Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01145

 

А.А , Б.Б , В.В нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/01859 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А.А ,

Нэхэмжлэгч: Б.Б ,

Нэхэмжлэгч: В.В ,

Хариуцагч: Г.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Өв залгамжлалын 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А , түүний өмгөөлөгч Б.Баярмаа, нэхэмжлэгч Б.Б , В.В нарын өмгөөлөгч Ц.Монгол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Т , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Жанчивдорж, Ц.Жавхлантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 А.А нь Д.Д тай 1974 онд гэр бүл болж. 30 гаруй жил хамт амьдарсан бөгөөд дундаасаа 2 хүүхэдтэй. Д.Д нь И.Т той харилцаатай болж С.Ж гэдэг охинтой болсон.

Д.Д нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нас барсан. Ковид-19 цар тахлын улмаас би өөрийн болон охин Б.Б гийн хүсэлт, хүү В.В ын АНУ-аас ирүүлсэн өв нээлгэх хүсэлтийг нотариатад өгөх боломжгүй болсон. И.Т нь энэ хугацаанд хамтран амьдрагч байсан гэдгийг шүүхээр тогтоолгож, бүх хөрөнгийг өөртөө авсан. Нотариатад хүсэлтээ бичгээр өгөх гэтэл Шүүхэд хандах ёстой гэж өмгөөлөгч хэлсэн ба тэрээр хүсэлтийг нотариатад өгүүлээгүй. Гэтэл Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Г нь И.Т ын хүсэлтийн дагуу С.Ж д хууль бусаар бүх эд хөрөнгийг өвлүүлэн өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдлүүд хийсэн.

1.2 Д.Д ын эд хөрөнгө нь ганцхан Д.Д ын өмчлөлийн эд хөрөнгө бус бидний гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө байсан. Мөн түүний үлдээсэн хөрөнгө нь түүний хүүхдүүдэд өвлөгдөх ёстой байтал ганцхан С.Ж д өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор хийсэн нотариатын үйлдэл нь илтэд хууль бус.

Нотариатч Г.Г нь Д.Д болон А.А нар нь хууль ёсны баталгаатай гэр бүл гэдгийг шүүхийн шийдвэрт заасныг мэдсэн, гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн хөрөнгө, түүнийг өмчлөх, эзэмших эрх түүнтэй холбоотой эрх зүйн харилцаа А.А , Б.Б , В.В нарын хувьд дуусгавар болоогүйг мэдсээр байж, хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийсэн. X.Алтанцэцэг, охин Б.Б , хүү В.В нар нь хууль ёсны өв залгамжлагч бөгөөд хууль ёсны баталгаатай гэр бүл тул өвлөгчид гэж үзнэ.

1.3 Д.Д нь хүнд өвчнөөр нас барах хүртлээ хууль ёсны гэр бүлийнхнийхээ асрамжид байсан. Охин Б.Б нь хууль ёсны асран хамгаалагчаар тогтоогдсон байсан. Иймд нэхэмжлэгчдийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх үндэслэлгүй. Харин өв хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байхад зөвхөн нэг өв залгамжлагчид нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийсэн нь үндэслэлгүй.

Нотариатч Г.Г нь нотариатын үйлдэл хийхээс өмнө И.Т ын гаргаж өгсөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/03048 дугаар шийдвэрт Д.Д , А.А нар нь хууль ёсны гэр бүл гэдгийг тодорхой заасан, энэ нь түүний хийх нотариатын үйлдэл үл маргах шинжтэй болох үйлдэл биш гэдгийг мэдэх ёстой байсан ч өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийсэн нь хууль зөрчсөн, хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй.

Нотариатч нь маргаан бүхий өв залгамжлах эрхийн гэрчилгээнүүдийг олгохдоо Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасан эрх, үүргээ биелүүлээгүй байна. Тэрээр Улсын бүртгэлийн байгууллагаас гэрлэлтийн талаар, хууль ёсны гэр бүлийн лавлагаа авах, хүүхэдтэй эсэхийг нь лавлах эрх, үүрэгтэй байсан. Мөн хуулийн 21.3.3-д заасныг зөрчиж өв залгамжлах эрхийн гэрчилгээнүүд олгосон.

1.4 И.Т нь өв хүлээн авах хүсэлтийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр буюу амралтын өдөр гаргаж, хариуцагч Г.Г нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр буюу хүсэлт өгснөөс ажлын нэг өдрийн дотор өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь шалгах ёстой шалгалт, хяналт хийгээгүй, өвлөгдөх эд хөрөнгийн үнэлгээг хийлгээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхээр байна. Тэрээр өвлөгдөх хөрөнгийн хамтран өмчлөгчдөд мэдэгдээгүй, үнийн санал аваагүй, өвлөгдөх хөрөнгийн үнэлгээ хийхгүйгээр үнийг санаатайгаар өсгөж, үндэслэлгүйгээр их хэмжээний хураамж авсан нь нотариатын үйлдлийг хүчингүй болгох бас нэг үндэслэл мөн гэж үзэхээр байна.

Иймд Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Г н Өв залгамжлалын 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-г олгосон нотариатын үйлдэл-ийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу С.Ж д Өвлөх эрхийн 36, 37, 38, 40, 41, 42 дугаар гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл нь дээрх хуульд заасан нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй. Түүнчлэн, өмнө нь дээрх нотариатын үйлдэл буюу өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой нэхэмжлэгч нар нь И.Т , С.Ж , Г.Г нарт холбогдуулан А.А , Б.Б , В.В нарыг Д.Д ын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр С.Ж д олгосон Өв залгамжлалын 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ тус бүрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/04301 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 548 дугаар магадлалаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээр дурдсан анхан шатны шүүхийн 101/ШШ2021/04301 дугаар шийдвэрт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэлтэй холбоотой ...Г.Г нь хууль, зааварт нийцүүлэн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч С.Ж гийн асран хамгаалагч хариуцагч И.Т од олгосон 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, тус гэрчилгээнүүдийг олгохын тулд зохих баримт, мэдээллийг шалган үзсэн нь бусад баримтуудаар тогтоогдож байна. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй, мөн хуулийн 30, 31 дүгээр зүйлд зааснаар нотариатын үйлдлийг хийхийг хойшлуулах, түдгэлзүүлэх, нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн болно. Нэхэмжлэгч нар нь дээр дурдсан шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 001/ШХТ2022/00553 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тул шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

2.2 Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу өвлүүлэгч Д.Д ыг нас барах хүртэл И.Т болон С.Ж нар нь түүнтэй хамт амьдарч байсан болох нь Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын оршин суугаа газрын тодорхойлолт зэргээр тогтоогдсон. Харин Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэгч нар нь өв хүлээн авах тухай хүсэлт гаргаагүй болох нь Монголын нотариатчдын танхимын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2833 дугаар албан бичгээр тодорхой болсон.

2.3 Д.Д ын төрсөн охин С.Ж нь өв нээгдсэн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 1 жилийн дотор буюу 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Г надад хүсэлт гаргасан ба ийнхүү өв нээгдсэнээс хойш 1 жил өнгөрөхөд өөр бусад этгээдээс өв хүлээн авах тухай хүсэлт гаргаагүй байсан тул Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өв залгамжлагч С.Ж д өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг олгосон. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-43.2.5-т тус тус заасны дагуу нотариатч холбогдох баримтуудад үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгодог бөгөөд өв хүлээн авах хүсэлт гаргаагүй бусад этгээдүүдийн мэдээллийг шаардан авах үндэслэлгүй. Ийнхүү Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Г холбогдох хуульд заасан журмын дагуу дээрх байдлаар өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг олгосон бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/04301 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 548 дугаар магадлалаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь хуульд нийцэж байгаа талаар нэгэнт шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу талийгаач Д.Д ыг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан түүний төрсөн охин С.Ж нь өв нээгдсэн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 1 жилийн дотор буюу 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж хүсэлт гаргасан. Улмаар өв нээгдсэнээс хойш 1 жил өнгөрөхөд өөр бусад этгээдээс өв хүлээн авах тухай хүсэлт гаргаагүй байсан тул Нийслэлийн тойргийн нотариатч Г.Г нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өв залгамжлагч С.Ж д өвлүүлэгчийн өмчлөлд бүртгэлтэй байсан хөрөнгүүдийн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь хуульд нийцэж байгаа болно. Дээрх өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг олгосон нотариатчийн үйлдэл нь мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй байна.

3.2 Өвлөх эрхийн гэрчилгээ олгох үндэслэл болсон Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Оршин суугаа газрын тодорхойлолт-оос Д.Д нь нас барах хүртлээ өвлөгч С-ын Ж гийн хамт Баянмонгол 401- р байр, 42 тоот хаягт албан ёсны бүртгэлтэйгээр амьдардаг байсан, Хүн амын өрхийн бүртгэлийн 1110521002811 дүгээр дэвтэр-ээс мөн хаягт өрхийн тэргүүн Д.Д нь И.Т , С.Ж нарын хамт амьдардаг байсан болох нь тодорхой харагдаж байх бөгөөд Д.Д нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өвчний улмаас эмнэлэгт нас барсан. Түүнчлэн талийгаачийн нас барсны гэрчилгээ болон С.Ж гийн ээж И.Т нарын иргэний үнэмлэх зэргээр дээрх хаягт хамт амьдарч байсан болох нь тогтоогддог. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/03048 дугаар шийдвэрээр И.Т нь Д.Д тай 2005 оны 01 дүгээр сараас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч нар нь сүүлийн 17 жил өвлүүлэгчээс тусдаа амьдарч байсан ба өв нээгдсэн болохыг мэдсээр байж Иргэний хуульд заасан 1 жилийн дотор нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах тухай хүсэлтээ гаргаагүй, хуульд заасан хугацаанд эрхээ хэрэгжүүлээгүй атлаа ийнхүү нэхэмжлэл гарган өвлөгч С.Ж д хуульд заасан журмын дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй.

Хэдийгээр нэхэмжлэгч нараас хэрэгт Баянзүрх дүүргийн нотариатад хаягласан нэхэмжлэгч В.В гэх нэртэй албан бичгийн орчуулга, Нийслэлийн тойргийн нотариатчид хаягласан А.А , Б.Б , В.В гэх нэртэй албан бичгүүдийг гаргаж өгсөн байх боловч Монголын Нотариатчдын танхимын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2833 дугаар албан бичигт ... Өвлөх эрхтэй холбогдуулан түүний хууль ёсны өв залгамжлагчид өв хүлээн авах хүсэлт гаргасан, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ, гэрээслэлийн гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй талаар тодорхой дурдсан байдаг.

Ийнхүү нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасны дагуу нэгэнт өвлүүлэгчийн хөрөнгийг өвлөн авах эрхээсээ татгалзсан бөгөөд нотариатч Г.Г нь Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврын наймдугаар зүйлд Өвлөх эрхийн гэрчилгээ олгох гэж заасан шаардлагатай бүх баримтуудад үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон гэж үзэхээр байна.

3.3 Нэхэмжлэгч нар нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр И.Т , С.Ж , Г.Г нарт холбогдуулан А.А , Б.Б , В.В нарыг Д.Д ын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр С-ын Ж д олгосон Өв залгамжлалын 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ тус бүрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/04301 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 548 дугаар магадлалаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргаан бүхий нотариатын үйлдэл хууль зөрчөөгүй талаар нэгэнт дүгнэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Ж д 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон Нийслэлийн тойргийн нотариатч Г.Г н нотариатын үйлдлийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.А ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г гаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.А т олгож шийдвэрлэсэн байна.

5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/04301 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 548 дугаар магадлалаар тус тус А.А , Б.Б , В.В нарын гаргасан 2021 оны 07 дугаар сарын 27- ны өдрийн 36, 37, 38, 39, 40, 41,42 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрт Г.Г нь хууль, зааварт нийцүүлэн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны С.Ж гийн асран хамгаалагч хариуцагч И.Т од олгосон 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, тус гэрчилгээнүүдийг олгохын тулд зохих баримт, мэдээллийг шалган үзсэн нь бусад баримтуудаар тогтоогдож байна. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй, мөн хуулийн 30, 31 дүгээр зүйлд зааснаар нотариатын үйлдлийг хийхийг хойшлуулах, түдгэлзүүлэх, нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн.

5.2 Монголын нотариатчдын танхимаас анхааруулга, мэдээлэл гаргасан нь Нотариатын тухай хуулийн 30, 31 дүгээр зүйл болон бусад холбогдох хууль, дүрэм, журамд заасан өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдэл хийхгүй байх үндэслэл болохгүй ба тус анхааруулга, мэдээлэлд дурдсан өвлөх эд хөрөнгүүдтэй холбоотой маргаан эцэслэн өв нээхгүй байх гэдгийг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанаас өмнө өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй байхыг анхааруулсан гэж ойлгохоор байна. Учир нь, Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасны дагуу өв нээгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрснөөр нэхэмжлэгч нар нь нэгэнт өвлүүлэгчийн хөрөнгийг өвлөн авах эрхээсээ татгалзсан гэж үзэн талуудын хоорондох маргаан дууссан гэж үзэх ба энэ талаар анхан шатны шүүхийн 2023 оны 101/ШШ2023/01859 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 9в болон 10 дахь хэсэгт ч мөн дүгнэсэн байдаг.

5.3 Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2-т зааснаар нотариатын зүгээс үйлчлүүлэгч буюу С.Ж гийн өв хүлээн авахтай холбоотой гаргаж өгсөн баримт лавлагаа нь шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж, шаардлага хангуулж ирэхийг шаардах эрхтэй байхаас биш, үйлчлүүлэгч бус бусад этгээдийн талаарх лавлагаа мэдээллийг гаргуулах үүрэг хүлээгээгүй болно. Мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.9-д зааснаар өвлөгдөх эд хөрөнгө нь өвлүүлэгчийн эд хөрөнгө мөн эсэхийг шалгахтай холбоотой нотариат эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ, лавлагааг баримтаар хавсаргасан байхад анхан шатны шүүх холбогдох баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргуулах шаардлагагүй гэж дүгнэн хүсэлтийг хангаагүй. Ийнхүү өвлүүлэгчийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгүүд нь 2005 оноос хойш буюу И.Т той хамтын амьдралтай байсан хугацаанд бий болсон байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 13а-д ...өвлүүлэгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон С.Ж гаас гадна хүчин төгөлдөр гэрлэлтийн бүртгэлтэй этгээд, мөн төрүүлсэн хүүхэд байгаа тохиолдолд өвлөгдөх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, эсхүл өвлүүлэгчийн хуваарьт хөрөнгө аль нь болохыг гэж дурдсан нь ойлгомжгүй бөгөөд анхан шатны шүүх хэргийн оролцогчид болон хэргийн үйл баримтын талаар огт ойлгоогүй болох нь харагдаж байна.

Нотариатчийн үйлдэл хуульд нийцэж байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6-д заасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

6.1 Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Учир нь нотариатч нь үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуулиас гадна, нотариатчийн үйлдэл хийх журмыг заавал дагаж мөрддөг. Уг хэрэг маргаанд Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл, Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь хууль ёсны өвлөгч мөн боловч 1 жилийн дотор хүсэлт гаргаагүй байна. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан баримтыг өвлөгч н.Жаргалмаа нотариатчид гаргаж өгсөн. Мөн хуульд заасан баримт бичгийг өвлөгч гаргаж өгөхөөс гадна, өвлүүлэгч хэдэн хууль ёсны өвлөгчтэй байснаас хөрөнгийг өвлөхөөс татгалзаж хүсэлт гаргасан хэдэн хүн байгааг, өвлөхөөр хүсэлт гаргасан этгээдийн хувийн байдал зэргийг тогтоох нь нотариатын үйлдэл хийх зааварт тусгасан. Харин нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд уг нөхцөл байдал нь байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий гарсан байна. Учир нь өмнөх өвлөх эрхийн гэрчилгээ олгосон материалд И.Т , Д.Д нарыг 2005 оноос 2021 он хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосон. Тухайн баримтад өвлүүлэгч Д.Д нь хууль ёсны эхнэр А.А ээс гэрлэлтээ цуцлуулаагүй байна. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-т зааснаар нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх чиг үүргээ хариуцагч Г.Г хэрэгжүүлж чадаагүй. Мөн өнөөдрийг хүртэл хэд хэдэн нэхэмжлэл гаргаж, хууль ёсны өвлөгч нар хоорондоо маргаан үүсгэж байна. Нотариатч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс тухайн үр дагавар үүссэн гэж үзэж байна. Мөн давж заалдах гомдолдоо нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 04301 тоот шийдвэрт нотариатын танхимаас ирүүлсэн анхааруулгын талаар дүгнээгүй гэж үзсэн. Уг анхааруулга нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3 дахь хэсэгт зааснаар хугацаанаас нь өмнө өвлөх эрхийн гэрчилгээг авсан тохиолдолд ач холбогдолгүй байна. Өвлөгч С.Ж гийн асран хамгаалагч И.Т 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Монголын нотариатын танхимд өвлөх хөрөнгийн талаар Д.Д ын эхнэр А.А болон хүүхдүүдтэй нь маргаантай байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл эд хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй байхыг анхааруулсан. Нотариатын ёс зүйн дүрмийн 2.3-т нотариатч танхим түүний салбар, албан тушаалтнаас өгсөн үүрэг, даалгавар, хууль ёсны шаардлагыг биелүүлж, танхимаас зохион байгуулагдаж буй аливаа мэргэжлийн ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцохыг үүрэг болгосон. Хариуцагч Г.Г нь танхимын гишүүн учраас ёс зүйн дүрмийг баримталж, ажиллах үүрэгтэй. Гэтэл Г.Г нь уг үүргээ биелүүлээгүй учраас тухайн маргаан үүссэн байна. Учир нь нотариатын үйлдлийг хийхдээ зааврыг заавал дагаж мөрдөх ёстой. Тухайн зааврын 8.2-т өвлүүлэгчийн эхнэр, нөхөр, гэрлэлтийн гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн лавлагааг нотариатч заавал авах үүрэгтэй. Уг лавлагааг аваагүй учраас өвлөгч А.А , Б.Б , В.В нарын өвлөх эрх нь зөрчигдөж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Уг нэхэмжлэлийн шаардлага нь 7 өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой маргаан бөгөөд 7 тусдаа үр дагаврыг үүсгэж байна. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ тухайн 7 өвлөх эрхийн асуудлыг нэгтгэж үзсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг 7 үйлдэл хийгдсэн баримтыг нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хэрэгсэхгүй болгосон. Мөн маргаан бүхий 7 үйлдэлтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй. Нотариатын танхимаас нотариатч үйлдэл хийхгүй гэдгийг үүрэг болгосон байдаг. Хууль зүйн яам, хууль зүйн сайдын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нотариатчийн эрхийг авч, иргэний зүгээс хариуцлагаа хүлээдэг. Нотариатч нь нотариатын танхимаас ямар нэгэн үүрэг хүлээх эрх бүхий субъект биш юм гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч А.А , Б.Б , В.В нар нь хариуцагч Г.Г д холбогдуулан өв залгамжлалын 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. Гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг дэмжин оролцсон.

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/04301 дугаар шийдвэрээр С.Ж , Г.Г нарт холбогдох, Д.Д ын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр С.Ж д олгосон өв залгамжлалын 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А.А , Б.Б , В.В нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 548 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна./хх 115-124/

Улмаар Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 001/ШХТ2022/00553 дугаар тогтоолоор нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 125/

3.1 Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр А.А , Б.Б , В.В нарын Г.Г д холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр С.Ж д олгосон өв залгамжлалын 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ...Г.Г нь Нотариатын тухай хуулийн 30, 31 дүгээр зүйлд зааснаар нотариатын үйлдлийг хийхийг хойшлуулах, түдгэлзүүлэх, нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Тодруулбал, уг шийдвэрээр өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн нотариатын хийсэн үйлдлийг нь дүгнэсэн байна.

4. 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр С.Ж д олгосон өв залгамжлалын 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болон өв залгамжлалын 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусдаа ойлголт гэж үзэхгүй. Учир нь, нотариатын өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо тухайн нотариат нь тодорхой үйлдэл хийж байгаа бөгөөд уг нотариатын үйлдлийн үндсэн дээр өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоно.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх ...өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн хувьд өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай шаардлагаас тусдаа ойлголт, маргааны зүйл нь өөрөөр хянагдана гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд талуудын хооронд үүссэн маргаатай холбоотой үйл баримтыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт ...талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн ...шийдвэр ...байгаа гэж заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ талаарх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/01859 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, А.А , Б.Б , В.В нарын нэхэмжлэлтэй, өв залгамжлалын 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай Г.Г д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Т оос давж журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

М.БАЯСГАЛАН