Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01195

 

 

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01195

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2023/01178 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

Бараа бүтээгдэхүүн арилжаалах гэрээний үүрэг 117,900,000 төгрөг, алданги 58,950,000 төгрөг, нийт 176,850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 81 тоот бараа бүтээгдэхүүн арилжаалах тухай гэрээ байгуулж, гэрээний хугацаанд 118 тонн арматурыг нийлүүлэх, Б ХХК нь 1 тонн арматурыг 3,050,000 төгрөгөөр тооцож 50 хувийг мөнгөөр, 50 хувийг бартераар төлөхөөр талууд харилцан тохиролцсон.

Талууд дахин 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 115 тоот бараа бүтээгдэхүүн арилжаалах тухай гэрээ байгуулж, А ХХК 30 тонн арматурыг нийлүүлэх, Б ХХК нь 1 тонн арматурыг 3,000,000 төгрөгөөр худалдаж авахаар улмаар 30 тонн хүртэл арматурыг захиалгаар авч болохоор тохиролцсон.

Дээрх 2 гэрээний үүрэгт нийт 256 тонн арматурыг Б ХХК-д нийлүүлсэн ба үүнээс 118 тонн арматурыг 3,050,000 төгрөгөөр тооцвол 359,900,000 төгрөг, 138 тонн арматурыг 3,000,000 төгрөгөөр тооцвол 414,000,000 төгрөг, нийт 773,900,000 төгрөгийн үнэтэй арматурыг нийлүүлсэн.

Хариуцагч нь гэрээний үүрэгт автомашин болон бэлэн мөнгөөр нийт 653,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 120,900,000 төгрөгийг төлөөгүй. Өөрөөр хэлбэл, нийт 773,900,000 төгрөг төлөхөөс эхний гэрээний төлбөрт 359,900,000 төгрөг төлсөн, харин 2 дахь гэрээний төлбөр 411,000,000 төгрөгөөс 293,100,000 төгрөг төлсөн, одоо 117,900,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Энэ нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн зарлагаар гарсан 15 тонн арматур, 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн зарлагаар гарсан 18 тонн арматур, нийт 33 тонн арматурын үнэ бөгөөд хариуцагч нь хүлээж аваагүй гэж маргаан үүсгэснээр нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас А ХХК нь 33 тонн арматур төмрийг Б ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байгаа ч иргэний маргаан байна гэх үндэслэлээр 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дугаар 445 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гарсан.

Талуудын хооронд байгуулагдсан "Бараа бүтээгдэхүүн арилжаалах тухай гэрээ"-ний 8.1-т үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцсон.

Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 117,900,000 төгрөг, алданги 58,950,000 төгрөг, нийт 176,850,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: А ХХК-ийн зүгээс 33 тонн арматурыг нийлүүлсэн гэх боловч манайх захиалж аваагүй. Манай компани нь төслийн талбай дээрээ санхүүгийн мэргэжлийн нягтлан бодогч, бараа материал хууль журмын дагуу үйл хүлээж авдаг нярав ажилдаг бөгөөд санхүү бүртгэлийг мэргэжлийн түвшинд, программд хөтлөн үйл ажиллагаа явуулдаг. Талууд бараа материал нийлүүлэх бүрт төрөл хэмжээ, тээвэрлэсэн авто тээврийн улсын дугаар, жолоочийн утасны дугаар, нийлүүлсэн огноог бичиж тэмдэглэн, хүлээлгэн өгсөн, авсан ажилтнууд гарын үсэг зурж баталгаажуулан баримт үйлддэг.

Гэрээний хугацаанд нийлүүлсэн бүх арматурт А ХХК-аас нийлүүлсэн зарлагын падаан, манай компани хүлээн авсан баримтыг нотлох баримтыг шаардлага хангуулан өгсөн. Нэхэмжлэгч нь 33 тонн арматурыг нийлүүлсэн зарлагын баримт байхгүй, манай компани хүлээн авч санхүүгийн бүртгэл хийсэн баримт байхгүй.

Талууд дээрх 2 гэрээний хүрээнд нийлүүлсэн төрөл, тоо хэмжээ, үнийн дүнгээр тооцоо нийлж хоорондын тооцоог хүлээн зөвшөөрч 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан.

А ХХК-ийн зүгээс хуулийн байгууллагаар шалгуулж 2022 оны 01 сарын 445 дугаар прокурорын тогтоолоор хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гарсан. Манай компанийн зүгээс хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаанд оролцоогүй, хэргийн материалтай танилцаагүй учраас ямар нотлох баримтад үндэслэж маргаж байгаа 33 тонн арматурыг нийлүүлсэн болохыг тогтоосон гэснийг эргэлзэж байна.

Нийт 2 удаагийн тээвэрлэлт нийлүүлэлтээр 33 тонн хэмжээтэй арматурыг хүлээлгэн өгсөн баримт, хүлээн авсан этгээд, манай компанийн санхүүгийн бүртгэлд бүртгэгдээгүйгээр нийлүүлэгдсэн байх боломжгүй юм. Харин тооцоо нийлэхэд гарсан 16,750,000 төгрөгийн төлбөрийг төлнө, үлдэх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-д холбогдох нийт 176,850,000 төгрөг гаргуулах тухай А ХХК-ийн нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,064,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс хоёр гэрээний үүрэгт нийт 255 тонн арматур буюу нийт 770,900,000 төгрөгийн үнэтэй арматур нийлүүлж, хариуцагч нь арматурын үнэ 653,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл төлбөр 39.3 тонн арматурын төлбөр болох 117,900,000 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилсэн.

Гэтэл хариуцагчийн зүгээс 39.3 тонн арматураас 6.3 тонн арматурын төлбөрийн үлдэгдэлтэйд маргадаггүй хүлээн зөвшөөрдөг бөгөөд 33 тонн арматурыг хүлээж аваагүй хэмээн тайлбарлаж маргааны гол зүйл болсон.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч байгууллагатай тооцоо нийлэхэд маргааны зүйл болсон 33 тонн арматурыг тооцоо нийлсэн актад оруулаагүй, хүлээж аваагүй гэж тайлбарладаг тул 33 тонн арматурын асуудлыг хууль хяналтын байгууллагаар шийдүүлж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нь зүйтэй юм байна хэмээн шийдвэрт хүрч 2022 оны 05 сарын 21-ний өдөр хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа хэмжээнд тооцоо нийлсэн байдаг.

Хариуцагч байгууллага нь цагдаагийн байгууллага шалгаж байх үед ч 33 тонн арматурыг хүлээн зөвшөөрдөггүй тул 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн тооцоо нийлсэн актад тус 33 тонн арматурыг оруулан тооцоогүй.

Прокурорын байгууллага хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж хэргийн бодит байдлыг тогтоож нэхэмжлэгчээс хариуцагчид 33 тонн арматур төмрийг хүлээлгэн өгсөн болохыг тогтоосон байхад шүүх 33 тонн арматурыг хариуцагчид хүлээлгэн өгсөн байдлыг нотлоогүй хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Мөн түүнчлэн арматурыг үйлдвэрлэгч компани болох Лил минерал ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 115 тоот гэрээнээс хойш 137 тонн арматурын хариуцагч Б ХХК-д нийлүүлсэн талаарх албан бичиг, зарлагын падааныг тус тус хэрэгт хүргүүлсэн. Гэтэл шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч анхан шатны шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлоогүй.

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасан. Гэтэл манай компанид 33 тонн арматур төмрийг хүлээлгэж өгсөн баримт байхгүй. Бусад зарлагын падаануудад хүлээж авсан гэх хэсэгт нягтлан бодогч гарын үсэг зурсан. Гэтэл 33 тонн арматур төмрийг хүлээж авсан гэх баримтад гарын үсэг зурж, хүлээж аваагүй.

Талууд 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн. Тооцоо нийлэхэд маргаан бүхий 33 тонн арматурыг нийлүүлсэн баримт гарч ирээгүй. Одоо ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан бараа бүтээгдэхүүн арилжаалах тухай гэрээний үүрэгт 117,900,000 төгрөг, алданги 58,950,000 төгрөг, нийт 176,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар А ХХК болон Б ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 81 тоот, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 115 тоот гэрээг тус тус байгуулж, А ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1 тонн арматурыг 3,050,000 төгрөгөөр, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс ХХК 1 тонныг 3,000,000 төгрөгөөр нийлүүлэх, Б ХХК хүлээн авсан арматурын үнийг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна /хх 6-13/.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

4. Харин анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзэв.

 

4.1. Зохигч нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлж, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн болон 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 223 тонн арматур нийлүүлсэн, хариуцагч нь 653,000,000 төгрөг төлсөн болохыг баталгаажуулжээ /хх 40/.

 

5. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний дагуу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нийлүүлсэн 15 тонн, 09 дүгээр сарын 18-ны өдөр нийлүүлсэн 18 тонн арматур, нийт 99,000,000 төгрөгийн үнэ бүхий 33 тонн арматур нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлсэн актад ороогүй байх ба хариуцагчийн зүгээс уг 33 тонн арматурыг хүлээн аваагүй гэж маргасан.

Энэ тохиолдолд анхан шатны шүүх зөвхөн тооцоо нийлсэн акт, түүнийг үйлдсэн хугацаанд үндэслэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу бөгөөд зохигчийн маргаж буй үйл баримт нь тэдгээрийн байгуулсан гэрээний харилцаанд хамаарч байгаа, хэрэгт авагдсан санхүүгийн анхан шатны баримт, гэрээнд заасан үнийн тохиролцоонд тооцоо нийлсэн акт нийцэж байгаа эсэхийг анхаарагүй орхигдуулсан байна.

 

5.1.Зохигчийн хэн аль нь гаргаж өгсөн баримтаар А ХХК болон Б ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 81 тоот, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 115 тоот гэрээний дагуу арматур нийлүүлэх, хүлээн авахдаа Лэлминерал ХХК-ийн зарлагын баримтыг арилжааны харилцаанд тогтсон заншил болгон ашиглаж байсан нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6 дахь хэсэгт зааснаар талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг тодорхойлоход Лэлминерал ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтыг үнэлэх шаардлагатай.

 

5.2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 182/ШЗ2023/01881 дүгээр захирамжийн дагуу Лэлминерал ХХК нь А ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ, уг гэрээнд үндэслэн Лэлминерал ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Б ХХК-д 137 тонн арматур хүлээлгэн өгсөн талаарх 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн С-04 тоот албан бичиг, Б ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15 тонн, 09 дүгээр сарын 18-ны өдөр 18 тонн арматур хүлээлгэн өгсөн зарлагын баримт зэргийг шүүхэд ирүүлжээ /хх 94-99/.

Үүнээс өмнө нэхэмжлэгч нь Б ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15 тонн, 09 дүгээр сарын 18-ны өдөр 18 тонн арматур хүлээлгэн өгсөн Лэлминерал ХХК-ийн зарлагын баримтыг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс хэрэгт гаргаж өгсөн байж /хх 68-69/.

Дээрх баримтуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч А ХХК нь маргаан бүхий 33 тонн арматурыг Б ХХК-нд хүлээлгэн өгсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

5.3. Хариуцагч нь Лэлминерал ХХК-иас 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15 тонн, 09 дүгээр сарын 18-ны өдөр 18 тонн арматур хүлээлгэн өгсөн зарлагын баримтаар тогтоогдож буй үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт зааснаар баримтаар няцааж чадаагүй.

Тухайн баримтад холбогдох ажилтан гарын үсэг зураагүй гэж хариуцагч маргаж буй боловч хүлээн авсан гарын үсэг зурагдсан, уг гарын үсгийн үнэн зөв эсэх талаар аливаа хүсэлт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гараагүй байна.

 

6. Зохигч нь тооцоо нийлсэн актаар 223 тонн арматур нийлүүлсэн болохыг баталгаажуулсан, нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн актад ороогүй 33 тонн арматурыг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь нотлогдсон.

Харин Лэлминерал ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Б ХХК-д 137 тонн арматур хүлээлгэн өгсөн талаарх албан бичгийг шүүхэд ирүүлсэн.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний дагуу 359,900,000 төгрөгийн үнэ бүхий 118 тонн арматур, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний дагуу 411,000,000 төгрөгийн үнэ бүхий 137 тонн арматур, нийт 770,900,000 төгрөгийн үнэ бүхий 255 тонн арматур нийлүүлснээс хариуцагч нь 653,000,000 төгрөг төлж, 117,900,000 төгрөгийг төлөөгүй байна.

Иймээс А ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 117,900,000 төгрөгийг Б ХХК-аас шаардах эрхтэй.

 

6.1. Зохигчийн байгуулсан гэрээний 8.1-т талууд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн байна.

Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тул гүйцэтгээгүй үүрэг 117,900,000 төгрөгийн 50 хувиар тооцож алданги 58,950,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцнэ.

 

6.2. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Б ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр 117,900,000 төгрөг, алданги 58,950,000 төгрөг, нийт 176,850,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт оруулав.

 

7. Харин Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар 445 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн гэрч А.Ерөөлт-Очир, З.Гурвансайхан нарын мэдүүлэг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2023/01178 шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 176,850,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,064,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас 1,064,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,064,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ