Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01122

 

 

 

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01122

 

 

 П.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/00909 дугаар шийдвэртэй, П.Г-ийн нэхэмжлэлтэй В.Д-д холбогдох орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол Цагдаагийн гудамж *** байрны ** тоот, 59.19 м.кв талбайтай, Ү-220303**** дугаартай, 2 өрөө шинэ орон сууцыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр худалдан авч, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №00051**** гэрчилгээ авсан. Нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг 2016 онд худалдан авахдаа урьдчилгаа төлбөр 41 хувийг төлж, үлдэгдэл төлбөр болох 46,000,000 төгрөгийг Г ХХК-ийн ипотекийн зээлээр худалдан авч байсан. Нэхэмжлэгч нь гадаад улсад амьдарч байсан тул тус орон сууцыг 2018 онд В.Д-д 98,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, хариуцагч нь урьдчилгаа 50,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн хуваан төлөхөөр тохиролцсон боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, 2018 оны 01 дүгээр сараас хойш уг орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Хариуцагч 2 жилийн хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тухай мэдэгдсэн. Мөн маргаан бүхий орон сууц нь банкны барьцаанд байгаа өмчлөлийг шилжүүлэх боломжгүй зэрэг нөхцөл байдлыг хариуцагч мэдэж байсан. Худалдах, худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул хариуцагчийг тус орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч орон сууцыг чөлөөлөхгүй байна.

Иймд хариуцагч В.Д-ийг Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол Цагдаагийн гудамж ** байрны ** тоот хаягт байршилтай 59.19 м.кв талбайтай, Ү-220303**** дугаартай, 2 өрөө орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Би Сүхбаатар дүүрэг ** дүгээр хороо, Цагдаагийн гудамж, *** дугаар байрны *** тоот байрыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц-гийн хүү П.Г-ээс бүрэн тавилгатай нь 97,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирч 2018 оны 01 дүгээр сараас эхлэн амьдарч байгаа. 2017 оны 12 дугаар сарын сүүлээр П.Г нь өөрийн байрыг үзэж худалдан авахыг санал болгож байсан. Би эхнэр Л.А-ийн хамт ажлын зав чөлөөгөөр очиж үзэхэд, П.Г өөрийн эхнэрийн хамт Австрали улс руу явах гэсэн юм, миний байрыг бүрэн тавилгатай худалдан аваач гэж гуйсан. П.Г-тэй харилцан тохирсны дагуу урьдчилгаа 53,833,500 төгрөгийг Х банкны 511119**** данс руу шилжүүлсэн мөн дансанд ипотекийн зээлийн 370,000 төгрөг, нийт 21,759,000 орчим төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед П.Г-д ямар банкны ипотекийн зээлтэй вэ? гэж асуухад Голомт банк гэсэн. Миний бие ипотекийн зээлийн дансанд чинь мөнгийг нь шууд хийж болох юм байна гэхэд П.Г, та миний дансанд хийж, ээж Ж.Ц банкны дансанд хийнэ гэсэн. Урьдчилгааг шилжүүлсний дараа уг байр П.Г-ийн дүү П.Г-ийн нэр дээр байдгийг мэдсэн. Үүнийг Ж.Ц тайлбарлахдаа П.Г эрхэлсэн ажилгүй тул дүү нь өөрийн нэр дээр тус байрыг ипотекийн зээлээр авч өгсөн гэсэн. Үлдэгдэл мөнгийг ипотекийн зээл олгосон Голомт банкин дээр очиж уулзан барагдуулах саналаас татгалзсан. Улмаар 2022 оны 10 дугаар сарын сүүлээр бэлнээр 100,000,000 төгрөг нэхэхэд нь ийм хэмжээний мөнгө өгөхгүй гэдгээ Ж.Ц, П.Г нарт хэлсэн. Үлдэгдэл мөнгийг барагдуулахгүй гэж хэлээгүй болно.

Ж.Ц, П.Г нар бид байраа зараагүй түрээслэсэн урьдчилгаа 53,833,000 төгрөгөөс байрны элэгдэлд 25,000,000 төгрөгийг хасаж олгоно гэхэд би санал нийлэхгүй байгаагаа хэлж худалдан авалтын урьдчилгаа болон өнөөдрийг хүртэл ипотекийн зээлд төлсөн 75,592,500 төгрөгийг эргүүлэн авч байрыг суллаж өгөх саналыг хэлсэн болно гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл түүний үндэслэлийн агуулга: В.Д нь П.Г, Ж.Ц /нэхэмжлэгчийн ээж/, П.Г /нэхэмжлэгчийн төрсөн ах/ нартай 2018 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, * дугаар хороолол *** гудамж *** дугаар байр, ** тоот, 59.19 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв 1,650,000 төгрөгт тооцон нийт 97,663,500 төгрөгөөр худалдан авахаар амаар харилцан тохиролцож, урьдчилгаанд 50,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 47,663,500 төгрөгийг сар болгон Голомт банкны 8 хувийн зээлд 370,000 төгрөг төлж, байрны төлбөрөөс хасаж тооцохоор тохиролцсон юм. Ингэхдээ П.Г-ийн данс руу сар болгон 370,000 төгрөг шилжүүлж, ээж Ж.Ц нь банкинд зээлийн эргэн төлөлтийг хийдэг байсан. Тухайн үед байр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах гэхэд Ж.Ц, П.Г нар нь П.Г гадаадад байгаа, ипотекийн зээлэнд барьцаанд байгаа гэх шалтгаанаар гэрээ байгуулдаггүй байсан. В.Д байрны төлбөрт 72,652,500 төгрөг төлсөн бөгөөд байрны 97,663,500 төгрөгөөс хасаж, үлдэгдэл 25,011,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ ...Нэхэмжлэгч нь гадаад улсад амьдарч байсан тул тус орон сууцыг 2018 онд хариуцагчид 98,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож... гэж дурдсанаас харахад Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу П.Г болон В.Д нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Иймд В.Д-тэй Ү-2203034369 улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, * дугаар хороолол *** гудамж *** дугаар байр, ** тоот, 59.19 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулахыг П.Г т даалгаж өгнө үү гэжээ.

 4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: Талууд анх 2018 онд маргаан бүхий орон сууцыг худалдахаар тохиролцсон боловч тухайн үед тус орон сууц нь ипотекийн зээлд байсан, мөн В.Д-д ипотекийн зээл гарах, шилжих боломжгүй байсан учир бичгээр гэрээ байгуулагдаагүй. П.Г нь гадаад улсад амьдарч байсан учир хариуцагчийг тус орон сууцанд түрээслэн суулгахаар тохиролцсон тул маргаан бүхий орон сууцыг худалдахаар талууд хэлэлцээрт хүрээгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, * дугаар хороолол /14180/, *** гудамж, *** байр, 10 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгөөс В.Дийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Цагдаагийн гудамж /14180/, *** байр, ** тоот хаягт байршилтай, 59.19 м.кв талбайтай, Ү-220303**** дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 98,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг В.Д-тэй бичгээр байгуулахыг П.Г-т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.Г-  ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547,950 төгрөг, хариуцагч В.Д-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Г-ээс 70,200 төгрөгийг гаргуулан В.Д-д олгож шийдвэрлэжээ.

 6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

6.1. Нэхэмжлэгч нь хариуцагчид Сүхбаатар дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Цагдаагийн гудамж, *** дугаар байрны ** тоот, 59.19 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 98,000,000 төгрөгөөр худалдахаар аман хэлбэрээр тохиролцсон боловч Г ХХК-ийн ипотекийн барьцаанд байсан тул банкнаас хариуцагчид барьцаа шилжих боломжгүй, хариуцагч цэргийн хүн, өндөр насны тэтгэвэрт гарсан, байрны үнийг бүрэн төлөх боломжгүй гэх үндэслэлээр тус орон сууцны өмчлөх эрх шилжих боломжгүй нөхцөл байдал үүссэн учир худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, хариуцагч нь орон сууцанд нүүгээд орсон тул танилын хүрээгээ бодож зах зээлийн ханшаас бага төлбөрөөр хөлслөхөөр орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт тус тус зохицуулсанаас үзэхэд В.Д, П.Г нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь бичгийн хэлбэрээр байгуулагдаж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зуйлийн 56.1.8-д зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр бус байна. Зохигчийн хооронд байгуулагдсан гэх худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх бөгөөд хуульд заасан шаардлагын хангахгүй анхнаасаа худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй тул хариуцагч нь орон сууцыг эзэмших эрхгүй этгээд байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч П.Г нь хариуцагч В.Д-ээс орон сууцыг шаардах эрхтэй байхад үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.2. Хариуцагчаас 2018 оны 10 дугаар сараас эхлэн сар бүр 370,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн орон сууцны хөлсийг, орон сууцны төлбөрт тооцож, нийт 72,652,500 төгрөгийг орон сууцны төлбөрт шилжүүлсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэг хүлээдэг. Хариуцагчийн сар бүр шилжүүлдэг 370,000 төгрөгийг нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээний үүрэгт түрээсийн төлбөр шилжүүлсэн гэж, хариуцагч нь байрны үнэнд шилжүүлсэн гэж тус тус маргадаг. Гэтэл хариуцагч нь татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй.

Гэрч П.Г-ийн мэдүүлгийг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь бодит байдалтай нийцэхгүй байна.

6.3. Шүүх хэлцлийг бичгийн хэлбэрээр хийгдээгүй боловч хүчин төгөлдөр гэж дүгнэсэн. Гэтэл Иргэний хуульд бичгийн хэлбэрээр байгуулж, нотариатаар батлуулан улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор хуульчилсан. Гэрээ бичгээр байгуулснаар эрх зүйн ямар үр дагаварт хүрэх, бичгээр гэрээ байгуулснаар ямар эрх нь сэргэх нь ойлгомжгүй байна. Маргаан бүхий орон сууц нь Г ХХК-ийн ипотекийн барьцаанд байгаа бөгөөд хариуцагч нь тус орон сууцны өмчлөгч гэж өөрийн тайлбарлаж буй бол банкны эрх ашиг сонирхол хэрхэн хөндөгдөх талаар шүүх дүгнэлт хийгээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 7. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Учир нь нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа нэхэмжлэгч гадаад улсад байсан учраас хариуцагчид 98,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Мөн тухайн үед 50,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг хувааж төлөхөөр тохиролцсон. Гэтэл үлдэгдэл төлбөрөө төлөх боломжгүй болж, сарын 370,000 төгрөгөөр түрээсэлсэн гэж тайлбарласан. Дансны хуулга болон тооцооллоос харахад 370,000 төгрөгийг амаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан үеэс эхлэн төлсөн. Гэтэл нэхэмжлэгч талын гаргасан тайлбараар 2018 оны 10 дугаар сараас хойш хөлсөлж, 370,000 төгрөгийг шилжүүлсэн. Анх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан үеэс эхэлж, 370,000 төгрөгийг төлж байсан. 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад түрээсийн гэрээ болон гэрээнээс татгалзсан баримтгүй талаарх үйл баримттай маргахгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 72,000,000 төгрөгийг авсанаа хүлээн зөвшөөрсөн. Гэтэл нэхэмжлэгч орон сууцны үнэ өссөн учраас 100,000,000 төгрөгийг нэмж өгвөл өмчлөх эрхийг шилжүүлж өгнө гэх тайлбарыг гаргасан. Манай зүгээс зах зээлийн ханшнаас хямд авсан эсэх нь Т ХХК-ийн тодорхойлолтоос харагдана. Мөн П.Г-тэй харилцан тохиролцоогүй гэх тайлбарыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна. Гэтэл П.Г нэхэмжлэлийн шаардлагадаа гадаад улсад амьдарч байсан тул худалдахаар тохиролцсон. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан.

2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн БГ-1505**** ипотекийн гэрээний 2.6-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол барьцаалагчаас зөвшөөрөл авах үүрэгтэй гэж заасан. Ипотекийн зээл шилжих боломжгүй нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт өөр этгээдэд нэгэн зэрэг хамтдаа шилжиж болно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчээс ипотекийн гэрээ шилжих боломжгүй, бодит байдалд гадаад улсаас ирээгүй нөхцөл байдал байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч П.Г нь хариуцагч В.Д-д холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ орон сууцыг В.Д-д 98,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, хариуцагч нь урьдчилгаа 50,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг 2 жилийн хугацаанд барагдуулахаар тохиролцсон боловч тохирсон хугацаандаа төлөөгүй тул гэрээнээс татгалзсан тухай мэдэгдсэн. Гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул орон сууцыг чөлөөлж өгнө үү гэж тодорхойлжээ.

Хариуцагч В.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, байрыг П.Г-ээс бүрэн тавилгатай нь 97,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирсоны үндсэн дээр уг байранд амьдарч байгаа. Урьдчилгаа 53,833,500 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Ипотекийн зээлийн мөнгө 370,000 төгрөгийг сар бүр төлж, байрны төлбөрт нийт 72,652,500 төгрөг төлсөн. 25,011,000 төгрөгийн үлдэгдлийг төлөхөд татгалзах зүйлгүй. гэж мэтгэлцэн орон сууц худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулахыг нэхэмжлэгчид даалгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч орон сууц нь ипотекийн зээлд байсан. В.Д-д ипотекийн зээл шилжих боломжгүй байсан учир бичгээр гэрээ байгуулагдаагүй. Хариуцагчийг орон сууцанд түрээслэн суулгахаар тохиролцсон. гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргасан.

3. Талууд П.Г-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Цагдаагийн гудамж, *** дугаар байр, ** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220303**** дугаартай, 59.19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2018 оны 01 дүгээр сараас хойш хариуцагч эзэмшиж байгаа, хариуцагч нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 53,833,500 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 370,000 төгрөг, нийт 21,749,000 төгрөг, хариуцагчаас нэхэмжлэгчид байрны төлбөрт нийт 75,582,500 төгрөгийг төлсөн үйл баримтын тухайд маргаагүй. Харин тус байрыг хариуцагч эзэмших үндэслэл болсон эрх зүйн харилцааны тухайд зохигч харилцан маргаантай байна.

4. Анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Зохигчийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий худалдах-худалдан авах гэрээ энэ шаардлагыг хангаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг үндэслэл болгож шаардах эрх хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байх ёстой. Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдсон байна. Харин худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус тул хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч П.Г нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн орон сууцаа хариуцагч В.Д-ийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Харин хариуцагч В.Д нь өөрт учирсан хохирлыг зохих этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүй.

6. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/00909 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Цагдаагийн гудамж *** дугаар байрны ** тоот хаягт байршилтай, 59.19 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг хариуцагч В.Д-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй. гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч П.Г-т холбогдох орон сууц худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулахыг даалгуулах тухай хариуцагч В.Д-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтад нэхэмжлэгч П.Г-ээс 70,200 төгрөгийг гаргуулан В.Д-д гэснийг хариуцагч В.Д-ээс 547,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Г-т гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 547,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 Д.БЯМБАСҮРЭН