Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2023/00173

 

Х ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                       

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2023/00214 дүгээр шийдвэр, 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 212/МА2023/00064 дүгээр магадлалтай,                                                                                                 

Х ын нэхэмжлэлтэй,

М т холбогдох

Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учирсан хохирол 77,103,240 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг         

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х , өмгөөлөгч С.Нургайып /цахимаар/, А.Серикжан /цахимаар/, хариуцагч М  /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Х.Бакен /цахимаар/, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х  нь хариуцагч М т холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учирсан хохирол 77,103,240 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2023/00214 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х ын хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учирсан хохирол 77,103,240 төгрөгийг буруутай этгээд М ээс нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х , хариуцагч М  нарын байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөлдөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 543,467 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

3.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 212/МА2023/00064 дүгээр  магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2023/00214 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ээс дур мэдэн хэлцэл хийж, худалдан авагчийн шаардлагыг биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд 77,103,240 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ад олгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А , К  нарын нэхэмжлэгч Х , хариуцагч М  нарт холбогдуулан гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Х  болон М  нарын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Үл хөлдөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.” гэж,

3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 543,467 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М ээс 543,467 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ад олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х ын давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.05.26-ны өдрийн 212/МА2023/00064 дугаартай магадлалын “Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ээс дур мэдэн хэлцэл хийж, худалдан авагчийн шаардлагыг биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 77,103,240 төгрөгийг гаргуулан нэхэмжпэгч Х ад олгосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д  заасан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн үндэслэлийн талаар: Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ “...Нэхэмжлэгч Х ын иргэн Д тэй 2022.11.07-ны өдөр Худалдаа, үйлчилгээний зориулалттай талбай худалдах, худалдан авах захиалгын гэрээ байгуулж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт баригдаж буй худалдаа үйлчилгээний байгууламжийн 1 дүгээр давхарын 78 м.кв талбайг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч үйлчилгээний талбайн 1 м.кв үнийг 3,840,000 төгрөгөөр тооцож, нийт 300,000,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон үйл явдал тухайн гэрээний талуудын сайн дурын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд Х ын алдагдсан боломжийг хохиролд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй” гэж үзэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х ын хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учирсан хохирол 77,103,240 төгрөгийг буруутай этгээд М ээс нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсгийг зөрүүтэй хэрэглэж “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт "Төлөөлөгч бүрэн эрхээ нотолж чадаагүй, төлөөлүүлсэн этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсан бол дур мэдэн хэлцэл хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж заасан хуулийн урьдчилсан нөхцөл бүрэн хангагдсан байх тул энэ талаар гаргасан, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд болох хариуцагчаас хохирол нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна, ...анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон атлаа алдагдсан боломжийг хохиролд тооцох боломжгүй гэж дүгнэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй...” гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэснийг нотолж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлал миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Давж заалдах шатны шүүх хуулийг эөрүүтэй хэрэглэсэн нь дараах үндэслэлүүдээр тогтоогдож байна.

4.1. Миний бие 2022.05.18-ны өдөр нэхэмжлэгч Х тай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн баригдаж буй 1000 бараа-Арман төвийн 1 дүгээр давхарт 80 метр квадрат үйлчилгээний зориулалттай талбайг 150,000,000 төгрөгөөр худалдахаар, худалдан авагч төлбөрийн урьдчилгаа 100,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг түлхүүр гардуулах өдөр төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу нэхэмжлэгч Х  нь 2022.05.18-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 100,000,000 төгрөг миний дансанд бэлэн бусаар төлсөн. 2022.11.01-ний өдөр нэг удаагийн гүйлгээгээр 50,000,000 төгрөгийг мөн миний дансанд бэлэн бусаар төлсөн. Х  нь тэр өдөр над дээр ирсэн ба би ярианы явцад энэ жил цемент, ажлын хүчний зардал өссөн байгаа гэхэд тэрбээр би чамайг луйварчин гэж сонссон, чамайг энэ барилгыг надад өгөхгүй гэж сонссон, би өгдөг газарт өгөөд авна гэж маргаан үүсгээд уурлаад явсан. Х  нь намайг луйварчнаар дуудаж, хэл амаар доромжилсон учир би энэ хүнтэй цаашид хамтран ажиллаж чадахгүй гэж бодоод гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэж 2022.11.02-ны өдөр нэхэмжлэгч Х ын ХААН банк дахь 5180198892 тоот дансанд 150,000,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн. Мөн өдөр 100,000,000 төгрөгийг миний дансанд байсан хугацааны хүүг банкны хугацаатай хадгаламжийн хүүгээр тооцож, 3,866,000 төгрөгийг мөн нэхэмжлэгч Х ын ХААН банк дахь 5180198892 тоот дансанд шилжүүлсэн. Х  нь тухайн үед намайг хэл амаар доромжилж, маргаан үүсгээгүй байсан бол захиалсан барилгыг нь тэр өдөрт өгөх бодолтой байсан. Эдгээр үйл баримтын талаар талууд хооронд маргаагүй.

4.2. Энэ хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон К  нь миний авга ах, А  нь миний эхнэр болдог бөгөөд 1000 бараа-Арман төв нь тэдний нэр дээр бүртгэлтэй байсан. Би анх Х тай гэрээ байгуулахдаа дээрх хүмүүсээс итгэмжлэл аваагүй нь буруу болсон. Би тухайн үед нэг гэр бүлийн хүмүүс учир гэрээ байгуулах боломжтой гэж үзсэн. Гэхдээ бид гэрээ байгуулсаны дараа нотариат дээр очиж гэрээг гэрчлүүлсэн. Нотариатын тухай хуулийн 4.4 дэх хэсэгт нотариатчийн хэрэгжүүлэх чиг үүргийг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 4.4.1-д нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх гэж тодорхойлсон. Тухайн үед гэрээг гэрчилсэн нотариатч нь гэрээ хууль тогтоомжийн дагуу хийгдсэн эсэх, худалдаж байгаа үл хөдлөх хөрөнгө нь хэний нэр дээр бүртгэлтэй болох, итгэмжлэл байгаа эсэхийг шалгаж үзэж гэрээг гэрчилсэн бол ийм маргаан гарахгүй байсан.

4.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан. Бидний хооронд хийсэн хэлцлээр биет эд зүйл шилжүүлээгүй, бэлэн мөнгө шилжүүлсэн. Миний бие хуулийн дээрх заалтын шаардлагыг хангаж Х ын миний дансанд шилжүүлсэн 150,000,000 төгрөгийг 2022.11.02-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахаас өмнө түүний дансанд буцааж шилжүүлж өгч үүргээ биелүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

4.4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө’' гэж хуульчилсан. Миний хувьд нэхэмжлэгч Х ын 100,000,000 төгрөг миний дансанд байсан хугацааны хүүг банкны дундаж хүүгээр тооцож 3,666,000 төгрөгийг 2022.11.02-ны өдөр түүний дансанд бэлэн бусаар шилжүүлсэн учир учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэстэй.

4.5. Нэхэмжлэгч Х  нь хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас өөрт бодит хохирол учирсан гэж нэхэмжлэл гаргасан тохиолдолд түүнийгээ холбогдох нотлох баримтуудаар нотлох ёстой. Гэтэл хэрэгт энэ талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй.

4.6. Нэхэмжлэгч Х ын нотлох баримтаар гаргаж өгсөн иргэн Д тэй байгуулсан огноо, дугааргүй "Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай худалдах, худалдан авах захиалгын гэрээ" нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд байгуулагдсан гэрээ. Талууд энэхүү гэрээг байгуулахдаа өөрсдийн хүсэл сонирхлын дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийн байршил, баригдах материалын үнэ, зах зээлийн орчин чанар зэрэг үзүүлэлтүүдийг үндэслэл болгож м.кв-ын үнийг тогтоосон бөгөөд 1 м.кв-ын үнийг 3,846,240 төгрөгөөр тогтоосон нь хариуцагч надад огт хамааралгүй. Өөрөөр хэлбэл, 3,846,240 төгрөг нь гэрээний үнэ бөгөөд өмнө нь байгуулсан гэрээний үнэ хоорондын үнийг зөрүүг хохиролд тооцох боломжгүй. Тус хэрэгт дээрх гэрээнээс гадна Д ийн З , Д  нартай байгуулсан худалдаа үйлчилгээний зориулалттай талбай худалдах, худалдан авах захиалгын хоёр гэрээ нотлох баримтаар авагдсан. Иргэн З.Ерболтай байгуулсан гэрээ 2022.04.21-ний өдөр байгуулагдсан бөгөөд гэрээний 5.1-д 1 м.кв-ын үнийг 4,000,000 төгрөгөөр тохиролцсон байдаг. Мөн иргэн Д тай байгуулсан гэрээ 2022.04.08-ны өдөр байгуулагдсан бөгөөд гэрээний 3.1-д 1 м.кв-ын үнийг 3,000,000 төгрөгөөр тохиролцсон байдаг. Энэ нь 2022 оны 11 дүгээр сард Д ийн барьж байгаа барилгын м.кв-ын үнэ өсөөгүй, тухайн барилгын м.кв-ын үнэ нь эхнээсээ 3,000,000-4,000,000 төгрөгийн үнэ ханштай байсныг нотолж байна. Нөгөө талаар нэхэмжлэгчээс анх гэрээ байгуулсан 2022.05.18-ны өдрөөс гэрээнээс татгалзсан мөн оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд барилгын м.кв-ын үнэ өссөнийг нотлох ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ м.кв-ын үнийн зөрүүг учирсан хохиролд тооцож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Үнэхээр миний буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэж байгаа бол миний хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн хууль бус үйлдэл, нэхэмжлэгчид учирсан хохирол, үйлдэл ба хохирол хоорондын шалтгаант холбоо, хохирол учруулсан буруутай үйл ажиллагаа бүрэн нотлогдсон байх ёстой бөгөөд дээрх нөхцөлүүд хангагдсан тохиолдолд миний бие учирсан бодит хохирлыг төлөх ёстой. Хэлцлийн хүчин төгөлдөр бус байдал нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Тодруулбал, угаас хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу талуудад аливаа эрх үүрэг үүсэхгүй тул хэлцэлд заасан үүргийг биелүүлэхгүй байх боломжтой, эсхүл нөгөө талд үүргийг биелүүлэхийг шаардах эрх үүсэхгүй. Нэгэнт хэлцлийн хүчин төгөлдөр бус байдал нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул нэхэмжлэгчийн алдагдсан боломжийг хохиролд тооцож нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг зохих журмын дагуу хянан үзэж, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.05.26-ны өдрийн 212/МА2023/00064 дугаартай магадлалын “Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ээс дур мэдэн хэлцэл хийж, худалдан авагчийн шаардлагыг биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 77,103,240 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ад олгосугай” гэж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.02-ны өдрийн 130/ШШ2023/00214 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.09.21-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2023/00973 тогтоолоор хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч Х  нь “...хариуцагч М тэй 2022.05.18-ны өдөр шинээр баригдаж буй “1000 бараа-Арман төв”-ийн үйлчилгээний зориулалтай 60 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг нийт 150,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар гэрээ байгуулж, М  2022.11.01-ний өдөр уг хөрөнгийг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож, би төлбөрийг бүрэн төлж үүргээ шударгаар биелүүлсэн. Гэвч М  өөр хүний эд хөрөнгийг надад худалдахаар гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус хэлцэл болсон. Үйл ажиллагаагаа явуулахын тулд Д ээс нэг м.кв талбайг 3,846,154 төгрөгөөр авч, үнийн зөрүүгээс хохирол амсаж байна. Хохирлыг нэг м.кв-ын зөрүүгээр тооцно, М ийн нэмж шилжүүлсэн 3,666,000 төгрөгийг хасаж, 77,103,240 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэжээ.

Хариуцагч М  нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...нэхэмжлэгчид ямар ч хохирол учруулаагүй, гэрээ байгуулах үед авсан мөнгөө нэн даруй банкны хүүг нэмж шилжүүлж өгсөн. Хохирол гэж нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгө нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь хаанаас, хэнээс, хэдэн төгрөгөөр, хэдэн м.кв талбай худалдаж авах нь чөлөөт зах зээлийн үед түүний өөрийн сонголтын асуудал учир м.кв-ын үнийн зөрүүг хохирол гэж үзэх нь үндэслэлгүй. Хохирол барагдуулах гэдэгт эрх зөрчигдөхөөс өмнө ямар байдалтай байсан яг тийм байдалд нь буцаан сэргээх явдлыг ойлгохоос биш хэн нэгний үндэслэлгүйгээр баяжих ашиг сонирхлыг хангах учиргүй” гэж маргасан.

7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон А , К  нар нь “... Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлалтай “1000 Бараа-Арман төв”-ийн барилга бид хоёрын хамтран өмчлөх дундын өмч байхад Х , М  нар 2022.05.18-ны өдөр “Үл хөлдөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-гээр уг барилгын 60 м.кв үйлчилгээний талбайг дур мэдэн захиран зарцуулж хэлцэл хийснийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү” гэжээ.

8.Х , М  нар 2022.05.18-ны өдөр “Үл хөлдөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулахдаа хариуцагч М  нь өмчлөгч А , К  нарын зөвшөөрлийг аваагүй буюу гэрээний зүйл нь гуравдагч этгээд болох А , К  нарын өмчлөлийн газар дээр баригдаж буй хөрөнгө болох тухай, нэхэмжлэгч Х  нь 150,000,000 төгрөг төлөх үүргээ бүрэн биелүүлсний дараа хариуцагч хэлцлээс буцаж, уг төлбөрийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхдээ хохирлыг банкны хүүгээр тооцож 3,666,000 төгрөгийг нэмж өгсөн, Х  нь Д ээс үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан зэрэг үйл баримтын тухайд талууд маргаагүй, шаардлагатай баримтууд хэрэгт авагдсан байна.

9.Нэхэмжлэгч Х аас анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу “1000 бараа Арман төв”-ийн 1 давхрын зүүн хойд буланд байрлах 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М ээс хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учирсан хохирол 77,103,240 төгрөг гаргуулна гэж өөрчилжээ.

10.Анхан шатны шүүх “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заажээ. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн тохиолдолд талууд шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах үндсэн зарчим үйлчлэх бөгөөд хэрвээ хэлцэл хүчин төгөлдөр байсан бол эзэлж болох байр суурь, алдагдсан боломжоо шаардах эрхгүй болно,” гэж, “Нэхэмжлэгч Х ын иргэн Д тэй 2022.11.07-ны өдөр “Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай худалдах-худалдан авах захиалгын гэрээ” байгуулж, ... худалдаа үйлчилгээний байгууламжийн 1 давхрын 78 м.кв талбайг нэг м.кв үнийг 3,846,000 төгрөгөөр тооцож нийт 300,000,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж өгөхөөр тохиролцсон үйл явдал тухайн гэрээний талуудын сайн дурын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд Х ын алдагдсан боломжийг хохиролд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж” дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

11.Давж заалдах шатны шүүх “...Х , М  нарын хийсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчиж хийсэн хэлцэл мөн болох нь тогтоогдсон, талуудын аль аль нь уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч М  нь нэхэмжлэгч Х тай хууль зөрчиж хэлцэл хийж, дараа нь 60 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг Х ад шилжүүлэхээс татгалзаж, 150,000,000 төгрөгийг буцааж шилжүүлснээр буюу хариуцагч нь өөрийн өмчлөлийн бус эд хөрөнгийг бусдад худалдан борлуулахаар нэхэмжлэгчтэй дур мэдэн гэрээ хэлцэл хийж, улмаар уг гэрээнээс ямар ч үндэслэлгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсанаас нэхэмжлэгч Х ад хохирол учирсан нь илэрхий тогтоогджээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Төлөөлөгч бүрэн эрхээ нотолж чадаагүй, төлөөлүүлсэн этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсан бол дур мэдэн хэлцэл хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж заасан хуулийн урьдчилсан нөхцөл бүрэн хангагдсан байх тул энэ талаар гаргасан, хүчин төгөлдөр хэлцэл хийсэн буруутай этгээд болох хариуцагчаас хохирол нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй, ... нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийн бусдын нэрийн өмнөөс дур мэдэн хүчин төгөлдөр бус хэлцэл хийж, улмаар уг хэлцлээс үндэслэлгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсаны улмаас тэрээр өөрт учирсан хохирлыг Д тэй байгуулсан гэрээг үндэслэж шаардсан нь буруу биш бөгөөд хариуцагч уг нөхцөл байдлыг үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Ингэхдээ “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон атлаа алдагдсан боломжийг хохиролд тооцох боломжгүй гэж дүгнэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй” гэж анхан шатны шүүхийг буруутгасан байна.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

13.Анхан шатны шүүх маргааны үйл баримтад Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай, түүнчлэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А , К  нарын шаардлагыг хангахдаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл, хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн талаарх Иргэний хуулийн зохицуулалтыг хамтад нь хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан байна. 

14.Хариуцагч М ийн буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч Х  нь “1000 бараа-Арман төв”-ийн 1 давхарт 60 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг худалдан авч чадаагүй бөгөөд тэрээр тухайн байршилд байгаа үйлчилгээний талбайн 1 м.кв-ын үнэ нэмэгдсэн буюу Д ээс үйлчилгээний талбайн 1 м.кв-ыг 3,846,154 төгрөгөөр авахаар гэрээ байгуулж, гэрээний м.кв үнийн зөрүүгээр /3,846,154-2,500,000=1,346,154/ өөрт учирсан хохирлоо тооцсон байх бөгөөд нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн хувьд үндэслэлтэй.  

Гэвч шүүх нэхэмжлэгчид учирсан хохирлыг тооцохдоо хэрэгт авагдсан баримтыг харьцуулан үнэлж чадаагүй, түүнчлэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А , К  нарын гаргасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэснийг залруулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг буруу хэрэглэсэн буюу Иргэний хуулийн хүчин төгөлдөр бус байх хэлцэл, хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл гэсэн эрх зүйн ялгаатай зохицуулалтыг хамтад нь хэрэглэсэн, мөн “Х , М  нарын хийсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчиж хийсэн хэлцэл” гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаа байна. 

15.Х , М  нарын хооронд хийгдсэн 2022.05.18-ны өдрийн “Үл хөлдөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-ний зүйл болох ...барилга байгууламж, эзэмшил газар нь хариуцагч М ийн эхнэр А , ах К  нарын өмчлөлийнх байх бөгөөд маргааны үйл баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болж буй гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэх ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж зааснаар хариуцагч М  нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х  үйл ажиллагаагаа явуулахын тулд өөр этгээдтэй гэрээ байгуулж, талбайн үнийн зөрүүгээр хохирсон явдалд хариуцагч М ийн өөрийн эхнэр болон ахаас зөвшөөрөл авалгүйгээр нэхэмжлэгчтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсныг буруутай гэж үзэх тул тэрээр хохирлыг хариуцах нь хуульд нийцнэ. Нөгөөтэйгүүр, шинээр баригдаж буй барилга үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй байсан, нэхэмжлэгч нь уг хөрөнгийг хариуцагчийн өмчлөлийнх гэж ойлгосон байх тул уг хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн үйл баримтад нэхэмжлэгчийг буруутгахгүй.

16.Хүчин төгөлдөр бус байх хэлцлээс учирсан хохирлыг тооцохдоо “...нэг м.кв талбайг 2,500,000 төгрөгөөр авахаар хариуцагчтай тохиролцож, төлбөрийг төлсөн, харин Д ээс үйлчилгээний талбайн 1 м.кв-ыг 3,846,154 төгрөгөөр авахаар гэрээ байгуулсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бусад баримтууд болон талуудын тайлбартай харьцуулан үзвэл тухайн үед үйлчилгээний талбайн үнэ тодорхой хэмжээгээр өссөн, хариуцагчийн эхнэр нэмэгдүүлсэн үнээр талбай авч болох тухай саналыг нэхэмжлэгчид гаргаж байсан, Д тэй гэрээ байгуулж байх үед нэг м.кв талбайн үнэ гурваас дөрвөн сая төгрөгийн ханштай байсан нь тогтоогдож байх тул 1 м.кв талбайн үнийг 3,500,000 төгрөгөөр тооцож, хариуцагчийн буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч нь 60 м.кв талбайд 60,000,000 төгрөг илүү төлж хохирсон гэж дүгнэн, үүнээс хариуцагчийн урьдчилан төлсөн 3,666,000 төгрөгийг хасаж, 56,334,000 төгрөгийг М ээс гаргуулахаар өөрчлөлт оруулна.

17.Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний болон хариуцагчаас гаргуулах хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 212/МА2023/00064 дүгээр  магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2023/00214 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан Х  болон М  нарын хооронд 2022.05.18-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А , К  нарын гаргасан шаардлагыг хангаж, хариуцагч М ээс 56,334,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 20,769,240 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, мөн шийдвэрийн 3,4,5 дахь заалтыг 2,3,4 гэж дугаарлан, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 543,467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ээс 439,620 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ад олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 543,467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭСУВД

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД                                               Н.БАЯРМАА

                                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                 Д.ЦОЛМОН