Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2023/00164

 

“В” ХХН-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2023/01288 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2023/01168 дугаар магадлалтай,                                                                                        

“В” ХХН-ийн нэхэмжлэлтэй,

М т холбогдох

Орон сууц чөлөөлүүлэхийг даалгах, түрээсийн төлбөрт 8,400,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ариунболд, хариуцагч М, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “В” ХХН нь хариуцагч Мт холбогдуулан орон сууц чөлөөлүүлэхийг даалгах, түрээсийн төлбөрт 8,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргуулахыг даалгахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2023/01288 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу Ү-2201053369 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол /18082/, 39 байр, 103 тоот хаягт байршилтай, 28 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр М ыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг “В” ХХН-д даалгаж, “В” ХХН-өөс М т холбогдуулан гаргасан Ү-2201053369 дугаартай орон сууцыг албадан чөлөөлүүлж, олох ёстой байсан орлого 8,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219,550 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч “В” ХХН-өөс 140,400 төгрөг гаргуулан хариуцагч Мт олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2023/01168 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2023/01288 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “В” ХХН-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201053369 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол(18082), 39 байр, 103 тоот хаягт байршилтай, 28 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг хариуцагч М ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлээс үлдэх түрээсийн төлбөр 8,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч М ын, нэхэмжлэгч “В” ХХН-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан өөрчилж, “нэхэмжлэгч “В” ХХН-өөс 140,400 төгрөг гаргуулан хариуцагч М т” гэснийг “хариуцагч М аас 219,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “В” ХХН-д” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.06.13-ны өдрийн 210/МА2023/01168 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.30-ны өдрийн 184/ШШ2023/01288 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгосон учраас магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 5.3. Түүнчлэн “В" ХХН, “Ч ” ХХК-ийн хооронд байгуулагдсан хэлцэл, “Э ” ХХК болон М нарын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус гэх тайлбарын хувьд шүүхээс хэлцлүүдийг хүчин төгөлдөр гэж үзэв.  5.3.1 Нэхэмжлэгч “В” ХХН, гуравдагч этгээд “Ч ” ХХК-ийн хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээн дэх талуудын хүсэл зориг нь хөрөнгө худалдах, худалдан авах бус, гуравдагч этгээд “Т ” ХХК-ийн “Ч ” ХХК-аас бетон зуурмаг худалдан авсны төлбөрт бартераар үүргийг гүйцэтгэж байгаа буюу тухайн бартерын байрыг шилжүүлэх аргыг тодорхойлсон агуулгатай хэлцэл байна. Энэ нь “Ч ” ХХК, “Т ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018.05.03-ны өдрийн гэрээний бетон зуурмагийн үнийг төлөх үүргийг хэрэгжүүлэх арга бөгөөд тухайн гэрээтэй салшгүй холбогдох үндэслэлээр байгуулагдсан тул "...хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл” гэх тайлбар үндэслэлгүй болно гэж шийдсэн бол Давж заалдах шүүхийн магадлалын хянавал хэсгийн 4. “Э ” ХХК нь маргаан бүхий орон сууцыг 36,000,000 төгрөгөөр хариуцагч М т худалдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, “В” ХХН нь эд хөрөнгийн улсын бүртгэлд орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй байхад Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн эрхийг зөрчиж, түүний эд хөрөнгийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээд “Э ” ХХК-аас хариуцагчид худалдсан хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож байна гэж хоёр өөрөөр шийдвэрлэж байгаа нь дээрх байдлаар хоёр шатны шүүх хэлцэл хүчин төгөлдөр, хэлцэл хүчин төгөлдөр бус гэж магадласан нь 2 шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн учраас хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иймд миний гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.06.12-ны өдрийн 210/МА2023/01168 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.30-ны өдрийн 184/ШШ2023/01288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.09.15-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2023/00921 тогтоолоор хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

                               ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч “В” ХХН-өөс хариуцагч М т холбогдуулан Ү-2201053369 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол /18082/, 39 байр, 103 тоот хаягт байрлалтай, 28 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлж, түрээсийн төлбөр буюу олох ёстой байсан орлого 8,400,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ “...үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах харилцаа улсын бүртгэлд бүртгүүлснээр шинэ өмчлөгчид тухайн хөрөнгө шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох учиртай, ийм үйл явдал болоогүй тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс манай өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууцыг чөлөөлүүлэх, улмаар хууль бусаар эзэмшиж байх хугацаанд олох байсан ашиг, орлогыг түрээсийн төлбөрөөр тооцон шаардана” гэж тайлбарласан.

Хариуцагч М нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...хууль бусаар орон сууцыг эзэмшээгүй, нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлд орон сууцаа шилжүүлсэн, төлбөрт өгсөн орон сууцыг би худалдан авсан, харин улсын бүртгэлд бүртгүүлэх гэхэд нэхэмжлэгч талаас үүргээ гүйцэтгээгүй” гэж маргаад, маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон “Т ” ХХК нь “...2018.05.30-ны өдөр “Ч ” ХХК-тай барилгын материал нийлүүлэх гэрээ байгуулахдаа “В” ХХН-өөс маргааны зүйл болж буй энэ орон сууцыг худалдан авч “Ч ” ХХК-д өгөхөөр тохиролцсон ч төлбөр 36,000,000 төгрөгийг төлж чадаагүйгээс хэлцэл хүчин төгөлдөр бус болсон, орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэх боломжгүй” гэж нэхэмжлэгчийг дэмжсэн тайлбар гаргасан.

8.“Ч ” ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцохдоо “... манайх “В” ХХН-ийн байрыг “Т ” ХХК-д нийлүүлсэн бетоны төлбөрт авсан тул тус байрыг “Э ” ХХК-д түрээсийн төлбөрт шилжүүлж өгсөн, ...орон сууц “Э ” ХХК-ийн ажилтан М ын өмч” гэж хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж оролцсон байна.

9.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Э ” ХХК нь “...манай компани энэ орон сууцыг “Ч ” ХХК-ийн төлөх түрээсийн төлбөрт шилжүүлэн авсан, өөрийн ажилтан  М т цалингийн зээлээр өгсөн, түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэсэн хариуцагчийг дэмжсэн тайлбар гаргажээ.  

10.Хэргийн баримт, талуудын тайлбараас үзэхэд, ...“Ч ” ХХК, “Т ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018.05.03-ны өдрийн гэрээгээр ”Ч ” ХХК нь 27,507,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлэх, “Т ” ХХК энэ зуурмагийн төлбөрийн 80 хувийн төлбөрийг бартераар хийх, бартерт СХД, ЗДТГ-ын хажууд байрлах 1 өрөө, 28 м.кв талбайтай, 36,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц байна гэж талууд тохиролцсон, үүний дагуу 2019.05.03-ны өдөр “В” ХХН болон “Ч ” ХХК-ийн хооронд “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдаж, дээрх орон сууцыг худалдан авагч “Ч ” ХХК-д шилжүүлэхээр, орон сууцны үнэ 36,000,000 төгрөгийн төлбөр тооцоо дууссан гэж заасан байна.

“Э ” ХХК болон М нарын хооронд байгуулагдсан  2019.05.10-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-гээр ...”Ч ” ХХК-аас бартераар авсан үл хөдлөх хөрөнгийг Мт шилжүүлэх, үл хөдлөх хөрөнгийн 18,000,000 төгрөгийг компанийн зүгээс урамшуулал хэлбэрээр, 18,000,000 төгрөгийг сар бүр цалингаас 500,000 төгрөгийг суутган 2022 оны 4 сарыг дуустал хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцсон тухай баримт хэрэгт авагдсан.  

Хариуцагч М аас үл хөдлөх эд хөрөнгийн татварт 720,000 төгрөгийг Хаан банкны 5002114643 тоот данс руу шилжүүлсэн байх бөгөөд энэ мөнгөнөөс “В” ХХН үл хөдлөх эд хөрөнгө худалдсаны татварын төлбөрийн шимтгэлд 654,545.45 төгрөгийг 2020.04.01-ний өдөр төлсөн буюу нэхэмжлэгч татварыг дутуу төлснөөс хариуцагч орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлэх боломжгүй байгаа гэж тайлбар гаргасан байна.

11.Дээрх үйл баримтын талаар маргаагүй, харин тухайн орон сууцыг хариуцагч М хууль бусаар эзэмшиж байгаа эсэх, тэрээр өмчлөх эрхтэй эсэх тухайд талууд маргажээ.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэл тогтоогдож байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангана.

13.Давж заалдах шатны шүүх “... “В” ХХН нь эд хөрөнгийн улсын бүртгэлд орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй байхад Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн эрхийг зөрчиж, түүний эд хөрөнгийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээд “Э ” ХХК-аас хариуцагч М т худалдсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл” тул сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, ... нэхэмжлэгч болон “Ч ” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ нь хуульд зааснаар нотариатаар гэрчлэгдсэн боловч, эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд маргаан бүхий орон сууцыг худалдах-худалдан авах талаар эрх зүйн харилцаа үүсээгүй, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч бүртгэлтэй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй” гэж дүгнэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа маргааны үйл баримтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг буруу хэрэглэсэн байна.          

Хэргийн баримт, талуудын тайлбараар орон сууцыг хариуцагч М т шилжиж байгааг нэхэмжлэгч мэдэж байсан буюу тэрээр хариуцагчийн шилжүүлсэн мөнгөнөөс тодорхой хэсгийг буюу бүрэн бус хэмжээгээр үл хөдлөх хөрөнгө худалдсаны татвар гэж зохих байгууллагад шилжүүлсэн, түүнчлэн дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан албан бичгээр өөрийн өмчлөлийн орон сууцыг “Ч ” ХХК-д гэрээний үндсэн дээр шилжүүлж байгаа тухай болон энэ бүх эрхийг М т итгэмжлэлээр олгож байгаагаа илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.

14.Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч болон “Ч ” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-ний хүсэл зориг нь хөрөнгө худалдах-худалдан авах бус харин гуравдагч этгээд “Т ” ХХК-ийн “Ч ” ХХК-аас бетон зуурмаг худалдан авсны төлбөрийн үүргийг  бартераар гүйцэтгэх буюу байрыг шилжүүлэх аргыг тодорхойлсон агуулгатай хэлцэл,  ...энэ нь “Ч ” ХХК болон “Т ” ХХК-ийн хооронд хийсэн гэрээний дагуу бетон зуурмагийн үнийг төлөх үүргийг хэрэгжүүлэх арга бөгөөд тухайн гэрээтэй шууд холбоотой байгуулагдсан,  улмаар нэхэмжлэгч нь тухайн бартерын орон сууцны өмчлөх эрхийг нөгөө талдаа шилжүүлэх үүргийг хүлээсэн хэдий ч үл хөдлөх эд хөрөнгө худалдсаны татварын шимтгэлийг дутуу төлснөөс уг гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд “В” ХХН нь гэрээний дагуу орон сууцыг шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт материалыг гаргаж өгөх үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д биелүүлээгүй буруутай, ...хэлцлийн үндсэн дээр орон сууцыг шилжүүлэн авсан “Ч ” ХХК, “Э ” ХХК нь хариуцагч М ыг өмчлөгч гэж үзсэн, түүнийг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хариуцагч шаардах эрхтэй” гэсэн агуулгатай дүгнэлт хийж,  үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

“В” ХХН-ийн үүсгэн байгуулагчдын 2019.01.08-ны өдрийн хурлын тэмдэглэл, мөн өдрийн хурлын тогтоол, нэхэмжлэгч болон “Ч ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019.05.03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдах авах гэрээ, нэхэмжлэгчээс хариуцагч М т олгосон 2019.05.03-ны өдрийн итгэмжлэл, хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгөний баримт болон нэхэмжлэгчээс үл хөдлөх хөрөнгө борлуулсны татварт төлсөн төлбөрийн баримт, “Ч ” ХХК болон “Т ” ХХК-ийн хооронд байгуулагдсан барилгын материал нийлүүлэх гэрээ, “Э ” ХХК болон М нарын хооронд хийгдсэн 2019.05.10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдах авах гэрээ, М  ын төлбөр төлсөн баримт болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон “Э ” ХХК болон “Ч ” ХХК-ийн тайлбар зэргээс үзэхэд хариуцагч М ыг уг орон сууцыг хууль бусаар эзэмшсэн гэж үзэхгүй, түүний гаргасан сөрөг шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д нийцсэн байна.

15.Хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2023/01168 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2023/01288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                 Д.ЦОЛМОН

                                                                               Х.ЭРДЭНЭСУВД