Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2023/00191

 

                                                                                            “ТБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                                                                  иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/00162 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/01010 дугаар магадлалтай,

“ТБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“МУХБ” ХХК-д холбогдох

Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2.12, 3.1.8, 4.1.2, 4.1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг заалтаар алданги тооцох үндэслэлгүй болохыг тогтоолгох, төлөх төлбөргүй болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, алданги 1,616,518,279 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 404,780,929 төгрөг, нийт 2,021,399,208 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Б-н гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, В.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“ТБ” ХХК нь “МУХБ” ХХК-д холбогдуулан мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2.12, 3.1.8, 4.1.2, 4.1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг заалтаар алданги тооцох үндэслэлгүй болохыг тогтоолгох, төлөх төлбөргүй болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг, “МУХБ” ХХК нь алданги 1,616,518,279 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 404,780,929 төгрөг, нийт 2,021,399,208 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Нэхэмжлэгч, хариуцагч нар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/00162 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 202 дугаар зүйлийн 202.1-д заасан үндэслэлгүй тул “МУХБ” ХХК-д холбогдуулан гаргасан талуудын хоорондох 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ... тоот мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 4.1.2, 4.1.3, 2.12, 3.1.8 дах заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг заалтын дагуу алданги төлөх үндэслэлгүй болохыг тогтоолгох, төлөх төлбөргүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч “ТБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан “ТБ” ХХК-с 646.647.311 /зургаан зуун дөчин зургаан сая зургаан зуун дөчин долоон мянга гурван зуун арван нэгэн/ төгрөгийг гаргуулж, хариуцагч “МУХБ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 1.374.751.897 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.16, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 3.391.186 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ. 

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/01010 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/00162 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “646,647,311 /зургаан зуун дөчин зургаан сая зургаан зуун дөчин долоон мянга гурван зуун арван нэгэн/” гэснийг “102,020,520” гэж, “1,374,751,897” гэснийг “1,919,378,688” гэж,

3 дахь заалтын “3,391,186” гэснийг “668,052” гэж тус тус өөрчилж, “7.1.1” гэсний дараа “7.1.2” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар МУХБ-с гаргасан нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ТБ” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 3,601,786 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн төлөөлөгч Ж.Б хяналтын гомдолдоо: ...Нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

1.1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлсөн мөнгөн хэмжээ, хугацааг буруу тооцсон тухай

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн төлсөн мөнгөн хэмжээ, хугацааг тооцохдоо алдаа гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 17 дахь хуудаст нэхэмжлэгч ..... дугаар Мөнгөн хадгаламж байршуулах гэрээний дагуу 30.0 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламжийн хүүг бүхэлд нь 2020.08.14-ний өдөр төлсөн гэж дүгнэжээ. Гэвч нэхэмжлэгч магадлалд дурдсан байгаа 30.0 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламжийн хүү 1,700,342,465.75 төгрөгийг магадлалд заасанчлан 2020.08.14-ний өдөр бүхэлд нь шилжүүлээгүй бөгөөд 2020.08.14-ний өдөр зөвхөн 1,546,746,575.34 төгрөг /1-р хх 25 хуудас/-ийг шилжүүлсэн. Үлдэх хүү 153,595,890.41 төгрөгийг нэхэмжлэгч үндэслэлгүйгээр шилжүүлээгүй ба тус хүүг 2020.12.31-ний өдөр /1-р хх 139, 144 хуудас/ МУХБ-д шилжүүлсэн. Мөн ..... дугаар Мөнгөн хадгаламж байршуулах гэрээний дагуу 850.0 сая иенийн мөнгөн хадгаламжийн хүү 19,072,602.74 иенийг магадлалд заасанчлан 2020.08.10-ны өдөр бүхэлд нь шилжүүлээгүй бөгөөд 2020.08.10-ны өдөр 17,165,342.47 иен /1-р хх 26/-ийг шилжүүлсэн. Харин үлдэх хүү 1,907,260.27 иенийг дээрхтэй адил байдлаар үндэслэлгүйгээр шилжүүлээгүй зөрчил гаргасан бөгөөд хүүг 2020.12.31-ний өдөр /1-р хх 139, 144 хуудас/ хүртэл саатуулж дээрх үйлдлээрээ МУХБ-ны хууль ёсны эрх ашигт ноцтой хохирол учруулсан. Дээрх үйл баримтууд нь хавтаст хэрэгт тодорхой байдаг. Хавтаст хэргийн 24,25,26 хуудас дахь баримтыг авч үзвэл 25 дахь хуудаст ТБ-с 2020.08.14-ний өдөр 1,546,746,575.34 төгрөгийг шилжүүлсэн тухай, 26 дахь хуудаст 2020.08.10-ны өдөр 17,165,342.47 иенийг тус тус шилжүүлсэн тухай баримтууд авагдсан.

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс МУХБ-д төлөгдөх ёстой алдангийг тооцохдоо тооцооллын алдаа гаргаж бууруулсан байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь заалт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж үзэх үндэстэй байна. 1.2.Давж заалдах шатны шүүх 1,700,342,465.75 төгрөгийн алдангийг тооцохдоо ч алдаа гаргасан тухай

Магадлалд “Нэхэмжлэгч ... төгрөгийн хадгаламжаас 1,700,342,465.75 төгрөгийг хугацаа хэтрүүлж төлсөн бөгөөд үүнээс алдангийг тооцоход 102,020,520 төгрөг болж байна. Иймд хариуцагч алдангид 102,020,520 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна” гэж дүгнэжээ. Гэвч тус хугацаанд ногдох алданги зөрүүтэй буюу давж заалдах шатны шүүхээс алдангийг тооцохдоо байх ёстой алданги 102,020,547.95 төгрөгөөс бууруулж шийдвэрлэсэн байгаа нь шүүх тооцооллын хувьд алдаа гаргаж хариуцагчийн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг үнэн зөв шаардаж авах эрхийг зөрчсөн байна.

Хоёр.Давж заалдах шатны шүүх Векселийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг анхан шатны шүүхээс зөрүүтэй хэрэглэсэн.

...Давж заалдах шатны шүүх нь Векселийн тухай хуулийг буруу хэрэглэж талуудын харилцааг зохицуулсан нарийвчилсан хууль тогтоомжийг ашиглаагүй, мөнгөн хадгаламжийн мастер гэрээ болон мөнгөн хадгаламж байршуулах гэрээг үл харгалзан нэхэмжлэгчийн хүлээх мөнгөн төлбөрийн дүнг илт үндэслэлгүйгээр бууруулсан, хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалсан хуулийн заалтыг хэрэглээгүй байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу “ТБ” ХХК болон “МУХБ” ХХК нар ... дугаар мөнгөн хадгаламж байршуулах гэрээнд векселийн талаар дараах зохицуулалтуудыг тусган, харилцан тохиролцон байгуулсан. Үүнд:

- Талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ... дугаартай Мөнгөн хадгаламжийн мастер гэрээ,

- талуудын хооронд2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан БХХ-...3 дугаартай Мөнгөн хадгаламж байршуулах гэрээ,

- талуудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан БХХ-...4 дугаартай Мөнгөн хадгаламж байршуулах гэрээ

Мөнгөн хадгаламжийн хүрээнд байгуулагдсан Мастер гэрээ болон байршуулах гэрээнүүдийн дагуу векселийг Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан “Үүргийн гүйцэтгэлийг хангах арга”-ын нэг төрөл болгон ашигласан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.7 дахь заалтад заасан “хуульд заасан бусад арга”-д хамаарна. Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “...вексель эзэмшигч хугацаанаас нь өмнө төлбөр гүйцэтгэхийг төлбөр хариуцагчаас шаардахыг хориглоно” гэж заасан хуулийн хэм хэмжээ нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4 дэх хэсэгт заасан “Хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй” гэснийг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтад заасан “Хадгалагч гэрээнд заасан нөхцөлийн дагуу хадгалуулагчийн тавьсан анхны шаардлагаар түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй” гэснийг, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг “Банк дараах шаардлагыг хангаж ажиллана”, 16.1.1 дэх заалтад заасан “хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх,” гэснийг тус тус үгүйсгэх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Иргэний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ” гэж заасан ба энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуулиас бусад бүх хууль тогтоомжууд Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд нийцсэн байхыг ойлгоно. Түүнчлэн Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ” гэсэн ба Иргэний хуулиар мөнгөн хадгаламжийн харилцааг зохицуулсан байгаа тул тус тохиолдолд тухайн харилцааг Векселийн тухай хуулиар бус Иргэний хуулийн хадгаламжийн гэрээг зохицуулсан хэсгүүдээр зохицуулна. Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан ... хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан ба Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар хадгалуулагч анхны шаардлагаар хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт авах эрхийг зөвшөөрсөн тул энэ тохиолдолд Векселийн тухай хууль бус тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль болох Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль маргаан бүхий харилцааг зохицуулна. Иймд мөнгөн хадгаламжийн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль тогтоомжууд болох Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон банкны харилцааг зохицуулсан хууль болох Банкны тухай хуулиар “хадгалуулагч хэдийд ч хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрх”-ийг хориглоогүй тул Векселийн тухай хуульд заасан хориглолт нь мөнгөн хадгаламжийн харилцаанд хамааралгүй юм.

...Гурав.Давж заалдах шатны шүүх МУХБ-с ТБ-д холбогдуулан гаргасан олох байсан хүүгийн орлогын зөрүүд 404,780,929 төгрөгийг гаргуулан авах нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

...Давж заалдах шатны шүүхээс хохирлыг “зайлшгүй олох байсан орлого” гэж үзэх үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заасан. ТБ нь МУХБ-ны өмнө үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй буюу хугацаа хэтрүүлсэн тул хугацаа хэтрүүлснээс үүдэн бий болох хохирлыг Иргэний хуулийн 227.7, 227.3-т зааснаар хариуцах үүрэгтэй. ТБ МУХБ-с байршуулсан 30.0 тэрбум төгрөг болон 850.0 сая иенийн мөнгөн хадгаламжуудыг хадгалуулагчийн анхны шаардлагаар гаргаж өгөөгүйгээс МУХБ “Ноолуур хөтөлбөр”-ийг санхүүжүүлсэн тохиолдолд олох байсан хүүгийн орлогын зөрүү 404,780,929 төгрөгийг алдсан бөгөөд ТБ-ны үйлдэл болон бий болсон хохирол хооронд гэм буруугийн шалтгаант холбоо байгаа болно.

...Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т “магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх” гэж заасныг удирдлага болгож, МУХБ-ны сөрөг нэхэмжлэлийн шаардлага 2,021,399,208 /Хоёр тэрбум хорин нэгэн сая гурван зуун ерэн есөн мянга хоёр зуун найман төгрөг/ төгрөгийг бүхэлд нь хангаж МУХБ- олгохоор шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлөөлөгч Ж.Б-н гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Ж.Б-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.09.15-ны өдрийн 001/ШХТ2023/00917 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7.Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээхдээ анхан шатны шүүхийн эрх зүйн зарим дүгнэлтийг залруулах үндэслэлтэй гэж үзэв.

8.Нэхэмжлэгч “ТБ” ХХК нь мөнгөн хадгаламжийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хадгалуулсан мөнгийг хүүгийн хамт шаардсан “МУХБ” ХХК-ийн үйлдлийг үндэслэлгүй гэж үзэж, мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2.12, 3.1.8, 4.1.2, 4.1.3-т заасан хадгалуулагч мөнгийг хэдийд ч шаардах болон хадгаламжийн мөнгийг хугацаанд нь шилжүүлээгүй тохиолдолд алданги тооцох агуулгатай заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, алданги төлөх үүрэггүй, улмаар төлөх төлбөргүй болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч “МУХБ” ХХК-д холбогдуулан гаргахдаа мөнгөн хадгаламжийн мастер гэрээний эдгээр стандарт нөхцөлүүд Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Векселийн тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн эрх зүйн үндэслэлийг заажээ.

Хариуцагч “МУХБ” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээний эдгээр заалтууд холбогдох хуулийг зөрчөөгүй, талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээг байгуулсан, эдгээр нөхцөлүүд нь гэрээний стандарт нөхцөл байгаагүй, стандарт нөхцөл болохыг нэхэмжлэгч нотлоогүй гэж маргаж, улмаар нэхэмжлэгч нь буцаан шаардсан хугацаанд хадгаламжийн мөнгө, тохирсон хүүг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул хугацаа хэтрүүлсэн хоногт алданги тооцож 1,616,518,279 төгрөгийг, түүнчлэн мөнгөн хөрөнгийг хугацаанд нь шилжүүлэн өгсөн бол “Ноолуур хөтөлбөр”-ийн хүрээнд бусдад зээлдүүлж, олох ёстой байсан орлогыг хүүгийн зөрүүгээр тооцож хохирол 404,780,929 төгрөг, нийт 2,021,399,208 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ “...гэрээний холбогдох заалт анхнаасаа хуульд нийцээгүй, гэрээгээр тохирсон хугацаанд хадгаламжийг хүүгийн хамт буцаан төлсөн, түүнчлэн хадгаламж Векселээр баталгаажсан тул Векселийн хуулийн дагуу хугацаанаас өмнө гүйцэтгэхийг хориглосон, хадгаламжийн хүүгээс алданги тооцсон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д заасан “хүүгээс анз тооцохгүй” заалтад нийцээгүй, хариуцагч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, хадгаламжийн мөнгийг шаардсан явдалд хадгалагч буруугүй, цуцлах хугацааг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т зааснаар манайх тогтооно, цар тахлын улмаас М эрх бүхий этгээдийн шийдвэрээр зээл төлөлтийг хойшлуулж байснаас хугацаанд нь төлөөгүй буюу үүрэг гүйцэтгэх боломжгүй хүндэтгэн үзэх нөхцөл үүссэн тул хариуцлагаас чөлөөлөгдөнө. Анз болон хохирлыг зэрэг шаардах үндэслэлгүй, олох байсан бодит хохирлыг нотолсон баримтгүй...” гэж мэтгэлцжээ.

9.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 646,647,311 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлтэй гэж үзэж, харин сөрөг нэхэмжлэлийн хангасан хэсгийг багасгаж, 102,020,520 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

10.Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т заасан үндэслэлээр буюу хоёр шатны шүүх хууль хэрэглээний зөрүүтэй шийдвэр гаргаснаас гадна вексель нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга мөн эсэх талаар хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж, гомдлыг хүлээн авч хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

11.Нэхэмжлэлийн үндэслэл болох 2019.12.16-ны өдрийн МУХБ болон ТБ-ны байгуулсан ... тоот “Мөнгөн хадгаламжийн мастер гэрээ” болон уг гэрээг үндэслэж, талууд

-2019.12.16-ны өдөр БХХ-....... тоот мөнгөн хадгаламж байршуулах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу МУХБ нь 30,000,000,000 төгрөгийг 2020.06.15 хүртэл хугацаанд жилийн 12,5 хувь хүүтэй хадгалуулахаар, хадгалагч ТБ нь хугацааны эцэст хүү 1,869,863,013 төгрөгийн хамт буцаан төлөх,

-2020.02.10-ны өдөр БХХ ... тоот мөнгөн хадгаламж байршуулах гэрээ байгуулж, хадгалуулагч буюу нэхэмжлэгч нь 850,000,000 иенийг 2020.08.10 хүртэл 182 хоногийн хугацаанд жилийн 4,5 хувь хүүтэй хадгалуулахаар, хадгалагч нь хугацааны эцэст хүү 19.072.62 иений хамт буцаан төлөх харилцан үүргийг тус тус хүлээжээ. /1хх 15-23/

Талууд “Мөнгөн хадгаламжийн мастер гэрээ”-гээр хадгаламж байршуулах гол нөхцөлийг урьдчилан тохирч, уг гэрээний салшгүй хэсэг болох 2019.12.16-ны өдрийн төгрөгийн, 2020.02.10-ны өдрийн иенийн мөнгөн хадгаламж байршуулах гэрээг тус тус байгуулжээ.

МУХБ гэрээгээр тохирсон ёсоор 2019.12.16-ны өдөр 30 тэрбум төгрөгийг, 2020.02.10-ны өдөр 850,000,000 иенийг тус тус ТБ дахь хадгаламжид шилжүүлсэн байна.

Төгрөгийн мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа 2020.06.15 өдөр дуусах боловч МУХБ 2020.05.15-ны өдөр гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 2020.05.18-ны өдөр дуусгавар болгохыг мэдэгдсэн байх ба ТБ 2020.05.18-2020.06.15-ны хооронд 30 тэрбум төгрөгийг, 2020.08.14-ний өдөр 1,700,342,465 төгрөгийн хүүг төлсөн.

Иений хадгаламжийн гэрээний хугацаа 2020.08.10-нд дуусах боловч МУХБ 2020.05.28-ны өдөр гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 2020.06.02-ны өдөр дуусгавар болгохыг мэдэгдсэн байх ба ТБ 2020.08.10-ны өдөр хадгаламж болон хүүд 869,072,602 иенийг төлсөн баримтууд хэрэгт авагджээ. /1хх 24-26, 77-78,172-173/

Үүнээс гадна талуудын хоорондох мастер гэрээний 2.8-д “хадгалагч нь хадгалуулагчийн мөнгөн хадгаламж, түүний хуримтлагдах хүүг Хавсралт дахь Гэрээнд заасан хуваарийн дагуу өөрийн М дахь харилцах данснаас төлөх баталгаа болгож энгийн вексель бичиж хадгалуулагчид өгөх ба шаардлагатай тохиолдолд Хадгалуулагчийн саналаар үнэт цаас (З-н үнэт цаас, Т-ны үнэт цаас, компанийн үнэт цаас) эсхүл Хадгалуулагчид байршуулсан мөнгөн хадгаламжийг нэмж барьцаална.” гэж заасан, дээрх хоёр хадгаламжийг М дахь данснаас үл маргах журмаар төлөх баталгаа болгож гэрээ байгуулсан өдрөө буюу 2019.12.16-ны өдөр, 2020.02.10-ны өдөр тус тус энгийн вексель бичигджээ. /1хх 64, 65/

Вексельд зааснаар ТБ нь үл маргах журмаар мөнгөн төлбөр төлөх үүргийг МУХБ-ны өмнө хүлээсэн байна.

12.Шүүх талуудын хооронд байгуулагдсан гурван гэрээг мөнгөн хадгаламжийн гэрээ гэж үзсэн, мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2.12-т “хадгалуулагч нь байршуулсан мөнгөн хадгаламжийг хавсралт дахь гэрээнд заасан хугацаанаас өмнө бүтэн болон хэсэгчилсэн дүнгээр буцаан дуудах эрхтэй...” гэж, 3.1.8-д “Хадгалуулагч нь байршуулсан мөнгөн хадгаламжийг хавсралт дахь гэрээнд заасан хугацаанаас өмнө бүтэн болон хэсэгчилсэн дүнгээр буцаан дуудах эрхтэй...” гэж, 4.1.2-т “хадгалагч мөнгөн хадгаламж болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу хадгалуулагчийн анхны шаардлагаар буцаан төлөх үүрэгтэй” гэж, 4.1.3-т “хэрэв мастер гэрээний хүрээнд байгуулсан хавсралт гэрээнд заасан мөнгөн хадгаламж түүний хүүгийн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн төлөөгүй эсхүл мастер гэрээ болон хавсралт гэрээнд заасан буцаан дуудах эрхийн хүрээнд хадгалуулагчийн буцаан дуудсан хадгаламжийг хугацаанд нь буцаан төлөөгүй, гүйлгээ хийгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд буцаан төлөгдөөгүй үнийн дүнд 2.4-т заасан хувиар алданги төлөх үүрэгтэй” гэсэн нөхцөлүүдийг болон гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

13.Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.7-д банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламжийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан тул тусгайлсан зохицуулалт болох 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх учиртай. Тус хуулийн 5 дугаар зүйлийн 3-т “Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол хадгалагч нь хадгалуулагчийн хүссэн үед түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй” гэж, 4-т “Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн анхны шаардлагаар мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй.” гэж, 16 дугаар зүйлийн 16.1.1-д “Банк хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх”-өөр тус тус зааснаас үзвэл хадгалуулагч хэдийд ч гэрээг хугацаанаас өмнө цуцлах, буцаан шаардах эрхийг хуулиар олгосон, талууд гэрээнд дээрх байдлаар тохирсон нь хууль зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх ТБ ХХК-ийн нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлж, талуудын хүлээсэн үүрэг, үүргийн зөрчил, үүрэг гүйцэтгэх хугацаа зэрэг эрх зүйн асуудлаар хийвэл зохих дүгнэлтийг хийж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

14.Харин хоёр шатны шүүх “алданги шаардсан” сөрөг нэхэмжлэлийн талаар зөрүүтэй шийдвэр гаргаснаас гадна 2019.12.16, 2020.02.10-ны өдөр бичигдсэн энгийн векселийг өөр өөр ойлголтоор тайлбарласан байна.

Хариуцагч нь гэрээг цуцалж, хадгаламж түүний хүүг буцаан шаардаж, хугацааг тогтоосон байхад нэхэмжлэгч хадгаламж, хүүг буцаан шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй гэж алданги 1,616,518,279 төгрөг, түүнчлэн мөнгөн хөрөнгийг “Ноолуур хөтөлбөр”-ийн хүрээнд бусдад зээлдүүлсэн бол олох ёстой байсан орлогыг хүүгийн зөрүүгээр тооцож хохирол 404,780,929 төгрөг, нийт 2,021,399,208 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Шүүхүүдийн сөрөг нэхэмжлэлийн талаар хийсэн эрх зүйн дүгнэлт, хууль хэрэглээний байдалд дүгнэлт хийвэл векселийн эрх зүйн ойлголт, үр дагаврын асуудлаар хуулийг тайлбарлаж, нэг мөр ойлгох хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоох нийтлэг зүй ёсны хэрэгцээ шаардлага байна гэж үзэв.

15.Талууд М дахь данснаас үл маргах журмаар төлөх баталгаа болгож хадгаламжийн гэрээ байгуулсан өдрөө буюу 2019.12.16, 2020.02.10-ны өдөр тус тус энгийн хоёр вексель бичсэн байна. /1хх 64, 65/

15.1.Анхан шатны шүүх вексель нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэж үзэхдээ “...Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.7-д үүргийн гүйцэтгэлийг хангах “хуульд заасан бусад арга” байж болохыг хуульчилсан, ...талууд хуульд зааснаас өөр аргыг гэрээгээр тодорхойлж, хадгаламжийн гэрээний үүргийг хангуулахаар вексель бичиж, баталгаажуулсан байна..., Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “вексель эзэмшигч хугацаанаас өмнө төлбөр гүйцэтгэхийг шаардахыг хориглоно” гэж заасан хуулийн хориглосон хэм хэмжээ энэ тохиолдолд хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах хуулиар тогтоосон эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй, маргааны зүйлийг нарийвчилсан зохицуулалт нь Векселийн тухай хууль бус харин Иргэний хуулийн хадгаламжийн гэрээг зохицуулсан хэм хэмжээ учир Иргэний хуулийг баримтална, төлбөрийг векселээр баталгаажуулсан байдал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар анз шаардахад харшлахгүй, аль аль нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргууд бөгөөд Иргэний хуулиар ийм аргуудыг зэрэгцүүлэн, давхар хэрэглэхийг хориглоогүй..., иймд хадгаламжийг хугацаанаас өмнө буцаан татсанаар Векселийн тухай хуулийн хориглосон заалттай зөрчилдөх тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй...” гэсэн дүгнэлтийг хийсэн.

15.2.Давж заалдах шатны шүүх “...талууд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх үүргийг бичгээр тохиролцсон, …Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж, үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д тус тус заасан, хадгалуулагч хугацаанаас өмнө гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авахаар шаардсан боловч зохигч хоорондын төлбөр тооцоондоо векселийг хэрэглэсэн, Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зохицуулахдаа төлбөр хариуцагчийн дампуурлын хэрэг шүүхэд очсон, эсхүл түүний эд хөрөнгийг албадлагын журмаар барьцаалснаас бусад тохиолдолд вексель эзэмшигч хугацаанаас нь өмнө төлбөр гүйцэтгэхийг төлбөр хариуцагчаас шаардахыг хориглоно гэж заасан, иймд хариуцагч нь энгийн вексельд заасан төлбөр хийгдэх хугацаанаас өмнө нэхэмжлэгчээс төлбөр гүйцэтгэхийг шаардах эрхгүй тул мөнгөн хадгаламж байршуулах гэрээнд заасан хугацаанаас өмнө хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авахаар шаардах эрхгүй, нэхэмжлэгч иений хадгаламжийг вексельд заасан төлбөр хийгдэх хугацаанд төлсөн, төгрөгийн хадгаламжаас 1,700,342,465.75 төгрөгийг хугацаа хэтрүүлж төлсөн бөгөөд үүнээс алдангийг тооцоход 102,020,520 төгрөг болох бөгөөд энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулна...” гэж дүгнэсэн байна.

Давж заалдах шатны шүүх ийнхүү эрх зүйн дүгнэлт хийхдээ вексель нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болоогүй болохыг анхаараагүйгээс гадна үүргийн нийтлэг хэм хэмжээ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан хэм хэмжээг хольж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, энэ нь сөрөг нэхэмжлэлийн шийдэлд нөлөөлсөн байх тул магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

16.Анхан шатны шүүх Векселийг үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэж үзсэн нь гэрээний үндсэн ба нэмэлт үүрэг, векселийн талаарх ойлголтыг эрх зүйн хувьд дүгнэж чадаагүй, онолын алдаатай болсон байх ба энэ талаар давж заалдах шатны шүүх залруулж чадаагүй байв.

16.1.Векселийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “вексель гэж төлбөр хариуцагчаас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар эзэмшигчид төлөхийг харилцан тохиролцож баталсан төлбөрийн баримтыг хэлнэ” гэж заасан.

Энэ зохицуулалтаас вексель нь ямар нэгэн үндсэн үүргээс шалтгаалж бий болдоггүй, харин талуудын сайн дурын үндсэн дээр, тэдгээрийн хүсэл зоригийн дагуу үүссэн амлалт, зөвшилцөл бүхий агуулгатай төлбөр тооцооны үнэт цаас болох нь тодорхой тайлбарлагдана. Гэрээ нь хувийн эрх зүй дэх үүргийн харилцааг үүсгэх хамгийн түгээмэл хууль зүйн факт бөгөөд вексель нь нэгэн адил харилцан үүргийг үүсгэнэ.

Вексель нь утга агуулга, бүтцийнхээ хувьд өрийн бичиг болон төлбөрийн даалгаврын аль алиных нь үүргийг гүйцэтгэдэг. Вексель бичигч нь баримт үйлдэхдээ үнийн дүнг өөрөө биечлэн төлөхөөр эсвэл гуравдагч этгээдээр төлүүлэхээр зааж өгөх боломжтой. Энэ утгаар нь векселийг энгийн болон шилжих вексель гэж ангилах ба эдгээр нь мэдүүлгийн болон зөвшөөрлийн хэлбэртэй байж болно.

Векселийн эрх зүйн харилцаанд хөрөнгийн эргэлтийг сайжруулах, найдвартай болгох зорилгоор вексельд хэлбэрийн хатуу шаардлага тавьдаг. Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт дурдсан 11 нөхцөл бүрэн хангагдаагүй л бол вексель хүчингүй болох эрсдэлтэй.

Иргэний хуулийн шинжлэх ухааны тайлбарт “Вексель нь зөвшөөрлийн үнэт цаас бөгөөд түүнийг олгосон этгээд эзэмшигчид, эсхүл гуравдагч этгээдэд тодорхой хугацаанд, тодорхой газарт болон тодорхой хэмжээний мөнгөн дүнг төлөх үүргийг хүлээдэг. Мөнгөн тэмдэгтээс ялгаатай нь Вексель нь төлбөрийн хэрэгсэл биш учраас Векселийг төлбөрийн үүрэг гүйцэтгэхэд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-ийг хэрэглэх биш, харин мөн зүйлийн 236.1.3, 236.1.2-т заасан үүргийг харилцан солилцох асуудал яригддаг гэж тайлбарлажээ. Энэ утгаар талууд хадгаламжийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор вексель бичиж байгаа нь векселийн үндсэн шинжид нийцээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, Вексель нь төлбөр тооцооны үнэт цаас болохын хувьд ямар нэгэн нөхцөл болзолгүй байх ёстой бөгөөд энэ нь мөнгөн дүнг үл маргах журмаар төлөх баталгаа буюу үндсэн үүргийн шинжтэй. Иймд вексель нь ямар нэгэн гэрээний нэмэлт үүрэг байх боломжгүй бөгөөд харин өмнөх үүргийг солих замаар дараагийн үүрэг байх боломжтой бөгөөд талууд үүргийг сольж, хадгаламжийн гэрээг дуусгавар болгосон гэж үзээгүй юм.

Түүнчлэн Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.7-д үүргийн гүйцэтгэлийг хангах “хуульд заасан бусад арга” байж болохыг хуульчилсан бөгөөд векселийг “үүргийн гүйцэтгэлийг хангах арга” гэж хуульд заагаагүй болохыг шүүх анхаараагүй байна.

16.2.Үүргийн харилцаанд нэгэнт үүссэн үүргийг өөр үүргээр сольсноор өмнөх үүрэг дуусгавар болж болохыг Иргэний хуульд заасан бөгөөд талууд ийм журмаар үүрэг сольсон гэх байдал тогтоогдоогүй, ийм үндэслэлийг ч заагаагүй. Талууд мөнгөн хадгаламжийн гэрээний нөхцөл, уг гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийн талаар маргасан бөгөөд векселийн тухайд үүрэг хэвээр эсэх, шаардах эрх байгаа эсэх талаар тодорхой бус орхисон байв.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ мөнгөн хадгаламжийн гэрээ гэж үзсэн, хариуцагч уг гэрээний нөхцөлийг маргаж мэтгэлцсэн, харин векселийн тухайд шаардлага, эсэргүүцэл гаргаагүй байдлаас үзэхэд талууд мөнгөн хадгаламжийн гэрээний үүргийг векселийн үүргээр сольсон гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдсонгүй.

Вексель нь үндсэн үүрэг учир мөнгөн хадгаламжийн гэрээтэй зэрэгцэн, шаардах эрхийг хадгалж, хамт орших боломжгүй юм. Давж заалдах шатны шүүх мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу алдангийг гаргуулахыг зөв гэж үзсэн атлаа вексельд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг баримталсан нь зөрчилтэй болсон.

Энэ үндэслэлээр хоёр шатны шүүхийн дүгнэлтийг залруулж, векселийг үндсэн үүрэг гэж үзэх эрх зүйн нэг мөр ойлголтыг хууль хэрэглээнд тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

17.Анхан шатны шүүх гэрээг цуцлах тухай мэдэгдсэн үйл баримт, мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2.12, 3.1.8-д “хадгалуулагч нь байршуулсан мөнгөн хадгаламжийг хавсралт дахь гэрээнд заасан хугацаанаас өмнө бүтэн болон хэсэгчилсэн дүнгээр буцаан дуудах эрхтэй” гэж, 4.1.2-т “хадгалагч нь мөнгөн хадгаламж болон хүүгийн төлбөрийг хавсралт дахь гэрээнд заасан хуваарийн дагуу хадгалуулагчийн анхны шаардлагаар хавсралт дахь гэрээнд заасан харилцах дансанд буцаан төлөх үүрэгтэй” гэж тохирсон талуудын үүрэг, хадгалагч ТБ ХХК-ийн үүргийн зөрчил, алданги төлөх гэрээний үүргийг хэрэгт байгаа баримтад тулгуурлан дүгнэж, алдангийг гаргуулахдаа 40 хувиар багасгаж, сөрөг нэхэмжлэлээс 646,647,311 төгрөгийг хангаж, үлдэх 404.780.929 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4, 227 дугаар зүйлийн 227.3, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтуудад нийцжээ.

Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 4.1.3-т “хадгалагч нь хэрэв мастер гэрээний хүрээнд байгуулсан хавсралт гэрээнд заасан мөнгөн хадгаламж түүний хүүгийн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн төлөөгүй эсхүл мастер гэрээ болон хавсралт гэрээнд заасан буцаан дуудах эрхийн хүрээнд хадгалуулагчийн буцаан дуудсан хадгаламжийг хугацаанд нь буцаан төлөөгүй, гүйлгээ хийгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд буцаан төлөгдөөгүй үнийн дүнд 2.4-т заасан хувиар алданги төлөх үүрэгтэй” гэж, 2.4-т “хавсралт дахь Гэрээнд заасан хуваарийн дагуу мөнгөн хадгаламжийн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн төлөөгүй тохиолдолд төлбөл зохих төлбөрийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 (тэг аравны нэг) хувиар алданги тооцно” гэж тус тус заажээ.

ТБ хадгаламжийн мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан шилжүүлэх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн нь тогтоогдсон, анхан шатны шүүх гэрээ тус бүрээр хэтэрсэн хугацааг тогтоож, алдангийг тооцон МУХБ-ны сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь хууль зөрчөөгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/01010 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/00162 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                                                                                                 Д.МӨНХТУЯА

                     ШҮҮГЧИД                                                      Н.БАЯРМАА

                                                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                 Д.ЦОЛМОН