Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00206

 

Д.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 521 дүгээр шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Завхан аймгийн ГХБХБГазар-т холбогдох,

Ажилгүй хугацааны цалин, нэмэгдэл хөлс, амралтын олговорт нийт 9 053 716 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхжаргалын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А-, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, мөн хуулийн 42.1, Газар зохион байгуулалт, геодези зураг, зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/186 дугаар тушаалуудыг тус тус үндэслэн намайг архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажлаас 3 дахь удаагаа чөлөөллөө. Ингэхдээ газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/08 тоот тушаалаар байгуулагдсан комиссын саналыг үндэслэн ажлын байр нь нэгтгэгдсэн гэсэн үндэслэлээр намайг чөлөөлсөн. Энэхүү шийдвэрийг би хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Н.Эрдэнэцэцэг дарга нь намайг урьд нь 2 удаа ажлаас үндэслэлгүй халж байсан бөгөөд 3 дахь удаагаа халахдаа хуульд нийцээгүй журам, тушаалууд батлан гаргаж, зохион байгуулалттайгаар халсан. Энэхүү тушаалыг доорх үндэслэлүүдээр би хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

1. Газрын дарга намайг ажлаас халахдаа бэлтгэн хэдэн сарын өмнөөс Төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам гэх мэт Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан тогтоол, дүрэм, журмыг зөрчсөн, хуульд нийцээгүй дүрэм журмуудыг батлан гаргаж, үүнийхээ үндсэн дээр хууль бус сонгон шалгаруулалт явуулж, тэрхүү хууль бус шалгалтынхаа дүнгээ үндэслэн, надаас сүүлд ажилд орсон Б.Мөнхдөлийг ажилд авч үлдэн, түүнээс олон жил уг газарт ажилласан намайг ажлаас халсан. Тийм учраас би Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй уг сонгон шалгаруулалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Мөн намайг уг байгууллагад Архив албан хэрэг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхад 2016 онд уг албан тушаал нь төрийн захиргааны гэсэн ангиллаас төрийн үйлчилгээний гэсэн ангилал руу автоматаар шилжсэн учраас би Төрийн албаны тухай хууль, бусад дүрэм, журмын дагуу автоматаар төрийн захиргааны албан хаагчийн нөөцөд хугацаагүйгээр бүртгэгдсэн. Харин намайг сая ажлаас халагдах үед тус байгууллагад төрийн захиргааны ангиллын Инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо сул байсан. Мөн би Хөдөө аж ахуйн их сургуулийг газар зохион байгуулалтын инженер мэргэжлээр төгссөн. Иймд Б.Мөнхдөл бид хоёрын дунд Хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй сонгон шалгаруулалт явуулж байхын оронд намайг Инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоон дээр томилж болох байсан юм. Гэтэл намайг шууд ажлаас халж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д орон тоо хасагдсан, орон тоог цөөрүүлсэн гэсэн хууль зүйн нэр томъёо байна. Гэтэл намайг ажлаас халсан тушаалдаа орон тоог нэгтгэсэн гэсэн нь хууль зүйн болон утга агуулгын хувьд ойлгомжгүй байна. Мөн орон тоог нэгтгэсэн гэснээс үзвэл архив, бичиг хэргийн эрхлэгчийн орон тоо бүр мөсөн хасагдаагүй, цөөрөөгүй, албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа юм.

4. Газрын даргын тушаалаар тухайн байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагч нарт олгодог ур чадварын нэмэгдэл, зэргийн нэмэгдлээс намайг аль 2016 оноос эхлэн хассан. Тэгсэн атлаа цалингийн цэснээс харахад бусад төрийн үйлчилгээний албан хаагч нарт олгосон байдаг. Үүнээс үзэхэд Н.Эрдэнэцэцэг нь ажилд орсон цагаасаа л намайг хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхаж байсан. Энэхүү Н.Эрдэнэцэцэг даргын хувьд надад хууль бусаар олгоогүй ур чадварын нэмэгдэл болох үндсэн цалингийн 25 хувийг 2017 оны 01 дүгээр сараас хойш 2018 оны 04 дүгээр сар дуустал тооцоход сард 114 695 төгрөг, 14 695 х16 сард нийт 1 835 120 төгрөг болж байна. Мөн миний зэргийн нэмэгдэл болох үндсэн цалингийн 10 хувийг 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сар дуустал тооцоход сард 45 878 төгрөг, 45 878 х16 сард нийт 734 048 төгрөгийг хууль бусаар хассан.

Иймд би Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа тооцон үзсэний үндсэн дээр дээрх зэргийн болон ур чадварын нэмэгдлээ 2018 оны 01 дүгээр сараас эхлэн 2018 оны 04 дүгээр сар дуустал 114 695 х4 сар, нийт 458 780 төгрөг, зэргийн нэмэгдэл болох 45 878 х4 сар, нийт 183 512 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

5. Мөн би энэ байгууллагаас 2017 оны 01 сараас эхлэн 3 удаа ажлаас халагдахдаа хууль зүйн туслалцаа авахаар 2 өмгөөлөгчтэй, 3 удаа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байна. Б.Алтангэрэл өмгөөлөгчтэй 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, гэрээний төлбөрт 500 000 төгрөг, Э.Долгорсүрэн өмгөөлөгчтэй 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, гэрээний төлбөрт 450 000 төгрөг, мөн дахин түүнтэй 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний төлбөрт 600 000 төгрөгийг тус тус төлсөн. Ингэснээр тус байгууллагаас би 3 удаа хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халагдахдаа зөвхөн өмгөөлөгчийн хөлсөнд 1 550 000 төгрөг зарцуулсан байна. Хэрэв би ингэж удаа дараа ажлаас халагдаагүй бол өмгөөлөгч хөлсөлж авах шаардлагагүй байсан бөгөөд Н.Эрдэнэцэцэг дарга намайг удаа дараа ажлаас халснаас болж би эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгчтэй гэрээ байгуулснаар энэхүү зардал надаас гараад байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу өмгөөллийн хөлс болох 1 550 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах хүсэлтэй байна.

Иймд Завхан аймгийн ГХБХБГазар-аас 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б.Мөнхдөл бид хоёрын дунд явуулсан сонгон шалгаруулалтын дүнг хүчингүйд тооцож, намайг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, 2018 оны 01 дүгээр сараас эхлэн, 2018 оны 04 дүгээр сарыг дуусах хугацааны миний ур чадварын нэмэгдэл болох 458 780 төгрөг, мөн хугацааны зэргийн нэмэгдэл болох 183 512 төгрөг, нийт 642 292 төгрөгийг гаргуулах, 3 удаагийн өмгөөллийн хөлс болох 500 000+450 000+600 000, нийт 1 550 000 төгрөгийг тус тус хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Геодези зураг зүйн газраас орон тоог цөөлөх, шинэчлэх талаар санал авах тухай албан бичиг ирсэн ба 2017 оны Геодези зураг зүйн газрын даргын тушаалаар бүтэц орон тоо шинэчлэгдэн батлагдаж ирсэн. Тэгээд манай байгууллага дээрх тушаалд уялдуулан хууль журмын дагуу архив бичиг хэргийн эрхлэгч, няравын орон тоон дээр ажиллаж байгаа хүмүүсийн нэгийг нь чөлөөлөх шаардлагатай болсон. Тэр шаардлагынхаа дагуу журамд нийцүүлэн сонгон шалгаруулалтын журмыг батлаад сонгон шалгаруулалтыг явуулсан. Сонгон шалгаруулалтыг явуулахдаа нөлөөлөл, бусад зүйлийн эрсдэлийг тооцож газрын даргын тушаалаар гадны байгууллагаас 5 хүний бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулалтын комиссыг байгуулаад, сонгон шалгаруулалтыг явуулсан. Тэгээд сонгон шалгаруулалтын дүнг газрын даргад танилцуулж газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлсөн. 2018 оны 1 дүгээр сард н.Мөнхдөл, Д.А- нарт мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Мэдэгдэх хуудсаараа бүтэц орон тоогоо танилцуулаад, сонгон шалгаруулалт явуулах болсон тухайгаа мэдэгдсэн. Дараа нь хэн нэг нь ажлаас чөлөөлөгдөх талаар дахин мэдэгдэх хуудас хүргүүлж сонсох ажиллагаа явуулсан. Сонгон шалгаруулалтыг явуулахад хэн хэнийх нь зүгээс санал гаргаагүй, сонгон шалгаруулалтын дүнг зөвшөөрөөд гарын үсэг зурсан. 2018 онд 2017 оны ажил дүгнэх комисс гарсан. Комиссын үнэлгээгээр Д.А- эгч С дүгнэгдсэн. Дүгнэгдсэн үнэлгээний талаар Д.А- эгчид танилцуулсан. Тэгээд даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд Д.А- эгчид ур чадварын нэмэгдлийг олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Ур чадварын нэмэгдэл олгоход тавигдах шаардлага нь онцгой гавьяа байгуулсан гэх мэт заалтуудтай байдаг. Тэр заалтандаа хүрч чадахгүй байна гэдэг үүднээс ур чадварын нэмэгдлийг нь олгоогүй.

Архив бичиг хэргийн нэмэгдлийн тухайд 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/15 тушаалаар нэмэгдэл авсан байдаг. Тэр нь 2005 оны Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайдын хамтарсан 15/41/25 дугаартай тушаалаар батлагдсан журмын 3-р зүйлийн мэргэжлийн зэрэг олгоход тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн. Тэр заалтад тушаал гарсны дараа тушаалыг архивын ерөнхий газарт хүргүүлж мэргэжлийн үнэмлэх авсан хүнд мэргэжлийн зэрэг олгоно гэж заасан байгаа. Д.А- эгчийг Н.Эрдэнэцэцэг дарга мэргэжлийн үнэмлэхээ авч ирж шалгуул гэж удаа дараа хэлсэн боловч авч ирж үзүүлээгүй. Энэ талаар шүүхэд гаргасан хариу тайлбартаа ч мөн хэлсэн боловч авч ирээгүй байна. Мэргэжлийн үнэмлэхтэй бол нэмэгдлүүдийг олгох боломжтой гэж бодож байна. Өмгөөллийн хөлсийг нөхөж олгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 521 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Дагдан овогт Доржийн Амарзаяаг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын архив бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 1.361.305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А-д олгож, нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 1.361.305 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд шилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгаж, нэхэмжлэгч Д.А-гийн ур чадварын нэмэгдэл болох 458.780 төгрөг, мөн зэргийн нэмэгдэл болох 183.512 төгрөг нийт 642.292 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 1.550.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллага болох Завхан аймгийн ГХБХБГазар-аас улсын тэмдэгтийн хураамжид 47008 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дүгээр магадлалаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 521 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Нэхэмжлэгч Д.А- нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаагүй, дэмжсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд туссан байдаг. Гэтэл шүүх Завхан аймгийн ГХБХБГазар-аас 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр явуулсан сонгон шалгаруулалтын дүнг хүчингүйд тооцох нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх шийдвэрлээгүй. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 521 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “ Д.А- нь Завхан аймгийн ГХБХБГазар-аас 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр явуулсан сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгуулах тухай дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш. ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл байх тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ" гэж дүгнэснийг Завхан аймгийн Эрүү. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дугаартай магадлалд “ сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгуулахыг нэхэмжлэлдээ дурдсаныг бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх үндэслэлгүй байжээ” гэж хуулиар зохицуулаагүй шинэ нэр томъёо гарган Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрхэнд шүүх сайн дураараа халдсан үйлдэл бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлагыг нэгтгэх, тусгаарлахаас биш бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш. эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл гэх ойлгомжгүй тайлбар гарган шийдвэрлэхгүй орхих боломжгүй юм.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан. эсхүл зарим хэсгийг хангаж. заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гэсэн шийдвэрийг гаргахаас биш нэхэмжлэлийн зарим хэсгийг шийдвэрлэлгүй орхих гэсэн ойлголт байхгүй байна. Тэгвэл шүүх яагаад нэхэмжлэгчийн "...нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх" гэсний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх гэж дурдсаныг бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчид Завхан аймгийн ГХБХБГазар-аас 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр явуулсан сонгон шалгаруулалтын дүнг хүчингүйд тооцуулах шаардлага байсан уу гэвэл байсан.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хууль бус сонгон шалгаруулалтаас болж би ажлаасаа чөлөөлөгдсөн тул сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагыг байнга тавьж байсан болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд туссан байгаа. Мөн анхан шатны шүүх хуралдааны үед шүүх бүрэлдэхүүн шийдвэрийг танилцуулахдаа Завхан аймгийн ГХБХБГазар-аас 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр явуулсан сонгон шалгаруулалтын дүнг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш гэж үзсэн болохоо шүүх хуралдаанд оролцогч нарт танилцуулаагүй нь дээрх шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байж болзошгүй бөгөөд шийдвэр бичгийн хэлбэрээр гарах хугацаанд бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш гэсэн дүгнэлт хийсэн байх боломжтой юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрт Завхан аймгийн ГХБХБГазар-аас 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр явуулсан сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгох шаардлагагүй гэж дүгнэж байгаа мөртлөө “...нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбар. үндэслэлээ хариуцагч баримтаар нотлоогүй байна" гэж. давж заалдах шатны шүүх “...комиссын шийдвэр хэрэгт авагдаагүй тул гарсан эсэх нь эргэлзээтэй байна гэж тус тус ойлгомжгүй, зарим нь утга найруулгын алдаатай дүгнэлт хийсэн байна.

...Байгууллагын даргын тушаалаар байгуулагдсан түр комисс нь саналаа албан бичгээр хүргүүлэх боломж байхгүй. Харин комисс хуралдаж саналаа тэмдэглэлээрээ болон дүнгийн хуудсаар хүргүүлж байгаа нь хууль тогтоомжид нийцэж байгаа бөгөөд санал хүргүүлсэн гэж үзэх боломжтой. Мөн Завхан аймгийн ГХБХБГазар-ын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай тушаалд Газар зохион байгуулалт, геодези зураг. зүйн газрын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/186 дугаартай аймгуудын ГХБХБГазар-ын бүтэц орон тоог өөрчилсөн тушаалыг үндэслэсэн байтал шүүхийн шийдвэрт' ямар үндэслэлээр Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын бүтэц. орон тоог шинэчлэн батлах болсон талаар үндэслэлээ заагаагүй байна" гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй байх тул Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 521 дугаартай шийдвэр. Завхан аймгийн Эрүү. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дугаартай магадлалыг хүчингүй болгож. анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Д.А- нь Завхан аймгийн ГХБХБГазар-аас 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр явуулсан сонгон шалгаруулалтын дүнг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ур чадварын болон зэрэг дэвийн нэмэгдэл, өмгөөллийн хөлс гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргажээ.

Хариуцагч Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь шаардлагыг эс зөвшөөрч, тус газар бүтцийн өөрчлөлт хийж, орон тоо нэгтгэсэн, нэхэмжлэгчид хуульд заасан хугацаанд мэдэгдэж, сонгон шалгаруулалт явуулсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч Д.А-г ажил олгогчийн зүгээс 2017 онд хоёр удаа ажлаас халсан, түүнийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн хоёр удаагийн шийдвэр хэрэгт авагдсан байна.

Д.А-г гурав дахь удаа ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/186 дугаар тушаалын үндэслэл буюу орон тоо нэгтгэгдсэн байдлын бодит болон эрх зүйн шалтгаан, нөхцөл баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болдог.

Хариуцагч Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэгч Д.А-гийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах шаардлагыг хангасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 521 дүгээр шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                      Ц.АМАРСАЙХАН