Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01708

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01708

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2022/02001 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б ХХК, ДУК ХХК-д тус тус холбогдох,

Б ХХК-аас 46,362,228 төгрөг, хариуцагч ДУК ХХК-аас 5,984,759 төгрөгийг тус тус гаргуулах үндсэн, хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч М ХХК-аас 5,758,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгчээс хариуцагчид нийлүүлсэн 24/2 дугаартай хар хөх өнгийн утасны кг бүрийн үнийг 5,470 төгрөгөөр буюу 17.95 хувиар, цагаан саарал өнгийн утасны кг бүрийн үнийг 3,270 төгрөгөөр буюу 11.57 хувиар бууруулахыг даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, Т.А, хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч Ж.Б, түүний өмгөөлөгч Л.Б, гуравдагч этгээд ХХАХҮЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Үйлдвэр хүнс, хөдөө аж ахуйн яам болон манай компанийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ХҮГСДХ-1/9 дугаар гэрээ байгуулж, 183,000,000 төгрөгийн зээл олгогдсон ба уг санхүүжилтээр 10.5 тн хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэж, ээрсэн утсыг сүлжмэлийн нэр бүхий үйлдвэрүүдэд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх гэрээний дагуу М ХХК болон Б ХХК нарын хооронд 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан МБ-01 дугаар хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан гэрээний дагуу манайх Б ХХК-д 2.389 кг буюу 69,226,630 төгрөгийн үнэтэй хонины ноосон ээрмэл утсыг зээлээр нийлүүлсэн. 2 талын санхүүгийн тооцоогоор гэрээний дагуу нийлүүлсэн утасны төлбөрийн нийт үлдэгдэл 37,846,605 төгрөгийн баталгаагаар тооцоо нийлсэн. Дээрх гэрээний 6.3-т алданги тооцохоор тохиролцсон. Гэрээнд зааснаар хариуцагч Б ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт утасны төлбөрийн үлдэгдэл 37,846,605 төгрөг, алданги 18,923,302 төгрөг, нийт 56,769,907 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан боловч одоо уг шаардлагын хэмжээгээ утасны төлбөрийн үлдэгдэл 37,846,605 төгрөгийг 30,908,152 төгрөг болгож, алданги 18,923,302 төгрөгийг 15,454,076 төгрөг болгон тус тус багасгаж, нийт 46,362,228 төгрөгийг хариуцагч Б ХХК-аас гаргуулж өгнө үү. Харин ДУК ХХК нь 211.7 кг саарал утасны төлбөрийг төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч, тайлбар гаргасан тул ДУК ХХК-аас утасны үнэ 5,984,759 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч Б ХХК-ийн тайлбарын агуулга:

Талууд 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь Төв аймагт оршдог тул хотын төвд байх манай агуулахад зарим утсыг гэрээнээс гадуур гуравдагч этгээдэд тараалгахаар өгөөд одоо тэр утасны үнийг манайхаас нэхэж байх тул бид төлөх үүрэггүй. Нэхэмжлэгч нь 730 кг утсыг буцаан авсан. Манайх 3213.16 кг утас хүлээн авсан утасны үнэ нь 92,125,440 төгрөг болсон. Үүнээс манай компани 89,794,350 төгрөгийн 34,911,650 төгрөгийг бэлэн мөнгөөр, 54,882,804 төгрөгийг бэлэн бус бүтээгдэхүүнээр тус тус төлсөн. Гэрээгээр авсан 2,125,440 төгрөгийн үнэ бүхий утасны төлсөн мөнгөө хасахаар 2,330, 990 төгрөгийн өглөгтэйг зөвшөөрдөг. Уг 2,330,990 төгрөгөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрч хасагдаж байгаа 1,130,539 төгрөгийг хасахаар утастай холбоотой хоёр компанийн дунд 901,450 төгрөгийн харилцан тооцоо үлдсэн. Бидний хооронд тохиролцож чадахгүй байгаа асуудал дээр 4-5 компани орж ирдэг. Үүний 1 нь ДУК ХХК бөгөөд одоо М ХХК нь Дүдө ХХК-тай холбоотой 352.510 кг утас, Айбексмоникс ХХК-тай холбоотой 71.530 кг утас, Экокашимер ХХК-тай холбоотой 107.5 кг утас, Үүлэн сүлжээ ХХК-тай холбоотой 360.1 кг утас, нийт 891.740 кг буюу 25,636,855 төгрөгийн үнэ бүхий утасны асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, бид М ХХК-ийн захирлын өгсөн үүргийн дагуу бусад компаниудад олгосон. Иймд уг утасны үнийг манайхаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

 

3. Хариуцагч ДУК ХХК-ийн тайлбарын агуулга:

Утас өгсөн, авсан, үнийн дүнд маргахгүй. Б ХХК-ийн агуулахаас 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр утас авсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь үнийн төлөхөөс өмнө эд зүйлийг шилжүүлээд тодорхой хугацааны дараа үнийг төлнө. 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр утсаа аваад тухайн оны намар утасны мөнгийг төлнө гэдэг байдлаар амаар хэлэлцээр хийгдсэн. Бичгээр хийгдээгүй. Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийнэ. Хэрэв бичгээр хийгээгүй бол Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулагдсан гэж үзнэ гэх хуулийн зохицуулалт байгаа. Мөн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хойш нэхэмжилж буй үнийн дүнг буюу 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд уг мөнгийг албан бичгээр болон амаар шаардаж, нэхэж байсан тохиолдол байдаггүй. Хариуцагч ДУК ХХК-ийн санхүүгийн чадамж доройтсон, хөрөнгө орлого байхгүй болсон ба байнга Х тайлан гаргаж байгаа. Мөн ХХАХҮЯ-ны даргын шийдвэрээс болж хийсэн бүтээгдэхүүнээ нийлүүлж чадаагүй учир төлөх боломжгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр утсаа хүлээлгэж өгөөд, үүрэг гүйцэтгэх хугацаа нь 2014 оны намар байсан. Түүнээс хойш шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй 7 жил өнгөрсөн ба хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа шаардаж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХАХҮЯ-ны тайлбарын агуулга:

2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг дэмжих тухай 250 тоот тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 17 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 6 тэрбум төгрөг, нийт 23 тэрбум төгрөгийг сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд 2013 онд багтаан төлөгдөх нөхцөлтэй, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан. Энэ ажлыг зохион байгуулж. хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд, Хөдөлмөрийн сайд, Боловсрол Шинжлэх Ухааны сайд нарт даалгасан. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан ҮХААЯ-20130716-001, ХЯ-9/2013/2 тоот дамжуулан зээлдүүлэх гэрээг үндэслэн 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ноосон даавуу үйлдвэрлэх санхүүжилтэд зориулж 12 тэрбум төгрөгийн ХҮГСДХ-1/8 тоот зээлийн гэрээ, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэл болох хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэх санхүүжилтэд зориулж 183,000,000 төгрөгийн ХҮГСДХ-1/9 тоот зээлийн гэрээг барьцаагүйгээр 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл, жилийн 7 хувийн хүүтэй байгуулсан. Үйлдвэр хүнс, хөдөө аж ахуйн яам 12,061,170,000 төгрөг шилжүүлсэн. МБ-01 тоот гэрээний дагуу хариуцагч нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг дэмжиж байна.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ДУ ХХК-ийн тайлбарын агуулга:

Б ХХК-аас ямар нэгэн бараа материал, утас болон сүлжмэл эдлэл аваагүйгээр үл барам энэ компанитай нэг ч удаа холбогдож байгаагүй, энэ хэрэгт хамааралгүй.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э ХХК-ийн тайлбарын агуулга:

Ээрмэл утас нийлүүлэгч М ХХК-тай холбогдоход ...үйлдвэр нь Төв аймагт байрладаг, утас ирж авч болно, эсхүл Улаанбаатар хотод Б ХХК-ийн агуулахаас авч болно гэсний дагуу Б ХХК-ийн агуулахаас 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 17 кг, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 90.5 кг саарал утас авсан. Б ХХК-аас 4000 ширхэг угаалгын заавар, 1600 ширхэг гялгар уут авсан бөгөөд ээрмэл утас аваагүй. Дээрх түүхий эдээр 500 ширхэг сурагч ноосон майк үйлдвэрлэсэн боловч манай бүтээгдэхүүнийг авах ёстой байсан оёдлын компаниуд аваагүй тул одоо хүртэл хадгалагдаж байгаа. Б ХХК болон М ХХК-ийн хооронд үүссэн маргааны талаар бидэнд дээрхээс өөр зүйл мэдэхгүй тул оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ү ХХК-ийн тайлбарын агуулга:

Манай компани сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ажилд оролцсон. Б ХХК-аас утас авч үйлдвэрлэсэн боловч борлуулалт зогссон тул 2015 оноос үйлдвэрлэл явуулаагүй. Б ХХК-тай хамтарч ажиллаж, утас авч хийсэн майкаа тухайн үед буцаасан тушаасан.

 

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ДҮДӨ ХХК-ийн тайлбарын агуулга:

Ээрмэл утсаа М ХХК-аас авахаар 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр МБ-05 дугаартай гэрээ байгуулж, гэрээний дагуу ээрмэл утсаа М ХХК-аас шууд хүлээн авсан. Манай хоёр компанийн хооронд төлбөр тооцооны асуудалгүй. Б ХХК-аас ээрмэл утас авч байгаагүй, манай хоёр байгууллагын хооронд ээрмэл утасны талаар ямар нэгэн төлбөр тооцоогүй тул шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлэж өгнө үү.

 

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А ХХК нь тайлбар гаргаагүй.

 

10. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 35,908,152 төгрөг, хариуцагч ДУК ХХК-аас 5,984,759 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, хариуцагч Б ХХК-д холбогдох шаардлагаас үлдэх 10,454,076 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-д холбогдох хариуцагчид нийлүүлсэн 24/2 дугаартай хар хөх өнгийн утасны кг бүрийн үнийг 5,470 төгрөгөөр буюу 17.95 хувиар, цагаан саарал өнгийн утасны кг бүрийн үнийг 3,270 төгрөгөөр буюу 11.57 хувиар бууруулахыг даалгах, 5,758,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч Б ХХК тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441,799 төгрөгийг, хариуцагч Б ХХК-аас төлсөн 384,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас 337,491 төгрөг, хариуцагч ДУК ХХК-аас 107,078 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 110,706 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Б ХХК-аас илүү төлсөн төлсөн 70,162 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Б ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

11. Хариуцагч ДУК ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн судлаагүй, Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэлгүй дүгнэлт хийж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. ДУК" ХХК нь М ХХК-аас 5,984,759 төгрөгийн үнэ бүхий ноосон утсыг зээлээр авсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Хариуцагч нь утас зээлээр авч намар төлөхөөр тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүх талууд үүрэг гүйцэтгэх хугацааг тохирсон нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч өөрийн ноосон утсаа хугацаа тохирохгүй зээлээр өгсөн нь бодит байдалд нийцэхгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийгээгүй. Б ХХК-аас М ХХК-д 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 171 дугаартай албан бичиг өгсөн бөгөөд энэ албан бичигт ДУК ХХК, М ХХК-д төлбөр төлөх талаар тодорхой дурдсан. Иймээс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хугацаанаас эхлэн тоолох бүрэн боломжтой. Сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулаагүй. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй, хэт нэг талыг барьж нотлох баримтуудыг харьцуулан шинжлэлгүй хэргийг шийдвэрлэсэн тул хөөн хэлэлцэх хугацааны хууль зүйн зохицуулалтыг зөв хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ДУК ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

12. Хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Талуудын хооронд үүссэн 2 эрх зүйн харилцааг худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж буруу дүгнэсэн. Гэтэл эхний харилцаа нь даалгаврын гэрээний харилцаа байсан. Анхан шатны шүүх нь уг маргаанд ХХАХҮЯ-наас зохион байгуулсан сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлтийг дэмжих тухай төсөл, цогц үйл ажиллагааг бүхэлд нь анхаарч үзээгүй шийдвэр гаргахдаа зөвхөн дээрх гэрээний худалдах, худалдан авах гэсэн агуулгыг зориуд орхигдуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд утасны үнийг Б ХХК буцаан төлөх тухай заалт байхгүй гэхээр талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь хамтран үүрэг гүйцэтгэх харилцаанд оёдлын үйлдвэрүүд хамаарна. Үүнийг Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 250 дугаар тогтоолыг үндэслэн Оёдлын Нэгдсэн Холбооны дансанд 6,0 тэрбум төгрөгийг Хөдөлмөрийн яамнаас төвлөрүүлсэн мөн 23 тэрбум төгрөгийг ээрмэл утасны үйлдвэрлэгч нарт, сүлжмэл хувцас үйлдвэрлэгч нарт, оёмол хувцас үйлдвэрлэгч нарт зээлдүүлж тус бүртэй нь зээлийн гэрээ байгуулсан. Мөн гэрээний 2.2.2-т сүлжмэл бүтээгдэхүүнийг оёдлын үйлдвэрт нийлүүлэх гэрээ байгуулсан байх гэсэн шаардлага тавьсан. Оёмол хувцас үйлдвэрлэгч нартай зээлийн гэрээ байгуулсан. Ийнхүү ХХАХҮЯ- нь олгосон зээлээ буцаан авахын тулд үйлдвэрлэгч нарыг бүгдийг нь хооронд нь хамтран үүрэг гүйцэтгүүлэх гэрээгээр уялдуулан холбож, борлуулалтыг зөвхөн Оёдлын нэгдсэн холбооны үйлдвэрүүдээр гүйцэтгүүлж, борлуулалтын орлогыг зөвхөн Оёдлын Нэгдсэн холбооны дэргэдэх анх зээл тараасан нэгдсэн дансандаа төвлөрүүлж, өөрсдөө тэндээсээ үйлдвэрлэгч нарт олгосон зээл, зээлийн хүүг авахаар зохион байгуулсан. Гэрээний үндсэн дээр үйлдвэрлэгч нарт Оёдлын Нэгдсэн Холбооны дэргэдэх ХААН банкны 5099999690 дугаартай дансаар зээл олгоод буцаагаад борлуулалтын орлогыг энэ дансандаа төвлөрүүлж, зээл, зээлийн хүүгээ суутган авна гэж үйлдвэрлэгч нарын нөгөө талд ХХАХҮЯ- нь үүрэг гүйцэтгүүлэгч болсон. Гэтэл энэ төсөл, цогц үйл ажиллагаа хэрэгжээгүй нь холбогдох албан тушаалтнууд нь оёдлын үйлдвэрүүдийн төлөөлөл нартай уулзаж, борлуулалтын орлогыг төвлөрүүлэх Хаан банкны 5099999690 дугаартай төвлөрсөн дансыг ашиглахгүй, борлуулалтын орлогыг төвлөрүүлэхгүй гэсэн буруу шийдвэр гаргасан. Ингэснээр гэрээнүүдэд заагдсан нөхцөл байдал өөрчлөгдсөн, гэрээ хэрэгжих нөхцөлгүй болсон. Ийм шийдвэр гаргахад ээрмэл утас үйлдвэрлэгч болон сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарын төлөөллөөс нэг ч хүн оролцуулаагүй. Төвлөрсөн данс хаасан, нөхцөл байдал өөрчлөгдсөн талаар ээрмэл утас үйлдвэрлэгч болон сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт мэдэгдээгүй. Гэрээний заалтууд зөрчигдөх нөхцөл байдал үүссэн байтал үйлдвэрлэгч нартай байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулах арга хэмжээ аваагүй. Дээрх үйл ажиллагаанд сүлжмэл хувцас үйлдвэрлэгч Б ХХК нь буруугүй. М ХХК-аас нийлүүлсэн ээрмэл утсаар сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, оёдлын үйлдвэрүүдэд цаг тухайд нь нийлүүлэх үүрэгтэй байсан. Энэ үүргээ шударгаар, зохих ёсоор биелүүлсэн. Гэтэл анхан шатны шүух дээрх эрх зүйн харилцааг буруу тодорхойлсны улмаас үндэслэлгүй шийдвэр гаргасан. гэрээнүүдэд ямар ч өөрчлөлт оруулаагүй. Эдгээр гэрээг дээрх байдлаар зөрчөөгүй бол ҮХААЯ аль хэдийн зээлээ, хүүтэй нь зээлдэгч нараас авчих байсан. Ийнхүү талуудын хооронд байгуулсан гэрээний 5.3-д заасан үүргийг шууд Бээст кашимер" ХХК-д хариуцуулах нь гэрээнд байхгүй, гэрээгээр тохироогүй үүрэг юм. Ийнхүү гэрээнд зааснаар төлбөр төлөх үүргийг Б ХХК хүлээгээгүй тул алданги төлөх үүрэг байхгүй. Хамтран үүрэг гүйцэтгэх гэрээгээр нийлүүлсэн утасны тооцоогоор 900,451 төгрөгийг хариуцагч буцаах утасны оронд өгөх ёстой гэдгийг шүүх хуралдаанаас өмнө зөвшөөрсөн. Дахин хэлэхэд худалдах, худалдан авах гэрээний төлбөрт биш, хамтран үүрэг гүйцэтгэх гэрээ цуцлагдсанаас буцаах утасны оронд гэж ойлгох ёстой. М ХХК нь Бээст кашимер ХХК-ийн хотын агуулахаар дамжуулан, даалгаврын хэлцлээр 71 кг 53 г утсыг А ХХК-д нийлүүлсэн байна. Падаан дээр М ХХК-ийн захирал Ч.Э-ын хүсэлтээр гэж цохогдсон байхад гэрээ хэлцэл болон бодит байдлыг үл тоон Бээст кашимер ХХК-д хариуцпага хүлээлгэсэн нь үндэслэлгүй. М ХХК нь Б ХХК-ийн агуулахад 1835 кг 46 г буюу 52,045,820 төгрөг 20 мөнгөний ноосон утас буулгаад үүнээсээ 732 кг 02 г буюу 20,694,205 төг 40 мөнгөний утсыг 2014 оны 12 сарын 23-ны өдөр буцаан авсан. Үлдэгдэл буюу 1103 кг 440 г хэмжээтэй 31,351,614 төг 80 мөнгөний утсан дээр шүүхийн маргаан явагдаж байна. Үүнээс 71, 53 кг (2,179,519,1 төг) утсыг А ХХК-д, 352,51 кг утсыг (9,965,457,7 төг) Д ХХК-д, 360,20 кг утсыг (10,182,854 төг) Үүлэн сүлжээ ХХК-д, 211,7 кг утсыг (5,984,759 төг) ДУК ХХК-д, 107,5 кг утсыг ( 3,3039,025төг) Эко кашимер ХХК-д манай компанийн агуулахаар дамжин нийлүүлэгдсэн. Эдгээр 5 компанийг гуравдагч этгээдээр шүүхэд дуудсан ба А ХХК шүүхэд ирээгүй. Шүүх ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй. Бусад Д ХХК, Ү ХХК, ДУК ХХК, Э ХХК-ууд нь бүгд эдгээр утсыг М ХХК-аас авсан, одоо түүгээр хийсэн сүлжмэл хувцас агуулахад байна гэсэн тайлбаруудыг шүүхэд ирүүлсэн. Энэ дотроос утас дамжуулан авсан нь үнэн, төлөх ёстой гэж тайлбар ирүүлсэн тул М ХХК нь ДУК ХХК-иас 211,7 кг утас буюу 5,984,759 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлээ өөрчилж, хариуцагч болгосон. Хэрэв нөгөө гурван компани нь хариу тайлбартаа төлөх ёстой гэсэн бол Б ХХК төлбөрөөс чөлөөлөгдөх байсан. Анхан шатны шүүх 30,908,152 төгрөг нь хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй, алдаатай буруу тооцоолол байна. Зүй нь 25,386,855 төгрөг байх ёстой байсан. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч Б ХХК нь дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийг үнэн зөвийг олоосой, зөв шийдвэр гаргаж өгөөсэй гэж хүсэж байгаа ба шүүхийн шийдвэрээр төлүүлэхээр шийдвэрлэсэн 35,908,152 төгрөгөөс 900,451 төгрөгийг зөвшөөрч, бусад 35,007,701 төгрөгийг (алданги 5,000,000 төгрөг+30,007.701 төгрөг) эс зөвшөөрч байна. Иймд манай гомдлыг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн 900,451 төгрөгөөс бусад хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

13. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч М ХХК болон хариуцагч Б ХХК-ийн хооронд үүссэн харилцаанд хариуцагч тал маргасан. Үүнд талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Даалгаврын гэрээний харилцаа нь хэрхэн, яаж үүссэн талаар нотлох баримт байхгүй. Тухайн 2 байгууллагын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан учраас даалгаврын гэрээ гүйцэтгэсэн үндэслэл байхгүй. Бусад компани руу М ХХК-ийн нэрийн өмнөөс утас хүлээлгэж өгсөн гэж хариуцагч тал тайлбарладаг боловч ДУК ХХК-аас бусад нь М ХХК-тай тооцоо нийлэх талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй. Иймд М ХХК-ийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулсан болон М ХХК-ийн өмнөөс утас тараасан, ноосны тооцоо хийсэн гэж үзэх үндэслэлгүй. А ХХК-ийн хувьд гуравдагч этгээдээр татагдсан боловч шүүхэд ямар нэгэн тайлбар өгөөгүй учраас тайлбар байхгүй. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч М ХХК, худалдсан ээрмэл ноосон утасны үнэд хариуцагч Б ХХК-аас 46,362,228 төгрөг, хариуцагч ДУК ХХК-аас 5,984,759 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч Б ХХК-аас уг утсыг гуравдагч этгээдүүдэд нэхэмжлэгчийн хүсэлтээр тараан өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч ДУК ХХК нь ээрмэл ноосон утсыг хүлээн авсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

 

2. Нэхэмжлэгч М ХХК болон хариуцагч Б ХХК-ийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан МБ-01 дугаар Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээний дагуу Б ХХК-д 2.389 кг буюу 69,226,630 төгрөгийн үнэтэй хонины ноосон ээрмэл утсыг зээлээр нийлүүлсэн ба 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад талуудын нягтлан бодогч нарын тооцоо хийж, гэрээний дагуу нийлүүлсэн утасны төлбөрийн нийт үлдэгдэл нь 37,050,555 төгрөг байгаа болохыг баталгаажуулсан байх ба талууд уг тооцооны талаар маргаагүй. /1хх 6-7, 11/

 

3. Харин хариуцагч дээрх гэрээний дагуу нийлүүлсэн утаснаас нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Үүлэн сүлжээ ХХК, Дүдө ХХК, А ХХК, Э ХХК-д зарлагын падаан бичиж дамжуулан өгсөн гэж маргасан эдгээр компаниудад холбогдох утасны хариуцагч үнийг төлөх эсэх асуудлаар маргаантай байсан нь дээр дурдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад Дүдө ХХК-д Б ХХК дамжуулан өгсөн 352,51 кг 9,965,458 төгрөгийн утасны тооцоо, мөн гэрээнээс гадуур 2014 онд Б ХХК-аар дамжуулан бусад байгууллагуудад нийлүүлэн өгсөн утасны тооцоо орсон гэсэн бичиг бүхий баримтаар нотлогдсон байна. /1хх 11/

 

3.а. Мөн хариуцагч Б ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч М ХХК-д нийлүүлсэн 1103,44 кг утасны үлдэгдэл 732,02 кг утсыг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу буцаан хүргүүлэхдээ А ХХК, Д ХХК, Ү ХХК, ДУ ХХК, Э ХХК-уудад холбогдох 1,835.46 кг утсыг танай хүсэлтийн дагуу олгосон талаар дурдаж, уг компаниудад олгосон утасны тооцоо нь тус компанийн тайланд тусгагдаагүй учир дээрх компаниудтай тооцоо нийлэхийг мэдэгдэж, буцаасан утасны зарлагын баримт хайрцаг, жингийн жагсаалтыг хавсаргав гэсэн уг баримт гаргасан. Уг баримтыг нэхэмжлэгч талаас няцаасан тайлбар, баримтыг шүүхэд ирүүлээгүй, 732,02 кг утсыг хүлээн авсан тул маргаангүй гэж тайлбарласан. /1хх 141/

 

4. Хариуцагч нь нэхэмжлэгч М ХХК-ийн үйлдвэр Төв аймагт байрладаг ба

Улаанбаатар хотод өөрийн гэсэн агуулахгүй бөгөөд манайд нийлүүлсэн утаснаасаа Ү ХХК-д 10,182,854 төгрөгийн үнэ бүхий саарал өнгийн 360,2 кг, Д ХХК-д 9,965,458 төгрөгийн үнэ бүхий саарал өнгийн утас 352,51 кг, А ХХК-д 2,179,519 төгрөгийн үнэтэй хар хөх өнгийн утас 71,53 кг, Э ХХК-д 3,039,025 төгрөгийн үнэ бүхий одтой саарал өнгийн утас 107,5 кг-ыг тус тус өгсөн байна. Тухайн үед өөрсдийнх нь амаар гаргасан хүсэлтийг үндэслэн, манай компани өөрийн нэрээр зарлагын баримтыг бичиж дээрх байгууллагуудад олгосон гэж тайлбарлан, уг баримтуудыг ирүүлжээ./1хх 44-51/

 

4.а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Д ХХК Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ээрмэл утсаа М ХХК-аас авахаар гэрээ байгуулж, гэрээний дагуу утсаа М ХХК-иас шууд хүлээн авч ажилласан, хоёр компанийн хооронд төлбөр тооцооны асуудалгүй болсон. Б ХХК-аас ээрмэл утас авч байгаагүй, манай хоёр байгууллагын хооронд төлбөр тооцооны асуудалгүй гэсэн тайлбарыг гаргасан байна./хх 29/

 

4.б. Гуравдагч этгээд Э ХХК Ээрмэл утас нийлүүлэгч М ХХК-тай холбогдоход үйлдвэр нь Төв аймагт байрладаг ба, ирж авч болно эсвэл Улаанбаатар хотод Б ХХК-ийн агуулахаас авч болно гэсний дагуу уг компанийн агуулахаас 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 17 кг, мөн оны 05 дугаар сарын 20-ны өдөр 90,5 кг саарал утас авсан гэжээ. /1хх 87/

 

4.в. Гуравдагч этгээд Ү ХХК Сурагчийн дүрэмт хувцас болох майк үйлдвэрлэх ажилд оролцож, Б ХХК-тай хамтарч ажиллаж утас авч хийсэн майкаа тухайн үед буцааж тушааж, утас болон майкны үлдэгдэлгүй, тооцоо хийж байсан гэжээ./2хх 94/

 

4.г. Гуравдагч этгээдээр татагдсан А ХХК-ийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож тайлбар өгөөгүй ба, нэхэмжлэгч талаас тус компанитай байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн цагаан саарал өнгөөр 2803 кг, хар хөх өнгөөр 70 кг-ыг худалдах, худалдан авах гэрээ болон утасны тооцоо, зарлагын баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэх зэрэг баримтуудыг ирүүлсэн байна. /1хх 221-229/

 

4.д. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн шүүхэд гаргасан дээрх тайлбаруудаас үзвэл Ү ХХК-аас бусад нь хариуцагч Б ХХК-аас хонины ноосон ээрмэл утас худалдан авч байгаагүй гэсэн тайлбарыг өгсөн байна.

 

5. Дээр дурдсан бусад гуравдагч этгээдийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хариуцагч Б ХХК нь А ХХК, Д ХХК, Э ХХК-д олгосон ээрмэл ноосон утасны үнийг хариуцан төлөх үүрэггүй болно.

 

Тодруулбал, нэхэмжлэгч М ХХК-аас өгсөн даалгаврын дагуу ээрмэл ноосон утсыг шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Д ХХК-ийн 9,965,458 төгрөгийн үнэ бүхий саарал өнгийн утас 352,51 кг, А ХХК-ийн 2,179,519 төгрөгийн үнэтэй хар хөх өнгийн утас 71,53 кг, Э ХХК-ийн 3,039,025 төгрөгийн үнэ бүхий одтой саарал өнгийн утас 107,5 кг, нийт 15,184,000 төгрөгийг хариуцагч Б ХХК-д холбогдох нэхэмжлэлээс хасч тооцов.

 

6. Гуравдагч этгээд Ү ХХК нь нэхэмжлэгч М ХХК-тай ноосон утас худалдах, худалдан авах гэрээний харилцаанд оролцоогүй, Б ХХК-аас утас авч, тооцоог хийсэн гэсэн тайлбар гаргасан. Иймд хариуцагч Б ХХК нь тус компанид өгсөн гэх утасны төлбөрийг өөрөө хариуцан нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзлээ.

 

7. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу нийлүүлсэн утасны үлдэгдэл тооцоо гэж нэхэмжилсэн анхны шаардлага болох 37,846,605 төгрөгөөс хариуцагч ДУК ХХК-д холбогдох 5,984,759 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн актаар хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд төлөхөөр тохиролцсон 1,430,539 төгрөгүүдийг хасч тооцоход, 31,501,845 төгрөг байна. Гэвч нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ багасгаж Б ХХК-аас 30,908,152 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилсэн байх тул, дээр дурдсан нэр бүхий гуравдагч этгээдүүдэд холбогдох 15,184,000 төгрөгийг хасч тооцоход, утасны үлдэгдэл төлбөрт 16,317,845 төгрөгийг хариуцагч Б ХХК төлөх үүрэгтэй байна.

 

7.а. Нэхэмжлэгч тал 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа-нд дурдагдсан үлдэгдлийг үндэслэн нэхэмжилсэн гэх боловч, уг тооцооны үлдэгдлийн дүн 37,050,555 төгрөг байхад уг үлдэгдлийг хэрхэн нэмэгдүүлж үндсэн үүрэгт 37,846,605 төгрөгөөр шүүхэд гаргасан анхны шаардлагаа тодорхойлсон, мөн анхан шатны шүүх хуралдаан дээр 30,908,152 төгрөг болгон багасгасан тооцоолол зэрэг нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

7.б. Хариуцагч Б ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа-ны үлдэгдлийн дүн 37,050,555 төгрөг, мөн хариуцагч компаниас 732,02 кг саарал өнгийн утсыг 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр албан бичиг, зарлагын баримтуудаар буцаан хүлээлгэн өгсөн тооцооны талаар маргаагүй атлаа хариуцагчийн утасны үнийн үлдэгдэлд 900,541 төгрөгийг төлнө гэх тайлбар нотлох баримтгүй тул энэ талаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

8. Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ шүүх хуралдааны явцад татгалзсаныг анхан шатны шүүхийн шийдвэрт түүний сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

9. Нэхэмжлэгч талаас 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан МБ-01 дугаар Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээний 6.3-т заасныг үндэслэн хариуцагч Б ХХК-аас алдангид 15,454,076 төгрөг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Учир нь уг гэрээнд хариуцагчийн төлбөр төлөх хугацааг гэрээний 5.4-т худалдан авсан ээрмэл ноосон утасны төлбөр тооцоог гэрээгээр тохирсон хугацаанд/хуваарьт/ төлж барагдуулна гэж тохиролцсон нь худалдан авагчийн буюу хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлох боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчид алданги тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

10. Хариуцагч ДУК ХХК-ийн худалдан авсан утасны үнэ болох 5,984,759 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд ДУК ХХК-ийн гаргасан тайлбарыг үндэслэн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн үеэс шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон Дөрвөн улирал ХХК нь тухайн маргаанд хамааралгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч ДУК ХХК-ийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Б ХХК-ийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2022/02001 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 35,908,152 гэснийг 16,317,845 гэж, 10,454,076 гэснийг 30,044,383 гэж;

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын 337,491 гэснийг 239,539 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ДУК ХХК-аас төлсөн 107,078 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ