Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2022/0629

 

 

 

                     Ц.Б, Ц.Б нарын

  нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х нар,

Нэхэмжлэгч: Ц.Б, Ц.Б нар,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: З.С,

                                 Л.Х,

                                 Х.Э нар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 сарын 16-ны өдрийн А/287 дугаар захирамжийн А.Сд холбогдох, Баянзүрх дүүрэг 11-р хороо, Туул зөрлөг 1333109066, 1333109065 нэгж талбарын дугаар бүхий тус бүр 700 м.кв гэр, орон сууцны хашааны газрыг 15 жилийн хугацаатай олгосон хэсэг болон газар эзэмших эрхийн 000149897, 000149898 дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 554 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, гуравдагч этгээд А.С, гуравдагч этгээд А.Сгийн өмгөөлөгч Д.М нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул, 

Хэргийн индекс: 128/2022/0148/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Б, Ц.Б нар нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 сарын 16-ны өдрийн А/287 дугаар захирамжийн А.Сд холбогдох, Баянзүрх дүүрэг 11-р хороо, Туул зөрлөг 1333109066, 1333109065 нэгж талбарын дугаар бүхий тус бүр 700 м.кв гэр, орон сууцны хашааны газрыг 15 жилийн хугацаатай олгосон хэсэг болон газар эзэмших эрхийн 000149897, 000149898 дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 554 дүгээр шийдвэрээр “Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.г, 29.1.6.а, 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б, Ц.Б нарын “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 сарын 16-ны өдрийн А/287 дугаар захирамжийн А.Сд холбогдох, Баянзүрх дүүрэг 11-р хороо, Туул зөрлөг 1333109066, 1333109065 нэгж талбарын дугаар бүхий тус бүр 700 м.кв гэр, орон сууцны хашааны газрыг 15 жилийн хугацаатай олгосон хэсэг болон газар эзэмших эрхийн 000149897, 000149898 дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1.  Шүүх нэхэмжлэлд дурдсан давхардал байгаа эсэхийг эрх бүхий байгууллагаас тодруулаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “... газар давхардуулж олгосон эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон. Маргаан бүхий байршилд нэхэмжлэгчийг газар эзэмшиж байсан талаар баримт байхгүй, кадастрын зураг мэдээллийн санд ороогүй, гэрээ болон гэрчилгээ байхгүй, маргаан бүхий байршилд одоо хүчин төгөлдөр байгаа захирамжийн дагуу эзэмшиж байгаа нь тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл, гэрчилгээ бичүүлээгүй, гэрээ байгуулаагүй, мэдээллийн санд ороогүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийг газар эзэмшигч биш гэж шүүх дүгнэлт гаргаж, үүнийгээ үндэслэж шийдвэрээ гаргасан. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчид газар олголт хийхдээ нэхэмжлэгчид өгсөн солбилцлын утга болон гуравдагч этгээдүүдийн нэгж талбар болон эргэлтийн цэгийг хариуцагч гуравдагч этгээдэд хүлээлгэн өгсөн эргэлтийн цэгүүд хэрэгт авагдсан байхад эдгээр солбилцлуудыг шүүх эрх бүхий байгууллагаар давхцуулж үзээгүй атлаа “давхардаагүй” гэж дүгнэлт хийж, шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, газрын давхцалыг харуулсан кадастрын зураг, хэрэгт авагдсан талуудын солбилцлуудыг давхцуулсан зураг хэрэгт авагдаагүй, давхцалгүй гэх үндэслэлийг нотлох баримт хэргийн материалд авагдаагүй байхад талуудын гаргаж байгаа тайлбар болон гэрээ, гэрчилгээгүй гэсэн үндэслэлээр уг газрыг давхцалгүй гэж үзэх боломжгүй. Энэ байдлаас шүүх нэхэмжлэл болон хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй болохыг харуулдаг. Мөн нэхэмжлэгч өөрөө үүнийг зохиож авагдсан солболцлын утгыг боловсруулах боломжгүй, боловсруулсан байлаа ч хамт өөр хүмүүсийн солболцлын утга хэрэгт авагдсан байгаа байдал нь хариуцагч байгууллагын зөвшөөрлөөр нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмшсэн болох нь нотлогддог.

            3.2. Шүүх хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэм бурууг нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэг мэтээр андуурч, хариуцагчийн гэм бурууг нэхэмжлэгчид халдаан хэрэглэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд маргаан бүхий байршилд газрын захирамж гарсан, гэрчилгээ авахаар хүсэлтээ өгсөн, нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн захирамж өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа үйл баримтыг хариуцагч хүлээн зөвшөөрдөг бөгөөд гуравдагч этгээдүүд мөн адил энэ тал дээр маргадаггүй. Нэхэмжлэгч нь “Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу уг газрыг эзэмшдэг, гагцхүү хариуцагч нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжийн архивын баримт олдохгүй байгаа” гэсэн үндэслэлээр гэрчилгээ бичигдээгүй, гэрээ байгуулагдаагүй талаараа шүүх хуралдаанд тайлбар гаргаж оролцдог төдийгүй, энэ талаар буюу гэрээ байгуулж, гэрчилгээ бичүүлэх талаар нэхэмжлэгч нь хариуцагчид хандсан байсан талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан, хариуцагч нэхэмжлэгчид гэрээ байгуулж, гэрчилгээ бичиж өгөхөөс өнөөдрийг хүртэл албан ёсоор татгалзал илэрхийлээгүй. Хүчин төгөлдөр захирамжийг үндэслэн гэрчилгээ бичиж, гэрээ байгуулах, мэдээллийн санд кадастрын зураг оруулах үүрэг нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэг биш, харин хариуцагч байгууллагын хуулиар хүлээсэн үүрэгт хамаарах талаар хуулийн зохицуулалттай. Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгтээ “маргаан бүхий байршил дээр нэхэмжлэгчийн нэр дээр гэрээ байгуулж, гэрчилгээ бичигдээгүй, маргаан бүхий байршил кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгчийн нэр дээр байхгүй тул нэхэмжлэгчийг газар эзэмшигч биш гэж үзэж, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөхгүй” гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Гэтэл нэхэмжлэгч нар маргаан бүхий газрыг Засаг даргын захирамжийн дагуу эзэмшдэг, гэрээ байгуулж, гэрчилгээ бичүүлэхээр Газрын албанд хандсан байсан, хариуцагч архивын баримт олдохгүй байгаа гэсэн хариу албан бичгүүд хэрэгт авагдсан байхад шүүх энэ байдлыг харгалзаж үзээгүй нэхэмжлэгчийг газар эзэмшигч биш гэж дүгнэлт гарган шийдвэрээ гаргахдаа хариуцагчийн хуулиар хүлээсэн хүчин төгөлдөр захирамжийн дагуу гэрчилгээ бичиж, гэрээ байгуулж, мэдээллийн санд кадастрын зураг оруулах үүргээ хэрхэн биелүүлсэн тал дээр огт дүгнэлт хийгээгүй төдийгүй энэ байдлыг илтэд гуйвуулан хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөж байгааг анхаарч үзэлгүй нэхэмжлэгчийг гэм буруутай мэтээр дүгнэсэн үндэслэлгүй.

            3.3. Шүүх хэргийн үйл баримыг нягталж үзээгүй төдийгүй гуравдагч этгээдүүдэд газрын эзэмшил нэхэмжлэгчээс өмнө эсвэл хойно үүссэн эсэх, гуравдагч этгээдүүдэд хуулийн хүрээнд газрын эзэмшил үүсэн эсэхэд огт дүгнэлт хийгээгүй. Хариуцагчаас маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар хүсэлт гаргасан газрын байршил нь бусдад эзэмшүүлж болох эсэх, тус газарт бусдын эзэмшил, ашиглалт үүссэн эсэхийг шалгаж тодруулах, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцсэн эсэхийг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй байдалд шүүх огт дүгнэлт хийгээгүй төдийгүй, энэ байдлыг нягталж, нотлох үүргээ хэрэгжүүлээгүйд гомдолтой байна.

            3.4. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс газар эзэмших эрх олгосон шийдвэр гарснаас хойш газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулах талаар хариуцагчид хандаж байсан талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Гуравдагч этгээд “маргаан бүхий газрыг худалдаж, шилжүүлсэн ут хэлцлийн дагуу Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлт гаргаж, захирамж гарсан баримтууд хэрэгт авагдсан. Маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захиргааны шийдвэр гарсан, уг шийдвэр өнөөдрийг хүртэл хүчинтэй болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогддог. Гагцхүү захиргааны байгууллага болох Газрын албанаас өмнөх буюу нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх тухай шийдвэр хэвээр үйлчилж байхад тухайн газрыг дахин өөр иргэнд /гуравдагч этгээдэд/ эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан, шүүх хурал дээр энэ талаар маргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн нэхэмжлэгчийг хуульд заасны дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ бичүүлээгүй талаар дүгнэлт хийж, үүнийг үндэслэж шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Харин хариуцагч татгалзлаа “... нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн зөрчигдсөн болох нь ойлгомжгүй, гэрээ байгуулаагүй, гэрчилгээ бичүүлээгүй тул нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй”, газар эзэмшигч биш гэсэн үндэслэлүүдийг шүүх хуралдаан дээр гаргаж, шүүх үүнийг хүлээн зөвшөөрч шийдвэрээ гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн хариуцагчийн шийдвэр өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр байгаа төдийгүй Газрын алба хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгч хохирсон болохыг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Түүнчлэн, хариуцагчаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд хоёр тусдаа захирамжаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн дээрх газар нь хоёр өөр байршилтай талаар татгалзлын үндэслэлээ болгож маргаагүй, “нэхэмжлэгчид газрын хувийн хэрэг нээгээгүй, кадастрын зураг авагдаагүй, нэгдсэн мэдээллийн санд бүртгэлгүй” талаар хариуцагчаас тайлбарласан байхад “газрын давхцалгүйг харуулсан кадастрын зураг байхгүй, түүнийг нотлох баримт хэргийн материалд авагдаагүй” байхад энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Мөн маргаан бүхий газар нь нэг газар болох эсвэл өөр өөр газар болох талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй.

            3.5. Шүүх маргаан бүхий байршилд анх хатгасан хашааг гуравдагч этгээд А.С нурааж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд хоорондоо маргалдаж байсан байдал нь нэхэмжлэгч анх маргаан бүхий газрыг өөрийнхөө эзэмшилд байлгаж байсан болохыг нотолдог. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад маргаан бүхий байршилд нэхэмжлэгч анх хашаа хатгасан талаар, мөн энэ үед эзэмшилдээ байлгаж байх хооронд гуравдагч этгээд А.С нь хашааг гуравдагч этгээд Х.Э болон Л.Х нараас худалдаж авсан гэх үндэслэлээр хашааг нурааж, талуудын хооронд хэрүүл маргаан үүссэн талаар тайлбарууд хэрэгт авагдсан. Гэтэл шүүх талуудын хашааны эзэмшлийн талаар зөрүүтэй тайлбар гаргаж байхад үүнийг нягталж үзээгүй төдийгүй нэхэмжлэгч нь хариуцагчаас өгсөн солбилцлын дагуу анх хашаагаа 2016 онд хатгаж эзэмшилдээ байлгаж байхад сүүлд 5 жилийн дараа 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн өглөө гэнэт А.С ирж нураасан. Хашаа хатгасан 2016 оноос нураах хүртэл 2021 он хүртэл маргаан бүхий хашаанд гуравдагч этгээд гэх хүмүүс огт амьдраагүй байхад энэ байдлыг шүүх мөн адил харгалзаж үзээгүй. Дээрх байдал нь хариуцагчаас гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “...Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2.1.2, 2.1.3 дахь хэсэгт зааснаар суурин болон хээрийн судалгаа хийхгүйгээр гуравдагч этгээдэд газар олгосон шийдвэр нь зорилгодоо нийцээгүй хууль бус шийдвэр гаргаж, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн болохыг давхар нотолдог. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчид газар олголт хийсэн захирамж өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр, маргаан бүхий байршилд нэхэмжлэгч хариуцагчийн өгсөн солбилцлын дагуу хашаагаа хатгаж, эзэмшилдээ байлгаж байсан, мөн гэрчилгээ гаргуулж, гэрээ байгуулах талаар хүсэлтээ хариуцагч байгууллагад гаргаж байсан баримтуудад огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Дээрх нөхцөл байдлуудаас нэхэмжлэгч газрыг хууль ёсоор эзэмших, ашиглах хүсэл сонирхлоо илэрхийлж, хариуцагчийн өгсөн зөвшөөрөл, солбилцлын дагуу хашаа хатгаж маргаан бүхий газрыг эзэмшилдээ байлгаж байсан байхад хууль ёсоор гэрээ байгуулж, гэрчилгээ бичүүлээгүй тул нэхэмжлэгч биш гэсэн агуулгаар нэхэмжлэгчийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

            3.6. Иймд гомдлыг хангаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2022/0554 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна. 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

2. Шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х нарын давж заалдах гомдлыг хангаж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж  шийдвэрлэлээ.

            2.1. Нэхэмжлэгч Ц.Б, Ц.Б нар нь “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 сарын 16-ны өдрийн А/287 дугаар захирамжийн А.Сд холбогдох, Баянзүрх дүүрэг 11-р хороо, Туул зөрлөг 1333109066, 1333109065 нэгж талбарын дугаар бүхий тус бүр 700 м.кв гэр, орон сууцны хашааны газрыг 15 жилийн хугацаатай олгосон хэсэг болон газар эзэмших эрхийн 000149897, 000149898 дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

            2.2. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар, маргааны үйл баримтаас үзвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/149 дүгээр захирамжаар Ц.Б Ц.Б нарт “Туул зөрлөг” хаягт орших тус бүр 500 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон боловч газар эзэмших гэрээ байгуулагдаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй байна.

            2.3. Харин гуравдагч этгээд нарын тухайд, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” А/498 дугаар захирамжаар Х.Э, Л.Х нарт “Туул зөрлөгт” гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус тус 700 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар олгосон, уг захирамжийг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Х.Эад нэгж талбарын 1333109066 дугаар бүхий 700.0 м.кв газрыг эзэмшүүлж, 000124739 дүгээр газар эзэмших гэрчилгээг олгож, “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан, Л.Хт нэгж талбарын 1333109065 дугаар бүхий газар эзэмших эрхийн 000124738 дугаартай гэрчилгээг олгож “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан, улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/287 дугаар захирамжаар А.Сд дээрх нэгж талбарын дугаар бүхий газруудыг 15 жилийн хугацаатай олгож, А/498 дугаар захирамжийн Л.Х, Х.Э нарт холбогдох  хэсгийг хүчингүй болгожээ.

            2.4. Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т тус тус  зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй.

            2.5. Гэтэл анхан шатны шүүх дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан дүгнэлт хийлгүйгээр “... А/287 дугаар захирамж Газрын тухай хуульд нийцсэн, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, ... А/149 дүгээр захирамжаар Ц.Б Ц.Б нарт “Туул зөрлөг” хаягт орших тус бүр 500 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, ... А/149 дүгээр захирамж хүчин төгөлдөр хэдий ч уг захирамжийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулагдаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, нэхэмжлэгч нар нь энэ талаар хүсэлт гаргасан хэдий ч шийдвэрлээгүй, нэхэмжлэгч нар тухайн асуудлаар нэхэмжлэлийн шаардлага тусгайлан гаргаагүй тул энэ талаар дүгнэлт өгөхгүй, ... нэхэмжлэгч нар нь А.Сгийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан А/287 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгохоор маргах боломжгүй, А.Сгийн эзэмшил газар нэхэмжлэгч нарын эзэмшил газартай давхацсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, ... нэхэмжлэгч нар нь дүүргийн Газрын албанд өөрсдийн эзэмшихийг хүсч байгаа газрын кадастрын зургийг хавсарган хүсэлтээ гаргах, хүсэлтийг шийдвэрлээгүй тохиолдолд тухайн асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргахад энэ шийдвэр саад болохгүй” гэх зэргээр зөрүүтэй, ойлгомжгүй дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

            2.6. Тодруулбал, нэхэмжлэгч нараас “... 149 дүгээр захирамжаар газар эзэмших эрх үүссэн, газартаа хашаа татаж, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулж авахаар дүүргийн Засаг даргад хандсан боловч гэрчилгээг гаргаж өгөхгүй байсаар А.Сд давхардуулан газар олгосон” гэж тайлбарлан маргаж байхад нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгч нар нь газар эзэмших гэрчилгээ гаргуулах, гэрээ байгуулахаар хариуцагчид хэзээ, хэрхэн хандсан, түүнийг хариуцагч хэрхэн шийдвэрлэсэн, 149 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэхдээ газрын хаяг байршлыг “Туул зөрлөг” гэснээс өөрөөр заагаагүй тул нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн гэх газар нь А.Сд эзэмшүүлсэн газартай давхцаж байгаа эсэх, нэхэмжлэгч нар нь А.Сд газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй эсэх, маргаан бүхий газрыг бодитоор хэн эзэмшиж, ашиглаж байгаа зэргийг бүрэн тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх 149 дүгээр захирамжийг хүчин төгөлдөр гэж үзсэн атлаа “...өөрсдийн эзэмшихийг хүсч байгаа газрын кадастрын зургийг хавсарган хүсэлтээ гаргах, хүсэлтийг шийдвэрлээгүй тохиолдолд тухайн асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргах боломжтой” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Учир нь ийнхүү дүгнэснээр уг маргаан эцэслэн шийдвэрлэгдэхгүй бөгөөд нэхэмжлэгч нар анхнаасаа л “маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй, уг байршилд нэхэмжлэгч анх хашаа хатгасан, өөрийн эзэмшилдээ байлгаж байх хугацаанд А.С хашааг нурааж, маргаан үүссэн” гэж тайлбарлан маргаж байгааг тэмдэглэх нь зүйтэй.  

            2.7. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр, 27.4-д хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглохоор тус тус заасан. Ц.Бын газрын эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг Баянзүрх дүүргийн Газрын албаны “хуулбар үнэн” тэмдэгтэй хэрэгт авагдсан байх бөгөөд хариуцагчаас “... нэхэмжлэгч нарт эзэмших эрх олгогдсон газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй, архивд хувийн хэрэг хадгалагдаагүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа, эсхүл хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх бодит байдалд зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн эсэхийг харгалзан үзсэний үндсэн дээр хэргийг нэг мөр шийдвэрлэх ёстой.

3. Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан баримтуудаар давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөж уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 554 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                                                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН    

       ШҮҮГЧ                                                                 С.МӨНХЖАРГАЛ

                  ШҮҮГЧ                                                                     Н.ДОЛГОРСҮРЭН