Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2023/00170

 

                            “ТМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2023/01178 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2023/01195 дугаар магадлалтай,

“ТМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“ЗК” ХХК-д холбогдох

Бараа бүтээгдэхүүн арилжаалах гэрээний үүрэг 117,900,000 төгрөг, алданги 58,950,000 төгрөг, нийт 176,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-н гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “ТМ” ХХК нь “ЗК” ХХК-д холбогдуулан бараа бүтээгдэхүүн арилжаалах гэрээний үүрэг 117,900,000 төгрөг, алданги 58,950,000 төгрөг, нийт 176,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2023/01178 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “ЗК” ХХК-д холбогдох нийт 176,850,000 төгрөг гаргуулах тухай “ТМ” ХХК-ийн нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,064,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2023/01195 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2023/01178 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЗК” ХХК-аас 176,850,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ТМ” ХХК-д олгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ТМ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,064,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЗК” ХХК-аас 1,064,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,064,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э хяналтын гомдолдоо: Нэхэмжлэгч “ТМ” ХХК нь “Бараа бүтээгдэхүүн арилжаалах гэрээ”-ний үүрэг 117,900,000 төгрөг, алданги 58,950,000 төгрөг, нийт 176,850,000 төгрөгийг “ЗК” ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ЗК” ХХК-д холбогдох 176,850,000 төгрөг гаргуулах тухай “ТМ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан “ЗК” ХХК-аас 176,850,000 төгрөг гаргуулан “ТМ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэлээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэж үзэж гомдол гаргаж байна. Үндэслэл нь:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ: Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Иймд худалдагч тал нь бараа, бүтээгдэхүүн буюу 33 тонн арматур төмрийг бэлтгэн нийлүүлсэн талаар нотлох үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэл болгож “Л” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарьн 03-ны өдрийн зарлагын баримтаар Ф12 арматур 15 тонн, 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн зарлагын баримтаар Ф12 арматур 18 тонныг хариуцагч “ЗК” ХХК-д нийлүүлсэн гэх баримт, мөн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай С дүүргийн ПГ-н 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ... тоот тогтоол, А.Е, З.Г нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар гаргасан байдаг. Гэтэл талуудын хооронд 2022 оны 05 сарын 21-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, уг актаар нэхэмжлэгчийг 81, 115 тоот гэрээгээр нийт 223 тонн арматур нийлүүлсэн, хариуцагч талыг бараа бүтээгдэхүүний үнэ 669,750,000 төгрөг төлөхөөс бэлэн мөнгө болон бартераар 653,000,000 төгрөгийг төлж, 16,750,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тогтоож, хоёр талын эрх бүхий этгээдүүд баталгаажуулсан байна. Нэхэмжлэгч тал тооцоо нийлэхдээ 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар маргааны зүйл болох 33 тонн арматурын талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар шалгагдаж байсан гэх боловч С дүүргийн ПГ 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Дээрх баримтуудаас үзэхэд маргааны зүйл болох 33 тонн арматурыг цагдаагийн байгууллага шалгаж дууссаны дараа талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн ба энэ нь 81, 115 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэж, хариуцагчийн төлөх төлбөрийг тогтоосон гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгчээс гаргасан баримт болох прокурорын тогтоол болон хэрэг бүртгэлтийн явцад авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бичмэл баримтын хүрээнд үнэлсэн бөгөөд энэ нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр баримтаар мөн 2021 оны 09 дүгээр сарын 03, 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн зарлагын баримт нь хариуцагчийг 33 тонн арматурыг хүлээн авсан байдлыг тус тус нотлохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлт хийсэн бол, давж заалдах шатны шүүх, ...анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ. Харин анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзэв. Зохигч нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлж, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр болон 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 223 тонн арматур нийлүүлсэн, хариуцагч нь 653,000,000 төгрөг төлсөн болохыг баталгаажуулжээ.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний дагуу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нийлүүлсэн 15 тонн, 09 дүгээр сарын 18-ны өдөр нийлүүлсэн 18 тонн арматур, нийт 99,000,000 төгрөгийн үнэ бүхий 33 тонн арматур нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлсэн актад ороогүй байх ба хариуцагчийн зүгээс уг 33 тонн арматурыг хүлээн аваагүй гэж маргасан. Энэ тохиолдолд анхан шатны шүүх зөвхөн тооцоо нийлсэн акт, түүнийг үйлдсэн хугацаанд үндэслэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу бөгөөд зохигчийн маргаж буй үйл баримт нь тэдгээрийн байгуулсан гэрээний харилцаанд хамаарч байгаа, хэрэгт авагдсан санхүүгийн анхан шатны баримт, гэрээнд заасан үнийн тохиролцоонд тооцоо нийлсэн акт нийцэж байгаа эсэхийг анхаараагүй орхигдуулсан байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1881 тоот захирамжийн дагуу “Л” ХХК нь “ТМ” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ, уг гэрээнд үндэслэн “Л” ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд “ЗК” ХХК-д 137 тонн арматур өгсөн талаарх 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн С-04 тоот албан бичиг, “ЗК” ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15 тонн, 09 дүгээр сарын 18-ны өдөр 18 тонн арматур хүлээлгэн өгсөн зарлагын баримт зэргийг шүүхэд ирүүлсэн.

Үүнээс өмнө нэхэмжлэгч нь “ЗК” ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15 онн, 09 дүгээр сарын 18-ны өдөр 18 тонн арматур хүлээлгэн өгсөн “Л” ХХК-ийн зарлагын баримтыг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс хэрэгт гаргаж өгсөн байна.

Дээрх баримтуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч “ТМ” ХХК нь маргаан бүхий 33 тонн арматурыг “ЗК” ХХК-д хүлээлгэн өгсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

Хариуцагч нь “Л” ХХК-аас 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15 тонн, 09 дүгээр сарын 18-ны өдөр 18 тонн арматур хүлээлгэн өгсөн зарлагын баримтаар тогтоогдож буй үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцааж чадаагүй.

Тухайн баримтад холбогдох ажилтан гарын үсэг зураагүй гэж хариуцагч маргаж буй боловч хүлээн авсан гарын үсэг зурагдсан, уг гарын үсгийн үнэн зөв эсэх талаар аливаа хүсэлт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гараагүй байна.

Зохигч нь тооцоо нийлсэн актаар 223 тонн арматур нийлүүлсэн болохыг баталгаажуулсан, нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн актад ороогүй 33 тонн арматурыг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь нотлогдсон.

Харин “Л” ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд “ЗК” ХХК-д 137 тонн арматур хүлээлгэсэн өгсөн талаарх албан бичгийг шүүхэд ирүүлсэн.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэрээний дагуу 359,900,000 төгрөгийн үнэ бүхий 118 тонн арматур, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний дагуу 411,000,000 төгрөгийн үнэ бүхий 137 тонн арматур, нийт 770,900,000 төгрөгийн үнэ бүхий 255 тонн арматур нийлүүлснээс хариуцагч нь 653,000,000 төгрөг төлж, 117,900,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймээс “ТМ” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 117,900,000 төгрөгийг “ЗК” ХХК-аас шаардах эрхтэй байна.

Зохигчдын байгуулсан гэрээний 8.1-т талууд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн байна гэж өөр өөрөөр дүгнэж, зөрүүтэй шийдвэр гарлаа гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцсэн, хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна.

Харин давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2023/01195 тоот магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцээгүй шийдвэр гэж үзлээ. Үндэслэл болон няцаалтыг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Нэгдүгээрт: Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6 дахь хэсэгт зааснаар талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг тодорхойлоход “Л” ХХК-ний санхүүгийн анхан шатны баримтыг үнэлэх шаардлагатай гэж дүгнэсэн дүгнэлтэнд маргахгүй.

Хоёрдугаарт: Анхан шатны шүүгчийн захирамжийн дагуу “Л” ХХК, “ТМ” ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ, уг гэрээнд үндэслэн “Л” ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 25-наас 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд “ЗК” ХХК-д 137 тонн арматур хүлээлгэн өгсөн талаарх 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн С-04 тоот албан бичиг, “ЗК” ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15 тонн, 09 дүгээр сарын 18-ны өдөр 18 тонн арматур хүлээлгэн өгсөн зарлагын баримт шүүхэд ирүүлсэн. Үүнээс өмнө нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15 тонн, 09 дүгээр сарын 18-ны өдөр 18 тонн арматур хүлээлгэн өгсөн “Л” ХХК-ний зарлагын баримтыг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс хэрэгт гаргаж өгсөн байж.

Дээрх баримтуудыг харьцуулан дүгнэвэл “ТМ” ХХК нь маргаан бүхий 33 тонн арматурыг “ЗК” ХХК-д хүлээлгэн өгсөн нөхцөл байдал тогтоогдож байна гэж хэт өрөөсгөл, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийлээ гэж үзэж байна. Учир нь: “ТМ” ХХК, “ЗК” ХХК хоёрын хооронд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хийсэн тооцоо нийлсэн актаар “ТМ” ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 134 тонн арматур нийлүүлсэн болох нь тогтоогдож байгаа. Энэхүү тооцоонд маргаж буй 33 тонн арматур ороогүй байгаа болохыг анхаарч үзээгүй. Харин “Л” ХХК-аас ирүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн С-04 тоот албан бичгээс үзэхэд дээрх хугацаанд 137 тонн арматур нийлүүлсэн гэх ба тооцоо нийлсэн актаар 134 тонн арматур нийлүүлсэн гэж дүгнэж, 3 тонн арматурын л зөрүү гарч байна. Эндээс харахад “Л” ХХК-аас 33 тонн арматур авсан нь тогтоогдохгүй байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүх “Л” ХХК-ний С-04 тоот албан бичиг болон хүлээн авагчийн гарын үсэг зурагдаагүй, санхүүгийн анхан шатны баримтын хуульд заасан шаардлага хангаагүй хоёр ширхэг зарлагын баримтыг үндэслэл болгож 33 тонн арматурыг манай компанийг авсан болох нь тогтоогдож байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Гуравдугаарт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж мөн хуульчилсан.Гэтэл нэхэмжлэгч “ТМ” ХХК нь манай компаниас нэхэмжилсэн 176,850,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, шүүхэд 2 ширхэг зарлагын баримт гаргаж өгсөн. Энэхүү зарлагын баримт нь хүлээн авагчийн гарын үсэггүй байгаа. Хэрэв хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал манай талын эрх бүхий этгээдийг гарын үсэг зурсан байгаа гэж маргасан бол уг гарын үсгийн тайлалыг тогтоолгохын тулд хэрэг хянан шийдвэрлэх явцад ямар нэгэн хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх байсан. Гэтэл нэхэмжлэгч тал гарын үсэг зурагдсан эсэх тал дээр маргаан үүсгээгүй, шүүх хуралдаан дээр ч энэ тал дээр маргаагүй. Мөн нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлохын тулд бусад гэрчүүдээр тухайлбал, арматурыг ачиж очсон гэх машины жолооч, тээвэрлэгч нарыг гэрчээр асуулгах, тухайн цаг хугацааны үеийн хяналтын камерын бичлэгийг гаргуулах, манай компаниас захиалга өгсөн талаарх баримт болон санхүүгийн анхан шатны баримтууд зэргийг гаргуулах зэрэг хүсэлт гаргах боломжтой байсан.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т “Худалдан авагч тал эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж заасан. Гэтэл “ТМ” ХХК-аас манай компани нь 33 тонн арматур төмрийг хүлээн авсан орлогын баримт, “Материал үнэ бүхий зүйлийг гаргах зөвшөөрөл" зэрэг нь байхгүй. Мөн манай санхүүгийн хэлтэс дээр ч тухайн зарлагын баримтын 1 хувь, нэхэмжлэгч байгууллагын “материал үнэ бүхий зүйлийг гаргах зөвшөөрөл” зэрэг нотлох баримт огт байхгүй, талуудын хооронд нийлсэн тооцоо нийлсэн актанд ч энэ талаар тусгагдаагүй байдаг.

Гэтэл давж заалдах шатны шүүх “...тухайн баримтад холбогдох ажилтан гарын үсэг зураагүй гэж хариуцагч маргаж буй боловч хүлээн авсан гарын үсэг зурагдсан, уг гарын үсгийн үнэн зөв эсэх талаар аливаа хүсэлт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гараагүй байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Дөрөвдүгээрт: Мөн давж заалдах шатны шүүх нь “Зохигч нь тооцоо нийлсэн актаар 223 тонн арматур нийлүүлсэн болохыг баталгаажуулсан, нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн актад ороогүй 33 тонн арматурыг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь нотлогдсон” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс болон “Л” ХХК-аас ирүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15 тонн, 09 дүгээр сарын 18-ны өдөр 18 тонн арматурын 2 ширхэг зарлагын баримт дээр хүлээлгэн өгсөн хэсэгт “Л” ХХК-ний захирал /БНХятад улсын иргэн/ гарын үсэг зурсан, шалгасан нягтлан бодогч хэсэгт тухайн “Л” ХХК-ний нягтлан бодогч гарын үсэг зурсан, харин хүлээн авсан гэх хэсэгт ямар ч гарын үсэг байхгүй байгааг давж заалдах шатны шүүх анзаарч үзсэнгүй.

Хэрэгт манай компанаас гаргаж өгсөн бусад зарлагын баримтууд дээр хүлээн авсан гэх хэсэгт манай компанийн эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурсан байгаа болохыг анхааралдаа авна уу.

Сангийн сайдаас 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 347 дугаар тушаалын хавсралтаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг үндэслэн “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар”-ыг баталсан билээ. Тус хавсралтын нэгдүгээр зүйлд зааснаар ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог анхан шатны баримт гэж ойлгох бөгөөд анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Мөн хавсралтын нэгдүгээр зүйлд зааснаар анхан шатны баримтын бүрдэлт үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна. Сангийн сайдаас 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 347 дугаар тушаалын хавсралтад зааснаар зарлагын баримтыг эд хариуцагч зөвшөөрөл шийдвэрийг үндэслэн 2 хувь бичиж, 1 хувийг өөртөө авч тайлангийн хугацаанд санхүүгийн албанд, үлдэх хувийг хүлээн авагчид “Материал үнэ бүхий зүйлийг гаргах зөвшөөрөл”-ийн хамт олгоно гэсэн байгаа.

Мөн Сангийн сайдаас 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаалын хавсралтад зааснаар “анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн ... ажилтан хариуцна” гэж заасны дагуу нэхэмжлэгч талд нотлох үүрэг үүссэн гэж үзэж болохоор байна. Үүнээс харвал, Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн зарлагын баримтын хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн зарлагын баримтын хуулбарыг тус тус үнэн зөвийг нотлох үүрэгтэй юм. Хэрэв нэхэмжлэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15 тонн, 09 дүгээр сарын 18-ны өдөр 18 тонн арматурыг хүлээлгэж өгсөн тохиолдолд зарлагын баримтын 1 хувийг санхүүгийн албаны тайлангаар нотлох бөгөөд хариуцагчид 1 хувийг “Материал үнэ бүхий зүйлийг гаргах зөвшөөрөл”-ийн хамт олгоно. Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаалын хавсралтад зааснаар анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно.

Орлогын баримт “...үнэ бүхий зүйлийг орлого болгоход эд хариуцагч нар дагалдан ирсэн бичиг баримтыг үндэслэн орлогын баримтыг 2 хувь бичиж, 1 хувийг өөртөө авч агуулахын бүртгэлд бичилт хийсний дараа тайлангийн хугацаанд санхүүгийн албанд, үлдэх хувийг тээвэрлэгч болон материалыг тушаагчид өгнө” гэж тус тус заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч тал буюу худалдагч тал манай комнанид хүлээлгэн өгсөн талаарх зарлагын баримт, "Материал, үнэ бүхий зүйлийг гаргах зөвшөөрөл" байхгүй, мөн орлогын баримт ч байхгүй, тайлант хугацааны тайланд ч тусгагдаагүй байна.

Хэрэв манай комнани маргаан бүхий 33 тонн арматурыг хүлээн авсан бол орлогын баримтын нэг хувийг нэхэмжлэгч байгууллагын тээвэрлэгчид хүлээлгэн өгсөн байх ёстой ба нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолж зарлагын падааны хамт гаргаж шүүхэд ирүүлэх ёстой байсан. Гэтэл ийм нотлох баримтуудыг гаргаж ирүүлээгүй. Мөн тээвэрлэгч нарыг шүүхэд гэрчээр асуулгаж гэрчлүүлэх боломжтой байсан. Гэтэл гэрчүүдийг асуулгаагүй, хүсэлт гаргаагүй юм.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ хамт 2 ширхэг зарлагын падааныг хавсаргаж өгсөн, “Л” ХХК нь шүүгчийн захирамжийн дагуу мөн 2 ширхэг зарлагын падааныг гаргаж тус тус ирүүлсэн байгаа. Эндээс үзэхэд 2 хувь бичсэн 2 ширхэг зарлагын падаан нь манай компанид ирээгүй, харин 1 хувь нь “ТМ” ХХК-д, 1 хувь нь “Л” ХХК-д үлдсэн болох нь харагдаж байна гэж үзэхээр байна.

Тавдугаарт: Манай компани “ТМ” ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тооцоо нийлэхэд талуудын хооронд байгуулсан эхний буюу 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 81 тоот гэрээг дүгнэхдээ 1 тонн арматурын төмрийг гэрээнд заасны дагуу 3,050,000 төгрөгөөр тооцож, нийт 362,950,000 төгрөгийн үнэ бүхий 119 тонн арматур авч, тооцоо нийлж, төлбөрийг төлж дуусгасан. Харин 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 115 тоот гэрээг дүгнэхдээ гэрээний хоёр тал хоорондоо ярилцаж тохиролцсоны үндсэн дээр 1 тонн арматур төмрийг 2,950,000 төгрөгөөр тооцож нийт 306,800,000 төгрөгийн үнэ бүхий 104 тонн арматурын төмөр нийлүүлсэн гэж тооцоо нийлсэн байгаа. Тухайн үед хоёр тал тооцоо нийлэхэд энэ тал дээр ямар нэгэн маргаан үүсээгүй, хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 115 тоот гэрээний үнийг 3,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг гэрээний талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Гэрээний агуулга буюу талуудын эрх, үүрэг өөрчлөгдөж болно. Тухайлбал: Захиалагч гэрээний үнийг бууруулахаар санал болгосныг ажил гүйцэтгэгч зөвшөөрөн гэрээг өөрчилж болно гэж хуульчилсны дагуу гэрээний хоёр тал харилцан тохиролцож, тухайн үеийн зах зээлийн ханшийн байдлыг харгалзан үзэж гэрээний үнийг бууруулж, 1 тонн арматурыг 2,950,000 төгрөгөөр тооцож тооцоо нийлсэн ба энэ нь ямар нэгэн хууль зөрчөөгүй, хуулийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2023/01195 тоот магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2023/01178 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эгийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.09.21-ний өдрийн 001/ШХТ2023/00977 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. Хариуцагч нь 16,750,000 төгрөгийн үүргээ зөвшөөрсөн байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр диспозитив зарчимд нийцээгүй байна.

8. Нэхэмжлэгч “ТМ” ХХК нь хариуцагч “ЗК” ХХК-д холбогдуулан гэрээний дагуу тооцоо нийлснээс төлөөгүй үлдэгдэл 16,750,000 төгрөг, тооцоонд ороогүй боловч нийлүүлсэн 33 тонн арматурын үнэ 99,000,000 төгрөг буюу 117,900,000 төгрөгийн үндсэн үүрэг, алданги 58,950,000 төгрөг, нийт 176,850,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.  

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...бид арматур нийлүүлэхээр 2021.07.23-ны өдөр 81 тоот гэрээ, 2021.08.25-ны өдөр 115 тоот хоёр гэрээ байгуулсан бөгөөд 81 тоот гэрээгээр 118 тонн арматурыг 3,050,000 төгрөгөөр, 115 тоот гэрээгээр долоо хоногт 30 тонн арматурыг нийлүүлэх, 1 тонныг 3,000,000 төгрөгөөр тооцох, нэмэлтээр 30 хүртэл тонныг захиалж нийлүүлэх, төлбөрийг бэлэн мөнгө болон бартерээр төлөхөөр тус тус тохиролцсон, нийт 256 тонн арматур нийлүүлж 773,900,000 төгрөгийг төлөхөөс хариуцагч нь 635,000,000 төгрөгийг төлж, 117,900,000 төгрөгийг төлөөгүй, үүнээс 33 тонн арматурын үнийг хариуцагч огт төлөөгүй, уг арматурыг хариуцагч хүлээн авсан нь прокурорын тогтоол болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон...тооцоо нийлсэн акт үйлдэх үед 33 тонн арматур маргаантай байсан тул тооцоонд оруулаагүй...” гэж тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж, бид гэрээний тухайд тооцоо нийлж, арматурын үнэд 669,750,000 төгрөг төлөхөөс 653,000,000 төгрөг төлж, 16,750,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тогтоосон, харин 2021.09.03-ны 15 тонн, 2021.09.08-ны 18 тонн, нийт 33 тонн арматурыг огт хүлээн аваагүй, энэ талаар прокурор нотлохгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн агуулгаар мэтгэлцсэн байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, талууд 223 тонн арматурыг нийлүүлсэн талаар маргаагүй, харин 33 тонн арматурыг нийлүүлсэн эсэх талаар маргаж Цагдаагийн байгуулагаар шалгуулсан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, үүний дараа талууд тооцоо нийлж нийт 223 тонн арматур нийлүүлсэн, хариуцагч бараа бүтээгдэхүүний үнэд 669,750,000 төгрөг төлөхөөс бэлэн мөнгө болон бартерээр 653,000,000 төгрөгийг төлж 16,750,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан байна, нэхэмжлэгч нь 33 тонн арматурын үнийг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй...” гэсэн дүгнэлтийг хийсэн.

Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 176,850,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, харин 2021.09.03-ны өдөр нийлүүлсэн 15 тонн, 2021.09.18-ны өдөр нийлүүлсэн 18 тонн арматур нийт 33 тонн арматур нь 2022.05.12-ны өдрийн тооцоо нийлсэн актад ороогүй, талууд “Л” ХХК-ийн зарлагын баримтыг арилжааны харилцаанд тогтсон заншил болгон ашиглаж байсан нь тогтоогдсон, иймд “Л” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтыг үнэлэх шаардлагатай, шүүгчийн захирамжийн дагуу “Л” ХХК нь 2021.08.25-2021.10.30 хүртэлх хугацаанд “ЗК” ХХК-д 137 тонн арматур хүлээлгэн өгсөн талаар 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн С-04 тоот албан бичиг, “ЗК” ХХК-д 2021.09.03-ны өдөр 15 тонн, 09 дүгээр сарын 18-ны өдөр 18 тонн арматур хүлээлгэн өгсөн зарлагын баримтыг шүүхэд ирүүлсэн /хх 94-99/, үүнээс өмнө нэхэмжлэгч нь “ЗК” ХХК-д 2021.09.03-ны өдөр 15 тонн, 09 дүгээр сарын 18-ны өдөр 18 тонн арматур хүлээлгэн өгсөн “Л” ХХК-ийн зарлагын баримтыг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж гаргаж өгсөн, эдгээр баримтуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч “ТМ” ХХК нь маргаан бүхий 33 тонн арматурыг “ЗК” ХХК-д хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон, тухайн баримтад холбогдох ажилтан гарын үсэг зураагүй гэж хариуцагч маргаж буй боловч хүлээн авсан гарын үсэг зурагдсан, уг гарын үсгийн үнэн зөв эсэх талаар аливаа хүсэлт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй, иймд нэхэмжлэгч нь 117,900,000 төгрөгийг, гэрээний 8.1-д алданги төлөхөөр тохиролцсон тул алданги 58,950,000 төгрөг нийт 176,850,000 төгрөгийг төлөх үүрэгтэй” гэж дүгнэжээ.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан “шүүх зөрүүтэй шийдвэр гаргасан” үндэслэл буюу хяналтын шатын шүүхийн хянах бүрэн эрхэд хамаарчээ.

11. Хэрэгт байгаа баримтын хүрээнд, нэхэмжлэгч “ТМ” ХХК нь худалдагч талыг, хариуцагч “ЗК” ХХК нь худалдан авагчийг төлөөлж 2021.07.23-ны өдөр 81 тоот бараа бүтээгдэхүүн арилжаалах тухай гэрээ байгуулсан ба уг гэрээгээр худалдагч нь 118 тонн арматурыг 1 тонныг 3,050,000 төгрөгөөр нийлүүлэх, мөн 2021.08.25-ны өдөр 115 тоот гэрээгээр долоо хоногт 30 тонн хэмжээтэй Ф12 болон Ф16 арматурыг нийлүүлэх 1 тонныг 3,000,000 төгрөгөөр тооцож, нэмэлтээр долоо хоногт 30 хүртэлх тонныг захиалж болох ба төлбөрийг 50 хувийг бэлэн мөнгөөр, 50 хувийг бартераар төлөхөөр тус тус тохиролцсон, талуудын байгуулсан дээрх хоёр гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

12. Зохигч нь 223 тонн арматур нийлүүлсэн, 669,750,000 төгрөг төлөхөөс бэлэн мөнгө болон бартерээр 653,000,000 төгрөгийг төлж 16,750,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг 2022.05.21-ний өдрийн тооцоо нийлсэн актаар баталгаажуулж энэ талаар маргаагүй, харин 2021.09.03-ны өдөр 15 тонн, 2021.09.18-ны өдөр 18 тонн арматур нийт 33 тонн арматурыг нийлүүлсэн эсэх асуудал маргааны зүйл болсон байна.

13. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд заасан “...33 тонн арматурыг хүлээж аваагүй үйл баримтыг давж заалдах шатны шүүх дүгнэж чадаагүй...” гэх хэсгийг хангах үндэслэлтэй байна.

13.1. Талууд төлбөр гүйцэтгэх тухайд тогтсон заншил байсан талаар тайлбар гаргаагүй, энэ нь мэтгэлцээний зүйл болоогүй байхад давж заалдах шатны шүүх “Л” ХХК-ийн зарлагын баримт ашиглаж байсныг тогтсон заншил гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нийцсэнгүй. Нэхэмжлэгч “ТМ” ХХК-ийн тайлбарласнаар “Л” ХХК нь үйлдвэрлэгч, “ТМ” ХХК нь бүтээгдэхүүнийг борлуулдаг байх ба “Л” ХХК -ийн 2021.09.03-ны өдрийн зарлагын баримтад тусгасан Ф12 арматур 15 тонн, 2021.09.08-ны өдрийн зарлагын баримт дахь Ф12 арматур 18 тонныг хүлээн авсан этгээдийн гарын үсэг байхгүй тул эд хөрөнгө хүлээлгэн өгсөн гэж дүгнэх боломжгүй юм. Мөн нэхэмжлэгчийн зүгээс “Л” ХХК-ийн дээрх зарлагын 2 баримтын хувийг шүүхэд гаргаж өгсөн нь хөрөнгө шилжүүлсэн болохыг нотлохгүй. Давж заалдах шатны шүүх дээрх баримтын агуулга, нотолгооны шинжийг анхаараагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нийцсэнгүй.

13.2. Харин давж заалдах шатны шүүх С дүүргийн ПГ-н 2022.01.17-ны өдрийн 445 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Прокурорын тогтоол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрч А.Е, З.Г нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй нь мэтгэлцэх зарчмыг зөрчөөгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн баримт нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дангаараа нотлох баримтын шинжийг агуулахгүй бөгөөд иргэний хэрэгт цугларсан бусад баримтаар батлагдаж, дэмжигдэж байгаа нөхцөлд үнэлэх боломжтой байдаг. Хэрэгт эрүүгийн журмаар бүрдүүлсэн дээрх баримтыг үнэлэхэд тулгуурлах өөр баримт байхгүй байна.

Иймд Прокурорын тогтоол болон гэрч А.Е, З.Г нарын мэдүүлгээр 33 тонн арматурыг хүлээлгэн өгснөө нотолсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд нэхэмжлэгч “ТМ” ХХК нь 33 тонн арматурыг “ЗК” ХХК-д нийлүүлсэн гэдгээ нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй бөгөөд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

14. Харин хариуцагч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, үлдэгдэл төлбөр 16,750,000 төгрөгийг төлөх үүрэгтэй ба энэ үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул гэрээний 8.1-д зааснаар алданги 8,375,000 төгрөг, нийт 25,125,000 төгрөгийг төлөх ёстой тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулав. Энэ утгаар хариуцагч нь үүрэг бүхий этгээд тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар  сарын 16-ны өдрийн 210/МА2023/01195 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...176,850,000...гэснийг “...25,125,000...” гэж, “...олгосугай...” гэснийг “...олгож, нэхэмжлэлээс 151,725,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, “...хариуцагч “ЗК” ХХК-аас 1,064,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “...хариуцагч “ЗК” ХХК-аас 283,575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 1,064,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАЯРМАА           

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

                       ШҮҮГЧИД                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                      Д.ЦОЛМОН

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД