| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 101/2022/06679/И |
| Дугаар | 001/ХТ2023/00187 |
| Огноо | 2023-10-17 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2023 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2023/00187
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Д.Мөнхтуяа, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/01016 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2023/01064 дүгээр магадлалтай,
Ж.Д-ийн нэхэмжлэлтэй
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
2022.08.08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай *** дугаар тогтоол, 2022.08.16-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай *** дугаар тогтоолуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Ж.Д-ийн гаргасан хяналтын гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Д.М, гуравдагч этгээд Ц.Б, К.Т, Я.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Ж.Д нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2022.08.08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай ***дугаар тогтоол, 2022.08.16-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай *** дугаар тогтоолын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Ц.Б, Я.Р, К.Т нар оролцож нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариуцагчийг дэмжиж тайлбар гаргасан байна.
2.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/01016 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5-д тус тус заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн *** тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэгч Ж.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2023/01064 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/01016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч Ж.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Үүнд:
4.1.Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтойгоор зөрчиж, хэт нэг талыг баримталж, үндэслэлгүй хууль бус шийдвэр гаргасан тухайд:
Давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсэгт “Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Д нь газар дээрх 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүртгүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор барьцаалсан битүүмжилсэн, хураан авсан хөрөнгийг бусдад шилжүүлсэн тохиолдолд уг хөрөнгө хэний эзэмшилд шилжсэнээс үл хамааран гаргуулан төлбөрт суутгах зохицуулалтад хамаарах үндэстэй” гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдал болон нотлох баримтуудыг бүрэн гүйцэд ойлгоогүй, бодит нөхцөл байдалд нийцэхгүй, нотлох баримтад үндэслээгүй, илтэд үндэслэлгүйгээр хэрэглэх ёсгүй хуулийн зүйл заалтыг хүчээр шахам хууль бусаар хэрэглэж, нотлох баримт дээр үндэслэж шийдвэр гаргах, нотлох баримтыг бүхий л эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан, цаашид энэхүү шийдвэрийг үндэслэн хариуцагчийг хууль бус ажиллагаа явуулах нөхцөл байдлыг улам ихээр бүрдүүлж өгсөн.
Учир нь Ж.Д бол эрүүгийн хэргийн хувьд ч тэр, иргэний хэргийн хувьд ч тэр бусдыг хохироогоогүй, бусдад төлбөр төлөх өр төлбөр байхгүй, энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, төлбөр төлөгч биш, мөн Ж.Д болон дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хувьд эрүүгийн болон иргэний журмаар шалгагдаж байгаагүй тул аливаа байдлаар шүүхийн шийдвэр болон шийдвэр гүйцэтгэлийн журмаар үл хөдлөх хөрөнгийг өмнө нь хурааж, битүүмжилж байгаагүй, анхнаасаа Ж.Д-ийн нэр дээр бүртгэлтэй, бусдаас шилжүүлж аваагүй хөрөнгө юм.
Гэтэл шүүх хэргийн энэхүү нөхцөл байдлыг гүйцэд ойлголгүй, хэзээ, хэдийд, ямар этгээд битүүмжилсэн хураасан байхад нь Ж.Д ямар этгээдээс шилжүүлж авсан гэж үзэж байгаа нь тодорхойгүй, нотлох баримтгүй, энэ талаар талууд маргаагүй байхад хүчээр шахуу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн. Энэ нь цаашид хариуцагчийн хууль бус үйлдлийг дэмжсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудасгүйгээр хууль бус үйлдлээ үргэлжлүүлэн бусдын өмч хөрөнгийг албадан борлуулж, хамааралгүй этгээдүүдийн төлбөрийг төлүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн ноцтой хор уршигтай буруу жишиг болсон хууль бус шийдвэр болсон.
Эрүүгийн хэргийн шийдвэрээр “Г” ХХК-ийн газраар хохирогчдын хохирлыг барагдуулахаар шийдвэрлэсэн болохоос, тухайн газар дээр байгаа Ж.Д-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг шалган тогтоож, битүүмжилж, хурааж байгаагүй болно. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь заалт нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, гүйцэтгэх хуудсыг үндэслэж явагдаж буй тохиолдолд, битүүмжилсэн, хураасан хөрөнгийг бусдад шилжүүлсэн тохиолдолд хэрэглэх ёстой хуулийн зүйл заалт болохыг анхаарч үзсэнгүй.
Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна гэж, 5 дугаар зүйлийн 5.1-д Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна гэж, 8 дугаар зүйлийн 8.1.4-д заасан хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг болон 19 дүгээр зүйлийн 19.3-д заасан энэ хуулийн 6.2.6-д зааснаас бусад тохиолдолд гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно гэж тус тус зохицуулсан байдаг.
Иргэн Ж.Д-ийн хувьд бусдад төлбөр төлөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон гүйцэтгэх хуудас байхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тал биш байхад шийдвэр гүйцэтгэгч нь Ж.Д-тай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хууль зөрчсөн байхад хэрэглэх ёстой дээрх хуулийн зүйл заалтуудыг огт хэрэглэлгүйгээр хууль бус шийдвэр гаргасан.
Анхан болон давж заалдах шатны шүүх Ж.Д-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан авсан нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь заалттай нийцсэн гэж үзэв гэж дүгнэсэн байдаг.
Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэг нь газрын үндсэн бүрдэл хэсгийг зохицуулсан зохицуулалт болохоос, шүүхийн шийдвэргүйгээр, гүйцэтгэх хуудасгүйгээр төлбөр төлөгч бус этгээдийн өмчлөх эрхэд хууль бусаар халдахыг зөвшөөрсөн зохицуулалт биш юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт тусгагдсан “Гурван марал констракшн” ХХК-ийн эзэмшлийн газраар хохирол барагдуулах ёстой болохоос тухайн газар дээр байгаа тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээтэй иргэн Ж.Д-ийн өмчлөх эрхийг зөрчин, түүний хөрөнгийг хууль бусаар битүүмжилж, хураан авсан шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааг “газрын бүрдэл хэсэг”-ийг зохицуулсан хуулийн зүйл заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж зөвтгөж шийдвэрлэсэн нь илтэд хууль бус юм.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн энэхүү шийдвэр, магадлалаар бол цаашид ямар ч этгээдийн өмчлөлийн барилга, байгууламж, орон сууц байлаа гэхэд газрын бүрдэл хэсэг гэсэн хуулийн зохицуулалтын дагуу шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудасгүйгээр хууль бусаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж болох нөхцөлийг бүрдүүлсэн, Үндсэн хууль болон иргэний хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд хууль бусаар халдсан, буруу жишиг тогтоосон, нийгэмд ноцтой сөрөг үр дагавар бий болгох шийдвэр болж байгаа болохыг хяналтын шатны шүүхээс зайлшгүй анхаарч үзэхийг хүсэж байна.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл нь худалдан борлуулах зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах зохицуулалт юм. Тус хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10-д зааснаар шаардлагатай бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийг битүүмжлэх, барьцаалахдаа тухайн хөрөнгө болон түүний зарим бүрдэл хэсгийг хураан авч болно гэсэн заалт нь бүрдэл хэсгийг битүүмжлэх бус зөвхөн хурааж авах зүйл, заалт болохыг шүүх анхаарч үзээгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч Ж.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.09.22-ны өдрийн 001/ШХТ2023/01028 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
7.Нэхэмжлэгч Ж.Д хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тус газрын 2022.08.08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай *** дугаар тогтоол, 2022.08.16-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай *** дугаар тогтоолын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ, “...төлбөр төлөгч бусаас гадна өмчлөлийн барилгаас төлбөр төлүүлэх аливаа шийдвэр байхгүй атал дур мэдэн битүүмжилж хураасан” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө, “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан,...шаардлагатай бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийг битүүмжлэх барьцаалахдаа тухайн хөрөнгө болон түүний зарим бүрдэл хэсгийг хураан авч болдог, маргааны зүйл болсон барилгын доорх газар нь “Гурван марал констракшн” ХХК-ийн эзэмшлийнх ба эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолд тухайн газрыг хохирогч нарын төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн” гэж маргасан байна.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор “Г” ХХК-ийн Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “А” хотхоны барилгын 1594 м.кв талбай бүхий газрыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад газар болон түүн дээрх газартай салшгүй бэхлэгдсэн Ж.Д-ийн өмчлөлийн 40 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг битүүмжилж, хураан авсан нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасантай нийцсэн” гэсэн.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж хэвээр үлдээж, үндэслэлийг “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10 дахь хэсэгт зааснаар шаардлагатай бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийг битүүмжлэх, барьцаалахдаа тухайн хөрөнгө болон түүний зарим бүрдэл хэсгийг хураан авч болно. Хариуцагч гүйцэтгэх баримт бичигт заасан газрыг хураан авахдаа түүний бүрдэл хэсэг болох үл хөдлөх хөрөнгийг хураан авсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Д нь газар дээрх 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүртгүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор барьцаалсан, битүүмжилсэн, хураан авсан хөрөнгийг бусдад шилжүүлсэн тохиолдолд уг хөрөнгө хэний эзэмшилд шилжсэнээс үл хамааран гаргуулан төлбөрт суутгах зохицуулалтад хамаарах үндэстэй. Иймд шүүх Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдол үндэслэлгүй.” гэж үзсэн байна.
9.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож адил шийдвэр гаргасан боловч төлбөр төлөгч этгээдийн эзэмшлийн газар дээр баригдсан төлбөр төлөгч бус этгээдийн өмчлөлийн барилгыг газрын бүрдэл хэсэг гэх үндэслэлээр битүүмжилж хураах нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх хэмжээнд хамаарах эсэхэд шүүхүүд хуулийн агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн талаарх гомдлын хүрээнд хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцэв.
10.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/1032 дугаар шийтгэх тогтоол, уг шийтгэх тогтоолыг хянасан давж заалдах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолоор Д.Г, Д.О, Д.Б нараас 7,265,839,273 төгрөг гаргуулан 389 иргэнд олгохоор шийдвэрлэж, “...Г” ХХК-ийн Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын *** дугаарт бүртгэлтэй “А” хотхоны барилгын 1594 м.кв талбай бүхий газар, бусад нэр бүхий хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч нарын төлөх хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хувь тэнцүүлэн гаргуулахыг даалгасан.
Шийтгэх тогтоол, түүнд үндэслэн бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, энэхүү ажиллагааны явцад 1594 м.кв талбай газрыг болон уг газарт баригдаж буй 4704 м.кв талбай бүхий, орон сууц, үйлчилгээний зориулалттай, 40 хувийн гүйцэтгэлтэй барилгыг 2022.08.08-ны өдөр битүүмжилж, мөн оны 08 дугаар сарын 16-ны өдөр хураан авч тогтоол үйлдсэнийг хоёр шатны шүүх хэргийн баримтад үндэслэн дүгнэсэн байна.
11.Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр 40 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байгаа барилга нь 2021.06.21-ний өдөр нэхэмжлэгч Ж.Д-ийн өмчлөлд бүртгэгдсэн байх бөгөөд уг өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг үндэслэн нэхэмжлэгч нь “...төлбөр төлөгч бус этгээдийн өмчлөлийн зүйлийг битүүмжилж хураасан гэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус” гэжээ.
12.Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасныг үндэслэж буюу “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэсний дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Ж.Д-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураасан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэснийг зөвтгөх үндэслэлгүй. Учир нь бусдын эзэмшил эсхүл өмчлөлийн газар дээр бусад этгээд барилга байгууламж барьж болох бөгөөд үүнийг хуулиар хориглоогүй, тодруулбал, газар эзэмших эсхүл өмчлөх эрхтэй этгээд, уг газарт барьсан барилга, байгууламжийн өмчлөх эрхтэй этгээдүүд хуульд заасан тохиолдолд өөр байж болох ба улсын бүртгэлийг буруу ташаа болохыг эсэргүүцсэнээс бусад тохиолдолд бүртгэл үнэн зөвд тооцогдоно. Иймээс өөр нөхцөл үүсээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан газрыг дагаж түүн дээр баригдсан бусдын өмчлөлийн барилга, байгууламжийг тухайн газрын бүрдэл хэсэг гэж үзэн Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй.
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10-т зааснаар шаардлагатай бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийг битүүмжлэх, барьцаалахдаа тухайн хөрөнгө болон түүний зарим бүрдэл хэсгийг хураан авч болно гэсэн зохицуулалт нь ихэвчлэн хөдлөх эд хөрөнгөд, тухайлбал, үндсэн бүрдэл хэсгийг салгаснаар тухайн эд хөрөнгийн зориулалт алдагдах үед хэрэглэгдэнэ.
13.Дээрхээс гадна давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч Ж.Д нь газар дээрх 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүртгүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор барьцаалсан битүүмжилсэн, хураан авсан хөрөнгийг бусдад шилжүүлсэн тохиолдолд уг хөрөнгө хэний эзэмшилд шилжсэнээс үл хамааран гаргуулан төлбөрт суутгах зохицуулалтад хамаарах үндэстэй” гэж дүгнэсэн нь буруу байна. Энэ хэрэг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой маргаан, бүртгэлийн үнэн зөв эсэх, уг бүртгэлээр баталгаажсан өмчлөх эрхийн талаарх маргаан биш тул энэ асуудлаар шүүх дүгнэлт хийх үндэслэлгүй.
14.Харин энэ хэргийн хувьд хариуцагчийн явуулсан ажиллагаа буюу баригдаж буй барилгыг битүүмжилж, хураасан ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хангах боломжгүй дараах нөхцөл тогтоогдож байна.
14.1.Эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх төлбөр төлөгч этгээд нь “Н, с” ХХК-ийн захирал Д.Г, “Г” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.О, түүнчлэн хувиараа хөдөлмөр эрхлэгч Д.Б нар байна.
Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолд дурдсанаас үзэхэд төлбөр төлөгч нар “Г” ХХК-ийн эзэмшлийн 1594 м.кв газарт барих “А” хорооллын барилга барих зөвшөөрөл аваагүй байхдаа уг нөхцөл байдлаа нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж зохиомол байдлыг бий болгож хохирогч нартай орон сууцны захиалгын гэрээ байгуулж мөнгийг авсан гэмт хэрэгт шийтгүүлсэн байх бөгөөд тухайн 40 хувийн гүйцэтгэлтэй барилгад хохирогч нарын мөнгөн хөрөнгө зориулагдсан гэж энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар тайлбарласан байна.
Түүнээс гадна нэхэмжлэгч Ж.Д нь төлбөр төлөгч Д.Г, Д.О нарын эх бөгөөд “Г” ХХК-д ажиллаж байсан, тухайн орон сууцны барилгын өмчлөх эрхийг тэрээр хүүхдүүдэд нь холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж байх явцад буюу 2021.06.21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх эдгээр нөхцөл байдлын улмаас хохирогч нарын зүгээс тухайн баригдаж буй орон сууцны барилгын бүртгэл хууль бусаар хийгдсэн эсэхэд маргаан гаргасан, зохих этгээд шалгаж байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, баригдаж буй барилгын улсын бүртгэл үнэн зөв эсэх, уг бүртгэлээр баталгаажсан өмчлөх эрхийн талаар маргаан байна.
14.2.Дээр дурдсан тохиолдолд, хэдийгээр шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудаст ...1594 м.кв газар болон бусад хөрөнгийг төлбөрт заасан боловч эдгээр хураагдсан хөрөнгө нь хохирогчдын төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүй бол хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч нарын өөрсдөд байгаа болон бусдын эзэмшилд байгаа хөрөнгийг олж тогтоож, улмаар тухайн хөрөнгөд ажиллагаа явуулах эрхийг хязгаарлахгүй юм. Иймээс маргааны зүйл болсон барилгыг нэгэнт битүүмжилж, хураасан энэ ажиллагааг хүчингүй болгох буюу энэ талаарх шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй.
15.Харин цаашид хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Ж.Д-ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа 40 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын бүртгэл өмчлөлийн асуудал нэг мөр шийдэгдээгүй үед төлбөр гаргуулах дараагийн ажиллагааг хийх боломжтой эсэхэд анхааралтай хандахыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/01016 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2023/01064 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.Д 2023.06.27-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН