Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 19

 

Д.Ам-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд: Даргалагч шүүгч: Ж.Баттогтох Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр Бусад оролцогчид: Нэхэмжлэгч: Д.Ам- Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.******* Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Т.Ба- Хариуцагч байгууллагын өмгөөлөгч: Б.******* Нарийн бичгийн дарга: Б.******* нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжиннямын даргалж шийдвэрлэсэн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 521 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ам- анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь Завхан аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2006 оноос эхлэн нярав, мэдээллийн технологийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, газрын нөхөн сэргээлт уул уурхай, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн, архив бичиг хэргийн эрхлэгчийн ажлуудыг зөрчил дутагдал гаргалгүйгээр, үр бүтээлтэйгээр хийж гүйцэтгэж ирсэн. Гэтэл газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргаар Н.Эр- ажиллах болсноос хойш намайг 2017.01.03-нд ажлаас чөлөөлж, би үүнийг үндэслэлгүй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.31-ний өдрийн 162-р шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоосон.

Үүний дараа Н.Эр- дарга 2017.08.31-нд намайг дахин үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Энэхүү шийдвэрийг би хүлээн зөвшөөрөөгүй учраас дахин шүүхэд нэхэмжлэл гаргасанаар Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.15-ны өдрийн 535 тоот шийдвэрээр намайг тус газрын архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд буцаан томилсон.

Гэтэл газрын дарга Н.Эр- нь 2018.04.13-ны өдрийн Б/15 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, мөн хуулийн 42.1, Газар зохион байгуулалт, геодези зураг, зүйн газрын даргын 2017.12.15-ны өдрийн Б/186-р тушаалуудыг тус тус үндэслэн намайг архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажлаас 3 дахь удаагаа чөлөөллөө. Ингэхдээ газрын даргын 2018.03.28-ны өдрийн А/08 тоот тушаалаар байгуулагдсан комиссын саналыг үндэслэн ажлын байр нь нэгтгэгдсэн гэсэн үндэслэлээр намайг чөлөөлсөн. Энэхүү шийдвэрийг би хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Н.Эр- дарга нь намайг урьд нь 2 удаа ажлаас үндэслэлгүй халж байсан бөгөөд 3 дахь удаагаа халахдаа хуульд нийцээгүй журам, тушаалууд батлан гаргаж, зохион байгуулалттайгаар халсан. Энэхүү тушаалыг доорхи үндэслэлүүдээр би хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

1. Газрын дарга намайг ажлаас халахдаа бэлтгэн хэдэн сарын өмнөөс Төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам гэх мэт Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан тогтоол, дүрэм, журмыг зөрчсөн, хуульд нийцээгүй дүрэм журмуудыг батлан гаргаж, үүнийхээ үндсэн дээр хууль бус сонгон шалгаруулалт явуулж, тэрхүү хууль бус шалгалтынхаа дүнгээ үндэслэн, надаас сүүлд ажилд орсон Б.*******ийг ажилд авч үлдэн, түүнээс олон жил уг газарт ажилласан намайг ажлаас халсан. Тийм учраас би Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй уг сонгон шалгаруулалт гэгчийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Мөн намайг уг байгууллагад Архив албан хэрэг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхад 2016 онд уг албан тушаал нь төрийн захиргааны гэсэн ангиллаас төрийн үйлчилгээний гэсэн ангилал руу автоматаар шилжсэн учраас би Төрийн албаны тухай хууль, бусад дүрэм, журмын дагуу автоматаар төрийн захиргааны албан хаагчийн нөөцөд хугацаагүйгээр бүртгэгдсэн. Харин намайг сая ажлаас халагдах үед тус байгууллагад төрийн захиргааны ангиллын Инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэний орон тоо сул байсан. Мөн би Хөдөө аж ахуйн их сургуулийг газар зохион байгуулалтын инженер мэргэжлээр төгссөн. Иймд Б.******* бид хоёрын дунд Хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй сонгон шалгаруулалт явуулж байхын оронд намайг Инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэний сул орон тоон дээр томилж болох байсан юм. Гэтэл намайг шууд ажлаас халж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д орон тоо хасагдсан, орон тоог цөөрүүлсэн гэсэн хууль зүйн нэр томъёо байна. Гэтэл намайг ажлаас халсан тушаалдаа орон тоог нэгтгэсэн гэсэн нь хууль зүйн болон утга агуулгын хувьд ойлгомжгүй байна. Мөн орон тоог нэгтгэсэн гэснээс үзвэл архив, бичиг хэргийн эрхлэгчийн орон тоо бүр мөсөн хасагдаагүй, цөөрөөгүй, албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа юм.

4. Газрын даргын тушаалаар тухайн байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагч нарт олгодог ур чадварын нэмэгдэл, зэргийн нэмэгдлээс намайг аль 2016 оноос эхлэн хассан. Тэгсэн атлаа цалингийн цэснээс харахад бусад төрийн үйлчилгээний албан хаагч нарт олгосон байдаг. Үүнээс үзэхэд Н.Эр- нь ажилд орсон цагаасаа л намайг хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхаж байсан.

Энэхүү Н.Эр- даргын хувьд надад хууль бусаар олгоогүй ур чадварын нэмэгдэл болох үндсэн цалингийн 25 хувийг 2017 оны 01-р сараас хойш 2018 оны 04 сар дуустал тооцоход сард 114.695 төгрөг, 14.695 х16 сард нийт 1.835.120 төгрөг болж байна. Мөн миний зэргийн нэмэгдэл болох үндсэн цалингийн 10 хувийг 2017 оны 01-р сараас 2018 оны 04-р сар дуустал тооцоход сард 45.878 төгрөг, 45.878 х16 сард нийт 734.048 төгрөгийг хууль бусаар хассан.

Иймд би Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа тооцон үзсэний үндсэн дээр дээрх зэргийн болон ур чадварын нэмэгдэлээ 2018.01 сараас эхлэн 2018 оны 04 сар дуустал 114.695 х4 сар, нийт 458.780 төгрөг, зэргийн нэмэгдэл болох 45.878 х4 сар, нийт 183.512 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

5. Мөн би энэ байгууллагаас 2017 оны 01 сараас эхлэн 3 удаа ажлаас халагдахдаа хууль зүйн туслалцаа авахаар 2 өмгөөлөгчтэй, 3 удаа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байна. Б.Алтангэрэл өмгөөлөгчтэй 2017.02.01-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, гэрээний төлбөрт 500.000 төгрөг, Э.******* өмгөөлөгчтэй 2017.09.11-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, гэрээний төлбөрт 450.000 төгрөг, мөн дахин түүнтэй 2018.04.20-ны өдөр байгуулсан гэрээний төлбөрт 600.000 төгрөгийг тус тус төлсөн. Ингэснээр тус байгууллагаас би 3 удаа хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халагдахдаа зөвхөн өмгөөлөгчийн хөлсөнд гэхэд 1.550.000 төгрөг зарцуулсан байна. Хэрэв би ингэж удаа дараа ажлаас халагдаагүй бол өмгөөлөгч хөлсөлж авах шаардлагагүй байсан бөгөөд Н.Эр- дарга намайг удаа дараа ажлаас халсанаас болж би эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгчтэй гэрээ байгуулснаар энэхүү зардал надаас гараад байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу өмгөөллийн хөлс болох 1.550.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах хүсэлтэй байна.

Иймд Завхан аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2018.04.06-ны өдөр Б.******* бид хоёрын дунд явуулсан сонгон шалгаруулалтын дүнг хүчингүйд тооцож, намайг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, 2018 оны 01 сараас эхлэн, 2018 оны 04 сарыг дуусталх хугацааны миний ур чадварын нэмэгдэл болох 458.780 төгрөг, мөн хугацааны зэргийн нэмэгдэл болох 183.512 төгрөг, нийт 642.292 төгрөгийг гаргуулах, 3 удаагийн өмгөөллийн хөлс болох 500.000+450.000+600.000, нийт 1.550.000 төгрөгийг тус тус хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Ам- анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2005 оноос хойш ажилласан. Энэ хугацаанд 6 даргатай хамтран ажилласан. Эр- дарга 2016 оны 10 сард манай газрын даргаар ирсэн. Тэгээд 2 сарын дараа намайг энэ ажлыг хийх боломжгүй гэж үзэж 2017 оны 1 сард намайг ажлаас чөлөөлсөн. Одоогийн байдлаар 3 удаа ажлаас чөлөөлсөн байгаа. Үүнийг би ямар нэгэн хуульд нийцсэн үйл ажиллагаа гэж ойлгохгүй байна. Хуульд нийцээгүй гэдэг нь өмнөх 2 удаагийн шүүх хуралдаанаар нотлогдсон. Энэ үйл явцаас хувийн үзлээр хандаж байнга ажлаас чөлөөлдөг нь ойлгогдож байна. Энэ удаагийн ажлаас халагдсан үндэслэл нь яагаад шүүхэд нэхэмжлэл гаргах хэмжээнд болсон гэхээр орон тоо цөөлөх, нийлүүлж нэгтгэх асуудал өмнө нь байгууллагуудад гарч байгаагүй асуудал биш, өмнө нь гардаг, гарч ч байсан. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар хуульд тодорхой заасан байхад надад зориулж журам боловсруулж энэ журмаараа шалгалт авсан гэж үзэж байна. Яагаад надад зориулж гаргасан журам юм бэ? гэхээр миний өмнөх шүүх хуралдаан 11 сарын 25-нд болж байсан. Тэгээд хариуцагч тал 27-нд шүүхийн шийдвэрийг хүлээж аваад 30-ны өдөр ажилд томилсон. Энэ нь эргүүлээд хална гэдэг үндэслэлээр хурдан ажилд авсан нь нотлогддог. Шүүх хуралдаан болсны дараа байгууллага дээр энэ хүнийг авна бүтцээр буцаагаад хална гэсэн яриа гарч байсан. Энэ талаар хүний нөөцийн ажил давхар хариуцаж хийдэг Т.Ба- үнэн зөвөөр нь ярих байх гэж итгэж байна. Яагаад гэвэл энэ хүн төрийн жинхэнэ албан хаагч, үйл явдал процесст байнга оролцдог хүн. Хэн нэгэн хүний ятгалаг хавчлагаар ийм үйл ажиллагаанд оролцсон гэдгээ үнэн зөвөөр нь ярих байх. Хэрвээ би буруу ярьж байгаа бол тэрийг буруу зөв гэдгийг хэлэх байх.

Хоёрдугаарт: Би энэ шалгалт авах журмыг үгүйсгэж байна. Яагаад гэвэл энэ нь зохион байгуулалттай үйл ажиллагаа байсан. Зохион байгуулалттай гэж үзэх болсон шалтгаан нь төрийн албаны зөвлөл рүү бичиг тоот явуулж хариу тоотоор тест ирсэн гэж надад хэлсэн боловч энэ тестийг тэд нар өөрсдөө боловсруулсан. Т.Ба- албан хэрэг хөтлөлтийн тестийг, санхүүгийн үйл ажиллагааны тестийг Сольхүү боловсруулсан. Албан хэрэг хөтлөлтийн тест 20 асуулттай байсан журмаар шалгалт авахад 15 болж орж ирсэн. Энэ яагаад 15 асуулттай болсныг Т.Ба- ярих байх. Энэ тал дээр нотлох баримт гаргаж өгөх гэхээр үнэхээр хүчин мөхөсдөж байна. Т.Ба- тест боловсруулж байна гэдгийг Т.Ба-ы өрөөнийхөн надад хэлж орж ирсэн, 413-т суудаг манай газрын мэргэжилтнүүд Сольхүү эгч тест боловсруулж байна гэдэг мэдээллийг надад өгч байсан. Тэгээд намайг яваад ороход Сольхүү тестийнхээ 12 дахь асуултыг боловсруулаад сууж байсан. Энэ үйл явдлын талаар хэн нэгнээр нотлуулъя гэхэд манай мэргэжилтнүүд ... уучлаарай Амраа эгчээ бид нар яг л таны ижил л болно шүү дээ. Та ч гэсэн ойлгох хэрэгтэй... гэж хэлсэн. Тийм болохоор би болсон процессийг л яръя гэж өнөөдөр шүүх хуралдаанд орж ирсэн. Хэн нэг хүнийг гэрчээр асуухад үгүйсгэсэн хариултыг л өгнө. Дээр нь би ч гэсэн тэр хүмүүсийг үнэнээр нь хэлээд өгөөч гэж шахаж чадахгүй. Яагаад гэвэл тэр хүмүүс үнэнийг хэллээ гэхэд юу болохыг би мэдэж байгаа учраас, 2-3 удаа ажлаас халагдахад ямар хэмжээний хохирол амсдаг гэдгийг би өөрөө биеэрээ мэдэрсэн учраас гэрчүүдийг хүчлэх шаардлага байхгүй гэдгийг шүүх олж хараасай гэж хүсэж байна.

Дараагийн асуудал нь өмгөөллийн хөлсний асуудал байна. Өмнөх шүүх хуралдаануудад өмгөөллийн хөлс төлсөн гэрээгээ би хавсаргасан байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд дансны хуулгаа гаргаж өгсөн. Өмгөөллийн хөлс нэхэмжилсэн шалтгаан нь Эр- дарга 2016 оны 11 сард манайд томилогдож ирснээс хойш 2 сарын дараа миний бүх нэмэгдлүүдийг хассан. Миний үндсэн цалин 358.000 төгрөг байдаг. Шимтгэлээ төлөөд гар дээр бага хэмжээний мөнгө авдаг. Зээлээ төлөөд амьдралдаа хэрэглэх мөнгө үлддэггүй. Ингэж намайг хохироож ирсэн.

Би ур чадварын нэмэгдэл 25 хувь, зэргийн нэмэгдэл 10 хувь нийтдээ 35 хувийн нэмэгдэл авдаг байсныг Эр- дарга үндэслэлгүйгээр хассан. Дахиж олгоогүй. Нийтдээ зэргийн нэмэгдэл 183.500 төгрөг, ур чадварын нэмэгдэл 458.780 төгрөг, нийтдээ 730.000-аад мянган төгрөг авах ёстой байсан. Энэ мөнгөөр би 2 жилийн хугацаанд зээлээ төлөөд, амьдралаа залгуулаад явах боломжтой байсан. Би үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан болохоор эдгээр нэмэгдлүүдийг нэхэмжлэх эрхтэй гэж бодож байна. Иймд Завхан аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас 2018 оны 04-р сарын 06-ны өдөр ******* бид 2-ын дунд явуулсан сонгон шалгаруулалтын дүнг хүчингүйд тооцуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж 2018 оны 01-р сараас 04-р сарыг дуустал хугацааны ур чадварын нэмэгдэл 458.780 төгрөг болон зэргийн нэмэгдлийн 183.512 төгрөг нийт 642.292 төгрөг, мөн 3 удаагийн өмгөөллийн хөлс 1550000 төгрөгийг тус тус хариуцагч байгууллагаас гаргуулахыг хүсч байна гэжээ

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Ба- анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11-р сарын10-ны өдөр Геодези зураг зүйн газраас орон тоог цөөлөх, шинэчлэх талаар санал авах тухай албан бичиг ирсэн. Тэр бичигт Ам- эгчийн яриад байгаа шиг орон тоо цөөрүүлэх саналыг манайхаас гаргаагүй. Геодези зураг зүйн газраас орон тоо цөөрүүлэх санал ирүүлсэн байсан. Тэр нь 2017 оны Геодиз зураг зүйн газрын даргын тушаалаар бүтэц орон тоо шинэчлэгдэн батлагдаж ирсэн. Тэгээд манай байгууллага дээрх тушаалд уялдуулан хууль журмын дагуу архив бичиг хэргийн эрхлэгч, няравын орон тоон дээр ажиллаж байгаа хүмүүсийн нэгийг нь чөлөөлөх шаардлагатай болсон. Тэр шаардлагынхаа дагуу журамд нийцүүлэн сонгон шалгаруулалтын журмыг батлаад сонгон шалгаруулалтыг явуулсан.

Сонгон шалгаруулалтыг явуулахдаа нөлөөлөл, бусад зүйлийн эрсдлийг тооцож газрын даргын тушаалаар гадны байгууллагаас 5 хүний бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулалтын комиссыг байгуулаад, сонгон шалгаруулалтыг явуулсан. Тэгээд сонгон шалгаруулалтын дүнг газрын даргад танилцуулж газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлсөн.

2018 оны 1-р сард *******, Ам- нарт мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Мэдэгдэх хуудсаараа бүтэц орон тоогоо танилцуулаад, сонгон шалгаруулалт явуулах болсон тухайгаа мэдэгсэн. Дараа нь хэн нэг нь ажлаас чөлөөлөгдөх талаар дахин мэдэгдэх хуудас хүргүүлж сонсох ажиллагаа явуулсан. Сонгон шалгаруулалтыг явуулахад хэн хэнийх нь зүгээс санал гаргаагүй, сонгон шалгаруулалтын дүнг зөвшөөрөөд гарын үсэг зурсан.

2018 онд 2017 оны ажил дүгнэх комисс гарсан. Комиссын үнэлгээгээр Ам- эгч С дүгнэгдсэн. Дүгнэгдсэн үнэлгээний талаар Ам- эгчид танилцуулсан. Тэгээд даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд Ам- эгчид ур чадварын нэмэгдлийг олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Ур чадварын нэмэгдэл олгоход тавигдах шаардлага нь онцгой гавъяа байгуулсан гэх мэт заалтуудтай байдаг. Тэр заалтандаа хүрч чадахгүй байна гэдэг үүднээс ур чадварын нэмэгдлийг нь олгоогүй.

Архив бичиг хэргийн нэмэгдлийн тухайд 2016 оны 06-р сарын 16-ны өдрийн А/15 тушаалаар нэмэгдэл авсан байдаг. Тэр нь 2005 оны Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайдын хамтарсан 15/41/25 дугаартай тушаалаар батлагдсан журмын 3-р зүйлийн мэргэжлийн зэрэг олгоход тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн. Тэр заалтад тушаал гарсны дараа тушаалыг архивын ерөнхий газарт хүргүүлж мэргэжлийн үнэмлэх авсан хүнд мэргэжлийн зэрэг олгоно гэж заасан байгаа. Ам- эгчийг Эр- дарга мэргэжлийн үнэмлэхээ авч ирж шалгуул гэж удаа дараа хэлсэн боловч авч ирж үзүүлээгүй. Энэ талаар шүүхэд гаргасан хариу тайлбартаа ч мөн хэлсэн боловч авч ирээгүй байна. Мэргэжлийн үнэмлэхтэй бол нэмэгдлүүдийг олгох боломжтой гэж бодож байна. Өмгөөллийн хөлсийг нөхөж олгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан******* овогт *******ийн Ам-г Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын архив бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 1.361.305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ам-д олгож, нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 1.361.305 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд шилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгаж, нэхэмжлэгч Д.Ам-гийн ур чадварын нэмэгдэл болох 458.780 төгрөг, мөн зэргийн нэмэгдэл болох 183.512 төгрөг нийт 642.292 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөлийн хөлс 1.550.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллага болох Завхан аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас улсын тэмдэгтийн хураамжид 47008 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 521 дугаартай шийдвэрийг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч эс зөвшөөрөн энэхүү давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.Ам- нь тус шүүхэд Завхан аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр явуулсан сонгон шалгаруулалтын дүнг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 2018 оны 01 сараас эхлэн 2018 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны ур чадварын нэмэгдэл болох 458780 төгрөг, мөн хугацааны зэргийн нэмэгдэл болох 183512 төгрөг, нийт 642292 төгрөг, 3 удаагийн өмгөөллийн хөлс 1550000 төгрөгийг тус тус гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд дээрх шаардлагаасаа татгалзаагүй, дэмжсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд туссан байдаг. Гэтэл шүүх Завхан аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр явуулсан сонгон шалгаруулалтын дүнг хүчингүйд тооцох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй бөгөөд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 521 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Д.Ам- нь Завхан аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр явуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах тухай дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл байх тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ... гэж хуулиар зохицуулаагүй шинэ нэр томъёо гарган дүгнэлт хийсэн мөртлөө тогтоох хэсэгтээ нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй байна. Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрхэнд шүүх сайн дураараа халдсан үйлдэл бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэх, тусгаарлахаас биш бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл гэх ойлгомжгүй тайлбар гарган шийдвэрлэхгүй орхих боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гэсэн шийдвэрийн нэгийг гаргахаас биш нэхэмжлэлийн зарим хэсгийг шийдвэрлэлгүй орхих гэсэн ойлголт байхгүй байна.

Нэгэнт шүүхийн шийдвэрт Завхан аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр явуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох шаардлагагүй гэж дүгнэж байгаа мөртлөө ...нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбар, үндэслэлээ хариуцагч баримтаар нотлоогүй байна... гэж байгаа нь үндэслэлгүй байна. Завхан аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр явуулсан сонгон шалгаруулалтыг дүнг зохион байгуулах комисс нь хэлэлцэж саналаа хурлын тэмдэглэлээрээ хүргүүлсэн байгааг шүүх үнэлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Мөн Завхан аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай тушаалд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/186 дугаартай аймгуудын газрын Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах болсон талаар үндэслэлээ заагаагүй байна гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүх бие даасан 26.2-д заасан анхан шатны шүүхийн 521 дугаартай шийдвэрээр сонгон шалгаруулалтын дүн тухайн хэрэгт үндэслэл байхгүй байхад ямар үндэслэлээр дүгнэж байна бэ? гэдэг талаар ямар нэгэн Ур чадварын нэмэгдэл зэргийг шүүхээс олгохоор заасан байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч Д.Ам- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний тухайд 6 удаагийн шүүх хуралдаанд оролцож байна. Шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож ажилдаа ороход эмх замбараагүй ажлыг хүлээлгэнэ өгдөг тухайн ажлын эмх цэгцийг олох гэж ажиллаж байхад биелэгдэшгүй даалгавар өгөөд түүнийгээ биелүүлж ажиллахыг шаарддаг. Тэгээд хууль бусаар ажлаас чөлөөлдөг. 2 жилийн хугацаанд ажилгүй байсан учраас дүүгээрээ цалингийн зээлээ төлүүлж байсан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тогтоох байгууллага биш гэж байна. Монгол улсын дээд шүүхийн 2016 оны 02 дугаар 01-ний өдрийн 02 дугаартай зөвлөмж гэж байна. Энэхүү зөвлөмжийн 1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хууль зүйн мэдлэггүйгээс нэхэмжлэлийн шаардлагаа зөв тогтоож чадаагүй байж болно, үндэслэлээ шаардлага болгосон байж болно. Ийм тохиолдолд шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг ялгаж, салгаж байж хэргийг шийдвэрлэх ёстой гэж зөвлөмж гаргасан байна. Яг энэ зөвлөмж дээр тусгасаны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр дээр нэхэмжлэгч хэдийгээр сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулаад ажилд эгүүлэн тогтоолгоё гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх тухайн зөвлөмж дээр байгаа асуудлуудын хүрээнд анхаарах асуудлаа харж үзээд тухайн хүний шүүхээс шаардаж байгаа ажилд эгүүлэн тогтоолгох юм байна гэдгийг ойлгож нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ зөв тогтоогүй нэхэмжлэлийн шаардлага нь ажилдаа эгүүлэн тогтоолгох сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох нь нэхэмжлэлийн үндэслэл юм байна гэдгийг анхан шатны шүүхээс ялгаж салгаж хэргийг шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл зарим хэрэг дээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ялгаж салгахгүйгээр хэргийг шийдвэрлээд явсан байдаг. Энэ бол үнэхээр процессын алдаа юм. Хариуцагч талаас сонгон шалгаруулалтын талаар дурдаагүй гэж яриад байна. Энэ асуудал анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тухайн асуудал яригдаж байсан, нотлох баримт шинжлэн судласан энэ бүхнээс шүүх шийдвэрээ гаргахдаа энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл юм байна гэж шийдвэрлэсэнийг хуулийн дагуу үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрхэнд шүүх сайн дураараа халдсан гэж тайлбарлаж энд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж хэлэхийг хүсч байна. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/186 дугаартай аймгуудын газрын Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах болсон талаар үндэслэлээ заагаагүй байна гэж байгаа нь үндэслэлгүй байна гэж ярьж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх үнэлээгүй татгалзсан гэсэн баримт хэргийн материалд нэг ч нотлох баримт байхгүй. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлтэй халсан гэж байгаа боловч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Мөн Завхан аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай тушаалд 2018 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн А/08 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн саналыг үндэслэсэн гэж байгаа боловч уг тушаал нь зөвхөн комисс байгуулсан тухай тушаал байна. Яг ямар санал байгаа гэдэг нь уг тушаал дээрээс харагдахгүй байна. Тийм учраас шүүх үндэслэх хэсэгтээ хариуцагч байгууллага Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн А/08 дугаартай тушаал дээр гаргасан саналыг үндэслэсэн гэж үзэж байгаа ч гэсэн ямар 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хэлэлцсэн 02 дугаартай хурлын тэмдэглэл байгааг анхаарах зүйтэй гэж тусгасан байдаг. Тухайн хэрэг нь ямар утга агуулагтай тушаал гэдэг нь хэрэгт авагдсан байгаа. Манай талаас энэ хүнийг яагаад үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэхь хэсэгт зааснаар нярав, Архив бичиг хэргийн ажилтаны орон тоо нэгтгэсэн гэж үзэж байгаа гэж байгаа боловч хуульд нэгтгэсэн гэсэн агууллага үг үсэг байхгүй. Хөдөлмөрийн тухайн хуулийн 40.1.1 дэхь хэсгийг Улсын дээд шүүхийн тайлбар дээр юу гэж тайлбарласан гэхээр тухайн ажлын байрнаас нэг ажлын байр хасагдсан гэхээр бүрмөсөн байхгүй болсон байгааг ойлгоно гэж заасан байна тэгэхээр зөвхөн тухайн ажлын байранд ажиллаж байгаа ажилтаны хөдөлмөрийн гэрээг цуцлана гэхээр хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй сонгон шалгаруулалтыг явуулж ажлаас халж байхаар шууд хөдөлмөрийн гэрээг нь цуцлаад явах эрх нь төсөвын шууд захиран зарцуулагчид байгаа. Гэтэл хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй сонгон шалгаруулалт явуулж байгааг хууль бус гэж үзэж байна. Хариуцагч байгууллагын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж ярьж байгаа болохоос яг ямар журмыг зөрчсөн талаар нотлох баримт гаргасан зүйл байхгүй. Тийм учраас хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 Нэхэмжлэгч Д.Ам- хариуцагч Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан тус газрын явуулсан сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 2018 оны 01 сараас эхлэн 2018 оны 04 сарыг дуустал хугацааны ур чадварын нэмэгдэл болох 458.780 төгрөг, мөн хугацааны зэргийн нэмэгдэл болох 183.512 төгрөг нийт 642.292 төгрөг, 3-н удаагийн өмгөөлөлийн хөлс 1.150.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч байгууллага нь тус газар нь бүтцийн өөрчлөлт хийж, орон тоо нэгтгэгдсэн, хуульд заасан хугацаанд мэдэгдэл өгч, сонгон шалгаруулалт явуулж, сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүнийг авч, Д.Ам-г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.Ам- нь Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилтанаар ажиллаж байсан бөгөөд түүнийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, мөн 2017 оны 08 дугаар сарын 31-ны өдөр тус тус ажлаас чөлөөлсөнийг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаарсарын 31-ны өдрийн 162 дугаартай шийдвэр, мөн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 535 дугаартай шийдвэрээр тус тус ажилд нь эгүүлэн тогтоожээ.

Ажил олгогч нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Д.Ам-г ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1д заасан буюу ... түүний ажлын байрны орон тоо цөөрүүлсэн... гэх үндэслэл заасан, ажлаас халахаас 1 сарын өмнө гэрээг цуцлахаа мэдэгдсэн байна.

Анхан шатны шүүх ажил олгогч нь ямар үндэслэлээр бүтэц, орон тоог шинэчлэн батлах болсон үндэслэлээ заагаагүй, тушаалд комиссын саналыг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/186 дугаартай тушаалаар хариуцагч байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоохоор шийлдвэрлэсэн ба өмнө нь байсан архив бичиг хэргийн эрхлэгч, нярав гэсэн 2 өөр орон тоог нэг болгож, архив бичиг хэргийн эрхлэгч, нярав гэсэн 1 орон тоо болгон өөрчилсөн нь тогтоогджээ.

Байгууллагын бүтэц орон тоог шинэчлэх нь тухайн байгууллагын бүрэн эрхэд хамаарах боловч ийнхүү өөрчлөлт хийхдээ тодорхой үндэслэл шаардлага бий болсон тохиолдолд түүнийгээ тушаалдаа бүрэн тусгаж үндэслэлтэй шийдвэрлэж, тухайн ажлын байранд ажиллаж буй ажилтаны эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэх шаардлагатай.

Гэтэл ажил олгогч нь тухайн ажлын байрыг нэгтгэсэн гэсэн хуульд байхгүй нэр томьёо хэрэглэж, тухайн нэгтгэсэн гэх орон тоонд ажиллаж буй ажилтануудын эрх зүйн байдлыг хэрхэн шийдвэрлэхийг тодорхой бус орхигдуулжээ.

Үүнээс үндэслэн ажил олгогч тухайн ажлын байранд ажиллаж буй ажилтануудын дунд сонгон шалгаруулалт явуулсан байх ба Д.Ам- нь уг орон тоон дээр ажиллах боломжгүй гэх үндэслэл тогтоогдоогүй байхад өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын талаар шийдвэр гаргаагүй байхад газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/08 тоот тушаалаар байгуулагдсан комиссын саналыг үндэслэн гэж тушаал гаргасан нь үндэслэлгүй болжээ. Учир нь комиссын шийдвэр хэрэгт авагдаагүй тул гарсан эсэх нь эргэлзээтэй байна.

Иймд ажил олгогч нь Д.Ам-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэдгээ шүүхэд хангалттай нотлож чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлсэн, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Ам- нь нэхэмжлэлдээ Завхан аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр явуулсан сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгуулах гэж дурьдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш байна.

Учир нь нэхэмжлэгч Д.Ам-гийн хүсэл зориг бол тус газрын архив, бичиг хэргийн эрхэлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан учир ажилдаа эгүүлэн тогтоолгох бөгөөд тэрээр энэ шаардлагаа хангуулахын тулд 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр явуулсан сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгуулахыг нэхэмжлэлдээ дурьдсаныг бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх үндэслэлгүй байжээ.

Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байх тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн гомдолыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 521 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.*******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ 

Б.АРИУНБАЯР