| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 106/2020/0380/Э |
| Дугаар | 907 |
| Огноо | 2020-07-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 907
П.Мт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Баярсайхан,
шүүгдэгч П.Мын өмгөөлөгч Ж.Нарантуяа,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/923 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Ариунцэцэгийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 56 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн П.Мт холбогдох эрүүгийн 1806089911004 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
/;
П.М нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жулиа” төвийн гадна 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Алтанхуягтай маргалдан улмаар түүний нүүр, цээж хэсэгт нь гар болон хөлөөрөө цохиж, өшиглөж баруун хоншоор ясны духны сэртэнгийн хугарал, баруун хоншоорын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн дотор болон доод ханы цөмөрсөн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зовхинд шарх, баруун нүдний алим, зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн 5 дугаар хавирганы зөрөөгүй хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас:
П.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
П.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэл буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хохирол төлбөрт 1.350.000 төгрөг нөхөн төлсөн ба хохирогчид цаашид 3.650.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдаж, П.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Прокурор М.Ариунцэцэг бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...Хяналтын прокурор М.Үүрийнтуяа нь 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө П.Мыг дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолохоор зохицуулсан байна.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий 1.10 дугаар зүйлд, 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж, 4 дүгээр зүйлд “энэ хуулийг Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэгт эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа хамаарахаас гадна тухайн шүүхийн шийдвэрт гомдол гаргаснаар хуулийн хүчин төгөлдөр болоогүй гэж ойлгохоор байна.
Иймд шүүгдэгч П.Мын гэмт үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэл буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 923 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулан, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор О.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 923 дугаартай шийтгэх тогтоол хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж өгнө үү. ...” гэв.
Өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 923 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй тул прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн гэж үзэж байна. Уг гэмт хэрэг нь 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр үйлдэгдсэн. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон. Иймд анхан шатны шүүх үндэслэлээ зөв тайлбарлаж дүгнэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж заасан ба Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий 1.10 дугаар зүйлд, 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй.” гэж, 4 дүгээр зүйлд “энэ хуулийг Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж заасан бөгөөд П.М нь 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр гэмт хэрэгт холбогдож, прокуророос 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар татсан /хх 73-74/ байх тул П.Мт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс хойш тоолохгүй байх нь хуульд нийцэхээр байх тул анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч П.Мын үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
Иймд дээрхи үндэслэлээр бичсэн прокурор М.Ариунцэцэгийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 56 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/923 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Мт холбогдох 1806089911004 дугаартай эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч П.Мт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ