Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2023/01178

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 13 182/ШШ2023/01178

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 06 дугаар хороо, Анкарагийн гудамж, Сан аппартмент 1501 тоот хаягт байрлах, ******* /ХЭРД:6349129/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 05 дугаар хороо, 06 дугаар хороолол, Л.Лааны гудамж, Оранж плаза төв, 04 давхарт байрлах, Зиндаа констракшн ХХК /ХЭРД:5054281/-д холбогдох,

 

Бараа бүтээгдэхүүн арилжаалах гэрээний үүрэг 117,900,000 төгрөг, алданги 58,950,000 төгрөг, нийт 176,850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Дагважанцан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч ******* нь Зиндаа констракшн ХХК-тай 2021 оны 07 сарын 23-ны өдөр 81 тоот бараа бүтээгдэхүүн арилжаалах тухай гэрээ байгуулж, гэрээний хугацаанд 118 тонн арматурыг нийлүүлэх, 1 тонн арматурыг 3.050.000 төгрөгөөр тооцож 50 хувийг мөнгөөр, 50 хувийг бартераар төлөхөөр талууд харилцан тохиролцсон. 

Манай компани гэрээний дагуу арматурыг нийлүүлж талууд дахин 2021 оны 08 сарын 25-ны өдөр 115 тоот бараа бүтээгдэхүүн арилжаалах тухай гэрээ байгуулж, энэ гэрээгээр 30 тонн арматурыг нийлүүлэх 1 тонн арматурыг 3.000.000 төгрөгөөр худалдаж авахаар улмаар 30 тонн хүртэл арматурыг захиалгаар авч болохоор тохиролцсон. 

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч байгууллагад дээрх 2 гэрээний үүрэгт нийт 256 тонн арматурыг нийлүүлсэн ба үүнээс 118 тонн арматурыг 3.050.000 төгрөгөөр тооцвол 359.900.000 төгрөг, 138 тонн арматурыг 3.000.000 төгрөгөөр тооцвол 414.000.000 төгрөг нийт 773.900.000 төгрөгийн үнэтэй арматурыг нийлүүлсэн. 

Хариуцагч нь гэрээний үүрэгт Land 200 маркийн автомашин, Raw 4 автомашин, Prius 30 автомашин болон бэлэн мөнгө зэргээр нийт 653.000.000 төгрөгийг төлсөн, гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 120.900.000 төгрөг гэж нэхэмжлэл гаргасан боловч дараах байдлаар тодруулж байна.  

Өөрөөр хэлбэл нийт 773,900,000 төгрөг төлөхөөс эхний гэрээний төлбөрт 359,900,000 төгрөг төлсөн, харин 2 дах гэрээний төлбөр 411,000,000 төгрөгөөс 293,100,000 төгрөг төлсөн, одоо 117,900,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Энэ нь 2021 оны 09 сарын 03-ны өдрийн зарлагаар гарсан 15 тонн арматур, 2021 оны 09 сарын 18-ны өдрийн зарлагаар гарсан 18 тонн арматур нийт 33 тонн арматурын үнэ бөгөөд хариуцагч нь хүлээж аваагүй гэж маргаан үүсгэснэээр уг 33 тонн арматурыг залилсан гэж үзээд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс гомдол гаргасан. 

Гэтэл Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас "Таншаань металл" ХХК нь 33 тонн арматур төмрийг "Зиндаа констракшн" ХХК-д хүлээлгэн  өгсөн болох нь тогтоогдож байна. Талуудын хооронд иргэний хэрэг маргаан байх тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэх үндэслэлээр 2022 оны 01 сарын 17-ны өдөр дугаар 445 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гарсан. 

Талуудын хооронд байгуулагдсан "Бараа бүтээгдэхүүн арилжаалах тухай гэрээ"-ний 8.1-т үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцсон. 

Гэрээний үлдэгдэл төлбөр 117,900,000 төгрөг, алданги 58,950,000 төгрөг болж байгаа ба нийт 176.850.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч татгалзлалын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

Тус компаниудын хооронд 2021 оны 07-р сарын 23-ны өдрийн 81 тоот Бараа бүтээгдэхүүн арилжаалах тухай гэрээ, 2021 оны 08-р сарын 25-ны өдрийн 115 тоот Бараа бүтээгдэхүүн арилжаалах тухай гэрээг тус тус байгуулсан. Тус гэрээнүүдэд заасан журмаар талуудын хооронд бараа материал нийлүүлэгдэж, барааны төлбөр тооцоо тухай бүр цаг хугацаандаа гэрээнд заасан журмаар хийгдэж байсан. 

Таншаань металл ХХК-ийн зүгээс 33 тонн арматурыг нийлүүлсэн гэх боловч манайх захиалж аваагүй. Манай компани нь төслийн талбай дээрээ санхүүгийн мэргэжлийн нягтлан бодогч, бараа материал хууль журмын дагуу үйл хүлээж авдаг нярав ажилдаг бөгөөд санхүү бүртгэлийг мэргэжлийн өндөр түвшинд санхүүгийн мэргэжлийн програмттайгаар зохих ажиллагаагаа явуулдаг. Талууд бараа материал нийлүүлэх бүрт төрөл хэмжээ, тээвэрлэсэн авто тээврийн улсын дугаар, жолоочийн утасны дугаар, нийлүүлсэн огноог бичиж тэмдэглэн, хүлээлгэн өгсөн, авсан ажилтанууд гарын үсэг зурж баталгаажуулан баримт үйлддэг байсан болно.

Гэрээ байгуулан хамтран ажиллах хугацаанд нийлүүлэгдсэн бүх арматурт Таншаань метал ХХК- иас нийлүүлсэн зарлагын падаан, манай компани хүлээн авсан баримтыг нотлох баримтыг шаардлага хангуулан өгсөн. 

33 тонн арматурыг нийлүүлсэн зарлагын баримт байхгүй, манай компани хүлээн авч санхүүгийн бүртгэл хийсэн баримт байхгүй, энэ талаар тухайн үед Таншаань металл ХХК-д мэдэгдэж байсан. 

Талууд 2021 оны 07-р сарын 23-ны өдрийн 81 тоот2021 оны 08-р сарын 25-ны өдрийн 115 тоот Бараа бүтээгдэхүүн арилжаалах тухай гэрээний хүрээнд нийлүүлсэн төрөл, тоо хэмжээ, үнийн дүнгээр тооцоо нийлж хоорондын тооцоог хүлээн зөвшөөрч 2022 оны 05-р сарын 22-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж гарын үсэг зурж баталгуужуулсан болно. /Зиндаа констракшн ХХК-ийн ерөнхий нягтлан М.Алтанзул, тооцооны нягтлан Ц.Дэлгэрмаа, *******-ийн гүйцэтгэх захирал Г.Олзбаяр нарын /2022/05/12-ны өдрийн тооцоо нийлсэн акт/. 

Таншаань металл ХХК-ийн зүгээс хуулийн байгууллагаар шалгуулж 2022 оны 01 сарын 445 дугаар прокурорын тогтоолоор хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гарсан байдаг. Манай компанийн зүгээс хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаанд оролцоогүй, хэргийн материалтай танилцаагүй учраас ямар нотлох баримтад үндэслэж маргаж байгаа 33 тн арматурыг нийлүүлсэн болохыг тогтоосон гэснийг эргэлзэж байна. 

Нийт 2 удаагийн тээвэрлэлт нийлүүлэлтээр 33 тонн хэмжээтэй арматурыг хүлээлгэн өгсөн баримт, хүлээн авсан этгээд, манай компанийн санхүүгийн бүртгэлд бүртгэгдээгүйгээр нийлүүлэгдсэн байх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ

3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.07.23-ны өдрийн 81 дугаар Бараа бүтээгдэхүүн арилжаалах тухай гэрээний хуулбар, Зиндаа констракшн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.08.25-ны өдрийн Бараа, бүтэгдэхүүн арилжаалах гэрээ-ний хуулбар, 2022.01.17-ны өдрийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 445 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын хуулбар, 2021.12.17-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст *******-иас хүргүүлсэн 21/20 дугаар хүсэлтийн хуулбар, 2021.12.17-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст *******-иас хүргүүлсэн 21/19 дугаар өргөдлийн хуулбар, 2021.12.20-ны өдөр хохирогч Г.Пагамдуламаас авсан мэдүүлгийн хуулбар, 2021.12.22-ны өдрийн гэрч А.Ерөөлт-Очирын мэдүүлгийн хуулбар, 2021.12.23-ны өдрийн гэрч З.Гурвансайханы мэдүүлгийн хуулбар, 2022.01.07-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай мөрдөгчийн саналын хуулбар, 2021.09.03-ны өдрийн зарлагын баримтын хуулбар, 2021.09.18-ны өдрийн зарлагын баримтын хуулбар, /хх-ийн 3-14, 58-69/

4. Хариуцагч талаас нотлох баримтаар: итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрмийн хуулбар, хариу тайлбар, зарлагын баримтууд, 2022.05.12-ны өдрийн тооцоо нийлсэн актын хуулбар, итгэмжлэл /хх-ийн 18, 22-26, 28-41, 70/,

5. Шүүхээр бүрдүүлсэн нотлох баримтаар: 2023.03.14-ний өдрийн С-04 дугаар Лил минералс ХХК-ийн тайлбар, 2021.05.15-ны өдрийн №01/2021-05-15 дугаар Хамтран ажиллах гэрээ-ний хуулбар, 2021.09.03-ны өдрийн зарлагын баримт, 2021.09.08-ны өдрийн зарлагын баримт, 2021.09.23-ны өдрийн зарлагын баримт, 2021.10.26-ны өдрийн зарлагын баримт, 2021.09.16-ны өдрийн зарлагын баримт, 2021.09.18-ны өдрийн зарлагын баримт, 2021.09.10-ны өдрийн зарлагын баримт, /хх-ийн 94-99/ зэрэг баримтыг шинжлэн судалсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Зиндаа констракшн ХХК-д холбогдуулан Бараа бүтээгдэхүүн арилжаалах тухай гэрээний үүрэгт 117,900,000 төгрөг, алданги 58,950,000 төгрөг, нийт 176,850,000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...арматур нийлүүлэх 2 гэрээ байгуулсан, 81 тоот гэрээгээр 118 тн арматурыг 3,050,000 төгрөгөөр, 115 тоот гэрээгээр долоо хоногт 30 тн арматурыг нийлүүлэх, 1 тонныг 3,000,000 төгрөгөөр тооцох, нэмэлтээр 30 хүртэл тонныг захиалж нийлүүлэх...төлбөрийг бэлэн мөнгө болон бартерээр төлөхөөр тус тус тохиролцсон...81 тоот гэрээний төлбөр 359,900,000 төгрөг төлсөн, харин 2 дах гэрээний төлбөр 411,000,000 төгрөгөөс 293,100,000 төгрөг төлөгдөж 117,900,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна...энэ нь 33 тонн арматурын үнэ бөгөөд хариуцагч тал хүлээн авсан болохыг прокурорын тогтоол болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон...тооцоо нийлсэн акт үйлдэх үед 33 тонн арматур маргаантай байсан тул тооцоонд оруулаагүй...иймд арматурын үлдэгдэл үнэ 117,900,000 төгрөг, алданги 58,950,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...талууд арматур нийлүүлэх хоёр гэрээ байгуулсан... гэрээний 2 тал тооцоо нийлсэн акт үйлдэж дээрх хоёр гэрээгээр хүлээн авсан эд зүйлийн нэр төрөл, нэг бүрийн үнэ, нийт төлөх дүн болон төлсөн дүн бартер, үлдэгдлийн талаар тохиролцож 669,750,000 төгрөг төлөхөөс 653,000,000 төгрөг төлж, 16,750,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тогтоосон, үүнийг зөвшөөрч байгаа, харин 2021 оны 09 сарын 03-ны 15 тонн, 2021 оны 09 сарын 08-ны 18 тонн, нийт 33 тонн арматурыг хүлээн аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтаар тогтоогдож байна.

Хэргийн оролцогч нь өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох энэ талаар баримтыг гаргах цуглуулах үүрэгтэй болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудад танилцуулсан байна.

Нэхэмжлэгч ******* нь худалдагч талыг, хариуцагч Зиндаа констракшн ХХК нь худалдан авагчийг төлөөлж 2021 оны 07 сарын 23-ны өдөр 81 тоот бараа бүтээгдэхүүн арилжаалах тухай гэрээ байгуулсан ба уг гэрээгээр худалдагч нь 118 тонн арматурыг 1 тонныг 3,050,000 төгрөгөөр нийлүүлэх,

мөн 2021 оны 08 сарын 25-ны өдөр 115 тоот гэрээгээр долоо хоногт 30 тонн хэмжээтэй Ф12 болон Ф16 арматурыг нийлүүлэх 1 тонныг 3,000,000 төгрөгөөр тооцож, нэмэлтээр долоо хоногт 30 хүртэлх тонныг захиалж болох ба төлбөрийг 50 хувийг бэлэн мөнгөөр, 50 хувийг бартераар төлөхөөр тус тус тохиролцсон байна.

Талууд дээрх хоёр гэрээг арилжааны гэрээ гэж тодорхойлж байгаа хэдий ч гэрээний агуулгаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба төлбөрийн 50 хувийг бартер гэж тодорхойлсныг арилжаа гэж үзэхгүй бөгөөд энэ нь төлбөр төлөх нөхцөл гэж дүгнэлээ.

Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Иймд худалдагч тал нь бараа, бүтээгдэхүүн буюу 33 тонн арматур төмрийг бэлтгэн нийлүүлсэн талаар нотлох үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэл болгож Лэлминерал ХХК-ийн 2021 оны 09 сарын 03-ны өдрийн зарлагын баримтаар Ф12 арматур 15 тонн, 2021 оны 09 сарын 08-ны өдрийн зарлагын баримтаар Ф12 арматур 18 тонныг хариуцагч Зиндаа констракшн ХХК-ид нийлүүлсэн гэх баримт мөн хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2022 оны 01 сарын 17-ны өдрийн 445 тоот тогтоол, А.Ерөөлт-Очир, З.Гурвансайхан нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар гаргасан байдаг. /хх63-66/

Гэтэл талуудын хооронд 2022 оны 05 сарын 21-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж уг актаар нэхэмжлэгчийг 81, 115 тоот гэрээгээр нийт 223 тонн арматур нийлүүлсэн, хариуцагч талыг бараа бүтээгдэхүүний үнэ 669,750,000 төгрөг төлөхөөс бэлэн мөнгө болон бартерээр 653,000,000 төгрөгийг төлж 16,750,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тогтоож, хоёр талын эрх бүхий этгээдүүд баталгаажуулсан байна. /хх40/

Нэхэмжлэгч тал тооцоо нийлэхдээ 2022 оны 05 сарын 21-ний өдрийн байдлаар маргааны зүйл болох 33 тонн арматурын талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар шалгагдаж байсан гэх боловч Сүхбаатар дүүргийн прокурорын тогтоолоор уг асуудлыг цагдаагийн байгууллагад 2022 оны 01 сарын 11-ний өдөр гомдол гаргасныг шалгаад 2022 оны 01 сарын 17-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан байна. /хх67/

Дээрх баримтаас үзэхэд маргааны зүйл болох 33 тонн арматурыг цагдаагийн байгууллага шалгаж дууссаны дараа талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн ба энэ нь 81, 115 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэж, хариуцагчийн төлөх төлбөрийг тогтоосон гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчээс гаргасан баримт болох прокурорын тогтоол болон хэрэг бүртгэлтийн явцад авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бичмэл баримтын хүрээнд үнэлсэн бөгөөд энэ нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр баримтаар мөн 2021 оны 09 сарын 03, 2021 оны 09 сарын 08-ны өдрийн зарлагын баримт нь хариуцагчийг 33 тонн арматурыг хүлээн авсан байдлыг тус тус нотлоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Зиндаа констракшн ХХК-д холбогдох нийт 176,850,000 төгрөг гаргуулах тухай *******-ийн нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,064,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛМОН