Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01010

 

2023 05 17 210/МА2023/01010

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/00162 дугаар шийдвэртэй Т ХХК-ийн нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2.12, 3.1.8, 4.1.2, 4.1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг заалтаар алданги тооцох үндэслэлгүй болохыг тогтоолгох, төлөх төлбөргүй болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, алдангид 1,616,518,279 төгрөг, хохиролд 404,780,929 төгрөг, нийт 2,021,399,208 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, В.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

1.1. Х болон Тиудын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 19/222-2/242 тоот Мөнгөн хадгаламжийн мастер гэрээг үндэслэж хавсралт гэрээнүүд болох БХХ-19/12/16-01-2/241, БХХ-20/02/10-01-3/22 тоот Мөнгөн хадгаламж байршуулах гэрээнүүд байгуулсан. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан БХХ-19/12/16-01-2/241 тоот гэрээний дагуу Х 30,000,000,000 төгрөгийг, 12.5 хувийн хүүтэй, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 6 сараар, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан БХХ-20/02/10- 01-3/22 тоот гэрээний дагуу 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 850,000,000 иенийг 4.5 хувийн хүүтэй, 6 сараар тус тус хадгалуулсан. Т нь арилжааны банкны хувьд тухайн жилд орох гарах мөнгөн урсгалыг тооцож, актив, пассиваа удирддаг бөгөөд эх үүсвэрийнхээ хугацаатай уялдуулан тодорхой хугацаатайгаар активуудад байршуулж ажилладаг. Гэтэл Х 2/641 албан тоотоор байршуулсан 30,000,000,000 төгрөгийг хүүгийн хамт 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон, мөн 2/775 тоотоор 850,000,000 иенийг, хүүгийн хамт 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон тус тус буцаан дуудсан. Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2.12-т "хадгалуулагч нь байршуулсан мөнгөн хадгаламжийг Хавсралт дахь гэрээнд заасан хугацаанаас өмнө бүтэн болон хэсэгчилсэн дүнгээр буцаан дуудах эрхтэй бөгөөд буцаан дуудах тохиолдолд баталгаажсан цахим шуудан буюу...цахим хаягнуудаас ирүүлсэн захиалгыг үндэслэн гүйлгээг хийнэ" гэсэн заалт оруулсан нь хуульд нийцээгүй бөгөөд их хэмжээний эх үүсвэрийг нэг дор буцаан дуудсан нь Х өөртөө давуу байдлыг бий болгож, манай банкийг хохироосон.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд 6 сарын хугацаатай байгуулагдсан бөгөөд энэ хугацаатай уялдуулан дээрх гэрээний дагуух эх үүсвэрийг тодорхой хугацаатай активд байршуулсан байсан. Хнаас томоохон хэмжээний мөнгөн хөрөнгийг нэг дор буцаан дуудсан нь банкны хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсан. Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд Ковид-19 цар тахал дэгдэж, бидний хүсэл зориг, хяналтаас гадуур урьдчилан таамаглах, даван туулах боломжгүй гэнэтийн нөхцөл байдал үүссэн энэ цаг хугацаанд Монгол Улсын Засгийн газар болон М-наас иргэд болон аж ахуй нэгжийн зээлийн төлөлтөд хөнгөлөлт үзүүлэх түр зохицуулалт хийсний дагуу тус банк нь зээлийн гэрээний хугацаа сунгуулах тухай зээлдэгчдийн хүсэлтийг хүлээн авч, зээлийн хугацааг сунгах, үндсэн зээлийн төлөлтийг хойшлуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь банкинд орж ирэх мөнгөн урсгалыг хойшлуулж байна.

Хэдийгээр нөхцөл байдал хүнд байсан ч манай банк мөнгөн хадгаламж байршуулах БХХ-19/12/16-01-2/241 тоот гэрээний үндсэн төлбөр 30,000,000,000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, хүүгийн төлбөрийг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр, БХХ-20/02/10-01-3/22 тоот гэрээний үндсэн төлбөр 850,000,000 иенийг, хүүгийн хамт 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлж дуусгасан. Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу мөнгөн хадгаламжийн гэрээгээр хадгалуулсан мөнгөн хөрөнгийг тоо хэмжээгээр, хүүгийн хамт буцаан төлөх нь хадгалагчийн үндсэн үүрэг байхаар хуульчилсан. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасны дагуу Т мөнгөн хадгаламж байршуулах гэрээнүүдэд заасан хугацаандаа мөнгөн төлбөрийн үүргээ бүрэн гүйцэтгэсэн тул дээрх гэрээнүүд дуусгавар болсон.

Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2.4 дэх заалт нь Хавсралт дахь гэрээнд заасан хуваарийн дагуу мөнгө төлөөгүй тохиолдолд нэмэлт төлбөрийн үүрэг хүлээлгэх замаар хариуцлага тооцох хөшүүрэг болгон, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байна. Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний Хавсралт гэрээ болох Мөнгөн хадгаламж байршуулах БХХ-19/12/16-01-2/241 тоот гэрээний 1.1.12-т гэрээ дуусах огноог 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, БХХ-20/02/10-01-3/22 тоот гэрээний 2020 оны 8 дугаар сарын 10 гэж заасан ба энэ хугацаанд манай банк гэрээний дагуу төлбөрийн үүргийг биелүүлсэн тул алданги тооцох үндэслэл байхгүй. Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 4.1.3 дахь заалт нь Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дээр дурдсан холбогдох зохицуулалтуудыг зөрчсөн, хэт нэг талыг барьсан, Хинд ашигтай Тинд хохиролтой үр дагаврыг бий болгох хууль бус заалт байна.

Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.3 болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3,4,6,9 дэх заалтуудаас үзвэл нэг талаар мөнгөн хадгаламжийн гэрээнд анзын зохицуулалт хэрэглэх хууль зүйн боломжийг нээж өгсөн бөгөөд нөгөө талаар дээрх хуулийн 3 заалтыг зөрчөөгүй талд анз хэрэглэхгүй байх хууль зүйн хязгаарлалт, хориг юм. Анз хэрэглэх талаарх хуулийн дээрх зохицуулалтыг гэрээ байгуулахад баримтлах учиртай бөгөөд хуулиар хориглосон, хязгаарласан хэм хэмжээг зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй мастер гэрээний 4.1.3 дахь хэсэг хүчин төгөлдөр бус байна.

Мөн хадгалуулагчийн мөнгөн хадгаламжийг буцаан дуудах эрхийг уг гэрээний 2.12-т заасан ба энэ заалтыг хадгалуулагчийн эрх, үүрэг болон хадгалагчийн эрх, үүрэгт тусгасан байх ба гэрээний 4.1.3-аар алданги тооцох үндэслэл нь ийнхүү буцаан дуудах эрхтэй холбоотой гэж үзэж байна. Иймд дээрх заалтуудыг мөн адил хүчин төгөлдөр бус байна.

1.2. Тодорхой хугацаатай байгуулсан гэрээнүүдийн хувьд хадгалуулагч Х гэрээний хугацаа дуусаагүй байхад буцаан дуудсан нь нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах саналыг гаргаж байгаа явдал юм. Ийнхүү буцаан дуудсаны дагуу мөнгөн хөрөнгийг буцаан өгсөн хугацааг Мөнгөн хадгаламж байршуулах гэрээнд заасан үндсэн хугацаатай адилтган үзэх боломжгүй тул буцаан дуудахаар тасалбар болгосон өдрөөс эхлэн анз тооцох үндэслэлгүй. Нэгэнт хугацаатай гэрээг хугацаанаас өмнө цуцлах саналыг хариуцагч тал гаргаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт зааснаар үүргийг гүйцэтгэх хугацааг нэхэмжлэгч тогтооно.

1.3. Гэрээний дээрх заалтууд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар стандарт нөхцөл юм. Х өөрийн гэрээний төслөөр өөрийн нөхцөлөө тулгаж, манай талаас оруулах саналыг хүлээж аваагүй учраас гэрээ нөгөө талд хэт давуу байдлыг үүсгэсэн, хатуу гэрээ болсон юм. Мастер гэрээ нь Хинд ашигтай гэрээ болсон бөгөөд Тинд ашиггүй, хүнд дарамттай үүрэг ногдуулж, шударга бус хандсан, гэрээний талуудын тэнцвэрт байдлыг алдагдуулсан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуунд харш гэрээ болсон. Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 4.1.3 дахь заалтыг үндэслэн Х нь манай банкнаас 1.7 тэрбум гаран төгрөгийн алдангийг шаардаж байгаа нь хадгаламжийн өндөр хүү тооцуулан авсан хэрнээ гэрээгээр халхавчлан дахин мөнгө хүүлэх оролдлого хийсэн гэж үзэхээр байна. Учир нь, Мөнгөн хадгаламжийн мастер гэрээ байгуулахад Х хатуу нөхцөл тавьж, иенийн хадгаламжийн хүүг 4.5 хувь байхаар гэрээнд оруулсан. Банк хооронд иенийн хүүг жилийн 1 хувь хүртэлх бага хүүгийн түвшинг хадгалдагаас гадна Хны арилжааны банкуудад хадгалуулдаг иенийн эх үүсвэрийн өртөг буюу Самурай бондын хүү 1.52% байхад "4.5 хувийн хүү" зааснаар хадгалсан эх үүсвэрийн өртөгтэй харьцуулахад 3 дахин өндөр хүү байсан. Үүн дээр хадгаламж буцаан дуудсан гэх үндэслэлээр жилийн 36.5 хувийн хүүгийн түвшинтэй тэнцэхүйц хэмжээний алданги тооцож байгаа нь эх үүсвэрийн өртгөөсөө 24 дахин өндөр өгөөж шаардсан хэрэг бөгөөд мөнгө хүүлэлт явагдсан гэж үзэх боломжтой. Улсын Их хурал болон Мнаас хүү бууруулах бодлогын хүрээнд Хадгаламж болон зээлийн хүүг 2018, 2019, 2020 онуудад тогтвортойгоор бууруулж байгаа энэ үед жилийн 36.5 хувийн хүүний түвшин нь банк нийт олгосон зээлийн хүүнээс 2.2 дахин өндөр буюу зах зээлийн бус хүү юм. Мөнгөн хадгаламжийн гэрээгээр хадгаламжийн хүү төлж байгаа нь тухайн мөнгөн хөрөнгийг ашигласны төлбөр тул банк, эрх бүхий этгээдээс зээл авч, зээлийн мөнгийг ашиглаж байгаатай дүйцүүлэн ойлгож болох юм. Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зээлийг гэрээний хугацаанд эгүүлэн төлөөгүй бол зээлдүүлэгчийн үндсэн хүүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцож болохоор, харин анз хэрэглэхгүй байхаар зохицуулсан. Энэ зохицуулалтыг мөнгөн хадгаламж хадгалагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан дүйцүүлэн хэрэглэх боломжтой гэж үзэж байна.

1.4.Х алданги хуримтлуулан тооцсон нь үндсэн төлбөрийн үүргээс алданги, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлбөрөөс хасалт хийж байгаатай холбоотой. Тухайлбал, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 315,000,000 төгрөгийн алданги тооцсон ба манай буцаан төлсөн үндсэн төлбөрөөс энэ алдангийг эхэлж хассанаар үндсэн төлбөрийн үүрэг энэ хэмжээгээр үлдэгдэлтэй мэт тооцсон. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн төлбөрийн үүргээс алданги буюу нэмэлт үүргийг суутган тооцох үндэслэлгүй. Манай банк Х-ны хадгаламжийн эх үүсвэрийг зээлд байршуулсан ба эх үүсвэрээ хугацаанаас нь өмнө татсантай холбоотой томоохон зээлдэгч нараасаа зээлийн эргэн төлөлтийг хугацаанаас нь өмнө хийлгэж, үүнээс үүдэн зээлийн хүүгийн бодит орлогоо алдсанаас гадна харилцагч нартай байгуулсан зээл, санхүүжилтийг буцаан татсанаас нилээдгүй харилцагч нар ханшийн алдагдал хүлээж, манай банкинд итгэх итгэлийг нь алдагдууллаа. Өөрөөр хэлбэл, цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаатай хадгаламжийг буцаан дуудсан Х-ны санаатай бөгөөд гэнэтийн шийдвэрийн улмаас манай банкинд их хэмжээний санхүүгийн хохирол учирч, үнэлж баршгүй нэр хүндийн эрсдэлд орсон юм. Дээрх тайлбар, нотлох баримтуудаар Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний холбогдох заалт Хинд хуульд зааснаас илүү эрх олгосон, анз хэрэглэх хуулийн зохицуулалтаас давж, хуулиар хязгаарласан хэм хэмжээг зөрчсөн, агуулгаараа хуульд нийцээгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш байх тул хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлтэй болох нь нотлогдоно.

1.5. Иргэний хуульд заасан зохицуулалтуудаас гадна санхүүгийн зах зээлийн талаар нарийвчлан зохицуулсан салбар хуулиуд үйлчлэнэ. Мөнгөн хадгаламжийн гэрээнүүдийг байгуулахад М-ны энгийн векселээр баталгаажсан байдаг тул Векселийн тухай хууль үйлчилнэ. Векселийн хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т вексел эзэмшигч хугацаанаас өмнө төлбөр гүйцэтгэхийг шаардахыг хориглоно гэж заасан байтал энэ хуулийг зөрчиж векселээр баталгаажсан мөнгөн хөрөнгийг хугацаа болоогүй байхад шаардсан.

Бид үүссэн үл ойлголцлыг тайлбарлан, асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзсэн ба иенийн эх үүсвэрийн барьцаанд банкны хэвийн ангилалтай зээлийн багц барьцаалах саналыг Хинд тавьж байсан ч манай талаас гаргасан ямар ч саналыг хүлээж аваагүй бөгөөд харин ч алдангийн талаарх хууль бус шаардлагыг байнга тавьж, дарамт үзүүлсээр байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр мастер гэрээний холбогдох заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцож, уг заалтын дагуу алданги тооцох үндэслэлгүй, төлөх төлбөргүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

2.1.Мөнгөн хадгаламжийн мастер гэрээ, Мөнгөн хадгаламж байршуулах гэрээнүүдийг байгуулах нь гэрээний талуудын хамтын шийдвэр байсан бөгөөд Х-инд мөнгө хүүлэх зорилго байгаагүй. Х болон Т хооронд мөнгөн хадгаламжийн харилцааг зохицуулсан 3 гэрээ байгуулагдсан. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 19/222-242 тоот мөнгөн хадгаламжийн мастер гэрээ нь талуудын хоорондох мөнгөн хадгаламжийн харилцааг зохицуулсан суурь гэрээ бөгөөд тус гэрээнд Т нь хадгалагчийн эрх, үүргийг Х нь хадгалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхээр тохиролцож, талууд уг гэрээнд мөнгөн хадгаламжийн нөхцөл, талуудын эрх, үүрэг, хадгалагчаас хадгалуулагчийн өмнө гаргаж буй баталгаа, маргаан шийдвэрлэх зэрэг мөнгөн хадгаламжийн харилцаанд хамаарах тухайлсан асуудлуудыг зохицуулсан. Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний хавсралт болгон 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр БХХ-19/12/16-01-2/241 тоот, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр БХХ-20/02/10-01-3/22 тоот Мөнгөн хадгаламж байршуулах гэрээ тус тус байгуулагдсан. Энэхүү хавсралт гэрээнүүд нь Мастер гэрээний адил хууль зүйн хувьд хүчин төгөлдөр, хадгалалтын хугацаа, хүүгийн хэмжээ, түүнийг тооцох журам зэрэг асуудлуудыг зохицуулсан. Гэрээг Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.3 дахь хэсэгт зааснаар бичгээр хийсэн зэрэг нөхцөл байдал нь тухайн гэрээнүүд холбогдох хуулиар тавигдаж буй агуулгын болон хэлбэрийн шаардлага хангасныг нотолж байна.

2.2.Х нь мөнгөн хадгаламж байршуулах зорилгоор мөнгөн хөрөнгө байршуулахаас өмнө байршуулах боломжтой мөнгөн хөрөнгө, хадгаламжийн хугацаа, хүсч буй барьцаа зэрэг мэдээллийг банкиуд руу хүргүүлсний дагуу банкууд нь өөрсдийн саналыг, санал болгож буй хадгаламжийн хүүтэй цуг хариу болгон ирүүлдэг. Ажил хэргийн энэхүү тогтсон практикийн дагуу Хнаас байршуулах боломжтой төгрөгийн саналыг Т болон бусад банкууд руу 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 09:20 цагт цахим шуудангаар хүргүүлсэн бөгөөд тус саналын дагуу Тнаас 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 09:36 цагт цахим шуудан ирж, 30,000,000,000 төгрөгийн эх үүсвэрийг 12.5 хувийн хүүгээр татан төвлөрүүлэх саналаа илэрхийлсэн. Мөн байршуулах боломжтой иенийн саналыг банкууд руу 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09:57 цагт цахим шуудангаар хүргүүлсний дагуу Т саналын хариуг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 14:22 цагт цахим шуудангаар ирүүлэхдээ 1 тэрбум иенийн эх үүсвэрийг 4.25 хувийн хүүгээр татан төвлөрүүлэх саналаа илэрхийлсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу Тны хүсэл зоригийн илэрхийлэл, түүний үр дүнд илрэн гарч буй санал болно.

Тухайн санал, хадгаламжийн хүүний саналыг Тнаас гаргуулах зорилгоор Хнаас тулган шаардсан, хууран мэхэлсэн, давуу байдлыг үүсгэсэн үйл баримт байхгүй, хадгаламжийн хүү тогтоосон нь банкинд аливаа байдлаар нөлөөлөх, мөнгө хүүлэх зорилго байгаагүй. Мөнгөн хадгаламжийн хүү нь Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зохицуулалтад үндэслэсэн, мөнгөн хөрөнгө буюу эх үүсвэрийг ашигласны төлөө төлөхөөр тохиролцсон хариу төлбөр бөгөөд дээр дурдсанаар гэрээнүүд дэх хадгаламжийн хүү нь Тнаас гаргасан өөрсдийнх нь хүүний саналаар тогтоогдсон нь холбогдох нотлох баримтуудаар нотлогдоно.

2.3.Т нэхэмжлэлдээ ...Мны арилжааны банкуудад хадгалуулдаг иенийн эх үүсвэрийн өртөг буюу Самурай бондын хүү 1.52% байхад "4.5 хувийн хүү" зааснаар хадгалсан эх үүсвэрийн өртөгтэй харьцуулахад 3 дахин өндөр хүү байсан нь мөнгө хүүлсэн явдал байсан" гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Самурай бонд жилийн 1.52% хүүний зардалтайгаас гадна тухайн бондыг гаргахад ихээхэн хэмжээний зардлуудыг гаргасан. Тухайлбал: Бондын баталгааны төлбөр, андеррайтерийн үйлчилгээний хөлс, олон улсын хуулийн зөвлөх, агентын зардал, Япон Улсын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн зардал зэрэг зардлуудыг энэ хүрээнд дурдаж болно. Энэхүү зардлуудыг бондын хүүний зардалд нэмэх байдлаар тооцвол 10 жилийн хугацаатай Самурай бондын хуваарилагдах зардал нь татваргүй дүнгээр 4.26%, татвартай дүнгээр 5.0% болдог. Өөрөөр хэлбэл, Самурай бондоос татсан иенийн эх үүсвэр нь хамгийн багаар тооцоход жилийн 4.26%-ийн зардалтай байна. Иймд, Самурай бондын эх үүсвэрийн өртгөөс 3 дахин өндөр хүү тогтоосон гэсэн нь үндэслэлгүй.

2.4.Мны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасны дагуу банкны хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг Засгийн газар хэрэгжүүлэхээр заасан. Х дээрх хуулийн зохицуулалтын дагуу Засгийн газраас хэрэгжүүлж буй тодорхой төсөл, хөтөлбөрийг дэмжин ажилладаг бөгөөд үүний нэг нь Ноолуур хөтөлбөр юм.

Монгол Улсын Засгийн газраас Ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ноолуурын түүхий эд бэлтгэх, нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах үүднээс 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр "Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 101 дүгээр тогтоол баталсан. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийн бэлэн байдлыг хангах зорилгоор Х-наас банкиудад байршуулсан мөнгөн хадгаламжийн үүргийг нэн яаралтай гүйцэтгүүлэх шаардлага үүссэн. Уг асуудлаар Х нь мөнгөн хадгаламжийн гэрээтэй арилжааны банкууд руу 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 2/599 тоот албан бичиг хүргүүлсэн. Энэхүү албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын 101 дүгээр тогтоолын дагуу банкуудад байршуулсан мөнгөн хадгаламжуудын үүргийг нэн яаралтай гүйцэтгүүлэх нөхцөл байдал үүсч буй тул одоо байршиж байгаа Мөнгөн хадгаламжуудын хугацаа сунгагдахгүй тухай, мөн 2020 оны 05 дугаар сард хугацаа дуусч буй мөнгөн хадгаламжуудын эргэн төлөлтийг хуваарийн дагуу гүйцэтгэх, мөн түүнээс хойш хугацаа нь дуусах бусад хадгаламжуудын хувьд гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө үүргийг гүйцэтгүүлэх нөхцөл үүссэн тохиолдолд анхны шаардлагаар төлбөрийг гүйцэтгэхэд анхаарч, үүсч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдсэн байдаг. Тус мэдэгдэл нь Тинд хүргэгдсэний дагуу Х 2020 оны 5 дугаар сарын 15-ны 2/641 тоот албан бичгээр БХХ-19/12/16-01-2/241 тоот гэрээний дагуу байршсан 30,000,000,000 төгрөгийн мөнгөн хадгаламжийн үүргийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөр гүйцэтгүүлэх тухай, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2/775 тоот албан бичгээр БХХ-20/02/10-01-3/22 тоот гэрээний дагуу байршсан 850,000,000 иенийн мөнгөн хадгаламжийн үүргийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөр гүйцэтгүүлэхээр мэдэгдсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-д заасны дагуу мөнгөн хадгаламжийн мастер гэрээндээ төлбөр төлөх дараах нөхцөлийг тохиролцсон. Үүнд: мөнгөн хадгаламж болон хүүгийн төлбөрийг Хавсралт дахь Гэрээнд заасан хуваарийн дагуу хадгалуулагчийн анхны шаардлагаар буцаан төлөх үүрэгтэй, хадгалуулагч нь байршуулсан мөнгөн хадгаламжийг хугацаанаас өмнө бүтэн болон хэсэгчилсэн дүнгээр буцаан дуудах эрхтэй. Хэрэв Мастер гэрээний хүрээнд байгуулсан Хавсралт дахь Гэрээнд заасан мөнгөн хадгаламж түүний хүүгийн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн төлөөгүй эсхүл Мастер гэрээ болон Хавсралт дахь гэрээнд заасан буцаан дуудах эрхийн хүрээнд хадгалуулагчийн буцаан дуудсан хадгаламжийг хугацаанд нь буцаан төлөөгүй, гүйлгээ хийгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд буцаан төлөгдөөгүй үнийн дүнд алданги төлөх үүрэгтэй гэж тохиролцсон байна. Дээрх байдлаар талууд гэрээгээр тохиролцсон учир М үүргийг гүйцэтгүүлэх эрхтэй, гэрээний тохиролцоо хуулийн дагуу болно.

Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалтууд шаардах эрхийг хөндөхгүй юм. Өөрөөр хэлбэл Хадгалуулагчийн хадгалуулсан мөнгөө, хүүгийн хамт буцаан шаардах туйлын эрхийг баталгаажуулан Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д зохицуулж өгчээ. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар мөнгөн хадгаламжийн харилцааг зохицуулж буй нарийвчилсан хуулиар Хадгалуулагчийн хадгалуулсан мөнгөө, хүүгийн хамт хэдийд ч буцаан авах шаардах эрхийг зөвшөөрсөн буюу үл хориглосон гэж үзэж болохоор байна. Иймд, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, мастер гэрээний 2.12, 3.1.8-д тус тус гэрээгээр тохиролцсон нь хуульд нийцсэн байна.

2.5.Мастер гэрээний 5.3-д Т нь Мастер гэрээ болон хавсралт дахь гэрээний дагуу хариуцлагыг хүлээх хангалттай санхүүгийн эх үүсвэртэй хэмээн хадгалуулагчийн өмнө баталгаа гаргасан. Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 3.1.8-д заасны дагуу Хадгалуулагч нь байршуулсан мөнгөн хадгаламжаа Хавсралт дахь гэрээнд заасан хугацаанаас өмнө бүтэн болон хэсэгчилсэн дүнгээр гүйцэтгүүлэх боломжтойг ойлгосон буюу энэхүү эрсдэлийг Тнаас урьдчилан тооцсон байсан учраас уг тохиолдолд Тны эрх ашиг зөрчигдөхгүй. Мөн Тнаас үндсэн төлбөрийн үүргээс алданги, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлбөрийн хасалт хийсэн гэж Хны хийгээгүй зүйлийг хийсэн мэт зүйл болгон, илт үндэслэлгүй буруутгажээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүрээнд төлбөр бүрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллаар төлүүлсэн. Тодруулбал, 30,000,000,000 төгрөгийн үндсэн төлбөрөөс 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 5,0 тэрбум, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5,0 тэрбум, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 5,0 тэрбум, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 5,0 тэрбум, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 10,0 тэрбумыг төлүүлж, тус төлбөрүүдийг үндсэн төлбөрт тооцон хасалт хийсэн. Мөн 850,000,000 иенийн мөнгөн хадгаламжийн үндсэн төлбөрөөс 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 850,000,000 иенийг төлүүлж, тус төлбөрийг үндсэн төлбөрт тооцон хасалт хийсэн нь нотлох баримтуудаар нотлогдоно. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч М ХХК нь Т ХХК-д холбогдуулан алданги 1,616,618,279 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 404,780,929 төгрөг, нийт 2,021,399,208 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд

3.1.Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний дагуу хадгалуулсан мөнгөн хадгаламжаа хүүгийн хамт буцаан шаардаж байгаа талаар 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2/641 тоот, иений хадгаламжийг буцаан шаардаж 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 2/775 тоот албан бичгүүдийг хүргүүлсэн боловч төгрөгийн хадгаламжийн үндсэн төлбөрийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, хүүг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр, иений хадгаламжийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр үндсэн хадгаламж, хүүгийн хамт төлсөн. Иймд Тнаас мөнгөн хадгаламжийг, хүүгийн хамт заасан хугацаанд буцаан өгөөгүй бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй буюу үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19/222-2/242 тоот Мөнгөн хадгаламжийн мастер гэрээ-ний 2.4, 4.1.3-д зааснаар Х алданги шаардаж авах эрхтэй байна. Иймд, төгрөгийн мөнгөн хадгаламжийн хувьд буцаан төлөхөөр дуудсан 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс, иенийн хадгаламжийн хувьд 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс хугацаа хэтрүүлсэн гэж тооцож хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих төлбөрийн дүнгээс 0.1 хувиар алданги тооцож, дараах алдангийг нэхэмжилж байна.

а.Т 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон шаардсан 30.0 тэрбум төгрөгийн хадгаламжийн хувьд үндсэн төлбөрийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 5,0 тэрбум төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5,0 тэрбум төгрөг,

2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 5,0 тэрбум төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 25-нд 5,0 тэрбум төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 10,0 тэрбум төгрөгөөр тус тус төлсөн. Харин 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1,700,342,465 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс хуримтлагдсан хүү 1,582,191,780 төгрөгийг хасаж үлдэх 118,150,685 төгрөгийг алдангид суутган төлүүлсэн. 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс хойш төлбөл зохих дүнгээс төлсөн дүн тус бүрийг хасаж тооцоход 484,232,875 төгрөгийг алданги төлөхөөс урьд төлсөн 118,150,685 төгрөгийг хасаж үлдэх 366,082,191 төгрөгийг шаардана.

б.2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон буцаан дуудсан 850,000,000 иенийн хадгаламж, түүнд бодогдсон хүү 11,841,780 иенийг заасан хугацаанд төлөлгүй 2 сар 8 хоногийн дараа үндсэн төлбөр, хүүний төлбөрийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 869,072,602 иенийг төлсөн. Энэ мөнгөнөөс үндсэн хадгаламж 850,000,000 иен, хүү 11,841,780 иенийг төлүүлж, үлдэх 7,230,821 иенийг хуримтлагдсан алдангид тооцож хассан болно. Энэ хугацаанд төлбөл зохих алданги нийт 59,467,082 иен байгаагаас төлсөн 7,230,821 иенийг хасаж үлдэх 52,236,260 иенийг Мны 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ханш 23,94 төгрөгөөр тооцож 1,250,536,087 төгрөгийг шаардаж байна. Иймд алдангид нийт 1,616,618,279 төгрөгийг гаргуулж өгнө үү.

3.2.Хнаас мөнгөн хадгаламжуудыг буцаан дуудсан хугацаанд Т мөнгөн хадгаламжуудыг буцаан шилжүүлсэн бол 30,0 тэрбум төгрөгийн хадгаламжийг буцаан дуудсан өдрөө хүлээн авч зорилгын дагуу Ноолуур хөтөлбөрийн зээлийг санхүүжүүлсэн тохиолдолд 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 15-ны хооронд хугацаанд 132,666,541 төгрөгийн хүүгийн орлогыг олох боломжтой байсан. Харин иенийн эх үүсвэрийг ашиглан Ноолуур хөтөлбөрийн зээлийг санхүүжүүлсэн тохиолдолд 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 10-ны хооронд хугацаанд нийт 424,578,679 төгрөгийн хүүгийн орлогыг олох байсан. Иймд буцаан дуудсан өдөр хүртэл хуримтлагдсан хадгаламжийн хүүгийн орлого 1,890,788,589 төгрөг, Ноолуур хөтөлбөрийг санхүүжүүлсэн тохиолдолд олох ёстой байсан хүүгийн орлого 557,245,220 төгрөгийн нийт 2,448,033,808 төгрөг болж байгаа бөгөөд Хинд 2,043,252,879 төгрөгийн хүү төлөгдсөн тул зөрүү 404,780,929 төгрөгийг Тнаас нэхэмжлэх үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Тнаас Хинд олох ёстой байсан хүүгийн орлого 404,780,929.88 төгрөг, алданги 1,616,618,279.1 төгрөг, нийт 2,021,399,208 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

4.1.Х сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлсон Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д "Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ" гэж заасан байх ба манай банк Мөнгөн хадгаламжийн мастер гэрээнд заасан "Хавсралт дах гэрээнд заасан хуваарийн дагуу" буюу БХХ-19/12/16-01-2/241, БХХ-20/02/10-01-3/22 тоот Мөнгөн хадгаламж байршуулах гэрээнүүдэд заасан хугацаанд буцаан төлөх үүргийг гүйцэтгэсэн. Мөн Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.2.3 дэх заалтуудыг баримтлан шаардах эрхийг хөндөхгүй, энэ эрх нь туйлын эрх юм гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2.8-д заасны дагуу БХХ-19/12/16-01-2/241 тоот гэрээний дагуу байршуулсан 30,000,000,000 төгрөгийг хүүгийн хамт 2020 оны 06 дугаар сарын 15-нд төлөх, БХХ-20/02/10-01-3/22 тоот гэрээний дагуу байршуулсан 850,000,000 иенийг хүүгийн хамт 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлөхөөр баталгаа гаргаж, энгийн вексель бичиж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламжтай холбоотой үүссэн харилцаа нь зөвхөн гэрээний төдийгүй санхүүгийн хэрэгслээр давхар баталгаажсан харилцаа байна. Векселийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д "Вексель"-ийг тодорхойлсон. Х Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсгийг баримтлан, мөнгөн хадгаламжийн гэрээнүүд болон вексельд заасан хугацааг үл харгалзан "буцаан дуудсан өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй гэсэн нь хуульд нийцээгүй. Хариуцагчийн хугацаанаас өмнө мөнгөн хадгаламжийг буцаан дуудах эрх нь манай банкны мөнгөн хадгаламжийг буцаан төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгэх эрхийг үгүйсгэх нөхцөл биш гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, гэрээ болон вексельд заасан үүрэг гүйцэтгэх үндсэн хугацаа дуусаагүй байхад "үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол" гэсэн зохицуулалтыг баримтлах боломжгүй юм. Анз хэрэглэх талаарх хуулийн зохицуулалтыг гэрээ байгуулахад баримтлах учиртай бөгөөд хуулиар хориглосон, хязгаарласан хэм хэмжээг зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 4.1.3 дахь хэсэг хүчин төгөлдөр бус тул хүчин төгөлдөр бус заалтыг баримтлан алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд Мөнгөн хадгаламж байршуулах гэрээний дагуу 1,616,618,279 төгрөгийн алданги гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.2.Х хадгаламжийн гэрээг цуцлан хугацаанаас өмнө буцаан дуудсан өдрөөс хойших хүүг Т гэрээний дагуу тооцон төлсөн, бодитоор учирсан хохирол байхгүй байхад хохиролыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Манай банк нь сар бүр Монгол банкинд хүргүүлдэг тайлангаас 2020 оны 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэлх байдлаар төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааны тайлан болон бүтэц өөрчилсөн зээлийн тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Монгол банкнаас төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааг банкуудад 25%-иас доош оруулахгүй барьж ажиллах шаардлага тавьдаг. Цар тахал эхэлсэн хүндрэлтэй байсан тухайн үед банкнаас гадагшлах мөнгөний урсгал их байгаатай холбогдуулан Монгол банкнаас банкуудад хөнгөлөлт үзүүлж 2020 оны 4 дүгээр сараас 20% болгож бууруулсан байдаг. Тус банкны түргэн борлогдох актив энэ хугацаанд 53.2 тэрбум төгрөгөөр буурсантай холбоотой энэ харьцаа 2020 оны 3 дугаар сард 31.8%, 4 дүгээр сард 28.7%, 5 дугаар сард 22.49% буурсаныг энэ тайлангаас харах боломжтой. Мөн банкны бусдаас татсан эх үүсвэр, хадгаламж энэ хугацаанд 92.9 тэрбум төгрөгөөр хэрхэн буурсан, үүнээс үүдэн харилцагчийн төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэх шаардлагатай сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 2.9 тэрбум төгрөг болж буурсан байгааг харж болно. Мөн зээлээ эргэн төлөх боломжгүй болсон харилцагч нарын зээлийн хугацаа, эргэн төлөх хуваарийг өөрчлөх замаар 154.6 тэрбум төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийж байсныг нэгтгэл тайлангаас харж болно.

Түүнчлэн 2020 оны 4, 5 дугаар сард 46 тэрбум төгрөгөөр ТБА буурсан, ТТХөрөнгө 75 тэрбум төгрөгөөр буурсан, 72.6 тэрбум төгрөгийн зээлийн хугацааг сунгаж бүтэц өөрчилсөн хүндрэлтэй байсан ч Хны төгрөгийн хадгаламжийг Монгол банкнаас тогтоосон зохистой харьцаагаа алдахгүй байдлаар боломжоороо хүүгийн хамт 5, 6 дугаар сард төлж дуусгасан. Иений хадгаламжийг шууд төлөх боломжгүй байсныг харах боломжтой. Хэрэв төлсөн тохиолдолд зохистой харьцаа зөрчигдөх нөхцөл үүссэн байсан. Банк нь Банкны тухай хуулийн 16-р зүйлийн 16.1.2-т заасны дагуу ...зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монгол банкнаас тогтоосон журам, шийдвэрийн дагуу биелүүлэх үүрэгтэй ба хэрэв хангаж ажиллаагүй тохиолдолд тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2-т заасны дагуу "зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүйгээс цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон" тохиолдолд банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл үр дагавартай болно. Х ч бас энэ зохистой харьцааны шаардлагыг Монгол банкнаас тогтоож өгсөн хүрээнд мөрддөг. Манай банк Хнаас авсан 6 сарын хугацаатай эх үүсвэрээ зээлд байршуулсан байсан ба хугацаанаас нь өмнө буцаан дуудсантай холбоотой бид томоохон зээлдэгч нараасаа зээлийн эргэн төлөлтийг хугацаанаас нь өмнө дуудах байдлаар төлөлт хийлгэж, үүнээс үүдэн зээлийн хүүгийн олох байсан орлогоо алдсанаас /276.7 сая/ гадна банкны нэр хүндийг том эрсдэлд оруулсан.

Цар тахал тархсан, давагдашгүй хүчин зүйл бий болж, гэнэтийн нөхцөл байдал үүссэн нь банк ихээхэн хэмжээний хугацаатай мөнгөн хадгаламжийг гэрээний хугацаа дуусахаас өмнө, бүтэн дүнгээр гарган өгөх боломжгүй байсныг баталж, Тинд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон. Түүнчлэн, Х-ны хугацаанаас нь өмнө хадгаламжаа цуцлан авах болсон нөхцөл байдалд Т буруугүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Х хугацаанаас нь өмнө хадгаламж буцаан дуудах зайлшгүй нөхцөл байдал үүсээгүй байсан. Хны 2020 оны хагас жилийн санхүүгийн аудитлагдсан тайлангаас харахад тус банкинд байршуулсан урт хугацаатай хадгаламжийг заавал буцаан дуудах шаардлага байхгүй байсныг нотолж байна. Тухайлбал банкуудад 3 сараас богино хугацаатай байршуулсан хадгаламж, харилцах 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр 372,5 тэрбум төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 30-р 346,3 тэрбум төгрөг байна. Хагас жилийн байдлаар оны эхнээс бараг өөрчлөлтгүй. Харин 3 сараас дээш хугацаагаар байршуулсан хадгаламж 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр 765,8 тэрбум төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр 604,1 тэрбум төгрөг байна. Ноолуурын салбарт олгох зээлийг хангалттай санхүүжүүлэх хэмжээний богино хугацаатай болон хугацаагүй эх үүсвэр банкинд байсаар байтал банктай 6 сар байршуулахаар тохиролцсон эх үүсвэрээ буцаан дуудсаныг хүндэтгэн үзэх шалтгаан, хүнд нөхцөл байдал үүссэн гэж үзэх боломжгүй байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан Ноолуур хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн 7-д хүүгийн хөнгөлөлтөд 5.06 тэрбум төгрөгийг Хинд төлсөн гэх баримт нь банкинд хадгалуулсан мөнгөн хөрөнгийг буцаан дуудах хүндэтгэн үзэх, зайлшгүй шалтгаан байхгүйг харуулна.

Хариуцагч анз, хохирол хоёрыг шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Хинд хохиролтой байсан эсэхийг тодорхойлох боломжгүй болгож байна. Анз авах тохиолдолд хохирлыг шаардахгүй, анзын хэмжээг шүүхээс багасгаж тогтоохдоо хохирлын хэмжээнээс их байвал багасгах агуулгыг тодорхой тусгасан. Анзыг хэдийгээр үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэж нэрлэж байгаа боловч агуулгаараа алданги болон торгууль тооцох замаар үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг нөхөх арга замыг тодорхойлж байна гэж үзэх боломжтой. Нөгөө талаар, хохирол гэдэг нь учирсан бодит хохирлоор тооцогдох бөгөөд Хны ямар эд хөрөнгөд хэдий хэмжээний хохирол бодитоор учраад байгаа нь тодорхойгүй. Харин олох ёстой байсан орлого буюу Ноолуур хөтөлбөрийн хүрээнд зээл гаргасан бол олох байсан орлого гэсэн байдлаар хохирлоо тодорхойлсон байх ба Ноолуур хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангаас харахад, 2020 онд ноолуур бэлтгэлд зориулан Хнаас хүүгийн хөнгөлттэй 103,9 тэрбум төгрөгийн зээлийг гаргасан ба Засгийн газраас хүүгийн хөнгөлөлтөд 5,06 тэрбум төгрөгийг авсан нь Хинд хохирол учраагүй харин ч хөнгөлөлттэй зээл олгосны төлөө Засгийн газраас татаас авдаг гэдгийг харуулж байна. Иймд Хны олох ёстой байсан хүүгийн орлого 404,780,929.88 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 202 дугаар зүйлийн 202.1-д заасан үндэслэлгүй тул М ХХК-д холбогдуулан гаргасан талуудын хоорондох 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19/222-2/242 тоот мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 4.1.2, 4.1.3, 2.12, 3.1.8 дах заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг заалтын дагуу алданги төлөх үндэслэлгүй болохыг тогтоолгох, төлөх төлбөргүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан Т ХХК-иас 646,647,311 /зургаан зуун дөчин зургаан сая зургаан зуун дөчин долоон мянга гурван зуун арван нэгэн/ төгрөгийг гаргуулж, хариуцагч М ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 1,374,751,897 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.16, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 3,391,186 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

а.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан ерөнхий зохицуулалтыг баримтлан хариуцагчийн хугацаанаас өмнө мөнгөн хөрөнгө буцаан дуудсаныг зөвтгөн дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хадгалуулагч хэдийд ч мөнгөн хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, буцаан шаардах эрхийг "хутацаатай байгуулсан бол хугацаа дууссаны дараа анхны шаардлагаар буцаан төлөх үүрэг үгүйсгэх нөхцөл болохгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Мөнгөн хадгаламжийн гэрээ нь тодорхой хугацаатай эсхүл тодорхой бус хугацаагаар байгуулж болох ба хэрэв гэрээг тодорхой хугацаатай байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүргийг хадгалагчид хуулиар хүлээлгэжээ. Харин хадгалуулагч нь хүссэн цагтаа мөнгөн хөрөнгийг буцаан дуудах эрхийг мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагүй байгуулсан тохиолдолд хэрэгжүүлэхээр хуульчилсан байна. Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар мөнгөн хадгаламжийн гэрээг мөн хугацаатай болон хугацаагүй байгуулахаар заасан ба мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн анхны шаардлагаар мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй. Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ нь хадгаламжийн хүүг тооцон олгохын тулд эх үүсвэрийг тогтвортойгоор хэрэглэх хэрэгцээ шаардлагын үүднээс хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд тохиролцсон хүү төлдөг, харин хугацаанаас өмнө гэрээг цуцалбал хүүг бууруулан тооцдог. Гэтэл 19/222-2/242 тоот Мөнгөн хадгаламжийн мастер гэрээ нь хугацаагүй гэрээ шиг мөнгөө татсан ч, хугацаатай хадгаламжийн хүүгээ тооцон авсан давуу байдлыг Минд олгосон. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3,4,6, 9-д заасан заалтууд нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй талд анз хэрэглэхгүй байх хууль зүйн хязгаарлалт, хориг юм. Анз хэрэглэх талаарх хуулийн нарийвчилсан зохицуулалтыг гэрээ байгуулахад баримтлах учиртай бөгөөд хуулиар хориглосон, хязгаарласан хэм хэмжээг зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2.12, 3.1.8, 4.1.2 болон 4.1.3 дахь хэсгүүд хүчин төгөлдөр бус байна.

б.Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2.8-д зааснаар төгрөгийн болон иенийн хадгаламжийг М дахь данснаас үл маргах журмаар төлөх баталгаа болгож, энгийн векселүүд бичигдсэн бөгөөд векселийг шүүх үүргийн гүйцэтгэлийг хангах өөр арга зам гэж тодорхойлсон нь хуульд нийцэхгүй байна. Векселийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 5, 4 дүгээр зүйлийн 2, 5 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйл 3-т тус тус зааснаас үзэхэд вексель нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бус төлбөр төлөх үүргийг баталгаажуулсан санхүүгийн хэрэгсэл байна. Гэтэл шүүх Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасныг баримтлан хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Нөгөө талаар шүүх, энэ тохиолдолд Векселийн тухай хууль бус Иргэний хуулийн хадгаламжийн гэрээг зохицуулсан хэсгүүд тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуульд тооцогдоно гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.3 дахь заалтыг хэрэглээгүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаатай дүгнэлт хийсэн.

в.Талуудын хооронд байгуулагдсан 19/222-2/242 тоот Мөнгөн хадгаламжийн мастер гэрээ нь Мны стандарт гэрээ бөгөөд хүчин төгөлдөр бус байх үндэслэлтэй. 2018 онд мөн энэ гэрээг талууд байгуулж байсан бөгөөд 19/222-2/242 тоот гэрээний нөхцөлүүдтэй ижил, түүнчлэн Х өөрийн гэрээний төслөөр өөрийн нөхцөлөө тулгаж, манай гаргасан ямар ч саналыг хүлээж аваагүй байгуулагдсан стандарт гэрээ юм. Анхан шатны шүүхээс Маргааны энэ тохиолдолд Тнаас гадна бусад банктай нэг адил нөхцөлөөр гэрээг хийсэн, нэг талдаа илтэд хохиролтой заалт болсон талаарх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүйгээс гадна Иргэний хуулийн 202 дугаар зүйлд заасан аль үндэслэлд хамааруулж шаардсан нь тодорхойгүй тул хүчин төгөлдөр бус байх стандарт нөхцөл тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан стандарт гэрээнүүдийг харьцуулан дүгнэлт хийгээгүй хэрнээ нэхэмжлэгчийн олж авах боломжгүй нотлох баримтыг гаргаж өгөөгүй гэж байгаа нь нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах, үнэлэх талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж тайлбарласан. Нөгөө талаар, бусад банктай байгуулсан гэрээг авах талаарх яриа үүсэхэд хэрэгт хамааралгүй этгээдүүдтэй байгуулсан гэрээ гээд гаргаж өгөх боломжгүй гэж хариуцагч талаас маргасан. Стандарт гэрээг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар 19/222-2/242 тоот Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний дээрх хэсгүүд нь Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэсэн хуулийн зохицуулалтад хамаарах тул хүчин төгөлдөр бус гэж мэтгэлцсэн болно.

г.Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 19/222-2/242 тоот Мөнгөн хадгаламжийн мастер гэрээ, Мөнгөн хөрөнгө байршуулах гэрээнүүдийг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.4 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээг цуцалсан гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, хугацаанаас нь өмнө буцаан татах нөхцөл үүссэн талаар арилжааны банкуудад урьдчилан мэдэгдсэн гэж үзсэн. Харин нэхэмжлэгчээс Х нь урт хугацаатай байгуулсан энэ гэрээг цуцлах, нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах зайлшгүй шаардлага үүсээгүй байсан гэдгийг Мны 2020 оны санхүүгийн тайлангийн холбогдох хэсгүүдээр нотлон тайлбарласан. Хны 2020 оны хагас жилийн санхүүгийн аудитлагдсан тайлангаас харахад тус банкинд байршуулсан урт хугацаатай хадгаламжийг заавал буцаан дуудах шаардлага байхгүй байсан болохыг нотолж байна. Ноолуурын салбарт олгох зээлийг хангалттай санхүүжүүлэх хэмжээний богино хугацаатай болон хугацаагүй эх үүсвэр банкинд байсаар байтал банктай 6 сар байршуулахаар тохиролцсон эх үүсвэрээ буцаан дуудсаныг хүндэтгэн үзэх шалтгаан, хүнд нөхцөл байдал үүссэн гэж үзэх боломжгүй байна. Хариуцагчийн нэхэмжилж буй алдангийн хуримтлалын дийлэнх хэсэг нь иенийн мөнгөн хадгаламжид тооцогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, нэг талын хэт давуу байдлаар жилийн 36.5% түвшин буюу зах зээлийн бус хүүгийн түвшинд алданги хуримтлуулсан байдаг.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан Ноолуур хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн 7-д ...2020 онд ноолуур бэлтгэлд зориулан МУХБ-аас хүүгийн хөнгөлттэй 103.9 тэрбум төгрөгийн зээлийг 44 ААН- д олгосон байна, Хүүгийн хөнгөлөлтөд 5.06 тэрбум төгрөгийг МУХБ-д төлсөн гэсэн тоо баримт ч нотлох баримт мөн. Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтууд нь М нь мөнгөн хөрөнгийг буцаан дуудах хүндэтгэн үзэх, зайлшгүй шалтгаан байгаагүйг харуулж байх тул анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэсэлгүй байна.

6.2. Талууд харилцан тохиролцсон үүрэг амлалтаа зохих ёсоор гүйцэтгэх нь гэрээний гол зорилго мөн. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасан ба Т 19/222- 2/242 тоот, БХХ-19/12/16-01-2/241, БХХ-20/02/10-01- 3/22 тоот Мөнгөн хадгаламж байршуулах гэрээнүүдээр Минд буцаан төлөх мөнгөн төлбөрийн үндсэн үүргээ, гэрээний хугацаанд бүрэн гүйцэтгэсэн тул дээрх гэрээнүүд дуусгавар болсон. Тодорхой 6 сарын хугацаатай байгуулсан Мөнгөн хадгаламж байршуулах гэрээнүүдийн хувьд хадгалуулагч М нь гэрээний хугацаа дуусаагүй байхад буцаан дуудсан нь хадгалуулагчийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах саналыг гаргаж байгаа явдал бөгөөд буцаан дуудсаны дагуу мөнгөн хөрөнгийг буцаан өгсөн хугацааг Мөнгөн хадгаламж байршуулах гэрээнд заасан үндсэн /хуваарьт хугацаа/ хугацаатай адилтган үзэх боломжгүй тул буцаан дуудахаар тасалбар болгосон өдрөөс анз тооцох үндэслэлгүй юм.

Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2.4 дэх заалт нь Хавсралт дахь гэрээнд заасан хуваарийн дагуу мөнгө төлөөгүй тохиолдолд нэмэлт төлбөрийн үүрэг хүлээлгэх замаар хариуцлага тооцох хөшүүрэг болгон, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байна. Хавсралт гэрээ болох Мөнгөн хадгаламж байршуулах БХХ-19/12/16-01-2/241 тоот гэрээний дуусах огноог 2020 оны 6 дугаар сарын 15, БХХ-20/02/10-01-3/22 тоот гэрээний дуусах хугацааг 2020 оны 08 дугаар сарын 10 гэж тус тус заасан ба энэ хугацаанд манай банк гэрээний дагуу төлбөрийн үүргийг биелүүлсэн тул алданги тооцох үндэслэл байхгүй.

6.3.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг алдангийн хэмжээн дээр маргаагүй гэж үзсэн нь өрөөсгөл байна. Сөрөг нэхэмжлэлээр шаардсан алдангийн тооцоолол үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар, өмгөөлөгчийн зүгээс алданги үндэслэлтэй тооцоогүй гэж маргасан бөгөөд шүүх хуралдаан дээр ч мэтгэлцсэн. М алданги хуримтлуулан тооцсон нь үндсэн төлбөрийн үүргээс алданги, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлбөр хасалт хийж байгаатай холбоотой. Тухайлбал, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 315,000,000 төгрөгийн алданги тооцсон ба манай буцаан төлсөн үндсэн төлбөрөөс энэ алдангийг эхэлж хассанаар үндсэн төлбөрийн үүрэг энэ хэмжээгээр үлдэгдэлтэй мэт тооцсон. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн төлбөрийн үүргээс алданги буюу нэмэлт үүргийг суутган тооцох үндэслэлгүй, энэ талаар маргасан.

Мөнгөн хадгаламжийн гэрээгээр хадгаламжийн хүү төлж байгаа нь тухайн мөнгөн хөрөнгийг ашигласны төлбөр тул банк, эрх бүхий этгээдээс зээл авч, зээлийн мөнгийг ашиглаж байгаатай дүйцүүлж ойлгож болох юм. Иргэний хуулийн болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зээлийг гэрээний хугацаанд эгүүлэн төлөөгүй бол зээлдүүлэгчийн үндсэн хүүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцож болохоор, харин анз хэрэглэхгүй байхаар зохицуулсан. Хуулийн энэ үзэл санаа нь зээл хадгаламжийн хүүгийн хэмжээ тодорхой зохицуулалтад хамаарагддаг, зээлийн мөнгийг хэрэглэж байгаа талд гүйцэтгэх боломжгүй үүрэг ногдуулахгүйн тулд гэрээний талуудад өгөөжтэй байх ижил нөхцөл олгохыг зорьсон, талуудын хэн алины эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан зохицуулалт байдаг. Энэ зохицуулалтыг мөнгөн хадгаламж хадгалагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан дүйцүүлэн хэрэглэх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. 

Т төгрөгийн хадгаламжийн хүүг 2020 оны 8 дугаар сарын 14-ны өдөр төлсөн ба гэрээний дуусах хугацаа 6 дугаар сарын 15-ны өдөр байсан тул бодит байдал дээр энэ хүүгийн төлбөрөөс хугацаа хэтрүүлсэн энэ 60 хоногт ногдох алданги тооцох боломжтой юм. Нөгөө талаар, иенийн ханшийг буруу тооцсоноор барахгүй нэхэмжлэгчийн төлсөн хүүгийн төлбөрийг бодит дүнгээр гаргаагүй, багасгасан байдлаар тайлбарлаж шүүхэд нэхэмжилсэн. Хэрэв Х 19/222-2/242 тоот, БХХ-19/12/16-01-2/241, БХХ-20/02/10-01-3/22 тоот Мөнгөн хадгаламж байршуулах хавсралт гэрээнүүдийг буцаан дуудсан өдрөөр цуцалсанд тооцож байгаа тохиолдолд цуцласнаас хойш гэрээний үүрэг болон алданги шаардах эрхгүй байна.

Х зөрүүтэй тооцоолол гаргаж, төлсөн хүүгийн хэмжээг багасгаж, их хэмжээний хохирол учирсан мэт харагдуулж алдангийг үндэслэлгүйгээр тооцсон байдаг тул алдангийн тооцооллыг нэхэмжлэгч анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй.

Талуудын хооронд байгуулагдсан Мөнгөн хадгаламж байршуулах гэрээнүүд тус тус 6 сарын хугацаатай байгуулагдсан бөгөөд энэ хугацаатай уялдуулан дээрх гэрээний дагуух эх үүсвэрийг тодорхой хугацаатай активд байршуулсан энэ хугацаанд Мнаас томоохон хэмжээний мөнгөн хөрөнгийг нэг дор буцаан дуудсан нь банкны хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсан.

Хэдийгээр нөхцөл байдал хүнд байсан ч манай банк Мтай байгуулсан гэрээний үүргийг биелүүлж, хамтын ажиллагааны итгэлцлийг эрхэмлэн гэрээний хугацаандаа мөнгөн хөрөнгүүдийг буцаан өгч, гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн.

Манай банк нь сар бүр Манд хүргүүлдэг тайлангаас 2020 оны 3-8 сарын байдлаарх төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааны тайлан болон бүтэц өөрчилсөн зээлийн тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Мнаас төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааг банкуудад 25%-иас доош оруулахгүй барьж ажиллах шаардлага тавьдаг. Цар тахал эхэлсэн хүндрэлтэй байсан тухайн үед банкнаас гадагшлах мөнгөний урсгал их байгаатай холбогдуулан Мнаас банкуудад хөнгөлөлт үзүүлж 2020 оны 4 сараас 20% болгож бууруулсан байдаг. Тус банкны түргэн борлогдох актив энэ хугацаанд 53.2 тэрбум төгрөгөөр буурсантай холбоотой энэ харьцаа 2020 оны 3 сард 31.8%, 4 сард 28.7%, 5 сард 22.49% буурсаныг энэ тайлангаас харах боломжтой. Мөн банкны бусдаас татсан эх үүсвэр, хадгаламж энэ хугацаанд 92.9 тэрбум төгрөгөөр хэрхэн буурсан, үүнээс үүдэн харилцагчийн төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэх шаардлагатай сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 2.9 тэрбум төгрөг болж буурсан байгааг харж болно. Мөн зээлээ эргэн төлөх боломжгүй болсон харилцагч нарын зээлийн хугацаа, эргэн төлөх хуваарийг өөрчлөх замаар 154.6 тэрбум төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийж байсныг нэгтгэл тайлангаас харж болно. Түүнчлэн, 2020 оны 4-5 сард 46 тэрбум төгрөгөөр ТБА буурсан, ТТХөрөнгө 75 тэрбум төгрөгөөр буурсан, 72.6 тэрбум төгрөгийн зээлийн хугацааг сунгаж бүтэц өөрчилсөн нь банкинд хүндрэл учруулж байсан ч Хны төгрөгийн хадгаламжийг Мнаас тогтоосон зохистой харьцаагаа алдахгүй байдлаар боломжоороо хүүгийн хамт 5-6 сард төлж дуусгасан ба иений хадгаламжийг /20.4 тэрбум төгрөг/ шууд төлөхөд зохистой харьцаанд өөрчлөлт орж болзошгүй байсан.

Банк нь Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасны дагуу ... зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Мнаас тогтоосон журам, шийдвэрийн дагуу биелүүлэх; үүрэгтэй ба хэрэв хангаж ажиллаагүй тохиолдолд тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2-т заасны дагуу зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүйгээс цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тохиолдолд банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл үр дагавартай болно. Х ч бас энэ зохистой харьцааны шаардлагыг Мнаас тогтоож өгсөн хүрээнд мөрддөг. Манай банк Хнаас авсан 6 сарын хугацаатай эх үүсвэрээ зээлд байршуулсан байсан ба Хнаас хугацаанаас нь өмнө буцаан дуудсантай холбоотой бид томоохон зээлдэгч нараасаа зээлийн эргэн төлөлтийг хугацаанаас нь өмнө дуудах байдлаар төлөлт хийлгэж, үүнээс үүдэн зээлийн хүүгийн олох байсан орлогоо алдсанаас /276.7 сая/ гадна банкны нэр хүндийг том эрсдэлд оруулсан.

Цар тахал тархсан, давагдашгүй хүчин зүйл бий болж, гэнэтийн нөхцөл байдал үүссэн нь банк ихээхэн хэмжээний хугацаатай мөнгөн хадгаламжийг гэрээний хугацаа дуусахаас өмнө, бүтэн дүнгээр гарган өгөх боломжгүйг баталж, Тинд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон. Дээрх нөхцөл байдлууд нь Хны хугацаанаас нь өмнө хадгаламжаа цуцлан авах болсон нөхцөл байдалд Т буруугүй болохыг харуулж байна. Хохирол нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас мөнгөн хадгаламжийн мастер гэрээний зарим зүйл заалтыг хүчин төгөлдөр бус гэж маргадаг. Энэ гэрээний зохих зүйл заалтууд хүчин төгөлдөр биш юм. Анхан шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлтэй дүгнэсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар хуульчилсан. Энэ нөхцөл байдал талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тогтоогдоогүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан гэж дурдаж байна. Гэрээг харилцан тохиролцож байгуулсан учраас хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй. Хугацаатай гэрээ байгуулсан учраас хугацаанаас нь өмнө дуудсан нь үндэслэлгүй гэж гомдолд дурдаж байна. Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4 дэх хэсэгт хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй гэж заасан. Мөн Т ХХК-тай байгуулсан мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2.12-т гэрээнд заасан хугацаанаас өмнө бүтэн болон хэсэгчилсэн дүнгээр буцаан дуудах эрхтэй. Мөн 1995 онд батлагдсан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т хадгалуулагчийн тавьсан анхны шаардлагаар түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй талаар хуульчилсан. М гэрээний үүргээ зөрчөөгүй. Гэрээ болон хуульд заасан эрхийнхээ дагуу хадгалуулсан мөнгөө буцаан авах шаардлага тавьсны дагуу Т ХХК үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, Т ХХК анхны шаардлагаар буцаан дуудахад мөнгийг шилжүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн байна гэжээ.

 8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: М ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлээс 1,374,751,897 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

8.1. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан алданги 1,616,618,279 төгрөгийг 60 хувиар буюу 969,970,967.4 төгрөгөөр багасгасан нь үндэслэлгүй байна.

Тны зүгээс хүү, алдангийн тооцоолол болон төлбөрийн дүнтэй маргаагүй бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 01 тоот зөвлөмжид дурдсанаар алдангийг багасгах хүсэлт, тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байдаг. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт алдангийг илт их гэх үндэслэлээ шийдвэрт тусгаагүй, мөн дараах баримт, үйл баримтуудыг анхаараагүй алдаа гаргасан. Үүнд:

а. Х нь 2019.12.16-ны өдөр байршуулсан 30.0 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламжийг 2020.05.07-ны өдөр 2/599 тоот, 2020.05.15-ны өдөр 2/641 тоот мэдэгдэл хүргүүлэн 2020.05.18-ны өдрөөр тасалбар болгон буцаан шаардсан. Тны хувьд мэдэгдэлд заасан хугацаанд анхны шаардлагаар төлбөрийн үүргээ биелүүлээгүй бөгөөд Хнаас 30,0 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламжийн гэрээний үүргийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гүйцэтгүүлэхээр шаардсан байх боловч Тээвэр Хөгжпийн банкнаас мөнгөн хадгаламжийн үндсэн төлбөр 30,0 тэрбум төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр буцаан төлж төлбөрийн үүргээ 28 өдрөөр хэтрүүлсэн, мөнгөн хадгаламжийн хүүгийн төлбөрийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр буцаан төлж төлбөрийн үүргээ 88 өдрөөр хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

б. Х нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байршуулсан 850,0 сая иенийн мөнгөн хадгаламжийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 2/599 тоот, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2/775 тоот мэдэгдэл хүргүүлэн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон буцаан шаардсан байдаг. Тээвэр хХны хувьд мөн адил мэдэгдэлд заасан хугацаанд анхны шаардлагаар төлбөрийн үүргээ биелүүлээгүй бөгөөд мөнгөн хадгаламжийн үндсэн төлбөр болон хүүг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр буцаан төлж төлбөрийн үүргээ 69 өдрөөр хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

Энэ нь Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт тус тус заасан Хадгалуулагч хэдийд ч хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхийг зөрчсөн. Гэтэл Тнаас Хны анхны шаардлагаар мөнгөн хадгаламжийг хүүгийн хамт буцаан өгөөгүй баримт тогтоогдсон, түүнийг шүүхээс үнэлэхдээ Тийг гэрээний үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн алдангийн хэмжээг бууруулж шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Өөрөөр хэлбэл, Тнаас мөнгөн хадгаламжийг буцаан төлөхдөө гэрээний үүргээ зөрчин хугацаа хэтрүүлж төлсөн байтал түүнийг үндэслэн алдангийг бууруулж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Т нь банкны үйл ажиллагааг М-ны зөвшөөрөлтэй эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээд тул Банкны тухай хуулийн үйлчлэлд хамаарна. Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д зааснаар хадгалуулагчийн байршуулсан мөнгөн хадгаламжийг бүрэн байлгаж, анхны шаардлагаар гаргаж өгөх нь банкинд тавигдаж буй үндсэн шаардлага тул уг шаардлагыг хангаж ажиллаагүйгээс хадгалуулагчид алданги төлөх үүрэгтэй болсон, ямар нөхцөл нөлөөлсөн эсэхээс үл хамааран хариуцлагыг хүлээх ёстой. Тнаас шүүхийн шатанд мөнгөн хадгаламж буцаан дуудсан хугацаа буюу 2020 оны 05 дугаар сарын 31 болон 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааны тайлан-гаас мөнгөн хадгаламж буцаан дуудсан хугацаанд Тинд мөнгөн хадгаламжийг бүрэн гүйцэтгэх хангалттай хэмжээний мөнгөн хөрөнгөтэй байсныг нотолдог. Үүнээс дүгнэвэл, Т нь Хны мөнгөн хадгаламжийг буцаан төлөөгүй үйлдэлдээ санаатай хандсан бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангах хангалттай мөнгөн хөрөнгөтэй байсан мөртлөө үүргээ гүйцэтгээгүй нь түүнийг алдангийн зарим хэсгээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Мөн анхан шатны шүүхээс илт их анз гэдэгт ямар анзийн хэмжээ хамаарах, анзын хэмжээг багасгах нөхцөл Тинд бодитоор үүссэн эсэхэд хангалттай дүгнэлт өгөөгүй. Тнаас алданги шаардаж буй нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд үндэслэн байгуулагдсан гэрээнд үндэслэж байгаа бөгөөд тус гэрээний дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нэг талын төлбөл зохих алдангийн хэмжээг шүүх тодорхой үндэслэлгүйгээр багасгах нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим болон талуудын итгэл хамгаалах зарчмыг алдагдуулах үндэслэл болж байна.

8.2.Анхан шатны шүүхээс хохирлыг зайлшгүй олох байсан орлого гэж үзэх үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Т нь Хны өмнө үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй буюу хугацаа хэтрүүлсэн тул хугацаа хэтрүүлснээс үүдэн бий болох хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.7, 227.3-т зааснаар хариуцах үүрэгтэй. Т Мнаас байршуулсан 30,0 тэрбум төгрөг болон 850,0 сая иенийн мөнгөн хадгаламжуудыг хадгалуулагчийн анхны шаардлагаар гаргаж өгөөгүйгээс Х Ноолуур хөтөлбөр-ийг санхүүжүүлсэн тохиолдолд олох байсан хүүгийн орлогын зөрүү 404,780,929 төгрөгийг алдсан бөгөөд Тны үйлдэл болон бий болсон хохирол хооронд гэм буруугийн шалтгаант холбоо байгаа болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Мны сөрөг нэхэмжлэлийн шаардлага 2,021,399,208 төгрөгийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 9. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Гомдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг баримталж, алдангийг багасгасан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Т ХХК-иас хүү, алдангийн тооцоолол болон төлбөрийн дүнгийн талаар маргаагүй гэж дурдаж байна. Цар тахлын нөхцөл байдлын улмаас Мнаас бусад банкуудын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж шийдвэрлэсэн. Эдгээр зээлүүдийн эргэн төлөлтийн эх үүсвэр орж ирэхгүй тохиолдолд банкны зохистой харьцаа алдагддаг. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Мнаас зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг доогуур хэмжээгээр тогтоож өгсөн. Энэ шалгуур үзүүлэлтийг хангаж байсан талаар нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүхээс алдангийг багасгахдаа алдангийг хүүгийн хамт төлсөн байдал, нийт үнийн дүнгийн хэмжээ, төлбөр төлсөн цаг хугацаа, цар тахлын нөхцөл байдал бий болсон зэргийг харгалзаж, алдангийн хэмжээг бууруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 1,700,000,000 төгрөг шилжүүлсэн гэж байна. Энэ нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төлөх ёстой байсан мөнгөн дүнгийн хүүгийн төлбөр юм. Гомдлын 2 дахь үндэслэлд анхны шаардлагаар мөнгөө буцаан дуудсан хугацаанд шилжүүлээгүй учраас хугацаа хэтрүүлсэн гэж үзэж 80, 69 хоногийн алданги гаргуулах нь үндэслэлтэй гэж тайлбарлаж байна. Энэ анхны шаардлагаар буцаан дуудах зохицуулалт нь хугацаатай гэрээнд хамаарахгүй гэдгийг тайлбарласан. Банк, эрх бүхий этгээдээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт хадгалуулагч нь хадгалагчаас энэ зүйлийн 3, 4, 6 дахь хэсэгт заасан үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол болон гэрээнд заасан бол анз төлүүлэхээр шаардах эрхтэй гэж зохицуулсан. Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 3, 4, 6 дахь хэсэгт зааснаар анз төлөхгүй гэдгийг хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч талын анз тооцож байгаа нь дээрх хуулийн заалтад хамаарахгүй юм. Хариуцагч талын тайлбартаа дурдаж байгаа анхны шаардлагаар гэдэг хуулийн зохицуулалт бусад нарийвчилсан хуулийн зохицуулалтаар үгүйсгэгдэх бөгөөд хугацаатай гэрээний хувьд харгалзан үзэх нөхцөл байдлыг тусгасан. Хугацаатай гэрээний үр дагавар, нарийвчилсан зохицуулалтыг талууд мэдэж байсан. Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д зааснаар зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж, ажиллах байсан гэж тайлбарлаж байна. Энэ шалгуур үзүүлэлтийн тухайд, Мнаас тавьсан шалгуур үзүүлэлтийг хангаж, ажиллахын зэрэгцээ тэр их хэмжээний мөнгийг буцаан олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдгээ тайлбарлаж, холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн. Мөн нэхэмжлэгч талыг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцлага хүлээх ёстой гэж гомдолд дурддаг. Гэрээний үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлын талаар Иргэний хуульд хуульчилсан. Анзын талаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн үнэн зөв үнэлж, дүгнэсэн. Нэхэмжлэгч тал үндсэн гэрээний хугацааг хэтрүүлээгүй. Гэрээний хугацаанд бүхий л нөөц бололцоогоо ашиглан төлбөрөө төлсөн. Нөгөөтэйгүүр талуудын итгэл хамгаалах зарчмыг алдагдуулсан гэж гомдолд дурдаж байна. Талуудын эрх ашгийг тэгш байдлаар хангах, хэт нэг талд давуу байдал үүсгэхгүй байх, шударга байх, бодитой байх зарчмуудыг удирдлага болгож, үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлуудыг хуульд тодорхойлсон учраас шүүх дээрх зарчмыг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хохирлын талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. М ХХК-ийн санхүүгийн тайланд хугацаагүй харилцах дансанд 300-400 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байхад түүнээсээ ноолуур хөтөлбөрт 103 тэрбум төгрөгийг санхүүжүүлж, амжилттай хэрэгжүүлсэн нь санхүүгийн тайлангаар нотлогддог. Түүнчлэн төрөөс 5 тэрбум төгрөгийн дэмжлэг авсан учраас хохирол учирсан гэж үзэхгүй. Иймд хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Т ХХК нь М ХХК-д холбогдуулан мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2.12, 3.1.8, 4.1.2, 4.1.3 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг заалтуудаар алданги тооцох үндэслэлгүй, төлөх төлбөргүй болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч алдангид 1,616,518,279 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 404,780,929 төгрөг, нийт 2,021,399,208 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

3. Талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 19/222-2/242 тоот мөнгөн хадгаламжийн мастер гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан БХХ-19/12/166-01-2/241 тоот мөнгөн хадгаламж байршуулах гэрээгээр хадгалуулагч 30,000,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, жилийн 12.5 хувийн хүүтэй, хугацааны эцэст хүү 1,869,863,013 төгрөгийн хамт буцаан төлөхөөр, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан БХХ 20/02/10-01-3/22 тоот мөнгөн хадгаламж байршуулах гэрээгээр 800,000,000 иенийг 6 сарын хугацаатай, жилийн 4.5 хувийн хүүтэй, хугацааны эцэст хүү 19,072.62 иений хамт буцаан төлөхөөр тус тус тохиролцжээ.

 4. Анхан шатны шүүх зохигчдын байгуулсан мөнгөн хадгаламж байршуулах гэрээнүүдийг Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 5. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч нь хариуцагчийг мөнгөн хадгаламж байршуулах гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт шаардсан нь үндэслэлгүй гэж маргаж, мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2.12, 3.1.8, 4.1.2, 4.1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргажээ.

5.1.а. Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2.12-т Хадгалуулагч нь байршуулсан мөнгөн хадгаламжийг хавсралт дахь гэрээнд заасан хугацаанаас өмнө бүтэн болон хэсэгчилсэн дүнгээр буцаан дуудах эрхтэй бөгөөд буцаан дуудах тохиолдолд баталгаажсан цахим шуудан буюу [email protected] болон [email protected] хаягуудаас ирүүлсэн захиалгыг үндэслэн гүйлгээг хийнэ гэж, 3.1.8-д Хадгалуулагч нь байршуулсан мөнгөн хадгаламжийг хавсралт дахь гэрээнд заасан хугацаанаас өмнө бүтэн болон хэсэгчилсэн дүнгээр буцаан дуудах эрхтэй гэж, 4.1.2-т Мөнгөн хадгаламж болон хүүгийн төлбөрийг хавсралт дахь гэрээнд заасан хуваарийн дагуу хадгалуулагчийн анхны шаардлагаар хавсралт дахь гэрээнд заасан харилцах дансанд буцаан төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.3 дахь хэсэгт мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол банк уг хугацаа дууссаны дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөхөөр заажээ. Уг заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь тодорхой хугацаагаар байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээг хадгалуулагч хугацаанаас өмнө цуцалж, хадгалуулсан мөнгөө буцаан авах эрхгүй гэж маргасан байна.

Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4 дэх хэсэгт хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй гэж, мөн хуулийн 455 дугаар зүйлийн 455.4, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тодорхой хугацаагаар байгуулсан гэрээг банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас нь өмнө цуцлах эрхгүй гэж тус тус заажээ. Хуулийн эдгээр заалтуудаас үзэхэд хугацаа дуусахаас өмнө хадгалуулагч гэрээг цуцалж, мөнгөө буцаан шаардах эрхтэй, харин хадгалагч хугацаанаас нь өмнө гэрээг цуцлах эрхгүй байна.

Түүнчлэн Банкны тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 16.1.1-д банк хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгийг анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх шаардлагыг хангаж ажиллахаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2.3-т гэрээнд заасан нөхцлийн дагуу хадгалуулагчийн тавьсан анхны шаардлагаар түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөхөөр тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.3 дахь хэсэг хадгалагч буюу банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд хамааралтай заалт байх тул уг зохицуулалт хугацаа дуусахаас өмнө хадгалуулагч мөнгөө буцаан шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Иймд мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2.12, 3.1.8, 4.1.2 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

5.1.в. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3, 4, 6 дахь хэсэгт заасан үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэлгүй тул мөн хуулийн 5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хадгалуулагч нь хадгалагчаас анз төлүүлэхээр шаардах эрхгүй гэжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт мөн зүйлийн 3, 4, 6 дахь хэсэгт заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд анз төлүүлэхээр шаардах эрх зохицуулагдсан байх нь бусад тохиолдолд хадгалуулагч нь хадгалагчаас анз төлүүлэхээр шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Иймд мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 4.1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг заалтаар алданги тооцох үндэслэлгүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

6. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

6.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заажээ.

Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 4.1.3-т Хэрэв мастер гэрээний хүрээнд байгуулсан хавсралт дахь гэрээнд заасан мөнгөн хадгаламж, түүний хүүгийн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн төлөөгүй, эсхүл мастер гэрээ болон хавсралт дахь гэрээнд заасан буцаан дуудах эрхийн хүрээнд хадгалуулагчийн буцаан дуудсан хадгаламжийг хугацаанд нь буцаан төлөөгүй, гүйлгээ хийгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд буцаан төлөгдөөгүй үнийн дүнд 2.4-т заасан хувиар алданги төлөх үүрэгтэй гэж, 2.4-т Хавсралт дахь гэрээнд заасан хуваарийн дагу мөнгөн хадгаламжийн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн төлөөгүй тохиолдолд төлбөл зохих төлбөрийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувиар алданги тооцно гэж тус тус заасан байна.

Иймээс талууд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол алданги төлөхөөр бичгийн гэрээгээр харилцан тохиролцсон гэж үзнэ.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхийг хуульчилсан байна.

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БХХ-19/12/166-01-2/241 тоот мөнгөн хадгаламж байршуулах гэрээний хугацаа 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн мөнгөн хадгаламж байршуулах гэрээний хугацаа 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тус тус дуусах ба төгрөгийн хадгаламжийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгож цуцлах мэдэгдлийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр, иений хадгаламжийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгож цуцлах мэдэгдлийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус тус мэдэгдсэн. Дээрхээс үзвэл талууд мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан ба хадгалуулагч хугацаанаас өмнө гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авахаар шаардсан байна.

Үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсарган өгсөн буцаан төлсөн мөнгөний хэмжээ, хугацааны талаарх баримтыг /1хх 24, 26/ хариуцагч эсэргүүцээгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Дээрх баримтаас үзэхэд хариуцагч 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 30,000,000,000 төгрөгийн хадгаламж, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 850,000,000 иенийн хадгаламж тус тус байршуулж, нэхэмжлэгч 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000,000 төгрөгийг, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000,000 төгрөгийг, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 5,000,000,000 төгрөгийг, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000,000 төгрөгийг, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000,000 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 1,700,342,465.75 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 869,072,602.74 иенийг тус тус буцаан төлсөн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийн шаардсан хугацаанд төгрөгийн хадгаламжаас 5,000,000,000 төгрөгийг, гэрээний үндсэн хугацаанд 25,000,000,000 төгрөгийг, гэрээний хугацаа дууссанаас хойш 1,700,342,465.75 төгрөгийг тус тус төлсөн, иений хадгаламжаас хариуцагчийн шаардсан хугацаанд төлөөгүй, гэрээний үндсэн хугацаанд 869,072,602.74 иенийг буцаан төлсөн байна.

Талууд дээрх мөнгөн хадгаламжийн үүргийг үл маргалдах журмаар гүйцэтгэхийг харилцан тохиролцож энгийн векселээр баталгаажуулсан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн болон 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн энгийн векселүүдэд төлбөр хийгдэх хугацааг тус бүр 182 хоног байхаар талууд тохиролцсон талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ.

Зохигчийн хоорондын төлбөр тооцоонд векселийг хэрэглэсэн, энэ талаар Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зохицуулахдаа төлбөр хариуцагчийн дампуурлын хэрэг шүүхэд очсон, эсхүл түүний эд хөрөнгийг албадлагын журмаар барьцаалснаас бусад тохиолдолд вексел эзэмшигч хугацаанаас нь өмнө төлбөр гүйцэтгэхийг төлбөр хариуцагчаас шаардахыг хориглоно гэж заасан байна. Иймд хариуцагч нь энгийн векселд заасан төлбөр хийгдэх хугацаанаас өмнө нэхэмжлэгчээс төлбөр гүйцэтгэхийг шаардах эрхгүй тул мөнгөн хадгаламж байршуулах гэрээнд заасан хугацаанаас өмнө хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авахаар шаардах эрхгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

Нэхэмжлэгч иений хадгаламжийг векселд заасан төлбөр хийгдэх хугацаанд төлсөн, төгрөгийн хадгаламжаас 1,700,342,465.75 төгрөгийг хугацаа хэтрүүлж төлсөн бөгөөд үүнээс алдангийг тооцоход 102,020,520 төгрөг болж байна. Иймд хариуцагч алдангид 102,020,520 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

6.2. Хариуцагч орох байсан орлого 404,780,929.88 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан зайлшгүй олох байсан орлого гэж үзэх үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

 7. Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй алдааг залруулах нь зүйтэй.

 8. Дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/00162 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтын 646,647,311 /зургаан зуун дөчин зургаан сая зургаан зуун дөчин долоон мянга гурван зуун арван нэгэн/ гэснийг 102,020,520 гэж, 1,374,751,897 гэснийг 1,919,378,688 гэж,

3 дахь заалтын 3,391,186 гэснийг 668,052 гэж тус тус өөрчилж, 7.1.1 гэсний дараа 7.1.2 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар Мнаас гаргасан нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 3,601,786 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.БЯМБАСҮРЭН