Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2023/00151

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/00476 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2023/00952 дугаар магадлалтай,

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Х-т холбогдох

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Х-ын гаргасан хяналтын гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, хариуцагч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.”С” ХХК нь хариуцагч Б.Х-т холбогдуулан Х дүүргийн *-р хороо, Т *-р байрны ** тоот, 65.73 м.кв, 3 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/00476 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Нийслэлийн Х дүүргийн ** дүгээр хороо, ** гудамж, ** дүгээр байрны ** тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэлтэй, 65.73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Б.Х-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х-аас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2023/00952 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/00476 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Хариуцагч Б.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, 65.1.8 “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” тохиолдолд шүүгч захирамж гарган нэхэмжлэхийг хүлээн авахаас татгалзана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, 80.1.4 дүгээр зүйл “Эрүүгийн, Иргэний, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, Арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйл хэргийг хэрэгсэхгүй болгох, 117.1.Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. Хуулийн дээрх гурван зүйл заалтын дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс хүлээн зөвшөөрч байгаа болно.

4.1.Үндэслэх тайлбар нь: “С” ХХК нь 2019 оны нэгдүгээр сард Улаанбаатар хот, Х.Д-ийн ** дүгээр хороонд байрлалтай “Т” ХХК-ийн харьяалалд буй Т хотхоны ** дүгээр байранд хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 65 м.кв хэмжээтэй гурван өрөө орон сууцыг 94,750,000 төгрөгөөр урьдчилгаа төлбөрийг төлж, нэг жилийн дотор үлдэгдэл мөнгийг төлж барагдуулснаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгохоор Э овогтой С болон түүний нөхөр Э овогтой Б нараар дамжуулан санал тавьсны үндсэн дээр иргэн Б-ийн Х миний бие гэр бүлийн хамтаар 2019 оны 1 сараас эхлүүлэн тодорхой хугацаанд төлбөрийг төлж дээрх байранд амьдарсан. Б овогтой Х миний бие Х Дүүргийн ** дүгээр хороо, Т хотхон ** дүгээр байрны ** тоот 65 м.кв байрыг нийт 94,750,000 төгрөгөөр худалдан авахын тулд дараах төлбөрүүдийг хийсэн. Үүнд:

-2019.01.23-ны өдөр Э.Б-д 20,000,000 төгрөгийг байрны урьдчилгаа болгон бэлнээр өгч 2019.02.02-ны өдөр Х Дүүргийн ** хороо Т хотхон ** тоот 65 м.кв гурван өрөө байрны түлхүүр хүлээн авч байранд орсон. (Энэхүү хорин сая төгрөгийг Б.Х миний бие Г банкнаас цалингийн зээл авч бүрдүүлсэн болно.) Мөн түүнчлэн шаардсан материалууд болох Нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, төрсний лавлагаа, банкны дансны хуулга зэрэг материалуудыг бүрд үүлэн өгсөн.

-2019.03.11-ний өдөр Э.Б-д 15,000,000 төгрөгийг дахин шилжүүлсэн. Уг мөнгийг Б.Х би өөрийн эзэмшлийн приус-30 автомашиныг борлуулж бүрдүүлсэн.

-2019.09.02-ны өдөр 45,000,000 төгрөгийг Э.Б-д бэлнээр өгсөн. (Энэхүү дөчин таван сая төгрөгийг миний ээж Д.Б-ын эзэмшлийн орон сууцыг Ч банкинд барьцаалан эхнэр Г овогтой С-ийн нэр дээр зээл авч бүрдүүлсэн.)

4.2.2019 оны 01 сараас 2019 оны 09 сарын хооронд Э.Б, Э.С нарт миний зүгээс нийт 80,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна. Гэвч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй удаан хугацаа өнгөрсөн мөн 2021 оноос “М” нэрт Үл хөдлөх хөрөнгө зуучлалын газраас түрээсийн төлбөр төлөх тухай мэдэгдэх хуудас ирүүлсэн, түүнийг тодруулахад Э.С нь “М” үл хөдлөх хөрөнгө зуучлалын газартай тус байрны түрээсийн гэрээг иргэн н.А-ын нэр дээр байгуулсан байсан, иргэн н.А нь өөрөө энэ талаар мэдэхгүй, ямар нэг мэдээлэлгүй байсан нь бидэнд мэдэгдсэн тул “С” ХХК-ийн Туул ван хотхоны борлуулалтын албанаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон тус компани Э.С-той байгуулсан гэрээний тухай удаа дараа асууж тодруулсан боловч “С” ХХК нь бид Э.С-той 2 талын нууцлалын гэрээтэй тул мэдээлэл өгөх боломжгүй хэмээн хамтын ажиллагааны гэрээг бидэнд үзүүлэхээс удаа дараа татгалзаж байсан. Иймд миний бие болон Э.С нарт залилуулсан хохирогчид 2021 оны 3 дугаар сард цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж уг хэргийг Цагдаагийн Ерөнхий газрын Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Э.С-той холбогдох эрүүгийн 210200100068 дугаартай хэрэг үүсгэн, нийт 123 хохирогчийн 11 тэрбум төгрөгийн хохирол бүртгэгдэн хянан шалгах ажиллагаа одоог хүртэл явагдсаар байгаа болно. 2023.05.07-ны өдөр Э.С-той холбогдох эрүүгийн 210200100068 дугаартай хэргийн шүүх хурлын анхны хэлэлцүүлэг болсон.

4.3.Уг 210200100068 дугаартай эрүүгийн хэрэгт “С” ХХК болон “М” Үл хөдлех хөрөнгө зуучлалын газрыг хэргийн хариуцагчаар татсан байгаа ба миний бие эдгээр холбогдох этгээдүүдийг хариуцагчаар татсан тухай мөрдөгчийн тогтоолыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралд нотлох баримт болгон ашиглах тухай өргөдөл өгсөн. Уг 210200100068 дугаартай эрүүгийн хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдээгүй, “С” ХХК болон “М” үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар нь уг хэргийг Э.С нартай хамтран үйлдсэн болон эс үйлдсэн талаар эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр гараагүй байгаа тохиолдолд иргэний хэргийн анхан шатны шүүхээс тус хэрэгтэй холбогдох эрүүгийн хэргийн хариуцагч этгээдийн гаргасан нэхэмжлэхийн дагуу иргэний хэргийн нэхэмжлэхийг түүний талд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн нэхэмжлэлийн үйл баримт, маргаантай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар хэрэг үүсгэн нэхэмжлэгч, хариуцагчийг оролцуулан шийдвэрлэж байгаа тул иргэний хэргийн журмаар шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Хариуцагч Б.Х-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.06.29-ний өдрийн 001/ШХТ2023/00785 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тухай хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Б.Х-т холбогдуулан Х дүүргийн **-р хороо, Т **-р байрны ** тоот, 65.73 м.кв, 3 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч  эс зөвшөөрч, “...Э.С, Э.Б нарын тавьсан саналын дагуу...3 өрөө орон сууцыг 94,750,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 80,000,000 төгрөг өгч, орон сууцанд амьдарсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй байсан тул бид Т хотхоны борлуулалтын албанаас удаа дараа асууж лавласан боловч “С” ХХК болон Э.С нарын хооронд 2 талын нууцлалын гэрээтэй гэж гэрээг үзүүлэхээс удаа дараалан татгалзсан. 2021.01.20-ны өдрөөс хойш ...бидэнд Э.С түрээсийн төлбөрөө хийхгүй олон сар боллоо, иймд та нар байраа суллан хүлээлгэж өг гэж шаардлага ирүүлсэн. Э.С-с лавлахад гэрчилгээ гаргаж өгнө, санаа зовох зүйлгүй гэсэн. ...бид 2021 оны 3 дугаар сард цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Э.С-д холбогдох залилах гэмт хэрэгт нийт 123 хохирогч тогтоогдсон, уг хэргийг шийдвэрлэх хүртэл уг байрыг чөлөөлөх үндэслэлгүй ” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Б.Х “С” ХХК-ийн өмчлөлийн орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй. ...Б.Х эрүүгийн журмаар өөрт учирсан хохирлоо гаргуулан авах боломжтой ба энэ шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.” гэсэн агуулгатай дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж хэвээр үлдээхдээ “...Нэхэмжлэгч “С” ХХК-ийн өмчлөх эрх Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлээр баталгаажсан, уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч “С” ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Э.С нарт холбогдох эрүүгийн хэргийн талаарх баримтуудыг ирүүлсэн хэдий ч уг асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь хууль ёсны өмчлөгчийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.” гэж тайлбарласан байна.

8.Дээр дурдсанаар хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, адил шийдвэр гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөнөөс Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

9.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч нь шаардаж буй хөрөнгийн өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байх учиртай.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч “С” ХХК нь маргааны зүйл болсон орон сууцны өмчлөгчөөр 2021.11.07-ны өдөр бүртгэгдсэн байх боловч хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж шууд дүгнэх үндэслэл тогтоогдоогүй байна.

10.Маргааны зүйл болж буй орон сууцыг бусдад худалдахдаа мөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр Э.С нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаныг зохигч маргаагүй байх бөгөөд уг хэрэгт энэ маргааны нэхэмжлэгч болох “С” ХХК нь иргэний хариуцагчаар, хариуцагч Б.Х хохирогчоор тогтоогдсон тухай баримт хэрэгт авагджээ.

Дээрхээс үзэхэд эрүүгийн хэрэгт нэгэнт иргэний хариуцагчаар тогтоогдсон “С” ХХК болон хариуцагчаас орон сууцны үнийг хүлээн авсан гэх Э.С нарын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн болох, тэдгээрийн холбоо хамаарлыг тодорхой болгоогүй тохиолдолд хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх нь хуульд нийцэхгүй бөгөөд энэ байдлыг анхан шатны шүүх тодруулаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулалгүй шийдвэрийг хэвээр үлдээжээ.

11.Иймд маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/00476 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2023/00952 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Х 2023.06.07-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ                            

ШҮҮГЧИД                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                              Д.ЦОЛМОН

                                                                              Х.ЭРДЭНЭСУВД