Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2023/00196

 

Х.А, С.Мс, С.Мж

    нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, М.Пүрэвсүрэн, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/01859 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2023/01145 дугаар магадлалтай,

Х.А, С.Мс, С.Мж нарын нэхэмжлэлтэй

Ш.А-д холбогдох

Өв залгамжлалын ... дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгч Х.А, түүний өмгөөлөгч Б.Б, Э.Б нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.А, түүний өмгөөлөгч Б.Б, Э.Б, нэхэмжлэгч С.Мс, С.Мж нарын өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Ж, Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Х.А, С.Мс, С.Мж нар нь Ш.А-д холбогдуулан өв залгамжлалын 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/01859 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Ж-д 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ... дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон Нийслэлийн тойргийн нотариатч Ш.А-н нотариатын үйлдлийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.А-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.А-с 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.А-д олгохоор шийдвэрлэжээ. 

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2023/01145 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/01859 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Х.А, С.Мс, С.Мж нарын нэхэмжлэлтэй, өв залгамжлалын ... дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай Ш.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Т-с давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч Х.А хяналтын гомдолдоо: 1.Нэхэмжлэгч Х.А би Монгол улсад Нотариатын үйлдэл хийлгэхэд “Давль стандарт” үйлчилж байна гэж үзэж байна. Учир нь, би өвлөх эрхийн гэрчилгээ авахаар 2 хүүхдээ төлөөлөөд хуульд заасан хугацаанд нь нэр бүхий 3 нотариатчид хандахад тэдний аль ч надаас та гурваас өөр өвлөгч бий юу гэж асуусан. Би нөхрийн гэр бүлээс гадуур гаргасан 1 охин байгаа гэхээр тэр охинтой хамт ир эсхүл түүнтэй тохиролцоод гэрээ хийгээд ир, та нар өвийн асуудлаар маргаантай байгаа юм байна, Нотариатын танхимаас анхааруулга ирсэн гээд нотариатын үйлдэл хийж өгөөгүй. Нэг талаас С.Ж, түүний эх И.Т нөгөө талаас Ц.Сын хууль ёсны эхнэр Х.А би, Ц.Сын хүү С.Мж, охин С.Мс нар нь Ц.С гэдэг ганц л хүний үлдээсэн хөрөнгө, хөрөнгийн эрхийг өвлөх гэж байгаа болохоор С.Ж болон түүний эх И.Т-д ч дээрх шаардлагыг нотариатч нар тавьж байгаа, тэд надтай тохиролцоно гэж итгэж, тэднийг би хүлээсэн. Харамсалтай нь нотариатч нарын надад тавьсан шаардлагыг нотариатч Ш.А нь С.Ж, түүний эх И.Т-д тавиагүй, нөхрийн минь үлдээсэн бүх хөрөнгийг тэдэнд өвлүүлсэн тул нотариатын үйлдэл хийлгэхэд “Давль стандарт” үйлчилж байна гэж үзэж байна.

...2. ...гуравдагч этгээд С.Ж охины ээж И.Т нь Ц.Сыг нас барсны дараа хамтын амьдралтай байсан гэж шүүхээр тогтоолгосон. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулиар Монгол улсын иргэн нэг нөхөртэй байх, нэг эхнэртэй байх хуультай юм билээ. Гэтэл хууль ёсны гэрлэлттэй, гэрлэлтээ цуцлуулаагүй, нэг хаягт амьдарч байгаа бүртгэлтэй хүнийг өөр бусадтай хамтын амьдралтай гэж тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байгаа. Уг шийдвэрт Ц.С нь Х.Аээс хууль ёсны гэрлэлтээ цуцлуулаагүй болохыг дурдсан байдаг. И.Т нь энэ шийдвэрээр С.Жгийн хууль ёсны төлөөлөгч гэж нотариатад хандсан байдаг. Нотариатын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Нотариатын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан. ...Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.1-д “Өвлүүлэгчийн эхнэр/нөхөр болох тухай гэрлэлтийн гэрчилгээ эсхүл гэрлэлт бүртгэлийн лавлагаа”-г үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэснийг нотариатч Ш.А зөрчсөн. Зааврыг мөрдөж ажиллах үүргээ зохих ёсоор гүйцэтгэж өвлүүлэгч Ц.Сын гэрлэлтийн гэрчилгээ, гэрлэлт бүртгэсэн лавлагааг гаргуулсан бол өвлөгч Х.А миний өвлөх эрх зөрчигдөхгүй байсан. Зааврын 8.2.2-т “Төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд болох тухай төрсний болон үрчлэлтийн гэрчилгээ эсхүл төрөлт, үрчлэлт бүртгэсэн архивын лавлагаа”-г үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж заасан. Энэ заалтын дагуу өвлүүлэгч Ц.Сын төрсөн болон үрчилсэн хүүхдийн талаарх лавлагааг авсан бол охин С.Мс, хүү С.Мж нарын өвлөх эрх ноцтой зөрчигдөхгүй байсан. С.Жгийн ээж И.Т нь МНТд хандан талийгаачийн эхнэр, хүүхдүүдтэй нь өвлөгдөх эд хөрөнгийн талаар маргаантай байгаа тухай, нийт хөрөнгийг жагсаагаад эд хөрөнгийн талаар шүүхээс эцсийн шийдвэр гартал өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй байх талаар арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэлт гаргаж, миний болон хүүхдүүдийн минь өвлөх эрхийн гэрчилгээ авах эрхийг хаачхаад өөрөө өвлөх эрхийн гэрчилгээ авах болохоор бусад өвлөгч нарыг нуун дарагдуулж, нотариатын үйлдэл хийлгүүлсэн. Анхан шатны шүүх энэ үйл баримтын талаар авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэл өөр байхад энэ талаар авагдсан баримтад дүгнэлт хийхийн оронд гэрчилгээг хүчингүй болгуулах гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар авагдсан үйл баримтыг дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж хэт өрөөсгөл дүгнэлт хийсэн. Нотариатын үйлдэл хийсэн нотариатч Ш.А нь Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-д “Нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх” чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан үүргийн дагуу хууль ёсны бусад өвлөгч нарын өвлөхөөс татгалзсан эсэхийг заавал тодруулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс талууд өнөөдрийг хүртэл маргаж байна.

3. Нэхэмжлэгч Х.А миний бие нөхрөө гэрээслэл үлдээсэн болов уу гээд МНТаас лавлагаа авсан. Эд хөрөнгийн талаар Улсын бүртгэлийн газраас лавлагаа авсан. Өвлөх эрхийн талаар И.Ттой уулзаж ярилцсан тохиролцоонд хүрээгүй салсан. И.Тын Ц.Стай хамтын амьдралтай байснаа тогтоолгосон шийдвэрт Ц.С, Х.А нар нь 1974 онд гэр бүл болоод 1976 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас охин С.Мс, хүү С.Мж нар төрсөн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн тул Ц.Ст хууль ёсны 4 өв залгамжлагч байна гэдэг нь хэнд ч тодорхой байхад нотариатч нотариатын үйлдэл хийлгэхээр үйлчилгээ авч байгаа этгээдийн хувийн байдлын талаар дээрх нөхцөл байдлыг өөрийн өдөр тутамдаа хэрэгжүүлэх ёстой үйлдэл хийх заавраа зөрчин, өвлөгч С.Жгаас бусад хууль ёсны өвлөгчийн эрхийг зөрчиж, нотариатын үйлдэл хийснийг анхан шатны шүүх хүчингүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хууль ёсны байх шаардлагад нийцсэн шударга шийдвэр болсон. Харин давж заалдах шатны шүүх өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай шаардлагаас тусдаа ойлголт, маргааны зүйл гэж үзэхгүй нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж дүгнээд хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.06.09-ний өдрийн 210/МА2023/01145 дугаар бүхий магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

4.1.Нэхэмжлэгч Х.Аийн өмгөөлөгч Б.Б хяналтын гомдолдоо: ...1. А.Өв залгамжлалын ... дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн хувьд өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэргээс маргааны зүйл нь өөрөөр хянагдах юм. Учир нь гуравдагч этгээдийн төлөөлөгч И.Т нь 2020 оны 2020.07.28-ны өдөр МНТд өвлөгдөх хөрөнгийн талаар талийгаачийн эхнэр Х.А, охин С.Мс нартай маргаантай байгаа тул шүүхийн шийдвэр гартал дараах үндсэн хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байхыг хүсье гээд 6 ширхэг үл хөдлөх хөрөнгийг хаяг байршил, хэний өмчлөлийнх болохыг тоочиж, 1 суудлын автомашин, банк дахь хадгаламжийн талаар дурдаж, МНТд хүсэлт гаргасан. МНТ хүсэлтийг хүлээж аваад нотариатч нарт маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл өв залгамжлалын гэрчилгээ олгохгүй байхыг анхааруулж цахим шуудангаар бүх нотариатч нарт анхааруулга хүргүүлсэн байна. Энэ анхааруулга гуравдагч этгээд болон хариуцагч нарын өмнө нь шийдвэрлэгдсэн гэж дурдаад байгаа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.20-ны өдрийн 101/ШШ2021/04301 тоот шийдвэртээ хэрэгт хэлэлцээгүй үйл баримт ба шүүх дүгнэлт хийгээгүй болно.

Б.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.20-ны өдрийн 101/ШШ2021/04301 тоот шийдвэрт нэхэмжлэгч нар нь өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргаж байгаагүй нь МНТын лавлагаагаар тогтоогдсон гэж дүгнээд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар өвлөгч нар өвлөх эрхээс татгалзсан гэж дүгнэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч Х.А нь бусад нэхэмжлэгчийг /өвлөгч/ төлөөлөөд нотариатад хандахад анхааруулга ирсэн гээд нотариатын үйлдэл хийхээс татгалзсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг, энэ тайлбар нь МНТ-н нийт нотариатч нарт илгээсэн анхааруулгын агуулгаар нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч Х.А нь МНТ-с 2020.09.18-ны өдрийн 551 тоот албан бичгээр гаргуулсан гэрээслэлийн талаар авсан лавлагаа, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2020.07.08-ны өдөр Ц.Сын өмчлөлийн эд хөрөнгийн талаар гаргуулсан лавлагаа, өвлөх эрхийн талаар И.Ттой уулзаж ярилцсан тохиролцоонд хүрээгүй салсан байдал зэрэг үйл баримт нь нэхэмжлэгч нар өвлөхөөс татгалзсан гэж үзэх боломжгүй байна.

В.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.20-ны өдрийн 101/ШШ2021/04301 тоот шийдвэрт нотариатч нь Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.13-т заасан ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн гэж дүгнэсэн боловч 8.2-т заасан бүхий л ажиллагааг хийсэн эсэх талаар дүгнээгүй тул маргаж буй асуудлаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэх байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Энэ үйл баримтад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй.

Г.Нотариатч Ш.А буюу хариуцагч нь Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.1-д “Өвлүүлэгчийн эхнэр/нөхөр болох тухай гэрлэлтийн гэрчилгээ эсхүл гэрлэлт бүртгэлийн лавлагаа”-г үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэснийг зөрчиж, зааварт заасан лавлагааг аваагүйгээс өвлөгч Х.Аийн өвлөх эрхийг ноцтой зөрчсөн. Уг зааврын 8.2.2-т “Төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд болох тухай төрсний болон үрчлэлтийн гэрчилгээ эсхүл төрөлт, үрчлэлт бүртгэсэн архивын лавлагаа”-г үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж заасан байхад энэ лавлагааг гаргуулаагүйгээс өвлүүлэгч Ц.Сын охин С.Мс, хүү С.Мж нарын өвлөх эрх ноцтой зөрчсөн байгаад анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй.

Д.Нотариатч Ш.Агийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон 041 тоот Х дахь ... дансны хамтран эзэмшигч нь С.Мс, ... нутагт байх хувийн сууцанд, ... орон сууц, ... тоот ... м.кв талбайтай гражийн хамтран өмчлөгч нь С.Мс байхад нотариатч хуульч хүн атлаа Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчиж, өмчлөгч нарын хуваарьт хөрөнгө үү, хамтран өмчлөх дундын хөрөнгө үү гэдгийг шалгаж тогтоогоогүй. Анхан шатны шүүх энэ үйл баримтын талаар авагдсан нотлох баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэл авагдсан нотлох баримтууд дээр дурдсан байдлаар өөр байхад энэ талаар авагдсан баримтад дүгнэлт хийхийн оронд гэрчилгээг хүчингүй болгуулах гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нь тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар авагдсан үйл баримтыг дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж хэт өрөөсгөл дүгнэлт хийсэн. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.06.09-ний өдрийн 210/МА2023/01145 дугаар бүхий магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

4.2.Нэхэмжлэгч Х.А-н өмгөөлөгч Э.Б хяналтын гомдолдоо: ...1.Давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсэгт нэхэмжлэгч Х.А, С.Мс, С.Мж нарын маргаан бүхий 7 өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэний хэргийг 2 шатны шүүхийн шийдвэр болох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.20-ны өдрийн 4301 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.22-ны өдрийн 548 дугаартай магадлалыг тус тус иш татан “...Х.А нь Нотариатын тухай хуулийн 30,31 дүгээр зүйлд зааснаар нотариатын үйлдлийг хийхийг хойшлуулах, түдгэлзүүлэх, нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл хэрэгт цугласан нотлох баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэсэн хэсгийг дурдан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль хэрэглээний болон маргаан бүхий үйл баримтын талаар илт буруу дүгнэлт хийжээ.

2.Иргэний хуулийн 53-р бүлэг буюу “өвлөх” харилцааг зохицуулсан 515, 538 дугаар зүйл, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлүүдэд аливаа нотариатын өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдлийг гүйцэтгэхдээ үндсэн 3 нөхцөлийг зайлшгүй шалгаж тодруулах үүргийг дурдсан байна. Хууль ёсны өвлөгчийг зөв тодорхойлох, нас барагчийн өвлөгдсөн хөрөнгийг зөв тодорхойлох, хуульд заасан өв нээгдэх, өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзах, өвлөх эрхийн гэрчилгээ олгохтой холбоотой хугацааны зохицуулалтыг баримтлах.

...3.Давж заалдах шатны шүүхийн 1145 дугаартай магадлалд дурдсан “өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий хэргийг шийдвэрлэсэн 2 шатны шүүхийн шийдвэрт дээрх 3 үндсэн нөхцөлийн 2 нөхцөл болох хууль ёсны өвлөгчийг зөв тодорхойлсон эсэх, хууль ёсны өвлөгчид хуульд заасан журмын дагуу, хугацааны дотор өвлөх эрхийн гэрчилгээ бичүүлэх хүсэлт гаргасан эсэх үйл баримт, холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Харин өвлүүлэгч Ц.Сын өвлөгдөх эд хөрөнгийг зөв тодорхойлсон эсэх талаарх нотариатын үйлдлийн талаар дүгнэлт хийсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй болно.

...4.Нэхэмжлэгч болон өмгөөлөгчийн зүгээс нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл, түүний үндэслэлийг тодорхойлохдоо өвлүүлэгч Ц.С түүний гэрлэлтийн гэрчилгээ бүхий хууль ёсны эхнэр Х.А мөн болох талаар хариуцагч нотариатч Ш.А бүрэн мэдэж байсан атлаа өвлүүлэгчийн хууль ёсны өвлөгдөх эд хөрөнгө, түүний хувь хэмжээний талаар тодорхой болгох хуульд заасан арга хэмжээг аваагүй талаар тодорхой дурдсан бөгөөд анхан шатны шүүхээс ч дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

...6.Дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэл, анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтэд дурдсан үйл баримтын талаар дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн ямарваа нэгэн шийдвэр байхгүй бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй болно.

7.Нэхэмжлэгч Х.А-н шүүхэд гаргасан нэхэмжлэл, уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт заасан дээрх дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг дараах байдлаар дахин тодруулах нь зүйтэй байна.

...8.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараах хөрөнгө хамаарна” 126.2.5-д “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” гэж заажээ. Хуулийн уг зохицуулалтаас үзвэл гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө нь гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан дундын өмчлөлийн хөрөнгө байхаар зохицуулсан байх бөгөөд дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Х.А нь өвлүүлэгч Ц.Сын хууль ёсны гэрлэлтийн гэрчилгээ бүхий эхнэрийн хувьд маргаан бүхий 7 өвлөх эрхийн гэрчилгээгээр олгогдсон үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь тодорхой байна.

9.Гэтэл хариуцагч Ш.А нь дээрх нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй буюу гуравдагч этгээдийн өвлөх эрхийн гэрчилгээ бичүүлэх хүсэлтэд дурдсан 7 хөрөнгийг өвлүүлэгч Ц.Сын хуваарьт хөрөнгө мөн эсэх талаар огт ажиллагаа явуулаагүй, дээрх хөрөнгүүдийн өмчлөгчөөр Ц.С хэзээ бүртгэгдсэн, хууль ёсны эхнэр Х.А, түүний өмчлөх эрх зөрчигдөж байгаа эсэх талаар шалгах ажиллагаа хийгээгүй нь нотариатын үйлдлийг хүчингүй болгох эргэлзээгүй үндэслэл болж байна.

...11. ...давж заалдах шатны шүүхийн харилцан өөр шаардлага, үйл баримт, үр дагавар бүхий нэхэмжлэлд үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нар тэр дундаас нэхэмжлэгч Х.А-н хууль ёсны өмчлөх эрхээ хамгаалуулах эрхэд ноцтой халдаж байна. Давж заалдах шатны шүүхийн 1145 дугаар магадлал хүчин төгөлдөр хэвээр үлдсэн тохиолдолд аливаа нотариат өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг хүлээн авч үйлдэл хийхдээ өвлүүлэгчийн өвлөгдсөн эд хөрөнгийг тодорхойлох ажиллагаа гэрчилгээнд бичигдсэн мэдээллээр хязгаарлагдах хууль хэрэглээний буруу жишиг тогтох эрсдэлтэй тул Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдээс уг гомдлыг хүлээн авч хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгын хүрээнд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү. Дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.06.09-ний өдрийн 1145 дугаартай магадлал нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй, нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, маргааны үйл баримтын талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.12-ны өдрийн 1589 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

5.Хариуцагч нь нэхэмжлэгч Х.А болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Х.А, түүний өмгөөлөгч Б.Б, Э.Б нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.10.05-ны өдрийн 001/ШХТ2023/01067 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7.Нэхэмжлэгч Х.А, С.Мс, С.Мж нар нь 2021.07.27-ны өдрийн ... дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч Ш.А-н үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааварт зааснаар өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо шаардлагатай баримтыг бүрэн шалгасан, хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Ж нь нотариатын үйлдэл хууль, зааварт нийцэж хийгдсэн бөгөөд энэ маргааны талаар өмнө нь шүүх шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр гэж маргасан байна.

8.Анхан шатны шүүх нотариатын үйлдлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай холбоотой үйл баримтыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 12.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх үндэслэл болсон.

9.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.20-ны өдрийн 101/ШШ2021/04301 дугаар шийдвэрээр С.Ж, Ш.А нарт холбогдох, Ц.Сын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, 2021.07.27-ны өдөр С.Жд олгосон өв залгамжлалын ... дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.А, С.Мс, С.Мж нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.23-ны өдрийн 548 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022.05.27-ны өдрийн 001/ШХТ2022/00553 дугаар тогтоолоор нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 115-124,125/

Дээрх шийдвэрээр Х.А, С.Мс, С.Мж нарын С.Ж, Ш.А нарт холбогдох “өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...Ш.А нь Нотариатын тухай хуулийн 30, 31 дүгээр зүйлд зааснаар нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах, түдгэлзүүлэх, нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй...” гэж дүгнэсэн, талуудын хооронд үүссэн маргаантай холбоотой үйл баримтыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзжээ.

10.Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан “...нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа...” гэх нөхцөл нь хэдийгээр хэргийн зохигч адил байсан хэдий ч маргааны үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон, тийм учраас энэ харилцан хамаарлын хүрээнд шийдвэр гарч, уг шийдвэр нь хүчин төгөлдөр болохыг ойлгох бөгөөд давж заалдах шатны шүүх үйл баримтыг анхаарсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэж чадаагүй нь үндэслэл бүхий болсонгүй.

Тухайлбал, анхан шатны шүүхийн “...өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл нь хууль зүйн хувьд өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай шаардлагаас тусдаа ойлголт бөгөөд маргааны зүйл нь өөр...” гэсэн дүгнэлт хуульд нийцсэн гэж үзнэ.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өмнө нь шийдвэрлэгдсэн “өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага нь нэхэмжлэгч нар өөрсдийгөө өвлөх эрх бүхий этгээдүүд гэж үзсэн үндэслэлд тулгуурласан бөгөөд шүүх энэ хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлэсэн. Харин энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох “нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах”, түүний үндэслэл болох “...нотариатч өвлөх эрхтэй этгээдүүдийг бүрэн тогтоогоогүй, өвийн зүйл нь дан ганц өвлүүлэгчийн биш зарим хөрөнгө нь нэхэмжлэгч нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхад өвлөгдөх хөрөнгийг анхаараагүй, гэр бүлийн гишүүд болон хамтран амьдрагч нарын хооронд эд хөрөнгийн маргаан байсныг мэдэж байсан атлаа шалгаагүй, нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл тогтоогдсоор байхад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн...” талаар шүүх шийдвэрлээгүй, энэ талаарх дүгнэлт шүүхийн шийдвэрт ч байхгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасан бүрэн эрхийн дагуу хянаагүй, хэргийг хэрэгсэхгүй болгосныг хяналтын шатны шүүхээс залруулах боломжгүй тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2023/01145 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч С.Мс-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70,200+70,200 нийт 140,400 төгрөг, нэхэмжлэгч Х.А-с 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                    ШҮҮГЧИД                                                    Н.БАЯРМАА

                                                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                                             М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                              Д.ЦОЛМОН