Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2023/00162

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 09 181/ШШ2023/00162

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: СБД, 00 дугаар хороо, Олимпийн гудамж 00 давхарт байрлах, ТХБ ХХК /Регистрийн дугаар: 00000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: СБД, 00 дүгээр хороо, 12 давхар хаягт байрлах, М ХХК /Регистрийн дугаар: 5555/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2.12, 3.1.8, 4.1.2, 4.1.3-т заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг заалтаар алданги тооцох үндэслэлгүй болохыг тогтоолгох, төлөх төлбөргүй болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: алданги 1.616.518.279 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 404.780.929 төгрөг, нийт 2.021.399.208 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, В.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ТХБ ХХК /цаашид ТХБ гэх/ нь МХХК-д /цаашид Хөгжлийн банк гэх/ холбогдуулан гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг заалтын дагуу алданги тооцох үндэслэлгүй болохыг тогтоолгох, төлөх төлбөргүй болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Нэг.Төлөх төлбөргүй болохыг тогтоолгох шаардлагын тухайд: Хөгжлийн банк болон ТХБ хооронд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр №19/222-2/242 тоот Мөнгөн хадгаламжийн мастер гэрээ байгуулагдсан. Энэхүү Мастер гэрээг үндэслэж хавсралт гэрээнүүд болох БХХ-19/12/16-01-2/241, БХХ-20/02/10-01-3/22 тоот Мөнгөн Хадгаламж байршуулах гэрээнүүд, нийт гурван гэрээ байгуулагдсан байдаг.

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан БХХ-19/12/16-01-2/241 тоот гэрээний дагуу Хөгжлийн Банк 30.000.000.000 төгрөгийг, 12.5 хувийн хүүтэйгээр 2019 оны 12 дугаар сарын 16-наас 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 6 сараар, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан БХХ-20/02/10- 01-3/22 тоот гэрээний дагуу 2020 оны 02 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 850.000.000 иенийг 4.5 хувийн хүүтэйгээр 6 сараар тус тус хадгалуулсан. ТХБ нь арилжааны банкны хувьд тухайн жилд орох гарах мөнгөн урсгалыг тооцож, актив, пассиваа удирддаг бөгөөд эх үүсвэрийнхээ хугацаатай уялдуулан тодорхой хугацаатайгаар активуудад байршуулж ажилладаг. Гэтэл Хөгжлийн банк 2/641 албан тоотоор байршуулсан 30.000.000.000 төгрөгийг хүүгийн хамт 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон, мөн 2/775 тоотоор байршуулсан 850.000.000 иенийг, хүүгийн хамт 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон тус тус буцаан дуудсан.

Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2 дугаар зүйлийн 2.12 дахь хэсэгт "хадгалуулагч нь байршуулсан мөнгөн хадгаламжийг Хавсралт дахь гэрээнд заасан хугацаанаас өмнө бүтэн болон хэсэгчилсэн дүнгээр буцаан дуудах эрхтэй бөгөөд буцаан дуудах тохиолдолд баталгаажсан цахим шуудан буюу ... цахим хаягнуудаас ирүүлсэн захиалгыг үндэслэн гүйлгээг хийнэ" гэсэн заалт оруулсан нь хуульд ... нийцээгүй бөгөөд их хэмжээний эх үүсвэрийг нэг дор буцаан дуудсан нь Хөгжлийн банк өөртөө хэт давуу байдлыг бий болгож, манай банкийг хохироосон явдал болсон.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд тус тус 6 сарын хугацаатай байгуулагдсан бөгөөд энэ хугацаатай уялдуулан дээрх гэрээний дагуух эх үүсвэрийг тодорхой хугацаатай активд байршуулсан байсан. Энэ цаг хугацаанд Хөгжлийн банкнаас томоохон хэмжээний мөнгөн хөрөнгийг нэг дор буцаан дуудсан нь банкны хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсан. Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд Ковид-19 цар тахал дэгдэж, бидний хүсэл зориг, хяналтаас гадуур урьдчилан таамаглах, даван туулах боломжгүй гэнэтийн нөхцөл байдал үүссэн энэ цаг хугацаанд Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкнаас иргэд болон аж ахуй нэгжийн зээлийн төлөлтөд хөнгөлөлт үзүүлэх түр зохицуулалт хийсний дагуу тус банк нь зээлийн гэрээний хугацаа сунгуулах тухай зээлдэгчдийн хүсэлтийг хүлээн авч, зээлийн хугацааг сунгах, үндсэн зээлийн төлөлтийг хойшлуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь банкинд орж ирэх мөнгөн урсгалыг хойшлуулж байна. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлэх арга хэмжээ авч, улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын Иргэний Агаарын Тээвэр, Иргэний Нисэхийн Ерөнхий газар зэрэг байгууллагууд арилжааны банкуудаас хадгаламжаа хугацаанаас өмнө буцаан дуудаж, банкнаас их хэмжээний эх үүсвэр гадагшилсан.

Хэдийгээр нөхцөл байдал хүнд байсан ч манай банк мөнгөн хадгаламж байршуулах БХХ-19/12/16-01-2/241 тоот гэрээний үндсэн төлбөр 30.000.000.000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, хүүгийн төлбөрийг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр, БХХ-20/02/10-01-3/22 тоот гэрээний үндсэн төлбөр 850.000.000 иенийг, хүүгийн хамт 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж дуусгасан билээ.

Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь Хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ" гэж заасан. Мөн Мөнгөн хадгаламжийн мастер гэрээ байгуулсан цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлд "Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь хадгалуулагчийн мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ" гэж заасан. Мөнгөн хадгаламжийн гэрээгээр хадгалуулсан мөнгөн хөрөнгийг тоо хэмжээгээр нь хүүгийн хамт буцаан төлөх нь хадгалагчийн үндсэн үүрэг байхаар хуульчилсан байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болохоор заасан. ТХБ Мөнгөн хадгаламж байршуулах гэрээнүүдэд заасан хугацаандаа мөнгөн төлбөрийн үүргээ бүрэн гүйцэтгэсэн тул дээрх гэрээнүүд дуусгавар болсон болно.

 

Хоёр.Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3, 2 дугаар зүйлийн 2.12, 3 дугаар зүйлийн 3.1.8 болон 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсгүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хуульд нийцээгүй буюу хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасан стандарт нөхцөл байх тул дээрх заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг заалтуудын дагуу алданги тооцох үндэслэлгүй болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

1.Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт "Хавсралт дахь Гэрээнд заасан хуваарийн дагуу мөнгөн хадгаламжийн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн төлөөгүй тохиолдолд төлбөл зохих төлбөрийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,1 хувиар алданги тооцно" гэж заасан байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д "Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ", 232.6-д "Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ" гэж заажээ. Алдангийн заалт нь Хавсралт дахь Гэрээнд заасан хуваарийн дагуу мөнгө төлөөгүй тохиолдолд нэмэлт төлбөрийн үүрэг хүлээлгэх замаар хариуцлага тооцох хөшүүрэг болгон, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байна. Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний Хавсралт гэрээ болох Мөнгөн хадгаламж байршуулах БХХ-19/12/16-01-2/241 тоот гэрээний 1.1.12-т гэрээ дуусах огноог 2020 оны 6 дугаар сарын 15-нд, БХХ-20/02/10-01-3/22 тоот гэрээний 2020 оны 8 дугаар сарын 10 гэж тус тус заасан ба энэ хугацаанд манай банк гэрээний дагуу төлбөрийн үүргийг биелүүлсэн тул алданги тооцох үндэслэл байхгүй.

Харин Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт Хэрэв Мастер гэрээний хүрээнд байгуулсан Хавсралт дахь гэрээнд заасан мөнгөн хадгаламж, түүний хүүгийн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн төлөөгүй, эсхүл Мастер гэрээ болон Хавсралт дахь гэрээнд заасан буцаан дуудах эрхийн хүрээнд хадгалуулагчийн буцаан дуудсан хадгаламжийг хугацаанд нь буцаан төлөөгүй, гүйлгээ хийгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд буцаан төлөгдөөгүй үнийн дүнд 2.4-т заасан хувиар алданги төлөх үүрэгтэй" гэж заасан нь Монгол Улсын Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дээр дурдсан холбогдох зохицуулалтуудыг зөрчсөн, хэт нэг талыг барьсан, Хөгжлийн Банкинд илт ашигтай, давхар давхар мөнгө хүүлэх гэсэн, ТХБ инд илт хохиролтой үр дагаврыг бий болгох хууль бус заалт байна.

Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.3-т "Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол банк уг хугацаа дууссан дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх бөгөөд ...", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 9-д "хадгалуулагч нь хадгалагчаас энэ зүйлийн 3,4,6 дахь хэсэгт заасан үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол болон гэрээнд заасан бол анз төлүүлэхээр шаардах эрхтэй" гэж тус тус заасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбер тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3,4,6 дахь хэсэгт мөнгөн Хадгаламжийн гэрээг тодорхой хугацаатай байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа буцаан шаардах, хадгалагч нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцлах эрхгүй тухай зохицуулалтуудыг хийж өгсөн байна. Тус хуулийн 5 дугаар зүйлийн 3-т "Мөнгөн Хадгаламжийн гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол хадгалагч нь хадгалуулагчийн хүссэн үед түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй", мөн зүйлийн 4-т "Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн анхны шаардлагаар мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй, мөн зүйлийн 6-д "Тодорхой хугацаагаар байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээг хадгалагч нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас өмнө цуцлах эрхгүй гэж тус тус заасан байна. Эдгээр заалтуудаас үзвэл нэг талаар Мөнгөн хадгаламжийн гэрээнд анзын зохицуулалт хэрэглэх хууль зүйн боломжийг нээж өгсөн бөгөөд нөгөө талаар дээрх хуулийн 3 заалтыг зөрчөөгүй талд анз хэрэглэхгүй байх хууль зүйн хязгаарлалт, хориг юм. Анз хэрэглэх талаарх хуулийн дээрх зохицуулалтыг гэрээ байгуулахад баримтлах учиртай бөгөөд хуулиар хориглосон, хязгаарласан хэм хэмжээг зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй Мастер гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэг хүчин төгөлдөр бус байна.

Мөн хадгалуулагчийн мөнгөн хадгаламжийг буцаан дуудах эрхийг уг гэрээний Хадгаламжийн нөхцөл дэх 2 дугаар зүйлийн 2.12-т заасан ба энэ заалтыг хадгалуулагчийн эрх, үүрэг /3 дугаар зүйлийн 3.1.8/-т, болон хадгалагчийн эрх, үүрэг /4 дүгээр зүйлийн 4.1.2/-т тусгасан байх ба гэрээний 4.1.3-аар алданги тооцох үндэслэл нь ийнхүү буцаан дуудах эрхтэй холбоотой гэж үзэж байна. Иймд дээрх заалтуудыг мөн адил хүчин төгөлдөр бус байна.

2.Түүнчлэн, тодорхой хугацаатай байгуулсан гэрээнүүдийн хувьд хадгалуулагч Хөгжлийн Банк гэрээний хугацаа дуусаагүй байхад буцаан дуудсан нь нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах саналыг гаргаж байгаа явдал юм. Ийнхүү буцаан дуудсаны дагуу мөнгөн хөрөнгийг буцаан өгсөн хугацааг Мөнгөн хадгаламж байршуулах гэрээнд заасан үндсэн /хуваарьт хугацаа/ хугацаатай адилтган үзэх боломжгүй тул буцаан дуудахаар тасалбар болгосон өдрөөс эхлэн анз тооцох үндэслэлгүй. Нэгэнт хугацаатай гэрээг хугацаанаас өмнө цуцлах саналыг хариуцагч тал гаргаж байгаа тул энэ тохиолдолд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т гэрээнээс татгалзах хугацааг санал гаргаагүй тал тогтооно гэж зааснаар үүргийг гүйцэтгэх хугацааг нэхэмжлэгч тогтооно.

3.гэрээний дээрх заалтууд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д зааснаар стандарт нөхцөл юм.

Хөгжлийн Банк өөрийн гэрээний төслөөр өөрийн нөхцөлөө тулгаж, манай талаас санал оруулах гэсэн боловч ямар ч саналыг хүлээж аваагүй учраас гэрээ нөгөө талд хэт давуу байдлыг үүсгэсэн, хатуу гэрээ болсон юм. Мастер гэрээ нь Хөгжлийн Банкинд хэт их ашигтай гэрээ болсон бөгөөд ТХБ инд ашиггүй, хүнд дарамттай үүрэг ногдуулж, хэт шударга бус хандсан, гэрээний талуудын тэнцвэрт байдлыг алдагдуулсан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуунд харш гэрээ болсон. Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтыг үндэслэн Хөгжлийн Банк нь манай банкнаас 1.7 тэрбум гаран төгрөгийн алдангийг удаа дараа шаардаж байгаа нь хадгаламжийн өндөр хүү тооцуулан авсан хэрнээ гэрээгээр халхавчлан дахин мөнгө хүүлэх оролдлого хийж байна гэж үзэхээр байна. Учир нь, анхнаасаа Мөнгөн хадгаламжийн мастер гэрээ байгуулахад Хөгжлийн Банк хатуу нөхцөл тавьж, иенийн хадгаламжийн хүүг 4.5 хувь байхаар гэрээнд оруулсан. Банк хооронд иенийн хүүг жилийн 1 хувь хүртэлх бага хүүгийн түвшинг хадгалдгаас гадна Хөгжлийн банкны арилжааны банкуудад хадгалуулдаг иенийн эх үүсвэрийн өртөг буюу Самурай бондын хүү 1.52% байдаг байхад "4.5 хувийн хүү" зааснаар хадгалсан эх үүсвэрийн өртөгтэй харьцуулахад 3 дахин өндөр хүү байсан. Гэтэл үүн дээр хадгаламж буцаан дуудсан гэх үндэслэлээр жилийн 36.5 хувийн хүүгийн түвшинтэй тэнцэхүйц хэмжээний алданги тооцоод байгаа нь эх үүсвэрийн өртгөөсөө 24 дахин өндөр өгөөж шаардсан хэрэг бөгөөд мөнгө хүүлэлт явагдсан гэж үзэх боломжтой. Улсын Их хурал болон Монголбанкнаас хүү бууруулах бодлогын хүрээнд Хадгаламж болон зээлийн хүүг 2018, 2019, 2020 онуудад тогтвортойгоор бууруулж байгаа энэ үед жилийн 36.5 хувийн хүүний түвшин нь банк нийт олгосон зээлийн хүүнээс 2.2 дахин өндөр буюу зах зээлийн бус хүү юм. Мөнгөн хадгаламжийн гэрээгээр хадгаламжийн хүү төлж байгаа нь тухайн мөнгөн хөрөнгийг ашигласны төлөө төлж буй төлбөр тул банк, эрх бүхий этгээдээс зээл авч, зээлийн Мөнгийг ашиглаж байгаатай дүйцүүлж ойлгож болох юм.

Иргэний хуулийн болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зээлийг гэрээний хугацаанд эгүүлэн төлөөгүй бол зээлдүүлэгчийн үндсэн хүүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцож болохоор, харин анз хэрэглэхгүй байхаар зохицуулсан. Хуулийн энэ үзэл санаа нь, зээл хадагаламжийн хүүгийн хэмжээ тодорхой зохицуулалтад хамаарагддаг, зээлийн мөнгийг хэрэглэж байгаа талд гүйцэтгэх боломжгүй үүрэг ногдуулахгүйн тулд гэрээний талуудад өгөөжтэй байх ижил нөхцөл олгохыг зорьсон, талуудын хэн алины эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан зохицуулалт байдаг. Энэ зохицуулалтыг мөнгөн хадгаламж хадгалагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан дүйцүүлэн хэрэглэх боломжтой гэж үзэж байна.

4..Нөгөө талаар, Хөгжлийн банк алданги хуримтлуулан тооцсон нь үндсэн төлбөрийн үүргээс алданги, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлбөр хасалт хийж байгаатай холбоотой. Тухайлбал, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар аль хэдийн 315.000.000 төгрөгийн алданги тооцсон байсан ба манай буцаан төлсөн үндсэн төлбөрөөс энэ алдангийг эхэлж хассанаар үндсэн төлбөрийн үүрэг энэ хэмжээгээр үлдэгдэлтэй мэт тооцсон. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж зааснаас харахад, үндсэн төлбөрийн үүргээс алданги буюу нэмэлт үүргийг суутган тооцох үндэслэлгүй байна.

Манай банк Хөгжлийн банкны хадгаламжийн эх үүсвэрийг зээлд байршуулсан ба эх үүсвэрээ хугацаанаас нь өмнө татсантай холбоотойгоор томоохон зээлдэгч нараасаа зээлийн эргэн төлөлтийг хугацаанаас нь өмнө хийлгэж, үүнээс үүдэн зээлийн хүүгийн бодит орлогоо алдсанаас гадна харилцагч нартай байгуулсан зээл, санхүүжилтийг буцаан татсанаас нэлээдгүй харилцагч нар ханшийн алдагдал хүлээж, манай банканд итгэх итгэлийг нь алдагдууллаа. Өөрөөр хэлбэл, цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаатай хадгаламжийг буцаан дуудсан Хөгжлийн банкны санаатай бөгөөд гэнэтийн шийдвэрийн улмаас манай банканд ихээхэн хэмжээний санхүүгийн бодит хохирол учирч, үнэлж баршгүй нэр хүндийн эрсдэлд орсон юм. Дээрх тайлбар, нотлох баримтуудаар Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний холбогдох заалт Хөгжлийн банкинд хуульд зааснаас илүү эрх олгосон, анз хэрэглэх хуулийн зохицуулалтаас давж, хуулиар хязгаарласан хэм хэмжээг зөрчсөн, агуулгаараа хуульд нийцээгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш байх тул хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэлтэй болох нь нотлогдоно.

5.Маргааны энэ тохиолдолд Иргэний хуульд заасан зохицуулалтуудаас гадна санхүүгийн зах зээлийн талаар илүү нарийвчлан зохицуулсан салбар хуулиуд үйлчлэнэ. Мөнгөн хадгаламжийн гэрээнүүдийг байгуулахад Монголбанкны энгийн векселээр баталгаажсан байдаг тул Векселийн тухай хууль үйлчилнэ. Векселийн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т вексел эзэмшигч хугацаанаас өмнө төлбөр гүйцэтгэхийг шаардахыг хориглоно гэж заасан байтал энэ хуулийг зөрчиж векселээр баталгаажсан мөнгөн хөрөнгийг хугацаа болоогүй байхад шаардсан.

Бидний зүгээс үүссэн үл ойлголцлыг тайлбарлан, асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэж ирсэн ба иенийн эх үүсвэрийн барьцаанд банкны Хэвийн ангилалтай зээлийн багц барьцаалах саналыг ч Хөгжлийн банкинд тавьж байсан ч манай талаас гаргасан ямар ч саналыг хүлээж аваагүй бөгөөд харин ч алдангийн талаарх хууль бус шаардлагыг байнга тавьж, дарамт үзүүлсээр байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр мастер гэрээний холбогдох заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцож, уг заалтын дагуу алданги тооцох үндэслэлгүй болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

Нэг. Мөнгөн хадгаламжийн мастер гэрээ, Мөнгөн хадгаламж байршуулах гэрээнүүдийг байгуулах нь Гэрээний талуудын хамтын шийдвэр байсан бөгөөд Хөгжлийн Банкинд мөнгө хүүлэх зорилго байгаагүй.

Хөгжлийн Банк болон ТХБ хооронд мөнгөн хадгаламжийн харилцааг зохицуулсан нийт 3 гэрээ байгуулагдсан. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр №19/222-242 тоот Мөнгөн хадгаламжийн мастер гэрээ нь талуудын хоорондох мөнгөн хадгаламжийн харилцааг зохицуулсан суурь гэрээ бөгөөд тус гэрээнд ТХБ нь хадгалагчийн эрх, үүргийг Хөгжлийн банк нь хадгалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхээр тохиролцож, талууд уг гэрээнд мөнгөн хадгаламжийн нөхцөл, талуудын эрх, үүрэг, хадгалагчаас хадгалуулагчийн өмнө гаргаж буй баталгаа, маргаан шийдвэрлэх зэрэг мөнгөн хадгаламжийн харилцаанд хамаарах тухайлсан асуудлуудыг зохицуулсан. Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний хавсралт болгон 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр №БХХ-19/12/16-01-2/241 тоот Мөнгөн хадгаламж байршуулах гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр №БХХ-20/02/10-01-3/22 тоот Мөнгөн хадгаламж байршуулах гэрээ тус тус байгуулагдсан. Энэхүү хавсралт гэрээнүүд нь Мастер гэрээний адил хууль зүйн хувьд хүчин төгөлдөр, хадгалалтын хугацаа, хүүгийн хэмжээ, түүнийг тооцох журам зэрэг асуудлуудыг зохицуулсан. Гэрээг Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.3-т зааснаар бичгээр хийсэн зэрэг нөхцөл байдал нь тухайн гэрээнүүд холбогдох хуулиар тавигдаж буй агуулгын болон хэлбэрийн шаардлагыг хангасан гэдгийг нотолж байна.

Гэрээний талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д "Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж заасны дагуу Иргэний хуулийн 454-456 дугаар зүйлүүд, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар бүлэг дэх Мөнгөн хадгаламжийн зохицуулалтуудыг тус тус үндэслэн байгуулсан. Тус гэрээнүүдийг байгуулах хүсэл сонирхол ТХБ болон Хөгжлийн банк хоёуланд нь байсан, тухайн саналаа харилцан илэрхийлсэн нь гэрээг байгуулахаас өмнө талуудын хооронд солилцсон албан бичиг, цахим шуудангаар нотлогдоно.

Хоёр.Хөгжлийн банк нь Мөнгөн хадгаламж байршуулах зорилгоор мөнгөн хөрөнгө байршуулахаас өмнө байршуулах боломжтой мөнгөн хөрөнгө, хадгаламжийн хугацаа, хүсч буй барьцаа зэрэг мэдээллийг банкууд руу хүргүүлдэг бөгөөд үүний дагуу банкууд нь өөрсдийн саналыг, өөрсдийн санал болгож буй хадгаламжийн хүүтэй цуг хариу болгон ирүүлдэг. Ажил хэргийн энэхүү тогтсон практикийн дагуу Хөгжлийн банкнаас байршуулах боломжтой төгрөгийн саналыг ТХБ болон бусад банкууд руу 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 09:20 цагт цахим шуудангаар хүргүүлсэн бөгөөд тус саналын дагуу ТХБ наас 2019 оны 12 дугаар сарын16-ны өдрийн 09:36 цагт цахим шуудан ирж, 30.000.000.000 төгрөгийн эх үүсвэрийг 12.5 %-ийн хүүгээр татан төвлөрүүлэх саналтай байгаагаа өөрөө илэрхийлсэн. Мөн байршуулах боломжтой иенийг саналыг банкууд руу 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09:57 цагт цахим шуудангаар хүргүүлсний дагуу ТХБ саналын хариуг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 14:22 цагт цахим шуудангаар ирүүлэхдээ 1 тэрбум иенийн эх үүсвэрийг 4.25 %-ийн хүүгээр татан төвлөрүүлэх саналтай байгаагаа өөрөө илэрхийлсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу ТХБ ны өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл, түүний үр дүнд илрэн гарч буй санал болно.

Тухайн санал, тэр тусмаа хадгаламжийн хүүний саналыг ТХБ наас гаргуулах зорилгоор Хөгжлийн банкнаас тулган шаардсан, хууран мэхэлсэн, давуу байдлыг үүсгэсэн үйл баримт байхгүй бөгөөд хадгаламжийн хүү тогтоосон нь банкинд аливаа байдлаар нөлөөлөх, мөнгө хүүлэх зорилготой байгаагүй. Мөнгөн хадгаламжийн хүү нь Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зохицуулалтад үндэслэсэн, мөнгөн хөрөнгө буюу эх үүсвэрийг ашигласны төлөө төлөхөөр тохиролцсон хариу төлбөр бөгөөд дээр дурдсанаар гэрээнүүд дэх хадгаламжийн хүү нь ТХБ наас гаргасан өөрсдийнх нь хүүний саналаар тогтоогдсон нь холбогдох нотлох баримтуудаар нотлогдоно.

Гурав. ТХБ нэхэмжлэлдээ ... Монгол Улсын Хөгжлийн банкны арилжааны банкуудад хадгалуулдаг иенийн эх үүсвэрийн өртөг буюу Самурай бондын хүү 1.52% байдаг байхад "4.5 хувийн хүү" зааснаар хадгалсан эх үүсвэрийн өртөгтэй харьцуулахад 3 дахин өндөр хүү байсан нь мөнгө хүүлсэн явдал байсан" гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Самурай бонд нь жилийн 1.52 % хүүний зардалтайгаас гадна тухайн бондыг гаргахад ихээхэн хэмжээний зардлуудыг гаргасан. Тухайлбал: Бондын баталгааны төлбөр, андеррайтерийн үйлчилгээний хөлс, олон улсын хуулийн зөвлөх, агентын зардал, Япон Улсын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн зардал зэрэг зардлуудыг энэ хүрээнд дурдаж болно. Энэхүү зардлуудыг бондын хүүний зардалд нэмэх байдлаар тооцвол 10 жилийн хугацаатай Самурай бондын хуваарилагдах зардал нь татваргүй дүнгээр 4.26 %, татвартай дүнгээр 5.0 % болдог. Өөрөөр хэлбэл, Самурай бондоос татсан иенийн эх үүсвэр нь хамгийн багаар тооцоход жилийн 4.26 %-ийн зардалтай байна. Иймд, Самурай бондын эх үүсвэрийн өртгөөс 3 дахин өндөр хүү тогтоосон гэсэн нь үндэслэлгүй байна.

Дөрөв. Хөгжлийн банк нь мөнгөн хадгаламжийн үүргийг хугацаанаас нь өмнө гүйцэтгүүлэх эрхтэй бөгөөд ТХБ нь хугацаа хэтрүүлсэн тухай:

Хөгжлийн банк нь Монгол Улсын Хөгжлийн Банкны тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг. Тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасны дагуу Банкны хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг Засгийн газар хэрэгжүүлэхээр зааж өгсөн. Хөгжлийн банк дээрх хуулийн холбогдох зохицуулалтуудын дагуу Засгийн газраас хэрэгжүүлж буй тодорхой төсөл, хөтөлбөрийг дэмжин ажилладаг бөгөөд үүний нэг нь Ноолуур хөтөлбөр юм.

Монгол Улсын Засгийн газраас Ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ноолуурын түүхий эд бэлтгэх, нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах үүднээс 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр "Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 101 дүгээр тогтоол баталсан. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийн бэлэн байдлыг хангах зорилгоор Хөгжлийн банкнаас банкуудад байршуулсан мөнгөн хадгаламжуудын үүргийг нэн яаралтай гүйцэтгүүлэх шаардлага үүссэн. Үүсээд буй уг асуудлаар Хөгжлийн банк нь мөнгөн хадгаламжийн гэрээтэй арилжааны банкууд руу 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 2/599 тоот албан бичиг хүргүүлсэн. Энэхүү албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын 101 дүгээр тогтоолын дагуу банкуудад байршуулсан мөнгөн хадгаламжуудын үүргийг нэн яаралтай гүйцэтгүүлэх нөхцөл байдал үүсч буй тул одоо байршиж байгаа Мөнгөн хадгаламжуудын хугацаа сунгагдахгүй тухай, мөн 2020 оны 05 дугаар сард хугацаа нь дуусч буй мөнгөн хадгаламжуудын эргэн төлөлтийг хуваарийн дагуу гүйцэтгэх, мөн түүнээс хойш хугацаа нь дуусах бусад хадгаламжуудын хувьд гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө үүргийг гүйцэтгүүлэх нөхцөл үүссэн тохиолдолд анхны шаардлагаар төлбөрийг гүйцэтгэхэд анхаарч, үүсч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдсэн байдаг.

Тус мэдэгдэл нь ТХБ анд хүргэгдсэн бөгөөд үүний дагуу Хөгжлийн банк 2020 оны 5 дугаар сарын 15-ны № 2/641 тоот албан бичгээр БХХ-19/12/16-01-2/241 тоот гэрээний дагуу байршсан 30.000.000.000 төгрөгийн мөнгөн хадгаламжийн үүргийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөр гүйцэтгүүлэх тухай, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2/775 тоот албан бичгээр БХХ-20/02/10-01-3/22 тоот гэрээний дагуу байршсан 850.000.000 иенийн мөнгөн хадгаламжийн үүргийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөр гүйцэтгүүлэх тухай тус тус мэдэгдсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-д зааснаар Хадгалагч гэрээнд заасан нөхцөлийн дагуу хадгалуулагчийн тавьсан анхны шаардлагаар түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэг хүлээхээр байна. Уг хуулийн заалтын дагуу Мөнгөн хадгаламжийн мастер гэрээндээ төлбөр төлөх дараах нөхцөлийг тохиролцсон байна. Үүнд:

1.Мөнгөн хадгаламж болон хүүгийн төлбөрийг Хавсралт дахь Гэрээнд заасан хуваарийн дагуу хадгалуулагчийн анхны шаардлагаар буцаан төлөх үүрэгтэй (Мастер гэрээний 4.1.2)

2.Хадгалуулагч нь байршуулсан мөнгөн хадгаламжийг хугацаанаас өмнө бүтэн болон хэсэгчилсэн дүнгээр буцаан дуудах эрхтэй (Мастер гэрээний 3.1.8), Хэрэв Мастер гэрээний хүрээнд байгуулсан Хавсралт дахь Гэрээнд заасан мөнгөн хадгаламж түүний хүүгийн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн төлөөгүй эсхүл Мастер гэрээ болон Хавсралт дахь Гэрээнд заасан буцаан дуудах эрхийн хүрээнд хадгалуулагчийн буцаан дуудсан хадгаламжийг хугацаанд нь буцаан төлөөгүй, гүйлгээ хийгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд буцаан төлөгдөөгүй үнийн дүнд 2.4-т заасан хувиар алданги төлөх үүрэгтэй (Мастер гэрээний 4.1.3) гэж тохиролцсон. Дээрх байдлаар талууд гэрээгээр тохиролцсон учир Мүүргийг гүйцэтгүүлэх эрхтэй бөгөөд гэрээний тохиролцоо хуулийн дагуу болно.

Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалтуудад мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар мөнгийг буцаан өгч, хүү төлөх тухай заасан боловч хуулийн тус хэм хэмжээ нь Хадгалуулагч хэдийд ч хадгалуулсан мөнгөө, хүүгийн хамт буцаан авах" шаардах эрхийг хөндөхгүй юм. Өөрөөр хэлбэл Хадгалуулагчийн хадгалуулсан мөнгөө, хүүгийн хамт буцаан шаардах эрх нь туйлын эрх юм. Энэ эрхийг баталгаажуулан Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д "Банк дараах шаардлагыг хангаж ажиллана: гэж, 16.1.1-д хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх" гэж зохицуулж өгчээ. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д Хадгалуулагч хугацаатай мөнгөн хадгаламжаас зайлшгүй тохиолдолд зарлагын гүйлгээ хийхээр бол хүсэлтийг бичгээр гаргах" -аар заасан байгаа нь мөнгөн хадгаламжийн харилцааг зохицуулж буй нарийвчилсан хуулиар Хадгалуулагчийн хадгалуулсан мөнгөө, хүүгийн хамт хэдийд ч буцаан авах шаардах эрхийг зөвшөөрсөн буюу үл хориглосон гэж үзэж болохоор байна. Иймд, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-д "Хадгалагч ... анхны шаардлагаар түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх" гэж заасан, түүний дагуу мастер гэрээний 2.12 болон 3.1.8-д Хадгалуулагч нь ... хугацаанаас өмнө бүтэн болон хэсэгчилсэн дүнгээр буцаан дуудах эрхтэй гэж тус тус гэрээгээр тохиролцсон байгаа нь хуульд нийцсэн буюу хуулийн дагуу байна.

Тав.Мастер гэрээний 5.3-д ТХБ нь Мастер гэрээ болон Хавсралт дахь гэрээний дагуух хариуцлагыг хүлээх хангалттай санхүүгийн эх үүсвэртэй хэмээн Хадгалуулагчийн өмнө баталгаа гаргасан. Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 3.1.8 дахь заалтын дагуу Хадгалуулагч нь байршуулсан мөнгөн хадгаламжаа Хавсралт дахь гэрээнд заасан хугацаанаас өмнө бүтэн болон хэсэгчилсэн дүнгээр гүйцэтгүүлэх боломжтой гэдгийг ойлгосон буюу энэхүү эрсдэлийг ТХБ наас урьдчилан тооцсон байсан учраас уг тохиолдолд ТХБ ны эрх ашиг зөрчигдөхгүй.

Мөн ТХБ наас үндсэн төлбөрийн үүргээс алданги, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлбөрийн хасалт хийсэн гэж Хөгжлийн банкны хийгээгүй зүйлийг хийсэн мэт зүйл болгон, илт үндэслэлгүй буруутгажээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүрээнд орж ирсэн төлбөр бүрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан дарааллаар төлүүлсэн. Тодруулбал, 30.000.000.000 төгрөгийн үндсэн төлбөрөөс 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 5.0 тэрбум, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5.0 тэрбум, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 5.0 тэрбум, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 5.0 тэрбум, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 10.0 тэрбумыг тус тус төлүүлж, тус төлбөрүүдийг үндсэн төлбөрт тооцон хасалт хийсэн. Мөн 850.000.000 иенийн мөнгөн хадгаламжийн үндсэн төлбөрөөс 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 850.000.000 иенийг төлүүлж, тус төлбөрийг үндсэн төлбөрт тооцон хасалт хийсэн зэрэг нь холбогдох нотлох баримтуудаар нотлогдоно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч МХХК нь ТХБ ХХК-д холбогдуулан алданги 1.616.618.279 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 404.780.929 төгрөг, нийт 2.021.399.208 төгрөг гаргуулахаар шаардсан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд

Нэг.Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний дагуу хадгалуулсан мөнгөн хадгаламжаа хүүгийн хамт буцаан шаардаж байгаа талаар 2020 оны 5 дугаар сарын 15-нд 2/641 тоот, иений хадгаламжийг буцаан шаардаж 2020 оны 5 дугаар сарын 28-нд 2/775 тоот албан бичгүүдийг хүргүүлсэн боловч төгрөгийн хадгаламжийн үндсэн төлбөрийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, хүүг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр тус тус төлсөн. Иений хадгаламжийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр үндсэн хадгаламж, хүүгийн хамт төлсөн. Иймд ТХБ наас мөнгөн хадгаламжийг, хүүгийн хамт заасан хугацаанд буцаан өгөөгүй бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй буюу үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэстэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д "Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ" гэж заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №19/222-2/242 тоот Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2.4, 4.1.3-д зааснаар "... хадгалуулагчийн буцаан дуудсан хадгаламжийг хугацаанд нь буцаан төлөөгүй, гүйлгээ хийгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд буцаан төлөгдөөгүй үнийн дүнд 0,1 хувиар алданги төлөх-өөр зохицуулж өгсөн байгаа тул Хөгжлийн банк алданги шаардаж авах эрхтэй байна.

Иймд, төгрөгийн мөнгөн хадгаламжийн хувьд буцаан төлөхөөр дуудсан 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс, иенийн хадгаламжийн хувьд 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс хугацаа хэтрүүлсэн гэж тооцож хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих төлбөрийн дүнгээс 0.1 хувиар алданги тооцож, дараах алдангийг нэхэмжилж байна.

1.ТХБ нь 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон шаардсан 30.00 тэрбум төгрөгийн хадгаламжийн хувьд үндсэн төлбөрийг

-2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 5.0 тэрбум төгрөг,

-2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5.0 тэрбум төгрөг,

-2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 5.0 тэрбум төгрөг,

-2020 оны 5 дугаар сарын 25-нд 5.0 тэрбум төгрөг,

-2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 10.0 тэрбум төгрөгөөр тус тус төлсөн. Харин 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1.700.342.465 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс хуримтлагдсан байсан хүү 1.582.191.780 төгрөгийг тооцон хасч үлдэх 118.150.685 төгрөгийг алдангид суутган төлүүлсэн.

2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс хойш төлбөл зохих дүнгээс төлсөн дүн тус бүрийг хасч тооцоход 484.232.875 төгрөгийг алданги төлөхөөс урьд төлсөн 118.150.685 төгрөгийг хасч үлдэх 366.082.191 төгрөгийг шаардаж байгаа болно.

2.2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон буцаан дуудсан 850.000.000 иенийн хадгаламж, түүнд бодогдсон хүү 11.841.780 иенийг заасан хугацаанд төлөлгүй 2 сар 8 хоногийн дараа үндсэн төлбөр, хүүний төлбөрийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 869.072.602 иенийг төлсөн. Энэ мөнгөнөөс үндсэн хадгаламж 850.000.000 иен, хүү 11.841.780 иенийг төлүүлж, үлдэх 7.230.821 иенийг хуримтлагдсан алдангид тооцож хассан болно. Энэ хугацаанд төлбөл зохих алданги нийт 59.467.082 иен байгаагаас төлсөн 7.230.821 иенийг хасч үлдэх 52.236.260 иенийг Монголбанкны 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ханш 23.94 төгрөгөөр тооцож 1.250.536.087 төгрөгийг шаардаж байна.

Иймд алдангид нийт 1.616.618.279 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хоёр.Хөгжлийн банкнаас мөнгөн хадгаламжуудыг буцаан дуудсан хугацаанд ТХБ мөнгөн хадгаламжуудыг буцаан шилжүүлсэн бол Хөгжлийн банк орж ирсэн мөнгөн хөрөнгөөр Ноолуур хөтөлбөрийг санхүүжүүлэх байсан. Ийнхүү санхүүжүүлсэн бол банкны олох байсан хүүгийн орлогын зөрүү болох 404.780.929.88 төгрөгийг ТХБ наас гаргуулахаар шаардаж байна.

Хэрэв 30.0 тэрбум төгрөгийн хадгаламжийг буцаан дуудсан өдрөө хүлээн авч зорилгын дагуу Ноолуур хөтөлбөр-ийн зээлийг санхүүжүүлсэн тохиолдолд 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 15-ны хоорондох хугацаанд 132.666.541 төгрөгийн хүүгийн орлогыг олох боломжтой байсан. Харин иенийн эх үүсвэрийг ашиглан Ноолуур хөтөлбөр-ийн зээлийг санхүүжүүлсэн тохиолдолд 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 10-ны хоорондох хамаарах хугацаанд нийт 424.578.679 төгрөгийн хүүгийн орлогыг тус тус олох байсан байна. Ийнхүү буцаан дуудсан өдөр хүртэл хуримтлагдсан хадгаламжийн хүүгийн орлого 1.890.788.589 төгрөг, Ноолуур хөтөлбөрийг санхүүжүүлсэн тохиолдолд олох ёстой байсан хүүгийн орлого 557.245.220 төгрөгийн нийлбэр нь 2.448.033.808 төгрөг болж байгаа бөгөөд Хөгжлийн банкинд бодитоор 2.043.252.879 төгрөгийн хүү төлөгдсөн байгаа тул зөрүү дүн буюу 404.780.929 төгрөгийг ТХБ наас нэхэмжлэх үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр ТХБ наас Хөгжлийн банкинд олох ёстой байсан хүүгийн орлого 404.780.929.88 төгрөг, алданги 1.616.618.279.1 төгрөг, нийт 2.021.399.208 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

Нэг.Хөгжлийн Банк сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлсон Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д "Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ" гэж заасан байх ба манай банк Мөнгөн хадгаламжийн мастер гэрээнд заасан "Хавсралт дах гэрээнд заасан хуваарийн дагуу" буюу БХХ-19/12/16-01-2/241, БХХ-20/02/10-01-3/22 тоот Мөнгөн хадгаламж байршуулах гэрээнүүдэд заасан хугацаанд буцаан төлөх үүргийг гүйцэтгэсэн.

Мөн Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.3. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.2.3 дэх заалтуудыг баримтлан "мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар мөнгийг буцаан өгч, хүү төлөх тухай заасан нь хадгалуулагч хэдийд ч хадгалуулсан мөнгөө, хүүгийн хамт буцаан авах" шаардах эрхийг хөндөхгүй, энэ эрх нь туйлын эрх юм гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2.8-д "Хадгалагч нь хадгалуулагчийн мөнгөн Монголбанк дахь харилцах данснаас төлөх баталгаа болгож энгийн вексель бичиж хадгаламж, түүний хуримтлагдах хүүг Хавсралт дах гэрээнд заасан хуваарийн дагуу өөрийн хадгалуулагчид өгөх ... гэж заасан ба үүний дагуу БХХ-19/12/16-01-2/241 тоот гэрээний дагуу байршуулсан 30.000.000.000 төгрөгийг хүүгийн хамт 2020 оны 06 дугаар сарын 15-нд төлөх, БХХ-20/02/10-01-3/22 тоот гэрээний дагуу байршуулсан 850.000.000 иенийг хүүгийн хамт 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлөхөөр баталгаа гаргаж, энгийн вексель бичиж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламжтай холбоотой үүссэн харилцаа нь зөвхөн гэрээний төдийгүй санхүүгийн хэрэгслээр давхар баталгаажсан харилцаа байна. Векселийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д "Вексель" гэж төлбөр хариуцагчаас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар вексель эзэмшигчид төлөхийг харилцан тохиролцож баталсан төлбөрийн баримтыг хэлнэ. Вексель нь төлбөр тооцооны үнэт цаас мөн" гэж тодорхойлсон. Хөгжлийн банк Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-ийг баримтлан, мөнгөн хадгаламжийн гэрээнүүд болон вексельд заасан хугацааг үл харгалзан "буцаан дуудсан өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэстэй гэж үзэж байгаа нь хуульд нийцээгүй байна. Хариуцагчийн хугацаанаас өмнө мөнгөн хадгаламжийг буцаан дуудах эрх нь манай банкны мөнгөн хадгаламжийг буцаан төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгэх эрхийг үгүйсгэх нөхцөл биш гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, гэрээ болон вексельд заасан үүрэг гүйцэтгэх үндсэн /тохиролцсон/ хугацаа дуусаагүй байхад "үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол" гэсэн зохицуулалтыг баримтлах боломжгүй юм. Анз хэрэглэх талаарх хуулийн зохицуулалтыг гэрээ байгуулахад баримтлах учиртай бөгөөд хуулиар хориглосон, хязгаарласан хэм хэмжээг зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэг хүчин төгөлдөр бус тул хүчин төгөлдөр бус заалтыг баримтлан алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Мөнгөн хадгаламж байршуулах гэрээний дагуу 1.616.618.279 төгрөгийн алданги гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хоёр.Хөгжлийн банк хадгаламжийн гэрээг цуцлан хугацаанаас өмнө буцаан дуудсан өдрөөс хойших хүүг ТХБ гэрээний дагуу тооцон төлсөн, бодитоор учирсан хохирол байхгүй байхад хохиролыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Манай банк нь сар бүр Монгол банканд хүргүүлдэг тайлангаас 2020 оны 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэлх байдлаар төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааны тайлан болон бүтэц өөрчилсөн зээлийн тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Монгол банкнаас төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааг банкуудад 25%-иас доош оруулахгүй барьж ажиллах шаардлага тавьдаг. Цар тахал эхэлсэн хүндрэлтэй байсан тухайн үед банкнаас гадагшлах мөнгөний урсгал их байгаатай холбогдуулан Монгол банкнаас банкуудад хөнгөлөлт үзүүлж 2020 оны 4 дүгээр сараас 20% болгож бууруулсан байдаг. Тус банкны түргэн борлогдох актив энэ хугацаанд 53.2 тэрбум төгрөгөөр буурсантай холбоотой энэ харьцаа 2020 оны 3 дугаар сард 31.8%, 4 дүгээр сард 28.7%, 5 дугаар сард 22.49% буурсаныг энэ тайлангаас харах боломжтой. Мөн банкны бусдаас татсан эх үүсвэр, хадгаламж энэ хугацаанд 92.9 тэрбум төгрөгөөр хэрхэн буурсан, үүнээс үүдэн харилцагчийн төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэх шаардлагатай сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 2.9 тэрбум төгрөг болж буурсан байгааг харж болно. Мөн зээлээ эргэн төлөх боломжгүй болсон харилцагч нарын зээлийн хугацаа, эргэн төлөх хуваарийг өөрчлөх замаар 154.6 тэрбум төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийж байсныг нэгтгэл тайлангаас харж болно. Түүнчлэн 2020 оны 4 болон 5 дугаар сард 46 тэрбум төгрөгөөр ТБА буурсан, ТТХөрөнгө 75 тэрбум төгрөгөөр буурсан, 72.6 тэрбум төгрөгийн зээлийн хугацааг сунгаж бүтэц өөрчилсөн байсан ч банк хэдий ийм хүндрэлтэй байсан ч Хөгжлийн банкны төгрөгийн хадгаламжийг Монгол банкнаас тогтоосон зохистой харьцаагаа алдахгүй байдлаар боломжоороо хүүгийн хамт 5 болон 6 дугаар сард төлж дуусгасан. Иений хадгаламжийг шууд төлөх боломжгүй байсныг харах боломжтой. Хэрэв төлсөн тохиолдолд зохистой харьцаа зөрчигдөх нөхцөл үүссэн байсан. Банк нь Банкны тухай хуулийн 16-р зүйлийн 16.1.2-т заасны дагуу ... зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монгол банкнаас тогтоосон журам, шийдвэрийн дагуу биелүүлэх; үүрэгтэй ба хэрэв хангаж ажиллаагүй тохиолдолд тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2-т заасны дагуу "зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүйгээс цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон" тохиолдолд банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл үр дагавартай болно. Хөгжлийн банк ч бас энэ зохистой харьцааны шаардлагыг Монгол банкнаас тогтоож өгсөн хүрээнд мөрддөг.

Манай банк Хөгжлийн банкнаас авсан 6 сарын хугацаатай эх үүсвэрээ зээлд байршуулсан байсан ба хугацаанаас нь өмнө буцаан дуудсантай холбоотой бид томоохон зээлдэгч нараасаа зээлийн эргэн төлөлтийг хугацаанаас нь өмнө дуудах байдлаар төлөлт хийлгэж, үүнээс үүдэн зээлийн хүүгийн олох байсан орлогоо алдсанаас /276.7 сая/ гадна банкны нэр хүндийг том эрсдэлд оруулсан.

Цар тахал тархсан, давагдашгүй хүчин зүйл бий болж, гэнэтийн нөхцөл байдал үүссэн нь банк ихээхэн хэмжээний хугацаатай мөнгөн хадгаламжийг гэрээний хугацаа дуусахаас өмнө, бүтэн дүнгээр гарган өгөх боломжгүй байсныг баталж, ТХБ анд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон. Түүнчлэн, Хөгжлийн банкны хугацаанаас нь өмнө хадгаламжаа цуцлан авах болсон нөхцөл байдалд ТХБ буруугүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Хөгжлийн банк хугацаанаас нь өмнө хадгаламж буцаан дуудах зайлшгүй нөхцөл байдал үүсээгүй байсан. Хөгжлийн банкны 2020 оны хагас жилийн санхүүгийн аудитлагдсан тайлангаас харахад тус банканд байршуулсан урт хугацаатай хадгаламжийг заавал буцаан дуудах шаардлага байхгүй байсан болохыг нотолж байна. Тухайлбал банкуудад 3 сараас богино хугацаатай байршуулсан хадгаламж, харилцах 2019 оны 12 дугаар сарын 31-р 372.5 тэрбум төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 30-р 346.3 тэрбум төгрөг байна. Хагас жилийн байдлаар оны эхнээс бараг өөрчлөлтгүй байна. Харин 3 сараас дээш хугацаагаар байршуулсан хадгаламж 2019 оны 12 дугаар сарын 31-р 765.8 тэрбум төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 30-р 604.1 тэрбум төгрөг байна. Ноолуурын салбарт олгох зээлийг хангалттай санхүүжүүлэх хэмжээний богоно хугацаатай болон хугацаагүй эх үүсвэр банканд байсаар байтал банктай 6 сар байршуулахаар тохиролцсон эх үүсвэрээ буцаан дуудсаныг хүндэтгэн үзэх шалтгаан, хүнд нөхцөл байдал үүссэн гэж үзэх боломжгүй байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан Ноолуур хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн 7-д " ... 2020 онд ноолуур бэлтгэлд зориулан Монгол Улсын Хөгжлийн Банкнаас хүүгийн хөнгөлөлттэй 103.9 тэрбум төгрөгийн зээлийг 44 аж ахуйн нэгжид олгосон байна", Хүүгийн хөнгөлөлтөд 5.06 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкинд төлсөн гэсэн тоо баримт байна. Энэ нь манай банканд хадгалуулсан мөнгөн хөрөнгийг буцаан дуудах хүндэтгэн үзэх, зайлшгүй шалтгаан байгаагүйг харуулж байна. Нөгөө талаар, хариуцагч анз, хохирол хоёуланг нь шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Хөгжлийн банкинд хохиролтой байсан эсэхийг тодорхойлох боломжгүй болгож байна. Анз авах тохиолдолд хохирлыг шаардахгүй байх, анзын хэмжээг шүүхээс багасгаж тогтоохдоо хохирлын хэмжээнээс их байвал багасгах /ИХ 232.7, 232.8/ гэсэн агуулгыг тодорхой тусгасан байдаг. Анзыг хэдийгээр үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэж нэрлэж байгаа боловч агуулгаараа алданги болон торгууль тооцох замаар үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг нөхөх арга замыг тодорхойлж байна гэж үзэх боломжтой. Нөгөө талаар, хохирол гэдэг нь учирсан бодит хохирлоор тооцогдох бөгөөд Хөгжлийн банкны ямар эд хөрөнгөд хэдий хэмжээний хохирол бодитоор учраад байгаа нь тодорхойгүй байна. Харин олох ёстой байсан орлого буюу Ноолуур хөтөлбөрийн хүрээнд зээл гаргасан бол олох байсан орлого гэсэн байдлаар хохирлоо тодорхойлсон байх ба Ноолуур хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангаас харахад, 2020 онд ноолуур бэлтгэлд зориулан Хөгжлийн Банкнаас хүүгийн хөнгөлттэй 103.9 тэрбум төгрөгийн зээлийг гаргасан ба Засгийн газраас хүүгийн хөнгөлөлтөд 5.06 тэрбум төгрөгийг авсан нь Хөгжлийн банкинд хохирол учраагүй харин ч хөнгөлөлттэй зээл олгосны төлөө Засгийн газраас татаас авдаг гэдгийг харуулж байна. Иймд Хөгжлийн банкны олох ёстой байсан хүүгийн орлого 404.780.929.88 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №19/222-2/242 тоот Мөнгөн хадгаламжийн мастер гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БХХ-19/12/16-01-2/241 тоот Мөнгөн хадгаламж байршуулах гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн БХХ-20/02/10-01-3/22 тоот Мөнгөн хадгаламж байршуулах гэрээ, дансны хуулгууд, Хөгжлийн банкны 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2/641 тоот, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2/775 тоот албан бичгүүд хуулбараар, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2/859, 2/860 тоот албан бичгүүд, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 2/971 тоот, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2/1062 тоот, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2/1078 тоот, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2/1448 тоот, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2/255 тоот албан бичгүүд, ТХБ ны 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 01/2-396 тоот, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 01/2-446, 01/2-447 тоот албан бичиг, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 01/2-605 тоот, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01/2-618 тоот, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 01/2-220 тоот албан бичгүүд, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020 оны 3-10 дугаар сарын ТХБ ны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааны тайлангууд, хоёр талын тооцоо нийлсэн акт, мэйлийн хуулбарууд, банкны шилжүүлэг, худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, Хөгжлийн банкны 2020 оны эхний хагас жилийн аудитын тайлангийн холбогдох хэсгээс хуулбараар, Монгол банкны 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А-5/674 дугаар албан бичиг, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А-18/935 тоот, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А-1/944 тоот, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А-18/952 тоот албан бичгүүд, Монгол банкны ерөнхийлөгчийн 2020 оны А-309, А-314, А-320, А-330 тоот тушаалууд, банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн мэдээг харуулсан хүснэгт, тус банкны 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 03/01-1548 тоот, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 03/01-1547 тоот, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 03/01-1546 тоот, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 03-01/1544 тоот, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 03/01-1545 тоот албан бичгээр Мбонгол банкинд хүргүүлсэн тайлангууд, түүний хавсралтууд, Монгол банкны 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А-6/317 тоот, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А-1/355 тоот, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А-6/399 тоот, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А-1/475 тоот албан бичгүүд, Монгол банкны ерөнхийлөгчийн 2020 оны А-80, А-90 тоот тушаалууд, Монгол банкны сайтаас хэвлэсэн мэдээ, мөнгөний бодлогын мэдэгдэл, Монгол банкны 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А-5/674 тоот албан бичиг, тус банкны 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01/2-367 тоот, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 01/2-498 тоот, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 01/2-584 тоот албан бичгүүд, Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 101 дүгээр тогтоол, Ноолуурын хөнгөлөлттэй зээлийн нөхцөл шинэчлэн батлагдлаа гэсэн мэдээ, ноолуур хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний тайлан хуулбараар, Монгол банкны мөнгөний бодлогын мэдэгдэл, монголбанкны хүү, жилийн хувь харуулсан статистик, Монгол банкны 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А-5/292 тоот албан бичиг, хавсралтаар А-61, А-62, А-63 тоот тушаалууд, Монгол банкны 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А-1/459 тоот албан бичиг, Монгол банкны ерөнхийлөгчийн 2020 оны А-120, А-121, А-122 тоот тушаалууд зэргийг баримтаар ирүүлжээ.

/1хх 11-45, 92, 131, 135-155, 201-232, 2хх 23-47, 55-62/

Хариуцагчаас нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, тус банкны 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2/317 тоот албан бичиг, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн энгийн вексель, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн энгийн вексель, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №19/222-2/242 тоот Мөнгөн хадгаламжийн мастер гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БХХ-19/12/16-01-2/241 тоот Мөнгөн хадгаламж байршуулах гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн БХХ-20/02/10-01-3/22 тоот Мөнгөн хадгаламж байршуулах гэрээ, тус банкны 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 2/971 тоот албан бичиг, дансны хуулгууд, и-мэйл хуулбарууд, ТХБ ны 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01/2-140 тоот, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 01/2-599 тоот албан бичгүүд, Хөгжлийн Банкны 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2/599 тоот мэдэгдэл, 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2/667 тоот, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2/757 тоот, 2020 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн 2/802 тоот албан бичгүүд, алдангийн тооцоолол, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 101 дүгээр тогтоол, Монгол банкны 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А-1/364 тоот албан шаардлага, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №БХХ-351-2/584 тоот Мөнгөн хадгаламж байршуулах гэрээ, мөн өдрийн энгийн вексель, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №БХХ-370-2/711 тоот Мөнгөн хадгаламж байршуулах гэрээ, мөн өдрийн энгийн вексель, тус банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн 25 дугаар тогтоол, хавсралтын хамт, тус банкны гүйцэтгэх захирлын 2019 оны А-386 тоот 2020 оны А-160 тоот тушаалууд /2020 онд баримтлах банкны хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл/, хадгаламжийн дансны хуулга, ханшийн мэдээ, Хөгжлийн банкны 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 6/1/404 тоот албан бичиг, мэйлийн хуулбарууд зэргийг баримтаар ирүүлжээ. /1хх 49-50, 61-86, 95-97, 110-122, 163-180/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2022/07431 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчаас ирүүлсэн Хөгжлийн Банкны 2020 оны эхний хагас жилийн аудитын тайлангийн холбогдох хэсгийг баримтаар бүрдүүлжээ. /1хх 181-187/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч ТХБ ХХК нь МХХК-д холбогдуулан мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2.12, 3.1.8, 4.1.2, 4.1.3-т заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг заалтаар алданги тооцох үндэслэлгүй болохыг тогтоолгох, төлөх төлбөргүй болохыг тогтоолгохоор шаардсан.

Шаардах эрхийн үндэслэлээ:мастер гэрээний дээрх зохицуулалтууд Иргэний хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Векселийн тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, мөн 202 дугаар зүйлийн 202.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх стандарт нөхцөл гэж тайлбарлав.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: гэрээний заалтууд холбогдох хуулиудыг зөрчөөгүй нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээг байгуулсан, стандарт нөхцөлтэй гэрээ биш болох нь өмнөх мастер гэрээгээр илэрхийлэгдэнэ, стандарт нөхцөл болохыг нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж эс зөвшөөрч маргасан.

4.Хариуцагч алданги 1.616.518.279 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 404.780.929 төгрөг, нийт 2.021.399.208 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан.

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: Гэрээгээр алданги тооцохоор тохиролцсон, хадгаламжийг буцаан шаардсан хугацаанд нь төлөөгүй тул алданги гаргуулна, түүнчлэн мөнгөн хөрөнгийг Ноолуур хөтөлбөр-ийн хүрээнд бусдад зээлдүүлсэн тохиолдолд олох ёстой байсан хүүгийн зөрүүг хугацаандаа төлөөгүйгээс учирсан хохиролд тооцон гаргуулна гэж тайлбарлав.

5.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ: Гэрээний холбогдох заалт анхнаасаа хуульд нийцээгүй, гэрээгээр тохирсон хугацаандаа хадгаламжийг хүүгийн хамт буцаан төлсөн, түүнчлэн хадгаламж Векселээр баталгаажсан тул Векселийн хуулийн дагуу хугацаанаас өмнө гүйцэтгэхийг хориглосон, хадгаламжийн хүүгээс алданги тооцсон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д заасан хүүгээс анз тооцохгүй заалтад нийцээгүй, хариуцагч өөрийн санаачилгаар хугацаанаас өмнө гэрээг цуцалж шаардсан явдалд үүрэг гүйцэтгэгч буруугүй, буцаан төлөх хугацааг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т зааснаар манайх тогтооно, цар тахлын улмаас Монголбанк эрх бүхий этгээдийн шийдвэрээр зээл төлөлтийг хойшлуулж байснаас хугацаанд нь төлөөгүй буюу үүрэг гүйцэтгэх боломжгүй хүндэтгэн үзэх нөхцөл үүссэн тул хариуцлагаас чөлөөлөгдөнө. Анз болон хохирлыг зэрэг шаардах үндэслэлгүй, олох байсан бодит хохирлыг нотлосон баримтгүй гэж тайлбарлав.

6.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

6.1.Нэг талаас Хөгжлийн банк, нөгөө талаас ТХБ нар харилцан тохиролцож дараах гурван гэрээг байгуулжээ.

-2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 19/222-2/242 тоот Мөнгөн хадгаламжийн мастер гэрээ-г,

-тухайн гэрээг үндэслэж 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөө БХХ-19/12/166-01-2/241 тоот мөнгөн хадгаламжийн гэрээгээр: Хадгалуулагч нь 30.000.000.000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд жилийн 12,5 хувь хүүтэй хадгалуулахаар, Хадгалагч нь хугацааны эцэст хүү 1.869.863.013 төгрөгийн хамт буцаан төлөхөөр,

-2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн БХХ 20/02/10-01-3/22 тоот мөнгөн хадгаламжийн гэрээгээр: Хадгалуулагч нь 800.000.000 иенийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 182 хоногийн хугацаанд жилийн 4,5 хувь хүүтэй хадгалуулахаар, Хадгалагч нь хугацааны эцэст хүү 19.072.62 иений хамт буцаан төлөхөөр тус тус тохиролцжээ. /1хх 15-23/

Зохигчид гэрээ байгуулсан, хадгаламжийн мөнгөн хөрөнгийг байршуулсан үйл баримтуудад маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан харилцаа үүсчээ.

6.2.Нэхэмжлэгч төгрөгийн хадгаламжаас

-2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 5.000.000.000 төгрөг,

-2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000.000 төгрөг,

-2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 5.000.000.000 төгрөг,

-2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000.000 төгрөг,

-2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 5.000.000.000 төгрөг,

-2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1.700.342.465 төгрөг хадгаламжийн хүүнд тус тус буцаан олгосон,

Иений хадгаламжаас 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хадгаламж болон хүүнд 869.072.602 иен буцаан олгосон буюу хадгалагч банк үндсэн хадгаламж, түүнд ногдох хүүгийн хамт бүрэн төлсөн үйл баримтад зохигчид маргаагүй. Хэрэгт авагдсан дансны хуулгуудаар тогтоогдсон. /1хх 24-26, 77-78,172-173/

 

7.Хадгаламжийн гэрээг хугацаатай байгуулсан тул хугацаанаас өмнө хадгалуулагч буцаан шаардах үндэслэлтэй эсэх, улмаар хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр алданги тооцох эсэх асуудал зохигчдын маргааны зүйл болжээ.

7.1.Хэрэгт баримтаар Хөгжлийн банкнаас хадгаламжийг буцаан дуудсан 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2/641 тоот, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2/775 тоот албан бичгүүдийг нэхэмжлэгч хуулбараар ирүүлсэн, хариуцагч талаас тухайн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хэлбэрийн шаардлага хангуулж шүүхэд ирүүлээгүй байна. /1хх 27, 28/

Гэвч төгрөгийн хадгаламжийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгож цуцлах мэдэгдлийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр, иений хадгаламжийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгож цуцлах мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус тус ирүүлсэн үйл баримтын хувьд нэхэмжлэгч маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн хэрэгт баримтаар авагдсан Хөгжлийн банкны 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2/667 тоот, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2/757 тоот, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2/859, 2/860 тоот албан бичгүүд, ТХБ ны 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 01/2-396 тоот албан бичгүүд болоод талуудын хооронд харилцсан удаа дараагийн бусад албан бичигт энэ үйл баримтын талаар тусгагдсан байх тул шүүх хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. /1хх 29, 30, 36, 29-45, 84, 85, 86/

7.2.Талуудын хоорондох мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2.12-т хадгалуулагч нь байршуулсан мөнгөн хадгаламжийг хавсралт дах гэрээнд заасан хугацаанаас өмнө бүтэн болон хэсэгчилсэн дүнгээр буцаан дуудах эрхтэй ... гэж, 3.1.8-д Хадгалуулагч нь байршуулсан мөнгөн хадгаламжийг хавсралт дах гэрээнд заасан хугацаанаас өмнө бүтэн болон хэсэгчилсэн дүнгээр буцаан дуудах эрхтэй ... гэж, 4.1.2-т хадгалагч мөнгөн хадгаламж болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу хадгалуулагчийн анхны шаардлагаар буцаан төлөх үүрэгтэй гэж, 4.1.3-т хэрэв мастер гэрээний хүрээнд байгуулсан хавсралт гэрээнд заасан мөнгөн хадгаламж түүний хүүгийн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн төлөөгүй эсхүл мастер гэрээ болон хавсралт гэрээнд заасан буцаан дуудах эрхийн хүрээнд хадгалуулагчийн буцаан дуудсан хадгаламжийг хугацаанд нь буцаан төлөөгүй, гүйлгээ хийгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд буцаан төлөгдөөгүй үнийн дүнд 2.4-т заасан хувиар алданги төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Гэрээний дээрх зохицуулалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэгч шаардсан.

Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк ... хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ. Мөн хуулийн 455 дугаар зүйлийн 455.2-д хадгалуулагч гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан тохиолдолд хугацаа дууссаны дараа анхны шаардлагаар, хэрэв тодорхой хугацаагүйгээр байгуулсан бол хүссэн цагт нь банк хадгалуулагчийн шаардлагаар хадгалуулсан мөнгийг тус тус буцаан өгч, хүү төлөх үүргийг хүлээхээр, 455.3-т Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол банк уг хугацаа дууссаны дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх талаар тус тус зохицуулжээ. Мөн хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4-т хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй гэж зохицуулсан.

1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол хадгалагч нь хадгалуулагчийн хүссэн үед түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй гэж, 4-т Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн анхны шаардлагаар мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй. гэж, 9-д Хадгалуулагч нь хадгалагчаас энэ зүйлийн 3, 4, 6 дахь хэсэгт заасан үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол болон гэрээнд заасан бол анз төлүүлэхээр шаардах эрхтэй. гэж тус тус заажээ.

Мөн Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д Банк хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх-өөр заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл хадгалуулагч хэдийд ч мөнгөн хадгаламжийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, буцаан шаардах эрхийг хуулиар тухайлан баталгаажуулж Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4-т зааснаар олгосон, энэ эрхийг мөн хуулийн 455 дугаар зүйлийн 455.2, 455.3-т заасан хугацаатай байгуулсан бол хугацаа дууссаны дараа анхны шаардлагаар буцаан төлөх үүрэг үгүйсгэх нөхцөл болохгүй.

7.3.Талуудын хоорондох мастер гэрээний 2.8-д зааснаар дээрх хоёр хадгаламжийг Монголбанк дах данснаас үл маргах журмаар төлөх баталгаа болгож 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус тус энгийн вексель бичигджээ. /1хх 64, 65/

Векселийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д вексел гэж төлбөр хариуцагчаас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар эзэмшигчид төлөхийг харилцан тохиролцож баталсан төлбөрийн баримтыг хэлнэ гэж заасан тул талууд харилцан тохиролцож нэмэлтээр үүргийн гүйцэтгэлийг хангах өөр арга замыг гэрээгээр тодорхойлсны дагуу векселээр баталгаажуулсан гэж үзнэ. Энэ нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.7-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах хуульд заасан бусад арга-д хамаарч байна.

Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т вексел эзэмшигч хугацаанаас өмнө төлбөр гүйцэтгэхийг шаардахыг хориглоно гэж заасан хуулийн хориглосон хэм хэмжээ маргааны энэ тохиолдолд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4-т заасан хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрх-ийг, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасан хадгалуулагчийн тавьсан анхны шаардлагаар түүний хадгалуулсан мөнгийг хүүгийн хамт буцаан төлөх банкны үүрэг-ийг тус тус үгүйсгэх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Иргэний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ гэж, 4 дүгээр зүйлийн 4.1-д Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ гэж тус тус заасан, энэ тохиолдолд Векселийн тухай хууль бус харин Иргэний хуулийн хадгаламжийн гэрээг зохицуулсан хэсгүүд тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуульд тооцогдоно.

Түүнчлэн векселээр төлбөрийг баталгаажуулсан байдал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар анз шаардахад харшлахгүй, аль алин нь үндсэн үүргийг гүйцэтгүүлэхээр тохиролцсон үүргийн гүйцэтгэлийг хангах аргууд бөгөөд Иргэний хуулиар ийм аргуудыг зэрэгцүүлэн, давхар хэрэглэхийг тухайлан хориглосон зохицуулалтгүй болно. Иймд хадгаламжийг хугацаанаас өмнө буцаан татсанаар Векселийн тухай хуулийн хориглосон заалттай зөрчилдөх тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Иймд талуудын хоорондох мастер гэрээний 2.12, 3.1.8, 4.1.2, 4.1.3-т заасан хугацаанаас өмнө хадгаламжийг буцаан дуудах тухай зохицуулалтууд дээр дурдсан хуулийн зохицуулалтуудтай нийцсэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

7.4.Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж, 202 дугаар зүйлийн 202.1-д стандарт нөхцлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд нөхцлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж заасан. Нэхэмжлэгч дээрх заалтыг баримтлан мөн шаардсан.

Маргааны энэ тохиолдолд ТХБ наас гадна бусад банктай нэг адил нөхцлөөр гэрээг хийсэн, гэрээний нэг талдаа илтэд хохиролтой заалт болсон талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нотлоогүйгээс гадна Иргэний хуулийн 202 дугаар зүйлд заасан аль үндэслэлд хамааруулж шаардсан нь тодорхойгүй тул хүчин төгөлдөр бус байх стандарт нөхцөл тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

7.5.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 101 дүгээр тогтоолоор ноолуур бэлтгэхэд зориулан 300 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх шаардлагатай болсон тухай хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан Засгийн газрын тогтоол, тус банкны төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол болоод тус банкнаас арилжааны банкнуудад хүргүүлсэн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2/599 тоот албан бичиг зэрэг баримтаар тогтоогдсон. /1хх 83, 163/

Энэ албан бичигт Засгийн газрын 101 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой арилжааны банкуудад байршуулсан хадгаламжуудыг яаралтай татах, хугацаанаас өмнө буцаан татах нөхцөл үүссэн талаар арилжааны банкуудад урьдчилан мэдэгдсэн байна. Нэхэмжлэгч энэ албан бичгийг хүлээн авсанд маргаагүй болно. Түүний дараа төгрөгийн хадгаламжийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон буцаан авах, иений хадгаламжаа 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон буцаан авах тухай хүсэлтээ хадгалуулагч бичгээр гаргасан тул энэ тохиолдолд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.4-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээг цуцласан гэж үзнэ.

Иймд ноолуур хөтөлбөрийн дагуу хугацаатай гэрээг цуцлах, хугацаанаас өмнө хадгаламжийг буцаан авах хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаан байгаагүй тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй тул Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.3-т зааснаар хадгаламжийг хүүгийн хамт шаардсан даруйд буцаан төлөх үүрэг хүлээнэ.

Эдгээрийг нэгтгээд гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг заалтын дагуу алданги тооцох үндэслэлгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч ТХБ ны шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8.Мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2.4-т хадгаламжийг бүрэн буюу хэсэгчлэн төлөөгүй тохиолдолд төлбөл зохих дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувиар алданги тооцно гэж тохирсон, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д нийцсэн байх тул нэхэмжлэгчийн хугацаандаа гүйцэтгээгүй хадгаламж, хадгаламжийн хүүгийн нийлбэрээс алдангийг гэрээнд заасан хэмжээгээр тооцож олгох нь зүйтэй.

8.1.Хариуцагчийн хадгаламжийг буцаан шаардсан хугацаа /2020.05.18, 2020.06.02/ түүнээс хойш хадгаламжийг буцаан олгосон хугацаанд ногдох алдангийг хариуцагч

-төгрөгийн хадгаламжийн хувьд 366.082.191 төгрөг,

-иений хадгаламжийн хувьд 52.236.260 иен буюу 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн иений төгрөгтэй харьцах албан ханш 23.94 төгрөгөөр тооцон 1.250.536.087 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна. /1хх 106-109/

/иен үндсэн 850.000.000 + төлбөл зохих хадгаламжийн хүү 11.841.780 = 861.841.780 * 0,1 % = 861.841,8 * 69 хоног 2020.06.02-2020.08.10 хүртэлх = 59.467.082 урьд төлсөн 7.230.821 = 52.236.260 иен/

Түүнчлэн нэхэмжлэгч алдангийн тооцоололд маргаагүйг дурдав.

8.2.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4-т ердийн боломжит хугацаа гэж, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг санал гаргаагүй тал тогтоох тухай зохицуулжээ. Нэхэмжлэгч хуулийн дээрх зохицуулалтыг баримтлан хадгаламжийг буцаан өгөх буюу үүргээ гүйцэтгэх хугацааг манайх тогтооно, үүний дагуу 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр хэсэгчилж төлөх хугацааг зааж өгсөн тул хугацаа хэтрүүлээгүй гэж тайлбарласан.

Гэвч Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.3, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д банк хадгалуулагчийн анхны шаардлагаар буцаан өгөх үүрэгтэй гэж тус тус зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд хуулиар илүү нарийвчилсан зохицуулалтыг хууль тогтоогч тогтоосон, анхны шаардлагаар буюу нэн даруй гүйцэтгэхээр тусгайлан зохицуулсан байна. Иймд үүрэг гүйцэтгэх хугацааг хадгалагч тал тогтоох тухай нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй.

8.3.Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д зааснаар хадгаламжийн хүү нь үндсэн үүрэгт хамаарахаар хуулиар зохицуулсан. Хадгаламжийн хүү нь нэмэлт үүрэг биш тул мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д заасан хүүгээс анз төлөхгүй тухай зохицуулалт хариуцагчийн шаардсан алдангид хамаарахгүй байна. Иймд хүүгээс анз тооцсон тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

8.4.Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж заасан.

Монгол Улсад коронавирус цар тахлын улмаас 2020 оны 5 дугаар сараас хойш Улсын Их хурал, Засгийн газар зэргээр эрх бүхий байгууллагаас холбогдох шийдвэрүүдийг гаргаж байсан, улмаар банкны хувьд зээл төлөлтийг тодорхой хэмжээгээр хойшлуулах арга хэмжээ авах талаар Монголбанкнаас удаа дараагийн албан бичиг, тушаал шийдвэрийг ТХБ инд ирүүлж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн дээрх зохицуулалтад заасан нөхцөл байдал өөрчлөгдсөн үндэслэлд хамаарна.

Гэвч ийнхүү нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд тухайн нөхцөлд нийцүүлэхийг гэрээний нэг тал нөгөө талаас шаардах эрхтэй байхаар, талууд тэргүүн ээлжинд зохицуулах арга хэмжээ авах үүрэгтэй байхаар, хэрэв нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал зөвшөөрөөгүй бол гэрээнээс татгалзах эрхтэй байхаар хуулийн 220 дугаар зүйлийн 220.3, 220.4-т заасан, харин энэ тохиолдолд хариуцлагаас чөлөөлөх эсхүл үүрэг дуусгавар болох талаар хуулиар заагаагүй байна. Иймд өөрчлөгдсөн нөхцөл байдлын улмаас алданги төлөх хариуцлагаас чөлөөлөгдөх тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

Харин шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дээрх нөхцөл байдлыг /гэрээний дагуу буцаан төлөх ёстой байсан хугацаа, хадгаламжийн мөнгийг хариуцагч шаардснаас хойш буцаан төлсөн хугацаа, хадгаламжийг хүүгийн хамт бүрэн төлсөн байдал, түүний үнийн дүнгийн хэмжээ, төлбөр төлсөн тухайн цаг хугацаанд цар тахлын улмаас зээлдэгчийн зээл төлөх хугацааг хойшлуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Монголбанкнаас ирүүлсэн удаа дараа албан бичгүүд, түүнчлэн төлсөн мөнгөн дүнд төгрөгийн хадгаламжид 118.150.684 төгрөг, иений хадгаламжид 7.230.821 иенийг тус тус алдангид тооцон авсан зэрэг/ харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д алдангийн хэмжээг ... шүүх багасгаж болно гэж заасны дагуу хариуцагчийн шаардсан алдангийн хэмжээг түүний 40 хувиар тооцон багасгах нь зүйд нийцнэ гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчээс алдангид 646.647.311 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, энэ шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

/нийт 1.616.618.279 төгрөг * 40 % = 646.647.311/

8.5.Шүүх нэгэнт гэрээний нэмэлт үүрэг дуусгавар болоогүй гэж үзэн улмаар нэхэмжлэгчээс алданги гаргуулахаар шийдвэрлэсэн тул өр төлбөргүй болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9.Харин олох ёстой байсан орлогод зээлийн хүүгийн зөрүү 404.780.929 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан зайлшгүй олох байсан орлого гэж үзэх үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов.

10.Дээрх бүгдийг нэгтгээд шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс алдангид 646.647.311 төгрөг гаргуулж хариуцагчид олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.Баримтын тухайд: Хэрэгт баримтаар талуудын хооронд харилцсан цахим мэйлүүд хуулбараар авагдсан. Тухайн баримтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үзлэг хийх замаар бэхжүүлэх хүсэлтийг зохигч хэн алин нь шүүхэд гаргаагүй тул уг баримтуудыг үнэлээгүйг дурдав. Мөн нэхэмжлэгчийн баримтаар ирүүлсэн хэргийн 2 дугаар хавтасны 31-47 дах талд авагдсан ноолуур хөтөлбөрийн хэрэгжилт, тайлангийн холбогдох хэсэг зэрэг нь харьяа яамны цахим сайтад байршсан гэж тайлбарласан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий нотлох шаардлагагүй үйл баримт гэж үзэхгүй. Цахим сайтад тавигдсан энэ баримтуудтай холбоотойгоор мөн л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийлгэх замаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нотолгооны арга хэрэгслээр нотлох хүсэлт гаргаагүй тул баримтаар үнэлгээгүйг дурдав.

12.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 202 дугаар зүйлийн 202.1-д заасан үндэслэлгүй тул МХХК-д холбогдуулан гаргасан талуудын хоорондох 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19/222-2/242 тоот мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 4.1.2, 4.1.3, 2.12, 3.1.8 дах заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг заалтын дагуу алданги төлөх үндэслэлгүй болохыг тогтоолгох, төлөх төлбөргүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч ТХБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан ТХБ ХХК-иас 646.647.311 /зургаан зуун дөчин зургаан сая зургаан зуун дөчин долоон мянга гурван зуун арван нэгэн/ төгрөгийг гаргуулж, хариуцагч МХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 1.374.751.897 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.16, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 3.391.186 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ