Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/01421

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 02 өдөр                   Дугаар 102/ШШ2021/01421                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” ХХК-д  холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 56,769,907 /тавин зургаан сая долоон зуун жаран есөн мянга есөн зуун долоо/ төгрөг гаргуулах тухай үндсэн,

утасны үнийг 11,993,459 /арван нэгэн сая есөн зуун ерэн гурван мянга дөрвөн зуун тавин ес/ төгрөгөөр бууруулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунболд, Т.Анхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Цэцэнбилэг, хариуцагчийн төлөөлөгч Ж.Батбэлэг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцоож, Б.Эрхэмбаяр, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: МУ-ын ЗГ-ын 2013 оны 250 тоот тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх, ЕБС-ийн сурагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан дүрэмт хувцсаар хангах зорилгоор ҮХХААЯ болон манай компанийн хооронд 2013.07.24-ний өдөр ХҮГСДХ-1/9 тоот гэрээ байгуулж, манайд 183,0 сая төгрөгийн зээл олгогдсон ба уг санхүүжилтээр 10.5 тн хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэж, ээрсэн утсыг сүлжмэлийн нэр бүхий үйлдвэрүүдэд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх гэрээний дагуу зохигчийн хооронд 2013.07.22-ны өдөр байгуулсан МБ-01 тоот Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан гэрээний дагуу манайх Б ХХК-д 2,389 кг буюу 69,226,630 төгрөгийн үнэ хонины ноосон ээрмэл утсыг гэрээний 5.1-т заасны дагуу зээлээр нийлүүлсэн. 2 талын санхүүгийн тооцоогоор гэрээний дагуу нийлүүлсэн утасны төлбөрийн нийт үлдэгдэл 37,846,605 төгрөг гарсныг 2017.02.24-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаагаар тооцоо нийлж, баталгаажуулсан. Үлдэгдэл төлбөр тооцоог барагдуулах талаар утсаар болон албан бичгээр хариуцагчид мэдэгдсэн ч төлөөгүй өдийг хүрлээ. Дээрх зээлийн төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй удааж байгаагаас болж ХХААХҮЯ манай компанийг удаа дараагийн төсөл, хөнгөлөлттэй нөхцлийн зээл тусламжид хамруулахаас татгалзаж, нийгэм эдийн засгийн өнөөгийн хүндэрсэн нөхцөл байдлын улмаас компанийн үйл ажиллагаа зогсч, шүүхийн шийдвэрээр зээлийн төлбөрийн барьцаанд манай дансыг битүүмжилж, үүний улмаас үйл ажиллагаа зогсоод байна. Бидний хооронд байгуулсан МБ-01 тоот гэрээний 6.3-т “талууд гэрээт ажлаа графикт хугацаанд нь биелүүлээгүй буюу гэрээнд заасан үнийг бүрэн болон хэсэгчилж төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хожимдсон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги хүлээнэ. Торгуулийн дүн нь төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй. Хохирогч талын банкны зээлийн хүү, торгуулийг бүрэн хариуцаж ажиллана” гэж тохиролцсон. Иймд Иргэний хуулийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр нийлүүлсэн утасны төлбөрийн үлдэгдэл 37,846,605 төгрөг, 232.4 болон гэрээний 6.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийн алданги 18,923,302 төгрөг, нийт 56,769,907 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нийт 3,207 кг утас нийлүүлэхээр зааснаас 4,300 кг утас нийлүүлсэн. Гэрээт 3,207 кг утаснаас 1,103 кг утасны мөнгө нэхэмжилж байгаа. Манайх 51,514,850 төгрөгийн майка авч, борлуулсан. Илүү өгсөн утасны мөнгө үндсэн 3,207 кг утасны үнээс 20,600,800 төгрөгийг барагдуулсан. Зээлийн гэрээний 5.3-т заасан асуудлаар хариуцагч байр сууриа илэрхийллээ. Талуудын хооронд тооцоо хийгээд, яаманд үүрэг байхгүй гэж үзэж байна. М ХХК-ийн дансанд шилжүүлж байсан. Худалдах худалдан авах гэрээний харилцаа бичгээр хийгдэх шаардлагагүй. Гэрээний бус 1,103 кг утсыг захиран зарцуулах эрх шилжээгүй тул мөнгийг төлөх үүрэгтэй. Өгсөн гэх ч нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс өгсөн эсэх, захиран зарцуулах эрхийг хариуцагчид өгсөн эсэх, захиран зарцуулах эрх хэмжээ байхгүй тохиолдолд тухайн эд хөрөнгийг хариуцагчаас шаардана. Олгоогүй эрхийг хэрэгжүүүлсэн байх тул бидэнд хамаагүй. Илүү гарсан төлбөрийн мөнгийг бид нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах” МБ-01 дугаартай гэрээг талууд 2013.07.22-ны өдөр байгуулсан. М ХХК нь чанар, стандартын шаардлага хангахгүй утас нийлүүлсэн. Энэ нь ТИС-ийн харъяа хөнгөн үйлдвэрийн судалгааны хөгжлийн хүрээлэнгийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогддог. Чанаргүй утасны асуудлыг тухай бүр мэдэгдсэн ба гэрээнд заахдаа хамтран асуудлыг шийдвэрлэнэ гээд өнөөг хүртэл шийдвэрлээгүй байна. Нэхэмжлэгч нь Төв аймагт оршдог тул хотын төвд байх манай агуулахад зарим утсыг гэрээнээс гадуур гуравдагч этгээдэд тараалгахаар өгөөд одоо тэр утасны үнийг манайхаас нэхэж байх тул бид төлөх үүрэггүй. Гэрээний 5.3-д зааснаар утасны үнийг ҮХААЯ-нд төвлөрсөн борлуулалтын данснаас М ХХК үл маргах журмаар шууд авах тохиролцоотой. Талууд бүх тооцоогоо тухайн үеийн ҮХААЯ-нд өгсөн. Үүргийн гүйцэтгэлийг хүлээж авах үүргийг нэхэмжлэгч хүлээсэн. Алданги шаардах эрхгүй. Энэ асуудлаар МНБҮХ, ОНХ зэрэг нь батлан даалтын гэрээ хийсэн. Бид хамгийн сүүлд 2017.02.24-ны өдөр тооцоо нийлсэн. Хэрэв утасны үнийг шаардах эрхтэй гэж “хийсвэрээр” үзвэл эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, эсхүл нэхэмжлэгч үйлдэл хийх байсан өдрийг тооцоо нийлсэн 2017.02.24-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2020.08.24-ны өдөр хүртэл 3 жил 6 сар өнгөрсөн, анх гэрээ байгуулагдсанаас хойш 7 жил болсон нь Иргэний хуулийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” гэж заасныг зөрчсөн тул мөн хуулийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ариунболд манайхтай харьцаж байсан хүн. 34,911,650 төгрөг мөнгөн хэлбэрээр 2 удаа шилжүүлж, бүтээгдэхүүнээр төлсөн дүн. Нийт 89,794,450 төгрөг төлснийг гэрээгээр төлөх 92,125,440 төгрөгөөс хасахаар 2,330,990 төгрөг гарна, үүнийг бид төлөх үлдэгдэлтэй. Бусад утас манай гэрээт утас биш. Би танайхаас ирүүлсэн утасны нэг ч хайрцаг задлаагүй. 2014.12.23-нд ирж үлдэгдэл утсаа ачиж авч явахад, бид тооцоо нийлээд, 20 гр утас дутахаар нь өгөөд, тооцоо нийлсэн. Дүдө ХХК-д Эрдэнэбат захирлын хүсэлтээр хийгдсэн, нэхэмжлэгч компанид тусалсан. 2 шалтгааны улмаас тусалсан. Төмөрхүү, Эрдэнэбаттай нэг ангийн найз байсан. Дүдө ХХК Эрдэнэтэд байдаг. Сурагчийн дүрэмт хувцас, оёдол, ээрмэл сүлжмэл гээд бүх гэрээг яамнаас байгуулсан. Бүгдэнд нь зээл өгсөн. Шууд төлөх төлбөр байхгүй. Оёдлын, ээрмэлийн утсанд зохион байгуулалттай байсан. Энэ гэрээ байгуулж явж байгаад, завхруулсан. Утас дотроо 2 янз байгаа. Маргаад буй утас хариуцагч компанид хамааралгүй. 14 хоногийн хугацаанд болсон явдал юм. Тоо ширхэгтэй падаан бичиж өгсөн. Гэрээ байгуулахаас өмнөх явдал бөгөөд огт үнэ бичигдээгүй байгаа. 1,103 кг өөрсдөө аваад явсан. Падаан албан бичгээ, 14 хоног тусалсны төлөө мөнгө нэхэмжилж байгаа. Хэн хэн гэрээ байгуулаад авсан талаар баримт байгаа. Өөрсдөө гэрээтэй байж, хариуцагч руу шаардаад байна. Даалгаврын дагуу үнэ хөлсгүй ажил эрхэлсэн. Гэрээт утасны мөнгө дуьсан. 31,000,000 төгрөгийн утасны асуудлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Шүүхэд болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: МУ-ын ЗГ-ын 2012-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Оёдол, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд зээлийн бодлогоор дэмжиж, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх” бодлогын хүрээнд 2013 онд “Монголын Оёдлын нэгдсэн холбоо”, “Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-ноос санаачлан “Сурагчийн дүрэмт хувцас кластераар үйлдвэрлэх”, “Монгол ноосон даавуу” үйлдвэрлэх төслүүдийг дэмжихийг М” ХХК төслөө ирүүлж, тухайн үедээ үйлдвэрлэлийн салбартаа ямар ч өрсөлдөгчгүй, сонгон шалгаруулалтгүй шалгарсан. 2013.07.06-ны өдөр “Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг дэмжих тухай” 250 тоот тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 17,0 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 6.0 тэрбум төгрөг, нийт 23.0 тэрбум төгрөгийг сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд 2013 онд багтаан төлөгдөх нөхцөлтэй, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан. Энэ ажлыг зохион байгуулж. хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг ҮХАА-н сайд, Хөдөлмөрийн сайд, БШУ-ы сайд нарт даалгасан. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажпын хүрээнд 2013.07.16-ны өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан ҮХААЯ-20130716-001, ХЯ-9/2013/2 тоот дамжуулан зээлдүүлэх гэрээг үндэслэн 2013.07.24-ний өдөр “Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ноосон даавуу үйлдвэрлэх” санхүүжилтэд зориулж 12,0 тэрбум төгрөгийн ХҮГСДХ-1/8 тоот “Зээлийн гэрээ”, 2013.07.25-ны өдөр “Сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэл болох хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэх” санхүүжилтэд зориулж 183,0 сая төгрөгийн ХҮГСДХ-1/9 тоот “Зээлийн гэрээ”-г барьцаагүйгээр 2013.11.29-ний өдөр хүртэл, жилийн 7% хүүтэй байгуулсан. ҮХААЯ 12.061.170.000 төгрөг шилжүүлсэн. МБ-01 тоот гэрээний дагуу хариуцагч нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

М” ХХК нь “Б” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 37,846,605 төгрөг, алданги 18,923,302 төгрөг, нийт 56,769,907 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийлүүлсэн утасны үнийг 11,993,459 төгрөгөөр бууруулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хариуцагчид 4,300 кг утас нийлүүлснээс гэрээнээс гадуур илүү нийлүүлсэн 1,100 кг утасны 30,914,046 төгрөгийн төлбөрт майка авч худалдсан, гэрээгээр нийлүүлсэн 3,200 кг утасны төлбөрөөс 37,846,605 төгрөг төлөөгүй тул алдангийн хамт гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч  нь манай агуулахад зарим утсыг гэрээнээс гадуур тараалгахаар 1,103 кг утас өгснийг гуравдагч этгээдэд өгсөн тул бид төлөх үүрэггүй, нэхэмжлэгч 730 кг утсаа буцаан авсан, манайх 352,051 кг утас хүлээн авсан, одоо тооцооноос 2,330,990 төгрөг үлдсэнийг төлнө  гэж маргалаа.  

 

Зохигч 2013.07.22-ны өдөр МБ-01 дугаартай “Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан гэрээ” байгуулан, “М” ХХК нь цагаан саарал утсыг кг нь 28,270 төгрөгөөр 2,339 кг, хар хөх утсыг кг нь 30,470 төгрөгөөр 868 кг, нийт 3,207 кг утсыг нийлүүлэх, “Б” ХХК нь 92,571,490 төгрөгийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулжээ.

 

Дээрх гэрээний нөхцөл, агуулгаас талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, зохигчийн хооронд нийлүүлсэн утасны хувьд маргаагүй, харин нэхэмжлэгч нь 1,103 кг утсыг худалдахаар хүлээлгэн өгсөн гэж, хариуцагч нь бусдад тараалгахаар хүлээн авсан гэж маргаж байна.

 

Талууд нийлүүлсэн тухай бүр тооцоог нийлж байгаад, сүүлд 2017.02.24-ний өдөр утасны төлбөрийн үлдэгдлийг 37,050,555 төгрөг гэж тохиролцон, гарын үсгээр баталгаажуулсан байна.

 

Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар тухайн өдөр “Б” ХХК-иар дамжуулан “Дүдө” ХХК-д өгсөн 352,51 кг утасны 9,965,458 төгрөг болон бусад байгууллагад нийлүүлсэн утасны тооцоог шийдвэрлээгүйгээр оруулан тооцжээ.

 

Талууд 2020.05.28-ны өдөр уулзаж, “Б” ХХК-иас “Дүдө” ХХК-д шилжүүлсэн утасны төлбөр 9,965,458 төгрөг болон бусдад тараас утасны төлбөр 31,564,500 төгрөгийг тус тус хасуулах, НӨАТ тооцохгүй байх санал гаргасныг тэмдэглэлд тусгасан байна.

 

Тухайн тэмдэглэлд “М” ХХК-ийн үйлдвэр хариуцсан захирал “Ч.Эрдэнэбат захирал “Б” ХХК-иас сүлжмэлийн үйлдвэрүүд утас авч байгаа, энэ утсыг өг гэсний дагуу буулгасан” талаархи тайлбар гаргажээ.

 

Б” ХХК нь 2013.07.20-ны өдрөөс 2014.05.20-ны өдрийн хооронд нийт 13ш Зарлагын баримтаар “Экокашимер” ХХК, “Дөрвөн улирал” ХХК, “Үүлэн сүлжээ” ХХК, “Дүдө” ХХК, “Айбекс” ХХК нарт 1,103 кг утсыг шижүүлэн өгсөн байна.

 

Ийнхүү шилжүүлэхдээ тухай бүр “Б” ХХК-ийн захирал Ж.Батбэлэг нь “М” ХХК-ийн хүсэлтээр шижүүлэхийг зөвшөөрснөө тэмдэглэснээс гадна уг баримтад нэг бүрийн үнэ, нийт үнийг тэмдэглээгүй, зөвхөн жин тэмдэглэжээ.

 

Нэхэмжлэгч нь 2015.0.3.12-ны өдрийн 31 тоот албан бичгээр хариуцагчид 2013.07.19-ний өдрөөс 2014.05.14-ний хооронд нийт 5,042.62 кг утас нийлүүлснээс 732 кг утсыг буцаан авсан, 144,171,260 төгрөгийн тооцооноос 34,911,650 төгрөгийг төлж, 88,565,405 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг мэдэгдсэн байна.

 

Хариуцагч нь 34,911,650 төгрөгийг төлсөн, энэ талаар маргаагүй, 54,882,000 төгрөгийг бараагаар тооцон төлсөн болох нь хариуцагчаас нэхэмжлэгчид бараа хүлээлгэн өгсөн Зарлагын баримт, Кассын зарлагын ордер, Бэлэн мөнгөний орлогын ордер зэргийн баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч компанийн захирлын хүсэлтээр бусдад 1,103 кг утсыг шилжүүлэн өгсөн нь 2017.02.24-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт болон 2020.05.28-ны өдрийн Уулзалтын тухай тэмдэглэл, зохигчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч нь үгүйсгэсэн талаар дээрх баримтуудад тусгагдаагүй буюу тухайн тохиолдолд хүлээн зөвшөөрсөн үзэхээр байна.

 

Дээрх байдал нь хариуцагчийн татгалзлын үндэслэлийг нотлогдсон гэж үзэн, бусдад дамжуулан өгсөн болон буцаан авсан ээрмэл утасны төлбөрийг хариуцагч нь төлөх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн төлбөрийн үлдэгдлийг 37,050,555 төгрөг гэж тодорхойлсон байхад нэхэмжлэгч нь 37,846,605 төгрөгийн үлдэгдэлтэй гэж шаардаж байгаа нь зөрүүтэйгээс гадна саарал болон хар хөх өнгийн өөр өөр үнийн дүнтэй утаснаас алинаас нь хэдий хэмжээнийхийг нийлүүлснээ, ямар хэмжээний ямар утасны үлдэгдэл байгаа нь хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдохгүй байх бөгөөд хариуцагч нь 2,330,990 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцсоноор 2013.07.22-ны өдөр МБ-01 дугаар Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан гэрээний үүргийг тодорхойлох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Талууд гэрээнийхээ 6.3 дахь заалтаар худалдан авагч төлбөрийг нэхэмжлэлд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөх, алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүйгээр тохиролцсон нь Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасанд нийцэж байх тул алданги тооцох үндэслэлтэй байна.

 

Б” ХХК нь утсны төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн байх тул алдангийг 2017.02.24-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хоногт 11,654 төгрөг байгааг 547 хоногоор тооцоход 6,380,565 төгрөг болохоор байна.

 

Хариуцагчийн төлөх алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасанд нийцүүлж төлөгдөөгүй 2,330,990 төгрөгийн тал хувь 1,165,495 төгрөгөөр тооцлоо.

 

Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэхэд Иргэний хуулийн 243.1, 232.6, 232.4-т зааснаар “Б” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд /2,330,990+1,165,495/ нийт 3,496,485 төгрөг гаргуулан, “М” ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 53,273,422 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь утасны үнийг 11,993,459 төгрөгөөр бууруулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар баталлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 441,800 төгрөг, хариуцагчаас төлсөн 209,850 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хураамжид хариуцагчаас 70,894 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан “Б” ХХК-иас  худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,496,485 /гурван сая дөрвөн зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун наян тав/ төгрөг гаргуулан, “М” ХХК-д олгож, үлдэх 53,273,422 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 441,800 төгрөг, хариуцагчаас төлсөн 209,850 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хураамжид хариуцагчаас 70,894 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ