Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2023/00180

 

   П.Г-н нэхэмжлэлтэй

    иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/00909 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2023/01122 дугаар магадлалтай,

П.Г-н нэхэмжлэлтэй

В.Д-д холбогдох

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-н гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. П.Г нь В.Д-д холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг, орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Нэхэмжлэгч, хариуцагч нар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/00909 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан С дүүргийн .. дүгээр хороо, ... хороолол /../, .. гудамж, .. байр, .. тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгөөс В.Д-г албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан ... хаягт байршилтай, ... м.кв талбайтай, Ү-.... дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 98,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ-г В.Д-тэй бичгээр байгуулахыг П.Г-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.Г-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547,950 төгрөг, хариуцагч В.Д-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Г-с 70,200 төгрөгийг гаргуулан В.Д-д олгохоор шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2023/01122 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/00909 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ... хаягт байршилтай, ... м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг хариуцагч В.Д-н хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч П.Г-т холбогдох орон сууц худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулахыг даалгуулах тухай хариуцагч В.Д-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтад “нэхэмжлэгч П.Г-с 70,200 төгрөгийг гаргуулан В.Д-д” гэснийг “хариуцагч В.Д-с 547,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Г-т” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 547,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хяналтын гомдолдоо: ...Хоёрт. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Магадлалын хянавал хэсгийн 5-д “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг үндэслэл болгож шаардах эрх хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байх ёстой. Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдсон байна. Харин худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус тул хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч П.Г нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн орон сууцаа хариуцагч В.Д-н хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үндсэн нэхэмжлэлийн тухайд: Шүүх хуралдааны үеэр гэрч П.Г мэдүүлэхдээ

- “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Та тус үл хөдлөх хөрөнгөд Д-г оруулж амьдрах эрхийг олгосон уу? гэхэд

- Гэрч: Дүүгийн хэлснээр оруулсан. Урьдчилгааг аваад оруулсан” гэснээс харахад П.Г нь В.Д-г орон сууцандаа оруулан амьдрахыг хүлээн зөвшөөрсөн байна. Улмаар В.Д-г маргаан бүхий орон сууцын эзэмших эрхийг шударгаар олж авсан этгээд буюу шударга эзэмшигч гэж үзэхээр байна. Эзэмших эрх гэдэг нь “хүсэл зоригийн дагуу эд юмс, эрхийг хууль ёсоор мэдэлдээ авах замаар үүсэх”-ийг ойлгох бөгөөд харин шууд эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

Нэхэмжлэгч нь хариуцагчид Улаанбаатар хот, ... хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаар, .. м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 98,000,000 төгрөгөөр худалдахаар аман хэлбэрээр тохиролцсон. Үүнийг нэхэмжлэлийн үндэслэл боллон сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа дурдсан байна.

Дээрх үйл баримтууд, гэрчийн мэдүүлэг зэргээс харахад Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу П.Г болон В.Д нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар “Иргэний хуулийн 5,6,7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1-д “Хэлцэл хийх хүсэл зоригийн илэрхийллийг тодорхойлсон Иргэний хуулийн /цаашид хууль гэх/ 39,40,41 дүгээр зүйлийн зарим заалт, хэсгийг доорх байдлаар тайлбарласугай” гээд 1.2-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэлцэл хийх хүсэлтэй этгээдийг уг эрмэлзлэлээ илэрхийлсэн байдлыг нөгөө тал ойлгож, утга санааг нь ухамсарласан тохиолдолд “хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан” гэж үзнэ” гэж тайлбарлажээ.

Талууд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хэлбэрийн хувьд бичгээр хийж баталгаажуулаагүй хэдий ч 72,652,500 төгрөг буюу 98,000,000 төгрөгөөс 74 хувийг нь урьдчилгаанд авсан, өгсөн болох нь шүүхэд гаргасан тайлбар, дансны хуулгуудаар нотлогдож байх бөгөөд В.Д нь хэлцэл хийхэд хэлэлцэн тохирсон урьдчилгаа төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн, үлдэгдэл төлбөрөө төлсөөр ч байна.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийн шударга эзэмшигч гэнэ” гэж заасны дагуу В.Д нь П.Г-тэй хийсэн хэлцлийн үндсэн дээр маргаан бүхий орон сууцны эзэмших эрхийг олж авсан.

Мөн дээрх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6-д “Шударга эзэмшигч, өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй” гэж, мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэж заасны дагуу В.Д нь хууль ёсны эзэмшигч бөгөөд маргаан бүхий орон сууцанд хууль бусаар оршин суугаагүй юм.

Иймд маргаан бүхий орон сууцанд хууль бусаар оршин суугаагүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан үндэслэлээр нэхэмжлэх эрхгүй байна.

Мөн талуудын хооронд байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гээд 56.1.1-д “Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулаагүй бөгөөд хүчин төгөлдөр хэлцэл болно.

Учир нь П.Г нь 100,000,000 төгрөгийг нэмээд өгчих гэж хэлж байгаа болон байрны үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл авсаар байгаа үйл баримтуудаас харахад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь бичгээр байгуулаагүй гэрээг хууль зөрчиж, эсвэл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэх хүчин төгөлдөр бус хэлцлийн аль нь болох талаар дүгнээгүй, мөн илт үндэслэлгүй, ойлгомжгүй байдлаар шийдвэрлэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Дээр дурдсаны дагуу В.Д нь амаар байгуулсан хэлцлийн дагуу орон сууцны төлбөрт 98,000,000 төгрөгөөс 72,652,500 төгрөгийг төлсөн. Хэрэгт цугларсан баримт, зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан гэрч П.Г-н мэдүүлэг зэргээс харахад маргаан бүхий орон сууцыг 98,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хэлбэрийн хувьд бичгээр хийгдээгүй боловч хүчин төгөлдөр гэж үзэхээр байна. Улмаар В.Д нь тухайн хэлцлийн үр дагаврыг цаашид дуусгавар болгох зорилгоор гэрээг бичгээр байгуулахыг шаардах эрхтэй гэж үзэж байна. Учир нь П.Гт гэрээг бичгээр байгуулах хүсэлтийг удаа дараа тавихад “Гадаадад байгаа учир боломжгүй, ипотекийн зээлтэй” гэх зэрэг шалтгааныг хэлж, орон сууцны нэрийг шилжүүлэх хугацааг нь хойшлуулдаг байсан.

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь “В.Д нь тэтгэврийн хүн байсан учир ипотек шилжих боломжгүй байсан” гэх зэрэг худал тайлбарыг удаа дараа гаргаж байсан бөгөөд бодит байдал дээр В.Д-д ипотекийн зээл шилжих талаар судлаагүй, Голомт банкны зээлийн эдийн засагчтай уулзах гэхээр уулзуулдаггүй байсан. П.Г нь 2018 оны 01 дүгээр сард орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хийхээр В.Д-тэй харилцан тохиролцсон боловч ипотекийн зээл В.Д-д шилжих боломжгүй болсон шалтгааны улмаас гэрээг цуцалсан, харин эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа тухайн цаг хугацаанаас бий болсон гэж маргаснаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, тухайн татгалзал болон нэхэмжлэлийн үндэслэл нь тогтоогдоогүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тохирсон үнээр гэрээ байгуулах үүрэгтэй гэж үзэж байна.

Гуравд. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө” гэж зохицуулжээ. Гэтэл нэхэмжлэгч нь 98,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулахыг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тохирсон улсын тэмдэгтийн хураамжид 647,950 төгрөг бус 547,950 төгрөг төлсөн буюу 100,000 төгрөг дутуу төлсөн байна.

Мөн давж заалдах журмаар гомдол гаргахдаа өөрийн үндсэн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөөгүй байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч, хэргийг шийдвэрлэсэн нь иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2023/01122 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/00909 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.09.22-ны өдрийн 001/ШХТ2023/00979 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “магадлалыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хангаж, харин шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн гомдлыг хангахгүй орхив.

8. Нэхэмжлэгч П.Г нь хариуцагч В.Д-д холбогдуулан ... тоот, ... м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг түүний эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг   гаргасан байх ба нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...2018 онд ипотекийн зээлээр авсан орон сууцаа В.Д-д 98,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаанд 50,000,000 төгрөгийг хүлээн авч, үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн хуваан төлөхөөр тохиролцсон, тухайн үед ипотекийн гэрээг шилжүүлэх гэсэн боловч В.Д тэтгэвэрт гарсан байсан тул гэрээний үүргийг шилжүүлэх боломжгүй талаар банкнаас мэдэгдсэн, нэгэнт ипотекийн зээл нь шилжих боломжгүй болсноор худалдах, худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй болсон, тухайн үед энэ талаар хариуцагчтай ярилцаж тохиролцоод 2018 оноос түүнд орон сууцаа хөлсөлсөн, ...” гэжээ.

Хариуцагч В.Д нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, “...уг орон сууцыг П.Г-н ах П.Г-с бүрэн тавилгатай нь 97,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирч 2018 оны нэгдүгээр сараас эхлэн амьдарч байгаа, П.Г нь гадаад руу явах гэж байгаа тул орон сууцыг худалдан аваач гэж гуйсан. Улмаар худалдан авахаар тохирч, урьдчилгаа 52 гаруй сая төгрөгийг төлсөн, мөн ипотекийн зээлийн төлбөрт 2018-2022 оны хооронд сар бүр 370,000 төгрөг буюу 20 гаруй сая төгрөг, нийтдээ 72,652,500 төгрөгийг төлсөн байна, П.Гнь ажилгүй учраас дүүгийнхээ нэр дээр байр авсан, бодит байдалд миний байр гэж хэлж байсан, худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулъя гэхэд өмчлөгч П.Г гадаадад байгаа гэсэн үндэслэлээр гэрээ хийгээгүй. Гэтэл Ж.Ц, П.Г нар нь 2022 оны 10 дугаар сард 100,000,000 төгрөгийг нэмж шаардсан, миний хувьд тохиролцсон 98,000,000 төгрөгөөс төлсөн мөнгөө хасаад үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй, орон сууц хөлслөөгүй...” гэсэн үндэслэлийг заасан байна.

Улмаар В.Д нь орон сууцны үнэд 97,663,500 төгрөг төлөхөөс урьдчилгаанд 50,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 47,663,500 төгрөгийг сар болгоны Голомт банкны 8 хувийн зээлд 370,000 төгрөгөөр төлж, байрны төлбөрөөс хасаж тооцохоор тохиролцсон, нийт 72,652,500 төгрөгийг төлсөн бөгөөд байрны үнэ 97,663,500 төгрөгөөс хасахад, 25,011,000 төгрөгийн үлдэгдлийг төлөхөд татгалзахгүй гээд тухайн орон сууцыг анхнаасаа худалдан авсан тул тохиролцсон үнээр орон сууц худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулахыг П.Г-т даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, учир нь хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй, хариуцагч нь төлбөрөө бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлийг заажээ.

9. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан ... тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгөөс В.Д-г албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан ... тоот хаягт байршилтай, ... м.кв талбайтай, Ү-... дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 98,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ-г В.Д-тэй бичгээр байгуулахыг П.Г-т даалгаж сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх зохигчийн байгуулсан худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан шаардлагыг хангаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх боломжгүй, иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн орон сууцаа хариуцагч В.Д-н хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэн, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Ийнхүү хоёр шатны шүүхийн зөрүүтэй шийдвэр нь агуулгын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүхээр хянуулах үндэслэл болжээ.

10. Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх үндэслэлтэй гэж үзэв.

10.1. Давж заалдах шатны шүүх худалдах-худалдан авах гэрээ, уг гэрээний харилцаанаас үүсэх өмчийн эрх шилжүүлэх хэлцэл тус бүрийн хэлбэрийн шаардлагыг дүгнэж чадаагүй, тусгаарлах зарчмын хүрээнд дүгнэж чадаагүй байв. Тусгаарлах зарчмаар эд хөрөнгийн эрх зүй болон үүргийн эрх зүйг салгаж, хэлцлийн хүчин төгөлдөр байдлыг дүгнэвэл талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, эд хөрөнгийн шилжүүлэг, эд хөрөнгийн үнийн зохих хэсгийг төлсөн бодит үйлдлээр талуудын хооронд худалдах-худалдан авах хэлцэл байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагч нь өмчлөх эрхийг шилжүүлэх, үүний тулд худалдан авагч нь эд хөрөнгийн үнэ төлөх үүргээ биелүүлсэн байхаар талууд тохирсон бол өмчийн хэлцлийн тухайд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан шаардлага тавигдана.

Давж заалдах шатны шүүх өмчийн хэлцэлд тавигдах шаардлагыг худалдах-худалдан авах гэрээнд хамаарна гэж дүгнэж, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэнгүй.

10.2. Нэхэмжлэгч П.Г нь ... тоот, 59,19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан авах зорилгоор 2016.09.05-ны өдрийн Г банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 46,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 300 /25 жил/ сарын хугацаатайгаар зээлсэн, энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Ипотекийн гэрээний үндсэн дээр уг орон сууцыг барьцаалжээ. /хх-6-14/ Уг орон сууц нь улсын бүртгэлийн Ү-... дугаарт, П.Г-н өмчлөлд бүртгэлтэй болох нь 2016.09.01-ний өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. /хх-4/

П.Г-н нэр дээр бүртгэлтэй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг түүний төрсөн ах  П.Г, ээж Ж.Ц нар нь 2018 онд В.Д-д 98,000,000 төгрөгөөр худалдахаар амаар тохиролцсон, В.Д нь урьдчилгаанд 54,623,500 төгрөгийг нэхэмжлэгчийн ах П.Г-н дансанд шилжүүлсэн, мөн 2018 оны 10 дугаар сараас П.Г-г шүүхэд нэхэмжлэл гаргах /2022 оны 10 дугаар сар/ хүртэлх хугацаанд сар бүр 370,000 төгрөг, нийт 18,029,000 төгрөгийг П.Г-н дансанд, нийтдээ орон сууцны төлбөрт 72,652,500 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг нэхэмжлэгч П.Г маргаагүй байна.

Гагцхүү нэхэмжлэгч нь ипотекийн зээлийн гэрээ худалдан авагч В.Д-д тухайн үед шилжих боломжгүй болсонтой холбоотойгоор худалдах, худалдан авах гэрээ цуцлагдаж, талууд харилцан тохирч орон сууц хөлслөх гэрээний харилцаа болгон өөрчилсөн гэж маргасан бөгөөд 2018 онд 50,000,000 төгрөгийг урьдчилгаанд авснаас хойшхи хариуцагч В.Д-н сар бүр шилжүүлж байсан 370,000 төгрөг буюу нийт 22,652,500 төгрөг нь орон сууц хөлслөх гэрээний төлбөрт тооцогдоно, үүнийг В.Д анхнаасаа мэдэж байсан, тухайн үед гэрээг цуцалсан талаар түүнд мэдэгдсэн гэж маргажээ. Үүнээс гадна хариуцагч нь орон сууцны үнийг бүрэн төлөөгүй гэж нэхэмжлэлдээ дурдсан байв.

10.3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлохдоо нэхэмжлэгч нь “...орон сууцаа В.Д-д 98,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаанд 50,000,000 төгрөгийг авсан боловч В.Д тэтгэвэрт гарсан байсан тул ипотекийн гэрээний үүргийг шилжүүлэх боломжгүй талаар банкнаас мэдэгдсэн, нэгэнт ипотекийн зээл шилжих боломжгүй болсноор хариуцагчтай ярилцаж тохиролцоод 2018 оноос түүнд хөлсөлсөн, худалдах, худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй болсон” гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч орон сууцыг В.Д-д 98,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, хариуцагч нь урьдчилгаа 50,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг 2 жилийн хугацаанд барагдуулахаар тохиролцсон боловч тохирсон хугацаандаа төлөөгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тухай мэдэгдсэн. Гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул орон сууцыг чөлөөлж өгнө үү” гэсэн үндэслэл заасан гэж өөр өөрөөр тодорхойлжээ.

Анхан шатны шүүх гэрээнээс татгалзсан талаар огт дүгнээгүй бол давж заалдах шатны шүүх гэрээнээс татгалзсан нэхэмжлэлийн үндэслэлийг олж илрүүлсэн нь зөв боловч талууд энэ талаар мэтгэлцээгүй болохыг анхаараагүй байв.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл, хариуцагч нь орон сууцны үлдэгдэл үнийг хэрхэн төлөх үүрэгтэй, үүргээ зөрчсөн эсэх, төлөөгүй шалтгаан, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан эсэх, татгалзах үндэслэл байгаа эсэх талаар зохигч мэтгэлцээгүй, энэ үйл баримт нь тодорхой бус, улмаар маргааны ач холбогдол бүхий уг үйл баримт тогтоогдоогүй нөхцөлд шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлд дүгнэлт өгөх боломжгүй, үндсэндээ маргаан шийдвэрлэгдэх боломжгүй байдал тогтоогдов. Хэрэгт байгаа баримтын хэмжээнд эрх зүйн маргааны талаар зохих дүгнэлтийг хийх боломжгүй байна.

10.4. Түүнчлэн хариуцагч В.Д-н гаргасан “...маргаан бүхий орон сууцыг 98,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулахыг П.Г-т даалгуулах” сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй тооцогдох боловч уг сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, зорилгыг нь авч үзвэл өмчлөгчөөр тогтоолгох буюу өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийн үүргийг хангуулах агуулгатай хэдий ч өмчлөх эрх шилжүүлэх эрх зүйн асуудлаар талууд мэтгэлцээгүй байна.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, “гэрээг бичгээр байгуулахыг худалдан авагчид даалгаж” шийдвэрлэсэн нь зөрчигдсөн эрхийг сэргээж чадсан эсэх нь эргэлзээтэй, эрх зүйн зөрчилтэй шийдвэр болжээ.

11. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны үйл баримт, зохигчдын хоорондох эрх зүйн маргаантай харилцааны талаар хийх ёстой дүгнэлтийг хийгээгүй, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхой болгоогүй, хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй байгааг анхаараагүй нөхцөлд хяналтын шатны шүүх хууль хэрэглээний асуудлаар эцэслэн шийдвэр гаргах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/00909 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2023/01122 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 718,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

 

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                  ШҮҮГЧИД                                                         Н.БАЯРМАА

                                                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД