Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2023/0573

 

 

 

 

 

 

 

 

 

   Ц.Б, Ц.Б нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд А.С, Л.Х, Х.Э, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Д.М,

Нэхэмжлэгч: Ц.Б, Ц.Б

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: А.С, Л.Х, Х.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/287 дугаар захирамжийн А.С-д холбогдох, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Туул зөрлөг 1333109066, 1333109065 нэгж талбарын дугаар бүхий тус бүр 700 м.кв гэр, орон сууцны хашааны газрыг 15 жилийн хугацаатай олгосон хэсэг болон газар эзэмших эрхийн 0001149897, 000149898 дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 556 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,

Гуравдагч этгээд Л.Х, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2022/0148/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Б, Ц.Б нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/287 дугаар захирамжийн А.С-д холбогдох, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Туул зөрлөг 1333109066, 1333109065 нэгж талбарын дугаар бүхий тус бүр 700 м.кв гэр, орон сууцны хашааны газрыг 15 жилийн хугацаатай олгосон хэсэг болон газар эзэмших эрхийн 0001149897, 000149898 дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 556 дугаар шийдвэрээр: “...1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27 дугаар зүйлийн 27.4, 35 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 6 сарын дугаар 16-ны өдрийн А/287 дугаар захирамжийн А.С-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 6 сарын дугаар 16-ны өдрийн А/287 дугаар захирамжийн А.С-д холбогдох хэсгийг хүчингүй болохыг мэдэгдэж...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд А.С, өмгөөлөгч Д.М нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй. Нэхэмжлэлийн агуулгыг буруу ойлгож, маргаан бүхий захиргааны актыг буруу тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасан “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж гэрчилгээ олгогдоогүй бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газар эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэх дүгнэлт нь маргаан бүхий А/287 захирамжтай огт хамаагүй. Харин 2016 оны А/149 дугаартай захирамжид холбогдох дүгнэлт юм.

 

3.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д: “Түүнчлэн маргаан бүхий газрыг нэхэмжлэгч нар эзэмшиж байсан гэх боловч тухайн газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй газар эзэмшүүлсэн хувийн хэрэг, газар эзэмших талаар нь гаргасан хүсэлт, газрын кадастрын зураг, зэрэг баримтууд архивд хадгалагдаагүй байгаа нь гуравдагч этгээдүүдийн эзэмшиж буй газартай байршлын хувьд давхацсан болохыг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна” гэх дүгнэлт нь мөн л маргаан бүхий А/287 захирамжид шууд хамаарах дүгнэлт гэхээсээ илүүтэй 2016 оны А/149 дугаартай захирамжид холбогдох дүгнэлт юм. Нэхэмжлэгч нар ганцхан захирамжтай өөр юу ч байхгүй байна. Түүнчлэн А/149 захирамжийн хавсралтын 263, 271-д зааснаар Туул зөрлөгт Ц.Б, Ц.Б нарт тус бүр 500 м.кв талбайтай газрыг эзэмшүүлэхээр заасан. Нэхэмжлэгч нар нь А.Сгийн одоо эзэмшиж байгаа 1400 м.кв газарт хоёр нэхэмжлэгчийн 1000 м.кв газар давхацсан гэдгээ нотолж чадаагүйгээс гадна шүүхээс нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулахад яг тухайн газар мөн гэсэн нотлох баримтууд байхгүй байгаа буюу нотлогдоогүй болно.

 

3.3. Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлдэг. А.С-д газар эзэмшүүлсэн маргаан бүхий А/287 захирамжийн тухайд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн ойлгомжгүй, тодорхойгүй зүйл байхгүй.

 

3.4. Нэгэнт нэхэмжлэгч нар тухайн цаг үедээ газар эзэмших хүсэлт гаргаж байсан эсэх, кадастрын зураг хийлгэж, бүрдүүлэх бичиг баримтуудаа бүрдүүлэн газрын албанд өгсөн гэдгээ нотолж чадахгүй байгаа. Нөгөө талдаа хариуцагч байгууллагаас “тухайн үедээ нэхэмжлэгч нар бүрдүүлэх ёстой бичиг баримтуудаа бүрдүүлж өгөөгүй гэж маргаж, энэ нь нотлогдсон учраас шүүх нэхэмжлэлийн үндэслэл нотлогдохгүй байна хэмээн хэрэгсэхгүй болгох ёстой байсан. Гэрчилгээ, кадастрын зураггүй хэрэгжээгүй захирамжид нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд шударгаар хуульд нийцүүлэн газар эзэмшиж байгаа А.С-ийн хүчин төгөлдөр гэрчилгээг хүчингүй болгох дагаварт хүргэж болзошгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

 

3.5. А.С-ийн эзэмшиж байгаа газрыг Л.Х, Х.Э нар анх 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүсэлт гаргаж, 2017 оны намар Цайз модны захаас хашааны мод авч хашаа татан эзэмшилдээ авсан болохыг гэрч мэдүүлсэн. Тэгвэл нэхэмжлэгч нар тухайн газраа бодитоор эзэмшилгүй явсны эцэст 2022 онд буюу 5 жилийн дараа шүүхэд хандах болов. Энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй.

 

3.6. Нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд ирээгүй учраас хурлыг хойшлуулж дараа нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хурал болоход нэг нэхэмжлэгч болох Ц.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э ирсэн бол нөгөө нэхэмжлэгч болох Ц.Б ирээгүй. Энэ тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-д “Шүүх энэ хуулийн 91.2-т заасан этгээдийг заавал байлцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж, дахин дуудан ирүүлэх бөгөөд хоёр дахь удаагаа ирээгүй бол нэхэмжлэлийг буцаана.” гэж заасны дагуу Ц.Б-ын нэхэмжлэлийг буцаах ёстой байсан.

 

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Л.Х, Х.Э нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

4.1. “...Л.Х би өөрийн хүү Х.Эын хамт 2017 оны 01 дүгээр сарын 30-нд газрын албанд хүсэлт гаргасан ба хүн эзэмшээгүй хоосон газар дээр цэг тавиулж, кадастрын зураг хийлгээд давхцалгүй байсан учраас тухайн газрыг бидэнд эзэмшүүлсэн.

 

4.2. Улмаар 2017 онд Цайз захын модны захаас хашааны мод авч хашаа татаж, гэрээ барьж, газраа эзэмшиж байгаад 2021 онд газар худалдах зар тавьж улмаар А.С-д газар эзэмших эрхээ худалдсан. Биднийг газар дээрээ амьдарч байх хугацаанд хэн нэгэн хүн ирж манай газар гэдэг ч юм уу, маргаан үүсгэж байсан удаагүй юм. Газраа худалдсаны дараа А.С 2022 онд залгаад шүүхээс дуудагдлаа юу болоод байгаа юм бэ гэж асууснаар Ц.Б, Ц.Б гэх хүмүүсийг мэдсэн. Туул зөрлөгт олон газар байгаа нэхэмжлэгч нарын яриад байгаа газар нь өөр байршилд байх боломжтой.

 

4.3. Би болон Э хуулийн дагуу газрыг эзэмшиж байгаад А.С-д шилжүүлэхэд А.С модон хашааг буулгаад төмөр хашаа татаад өөрийн гэр орноо нүүлгэж ирээд амьдарч байгаа. Бид хууль зөрчөөгүй учраас хуулийн дагуу А.С-д гэрчилгээ олгогдсон байхад дахиж шийдвэр гарга гэсэн нь оновчгүй шийдвэр байна гэж бодож байна.

 

4.4.      Нэхэмжлэгч нар гэрчилгээгээ аваагүй хүсэлт ч гаргаагүй байхад зүв зүгээр байж байсан А.С-ийн гарсан гэрчилгээг дахиж гарга эсвэл гаргахгүй бай гэсэн утгатай шийдвэр гарсан юм болов уу? гэж ойлгогдоод байна.

 

Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд нар болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Шүүхээс гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч Ц.Б, Ц.Б нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/287 дугаар захирамжийн А.С-д холбогдох, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Туул зөрлөг 1333109066, 1333109065 нэгж талбарын дугаар бүхий тус бүр 700 м.кв гэр, орон сууцны хашааны газрыг 15 жилийн хугацаатай олгосон хэсэг болон газар эзэмших эрхийн 0001149897, 000149898 дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

2.2. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагчаас “...байгууллагын архивын сан хөмрөгт байнга хадгалагдаж буй дүүргийн Засаг даргын захирамжтай холбогдох Ц.Б, Ц.Б нарт газар эзэмших эрх олгосон захирамж байгаа боловч хувийн хэрэг байхгүй. Газар эзэмших эрх хүссэн хүсэлт байхгүй. Ийм учраас хүчин төгөлдөр газар эзэмших эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй” гэж, харин гуравдагч этгээд нараас “... нэхэмжлэгч нар нь 2016 онд тус газрыг эзэмшсэн гэж байгаа боловч зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй хирнээ 5 жилийн дараа гэнэт миний эзэмшлийн газар гээд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарлан маргаж байна.

 

2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжийн хавсралтын 269 дүгээрт Цэрэндоржийн Баяржаргал, 271 дүгээрт Ц.Б нарт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул зөрлөгт тус бүр 500 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар олгосон байх бөгөөд харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” А/498 дугаар захирамжийн хавсралтын 259 дүгээрт Х.Э, 337 дугаарт Л.Х нарт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул зөрлөгт тус бүр 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар олгосныг мөн дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/287 дугаар захирамжийн хавсралтын 20, 21 дугаарт дээрх хаягт байрлах нэгж талбарын 1333109065, *******дугаартай, тус бүр 700 м.кв газрын эзэмших эрхийг А.С-д шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна.

 

2.4. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд газар эзэмших тухай хүсэлт гаргах талаар нарийвчлан зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж заасан байхад хариуцагчаас  хуульд заасан шаардлагын дагуу холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн авах үүргээ хэрэгжүүлээгүй, кадастрын мэдээллийн санд оруулаагүй атлаа нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлтийг хүлээн авч Засаг даргын газар эзэмшүүлэх захирамжийг гаргасан.

 

2.5. Үүний улмаас хариуцагч захиргааны байгууллагаас гуравдагч этгээд Л.Х, Х.Э нарт газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх хуулийн үндсэн шаардлагыг зөрчиж гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгосноор маргаан бүхий захиргааны акт гарах үндэслэл болжээ.

 

2.6. Учир нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “...дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, ...ийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсэн хуулийн зохицуулалттай.

 

2.7. Мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын /маргаан бүхий акт гарах үед үйлчилж байсан/ 2008 оны 83 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 5.2-т “Шинээр газар эзэмшүүлж, ашиглуулах тохиолдолд”, 5.2.2-т “Тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг шалгах”, 6.1-д “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ”, 6.2-т “Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд: 6.2.1. Өргөдөлд дурьдсан газрын хил заагийг газарт шилжүүлж, урьдчилсан байдлаар солбицлыг тогтоох, тэмдэгжүүлэх”, 6.2.2. “Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах”, 6.5-д “Хээрийн судалгаа хийх явцад ямарваа зөрчил илэрсэн бол түүнийг шийдвэрлэх боломжтой эсэхийг тодорхойлон, хэрэв боломжтой бол зөрчлийг арилгах арга хэмжээг авсаны дараа ажлын файлд үр дүнг оруулна” гэж заажээ.

 

2.8. Хууль болон журмын дээрх зохицуулалтуудаас үзвэл захиргааны байгууллага бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэр гаргахын өмнө тухайн шийдвэрт хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг, тухайлбал энэ тохиолдолд газар ашиглах эрх үүссэнээс хойш нэхэмжлэгч нар газар дээрээ оршин суусан эсэх, оршин суугаагүй бол энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тухайн газар дээр хээрийн судалгаа хийж тогтоох, шийдвэрийн үндэслэлд хамаарах нөхцөл байдлын талаар чиглэгдсэн этгээдэд мэдэгдэж, лавлаж тодруулах зэрэг хэлбэрээр шийдвэрийн үндэслэл тус бүрт хамаарах нөхцөл байдлыг нарийвчлан тогтоох хуулиар хүлээсэн үүрэгтэй атал хариуцагч нь эдгээрийг бүрэн дүүрэн тогтоогоогүй байх тул анхан шатны шүүхээс “...Нэхэмжлэгч нарт эзэмших эрх олгогдсон газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй, архивд хувийн хэрэг хадгалагдаагүй байгаа хэдий ч дээрх нэгж талбарын зураг, нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актад заасан газар нь маргаан бүхий буюу гуравдагч этгээд А.С-ийн газартай давхцалтай эсэх, хэрэв давхцалтай бол ямар хэмжээгээр давхцсан эсэхийг цаашид тодруулах шаардлагатай..., хэрэв 2016 оны актаар нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгсөн бол уг газрыг хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх бодит байдалд зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн эсэхийг харгалзан үзэх...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

2.9. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас газар эзэмшүүлэх захирамж гаргахдаа хаана олгосон болохоо тодорхойлж чадаагүй бөгөөд нэхэмжлэгч нар тухайн маргаан бүхий газрыг зааж өөрийн эзэмшил газарт модон хашаа татаж хашаалсан гэж тайлбарлаж байх боловч уг хашаа нь нэхэмжлэгч нарынх эсхүл гуравдагч этгээд нарын хашаа эсэхийг тодруулах хээрийн судалгаа хийгээгүй, түүнчлэн нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгосон А/149 дүгээр захирамжийг эрх бүхий байгууллагаас хүчингүй болгосон, эсхүл нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг аливаа байдлаар цуцалсан, дуусгавар болгосон эрх зүйн акт гараагүй байх тул шийдвэрт хамаарах нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулж шалган, баримтаар нотолсны эцэст гуравдагч этгээд А.С-д газар эзэмших эрх олгох эсэх талаар дахин шийдвэр гаргах нь зүйтэй.

 

2.10. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх хүссэн хүсэлт болон хувийн хэрэг байхгүй учир хүчин төгөлдөр газар эзэмших эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй” хэмээн тайлбарлаж байх боловч захиргааны байгууллага нь Газрын тухай хуулийн 23.4.2-т заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох болон холбогдох журамд заасан газрын хувийн хэргийн бүрдлийг шалгаж, хадгалах чиг үүргээ биелүүлээгүй, харин нэхэмжлэгч Ц.Б-ын тухайд 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр газрын эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зургийг ХА ХХК-иар хийлгэж, газрын хил заагийг тодорхойлуулсан баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны А/149 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул зөрлөг гэх хаягт 20 хүнд газар олгосон гэх газрын солбилцол бүхий баримт байх боловч тухайн газрын аль хэсэгт нэхэмжлэгч нарт олгосон болох нь тодорхойгүй байна.

 

2.11. Энэ тохиолдолд дээрх нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгээр тодорхойлогдсон газар нь гуравдагч этгээд А.С-ийн газартай давхцаж байгаа эсэх нь тодорхой бус, тус бэхэлсэн эргэлтийн цэгтэй давхцаагүй бол уг газрыг гуравдагч этгээд эзэмшиж болох эсэх нь тодорхойгүй төдийгүй хариуцагч маргаан бүхий актыг гаргахын өмнө эдгээр нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй, энэ талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаж өгөөгүй байх тул анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлуудыг шалгаж тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасантай нийцсэн байна.

 

2.12. Тодруулбал, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх үүссэний дараа гуравдагч этгээдэд газар олгосон хариуцагчийн буруутай үйл ажиллагааг зөвтгөх боломжгүй бөгөөд гомдолд дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, маргаан бүхий захирамжийн холбогдох хэсгийг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлгүй.

 

2.13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж заасан бөгөөд шүүхээс нэхэмжлэгч Ц.Б-д 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, мөн нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж ирээгүйтэй холбогдуулан хэргийн оролцогч нараас түүнд холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар хүсэлт гаргаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, мөн нэхэмжлэгч Ц.Б, Ц.Б нарын тухайд нэхэмжлэлийн шаардлага нь ижил агуулгатай төдийгүй өөрсдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалуулахаар Ц.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа энэ тохиолдолд зэргэлдээ газрын эзэн Ц.Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаагүй нь дээрх хуулийн шаардлагад нийцсэн байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

 

2.14. Мөн гуравдагч этгээд А.С, түүний өмгөөлөгч Д.М нар давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгч нар тухайн газраа бодитоор эзэмшилгүй явсны эцэст 2022 онд буюу 5 жилийн дараа шүүхэд хандсан талаар шүүх дүгнэлт хийгээгүй” гэсэн байх бөгөөд харин нэхэмжлэгчээс “...2016 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг авч, тус газартаа хашаа татан, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар дүүргийн Засаг даргад хандсан боловч уг хүсэлтийг нь шийдвэрлээгүй, ...амьдралын шаардлагаар Төв аймгийн Сэргэлэн суманд хөдөө айлыг мал хариулж байсан учир энэ газартаа байхгүй байсан...2021 онд модон хашааг буулгаж төмөр хашаа татах үед 2020 онд гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгосон, түүнийгээ А.С гэх хүнд зарсан гэдгийг мэдсэн” хэмээн тайлбарлаж байх тул тус гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

2.15. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий актын талаар хэрэгт авагдсан баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж маргаан бүхий актыг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн зөв байна.

 

Иймд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нар болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 556 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нар болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА