Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2023/00214

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө  сумын 3 дугаар багт оршин суух, Х овогт С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө  сумын 4 дүгээр багт оршин суух, М овогт М-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч М-ээс хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учирсан хохирол 77103240 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:                                        

Нэхэмжлэгч С, түүний өмгөөлөгч С, Н,

Хариуцагч М,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С нь хариуцагч М-т  холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учирсан хохирол 77103240 төгрөгийг буруутай этгээд М-ээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие 2022 оны 5 дугаар сарын 18-ний өдөр хариуцагч М-тэй Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Б аймгийн Ө  сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай, шинээр баригдаж буй 1000 бараа-Арман төвийн 1-р давхрын зүүн хойд буланд байрлах 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нийт 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон.

1.2 Гэрээ байгуулагдсан өдөр буюу миний бие худалдан авагчийн хувьд гэрээний 2.1-т заасан үүргээ биелүүлж 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг худалдагчийн хүсэлтээр түүний Хаан банк дахь 5180434092 тоот дансанд 2 хоёр хувааж шилжүүлсэн. Ингэснээр худалдагч надад биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч надад 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр болж үүрэг хүлээсэн.

1.3 Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр миний бие үлдэгдэл төлбөр болох

50.000.000 /тавин сая/ төгрөгийг худалдагчийн данс руу шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлсэн.

1.4 Гэтэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдахаар болж гэрээ байгуулсан М нь “би чамтай эд хөрөнгө худалдахгүй, надаас юу ч долоож чадахгүй, баригдсан барилга өөр хүний нэр дээр учраас чамтай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус, надаас барилга авч чадахгүй” хэмээн хэлсэн. Гэрээ байгуулсан үед М намайг итгүүлэн гэрээ байгуулан 150 сая төгрөг авсан. Надаас авсан мөнгөөр барилгаа барьчхаад, тухайн барилгын үйл ажиллагааг өөр хүний нэр дээр явуулсан байжээ.   М нь надтай гэрээ байгуулсан 2022 оны 5 дугаар сарын үед Монгол орон даяр бүх банк, банк бус санхүүгийн байгууллага нь санхүүжилтийн зээл олгохгүй, гацаанд орсон байсан. М нь барилгаа үргэлжлүүлэн барих санхүүжилтгүй болсон үед надад гуйж байгаад гэрээ байгуулж миний бэлэн мөнгийг авчхаад тухайн хүчин төгөлдөр бус гэрээ байгуулан намайг хохироосонд гомдолтой байна.

1.5 Хэрэв М бодит байдлыг нуун халхавчилж, намайг залилан мэхлэн, өөр хүний эд хөрөнгийг худалдахаар болж хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулаагүй бол тухайн 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нийт 150,000,000 төгрөгөөр өмчлөлдөө авах байсан. Цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн юм. Би худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг тул 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Мийн барьж өгсөн үйлчилгээний зориулалттай талбайд үйл ажиллагаагаа явуулна хэмээн төлөвлөж гадаадаас их хэмжээний өвлийн хувцас хунар, мөн бусад бараа авхуулсан. Үйлчилгээний талбайг авч чадаагүй учраас тухайн өвлийн хувцас хунар, бусад бараагаа худалдан борлуулж чадаагүй, ашиг олж чадаагүй.

1.6 Дээрээс нь улирлын шинжтэй бараа байсан учраас энэ өвөлдөө зориулж авхуулсан өвлийн хувцас хунар тэр чигээрээ үлдэгдэл бараа болж хохирсон. Түүнээс гадна мөн хэмжээний худалдаа үйлчилгээний талбайг худалдан авахаар болж иргэн Б-тэй гэрээ байгуулсан ба гэрээний үнийн зөрүүгээрээ хохирол амсаж байна. М-тэй гэрээ байгуулсан үед буюу 2022 оны 5 дугаар сарын үед үйлчилгээний талбайн 1 м.кв нь 1,700,000-2,500,000 төгрөг байсан. Би М-тэй хамгийн өндөр үнээр гэрээ байгуулж, 1 м.кв талбайг 2,500,000 төгрөгөөр авахаар болж тохиролцож гэрээ байгуулж мөнгийг нь хуваарийн дагуу бүрэн шилжүүлэн өгсөн. Гэтэл одоо тухайн байршилд байгаа үйлчилгээний талбайн 1 м.кв газрын үнэ ханш 3,800,000-4,500,000 төгрөг болж нэмэгдсэн байна. Миний бие Б-ээс 1 м.кв үйлчилгээний талбайг 3,846,154 төгрөгөөр тохиролцож худалдан авахаар болж гэрээ байгуулж, үнийн зөрүүгээс хохирол амсаж байна. Тэгээд ч миний хүссэн 60 м.кв талбайтай үйлчилгээний барилга олдоогүй тул 78 м.кв үйлчилгээний талбай авахаас өөр аргагүй болсон.

 Өөрөөр хэлбэл 150,000,000 төгрөгөөр үйлчилгээний барилгатай болох ёстой байсан 300,000,000 төгрөгөөр адил хэмжээний барилгыг худалдан авахаар гэрээ байгуулж хохирсон. Дээрээс нь цаг хугацаа, олох байсан ашиг орлогоороо мөн их хэмжээний хохирол амсаж байна. Гэхдээ би М-ээс бүх хохирлоо биш одоогийн байдлаар зөвхөн 1 м.кв барилгын зөрүүгээр түүнд захиалга өгсөн 60 м.кв барилгын хэмжээгээрээ зөрүү хохирол тооцож нэхэмжлэл гаргаж байна. Барилгын 1 м.кв-ын зөрүү 80,769,240 төгрөгөөс Мийн надад нэмж шилжүүлсэн 3,666,000 төгрөгийг хасаж тооцоход 77,103,240 төгрөгийн хохирлыг М-ээс нэхэмжилж байна. Иймд хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учирсан хохирол 77,103,240 төгрөгийг буруутай этгээд М-ээс нөхөн төлүүлж өгөхийг хүсэж байна.

1.7 Намайг шүүх дээр нэхэмжлэл гаргангуутаа М би буруу хийчихсэн байна, миний эзэмшилд биш,эхнэр болох Ж болон К гэдэг ахынхаа нэр дээр байгаа барилга юм  гээд намайг мэхэлсэн. Хариуцагч би андуураад хийчихсэн гээд тайлбар өгсөн байна. Хариуцагч өнөөдөр анх удаа барилга барьж байгаа хүн биш урьд нь Арман төв гээд барилга барьсан туршлагатай хүн байгаа.Тийм учраас би мэдэхгүй, миний эхнэрийнх байсан гэдэг нь залилан гэж үзэж байна. Эндээс болж би маш их хохирсон.

1.8 Миний бие анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Б аймгийн Ө  сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай 1000 бараа-Арман төвийн 1 дүгээр давхрын зүүн хойд буланд байрлах 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг С миний нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгахыг хүссэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно гэжээ.

 

2.Хариуцагч М хариу тайлбартаа: Нэхэмжлэгч болох С-ын 77,103,204 төгрөг гаргуулах тухай өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцлаа. Тус нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

2.1 Хариуцагч нь нэхэмжлэгчид ямар ч хохирол учруулаагүй, гэрээ байгуулах үед авсан мөнгөө нэн даруй банкны хүүг нэмэгдүүлж шилжүүлж өгсөн.

2.2 Хохирол гэж нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгө нь үндэслэлгүй юм. Учир нь, нэгдүгээрт, нэхэмжлэгч өвлийн барааг хэзээ захиалах нь түүний хувийн сонголтынх нь асуудал бөгөөд маргаан бүхий талбайндаа орж чадаагүй байдал нь түүний захиалсан барааны борлуулалтыг 100 хувь бууруулж чадахгүйгээс гадна зах зээлийн өөр боломжууд нь нэхэмжлэгчид нээлттэй байгаа.

Хоёрдугаарт, тухайн байршилд байгаа бүх үйлчилгээний талбайн үнэ өссөн мэтээр нэхэмжлэгчийн хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайлбал, маргаан бүхий талбайн орчин тойрон дахь үйлчилгээний талбайнуудын нэгж м.кв-ын дундаж үнэ 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ орчим төгрөг хэвээрээ байна. Хариуцагчийн хувьд ч мөн ялгаагүй хууль бус гэрээ хийсэн гэдгээ маргаан шүүхэд шилжих үед мэдсэн.

2.3 Маргаан бүхий объектын жинхэнэ өмчлөгч болох Ж-тай гэрээ хийж тус объектыг худалдан авах боломж нь нэхэмжлэгчид нээлттэй байсан. Нэхэмжлэгч нь хаанаас, хэнээс, хэдэн төгрөгөөр, хэдэн м.кв талбай худалдаж авах нь чөлөөт зах зээлийн үед түүний өөрийн сонголтын асуудал учир м.кв-ын үнийн зөрүүг хохирол гэж үзэх нь үндэслэлгүй. Эсрэгээрээ нэхэмжлэгчийн энэхүү шаардлага нь шударга бусаар баяжих, үндэслэлгүйгээр хөрөнгөжих сэдэлтэй байж болохоор харагдаж байна.

2.4 Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдох үед хариуцагч С-аас авсан нийт 150 сая төгрөгөө буцаан өгөөгүй байсан бол түүнд бодитоор хохирол учруулсан гэж үнэлж болохоор байсан. Гэвч хариуцагч би ухамсартайгаар хандаж банкны хүүг нэмэгдүүлж нэн даруй мөнгийг нь шилжүүлж өгсөн нь нэхэмжлэгчид хохиролтой бус чирэгдэл асуудалгүй, ашигтай л байсан гэж үзэж байна. Хувь хүн өөрийнхөө сонголтыг бусдын буруу мэтээр тохож хохирол гэж шаардах нь шударга ёсонд нийцэхгүй. Хохирол барагдуулах гэдэгт эрх зөрчигдөхөөс өмнө ямар байдалтай байсан яг тийм байдалд нь буцаан сэргээх явдлыг ойлгохоос биш хэн нэгний үндэслэлгүйгээр баяжих ашиг сонирхлыг хангах учиргүй.

2.5 Хариуцагч би нэхэмжлэгчийн урьдчилгаанд төлсөн гэх 100,000,000 /зуун сая/ төгрөгийг нь уг мөнгө нь банканд байсан бол тооцогдох байсан хугацаатай хадгаламжийн хүү 3,666,000 төгрөгтэй нь хамт бодож, 2022 оны 11 сарын 01-ний өдөр шилжүүлсэн гэх 50,000,000 /тавин сая/төгрөгийг нэмж нэхэмжлэгчийн данс руу тухайн үед шууд шилжүүлж өгсөн нь хариуцагчид ямарваа нэгэн байдлаар хохирол учруулаагүй нь тодорхой байгаа.

2.6 Нэхэмжлэгч С-ын нэхэмжлэлдээ дурдсан «надаас юу ч долоож чадахгүй, барилга өөр хүний нэр дээр учраас чамтай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус учраас барилгаа авч чадахгүй» гэх үндэслэл, мөн хариуцагчийг санхүүжилтгүй болсон үедээ нэхэмжлэгчээс гуйж гэрээ байгуулж улмаар түүний бэлэн мөнгийг ашиглаж барилгаа босгож түүнийг хууран мэхэлж, залилсан мэтээр бичсэн нь харин ч эсрэгээрээ хариуцагч миний нэр төрд халдаж байгаа хэрэг гэж үзэж байна.

2.7 Миний бие нэхэмжлэгчид тухайн үед барилгын материалын үнэ өссөн тухай тайлбарлаж үүний улмаас талбайныхаа үнийн дүнд өөрчлөлт оруулах саналтай байгаагаа л хэлсэн болохоос илүү дутуу юм яриагүй. Гэвч нэхэмжлэгч “чамайг луйварчин гэж сонсож байсан байна, ингэнэ гэж мэдэж байсан” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Нэхэмжлэгчийн мөнгийг ашиглаж барилгаа босгосон мэтээр хэлж байгаа нь бас ор үндэсгүй байна. Одоогийн үед мөнгөний ханш ямар байгааг нэхэмжлэгч өөрөө ч сайн мэдэж байгаа тийм санхүүжилтээр тийм хэмжээний барилгын нэг давхрыг ч барих боломжгүй.

2.8 Миний бие тухайн үед С-тай хийсэн гэрээг хүчин төгөлдөр гэж бодож явсан. Өөр бодол санаа агуулаагүй. Үүний дараа банк орж үндсэн мөнгө болох 150,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд миний дансанд байсан 100,000,000 төгрөгийг банкны хугацаатай хадгаламжийн хүүгээр бодож хүү болох 3,666,000 төгрөгийг нэмж хүнлэг ёсоор сайн дураар шилжүүлэн өгч иргэн С-ыг хохиролгүй болгосноор бид хоёрын хоорондох гэрээ дуусгавар болсон гэж ойлгосон. Улмаар маргаан даамжирч С намайг шүүхэд өгснөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд К, Ж нарын шаардлагын дагуу миний С-тай хийсэн гэрээ маань хүчин төгөлдөр бус болсныг олж мэдсэн. Хүчин төгөлдөр, хүчин төгөлдөр бус гэрээ гэж ямар гэрээ байдгийг би өмнө нь огт мэддэггүй байсан. Иймд нэгдүгээрт миний бие банкны хугацаатай хадгаламжийн хүүгээр бодож 3,666,000 төгрөг сайн дураараа нэмж өгсөн минь ямар нэгэн байдлаар хэн нэгнийг хохирох сэдэл байхгүй болохын баталгаа, хүн чанарын минь илрэл гэж бодож байна. Би хэн нэгэнд төвөг болохгүйгээр мөрөөрөө явахыг боддог хүн. Хоёрдугаарт барилгын м.кв ханшийн хувьд одоо ч гэсэн хэвээрээ байгаа. Жишээ нь уг барилгын өмчлөгч болох Ж-аас тухайн үеийн ханшаар худалдан авах боломж тухайн үед ч гэсэн одоо ч гэсэн нээлттэй. Гуравдугаарт чөлөөт зах зээлийн үед хүн хаанаас юу худалдан авахаа өөрөө шийддэг. Энгийнээр бодоход аливаа барааг нэг дэлгүүрээс үнэтэй авснаа хэн нэгэнд буруугаа тохдоггүй шиг үнэ хэвээр байхад өөр газраас сонголт хийсэн нь миний буруу биш. Өдрийн 24 цагт арай гэж олон ажлаа амжуулж яваа надад хууль судалж хэн нэгнийг хохироох заалт хайгаад байх ямар ч санаа, зав байдаггүй, шаардлага ч байхгүй. Дөрөвдүгээрт С нь Б-ээс үл хөдлөх хөрөнгө худалдан авснаар түүний хохирол 80,769,240 төгрөг гээд байгаа нь миний халаасанд орчхоогүй, салхинд хийсээд алга болчхоогүй, өөрийнх нь хөрөнгө болоод үр өгөөжөө өгөх гээд бодитоор байж л байгаа шүү дээ. Хэл амаар доромжилж намайг гомдоосон учраас мөнгийг нь буцаан өгч салъя гэж бодсон. Тавдугаарт би 2022 оны 5 дугаар сард тухайн барилгыг банкны зээл, хүнээс гэрээ байгуулан мөнгө босгохгүйгээр өөрийн хөрөнгөөр барих бүрэн боломжтой байсныг баталж чадна. Гэвч С-ын нэхэмжлэлд дурдсанаар М нь барилгаа үргэлжлүүлэн барих санхүүжилтгүй болсон үед намайг гуйж гэрээ байгуулан тухайн мөнгөөр барилга барьсан, баригдсан барилга өөр хүний нэр дээр надаас юу ч олж долоож чадахгүй гэж хэлсэн мэтээр шүүхийн байгууллагад илт худал мэдээлэл өгсөн байна. Иймд миний бие С-ын гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих, шударга бусаар баяжих, заль мэх үзэж байгаа ба намайг 2022 оны 5 дугаар сард барилга барих санхүүжилтгүй болсныг, намайг хэзээ, хэнийг луйвардаж, луйварчин болсныг, “гэрээ хүчин төгөлдөр бус надаас юу ч долоож чадахгүй” гэж хэлсэн гэх үндэслэлүүдээ нотлох баримтаар батлахыг шаардаж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж, К нар нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн К, Ж бид тус шүүхэд гаргасан нэхэмжлэгч С-ын нэхэмжлэлтэй хариуцагч М-т холбогдох “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Б аймгийн Ө  сумын 4 дүгээр багт байршилтай “1000 бараа Арман төвийн” 1 давхрын зүүн буланд байрлах 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай “Үл хөдлөх эд хөрөнгийг С миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө “1000 бараа Арман төвийн” үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувиар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож, дараах үндэслэлээр бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

3.1 Б аймгийн Ө  сумын 11 дүгээр багт байршилтай (тухайн үед 4 дүгээр баг) шинээр баригдаж байгаа “1000 Бараа-Арман төвийн” барилга байгууламжийн “Үл хөдлөх эд хөрөнгө” нь байршил газрын хувьд Ж миний “хувийн өмч” байх бөгөөд хоёр давхар 1.716 м.кв талбайтай барилга байгууламж буюу үл хөдлөх эд хөрөнгө бол гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж буй К, Ж бидний хамтран өмчлөх дундын хөрөнгө болох нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн 2008 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 000010712 дугаартай гэрчилгээний хуулбар, Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1513/2021 дугаартай зураг төслийн дүгнэлт, Барилга, байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2021/10/04 дугаартай акт (геодезийн зураг), аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 000000000 дугаартай барилгын ажил гүйцэтгэх зөвшөөрөл, Барилга угсралтын ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэх 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ЗХ-2021/18 дугаартай гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

3.2 Өмчлөгч   К, Ж бид хоёрын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Ө  сумын 11 дүгээр багт байршилтай “1000 Бараа Арман” худалдаа, үйлчилгээний барилга цогцолборын 1-давхрын 60 м.кв үйлчилгээний талбайг нэхэмжлэгч С, хариуцагч М нар 2022 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээр захиран зарцуулж, худалдах, худалдан авах хэлцэл хийсэн нь өмчлөгч Ж, К бидний өмчлөх эрхэд халдсан, хууль бус үйлдэл байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.1, 56.1.8 дэх хэсэгт заасан “хууль зөрчсөн, өмчлөгч этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл” хэмээн үзэж байна.

3.3 Нэхэмжлэгч С-ын нэхэмжлэлтэй хариуцагч М-т холбогдох иргэний хэргийн улмаас үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Женис, Ж бид хоёрын өмчлөх эрхэд ноцтой хохирол учрах нөхцөл байдал буй болсон учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дугаар зүйлийн  29.1 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг уламжилж, гэрээний талууд болох худалдагч М болон худалдан авагч С нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн  01 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах талаар бие даасан шаардлага гаргаж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгч С бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж, К нарын нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Хариуцагч Мийн хариу тайлбар, түүнд хавсарган ирүүлсэн нотлох баримт болон гуравдагч этгээд Ж, К нарын тайлбар, мөн үүнд хавсарган ирүүлсэн 0000101111 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 0000000 дугаартай иргэний газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1513/2021 дугаар бүхий барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, барилга байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан тухай акт, Б аймгийн Ө  сумын 11 дүгээр багт баригдах иргэн “1000 бараа-арман” худалдаа үйлчилгээний барилга угсралтын ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээ, Б аймгийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 41 дүгээр, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/486 дугаар захирамж, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Б аймгийн Ө  сумын 4 дүгээр багт баригдах иргэн Ж, К нарын “1000 бараа-арман” худалдааны төвийн ажлын зураг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий объектын жинхэнэ эзэмшигч нь Ж, К нар мөн болох нь тогтоогдож байна.

Иймд Ж, К нараас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт гаргаж, улмаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С, хариуцагч М нарын 2022 оны 05дугаар сарын 18-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах  гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

 

5.Хариуцагч М бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж, К нарын нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Хариуцагч М миний бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж, К нарын гаргасан худалдагч М, худалдан авагч С нарын хооронд байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг” бие даасан шаардлага гаргаж хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж үзээд дараах тайлбар гаргаж байна.

5.1 Хариуцагч            М миний бие нэхэмжлэгч С-д 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 01 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж Ө  сумын 4 дүгээр багт байршилтай “1000 бараа Арман” төвийн шинээр баригдаж байгаа барилгын 1 давхарт байршилтай үйлчилгээний зориулалттай, 60 м.кв талбайтай байрыг гэрээний 2.1 дэх заалтаар 150,000,000 (нэг зуун тавин сая) төгрөгөөр худалдан борлуулах хэлцэл хийж, үл хөдлөх хөрөнгийн үнэ өртгийг өөрийн дансанд шилжүүлэн авсан юм.

5.2 Гэтэл М миний бие эхнэр Ж, ах К нарын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж, К нарын хууль ёсны зөвшөөрөлгүй, тэдэнд тохиролгүй, дур мэдэн худалдсан нь Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, хууль бус үйлдэл болохыг сүүлд мэдсэн учир “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” тухай гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар гэрээний нэг тал болох худалдан авагч С-ын тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ болгож шилжүүлсэн 150,000,000 (нэг зуун тавин сая) төгрөгийг Иргэний хуулийн 56.6 дахь хэсэгт заасан хохирол буюу банкны хүүгийн оногдох хэсэг болох 3,366,000 төгрөгийн хамт буцаан өгч хохиролгүй болгосон болно.

5.3 Гуравдагч этгээд К, Ж нарын шүүхэд гаргасан 2022 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай” 01 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай бие даасан шаардлага хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болох нь гуравдагч этгээдүүдийн гаргаж өгсөн барилгын зураг төсөл, газрын өмчлөлийн эрхийн акт зэргээр батлагдсан байна. Нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээд Ж, К нарын бие даасан шаардлагыг бүрэн зөвшөөрч байна.

 

6.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 01 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд,  хууль зүйн туслалцаа авах тухай хүсэлт, С, Б нарын хооронд байгуулагдсан худалдаа үйлчилгээний зориулалттай талбай худалдах, худалдан авах захиалгын гэрээ, Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Б, З.Ербол нарын хооронд байгуулагдсан худалдаа үйлчилгээний зориулалттай талбай худалдах, худалдан авах захиалгын гэрээ, З.Ерболын иргэний үнэмлэхийн хуулбар, Б, Н нарын хооронд байгуулагдсан худалдаа үйлчилгээний зориулалттай талбай худалдах, худалдан авах захиалгын гэрээ, фото зургууд зэргийг,

Хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд, М.Акеркед олгосон итгэмжлэл зэргийг,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж-аас иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 000010712 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэгж талбарын 8312023623 дугаартай кадастрын зураг, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2021/10.04 дугаартай Барилга, байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан тухай акт хавсралтын хамт, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн АА 83-25/21 дугаартай зөвшөөрлийн хуудас, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ЗХ-2021/18 дугаартай Б аймгийн Ө  сумын 11 дүгээр багт баригдах иргэн “1000 бараа-арман” худалдаа үйлчилгээний барилга угсралтын ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээ, уг барилгын ажлын зураг, К-ээс Ж-д олгосон итгэмжлэл зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 591 дугаартай албан бичгээр ирүүлсэн 000156316 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Б аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/486 дугаартай захирамж, кадастрын зураг, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 000000000 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, БУ11-0000/17 дугаартай тусгай зөвшөөрөл, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 00000000 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б аймгийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 41 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамж, кадастрын зураг, Б аймгийн Ө  сумын 4 дүгээр багт баригдах иргэн Ж, К нарын “1000 бараа, арман” худалдааны төвийн ажлын зураг зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

7.Нэхэмжлэгч С-ын хариуцагч М-ээс хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учирсан хохирол 77103240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

8.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2022 оны 05 дугаар сарын 18-ний өдөр хариуцагч М-тэй Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Б аймгийн Ө  сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай, шинээр баригдаж буй “1000 бараа-Арман төв”-ийн 1 дүгээр давхрын зүүн хойд буланд байрлах 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг нийт 150 сая төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон.

Гэрээ байгуулагдсан өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 18-ний өдөр миний бие худалдан авагчийн хувьд гэрээний 2.1-т заасан үүргээ биелүүлж 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг худалдагчийн хүсэлтээр түүний ХААН банк дахь 00000000 тоот дансанд хоёр хувааж шилжүүлсэн. Ингэснээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч надад 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр болж үүрэг хүлээсэн.

Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр миний бие үлдэгдэл төлбөр болох 50000000 төгрөгийг худалдагчийн данс руу шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлсэн. Гэвч М бодит байдлыг нуун халхавчилж, намайг залилан мэхлэн, өөр хүний эд хөрөнгийг худалдахаар болж хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан байна. Хэрэв хэлцэл хүчин төгөлдөр байсан бол тухайн 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нийт 150,000,000 төгрөгөөр өмчлөлдөө авах байсан.  М-тэй гэрээ байгуулсан үед буюу 2022 оны 5 дугаар сарын үед үйлчилгээний талбайн 1 м.кв нь 1,700,000-2,500,000 төгрөг байсан. Миний бие мөн хэмжээний худалдаа үйлчилгээний талбайг худалдан авахаар болж иргэн Б-тэй гэрээ байгуулсан ба гэрээний үнийн зөрүүгээрээ хохирол амсаж байгаа бөгөөд Б-ээс 1 м.кв үйлчилгээний талбайг 3,846,154 төгрөгөөр тохиролцож худалдан авахаар болж гэрээ байгуулж, үнийн зөрүүгээс хохирол амсаж байна. Одоогийн байдлаар зөвхөн 1 м.кв барилгын зөрүүгээр түүнд захиалга өгсөн 60 м.кв барилгын хэмжээгээрээ зөрүү хохирол тооцож нэхэмжлэл гаргаж байна. Барилгын 1 м.кв-ын зөрүү 80,769,240 төгрөгөөс Мийн надад нэмж шилжүүлсэн 3,666,000 төгрөгийг хасаж тооцоход 77,103,240 төгрөгийн хохирлыг М-ээс нэхэмжилж байна гэжээ.

 

9.Хариуцагч М нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Хариуцагч нь нэхэмжлэгчид ямар ч хохирол учруулаагүй, гэрээ байгуулах үед авсан мөнгөө нэн даруй банкны хүүг нэмж шилжүүлж өгсөн. Хохирол гэж нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгө нь үндэслэлгүй юм. Тухайн байршилд байгаа бүх үйлчилгээний талбайн үнэ өссөн мэтээр нэхэмжлэгчийн хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайлбал, маргаан бүхий талбайн орчин тойрон дахь үйлчилгээний талбайнуудын нэгж м.кв-ын дундаж үнэ 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ орчим төгрөг хэвээрээ байна. Маргаан бүхий объектын жинхэнэ өмчлөгч болох Ж-тай гэрээ хийж тус объектыг худалдан авах боломж нь нэхэмжлэгчид нээлттэй байсан. Нэхэмжлэгч нь хаанаас, хэнээс, хэдэн төгрөгөөр, хэдэн м.кв талбай худалдаж авах нь чөлөөт зах зээлийн үед түүний өөрийн сонголтын асуудал учир м.кв-ын үнийн зөрүүг хохирол гэж үзэх нь үндэслэлгүй. Хохирол барагдуулах гэдэгт эрх зөрчигдөхөөс өмнө ямар байдалтай байсан яг тийм байдалд нь буцаан сэргээх явдлыг ойлгохоос биш хэн нэгний үндэслэлгүйгээр баяжих ашиг сонирхлыг хангах учиргүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

10.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд болох К, Ж нар нь дараах шаардлагыг гаргасан. Үүнд: Б аймгийн Ө  сумын 11 дүгээр багт байрлалтай “1000 Бараа-Арман төв”-ийн барилга байгууламжийн өмчлөгч нь К, Ж бид хоёр бөгөөд бид хоёрын хамтран өмчлөх дундын хөрөнгө болох уг барилга байгууламжийн 1 давхрын 60 м.кв үйлчилгээний талбайг нэхэмжлэгч С, хариуцагч М нар 2022 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн Үл хөлдөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр захиран зарцуулж, худалдах, худалдан авах хэлцэл хийсэн тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

11.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

11.1 Нэхэмжлэгч С, хариуцагч М нар нь 2022 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 01 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” байгуулсан ба уг гэрээгээр Б аймгийн Ө  сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай 1000 Бараа-Арман төвийн 1 дүгээр давхарт /зүүн хойд буланд/ 60 метр квадрат үйлчилгээний зориулалттай талбайг худалдан авагчид  2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хүлээлгэж өгөхөөр  тохиролцсон байна.

Талууд уг үл хөдлөх хөрөнгийн нийт үнийг 150000000 төгрөг байхаар тохиролцож төлбөрийн урьдчилгаа 100000000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэгдэл 50000000 төгрөгийг түлхүүр гардан авсан өдөр төлөхөөр гэрээ хийгдсэн байна. Гэрээний дагуу худалдан авагч болох С нь гэрээ байгуулсан өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 18-ний өдөр 100000000 төгрөгийг, гэрээгээр тохиролцсон үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөх өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 50000000 төгрөгийг худалдагч Мийн дансанд шилжүүлсэн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлэг болон зохигчдын тайлбараар тогтоогджээ. Мөн хариуцагч М-ээс нэхэмжлэгч С-д  150000000 төгрөгийг “зарахгүй тул буцаав” гэсэн утгаар, 3666000 төгрөгийг “хүүний орлого” гэсэн утгаар буцаан шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдсон байна.

11.2 Б аймгийн Ө  сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай 1000 Бараа-Арман төвийн барилгын баригдсан газар нь иргэн Ж, К нарын өмчлөл, эзэмшлийн газар болох нь, мөн тухайн барилга байгууламжийн захиалагч буюу өмчлөгч нь дээрх иргэд болох нь Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас 2008 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ж-д олгосон 000010712 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас олгосон Ж-ийн Ө  сумын нутаг дэвсгэрт байгаа өмчлөлийн 490 м.кв газрын кадастрын зураг, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон иргэн К-д Б аймгийн Ө  сумын 11 дүгээр баг А-1 гудамжны 000б хаягт байрлах 390 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн Иргэний газар эзэмших гэрчилгээ, тухайн газрын кадастрын зураг, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №08301-2021/00000 дугаартай Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Б аймгийн Засаг даргаас 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 00000 дугаартай Барилгын ажлыг эхлэх зөвшөөрөл, Б аймгийн Ө  сумын 11 дүгээр багт баригдах иргэн “1000 Бараа-Арман” худалдаа үйлчилгээний барилга угсралтын ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээ, Б аймгийн Ө  сумын 4 дүгээр багт баригдах иргэн Ж, К нарын “1000-н бараа, Арман” худалдааны төвийн ажлын зураг зэргээр тогтоогджээ.

11.3 Нэхэмжлэгч С нь Б-тэй Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай худалдах, худалдан авах захиалгын гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр гүйцэтгэгч болох Б нь Б аймгийн Ө  сумын 11 дүгээр багт баригдаж буй худалдаа үйлчилгээний байгууламжийн 1 дүгээр давхрын 78 м.кв талбайг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь үйлчилгээний талбайн м.кв үнийг 3846000 төгрөгөөр тооцож нийт 300000000 төгрөгийг  гэрээнд заасан хуваарийн дагуу төлж өгөхөөр тохиролцсон болох нь, мөн тухайн гэрээнд заасан хуваарийн дагуу С-аас 150000000 төгрөгийг Б-т ХААН банкны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шилжүүлгээр, 70000000 төгрөгийг Төрийн банкны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн мөнгөн шилжүүлгээр тус тус шилжүүлсэн болох нь тогтоогджээ.

 

12.Нэхэмжлэгч С-аас хариуцагч М-тэй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр байсан бол тухайн 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нийт 150,000,000 төгрөгөөр өмчлөлдөө авах байсан ба хариуцагчийн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас Б-ээс 1 м.кв үйлчилгээний талбайг 3,846,154 төгрөгөөр тохиролцож худалдан авахаар болж гэрээ байгуулж, үнийн зөрүүгээс хохирол амсаж байна гэж маргасан байна. Хариуцагчийн зүгээс уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь гуравдагч этгээдүүд болох Ж, К нарын бие даасан шаардлага болох нэхэмжлэгч С, хариуцагч М нарын хооронд байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн Үл хөлдөх хөрөнгө худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна. 

 

13. Нэхэмжлэгч С-аас анх шүүхэд “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Б аймгийн Ө  сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай, “1000 бараа Арман төв”-ийн 1 дүгээр давхрын зүүн хойд буланд байрлах 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагч М-ээс хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учирсан хохирол 77103240 төгрөг гаргуулж өгнө үү гэж тодорхойлжээ.

 

14. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Нэхэмжлэгч С-аас анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “худалдагч болох М нь худалдах худалдан авах гэрээнд заасан үүргээ зөрчиж, анх тохиролцсон 150000000 төгрөгөөс гадна дахиад нэмж төлбөр төлөхийг шаардаж, хэрэв нэмж төлбөр төлөхгүй бол маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхгүй  гэж гэрээг ноцтой зөрчсөн” гэж дурдаж Б аймгийн Ө  сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай, “1000 бараа-Арман төв”-ийн 1 дүгээр давхрын зүүн хойд буланд байрлах 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай шаардлага гаргасан байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Б-тэй худалдаа үйлчилгээний зориулалттай талбай худалдах, худалдан авах захиалгын гэрээ байгуулж, урьдчилгаа мөнгө 150000000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. 

 

15. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заажээ. Б аймгийн Ө  сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай “1000 Бараа-Арман төв”-ийн өмчлөгч нь иргэн Ж, К нар болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон ба хариуцагч М нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй байх тул нэхэмжлэгч С-тай байгуулсан худалдах худалдан хэлцэл хууль зөрчсөн хэлцэл байна. Иймд уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заажээ. Хариуцагч М-ээс нэхэмжлэгчээс Б аймгийн Ө  сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай, шинээр баригдаж буй “1000 бараа-Арман төв”-ийн 1 дүгээр давхрын зүүн хойд буланд байрлах 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэ гэж 150 сая төгрөгийг буцаан шилжүүлж өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. Мөн урьдчилгаанд шилжүүлсэн 100.0 сая төгрөгийн хүү гэж 3366000 төгрөгийг нэмж шилжүүлж өгсөн байна.

 

16.Нэхэмжлэгч С нь хариуцагч М-тэй гэрээ байгуулсан үед буюу 2022 оны 5 дугаар сарын үед үйлчилгээний талбайн 1 м.кв нь 1,700,000-2,500,000 төгрөг байсан. Би М-тэй хамгийн өндөр үнээр гэрээ байгуулж, 1 м.кв талбайг 2,500,000 төгрөгөөр авахаар болж тохиролцож гэрээ байгуулж мөнгийг нь хуваарийн дагуу бүрэн шилжүүлэн өгсөн. Гэтэл одоо тухайн байршилд байгаа үйлчилгээний талбайн 1 м.кв газрын үнэ ханш 3,800,000-4,500,000 төгрөг болж нэмэгдсэн байна. Миний бие Б-ээс 1 м.кв үйлчилгээний талбайг 3,846,154 төгрөгөөр тохиролцож худалдан авахаар болж гэрээ байгуулж, үнийн зөрүүгээс хохирол амсаж байна. Тэгээд ч миний хүссэн 60 м.кв  талбайтай үйлчилгээний барилга олдоогүй тул 78 м.кв үйлчилгээний талбай авахаас өөр аргагүй болсон. Өөрөөр хэлбэл 150,000,000 төгрөгөөр үйлчилгээний барилгатай болох ёстой байсан ч 300,000,000 төгрөгөөр адил хэмжээний барилгыг худалдан авахаар гэрээ байгуулж хохирсон зөрүү 77103240 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заажээ. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн тохиолдолд талууд шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах үндсэн зарчим үйлчлэх бөгөөд хэрвээ хэлцэл хүчин төгөлдөр байсан бол эзэлж болох байр суурь, алдагдсан боломжоо шаардах эрхгүй болно. Нэхэмжлэгч С-ын иргэн Б-тэй 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай худалдах, худалдан авах захиалгын гэрээ байгуулж Б аймгийн Ө  сумын 11 дүгээр багт баригдаж буй худалдаа үйлчилгээний байгууламжийн 1 дүгээр давхрын 78 м.кв талбайг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь үйлчилгээний талбайн м.кв үнийг 3846000 төгрөгөөр тооцож нийт 300000000 төгрөгийг  гэрээнд заасан хуваарийн дагуу төлж өгөхөөр тохиролцсон үйл явдал тухайн гэрээний талуудын сайн дурын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд С-ын алдагдсан боломжийг хохиролд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 Иймд нэхэмжлэгч С-ын хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учирсан хохирол 77,103,240  төгрөгийг буруутай этгээд Мээр нөхөн төлүүлэх тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Харин бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд болох Ж, К нарын нэхэмжлэгч С, хариуцагч М нарын  байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөлдөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр захиран зарцуулж, худалдах, худалдан авах хэлцлийг  хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

17. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 543467 төгрөгийг улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С-ын хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учирсан хохирол 77,103,240 /далан долоон сая нэг зуун гурван мянга хоёр зуун дөчин/  төгрөгийг буруутай этгээд М-ээс нөхөн төлүүлэх тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С, хариуцагч М нарын байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн Үл хөлдөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 543467 төгрөгийг улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М