Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/01163

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/01421 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М” ХХК-ийн хариуцагч “Б К ” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 56 769 907 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 250 тоот тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх, ЕБС-ийн сурагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан дүрэмт хувцсаар хангах зорилгоор Үйлдвэр хүнс, хөдөө аж ахуйн яам болон манай компанийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ХҮГСДХ-1/9 тоот гэрээ байгуулж, 183 000 000 төгрөгийн зээл олгогдсон ба уг санхүүжилтээр 10.5 тн хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэж, ээрсэн утсыг сүлжмэлийн нэр бүхий үйлдвэрүүдэд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх гэрээний дагуу зохигчийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан МБ-01 тоот Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан гэрээний дагуу манайх “Б К ” ХХК-д 2 389 кг буюу 69 226 630 төгрөгийн үнэ хонины ноосон ээрмэл утсыг гэрээний 5.1-т заасны дагуу зээлээр нийлүүлсэн. 2 талын санхүүгийн тооцоогоор гэрээний дагуу нийлүүлсэн утасны төлбөрийн нийт үлдэгдэл 37 846 605 төгрөг гарсныг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар тооцоо нийлж, баталгаажуулсан. Дээрх гэрээний 6.3-т талууд гэрээт ажлаа графикт хугацаанд нь биелүүлээгүй буюу гэрээнд заасан үнийг бүрэн болон хэсэгчилж төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хожимдсон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги хүлээнэ. Торгуулийн дүн нь төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй. Хохирогч талын банкны зээлийн хүү, торгуулийг бүрэн хариуцаж ажиллана гэж тохиролцсон. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр нийлүүлсэн утасны төлбөрийн үлдэгдэл 37 846 605 төгрөг, алданги 18 923 302 төгрөг, нийт 56 769 907 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах МБ-01 дугаартай гэрээг талууд 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. “М” ХХК нь чанар, стандартын шаардлага хангахгүй утас нийлүүлсэн. Энэ нь ТИС-ийн харъяа хөнгөн үйлдвэрийн судалгааны хөгжлийн хүрээлэнгийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогддог. Чанаргүй утасны асуудлыг тухай бүр мэдэгдсэн ба гэрээнд заахдаа хамтран асуудлыг шийдвэрлэнэ гээд өнөөг хүртэл шийдвэрлээгүй байна. Нэхэмжлэгч нь Төв аймагт оршдог тул хотын төвд байх манай агуулахад зарим утсыг гэрээнээс гадуур гуравдагч этгээдэд тараалгахаар өгөөд одоо тэр утасны үнийг манайхаас нэхэж байх тул бид төлөх үүрэггүй. Гэрээний 5.3-д зааснаар утасны үнийг Үйлдвэр хүнс, хөдөө аж ахуйн яаманд төвлөрсөн борлуулалтын данснаас “М” ХХК үл маргах журмаар шууд авах тохиролцоотой. Талууд бүх тооцоогоо тухайн үеийн Үйлдвэр хүнс, хөдөө аж ахуйн яаманд өгсөн. Үүргийн гүйцэтгэлийг хүлээж авах үүргийг нэхэмжлэгч хүлээсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасныг зөрчсөн тул мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Оёдол, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд зээлийн бодлогоор дэмжиж, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх бодлогын хүрээнд 2013 онд Монголын Оёдлын нэгдсэн холбоо, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос санаачлан Сурагчийн дүрэмт хувцас кластераар үйлдвэрлэх, Монгол ноосон даавуу үйлдвэрлэх төслүүдийг дэмжихийг “М” ХХК төслөө ирүүлж, тухайн үедээ үйлдвэрлэлийн салбартаа ямар ч өрсөлдөгчгүй, сонгон шалгаруулалтгүй шалгарсан. 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг дэмжих тухай 250 тоот тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 17 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 6 тэрбум төгрөг, нийт 23 тэрбум төгрөгийг сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд 2013 онд багтаан төлөгдөх нөхцөлтэй, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан. Энэ ажлыг зохион байгуулж. хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд, Хөдөлмөрийн сайд, Боловсрол Шинжлэх Ухааны сайд нарт даалгасан. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажпын хүрээнд 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан ҮХААЯ-20130716-001, ХЯ-9/2013/2 тоот дамжуулан зээлдүүлэх гэрээг үндэслэн 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ноосон даавуу үйлдвэрлэх санхүүжилтэд зориулж 12  тэрбум төгрөгийн ХҮГСДХ-1/8 тоот Зээлийн гэрээ, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэл болох хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэх санхүүжилтэд зориулж 183 000 000 төгрөгийн ХҮГСДХ-1/9 тоот Зээлийн гэрээг барьцаагүйгээр 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл, жилийн 7 хувийн хүүтэй байгуулсан. Үйлдвэр хүнс, хөдөө аж ахуйн яам 12 061 170 000 төгрөг шилжүүлсэн. МБ-01 тоот гэрээний дагуу хариуцагч нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ. 

 Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт заасныг баримтлан “Б К ” ХХК-иас /РД:5065631/ худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 496 485 /гурван сая дөрвөн зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун наян тав/ төгрөг гаргуулан, “М” ХХК-д /РД:2649373/ олгож, үлдэх 53 273 422 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 441 800 төгрөг, хариуцагчаас төлсөн 209 850 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хураамжид хариуцагчаас 70 894 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:“М” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 56 769 907 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд кластерын зохион байгуулалтаар сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэхээр төрөөс зохион байгуулалт хийсэн. Яамнаас нэр бүхий толгой үйлдвэрүүдийг яам сонгон шалгаруулж 1/9 тоот зээлийн гэрээний 2.1.10, 2.2.1 хавсралт, дамжуулан зээлдүүлэх гэрээний 3.3-т заагдсан үйлдвэрүүдтэй манай компани гэрээ байгуулж ээрмэл утсаа МБ-01 гэрээний 5.1-д заасны дагуу зээлээр олгох үүрэг хүлээж ажилласан. Тус гэрээний дагуу 3 207 кг нийлүүлсэн бөгөөд “Б К ” ХХК-ийн хүсэлтээр худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага байхгүй тул нэмж 1 103 кг утас нийлүүлсэн. Нэмж нийлүүлсэн 1 103 кг утаснаас 732 кг утсыг манай компани “Б К ” ХХК-ийг утасны төлбөрөө төлөхгүй байсан учраас буцаан авсан юм. Энэ баримтад талууд маргаагүй. Хариуцагч “Б К ” ХХК нь манай компаниас нийт 4.316 кг утсыг хүлээн авсан үйл баримтад маргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. “Б К ” ХХК нь кпастерийн толгой байсныхаа хувьд манайхаас худалдан авсан утсаа цаашаагаа “Дүдө” ХХК, “Экокашимер” ХХК, “Дөрвөн улирал” ХХК, “Үүлэн сүлжээ” ХХК, “Айбексмонекс” ХХК нарт шилжүүлэн өгсөн байдаг. Манай компанийн зүгээс эдгээр компанид утсыг борлуулж өгөөч, нийлүүлж өгөөч гэсэн ямар ч тохиролцоо байхгүй, даалгавар өгч байгаагүй. Тооцооны үлдэгдлийн баталгаанд бичигдсэн болон уулзалтын тэмдэглэлд тусгагдсан зүйлсээр “М” ХХК-ийг “Б К ” ХХК-иар дамжуулан утсаа борлуулсан байна гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Эдгээр нь хөдөлшгүй нотолсон баримт биш юм. “Б К ” ХХК-иас нэр бүхий компаниудад утсыг падаанаар олгосон байдаг бөгөөд зарлагын падаанд утасны үнэ бичигдээгүй зөвхөн хэмжээ бичигдсэн байна гэжээ. Үүгээр манай компанийг буруутгах боломжгүй. Манай компаниас худалдан авсан утасны төлбөрөө “Б К ” ХХК нь төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч манайхаас авсан ноосон утсыг хэрхэн зарцуулсан нь төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Б К ” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 56 769 907 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2 330 990 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр МБ-01 дугаартай Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан гэрээ байгуулагдаж, М ХХК нь 2 339 кг цагаан саарал утас, 868 кг хөх саарал утас нийлүүлэх, хариуцагч утасны үнэ 92 571 490 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ “нэхэмжлэгчээс бичгээр байгуулсан гэрээнээс гадна 1003 кг утас өгснийг түүний хүсэлтээр бусад этгээдэд дамжуулан өгсөн” гэх агуулгаар тайлбарлажээ. Хариуцагч уг тайлбартай холбоотойгоор “Дүдө” ХХК, “Экокашимер” ХХК, “Дөрвөн улирал” ХХК, “Үүлэн сүлжээ” ХХК, “Айбексмонекс” ХХК-уудтай үйлдсэн зарлагын баримтууд, нэхэмжлэгч “М” ХХК, “Айбексмонекс” ХХК-ийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан НБ-04 дугаар гэрээг нотлох баримтаар гаргажээ. /хэргийн 44-51, 125-126 дугаар тал/

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан гэрээ, дээрх зарлагын баримтуудын дагуу хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулах шаардлагатай байжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШЗ2020/14405 дугаар шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр оролцуулсан байна. /хэргийн 33,35 дугаар тал/ 

Хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзвэл шүүхийн шийдвэрийн дагуу эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээд болох “Дүдө” ХХК, “Экокашимер” ХХК, “Дөрвөн улирал” ХХК, “Үүлэн сүлжээ” ХХК, “Айбексмонекс ХХК-уудыг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай. Учир нь дээрх байгууллагуудад хариуцагч “Б К ” ХХК-аас маргааны зүйл болох ноосон утсыг нийлүүлэхдээ зарлагын баримтад ““М” ХХК-ийн захирал Ч.Эрдэнэбатын хүсэлтээр шилжүүлэхийг зөвшөөрөв” гэж тэмдэглэжээ.

Ийнхүү ноосон утсыг хариуцагч байгууллагаас бусад этгээдэд хүлээлгэн өгсөн үйлдэл нь нэхэмжлэгчээс хариуцагчид өгсөн даалгаврын дагуу хийсэн үйлдэл мөн эсэх, дээрх байгууллагууд нь зарлагын уг баримтуудын дагуу ноосон утсыг хүлээн авснаар хэний өмнө төлбөр төлөх үүрэг хүлээх, хэнтэй ямар эрх зүйн харилцаанд орсон гэх байдлыг тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, уг маргааныг шийдвэрлэхэд талуудын хооронд үүссэн гэрээний харилцаанаас гадна дээрх компаниуд маргаан бүхий ноосыг хүлээн авснаар үүсэх хариуцлагын асуудал хөндөгдөх юм.

            Түүнчлэн, талуудын хооронд үйлдсэн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримт үйлдэхдээ дээрх маргааны зүйлийг  шийдвэрлэгдээгүй асуудал гэсэн агуулгаар -+

тусгасан байх бөгөөд талуудын хүсэл зоригийг шууд тайлбарлах боломжгүй байна. Мөн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Уулзаж ярилцсан тухай тэмдэглэл” үйлдэхэд талуудын удирдлагууд оролцсон байх боловч ямар үндэслэлээр ноосон утас нийлүүлсэн гэх нөхцөл байдлын талаар тодорхой бус зүйл ярьсан байна. Иймд анхан шатны шүүхээс нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны баримтлан маргааны зүйлд хамаарах хуулийг зөв тайлбарласан гэж үзэх боломжгүй.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/01421 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424 320 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                

                                                 ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

                   

                                                                                                    С.ЭНХТӨР