Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0554

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Б*********,

Нэхэмжлэгч: Ц.Б********,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: З.С*****,

Гуравдагч этгээд: Л.Х********,

Гуравдагч этгээд: Х.Э********нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч**********, Д.Ж***********, гуравдагч этгээд А.С*****, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.С***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н***** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.Б*********, Ц.Б******** нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 сарын 16-ны өдрийн А/287 дугаар захирамжийн А.С*****д холбогдох, Баянзүрх дүүрэг 11-р хороо, Туул зөрлөг 13*******, 13******* нэгж талбарын дугаар бүхий тус бүр 700 м.кв гэр, орон сууцны хашааны газрыг 15 жилийн хугацаатай олгосон хэсэг болон газар эзэмших эрхийн 000******* 00******* дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн  А/149 дүгээр “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул зөрлөгт тус тус 500 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэн Ц.Б*********, Ц.Б******** нарт олгожээ.

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ц.Б*********аас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан “...миний бие Цэрэндорж овогтой Баяржаргал нь өөрийн төрсөн эгч болох Ц.Б********ын хамтаар 2016 оны 4 сарын 28-ны өдрийн А/199 тоот захирамжийн дагуу 0,5 га хэмжээгээр газар эзэмших эрхийг олгосон. Тухайн цаг үеэс хойш бид холбогдох баримт, материалуудыг бүрдүүлэн өгч байсан боловч одоо хүртэлх хугацаанд архивын ямар нэгэн баримтууд олдохгүй байгаа зэргээс шалтгаалан гэрээ хийгдэхгүй байсан болохыг харгалзан үзэж, газар эзэмших эрхийг минь бидэнд олгож өгнө үү” гэж хандсан,

2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 13/4198 дугаар албан бичгээр “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2 дахь заалт /газрыг үр ашигтай% зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон тарийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх/-ын дагуу эзэмшил газраа хамгаалах ёстой. Иймд газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн албан бичгийг иргэн Ц.Б*********д өгсөн.

3. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгчид нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч Ц.Б*********, Ц.Б******** нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...

1/ Энэхүү газарт хашаа татаж, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулж авахаар дүүргийн Засаг даргад хандсан боловч газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байсаар бидний эзэмшсэн газарт 2021 оны 6 сарын 16-ны өдрийн А/287 дугаар захирамжийн ОЭ******* дугаар регистртэй А.С***** давхардуулан олгож газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байсан.

Энэхүү үйлдлийг таслан зогсоохоор Баянзүрх дүүргийн Засаг даргад хандахад 2021 оны 12 сарын 30-ны өдөр гомдолтой танилцаад хариу өгсөн бөгөөд энэхүү албан тоотыг бид 2022 оны 01 сарын 14-ны өдөр бид гардаж авсан.

Бид газраа хашаалж, хамгаалж байсныг А.С***** гэгч нь бидний барьсан хашааг буулгаж оороо хашаа татаж авсан байх бөгөөд энэ талаар түүнд хэлэхэд Баянзүрх дүүргийн Засаг дарга захирамж гаргаж надад уг газрыг олгосон гээд огт тоолгүй өөрийн хашаагаа татсан.

2/ Бидний газар эзэмших эрх Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд зааснаар дуусгавар болоогүй, хүчингүй болоогүй байтал бусдад дахин эзэмшүүлсэн нь бидний хууль ёсны эрх ашгийг зөрсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн засаг даргын А.С*****д олгосон хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, хууль бус үйлдлийг таслан зогсоохыг хүсч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э***** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...А.С*****тай газар булаацалдаад байгаа зүйл байхгүй. Ц.Б********, Ц.Б********* хоёр дээр газар эзэмших А/149 тоот захирамж дээр солбицлыг өгсөн.

Энэ захирамжаар 20 айлд газар олгосон материал, солбицол байна. Ийм учраас солбицол дээрээ хүнээс мөнгө зээлж хашаагаа татаж авсан. Энэ нь А.С*****гийн газартай давхацчихсан байгаа. Ц.Б*********ын газар мэдээллийн санд харагддаг.

Хашаа барьсны дараа А.С***** захирамж гарчихсан гээд хашаа татаж бидний хашааг хураагаад авчихсан. Бидний өмчлөх эрхэд халдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад хандаж байсан ч шүүхээр шийдвэрлүүлэхийг хэлсэн.

Гэхдээ хүний өмч, хашааг буулгаж болохгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас хэлж байсан. 2016 оноос хойш байж байгаа. Гэтэл нэг өглөө ирээд л гэрчилгээгээ үзүүлээгүй байж хашааг буулгаж, төмөр хашаа татчихсан.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч********** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Баянзүрх дүүргийн газрын алба иргэнээс өргөдөл авах юм бол бичиг хэргээр дамжуулан авдаг. Ямар нэг мэргэжилтэн иргэний материалыг авдаггүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газар зохион байгуулагчид өгсөн гэж байна. Газар зохион байгуулагч гэдэг хүн огт иргэнээс өргөдөл авах эрх бүхий мэргэжилтэн биш.

Төрийн байгууллагад хандаж байгаа тохиолдолд зөвхөн бичиг хэргээр дамждаг. Бичиг хэрэг өргөдөл бүртгэлийн програмд бүртгэж, даргаар цохуулан, үүний дараа мэргэжилтэнд очдог.

2/ Иргэн Ц.Б*********, Ц.Б******** нарын хувьд архивд ямар ч материал байгаагүй. Засаг даргын 2016 оны А/149 дүгээр захирамж гарсан байсан. Мэдээллийн санд ямар ч бүртгэл байхгүй мөн архивд байгаагүй. Мэдээллийн санд зураг байгаагүй учраас давхцал гэж яригдахгүй. Энэ хүний өргөдөл нь байж, мэдээллийн санд зураг нь орчихсон байсан бол тухайн газар дээр ямар нэг байдлаар зураг давхардуулан оруулах боломжгүй. Ямар нэг архивын бүртгэл гээд юу ч байхгүй учраас энэ айлын газрыг энэ гээд нотлох зүйл байхгүй байсан гэсэн үг юм.” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж*********** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт "газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" гэж газар эзэмшүүлэх нөхцөлийг заасан. Харин 27 дугаар зүйлийн 27.4-т "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэжээ.

Дээрх хуулийн хүрээнд нэхэмжлэгч нартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоогүй бөгөөд газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газар эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан байна.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч нарын эзэмшиж буй гэх газар нь газрын кадастрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй, газар эзэмшүүлсэн хувийн хэрэг, газар эзэмших талаар нь аргасан хүсэлт, газрын кадастрын зураг зэрэг баримтууд архивд хадгалагдаагүй байгаа гуравдагч этгээдүүдийн эзэмшиж буй газартай байршлын хувьд давхацсан болохыг тогтоох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.” гэв.

Гуравдагч этгээд А.С***** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Тухайн газрын эзэмшлийн хүчин төгөлдөр гэрчилгээг харж, Баянзүрх дүүргийн Газрын Албанаас нэр шилжүүлэх боломжтой эсэхийг лавлахад боломжтой буюу ямар нэгэн маргаан байхгүй гэсэн хариу авснаар нотариатаар баталгаажуулах болон холбогдох материалыг бүрдүүлж Газар эзэмшигч болох Л.Х********ын Х** банкны 50********тоот дансанд газрын төлбөр болох 24 сая төгрөгийг шилжүүлж 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр худалдан авсан.

Тухайн газрыг худалдан авч байх үед болон нэр шилжүүлэх өргөдөл шийдвэрлэгдэж 2021 оны 6 сарын 16-ны Баянзүрх дүүргийн Засаг Даргын 2021 оны А/278 дугаар захирамж гарч, газрын гэрчилгээгээ авах үед ч ямар нэгэн эзэмшигчийн болон давхцалын маргаан огт байгаагүй болно.

2/ Газрын эзэмшигчийн хувьд худалдаж авсан газартаа гэрийн буйр засаж байх үед өөрийгөө н.Энхбат гэх согтуу хүн ирж цагдаагийн үнэмлэх гаргаж харуулаад “манай газар хийж буй ажлаа зогсоо" гэх мэтээр шаардаж элдвээр дайрч доромжилж зураг, бичлэг хийгээд явсан.

Миний хувьд ямар нэгэн хууль бус үйлдэл, өөр хэн нэгний хүний газарт халдаагүй тул маргаантай зүйл байгаа бол Газрын албанд хандаж асуудлаа шийдүүлээрэй гэж тайлбарлаад явуулсан.

Харин 2022 оны 2 сарын үед Баянзүрх дүүргийн 11 хорооны Цагдаагийн хэлтэс-д бусдын өмчид халдсан гэх гомдлыг Ц.Б*********, Ц.Б******** нар гаргаж намайг тайлбар өгөхийг дуудсанаар тухайн газарт ямар нэгэн маргаан үүсгээд байгааг мэдсэн.

3/ Миний хувьд тус 2 айлын газрыг худалдаж аваад хашааг бүрэн шинэчлэх, гэрийн буйр засаж цутгах, налуу хэсгийг техникээр тэгшлэх, эко жорлон гаргуулах, суурилуулах, албан ёсоор цахилгаан татуулах гэрээ, ажлын хөлс зэрэгт 30 сая орчим төгрөгийг зарцуулж зуны улиралд байнга амьдарч байна

4/. Нэхэмжлэл гаргагч Ц.Б*********, Ц.Б******** нарын өөрийн эзэмшлийн газар гэх тайлбар баримтад тусгасан 2016 оны 4 дүгээр сарын 28-ны "Газар эзэмших эрх олгох тухай" А/149 дугаартай БЗД-ийн Засаг даргын захирамж-д тусгасан газрын байршил нь А.С***** миний эзэмшиж буй 013*******, 013******** нэгж талбарын дугаартай, гэрчилгээ бүхий газартай эргэлтийн цэг, хүчин төгөлдөр гэрчилгээтэй давхардуулан олгосон гэх хүчин төгөлдөр баримт нотолгоо байхгүй, өөрсдийн иргэний үүргээ хууль, журмын хүрээнд биелүүлж цаг тухайд нь бүртгэлжүүлэлгүй зургаан жилийн дараа маргаан үүсгэж байгаа нь иргэн миний тухайн газар худалдаж авсан мөнгөн хөрөнгө, түүнээс хойш энэ газарт оруулсан багагүй хөрөнгө оруулалт, эд хөрөнгөд шууд эрсдэл үүсгэж шүүхийн маргаанд гуравдагч этгээдээр татагдан оролцогч болж цаг хугацаа, сэтгэл санаа, зардлын хувьд хохирогч болж байгаад харамсалтай бөгөөд гомдолтой байгаа болно.” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.С*********** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Нэхэмжлэгч гуравдагч этгээдийн гаргасан газар дээр жишээлбэл газар эзэмших эрх олгогдсон гэдэг ямар ч баримт байдаггүй.

2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн захирамж хоёр иргэнд газар эзэмшүүлсэн боловч хаана эзэмшүүлсэн гэдэг нь тодорхойгүй байдаг.

Анхнаасаа Газрын тухай хууль зөрчсөн нь үүнээс харагддаг. Хэрэв Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх гэрчилгээ олгох, газар эзэмшүүлэх өргөдөл хүлээн авахтай холбоотой геодези зураг зүйн газрын 2008 оны журамд анхнаасаа хувийн байгууллагаар кадастрын зураг хийлгэж, давхцал байгаа эсэхийг шалгуулж, хувийн хэрэг бүрдэх ёстой байсан.

Дүүргийн Засаг даргын захирамж материалыг үндэслэж гарах ёстой байдаг. Гэтэл ямар ч материалд үндэслээгүй, зүгээр сонгуулийн асуудал байсан гэж ойлгож байгаа. Тухайн үед бөөнөөр нь тэр хавьд амьдардаг иргэдэд ямар ч материалгүйгээр хорооны Засаг даргын хүмүүсийн нэрс авч байгаад гаргачихсан гэдэг юм ярьдаг.

Үнэхээр кадастрын зураг бүртгэгдчихсэн, архивд байсан бол, программ өөрөө нэгдсэн санд бүртгэгдсэн л бол хөдөлгөх, устгах гээд бүх мэдээллүүд түүхчилсэн байдлаар гарч ирдэг.

А.С***** гэдэг хүнтэй маргах биш дүүргийн Засаг дарга захирамж гаргасан юм бол захирамж хэрэгжүүлэх талаар нэхэмжлэл гаргах ёстой болохоос М.Самбуу гэдэг хүний газрыг авна гээд яваад байгаа нь буруу юм.

2016 оны захирамж хүчинтэй юм бол 2016 оны захирамж юунд үндэслэж гарсан, тэр гарсан үндэслэлийг хөөж өөр нэхэмжлэл гаргах ёстой. Захирамжид байршлыг заахгүй. Дараа нь үндэслэж, гэрчилгээ болон гэрээ гарахдаа нэгж талбарын дугаар, байршилтай холбоотой асуудал яригдана. Анхнаасаа нэхэмжлэлийг хүлээж авахдаа шүүхээс үүнд давхцал байгаа эсэх гуравдагч этгээдтэй хамааралтай асуудал мөн эсэх эсвэл яагаад заавал гуравдагч этгээдийн яриад байгаа газар дээр авах ёстой гэж үзээд байгааг хууль зүйн асуудалтай гэж үзэж байна. Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрх гэдэг нь нэг талаас гэрчилгээ, байршил тодорхой байх ёстой. Хоёрдугаарт хууль ёсны дагуу үүссэн байх ёстой. Энэ нь архиваас гарч ирэхгүй байна гэдэг нь өгөөгүй гэсэн үг. Өгсөн гээд байгаа тайлбар төрийн байгууллагын архивын баримтаар нотлогдох ёстой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Б*********, Ц.Б******** нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч Ц.Б*********, Ц.Б******** нар нь “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 сарын 16-ны өдрийн А/287 дугаар захирамжийн А.С*****д холбогдох, Баянзүрх дүүрэг 11-р хороо, Туул зөрлөг 13*******, 13******* нэгж талбарын дугаар бүхий тус бүр 700 м.кв гэр, орон сууцны хашааны газрыг 15 жилийн хугацаатай олгосон хэсэг болон газар эзэмших эрхийн 000*******, 00******* дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...газар эзэмших эрх олгосон Дүүргийн засаг даргын захирамж хүчин төгөлдөр байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байсаар бидний эзэмшсэн газарт 2021 оны 6 сарын 16-ны өдрийн А/287 дугаар захирамжаар А.С*****д давхардуулан олгож газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус...” гэж тодорхойлсныг хариуцагчаас “....Ц.Б*********, Ц.Б******** нарын хувьд архивд ямар ч материал байгаагүй, Засаг даргын 2016 оны А/149 дүгээр захирамж гарсан байсан боловч мэдээллийн санд ямар ч зураг, бүртгэл байхгүй мөн архивд байгаагүй учраас давхцал гэж яригдахгүй...нэхэмжлэгч нартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоогүй бөгөөд өөрсдөө Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газар эзэмшигчийн эрх, үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан...” гэж тайлбарлан бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар /хавсралтын 269-д/ Ц.Б********* Ц.Б******** нарт Туул зөрлөг хаягт орших тус бүр 500 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон,

Уг захирамжийг үндэслэн нэхэмжлэгч нартай газар эзэмших гэрээ байгуулагдаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй,

2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Х.Эрдэнэбатаас Баянзүрх дүүргийн Газрын албанд хандан “...Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул  тосгонд байрлах 0,07 га газарт эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлт”, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Л.Х********аас “...тус дүүргийн 11 дүгээр хороо, Туул  тосгонд байрлах 0,07 га газарт мөн эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг тус тус гаргаснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” А/498 дугаар захирамжаар Х.Эрдэнэбат, Л.Х******** нарт Туул зөрлөгт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус тус 700 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар олгосон,

Уг захирамжийг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Х.Эрдэнэбатад нэгж талбарын 13******** дугаар 700.0 м.кв газрыг Гэр, орон сууцны хашааны газар зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, иргэний газар эзэмших эрхийн 000124739 дүгээр гэрчилгээг олгож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан, мөн иргэн Л.Х********т нэгж талбарын 13******* дугаар бүхий газар эзэмших эрхийн 000124738 дугаар гэрчилгээг олгож иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг тус тус байгуулсан,

2021 оны 5 дугаар сарын 11-нд Х.Эрдэнэбат, Л.Х******** нар нь иргэн А.С*****тай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, нэгж талбарын 13********, 13******* дугаар бүхий өөрсдийн 2 тусдаа эзэмшил газрыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсоны дагуу 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/287 дугаар захирамжаар А.С*****д дээрх нэгж талбарын дугаар бүхий газруудыг 15 жилийн хугацаатай олгосон үйл баримтууд тус тус тогтоогдов.

Түүнчлэн нэхэмжлэгч нар гомдол гаргаснаар 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд “...Дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шийдвэрлээгүй байна...хуульд зааснаар шийдвэрлэж...хариу мэдэгдэнэ үү” гэх албан бичгийг хүргүүлсэн,

Үүний хариуд, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “...тус иргэдийн эзэмших эрх олгогдсон газар нь газрын кадастрын мэдээллийн сан, “Ланд менежер” программд бүртгэлгүй байгаа бөгөөд архивд хувийн хэрэг нь хадгалагдаагүй тул тухайн иргэдтэй холбогдон тодруулах боломжгүй...тул гэрээ байгуулж, гэрчилгээ олгох ажил удаашралтай байна” гэх тайлбар ирүүлсэн

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ц.Б*********аас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан “...2016 оны 4 сарын 28-ны өдрийн А/199 тоот захирамжийн дагуу 0,5 га хэмжээгээр газар эзэмших эрхийг олгосон, бид холбогдох баримт, материалуудыг бүрдүүлэн өгч байсан боловч одоо хүртэлх хугацаанд... гэрээ хийгдэхгүй байсан..., газар эзэмших эрхийг минь олгож өгнө үү” гэж хандсан, тус албанаас 2021 оны 12 дугаар сарын 30-нд 13/4198 дугаар албан бичгээр “Газрын тухай хуулийн 35.3.2-т заасны дагуу эзэмшил газраа хамгаалах ёстой...Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу шүүхэд хандана уу” гэх хариу өгсөн үйл баримт мөн тогтоогдсон, эдгээр үйл баримтуудын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Хариуцагч маргаан бүхий захиргааны актаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.г, 29.1.6.а, 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийг тус тус үндэслэн “эзэмшиж байгаа газраа нэр шилжүүлэхээр хүсэлт ирүүлсэн” гэх 123 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлснийг баталгаажуулсан, уг захирамжийн хавсралтын 20, 21 дүгээрт иргэн А.С*****д 2020 оны А/498 дугаар захирамжийн Л.Х********, Х.Э********нарын эзэмшиж байсан 00*******, 00*******дугаар гэрчилгээтэй, Туул зөрлөгт орших 13******* болон 13******** нэгж талбарын дугаар бүхий тус бүр 700 м2 газрыг 15 жилийн хугацаатай олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч уг захирамжийг “...бидний эзэмшсэн газарт А.С*****д давхардуулан газар олгосон нь хууль бус тул хүчингүй болох ёстой” гэж маргасан ба хариуцагч, гуравдагч этгээд нар эс зөвшөөрч “нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх үүссэн, захирамж нь хүчин төгөлдөр байгаа тухайд маргаангүй, харин тухайн захирамжаар хаана орших, ямар нэгж талбарын дугаар бүхий хэдэн м2 газрыг нэхэмжлэгч нарт олгосон нь тодорхойгүй байхад нэхэмжлэгч А.С*****д эзэмших эрх шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгохоор маргаж байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарласан.

            Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, гэж, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ.

            Хуулийн дээр дурдсан заалтуудаас үзвэл  иргэн Л.Х********, Х.Э********нарын хууль ёсоор эзэмшиж байсан 13*******, 13******** нэгж талбарын дугаар бүхий газрын эзэмших эрхийг иргэн А.С***** нь гэрээний үндсэн дээр шилжүүлэн авснаар хуульд заасан баримт бичгүүдийг хавсаргаж хүсэлтээ гаргасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг дарга 2021 оны 06 сарын 16-ны өдрийн А/287 дугаар захирамжийг гаргасан нь хариуцагчийн хуулиар тогтоосон эрх хэмжээнд болон Газрын тухай хуулийн 38.4-т заасантай нийцсэн хууль зүйн үндэслэлтэй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн боломжгүй  гэж шүүх дүгнэв.

Нөгөө талаар, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар нэхэмжлэгч Ц.Б********* Ц.Б******** нарт Туул зөрлөг хаягт орших тус бүр 500 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг захирамж өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Б********* Ц.Б******** нарт газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамж хүчин төгөлдөр байх хэдий ч уг захирамжийг үндэслэн Дүүргийн газрын алба болон нэхэмжлэгч нарын хооронд газар эзэмших гэрээ байгуулагдаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, нэхэмжлэгч нар нь энэ талаар хүсэлт гаргасан хэдий ч шийдвэрлээгүй, нэхэмжлэгч нар тухайн асуудлаар нэхэмжлэлийн шаардлага тусгайлан гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар дүгнэлт өгөхгүй.

Иймд нэхэмжлэгч нар нь бусдын хууль ёсны газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авсан А.С*****гийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 сарын 16-ны өдрийн А/287 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгохоор маргах боломжгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар А.С*****гийн эзэмшил газар нэхэмжлэгч нарын эзэмшил газартай давхацсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгч нар “бидэнд газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамж гарах үед “Х**** ***” ХХК-ийн үйлдсэн тус тусын кадастрын зургийг дүүргийн газрын албанд өгсөн” гэж тайлбарласан боловч тухайн компанийн үйлдсэн кадастрын зураг 2016 оны  6 дугаар сарын 07-ны өдөр үйлдэгдсэн огноотой, хуулбар хувь байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхний арын хуудсанд тоон жагсаалт байх боловч энэ нь мөн албан ёсоор баталгаажигдаагүй, нэхэмжлэгч нарын эзэмших эрх бүхий газрын эргэлтийн цэгийн тоон утга гэж үзэхэд учир дутагдалтайн дээр эдгээр дурдсан зүйлүүд нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх үзэв.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.1-40.1.7-д үндэслэлүүдийг жагсаасан байх ба хуулийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл А.С*****гийн газар эзэмших хууль ёсны эрхийг баталгаажуулсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 сарын 16-ны өдрийн А/287 дугаар захирамжид үндэслэн олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй, нэхэмжлэлд дрдсан үндэслэлүүд нь хуульд заасан, гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байх тул шүүх, газар эзэмших эрхийн 000*******, 00******* дугаар гэрчилгээнүүдийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгосон болно.

Харин, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамж хүчин төгөлдөр байгаа нөхцөлд нэхэмжлэгч нар нь Дүүргийн газрын албанд өөрсдийн эзэмшихийг хүсч байгаа газрын кадастрын зургийг хавсарган хүсэлтээ гаргах, хүсэлтийг шийдвэрлээгүй тохиолдолд тухайн асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.г, 29.1.6.а, 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б*********, Ц.Б******** нарын гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 сарын 16-ны өдрийн А/287 дугаар захирамжийн А.С*****д холбогдох, Баянзүрх дүүрэг 11-р хороо, Туул зөрлөг 13*******, 13******* нэгж талбарын дугаар бүхий тус бүр 700 м.кв гэр, орон сууцны хашааны газрыг 15 жилийн хугацаатай олгосон хэсэг болон газар эзэмших эрхийн 000*******, 00******* дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Н.ДУЛАМСҮРЭН