Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2023/00194

 

Ө.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/01686 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01242 дугаар магадлалтай,

Ө.Г-ийн нэхэмжлэлтэй

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ө.Г-ийн гадаадад зорчих эрхийг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц-ийн гаргасан хяналтын гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Ө.Г нь анх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ** дугаар “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, гадаадад зорчих эрхийг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэлээс татгалзжээ. хариуцагч  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/01686 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 271 дүгээр зүйлийн 271.3.1-т зааснаар хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ** тогтоолыг хүчингүй болгож, гадаадад зорчих эрхийг сэргээхийг даалгах нэхэмжлэгч Ө.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01242 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/01686 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...59 дүгээр зүйлийн 59.1, 271 дүгээр зүйлийн 271.3.1-т... гэснийг ...44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт... гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...7.1.2-т... гэснийг ...7.1.4-т... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ө.Г-ийн нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож, гадаадад зорчих эрх сэргээлгэх тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 сарын 1-ний өдрийн 01686 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 сарын 23-ны өдрийн 2Ю/МА2023/01242 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч талаас хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

4.1.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 9 сарын 22-ны өдрийн 2888 дугаар тогтоолоор Ө.Г-ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Ө.Г нь төлбөр төлөгч А ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас 2022 оны 07 сарын 27-ны өдөр чөлөөлөгдсөн. Иймд төлбөр төлөгч хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш тул гадаадад зорчих эрхээ сэргээлгэхээр Ө.Г шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төлбөр төлөгч А ХХК-ийн хувьцааны 75 хувийг Т ХХК, 25 хувийг Л ХХК нь эзэмшдэг. Анхан шатны шүүхээс Ө.Г нь Л ХХК-ийн хувьцаа эзэмшигч тул төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж дүгнэсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 271 дүгээр зүйлийн 271.3.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.2.Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хууль хэрэглээний алдааг зассан. Ингэхдээ 2020.09.22-ны өдөр Ө.Г-ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоол нь үндэслэлтэй байх бөгөөд гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв гэж дүгнэжээ. Ийнхүү шийдвэрийн тогтоох хэсгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 271 дүгээр зүйлийн 271.3.1-т заасны дагуу гэснийг 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт гэж өөрчилсөн. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний зөрүүтэй байдал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлтэй байна.

4.3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд нэхэмжлэгч Ө.Г нь төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч тул төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж тайлбарласан атал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтанд гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг авахаар заасан байдаг. Ө.Г нь төлбөр төлөгч А ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч Л ХХК-ийн хувьцаа эзэмшигч юм. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т хувьцаа эзэмшигч нь зөвхөн өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээхээр заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигчид дээрх арга хэмжээг хэрэглэх үндэслэл байхгүй тул Ө.Г-ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн хэвээр байгаа нь хууль бус гэж үзэж байна. Мөн Ө.Г гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа Д.П-ыг гүйцэтгэх захирлаар томилсон бөгөөд Д.П-ын гадаадад зорчих эрхийг мөн түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан. Ө.Г-ийн хувьд одоо тухайн компанийн хувьд төлөөлөх эрх бүхий этгээд биш тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авах нөхцөл шалтгаан арилсан.

4.4.Давж заалдах шатны шүүхээс компанийн гүйцэтгэх удирдлага солигдсон нь гадаадад зорчих эрхийг сэргээх үндэслэл болохгүй гэж үзсэн. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасны дагуу компанийн төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах этгээд юм. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “...компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ” гэж заасан тул компанийн гүйцэтгэх удирдлагад ажиллаж байсан нь компанийн аливаа өр төлбөрийг хариуцах үндэслэл болохгүй. Гүйцэтгэх удирдлага солигдох үйл явдал нь компанийн хувьцаа эзэмшигчид болон Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээний асуудал юм. А ХХК-ийн тухайд 75 хувийн хувьцааг Т ХХК эзэмшдэг тул аливаа шийдвэр гаргах саналын эрх нь Т ХХК-д байдаг. Гэтэл энэ компанийн хувьцаа эзэмшигч хэн нэгний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй. Давж заалдах шатны шүүхийн үндэслэл болгосон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх заалт нь гомдол гаргах журмыг зохицуулсан зохицуулалт юм. Энэхүү хуулийн заалт нь тухайн маргааны хувьд хэргийг шийдвэрлэхэд үндэслэл бүхий дүгнэлт болохгүй. Иргэн Ө.Г нь төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд А ХХК-ийн удирдах албан тушаалтан биш тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан иргэний Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрх болох зорчих эрхийг хязгаарлуулах үндэслэл болохгүй.

4.5.Дээрхээс үзэхэд анхан шатны шүүх нь төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьд гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг хэрэглэхдээ хувьцаа эзэмшигчид хамаатуулан тайлбарласан. Давж заалдах шатны шүүх нь тус арга хэмжээг гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлж буй компанийн гүйцэтгэх удирдлагын хариуцлага болгон тайлбарлан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хэргийг шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 сарын 1-ний өдрийн 01686 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 сарын 23-ны өдрийн 210/МА2023/01242 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.4-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.10.06-ны өдрийн 001/ШХТ2023/01085 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч Ө.Г нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2020.09.22-ны өдрийн ** дугаар “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, гадаадад зорчих эрхийг сэргээхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга 2020.09.22-ны өдрийн ** дугаар тогтоолоор миний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн, уг ажиллагааны төлбөр төлөгч нь “А” ХХК байдаг бөгөөд тухайн үед тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, гэвч 2022 онд ТУЗ-ийн гишүүдийн хурлаар компанийн үйл ажиллагааг сэргээх, шинэ төсөл хэрэгжүүлэхээр болж, улмаар 2022.07.27-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр намайг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, Д.П томилогдсон. Миний бие төлбөр төлөгч компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш болсон тул гадаадад зорчих эрхээ сэргээлгэхээр Шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх албаны даргад хүсэлт гаргасан боловч шийдвэрийг хэвээр үлдээснээ мэдэгдсэн. Төлбөр төлөгч “А” ХХК-ийн хувьцааны 75 хувийг “Т” ХХК, 25 хувийг “Л” ХХК эзэмшдэг бөгөөд Ө.Г би “Л” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигч юм. Энэ үндэслэлээр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснийг хэвээр үлдээж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуульд зааснаар төлбөр төлөгч нь хуулийн этгээд бол удирдах албан тушаалтны эрхийг түдгэлзүүлэхээр заасан.” гэжээ.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх алба “...А” ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргийг биелүүлээгүйгээс тус компанийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч “Л” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Ө.Г-ийн гадаадад зорчих эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг үндэслэн түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба үндэслэлээ “...хариуцагч “А” ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Иймээс хуульд заасан төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг хязгаарлах үндэслэл үүссэнийг мэдэгдэж, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Ө.Г-ийн эрхийг түдгэлзүүлсэн, 2022.07.27-ны өдөр Д.П-ыг гүйцэтгэх захирлаар томилсон гэсэн боловч “Л” ХХК-ийн 100 хувийн хувьцааг Ө.Г эзэмшдэг, тус компани нь төлбөр төлөгч “А” ХХК-ийн хувьцааны 25 хувийг эзэмшдэг тул төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй, бүрэн эрхийн хүрээнд тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 271 дүгээр зүйлийн 271.3.1-т заасныг зөрчөөгүй” гэжээ.

Давж заалдах шатны шүүх “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц уг эрхийг сэргээх зохицуулалтгүй байна. Хариуцагч байгууллагын 2020.09.22-ны өдрийн тогтоолоор Ө.Г-ийн гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн, төлбөр төлөгч компанийн гүйцэтгэх удирдлага солигдсон нь гадаадад зорчих эрхийг сэргээх үндэслэл болохгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй. Нэхэмжлэгч Ө.Г нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах шаардлагатай арга хэмжээ авсны үндсэн дээр гадаадад зорчих эрхээ түр сэргээлгэх боломжтой. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч маргаанд хамаарах эрх зүйн зохицуулалтыг хэрэглээгүйг  залруулах боломжтой” гэж шийдвэрт хууль хэрэглэх асуудлаар өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

9.Дээр дурдсанаар анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлийн талаар адил дүгнэлт хийсэн байх боловч хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан, шүүхүүд нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, улмаар зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл, шүүхийн хэрэглэсэн хууль цаашид хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байж болох агуулгатай гэсэн гомдлын хүрээнд дараах дүгнэлтийг хийв.

10.Төлбөр төлөгч “А” ХХК-аас 218,448,514 төгрөг гаргуулж “А” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013.05.28-ны өдрийн 1274 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж байгаа, уг шийдвэрт заасан төлбөрөөс 109,321,498 төгрөгөөс бусад төлбөр төлөгдөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч компанийн гүйцэтгэх захирал Ө.Г-ийн гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэгчээс гаргасан саналыг үндэслэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга 2020.09.22-ны өдөр ** дугаар тогтоол гаргаж түдгэлзүүлсэн үйл баримт тогтоогдсоныг хоёр шатны шүүх хэргийн баримтад үндэслэн дүгнэжээ.

11.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй,...эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө  нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй бол төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж болохыг, мөн зүйлийн 59.2-т... төлбөр төлөгч нь хуулийн этгээд бол удирдах албан тушаалтанд мэдэгдэн уг ажиллагааг явуулж болохоор заасан байна.

12.Төлбөр төлөгч “А” ХХК төлбөр төлөөгүйгээс тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох гүйцэтгэх захирал Ө.Г-ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн, улмаар шаардлагатай үед түүний гаргасан хүсэлтийг үндэслэн сэргээж байсан үйл баримтын талаар зохигч маргаагүй.

Дээрхээс үзэхэд тухайн үеийн нөхцөл байдалд тохируулан авсан дээрх арга хэмжээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу явагдсан, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

13.Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх арга хэмжээг өөрчлөх үндэслэл бий болсон атал анхан болон давж заалдах шатны шүүх Ө.Г-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

13.1.Хэргийн баримтаас үзэхэд Ө.Г нь төлбөр төлөгч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас хувь нийлүүлэгчдийн хурлын 2022.07.27-ны өдрийн шийдвэрээр чөлөөлөгдөж, улмаар тус компанийн гүйцэтгэх захирлаар Д.П томилогдож, 2022.09.30-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ.

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5-д зааснаас үзэхэд хуулийн этгээд нь удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцох, удирдах байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно.

Компанийн хувьд Компанийн тухай хуульд зааснаар эрх барих дээд байгууллага нь хувь нийлүүлэгчийн хурал ба харин томилогдсон гүйцэтгэх захирал нь компанийг төлөөлж иргэний эрх зүйн харилцаанд оролцох ба үүнээс дүгнэвэл төлбөр төлөгч “А” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд Д.П болсон байна. Ийм ч утгаар хариуцагч байгууллага “А” ХХК-аас төлбөр гаргуулах энэхүү ажиллагааны явцад тус компанийн гүйцэтгэх захирал Д.П-ын гадаадад зорчих эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар түдгэлзүүлсэн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон.

13.2.Нэхэмжлэгч Ө.Г-ийн  гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг “А” ХХК 2023.01.04-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт, Ө.Г нь 2023.02.13-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус гаргасан,  тухайн байгууллагууд хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн нь хэргийн баримтад авагдсан байна. Иймд нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө эрх бүхий этгээдэд хандсан гэж үзнэ.

13.3.Нэхэмжлэгч Ө.Г-ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгохгүй шалтгаанаа хариуцагч “төлбөр төлөгч “А” ХХК-ийн хувьцааны 75 хувийг “Т” ХХК, 25 хувийг “Л” ХХК тус тус  эзэмшдэг, Ө.Г нь “Л” ХХК-ийн хувьцаа эзэмшигч тул төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж тайлбарлажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 18-д Монгол Улсын иргэн ...гадаадад явах, оршин суух эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах....эрхийг хуулиар хязгаарлаж болно гэж заасан тул гадаадад зорчих эрх нь Үндсэн хуулиар баталгаажсан эрх байх бөгөөд уг эрхийг хязгаарлах нь туйлын тодорхой, тэнцвэртэй байх, өөрөөр хэлбэл, гагцхүү хуульд заасан үндэслэл журмын дагуу байх нь зохистой.

“А” ХХК-ийн хувьцааг хуулийн этгээд буюу “Т” ХХК болон “Л” ХХК-ууд эзэмшдэг, харин Ө.Г нь “Л” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд төлбөр гаргуулах ажиллагаанд компанийн хувьцаа эзэмшигчийн эрхэд халдах цорын ганц тохиолдол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.5, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар хязгаарлагддаг атал шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгч “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч хуулийн этгээдийн биш, шууд бус хувьцаа эзэмшигч этгээд болох “Л” ХХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн Ө.Г-ийн гадаадад зорчих  эрхийг хязгаарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

14.Иймд Ө.Г-ийн нэхэмжлэлийг хангаж, түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгож сэргээж, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01242 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/01686 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Ө.Г-ийн нэхэмжлэлийг хангаж, тус газрын “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ө.Г-ийн гадаадад зорчих эрхийг сэргээхийг даалгасугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “хэвээр үлдээсүгэй” гэснийг “хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ө.Г 2023.06.27-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА             

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ                                      

ШҮҮГЧИД                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                                                                             Д.ЦОЛМОН