Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 212/МА2023/00064

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  Х.С-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2023/00214 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч *****оршин суух Х.С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ***** оршин суух Х.М-т холбогдох,

 

“Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учирсан хохиролд 77,103,240 төгрөгийг буруутай этгээд Х.М-ээс гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, нэхэмжлэгч Х.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып /цахим сүлжээгээр/, хариуцагч Х.М- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:     

1.1. Миний бие 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Х.М-тэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай, шинээр баригдаж буй 1000 бараа-Арман төвийн 1-р давхрын зүүн хойд буланд байрлах 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нийт 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон.

1.2. Гэрээ байгуулагдсан өдөр буюу миний бие худалдан авагчийн хувьд гэрээний 2.1-т заасан үүргээ биелүүлж, 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг худалдагчийн хүсэлтээр түүний Хаан банк дахь 5180434092 тоот дансанд 2 хоёр хувааж шилжүүлсэн. Ингэснээр худалдагч надад биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч надад 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр болж үүрэг хүлээсэн.

1.3. Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр миний бие үлдэгдэл төлбөр болох 50.000.000 /тавин сая/ төгрөгийг худалдагчийн данс руу шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлсэн.

1.4. Гэтэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдахаар болж гэрээ байгуулсан Х.М- нь би чамтай эд хөрөнгө худалдахгүй, надаас юу ч долоож чадахгүй, баригдсан барилга өөр хүний нэр дээр учраас чамтай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус, надаас барилга авч чадахгүй хэмээн хэлсэн. Гэрээ байгуулсан үед Х.М- намайг итгүүлэн гэрээ байгуулан 150 сая төгрөг авсан. Надаас авсан мөнгөөр барилгаа барьчхаад, тухайн барилгын үйл ажиллагааг өөр хүний нэр дээр явуулсан байжээ. Х.М- нь надтай гэрээ байгуулсан 2022 оны 5 дугаар сарын үед Монгол орон даяр бүх банк, банк бус санхүүгийн байгууллага нь санхүүжилтийн зээл олгохгүй, гацаанд орсон байсан. Х.М- нь барилгаа үргэлжлүүлэн барих санхүүжилтгүй болсон үед надад гуйж байгаад гэрээ байгуулж миний бэлэн мөнгийг авчхаад тухайн хүчин төгөлдөр бус гэрээ байгуулан намайг хохироосонд гомдолтой байна.

1.5. Хэрэв Х.М- бодит байдлыг нуун халхавчилж, намайг залилан мэхлэн, өөр хүний эд хөрөнгийг худалдахаар болж хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулаагүй бол тухайн 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нийт 150,000,000 төгрөгөөр өмчлөлдөө авах байсан. Цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн юм. Би худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг тул 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Х.М-ийн барьж өгсөн үйлчилгээний зориулалттай талбайд үйл ажиллагаагаа явуулна хэмээн төлөвлөж гадаадаас их хэмжээний өвлийн хувцас хунар, мөн бусад бараа авхуулсан. Үйлчилгээний талбайг авч чадаагүй учраас тухайн өвлийн хувцас хунар, бусад бараагаа худалдан борлуулж чадаагүй, ашиг олж чадаагүй.

1.6. Дээрээс нь улирлын шинжтэй бараа байсан учраас энэ өвөлдөө зориулж авхуулсан өвлийн хувцас хунар тэр чигээрээ үлдэгдэл бараа болж хохирсон. Түүнээс гадна мөн хэмжээний худалдаа үйлчилгээний талбайг худалдан авахаар болж иргэн Д.Б-тэй гэрээ байгуулсан ба гэрээний үнийн зөрүүгээрээ хохирол амсаж байна. Х.М-тэй гэрээ байгуулсан үед буюу 2022 оны 5 дугаар сарын үед үйлчилгээний талбайн 1 м.кв нь 1,700,000-2,500,000 төгрөг байсан. Би Х.М-тэй хамгийн өндөр үнээр гэрээ байгуулж, 1 м.кв талбайг 2,500,000 төгрөгөөр авахаар болж тохиролцож гэрээ байгуулж мөнгийг нь хуваарийн дагуу бүрэн шилжүүлэн өгсөн. Гэтэл одоо тухайн байршилд байгаа үйлчилгээний талбайн 1 м.кв газрын үнэ ханш 3,800,000-4,500,000 төгрөг болж нэмэгдсэн байна. Миний бие Д.Б-ээс 1 м.кв үйлчилгээний талбайг 3,846,154 төгрөгөөр тохиролцож худалдан авахаар болж гэрээ байгуулж, үнийн зөрүүгээс хохирол амсаж байна. Тэгээд ч миний хүссэн 60 м.кв талбайтай үйлчилгээний барилга олдоогүй тул 78 м.кв үйлчилгээний талбай авахаас өөр аргагүй болсон.

Өөрөөр хэлбэл 150,000,000 төгрөгөөр үйлчилгээний барилгатай болох ёстой байсан 300,000,000 төгрөгөөр адил хэмжээний барилгыг худалдан авахаар гэрээ байгуулж хохирсон. Дээрээс нь цаг хугацаа, олох байсан ашиг орлогоороо мөн их хэмжээний хохирол амсаж байна. Гэхдээ би Х.М-ээс бүх хохирлоо биш одоогийн байдлаар зөвхөн 1 м.кв барилгын зөрүүгээр түүнд захиалга өгсөн 60 м.кв барилгын хэмжээгээрээ зөрүү хохирол тооцож нэхэмжлэл гаргаж байна. Барилгын 1 м.кв-ын зөрүү 80,769,240 төгрөгөөс Х.М-ийн надад нэмж шилжүүлсэн 3,666,000 төгрөгийг хасаж тооцоход 77,103,240 төгрөгийн хохирлыг Х.М-ээс нэхэмжилж байна. Иймд хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учирсан хохирол 77,103,240 төгрөгийг буруутай этгээд Х.М-ээс нөхөн төлүүлж өгөхийг хүсэж байна.

1.7.Намайг шүүх дээр нэхэмжлэл гаргангуутаа Х.М- би буруу хийчихсэн байна, миний эзэмшилд биш,эхнэр болох Ж болон Же гэдэг ахынхаа нэр дээр байгаа барилга юм гээд намайг мэхэлсэн. Хариуцагч би андуураад хийчихсэн гээд тайлбар өгсөн байна. Хариуцагч өнөөдөр анх удаа барилга барьж байгаа хүн биш урьд нь Арман төв гээд барилга барьсан туршлагатай хүн байгаа.Тийм учраас би мэдэхгүй, миний эхнэрийнх байсан гэдэг нь залилан гэж үзэж байна. Эндээс болж би маш их хохирсон.

1.8. Миний бие анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай 1000 бараа-Арман төвийн 1 дүгээр давхрын зүүн хойд буланд байрлах 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Х.С- миний нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгахыг хүссэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1.Хариуцагч нь нэхэмжлэгчид ямар ч хохирол учруулаагүй, гэрээ байгуулах үед авсан мөнгөө нэн даруй банкны хүүг нэмэгдүүлж шилжүүлж өгсөн.

 

2.2. Хохирол гэж нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгө нь үндэслэлгүй. Учир нь, нэгдүгээрт, нэхэмжлэгч өвлийн барааг хэзээ захиалах нь түүний хувийн сонголтынх нь асуудал бөгөөд маргаан бүхий талбайдаа орж чадаагүй байдал нь түүний захиалсан барааны борлуулалтыг 100 хувь бууруулж чадахгүйгээс гадна зах зээлийн өөр боломжууд нь нэхэмжлэгчид нээлттэй байгаа. Хоёрдугаарт, тухайн байршилд байгаа бүх үйлчилгээний талбайн үнэ өссөн мэтээр нэхэмжлэгчийн хэлж байгаа нь үндэслэлгүй. Тухайлбал, маргаан бүхий талбайн орчин тойрон дахь үйлчилгээний талбайнуудын нэгж м.кв-ын дундаж үнэ 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ орчим төгрөг хэвээрээ байна. Хариуцагчийн хувьд ч мөн ялгаагүй хууль бус гэрээ хийсэн гэдгээ маргаан шүүхэд шилжих үед мэдсэн.

2.3. Маргаан бүхий объектын жинхэнэ өмчлөгч болох А.Ж-тай гэрээ хийж тус объектыг худалдан авах боломж нь нэхэмжлэгчид нээлттэй байсан. Нэхэмжлэгч нь хаанаас, хэнээс, хэдэн төгрөгөөр, хэдэн м.кв талбай худалдаж авах нь чөлөөт зах зээлийн үед түүний өөрийн сонголтын асуудал учир м.кв-ын үнийн зөрүүг хохирол гэж үзэх нь үндэслэлгүй. Эсрэгээрээ нэхэмжлэгчийн энэхүү шаардлага нь шударга бусаар баяжих, үндэслэлгүйгээр хөрөнгөжих сэдэлтэй байж болохоор харагдаж байна.

2.4. Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдох үед хариуцагч Х.С-аас авсан нийт 150 сая төгрөгөө буцаан өгөөгүй байсан бол түүнд бодитоор хохирол учруулсан гэж үнэлж болохоор байсан. Гэвч хариуцагч би ухамсартайгаар хандаж банкны хүүг нэмэгдүүлж нэн даруй мөнгийг нь шилжүүлж өгсөн нь нэхэмжлэгчид хохиролтой бус чирэгдэл асуудалгүй, ашигтай л байсан гэж үзэж байна. Хувь хүн өөрийнхөө сонголтыг бусдын буруу мэтээр тохож хохирол гэж шаардах нь шударга ёсонд нийцэхгүй. Хохирол барагдуулах гэдэгт эрх зөрчигдөхөөс өмнө ямар байдалтай байсан яг тийм байдалд нь буцаан сэргээх явдлыг ойлгохоос биш хэн нэгний үндэслэлгүйгээр баяжих ашиг сонирхлыг хангах учиргүй.

2.5. Хариуцагч би нэхэмжлэгчийн урьдчилгаанд төлсөн гэх 100,000,000 /зуун сая/ төгрөгийг нь уг мөнгө нь банканд байсан бол тооцогдох байсан хугацаатай хадгаламжийн хүү 3,666,000 төгрөгтэй нь хамт бодож, 2022 оны 11 сарын 01-ний өдөр шилжүүлсэн гэх 50,000,000 /тавин сая/төгрөгийг нэмж нэхэмжлэгчийн данс руу тухайн үед шууд шилжүүлж өгсөн нь хариуцагчид ямарваа нэгэн байдлаар хохирол учруулаагүй нь тодорхой байгаа.

2.6. Нэхэмжлэгч Х.С-ын нэхэмжлэлдээ дурдсан надаас юу ч долоож чадахгүй, барилга өөр хүний нэр дээр учраас чамтай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус учраас барилгаа авч чадахгүй гэх үндэслэл, мөн хариуцагчийг санхүүжилтгүй болсон үедээ нэхэмжлэгчээс гуйж гэрээ байгуулж улмаар түүний бэлэн мөнгийг ашиглаж барилгаа босгож түүнийг хууран мэхэлж, залилсан мэтээр бичсэн нь харин ч эсрэгээрээ хариуцагч миний нэр төрд халдаж байгаа хэрэг гэж үзэж байна.

2.7. Миний бие нэхэмжлэгчид тухайн үед барилгын материалын үнэ өссөн тухай тайлбарлаж үүний улмаас талбайныхаа үнийн дүнд өөрчлөлт оруулах саналтай байгаагаа л хэлсэн болохоос илүү дутуу юм яриагүй. Гэвч нэхэмжлэгч чамайг луйварчин гэж сонсож байсан байна, ингэнэ гэж мэдэж байсан гэх мэтээр хэл амаар доромжилсон. Нэхэмжлэгчийн мөнгийг ашиглаж барилгаа босгосон мэтээр хэлж байгаа нь бас ор үндэсгүй. Одоогийн үед мөнгөний ханш ямар байгааг нэхэмжлэгч өөрөө ч сайн мэдэж байгаа тийм санхүүжилтээр тийм хэмжээний барилгын нэг давхрыг ч барих боломжгүй.

2.8. Миний бие тухайн үед Х.С-тай хийсэн гэрээг хүчин төгөлдөр гэж бодож явсан. Өөр бодол санаа агуулаагүй. Үүний дараа банк орж үндсэн мөнгө болох 150,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд миний дансанд байсан 100,000,000 төгрөгийг банкны хугацаатай хадгаламжийн хүүгээр бодож хүү болох 3,666,000 төгрөгийг нэмж хүнлэг ёсоор сайн дураар шилжүүлэн өгч иргэн Х.С-ыг хохиролгүй болгосноор бид хоёрын хоорондох гэрээ дуусгавар болсон гэж ойлгосон. Улмаар маргаан даамжирч Х.С- намайг шүүхэд өгснөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Же-, А.Ж- нарын шаардлагын дагуу миний Х.С-тай хийсэн гэрээ маань хүчин төгөлдөр бус болсныг олж мэдсэн. Хүчин төгөлдөр, хүчин төгөлдөр бус гэрээ гэж ямар гэрээ байдгийг би өмнө нь огт мэддэггүй байсан. Иймд нэгдүгээрт миний бие банкны хугацаатай хадгаламжийн хүүгээр бодож 3,666,000 төгрөг сайн дураараа нэмж өгсөн минь ямар нэгэн байдлаар хэн нэгнийг хохирох сэдэл байхгүй болохын баталгаа, хүн чанарын минь илрэл гэж бодож байна. Би хэн нэгэнд төвөг болохгүйгээр мөрөөрөө явахыг боддог хүн. Хоёрдугаарт барилгын м.кв ханшийн хувьд одоо ч гэсэн хэвээрээ байгаа. Жишээ нь уг барилгын өмчлөгч болох А.Ж-гаас тухайн үеийн ханшаар худалдан авах боломж тухайн үед ч гэсэн одоо ч гэсэн нээлттэй. Гуравдугаарт чөлөөт зах зээлийн үед хүн хаанаас юу худалдан авахаа өөрөө шийддэг. Энгийнээр бодоход аливаа барааг нэг дэлгүүрээс үнэтэй авснаа хэн нэгэнд буруугаа тохдоггүй шиг үнэ хэвээр байхад өөр газраас сонголт хийсэн нь миний буруу биш. Өдрийн 24 цагт арай гэж олон ажлаа амжуулж яваа надад хууль судалж хэн нэгнийг хохироох заалт хайгаад байх ямар ч санаа, зав байдаггүй, шаардлага ч байхгүй. Дөрөвдүгээрт Х.С- нь Д.Б-ээс үл хөдлөх хөрөнгө худалдан авснаар түүний хохирол 80,769,240 төгрөг гээд байгаа нь миний халаасанд орчхоогүй, салхинд хийсээд алга болчхоогүй, өөрийнх нь хөрөнгө болоод үр өгөөжөө өгөх гээд бодитоор байж л байгаа шүү дээ. Хэл амаар доромжилж намайг гомдоосон учраас мөнгийг нь буцаан өгч салъя гэж бодсон. Тавдугаарт би 2022 оны 5 дугаар сард тухайн барилгыг банкны зээл, хүнээс гэрээ байгуулан мөнгө босгохгүйгээр өөрийн хөрөнгөөр барих бүрэн боломжтой байсныг баталж чадна. Гэвч Х.С-ын нэхэмжлэлд дурдсанаар Х.М- нь барилгаа үргэлжлүүлэн барих санхүүжилтгүй болсон үед намайг гуйж гэрээ байгуулан тухайн мөнгөөр барилга барьсан, баригдсан барилга өөр хүний нэр дээр надаас юу ч олж долоож чадахгүй гэж хэлсэн мэтээр шүүхийн байгууллагад илт худал мэдээлэл өгсөн байна. Иймд миний бие Х.С-ын гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих, шударга бусаар баяжих, заль мэх үзэж байгаа ба намайг 2022 оны 5 дугаар сард барилга барих санхүүжилтгүй болсныг, намайг хэзээ, хэнийг луйвардаж, луйварчин болсныг, гэрээ хүчин төгөлдөр бус надаас юу ч долоож чадахгүй гэж хэлсэн гэх үндэслэлүүдээ нотлох баримтаар батлахыг шаардаж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Ж-, К.Же- нар нэхэмжлэлийн шаардлагад:

3.1.Иргэн К.Же-, А.Ж- бид тус шүүхэд гаргасан нэхэмжлэгч Х.С-ын нэхэмжлэлтэй хариуцагч Х.М-т холбогдох Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай 1000 бараа Арман төвийн 1 давхрын зүүн буланд байрлах 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгийг Х.С- миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө 1000 бараа Арман төвийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувиар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож, дараах үндэслэлээр бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

3.2. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай (тухайн үед 4 дүгээр баг) шинээр баригдаж байгаа 1000 Бараа-Арман төвийн барилга байгууламжийн үл хөдлөх эд хөрөнгө нь байршил газрын хувьд А.Ж- миний хувийн өмч байх бөгөөд хоёр давхар 1.716 м.кв талбайтай барилга байгууламж буюу үл хөдлөх эд хөрөнгө бол гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж буй К.Же-, А.Ж- бидний хамтран өмчлөх дундын хөрөнгө болох нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн 2008 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 000010712 дугаартай гэрчилгээний хуулбар, Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1513/2021 дугаартай зураг төслийн дүгнэлт, Барилга, байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2021/10/04 дугаартай акт (геодезийн зураг), аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн БЭЭ-83-25/21 дугаартай барилгын ажил гүйцэтгэх зөвшөөрөл, Барилга угсралтын ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэх 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ЗХ-2021/18 дугаартай гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

3.3. Өмчлөгч К.Же-, А.Ж- бид хоёрын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 1000 Бараа Арман худалдаа, үйлчилгээний барилга цогцолборын 1-давхрын 60 м.кв үйлчилгээний талбайг нэхэмжлэгч Х.С-, хариуцагч Х.М- нар 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээр захиран зарцуулж, худалдах, худалдан авах хэлцэл хийсэн нь өмчлөгч А.Ж-, К.Же- бидний өмчлөх эрхэд халдсан, хууль бус үйлдэл байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.1, 56.1.8 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн, өмчлөгч этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн үзэж байна.

 

3.4. Нэхэмжлэгч Х.С-ын нэхэмжлэлтэй хариуцагч Х.М-т холбогдох иргэний хэргийн улмаас үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч К.Же-, А.Ж- бид хоёрын өмчлөх эрхэд ноцтой хохирол учрах нөхцөл байдал буй болсон учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг уламжилж, гэрээний талууд болох худалдагч Х.М- болон худалдан авагч Х.С- нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 01 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах талаар бие даасан шаардлага гаргаж байна.

 

4.Нэхэмжлэгч Х.С-ын бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Ж-, К.Же- нарын нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбарт:

4.1. Хариуцагч Х.М-ийн хариу тайлбар, түүнд хавсарган ирүүлсэн нотлох баримт болон гуравдагч этгээд А.Ж-, К.Же- нарын тайлбар, мөн үүнд хавсарган ирүүлсэн 000010712 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 000156316 дугаартай иргэний газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1513/2021 дугаар бүхий барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, барилга байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан тухай акт, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт баригдах иргэн 1000 бараа-арман худалдаа үйлчилгээний барилга угсралтын ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээ, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 41 дүгээр, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/486 дугаар захирамж, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт баригдах иргэн А.Ж-, К.Же- нарын 1000 бараа-арман худалдааны төвийн ажлын зураг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий объектын жинхэнэ эзэмшигч нь А.Ж-, К.Же- нар мөн болох нь тогтоогдож байна.

4.2. Иймд А.Ж-, К.Же- нараас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт гаргаж, улмаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.С-, хариуцагч Х.М- нарын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.

 

5.Хариуцагч Х.М-ийн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Ж-, К.Же- нарын нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбарт:

5.1. Хариуцагч Х.М- миний бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Ж-, К.Же- нарын гаргасан худалдагч Х.М-, худалдан авагч Х.С- нарын хооронд байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г бие даасан шаардлага гаргаж хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж үзээд дараах тайлбар гаргаж байна.

5.2. Хариуцагч Х.М- миний бие нэхэмжлэгч Х.С-ад 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 01 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай 1000 бараа Арман төвийн шинээр баригдаж байгаа барилгын 1 давхарт байршилтай үйлчилгээний зориулалттай, 60 м.кв талбайтай байрыг гэрээний 2.1 дэх заалтаар 150,000,000 (нэг зуун тавин сая) төгрөгөөр худалдан борлуулах хэлцэл хийж, үл хөдлөх хөрөнгийн үнэ өртгийг өөрийн дансанд шилжүүлэн авсан.

5.3. Гэтэл Х.М- миний бие эхнэр А.Ж-, ах К.Же- нарын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч А.Ж-, К.Же- нарын хууль ёсны зөвшөөрөлгүй, тэдэнд тохиролгүй, дур мэдэн худалдсан нь Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, хууль бус үйлдэл болохыг сүүлд мэдсэн учир Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар гэрээний нэг тал болох худалдан авагч Х.С-ын тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ болгож шилжүүлсэн 150,000,000 (нэг зуун тавин сая) төгрөгийг Иргэний хуулийн 56.6 дахь хэсэгт заасан хохирол буюу банкны хүүгийн оногдох хэсэг болох 3,366,000 төгрөгийн хамт буцаан өгч хохиролгүй болгосон болно.

 

5.4. Гуравдагч этгээд К.Же-, А.Ж- нарын шүүхэд гаргасан 2022 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай 01 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай бие даасан шаардлага хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болох нь гуравдагч этгээдүүдийн гаргаж өгсөн барилгын зураг төсөл, газрын өмчлөлийн эрхийн акт зэргээр батлагдсан байна. Нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээд А.Ж-, К.Же- нарын бие даасан шаардлагыг бүрэн зөвшөөрч байна.

 

6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2023/00214 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.С-ын хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учирсан хохирол 77,103,240 /далан долоон сая нэг зуун гурван мянга хоёр зуун дөчин/ төгрөгийг буруутай этгээд Х.М-ээс нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.С-, хариуцагч Х.М- нарын байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн Үл хөлдөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 543467 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 

7.1. Хариуцагч Х.М-ээс хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учирсан хохирол 77,103,240 /далан долоон сая нэг зуун гурван мянга хоёр зуун дөч/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Учир нь миний бие 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Х.М-тэй “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлалтай, шинээр баригдаж буй 1000 бараа-Арман төвийн 1-р давхрын зүүн хойд буланд байрлах 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нийт 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон.

7.2. Гэрээ байгуулагдсан өдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр миний бие худалдан авагчийн хувьд гэрээний 2.1-т заасан үүргээ биелүүлж 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг худалдагчийн хүсэлтээр түүний Хаан банк дахь 5180434092 тоот дансанд 2 /хоёр/ хувааж шилжүүлсэн. Ингэснээр худалдагч надад биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр надад хүлээлгэн өгөхөөр болж үүрэг хүлээсэн.

7.3. Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр миний бие үлдэгдэл төлбөр болох 50,000,000 /тавин сая/ төгрөгийг худалдагчийн данс руу шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлсэн.

7.4. Гэтэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдахаар болж гэрээ байгуулсан Х.М- нь “би чамтай эд хөрөнгө худалдахгүй, надаас юу ч долоож чадахгүй, баригдсан барилга өөр хүний нэр дээр учраас чамтай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус, надаас барилга авч чадахгүй” хэмээн хэлсэн. Гэрээ байгуулсан үед Х.М- нь тухайн баригдаж байгаа барилга өөрийнх нь хэмээн намайг итгүүлэн гэрээ байгуулан 150 сая төгрөг авсан. Тухайн барилга нь А.Ж-, К.Же- нарын дундын өмч байсныг надаас нууж, Х.М- нь хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн байсныг Х.М-ээс гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг нэр дээрээ буулгаж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргасан үед мэдлээ. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд А.Ж-, К.Же- нараас тухайн маргаан бүхий барилга байгууламжийг өөрсдийн эд хөрөнгө, өмч гэдгийг нотлох баримттайгаа шүүхэд гаргаж тайлбарлан сөрөг нэхэмжлэл гаргасан үед хариуцагч Х.М- нь намайг хуурч мэхлэн гэрээ хийж, миний итгэлийг эвдэж хөрөнгө мөнгийг авч ашигласан гэдгийг мэдсэн. Иймд тухайн гэрээний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгөтэй болно гэсэн итгэл үнэмшилд учирсан хор хохирол болох дахин шинээр барилга захиалахад үнийн зөрүүний улмаас учирсан гэм хорыг нэхэмжлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхээс хуулийг буруу тайлбарлан хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээдээс хохирол гаргуулах боломжгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

7.5. Х.М- нь надтай гэрээ байгуулсан 2022 оны 5 дугаар сарын үед Монгол орон даяар бүх банк, банк бус санхүүгийн байгууллага нь санхүүжилтийн зээл олгохгүй, гацаанд орсон байсан. Х.М- нь барилгаа үргэлжлүүлэн барих санхүүжилтгүй болсон үед надаас гуйж байгаад гэрээ байгуулж миний бэлэн мөнгийг авчхаад тухайн хүчин төгөлдөр бус гэрээ байгуулан намайг хохироосонд гомдолтой байна. Хэрэв Х.М- бодит байдлыг нуун халхавчилж, намайг залилан мэхлэн, өөр хүний эд хөрөнгийг худалдахаар болж хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулаагүй бол тухайн 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нийт 150,000,000 төгрөгөөр өмчлөлдөө авах байсан. Цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн. Би худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг тул 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Х.М-ийн барьж өгсөн үйлчилгээний зориулалттай талбайд үйл ажиллагаагаа явуулна хэмээн төлөвлөж гадаадаас их хэмжээний өвлийн хувцас хунар, мөн бусад бараа авхуулсан байсан. Үйлчилгээний талбайг авч чадаагүй учраас тухайн өвлийн хувцас хунар, бусад бараагаа худалдан борлуулж чадаагүй, ашиг олж чадаагүй. Дээрээс нь улирлын шинжтэй бараа байсан учраас энэ өвөлдөө зориулж авхуулсан өвлийн хувцас хунар тэр чигээрээ үлдэгдэл бараа болж хохирсон. Түүнээс гадна мөн хэмжээний худалдаа үйлчилгээний талбайг худалдан авахаар болж иргэн Д.Б-тэй гэрээ байгуулсан ба гэрээний үнийн зөрүүгээрээ хохирол амсаж байна. Х.М-тэй гэрээ байгуулсан үед буюу 2022 оны 5 дугаар сарын үед үйлчилгээний талбайн 1 м.кв нь 1,700,000-2,500,000 төгрөг байсан. Би Х.М-тэй хамгийн өндөр үнээр гэрээ байгуулж, 1 м.кв талбайг 2,500,000 төгрөгөөр авахаар болж тохиролцож гэрээ байгуулж мөнгийг нь хуваарийн дагуу бүрэн шилжүүлэн өгсөн. Гэтэл одоо тухайн байршилд байгаа үйлчилгээний талбайн 1 м.кв газрын үнэ ханш 3,800,000-4,500,000 төгрөг болж нэмэгдсэн байна. Миний бие Д.Б-ээс 1 м.кв үйлчилгээний талбайг 3,846,154 төгрөгөөр тохиролцож худалдан авахаар болж гэрээ байгуулж, үнийн зөрүүгээс хохирол амсаж байна. Тэгээд ч миний хүссэн 60 м.кв-ын талбайтай үйлчилгээний барилга олдоогүй тул 78 м.кв үйлчилгээний талбай авахаас өөр аргагүй болсон. Өөрөөр хэлбэл 150,000,000 төгрөгөөр үйлчилгээний барилгатай болох ёстой байсан ч 300,000,000 төгрөгөөр адил хэмжээний барилгыг худалдан авахаар гэрээ байгуулж хохирсон. Дээрээс нь цаг хугацаа, олох байсан ашиг орлогоороо мөн их хэмжээний хохирол амсаж байна. Гэхдээ би Х.М-ээс бүх хохирлоо биш одоогийн байдлаар зөвхөн 1м.кв барилгын зөрүүгээр түүнд захиалга өгсөн 60 м.кв барилгын хэмжээгээрээ зөрүү хохирол тооцож байгаа. Барилгын 1 м.кв-ын зөрүү 80,769,240 төгрөгөөс Х.М-ийн надад нэмж шилжүүлсэн 3,666,000 төгрөгийг хасаж тооцоход 77,103,240 төгрөгийн хохирлыг Х.М-ээс нэхэмжилж байна.

7.6. 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Х.М-тэй байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.4-т “гэрээний нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлыг гаргуулах эрхтэй” гэж тохиролцсон. Х.М- нь гэрээнээс татгалзаж. тухайн барилга өөрийнх нь биш гэдэг тайлбарыг шүүхэд ирүүлсний дараа би нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирлыг нэхэмжилсэн. Би гэрээний энэхүү заалтын дагуу мөн хохирлоо гаргуулах эрхтэй байхад шүүхээс ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

7.7. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай талаас нь дүгнээгүй. Нэхэмжлэгч миний гаргаж өгсөн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Чухам нэхэмжлэгч намайг өөртөө учирсан гэм хор, хохирлыг нэхэмжлэх эрхгүй хэмээн үзсэн хууль зүйн дүгнэлтийг шийдвэртээ тусгаагүй, ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн шинжлэх ухааны тайлбарыг ашиглаж “...хэлцэл хүчин төгөлдөр байсан бол эзэлж болох байр суурь, алдагдсан боломжоо шаардах эрхгүй болно” гэж үзээд Х.С-ын алдагдсан боломжийг хохиролд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэдэг дүгнэлтийг бичсэн нь ойлгомжгүй, утга агуулгын хувьд илэрхий алдаатай дүгнэлт болжээ. Х.М- нь хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэдгээ анхнаасаа өөрөө мэдсээр байж гэрээ байгуулсан. Намайг залилан мэхлэн хохироосон. Үүнээс болж би алдагдал хүлээж, хохирол амссан. Гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон байхад шүүх гэрээ хүчинтэй бол шаардах эрхгүй гэсэн эсрэг тэсрэг дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байна.

7.8. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2023/00214 дугаартай шийдвэрийг өөрчилж, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учирсан хохирол 77,103,240 /далан долоон сая нэг зуун гурван мянга хоёр зуун дөч/ төгрөгийг буруутай этгээд Х.М-ээс нөхөн төлүүлж өгнө үү, эсхүл шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, гэм хорын хохирол нэхэмжилж байгаа тул хэргийг бүрэлдэхүүнтэй шүүхээр шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

8. Хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

8.1. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй гэсэн байр суурьтай байна. Би аймгийн Тирлик захад 31 дэх жилдээ худалдаа наймааны бизнес эрхэлж байгаа. Баригдаж буй 1000 бараа-Арман худалдааны төвийн зүүн хойд булангийн 60 м.кв байрыг 150 сая төгрөгөөр Х.С-ад худалдахаар болоод 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулахдаа нотариатаар гэрчлүүлсэн. Нэхэмжлэгчийн хэлж байгаачлан би түүнд дахин дахин очоод үл хөдлөх хөрөнгө худалдан авахыг санал болгоогүй. Бид хоёр нэг л удаа уулзаж, гэрээний талаар тохиролцсон. Би түүнийг сайн танихгүй, зүс харж байсан залуу юм байна.

8.2. Гэрээний дагуу би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эрхийн доголдолгүй, чанартай баригдсан 60 м.кв үл хөдлөх хөрөнгийг Х.С-ад хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан. Урьдчилгаа болгоод 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 100 сая төгрөгийг хуваагаад авч, үлдсэн 50 сая төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр авахаар болж тохиролцсон. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр барилгын ажил ерөнхийдөө дуусаад гэрэл суурилуулж байхад Х.С- ирсэн. Тэгэхэд би түүнд барилгын материалын үнэ өнгөрсөн жилтэй харьцуулбал хэд дахин нэмэгдсэн, өнгөрсөн жил 18000 төгрөгийн үнэтэй байсан цемент энэ жил 45000 төгрөг болж үнэ нь нэмэгдсэн гэж хэлэхэд Х.С- дүрсхийн уурлаад чамайг луйварчин гэдгийг мэдэж байсан юм гээд маргаж эхэлсэн. Бид хоёрын маргаан энэнээс эхэлсэн.

8.3. Тухайн үед би Х.С- бид хоёрын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр гэрээ гэж бодоод түүнд захиалсан үл хөдлөх хөрөнгийг нь хүлээлгэж өгөх санаатай байсан.  Маргааш нь бид Х.С-ын наймаа хийж байгаа газарт нь очоод чиний дүрсхийн уурлаад гардаг чинь ямар учиртай вэ, ийм байвал би чамтай хамтран ажиллаж чадахгүй юм байна, би чамд чиний өгсөн 100 сая төгрөгийг банкны хугацаатай хадгаламжийн хүүгээр тооцоод хүүгийн хамт өөрт чинь буцаагаад өгье, ингээд бид хоёрын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болог гэж хэлсэн. Би Х.С-ыг луйвардах санаа бодол агуулаагүй.

8.4. Банкны теллерийн баталгаажуулсан дансны хуулганаас харахад би тухайн үед дансандаа 712 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан юм байна. Х.С-аас мөнгө авах шаардлага байхгүй. Х.С- намайг холбогдуулан хууль шүүхийн байгууллагад гомдол гаргахад би тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь миний эхнэр болон ах гэдгийг мэдсэн. Өмнө би Арман төвийн байрыг барихдаа хүмүүстэй өөрөө гэрээ байгуулаад, гэрээ ёсоор үл хөдлөх хөрөнгүүдийг захиалсан хүмүүст хүлээлгэн өгч байсан.  Нэхэмжлэгч би түүнийг залилаад мөнгийг нь хэрэглэсэн гэж буруутгаж байна. Гэхдээ надад түүнийг залилан мэхлэх санаа огт байгаагүй. Надад тухайн барилгыг барих хангалттай мөнгө байсан.

8.5. Шүүхэд хэрэг үүссэний дараа би эхнэрийнхээ өмгөөлөгчөөс хүчин төгөлдөр бус гэрээ гэж ямар гэрээ байдгийг сонсож мэдсэн. Миний өөр хүний өмчийг бусдад худалдсан гэрээ маань хүчин төгөлдөр бус юм байна. Хэрэв тухайн гэрээ хүчин төгөлдөр бус бол нэхэмжлэгч хөндлөнгийн өөр хүнээс биш манай эхнэртэй яриад түүнээс үл хөдлөх хөрөнгө худалдаж авах боломжтой байсан. Бусдаас үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад, түүнийг зөрүү хохирол гэж үзээд надаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна.

8.6. Зах зээлийн харилцаанд үнэ хэлбэлзэлтэй байдаг. Өнгөрсөн жил 1 м.кв үл хөдлөх хөрөнгийн үнэ 2300000 төгрөг байсан бол энэ жил 1900000 болж хямдарсан. Энэний тод жишээг Hаppy town гэх орон сууцны үнэнээс харж болно. Нэхэмжлэгчийн ийм шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй хөрөнгөжих санаатай гэж үзэж байна. Би 31 жил бизнес эрхлэхдээ нэг ч хүнийг залилан мэхэлж, нэг ч хүнийг гомдоож байгаагүй.

8.7. Нэхэмжлэгч Х.С- нь Д.Б- гэх хүнээс 300 сая төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө худалдаж авахдаа түүний мөнгө салхинд хийсээд алга болоогүй шүү. Тухайн үл хөдлөх хөрөнгийн үр өгөөжийг Х.С- л хүртэнэ. Тиймээс би түүнд ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй гэж үзэж байна. Харин ч хүн чанар гаргаад түүнийг өгсөн мөнгийг хүүгийн хамт буцаагаад өгсөн.

ХЯНАВАЛ:

9. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.С-ын хариуцагч Х.М-т холбогдуулан гаргасан “хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учирсан хохиролд 77,103,240 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд буюу бүхэлд нь хянан хэлэлцэж, дараах үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учирсан хохиролтой холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Х.С-ын  хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учирсан хохиролд 77,103,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна. Шүүх гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

11. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдлоо.

11.1. Нэхэмжлэгч Х.С-, хариуцагч Х.М- нар нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” байгуулсан ба уг гэрээгээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай 1000 Бараа-Арман төвийн 1 дүгээр давхарт /зүүн хойд буланд/ 60 м.кв  үйлчилгээний зориулалттай талбайг худалдан авагчид 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байна. Уг үл хөдлөх хөрөнгийн нийт үнийг 150.000.000 төгрөг байхаар тохиролцож төлбөрийн урьдчилгаа 100.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэгдэл 50.000.000 төгрөгийг түлхүүр гардан авсан өдөр төлөхөөр гэрээ хийгдсэн байна. Гэрээний дагуу худалдан авагч болох Х.С- нь гэрээ байгуулсан өдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 100.000.000 төгрөгийг, гэрээгээр тохиролцсон үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөх өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 50.000.000 төгрөгийг худалдагч Х.М-ийн дансанд шилжүүлсэн. Мөн хариуцагч Х.М- нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Х.С-ад 150.000.000 төгрөгийг зарахгүй тул буцаав гэсэн утгаар, 3.666.000 төгрөгийг хүүгийн орлого буюу хохирол гэсэн утгаар буцаан шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ. Энэ талаар зохигч талууд маргаагүй байна.

11.2. Зохигчийн маргаж буй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай 1000 Бараа-Арман төвийн барилгын баригдсан газар нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох А.Ж-, К.Же- нарын өмчлөл, эзэмшлийн газар болох нь, мөн тухайн барилга байгууламжийн захиалагч буюу өмчлөгч нь дээрх иргэд мөн болох нь Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас 2008 оны 02 дугаар сарын 11-ний өдөр А.Ж-д олгосон 000010712 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас олгосон А.Ж-гийн Өлгий сумын нутаг дэвсгэрт байгаа өмчлөлийн 490 м.кв газрын кадастрын зураг, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олгосон иргэн К.Же-т Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг Т.Абдигажы-1 гудамжны 111б хаягт байрлах 390 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн газар эзэмших гэрчилгээ, тухайн газрын кадастрын зураг, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №*****************дугаартай Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн БЭЗ-83-25/21 дугаартай Барилгын ажлыг эхлэх зөвшөөрөл, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт баригдах иргэн 1000 Бараа-Арман худалдаа үйлчилгээний барилга угсралтын ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээ, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт баригдах иргэн А.Ж-, К.Же- нарын 1000-н бараа, Арман худалдааны төвийн ажлын зураг зэргээр тогтоогджээ.

11.3. Хариуцагч Х.М- нь 1000 Бараа-Арман төвийн 1 дүгээр давхарт /зүүн хойд буланд/ 60 метр квадрат үйлчилгээний зориулалттай талбайг худалдахаас татгалзсанаар нэхэмжлэгч Х.С- нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Д.Б-тэй Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай худалдах, худалдан авах захиалгын гэрээ байгуулж,   гэрээгээр гүйцэтгэгч болох Д.Б- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт баригдаж буй худалдаа үйлчилгээний байгууламжийн 1 дүгээр давхрын 78 м.кв талбайг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь үйлчилгээний талбайн нэгж м.кв-ын үнийг 3.846.000 төгрөгөөр тооцож нийт 300.000.000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж өгөхөөр тохиролцсон болох нь, мөн тухайн гэрээнд заасан хуваарийн дагуу Х.С-аас 150.000.000 төгрөгийг Д.Б-т ХААН банкны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шилжүүлгээр, 70.000.000 төгрөгийг Төрийн банкны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн мөнгөн шилжүүлгээр тус тус шилжүүлсэн нь тогтоогджээ.

11.4. Талуудын хооронд байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр байсан бол нэхэмжлэгч Х.С- нь тухайн 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нийт 150,000,000 төгрөгөөр өмчлөлдөө авах байсан. Х.М-тэй гэрээ байгуулсан үед буюу 2022 оны 5 дугаар сарын үед үйлчилгээний талбайн нэгж м.кв нь 1,700,000-2,500,000 төгрөг байсан. Нэхэмжлэгч нь мөн хэмжээний худалдаа үйлчилгээний талбайг худалдан авахаар болж иргэн Д.Б-тэй гэрээ байгуулсан ба гэрээний үнийн зөрүүгээрээ хохирч байгаа тул Д.Б-ээс 1 м.кв үйлчилгээний талбайг 3,846,154 төгрөгөөр тохиролцож худалдан авахаар болж гэрээ байгуулж, үнийн зөрүүгээс хохирол амсаж байна гэж хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс 1 м.кв барилгын зөрүүгээр Д.Б-т захиалга өгсөн 60 м.кв барилгын хэмжээгээрээ зөрүү хохирол тооцож нэхэмжлэл гаргасан бөгөөд барилгын 1 м.кв-ын зөрүү 80,769,240 төгрөгөөс Х.М-ийн нэхэмжлэгчид нэмж шилжүүлсэн 3,666,000 төгрөгийг хасаж тооцоход 77,103,240 төгрөгийн хохирлыг Х.М-ээс нэхэмжилж байна гэжээ нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлээ тодорхойлжээ.

 

12.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлд  дүгнэлт хийхдээ:

12.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заажээ. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн тохиолдолд талууд шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах үндсэн зарчим үйлчлэх бөгөөд хэрвээ хэлцэл хүчин төгөлдөр байсан бол эзэлж болох байр суурь, алдагдсан боломжоо шаардах эрхгүй болно.” гэж,

12.2. “Нэхэмжлэгч Х.С-ын иргэн Д.Б-тэй 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай худалдах, худалдан авах захиалгын гэрээ байгуулж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт баригдаж буй худалдаа үйлчилгээний байгууламжийн 1 дүгээр давхрын 78 м.кв талбайг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь үйлчилгээний талбайн м.кв үнийг 3846000 төгрөгөөр тооцож нийт 300000000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж өгөхөөр тохиролцсон үйл явдал тухайн гэрээний талуудын сайн дурын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд Х.С-ын алдагдсан боломжийг хохиролд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

13. Х.С-, Х.М- нарын хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчиж хийсэн хэлцэл мөн болох нь тогтоогдсон, талуудын аль аль нь уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч Х.М- нь нэхэмжлэгч Х.С-тай хууль зөрчиж хэлцэл хийж, дараа нь 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Х.С-ад шилжүүлэхээс татгалзаж, 150.000.000 төгрөгийг буцааж шилжүүлснээр буюу хариуцагч нь өөрийн өмчлөлийн бус эд хөрөнгийг бусдад худалдан борлуулахаар нэхэмжлэгчтэй дур мэдэн гэрээ хэлцэл хийж, улмаар уг гэрээнээс ямар ч үндэслэлгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсанаас нэхэмжлэгч Х.С-ад хохирол учирсан нь илэрхий тогтоогджээ.

 

14. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Төлөөлөгч бүрэн эрхээ нотолж чадаагүй, төлөөлүүлсэн этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсан бол дур мэдэн хэлцэл хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж заасан хуулийн урьдчилсан нөхцөл бүрэн хангагдсан байх тул энэ талаар гаргасан, хүчин төгөлдөр хэлцэл хийсэн буруутай этгээд болох хариуцагчаас хохирол нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон атлаа алдагдсан боломжийг хохиролд тооцох боломжгүй гэж дүгнэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

 

15. Хариуцагч Х.М-ийн буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч Х.С- нь 1000 Бараа-Арман төвийн 1 дүгээр давхарт  60 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг худалдан авч чадаагүй, тухайн байршилд байгаа үйлчилгээний талбайн 1 м.кв-ын үнэ ханш нэмэгдсэнээс  Д.Б-ээс 1 м.кв үйлчилгээний талбайг 3.846.154 төгрөгөөр тохиролцож худалдан авахаар болж гэрээ байгуулж, дараагийн байгуулсан гэрээний м.кв үнийн зөрүүг /3.846.154-2.500.000=1.346.154/ нэхэмжлэгч Х.С- нь хохиролд тооцсоныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцээний үндсэн дээр явагдана. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлээ, хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох баримтаа бүрдүүлж, өөрсдөө тус тус нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийн бусдын нэрийн өмнөөс дур мэдэн хүчин төгөлдөр бус хэлцэл хийж, улмаар уг хэлцлээс үндэслэлгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсаны улмаас өөрт учирсан хохирлыг иргэн Д.Б-тэй байгуулсан гэрээг үндэслэж шаардсан нь буруу биш бөгөөд хариуцагч уг нөхцөл байдлыг үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Нэгэнт нэхэмжлэгч Х.С-ад хохирол учирсан нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас  дүгнэв.

 

16. Анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох А.Ж-, К.Же- нарын шаардлагыг хангаж шийдвэрлэж, Үл хөлдөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохдоо хуулийг үндэслэлтэй зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд  бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлагыг хангасан талаар шийдвэрийн тогтоох хэсэгт бичихгүй орхигдуулсан байх тул шийдвэрийн уг заалтад найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2023/00214 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн:  

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.М-ээс дур мэдэн хэлцэл хийж, худалдан авагчийн шаардлагыг биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд 77,103,240 /далан долоон сая нэг зуун гурван мянга хоёр зуун дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.С-ад олгосугайгэж,

 

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Ж-, К.Же- нарын нэхэмжлэгч Х.С-, хариуцагч Х.М- нарт холбогдуулан гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Х.С- болон  Х.М- нарын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Үл хөлдөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.” гэж,

 

3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 543,467 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.М-ээс 543,467 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.С-ад олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.С-ын давж заалдах гомдлын хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 543,467 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж Х.С-ад буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ