Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/00476

 

 

 

2023 оны 02 сарын 06 өдөр     Дугаар 183/ШШ2023/00476          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Туулван, 00 дүгээр байр 000 тоотод байрлах, С ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Туулван, 00 дүгээр байр 000тоотод оршин суух, Б овогт Б. Х /РД:УГ00000000/-т холбогдох

Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгчийн төлөөлөгч А.С, хариуцагч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч П.Г, нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Х нь манай компанийн эзэмшлийн ХУД-ийн 19 дүгээр хороо, туулван 00-р байрны 000тоот 65.73 м.кв, 3 өрөө орон сууцанд ямар ч гэрээ хийлгүйгээр хууль бусаар амьдарч байна. Иймд түүнийг тус байрнаас албадан гаргаж, түүний хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

2. Хариуцагч Б.Х шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 1 дүгээр сард энэ байранд орсон. Энэ байранд н.С оруулж өгсөн. Гэрээний хувьд яаж хийсэн гэдгийг мэдэхгүй байна. Мон зууч ХХК-тай гэрээ хийсэн байсан гэдгийг сүүлд мэдсэн. Энэ байранд орсон өөр хүмүүстэй хийлээд С ХХК-ийн байранд очиж уулзаад, бид нар гэрээнийхээ баримтыг үзье гэж хэлэхэд С ХХК-ийн ажилтан н.Болормаа нь нууцын зэрэглэлтэй, үзүүлэх боломжгүй гэсэн. Тэгэхэд Н.Бд, Н.С нар залгаад одоо удахгүй байрны гэрчилгээ гарна, түр хүлээгээд байж бай гэж хэлсэн. Миний хувьд Мон зууч ХХК болон С ХХК-ийг давхар шалгуулах хүсэлттэй байгаа. Н.С нь манай байрны СӨХ-ийн төлбөрийг хүртэл төлдөг байсан. Яаж төлдөг байсныг мэдэхгүй байна. Би энэ асуудлыг бүрэн шийдэгдтэл байрыг чөлөөлж өгч чадахгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.06.09-ний өдрийн 000/00 итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, мэдэгдэх хуудас, 2021.05.12-ны өдрийн мэдэгдэх хуудас, 2021.12.24-ний өдөр 000000мэдэгдэх хуудас, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: Нотлох баримт гаргаж өгөөгүй, хариуцагчийн хүсэлтээр шүүх Нийслэлийн прокурорын газраас 2021.03.18-ны өдрийн хохирогчоор тогтоосон тогтоол, 2022.04.11-ний өдөр иргэний хариуцагчаар татсан тогтоол зэргийг гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч СХХК хариуцагч Б.Х-т холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

СХХК нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 00 дүгээр байрны 000тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ү-0000000000 тоотод бүртгэгдэж, өмчлөгч болсон, энэ талаар талууд маргаагүй.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан бөгөөд зохигчдын хооронд иргэний эрх зүйн ямар нэгэн харилцаа үүсээгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Х СХХК-ийн өмчлөлийн 65.73 м.кв гурван өрөө орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч Б.Х нь Э.С-ын нөхөр Э.Б-д энэ орон сууцыг худалдан авах зорилгоор мөнгө шилжүүлсэн бөгөөд энэхүү асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гээд холбогдох нотлох баримтыг Нийслэлийн прокурорын газраас гаргуулсан ба уг баримтаас үзэхэд иргэн Ж.Б, Э.С,  Э.Б нар Б.Х-ыг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул Б.Х эрүүгийн журмаар өөрт учирсан хохирлоо гаргуулан авах боломжтой ба энэ шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 00 дүгээр байрны 000тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 65.73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Б.Х-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 00 дүгээр байрны 000тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 65,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Б.Хын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х-аас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ          Г.СОЛОНГО