Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00952

 

 

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00952

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/00476 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-т холбогдох,

Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Содхүү, хариуцагч Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б- нь манай компанийн эзэмшлийн, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Туул гол гудамж, 29 дүгээр байр, *** тоот хаягт оршин байх 65.73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд ямар ч гэрээ хийлгүйгээр хууль бусаар амьдарч байна. Иймд түүнийг тус байрнаас албадан гаргаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2019 оны 01 дүгээр сард Г- болон түүний нөхөр Д- нарын тавьсан саналын дагуу Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Туул гол гудамж, 29 дүгээр байр, *** тоотод байрлах 65 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууцыг 94,750,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2019 оны 01 capaac 2019 оны 09 сарын хооронд Д-д 80,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн.

Тус орон сууцанд амьдарч эхэлснээс хойш үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй удаан хугацаа өнгөрсөн тул бид Туул ван хотхоны борлуулалтын албанаас удаа дараа ул хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон тус компанийн Г-той байгуулсан гэрээний тухай удаа дараа асууж лавласан боловч бидэнд А ХХК болон Г- нарын хооронд 2 талын нууцлалын гэрээтэй тул хариулах боломжгүй гэж бидэнд гэрээг үзүүлэхээс удаа дараалан татгалзсан.

2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш Туул ван хотхоны борлуулалтын алба буюу А ХХК болон Мон зууч үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентлаг буюу Э ХХК-аас бидэнд Г- түрээсийн төлбөрөө хийхгүй олон сар боллоо, иймд та нар байраа суллан хүлээлгэж өг гэж шаардлага удаа дараа ирүүлсэн. Энэ тухай Г-ос лавлахад үл хөдлөхийн гэрчилгээг сүүлийн хугацаа 2021 оны 03 дугаар сарын 15-ны дотор гаргаж өгнө, санаа зовох зүйлгүй гэсэн хариулт өгч байсан.

2.2. Уг явдлын дагуу бид Э ХХК болон Туул ван хотхоны борлуулалтын албатай уулзан тодруулахад уг байрыг Е гэх иргэний нэр дээр түрээсийн гэрээ хийсэн байсан. Харин уг түрээсийн гэрээ болон түрээсийн төлбөр төлж байсан талаар Е нь мэдэхгүй байсан юм.

Иймд эдгээр этгээдүүд хууль бусаар хүний бичиг баримт ашиглан хуурамч гэрээ үйлдэн, бусдыг урьд өмнөх харилцаан дээр үүссэн итгэлийг ашиглан хамтран залилан мэхэлсэн гэж үзэж бид 2021 оны 3 дугаар сард цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан.

Г- нартай холбогдох эрүүгийн хэрэг нь 2022 оны 04 дүгээр сараас Нийслэлийн прокурорын газарт шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргэгдэн прокуророор хянагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А ХХК болон Э ХХК-ийг цагдаагийн байгууллагаас хэргийн хариуцагчаар татсан.

Г-д холбогдох уг залилах гэмт хэрэг нь одоогийн байдлаар нийт 123 хохирогч тогтоогдсон, 11 тэрбум төгрөгийн хохирол бүхий томоохон хэмжээний эрүүгийн гэмт хэрэг юм. Энэхүү хэргийг эрүүгийн хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, залилагч этгээдүүдэд тохирох ял шийтгэлийг оноож, хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах тухай шүүхийн шийдвэр гартал иргэд уг байрыг чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 29 дүгээр байрны *** тоотод байрлах, 65,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-аас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 80 дугаар зүйлийн 80.1.4, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хэргийг шийдвэрлээгүйд гомдолтой байна.

4.1. Уг 3 өрөө орон сууцыг 94,750,000 төгрөгөөр урьдчилгаа төлбөрийг төлж, нэг жилийн дотор үлдэгдэл мөнгийг төлж барагдуулахаар Г- болон түүний нөхөр Д- санал тавьсны үндсэн дээр Б- миний бие гэр бүлийн хамтаар 2019 оны 01 дүгээр сараас эхлүүлэн тодорхой хугацаанд төлбөрийг төлж дээрх байранд амьдарсан. Д-д нийт 80,000,000 хүлээлгэн өгсөн.

Гэвч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй удаан хугацаа өнгөрсөн, Э ХХК-аас түрээсийн төлбөр төлөх тухай мэдэгдэх хуудас ирүүлсэн, үүнийг тодруулахад Г- нь тус байрны түрээсийн гэрээг иргэн н.Анандын нэр дээр байгуулсан байсан.

Иймд миний бие болон Г- нарт залилуулсан хохирогчид 2021 оны 03 дугаар сард цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаснаар Цагдаагийн ерөнхий газрын залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Г-д холбогдох эрүүгийн хэргийг үүсгэж, нийт 123 хохирогчийн 11 тэрбум төгрөгийн хохирол бүртгэгдэн хянан шалгах ажиллагаа одоог хүртэл явагдсаар байгаа болно.

4.2. Уг эрүүгийн хэрэгт А ХХК болон Э ХХК-ыг хэргийн хариуцагчаар татсан байгаа ба миний бие эдгээр холбогдох этгээдүүдийг хариуцагчаар татсан тухай мөрдөгчийн тогтоолыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралд нотлох баримт болгон өгсөн.

Эрүүгийн хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдээгүй, А ХХК болон Э ХХК нь уг хэргийг Г- нартай хамтран үйлдсэн болон эс үйлдсэн талаар эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр гараагүй байгаа тохиолдолд иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн тул хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад уг гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б-т холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

Б- 2019 оны 01 дүгээр сараас эхлэн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Туул гол гудамж, 29 дүгээр байрны *** тоотод байрлах 65 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа.

А ХХК нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 29 дүгээр байрны *** тоот орон сууцны өмчлөгчөөр 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэгдэж, өмчлөгч болсон.

 

4. Нэхэмжлэгч А ХХК-ийн өмчлөх эрх Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлээр баталгаажсан, уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж үзэх юм. Иймд нэхэмжлэгч А ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

4.1. Хариуцагч Д.Хүндэтбаатар нь маргаан бүхий орон сууцыг бодитоор эзэмшиж буй үйл баримт тогтоогдсон хэдий ч гэрээгээр эсхүл хуульд заасны дагуу эзэмших эрхтэй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

 

4.2. Д.Хүндэтбаатар нь иргэн Г-, Д- нартай хэлцэл хийх замаар орон сууцны эзэмшлийг олж авсан, уг асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэж маргасан.

Хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Г- нарт холбогдох эрүүгийн хэргийн талаарх баримтуудыг ирүүлсэн хэдий ч уг асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь хууль ёсны өмчлөгчийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 80 дугаар зүйлийн 80.1.4, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Г- нарт холбогдох эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор энэхүү иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох, түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

4.3. Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсантай холбоотойгоор хохирсон гэж үзвэл зохих этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно.

 

5. Иймд хариуцагч Б- нь дээрх орон сууцыг хуулийн дагуу эзэмших, эсхүл өмчлөх эрхтэй болох нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 19 дугаар хороо, 29 дүгээр байрны *** тоот орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар зөв тодорхойлсон атлаа тогтоох хэсэгт 106.2 гэж алдаатай бичсэн нь техникийн шинжтэй байх тул ийнхүү залруулан дүгнэж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/00476 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Т.БАДРАХ