Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2021/01229

 

  

 

                                                         

 

 

   

 

 

2021 оны 05 сарын 14 өдөр                   Дугаар 102/ШШ2021/01229                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Гийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бд холбогдох,

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, хохиролд 110,000,000 /нэг зуун арван сая/ төгрөг гаргуулах тухай үндсэн, Амины орон сууцны болон газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн, хариуцагч М.Б, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн нагац эгч Долгоржавын охин Бгийн хүсэлт, ар гэрийн нөхцөл байдлыг ойлгон түүнд туслахаар өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 7 хороо, 4 хороололд байршилтай улсын бүртгэлийн Ү-2205016259 дугаарт бүртгэгдсэн Амины орон сууцны 63/1 тоот хаягт байрлалтай 272м2 бүхий талбайтай амины орон сууцандаа түр хугацаагаар оршин суухыг зөвшөөрсөн. Тухайн үед би дээрх Амины орон сууцандаа хөнгөн засвар, үйлчилгээ хийж дууссан байсан бөгөөд худалдах, эсвэл түрээслэх зорилготой байгаа тухайгаа Бд хэлж түр суулгахаар болсон. Гэтэл Б болон түүний гэр бүлийнхэн миний Амины орон сууцанд 2016 оны 12 сараас одоог хүртэл амьдран сууж байгаа бөгөөд учир шалтгаангүйгээр орон сууцыг чөлөөлөхгүй, улмаар худалдан авахаар байр үзэхээр очсон хүнийг оруулахгүй намайг гомдоож, өөрийнхөө өмчийн эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг маань зөрчсөөр байна. Иймд миний эзэмшлийн Амины орон сууцнаас Бг түүний гэр бүлийн хамтаар албадан нүүлгэн гаргаж, орон сууц, авто граж ашигласан хугацааны төлбөрийг тухайн үеийн байр хөлслүүлэх ханш болох сарын 2,500,000 төгрөгөөр тооцон 110,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би өөрийн үеэл ах болох Ч.Гаас Баянгол дүүргийн 7 хороо, 3 хорооллын 1-13 тоот дахь АОС-ыг худалдаж авсан. Би дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй боловч байрны үнэ 350,0 сая төгрөгийг хувьцаа олсон мөнгөнөөс Ч.Г руу шилжүүлсэн. Гэтэл Ч.Г орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлнэ гэсээр өдийг хүрсэн гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Гийн уг орон сууцыг чөлөөлөх үндэслэлгүй ба түрээслэх асуудал огт яригдаагүй. Учир нь миний бие катерингийн чиглэлээр үйл явуулдаг “Скай катеринг” ХХК-ийг үүсгэн байгуулж 34 хувийг эзэмшдэг байсан. Ингээд энэхүү компаниараа төсөл, тендерт оролцох үүднээс өөрийн хамаатан Ч.Г ахтай ярилцан томоохон төсөл, тендерт оролцъё тусалья, дэмжье гэсэн. Ч.Ганхуг нь компанийг төсөл тендерт оролцуулахын тулд өөрийн гэсэн хувьцаа нэр дээр байх хэрэгтэй гэхээр би өөрийн эзэмшлийн 34 хувиасаа 2016.09.23-нд 10 хувийг, дараа нь 24 хувийг нийт 34 хувийг ямар нэгэн төлбөргүйгээр шилжүүлж өгсөн. “Скай капитал групп” ХХК-ийг байгуулж “Скайкатеринг” ХХК-ийн толгой компани болгосон. Ч.Г 2016 оны 9 сард хувьцаа шилжүүлж авахдаа өөрийн өмчлөлийн амины орон сууцаа зарна гэж ярьдаг байсан ба 2016 оны 12 сард Ч.Г амины орон сууц маань зарагдахгүй байна, чи авах уу гэж санал тавьж, ярилцаад 350,0 сая төгрөг гэж тохирсон. Ч.Г ах надад тооцоогоо хувьцаанаасаа тооцъё, эхлээд компаниараа томоохон төсөлд оролцохоор тохиролцож, би АОС-ыг газрын хамт хүлээж авсан. Би тухайн үед эгч М.Байгалмаагийн байранд амьдардаг байсан. Би АОС-ыг 2016 оны 12 сард хүлээн авснаас хойш байрныхаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлээд өгөөч гэж удаа дараа ярилцаж 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл байртай холбоотой бүх зардлыг би өөрөө төлж ирсэн. Ингээд компаниараа төсөл хөтөлбөрт оролцоно гээд баримт бичгээ бэлдээд 2018 онд МУ-ын ЗГ-аас зарласан “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилга барих, үйлчилгээ үзүүлэх төсөл”-ийн сонгон шалгаруулалтад манайх орж тэнцэн 22 тэрбум төгрөгийн концессын гэрээг байгуулсан. Ч.Г шилжүүлж өгсөн хувьцаанаас 14 хувийг нь 2020.05.04-нд бусдад 250,000 ам доллар буюу 570,0 сая төгрөгөөр зарсан. Иймд намайг Баянгол дүүрэг, 7 хороо, 3 хороолол, /16094/ хутагт Жамсранжав гудамж 63/1 тоот хаягт байрлалтай 272 м2 талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205016259 дугаарт бүртгэлтэй АОС болон 688 м2 газрын өмчлөгчөөр тогтоож, гэрчилгээг шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хооронд БГД, 7 хороо, 3 хороолол, 1-13 тоотод байршилтай, 272 м2 талбай бүхий 2 давхар Амины орон сууцыг 688 м2 газрын хамтаар Компанийн хувьцаагаар худалдах, худалдан авах ямар 1 гэрээ, хэлцэл хийгдээгүй. Тайлбартаа Б нь “Скайкатеринг” ХХК-ийн хувьцаа борлуулж олсон мөнгөнөөс 350,0 сая төгрөгийг байрны үнэнд шилжүүлсэн тухай болон шилжүүлсэн хувьцаанаас 14% 2020.05.04-нд бусдад 250,000 ам доллар буюу 570,0 сая төгрөгөөр зарсан гэж огт үндэслэлгүй худал хэлсэн байна. Компанийн хувьцаа эзэмшигчдийн асуудал өөр тусдаа ба АОС-тай огт хамааралгүй. “Скайкатеринг” ХХК нь 2016 оны 9 сард бусдад 800 сая орчим төгрөгийн өртэй, үл хөдлөх хөрөнгөгүй, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1,0 сая төгрөг ба нэрлэсэн 1000 ширхэг хувьцаатай, 2 хувьцаа эзэмшигчидтэй байсан, компанийн хувьцаа эзэмшигчээр таныг үнэ төлбөргүй оруулья хамтран ажиллаж компанийн үйл ажиллагаа, төсөл, тендерт оролцоход минь хөрөнгийн баталгаа гаргаж санхүүжилтээр туслаач гэж М.Б хүссэнийг зөвшөөрч би 2016.09.26-ны өдөр “Скайкатеринг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Хасбаатарын хувьцааны 20%, М.Бгийн хувьцааны 10%, нийт 30% хувьцааг шилжүүлж авах гэрээг хийж хуулийн дагуу бүртгүүлэн “Скайкатеринг” ХХК-ын хувьцаа эзэмшигч болж, компанийн үйл ажиллагааг дэмжин ажилласан. Үүний дараа МИАТ ХК-иас тухайн жилийн нислэгийн хоолны үйлчилгээ үзүүлэгч шалгаруулах тендерт бэлтгэх болон компанийн үйл ажиллагааг дэмжих чиглэлд, М.Бгийн хувийн хэрэгцээ, компанийн цаашдын зорилтот төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд болон түр санхүүжилтэд зориулж нийт 1,235,358,097.28 төгрөг зарцуулсан. 2018 онд МУ-ын ЗГ-аас зарласан Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилга барих, үйлчилгээ үзүүлэх төслийн сонгон шалгаруулалтад хамтран оролцох санхүүгийн чадвартай өөрийн нутгийн танил барилгын гүйцэтгэгч “Хос бар” ХХК болон “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-ийг олж уралдаант шалгаруулалтад хамтран оролцох гэрээ байгуулах зэргээр бүх үйл ажиллагааг ажилласан. Гэвч төслийг хариуцаж байсан М.Б төслийн түр санхүүжилтэд шаардлагатай гэж итгүүлж, миний хувийн болон байгууллагын өмч хөрөнгийг бусдад барьцаалан богино хугацааны өндөр хүүтэй зээлийг “Скайкатеринг” ХХК-ийн дансаар авсан ч амласан хугацаандаа буцааж өгөхгүй асуудал үүсгэж, одоо М.Б болон “Скайкатеринг” ХХК-с авах авлагаасаа 178,329,894.48 төгрөгийг шүүхэд өгсөн. Бгаас шүүхэд гаргасан баримтууд 2016.09.23-нд М.Бгаас 10%, Г.Хасбаатараас 20% хувьцааг шилжүүлэн авсан үеийн надтай хийсэн хувьцаа шилжүүлэх гэрээг 2018.01.19-нд “Скайкатеринг” ХХК-н шинэчилсэн дүрэм батлахдаа миний гарын үсгийг хуурамчаар зурж, баримтыг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн баримтын хамт нийлүүлэн хавсаргасан нь шүүхэд хуурамч баримт өгсөн байна. М.Б Хасбаатар бид 2-ын гарын үсгийн хуурамчаар зурж хувьцааг хууль бусаар шилжүүлснийг би хэлж, Г.Хасбаатартай харилцан тохирсноор түүний 30 хувийн хувьцааны төлбөрт өөрийн эзэмшлийн ХУД, 15 хороо, Нархан хотхон, 61 байр, 54 тоот 2 өрөө орон сууц болон бэлэн мөнгөөр хувьцааны үнийг Г.Хасбаатарын эх 3.Энэбишд хувьцааг худалдаж авсан. М.Бгаас надад 2016 онд “Скайкатеринг” ХХК-ийн 10% хувьцаа шилжүүлсэн баримт 2018.01.19-ний гарын үсгийг минь хуурамчаар зурсан “Скайкатеринг” ХХК-ийн шинэчилсэн дүрмийг хавсаргасан байна. Харин би “Скайкапитал групп” ХХК-д өөрийн эзэмшиж байсан хувьцааныхаа 10% Ч.Хоролсүрэн, түүний эзэмшдэг “Монголиан эйр транспорт групп” ХХК-д тодорхой үнээр худалдсан нь М.Бд огт хамаагүй. Дээрх хувьцааны арилжаанаас хойш “Скайкапитал групп” ХХК-д миний эзэмшиж байсан 10% хувьцааг М.Б Т.Чулуунхүүд 2020.12.30-ны гэрээгээр худалдаж хувьцааны бүх төлбөрийг авсан, хувьцааны төлбөр надад өгөөгүй нь шударга бус гэв.

 

Шүүх хуралдаанаар үндсэн болон сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Ч.Г нь М.Бд холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ өмчлөгч тул өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж чадахгүй байгаа тул ашигласан хугацаанд нь түрээсийн төлбөр гаргуулна гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нь орон сууцны төлбөрийг хувьцааны төлбөрт тооцож төлсөн тул орон сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгахаар сөрөг нэхэмжлэл гарган маргалаа.

 

Ч.Гт  Баянгол дүүрэг, 7 хороо, АОС-13 тоот хаягт байрлалтай, 688 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр 000674872 дугаар гэрчилгээ, Баянгол дүүрэг, 7 хороо, 3 хороолол /16094/, Дилав хутагт жамсранжав гудамж, 63/1 тоотод байршилтай, 272 м.кв талбайтай, Амины орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205016259 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөлийн 000461393 дугаар гэрчилгээ тус тус олгогджээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан ба нэхэмжлэгчийн тухайн эд хөрөнгийн өмчлөгчийн хувь хууль ёсны байх, хариуцагчийн эзэмшил нь хууль бус тохиолдолд шаардах эрх үүсэх юм.

 

Уг хэрэгт нэхэмжлэгчийн өмчлөл нь хууль ёсны болох нь дээрх гэрчилгээ болон зохигчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй, хувьцааны төлбөрт тооцож төлсөн гэдгээ нотлохоор хүсэлт гаргаж, шүүхийн журмаар баримтыг гаргуулан авахад “Скайкатеринг” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч М.Б нь Ч.Гт 10 хувийн хувьцаагаа 2016.09.23-ны өдөр үнэ төлбөргүй шилжүүлжээ.

 

Энэ өдрийн хуралдаан дээр хариуцагч уг орон сууцыг 350,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон талаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй, харин түр амьдрах зорилгоор орон сууцанд оруулсан гэж маргав.

 

Хариуцагч нь худалдан авахаар тохиролцсоноо болон хууль буюу гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгаагаа баримтаар нотлоогүй буюу компанийн эзэмшлийн хувьцааг худалдсанаар төлбөр тооцох тохиролцоо хийсэн нь хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлөх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэжээ.

 

Нэхэмжлэгч нь 2013 оны Орон сууц хөлслөх гэрээг үндэслэн түрээсийн төлбөрт орох байсан орлогоо 110,000,000 төгрөгөөр тооцож дээрх хуулийн зохицуулалтын дагуу хохирлоо шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийн зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор заасан ба тухайн тохиолдолд хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг өмнө нь гаргах боломжтой байтал эрхээ хэрэгжүүлээгүй энэ хугацаанд хохирлоо түрээсээр тооцож байгаа нь үндэслэлгүй байна.

 

Ч.Г хувьцаагаа 2020.05.04-ний өдөр бусдад 250,000 ам доллар буюу 570,000,000 төгрөгөөр зарсан үндэслэлээр хариуцагч нь Баянгол дүүрэг, 7 хороо, 3 хороолол, /16094/ хутагт Жамсранжав гудамж 63/1 тоот хаягт байрлалтай 272 м2 талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205016259 дугаарт бүртгэлтэй АОС болон 688 м2 газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээг шилжүүлэхийг даалгахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг хангах үндэслэлгүй байна.

 

Учир нь Голомт банк ХХК нь 2021.03.24-ний өдөр шүүхэд тухайн өдөр 250,000 ам долларын гүйлгээ хийгдээгүй талаар хариу ирүүлсэн, харин нэхэмжлэгч нь 2020.12.30-ны өдөр “Скайкапитал групп” ХХК-ийн 10 хувийн хувьцаагаа үнэ төлбөргүй шилжүүлсэн баримтыг гаргаж өгсөн байх тул сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг няцаагдсан гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн /707,950+70,200/ 778,150 төгрөг, хариуцагчаас төлсөн /70,200+70,200/ 140,400 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтла Гийн өмчлөлийн улсын эрхийн Ү-2205016259 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 7 хороо, 3 хороолол /16094/, Дилав хутагт жамсранжав гудамж, 63/1 тоотод байршилтай, 272 м.кв талбайтай, Амины орон сууцыг Бгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, шаардлагаас үлдэх хохиролд 110,000,000 төгрөг гаргуулах болон АОС болон газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 778,150 төгрөг, хариуцагчаас төлсөн 140,400 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ