлөөлсөн, ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

13. Ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж ажилтны гаргасан гомдол нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн Б аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 24 ББББББББББ-СТА дугаартай "Аудитын гэрчилгээ", мөн 2021 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 94 дугаартай "Аудитын гэрчилгээ", 2022 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 70 дугаартай Ц сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.А танаа гэх "Аудитын санал дүгнэлт" гэх, мөн Б аймгийн Ц сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаартай Б.А-ийг туслах багшаар ажилд томилох тухай тушаал, мөн 2020 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн Б/11 дугаартай К.Н-ыг үйлчлэгчийн ажилд томилох тухай тушаал, Р-ы А-ийн Газарчин дээд сургуулийн бакалаврын диплом, дипломын хавсралт, Б аймаг Ц сумын 1 дүгээр цэцэрлэгийн 2021 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 08 дугаартай Б аймгийн Ц сумын Засаг дарга Т.А танаа "хариу хүргүүлэх тухай" албан бичиг, Ц сумын 1 дүгээр цэцэрлэгийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаартай Б аймгийн Засаг дарга Д.Б танаа гэх албан бичгүүд, 2022 оны 11 дүгээр сарын 1-р хагас цалин олгох хүснэгт  зэрэг нотлох баримтууд нь цаг хугацааны хувьд болон энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч С.А-гийн Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай “Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.А-гийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  К.Б

 

 


 [NT1]